Categories
мэдээ нийгэм

“Уул уурхай ба эрүүл мэнд” анхдугаар чуулга уулзалт Өмнөговь аймагт боллоо

 

Эрүүл мэндийн яамнаас санаачлан “Уул уурхай ба эрүүл мэнд” чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 01-ний өдөр  хийжээ.

Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд Н. Удвал үг хэлэхдээ, “Монгол улсын хөгжлийн гол тулгуур, эх үүсвэр нь уул уурхай. Тэр дундаа Өмнөговь аймагт уул уурхайн томоохон орд газрууд байдаг. Гэтэл уул уурхайн олборлолтоос үүдсэн эрүүл мэндийн асуудлууд ялангуяа химийн хордлого, амьсгалын замын өвчлөл, БЗДХ өвчний тархалт энэ бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн дунд өндөр байна. Мөн Өмнөговь аймагт тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 9-40 дахин их байгааг холбогдох байгууллага гаргасан. 

Түүнчлэн уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдсэн. Иймд уул уурхайн чиглэлээр нутаг дэвсгэрт нь 10-аас дээш аж ахуй нэгж, компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аймгууд болох Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгуудын нэгдсэн эмнэлэгийг түшиглэн оношлогооны төв байгуулах, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын, сум дундын эмнэлэгийн 50 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа” хэмээгээд гэсэн хэдий ч салбар дундын хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах шаардлага үүсэж буйг салбарын сайд хэлсэн үгэндээ онцлов.   Чуулганд мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Уул уурхайн яамны мэргэжилтэн Т.Зууннаст, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, НЭМҮТ-ийн дэд захирал Д.Отгонжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал А.Нямгэрэл, ДЭМБ, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч болон  албаны бусад хүмүүс байлцлаа. 

Чуулга уулзалтад оролцогчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Чуулганаар тунхаг бичгийг хэлэлцэн гаргалаа. 

 Уул уурхайн бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулсан, мэдлэг, туршлагаа солилцсон, салбар хоорондын болоод гадаад хамтын ажиллагааг хөгжүүлсэн чухал ач холбогдолтой чуулга уулзалт болж өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Үнэтэй азарга хурдалдаг бол Б.Наранхүүгийн “Монгол хээр” энэ жил өнгөлнө дөө

Төрийн их баяр наадамд Б.Наранхүүгийн ажнай шарга азарга буюу Тод манлай уяач Эрдэнэчулууны уясан ах дүү шаргууд хол тасархай түрүүлж моринд дуртай мон­гол түмний сэтгэлийг уясааж байсан нь саяхан. Алдарт шаргуудад зориулж “Хос шарга” хэмээх сайхан дуу ч олноо түгж, адууны тэнгэртэй монгол түмний амны шившлэг болсон. Тэг­вэл энэ цаг дор халхын наа­дамд түрүү магнай болдог олон сайхан азаргануудын дундаас “Монгол хээр” хэмээх нэгэн ажнай наадамчин олны дуранд ээрэгддэг болоод байна. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн алдарт уяач Батсүхийн Наран­хүүгийн алдарт Монгол хээр азарга бол өөрийнх нь унаган адуу биш юм. Хүл­гийн сайн эл ажнай хэрхэн өнөөгийн эзэндээ ирсэн түү­хийг наадамчин олон магад санаж буй байх. 2010 оны бар жил Монгол орны нийт нутгийг хамарсан цас, зуд ихтэй хатуухан өвөл тохиов. Хаврын тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаан цагийн байдалд хавчигдан багагүй оройтож, 2010 оны гуравдугаар сарын 7-нд бол­сон. Хаврын уриар зохиогдсон энэ уралдаанд тоосоо өргө­хөөр монгол нутгийн тал талаас газар газрын алтан туурт Богд Дүнжингарав уулын өвөр бэлд цуглараад байлаа. 

Гурван насны мянга гаруй хүлэг шандас сорьсон энэ наадмын соёолонгийн уралдаан адуунд дуртай хүн бүхний сэтгэлд одоо ч тодхон байгаа. Бага гурван насандаа улс, бүсийн наадмаас айраг түрүү алдаагүй, аймаг орондоо тогтмол дээгүүр хурдалдаг 384 соёолон гарааны зурхай тийш хөдөллөө. 16 км-ээс эргэ­сэн соёолонгийн түрүүч Бор үзүүрийг тойроод барианд орж ирэхэд Орхон аймгаас ирсэн Зээрэн зээрд гэдэг ажнай холхон шиг түрүүлж, наадамчдыг огшоох хооронд арын үрээнүүд  ч сүүл дэрлэн ирэв. Тав, зургаагийн хоёр үрээ амгай зуузай холбоотой. Айргийн тавд аль нь орж, торгон жолоо өргүүлэх бол гэсэн аз эзийн дэнс бариа­ны торгон зурхай дээр Төв аймгийн Архуст сумын уяач Ч.Махбалын халзан үрээ хошуу өлгөж, Төв айм­гийн Сэргэлэн сумын уяач Б.Сүхбаатарын хээр үрээ удаад хурдаллаа. Тавд давхисан халзан үрээ эрлийз адуу байсан учир баяр наад­мыг зохион байгуулах комиссын шийдвэрээр Б.Сүх­баатарын хээр үрээ айргийн таваар баригдаж, цоллуулав. Морь сонирхогчид, уяачдын анхааралд өртсөн хээр үрээ бол Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуу бөгөөд хязаалан насандаа сумын сургуулийн ойд айраг­даад байсан битүү шахуу адуу шинэхэн эзэндээ ирээд ийнхүү бүсийн наадмын айраг амсуулсан нь энэ аж.

Дүнжингаравын хурдаас анхны айргаа хүртсэн Б.Сүх­баатар уяач хээр үрээнийхээ шандсыг жинхэнэ сорихоор улсын наадмыг хоног тоолон хүлээв. Ардын хувьсгалын 89 жилийн ой эртний домогт Хүйн мандалын торгон ногоон хөндийд уламжлал ёсоор эхэлж, долдугаар сарын 12-ны ургахын улаан нартай зэрэгцэн соёолон морь гараанд гарлаа. Уяа сойлго нь жигдэрсэн 200 гаруй үрээ гарааны зурхайгаас эргэхэд хээр үрээний хүүхэд унажээ. Улсын наадмын айраг зүү­дэлж байсан уяачийн бүтэн жилийн хөдөлмөр хэдхэн хормын дотор ийн талаар болов. Хүүхэдгүй хээр үрээ тааваараа давхисаар барианд ирэх­дээ есөөр хурдлав. “Хүүхэд нь ойчоогүй бол ч айрагдах л адуу юм даа” гэх халаг­лал наадмын дэвжээгээр хэсүү­чилнэ. Гэвч, Б.Сүхбаатар уяач шантарсангүй. Давхар уяагаар хоймор нутгийг зорьж, Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой “Хотгойдын их хурд” хан­гайн бүсийн уралдаанд тод магнай торгон жолоо өргүүлж, хурдан буянаа баталсан юм. Бүсийн наадмын нэг түрүү, нэг айргаар мялаалгасан зургаан настай хавчиг хээр азарга “Дүнжингарав-2011” уралдаанд айргийн гурваар хурдалж, амжилтаа ахиулсан бол давхар уяагаар Нүүрэнтэйн хөн­дийд зохиогдсон зүүн бүсийн хаврын уралдаанд хол тасархай түрүүлэн ирж, энэ цагийн цуут хурдан хүлгүүдийн нэг гэж нэрлэгдэх боллоо. 

Ардын хувьсгалын 90 жилийн ой уяач бүхний зүрх сэтгэлийг догдлуулж, хэний хүүгийн уясан ажнай түрүүлэх бол гэсэн таамаг битүүхэн хэсүүчилж эхлэв. Тэгш дөрвөн ой тохиосон үндэсний их баяр наадам ч хоног хоногоор ойртож, наадмын өмнөх сунгаануудын сураг амнаас ам дамжин яригдах мөчид “61-ийн сунгаанд Сүхээгийн хээр азарга онцгой хурдан байна” гэх мэдээ уяачдын зүрхэнд шар ус хуруулж байв. Хурдан морь сонирхогчид ч ялгаагүй дор бүрнээ л таамаг дэвшүүлж байсан ч Монгол төрийн наадамд зургаан удаа түрүүлсэн “Амгалан төрийн ажнай шарга” азаргыг Хүй долоон худагийн дэнжид уягдаж байгааг мэдээд шарга азаргаа түрүүлчихээсэй гэж моринд хайртай монголчууд битүүхэн залбирч байв. Гэвч шарга азарга долдугаар сарын 11-ний өглөө зодог тайлахаар болжээ. Алдарт шарга азарганы эзэн “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү улсын наадамд түрүүлэх азарганы эрэлд гарсныг харин хэн ч мэдэхгүй байлаа. Сэргэлэн сумын уяач Сүхбаатарын хээр гарцаагүй түрүүлэх азарганы тоонд багтаж буйг хашир уяач анзаарав. Наранхүү уяач Сүхбаатартай уулзаад азарганы наймаа хийх санал тавьсан ч хүлээж авсангүй. “Хэчнээн төгрөг амласан ч хээр азаргаа зарахгүй” гээд мад тавин буцаажээ. Шарга азарганыхаа орыг залгах аргамаг хүлгийн эрэлд гарсан мань эр хүн замын дундаас буцсангүй. 

Төрийн наадам эхлэхээс арваадхан хоногийн өмнө адууны ханиад гарч олон хурдан хүлгийн уяа сойлго алдагдахад хүрэв. Б.Сүхбаатар уяач хээр азаргаа олны хөлөөс дайжуулж, нэг гүүний хамт хөтлөн Богд уулын бэл бараадав. Хээр азарганыхаа их сунгааг уулын бэлд ганцааранг нь давхиулж хийгээд баяр наадмыг зорилоо. Улсын наадмын урьд өдөр Төв аймгийн баяр наадам болж Сүхбаатар уяач зарим морьдоо аймгийнхаа наадамд уралдуулчихаад хот руу орох замд нь Айдасын даваан дээр Б.Наранхүү мөн л түүнийг угтжээ. Маргааш өглөө улсын наадмын азарганы уралдаантай. Наранхүү уяач хээр азаргыг нь маналцаж хонохоор Сүхбаатарын хамт Хүй долоон худагийг зорьсон байна. Тэр шөнө Монголын хоёр сайхан уяач ямархан наймаа тохирсныг талын салхи л гагц гэрчлэх байх. Улсын баяр наадмын хурдан азарганы уралдаанд 355 алтан туурт Хүй мандалын цэцэгт ногоон дэнжийг даргиулан зурхайгаас эргэж, зул задрахад хээр азарга нумнаас алдуурсан сум шиг цойлон хурдалж явлаа. Цамцан дээрээ “006” дугаартай хүүхэд унасан хээр азаргыг тайлбарлагч “Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, “Мон уран” компанийн захирал, аймгийн алдарт уяач Батсүхийн Наранхүүгийн хээр азарга толгойдоо тоосгүй хурдалж явна” гэхэд монгол түмэн “Хос шарга”-ын алдарт эзэн бас нэгэн гайхамшигт хурдыг өөрийн болгосныг ухаарав. 

Азарганы уралдааныг өнгөлж яваа Б.Наранхүүгийн хээр азарга Цагаан хөтөл даваад уруудаж байхад арын азарганууд нь Цагаан хөтөл дээр гарч ирээгүй байлаа. Шарга азарга л яг ингэж тасраад бариан дээр хол саахалтын зайтай түрүүлдэгсэн. Тэр өдрийн наадамд дөрвөн хөлтэй амьтан дөхөж уралдахааргүй хол тасарсан хээр азаргыг наадамчин олон түрүүлэх нь нэгэнт тодорхой боллоо гэцгээж байтал барианд орохоос гурав дөрвөн километрт арын гурван азарга тохож ирэв. Эдгээр нэхэгч хурдан буянууд бол Монгол Улсын манлай уяач Ч.Улааны зээрд, Ч.Хүсэлзулын Ембүү зээрд, аймгийн алдар уяач А.Отгонбаярын хилэн хар гурав байв. Хээр азарга өнгөлсөөр үзэгчид чуулсан үзүүр рүү орж ирэхэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын уясан Ч.Хүсэлзулын Ембүү зээрд азарга буруу талаар нь шургаж, зурхай дээр гишгэхэд хээр азарга аман хүзүүнд баригдав. Б.Наранхүү уяач 90 жилийн түүхт ойд бас нэг хээр азарга мордуулсан нь зургаад хурдалжээ. “Амгалан төрийн ажнай шарга” азарга нь зодог тайлахтай давхцаад хээр азарга аман хүзүүдсэн бол шаргын төл даага түмэн эх болов. 

Азарга барианд орсны дараа “Аман хүзүүдсэн хээр азаргыг наадмын урьд шөнө 500 сая төгрөгөөр Наранхүү худалдан авчээ” гэсэн мэдээ олны салхиар хуурай өвсөнд тавьсан цучил шиг тархах нь тэр. Төдий л удалгүй “Хээр азарганы эзэн Сүхбаатарт унаж явсан “Lexus-570” маркийн авто машинаа бэлэглэжээ” гэсэн дуулиан наадмын чимэг яриа болсныг уншигчид санаж буй нь лавтай. Хурдан моринд зүрх сэтгэлээ зориулсан хийморилог эрчүүдийн ханцуй доторх зангаргатай наймаа гэдэг чухам энэ биз. Хамгийн өндөр үнэ хүрсэн хурдан хээрийг үүнээс хойш Наранхүүгээр овоглож, “Монгол хээр” хэмээн монгол түмэн шагшин бахдах болсон юм. Монгол хээрийн амжилтын цуваа луу жилийн хаврын тэргүүн сард зохиогдсон “Дүнжингаравын хурд”-ын түрүүгээр үргэлжилсэн ч одоогоор улсын наадмаас өмнөх амжилтаа эвдээгүй байгаа. Б.Наранхүү хэдийгээр “Дөчин сая төгрөгөөр авсан” гэж даруу загнан цагаан хэл амнаас бултуулдаг ч хагас тэрбумын үнэд найдвартай хүрсэн гэгддэг Монгол хээр азаргыг наадамчин олон “Энэ жил л ид шидээ үзүүлж, эзэндээ түрүү авчрах байх” хэмээн таамагласаар байна.

Ноднин жилийн хурдан азарганы уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын манлай уяач  Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улс халзан азарга өнгөлж, улсын наадамдаа гурван жил дараалан торгон жолоо өргүүлээд байгаа. Улс халзан үндсэндээ Б.Наран­хүүгийн ажнай шаргын амжил­тыг эвдэх дөхсөн. Монгол хээр азарга ноднин жилийн улсын наадамд хорь гаргаж ирсэн нь уяачийн муугийнх уу, унаачийн тааруугийнх уу гэсэн бор шувууг нисгээд амжсан. Харин өнгөрөгч хавар, өвлийн уралдаануудад гаргасан амжилт нь Монгол хээр энэ жилийн наадмыг ёстой нэг өнгөлөөд өгнө гэсэн хүлээлтийг бий болгоод байгаа билээ. Монгол хээр азаргын амжилтыг дахин дурдвал соёолон насандаа “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж, Хөвсгөл аймагт зохиогдсон Хотгойдын хурдад түрүүлж, 2011 онд хавчиг зургаан настайдаа “Дүнжингарав”-т айргийн гур­ваар хурдалж, давхар уяа­гаар “Нүүрэнтэйн их хурд” зүүн бүсийн уралдаанд түрүүлэн алдаршиж эхэлсэн. Тэр жилийн төрийн их баяр наадмаар гарсан цагаасаа эхлэн хол саахалтын зайтай өнгөлсөн ч барианы үзүүр дээр бага зэрэг сууж, аман хүзүүнд хурдалсан “Дүнжингарав-2012” уралдааны түрүү магнай юм. “Монгол хээр”-ээс цагаан хэл ам холуур байж, Хүй долоон худагийн ногоон зурхайд тоос­гүй ирэх болтугай.

 Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Дараахь газруудад цахилгаан тасарна

Улаанбаатар цахилгаан түгээх сулжээнээс цахилгаан түр тасалж, засвар хийх хуваарь гаргажээ.  

Баянзүрх дүүрэг

10.00-18.00 цагт: 2, 4, 7-р хороо 8 Т-279, 38Б Т-1 байр, Тонхил нуур, Атар шим, Инкон, Свийт стандарт ХХК-иуд болон тэр орчмын хэрэглэгчид

10.30-17.00 цагт: 7-р хороо Холбоотолгой, Эмнэлэг, Эрдэнтолгой, Улаанхуарангийн гудамжууд;

Чингэлтэй дүүрэг

11.30-12.30 цагт: 112, 13-р хороо Булагийн 4-9, Сургуулийн 4-10, 41, 43-р гудамж;

Хан-Уул дүүрэг

11.00-12.00 цагт: Хасуу Мегаватт, Шоко трейд, Хос аз, Бүрд овоо ХХК орчимд

12.30-13.30 цагт: ЭХБУТрест ХХК, УБЦТС ХК-ийн Баруун түгээх төв орчимд

13.40-14.40 цагт: Юни Си Энд ХХК

14.40-15.40 цагт: Таванбаатар, Баттэмман, Амарвет ХХК, тэр орчмын хэрэглэгчид;

Налайх дүүрэг

09.30-16.00 цагт: 32-р хороо Баруун туруун чиглэлийн хэрэглэгчид.

  

Categories
мэдээ нийгэм

Бороотой өдрүүд үргэлжилнэ

5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7, 8-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 5, 6-нд зарим газраар, 7, 8-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Говь, талын нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газар хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барихаар тогтлоо.  

2014-2016 онд хэрэгжүүлэх энэ төсөл Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг нь сургаж дадлагажуулна.

Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 6,4 сая еврогийн 59,4 хувийг Бельгийн Засгийн газрын хүүгүй, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Оюу Толгой”-н оролцоог нэмэгдүүлсэн гэрээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” ХХК хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нарт олгохоор тогтлоо.

Өмнөд бүсийн эрчим хүчний системийг байгуулахад стратегийн онцгой ач холбогдолтой “Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд тус станцын үндсэн хэрэглэгч болох “Оюу Толгой” ХХК-ийн оролцоо их тул хоёр талын хамтын ажиллагааг энэ гэрээгээр зохицуулна.

Засгийн газар, “Оюу Толгой” ХХК-ийн хооронд 2009 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3-т заасны дагуу Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангах үүрэг хүлээсэн. Дээрх гэрээг байгуулснаар “Оюу Толгой” компани энэ үүргээ биелүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Ховд” их сургууль халдлагад өртжээ

Кинонд гардаг шиг үйл явдал Ховд аймагт болжээ. Учир нь өнгөрсөн баасан гаригийн шөнө тус аймгийн “ Ховд” их сургуулийн байранд баг зүүж, малгай, бээлий, өмссөн хар хувцастай хүн нэвтэрч, сүлжээнийх нь утсыг таслан бензин цацан гал тавьсан байна. “Ховд” их сургууль хичээлийн 2 байртай. I байр нь байнгын харуултай байдаг бол II байрыг шөнийн цагаар сахиул айл хардаг юм байна. Хэрэгтэн эхнээсээ бүх зүйлийг төлөвлөн, II байрыг сонгосон бололтой. Тухайн үед сургуулийн захирал Ж.Янжмаа гадны төлөөлөгчтэй уулзахаар аймгийнхаа Цэцэг сум руу явсан байж. Бүх анги нь гаднаасаа цоожтой байсан ч нэг ангийнх нь хаалга дээд талдаа шилтэй. Хэрэгтэн тэр ангийн цонхыг хагалж  ороод, хаалганы дээд талын цонхыг хагалж, уяа унжуулан хонгилд гарч, бүх камерыг унтраасан байна. Үүний дараа хоёрдугаар давхарт гаран, сүлжээний утаснуудыг таслан, гал тавиад зугтжээ. Тухайн үед цонхнууд хаалттай байсан болоод ч тэр үү гал тэгэсгээд унтарчээ. Сахиул 07.00 цагийн орчимд сургуулиа шалгахаар хаалга онгойлготол битүү утаа байсан тул гал команд, цагдаа дуудсан байна. Хэрэгтэн одоо болтол олдоогүй байгаа бөгөөд  сургууль интернэтийн сүлжээгээ солиод удаагүй байхад энэ хэрэг гарчээ. 

Аймгийн цагдаагийн газраас хэд хэдэн хүнийг сэжиглэж байгаа гэнэ. Тус сургуулийн захирал Ж.Янжмаа “Манай сургуулийг сайн мэддэг хүн үүнийг хийсэн байна. Гэхдээ бид оюутан хийсэн гэж бодохгүй байгаа. Хэрэгтэн бүх камерыг салгасан ч төвд холбогдоогүй нэг жижиг камер байсныг анзаараагүй үлдээсэн байсан. Бензин цацаж, гал тавьж байгаа дүрс тэнд үлдсэн байна. Сургалтын албаны өрөөнд оюутнуудын бичиг баримт байдаг. Гал газар аваагүй учраас бичиг баримт зүгээр. Харин давхар хаалга, тэр орчмын шал шатсан. Төв сервер сургуулийн I байранд байдаг.  Хамгаалалт сайн болохоор хэрэгтэн тийшээ халдаж зүрхлээгүй байх. II байрны сүлжээ доголдсон. Манайх сургуульдаа засвар хийгээд удаагүй байсан. Галын дөл байрны таазыг харлуулсан учир дахин засвар хийх шаардлагатай боллоо. Одоо цонхоо шиллэн, камерын системээ шинэчилж байна.  Хэрэгтэн цонхыг нь хагалж орсон ангийнхаа эд зүйлийг эвдэж сүйтгээгүй байгаа нь зөвхөн хорлон сүйтгэх зорилгоор сургуульд нэвтрээгүйг харуулж байгаа юм” гэлээ. 

Categories
мэдээ нийгэм

Манай улс “Юнеско”-д соёлын биет бус өв 11-ийг бүртгүүлээд байна

ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцийн гишүүн болох Зүүн хойд Азийн таван орны төлөөлөгчид “Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг өргөжүүлж өвийг баримтжуулах нь” сэдвээр Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө хуралдаж байна. Ийм сэдвийн дор анх удаа болж байгаа энэхүү уулзалт зөвлөгөөнийг Ази номхон далайн Соёлын биет бус өвийн төвийн дэмжлэг дор  ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж байгаа юм. Зүүн хойд Ази нь  соёлын асар баялаг өв уламжлалтай. Түүнчлэн соёлын биет бус  өвийг хамгаалах тал дээр арвин туршлагатай бөгөөд сүүлийн жилүүдэд энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогоороо олон улсад манлайлж иржээ. Одоогоор ЮНЕСКО дэлхийн хэмжээнд нийт 317 соёлын биет бус өв бүртгэснээс 87 нь дээрх таван  оронд ноогдож байна. Түүний дотор Монгол Улс 11 өв бүртгүүлээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Хурдан морины бүртгэл 9-нд эхэлнэ

Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж буй талаар мэдээлэл хийлээ.  Энэ жил хурдан морины бүртгэл 9-нд эхлэх аж. Харин хурдан морь унах хүүхдийн тухайд хуулийн дагуу 7-16 насны хүүхдээр унуулах бөгөөд ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой. Бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ болон бусад баримт бичгийг тулгах тул энэ тал дээр асуудал гарахгүй хэмээн Хурдан морины салбар хорооны гишүүн Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа мэдээлэв.

Уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хэмжиж үзэх аж. Тодруулбал, сэрвээний өндөр

-Азарга, соёолон 140 см,

-Их нас 141 см,

-Хязаалан 137 см,

-Шүдлэн 132 см,

-Даага 127 см дээш байвал тухайн насанд уралдуулахгүй.

Мөн хурдан морины гарааны уртыг сунгасан тул гараанаас морьд олон давхарлаж гардаг явдал гарахгүй гэнэ. Түүнчлэн наадамчин олныг уйдаахгүй байх үүднээс “Морьтны тоглолт”, “Шүхрийн буулт” үзүүлбэрүүд үзүүлэх аж. Наадамчин олонд зориулан өмнөх жилүүдээс 5000 автозогсоол илүү байхаар зохион байгуулсан билээ.

Энэ жил хурдан морины уралдаан уламжлалт ёсоор 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан болох юм. Мөн долдугаар сарын 13-нд уяачдын наадам, холч болон жороо морьдын уралдаан болно.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийг нүүлгэжээ

Баянгол дүүрэгт 28 иргэн, аж ахуй нэгж хоёрдогч түүхий эдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Харин тус дүүргийн Мэргэжлийн хяналт хяналтын хэлтэс, “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-той  хамтран хоёрдогч түүхий эд авдаг зарим цэгүүдийг нүүлгэжээ. Тухайлбал сургууль цэцэрлэгтэй ойрхон 12 цэгийг нүүлгэж, таван цэгийн үйл ажиллагааг зогсоож, нэг цэгийг стандартын шаардлага хангасан газарт шилжүүлсэн байна. Мөн дүүргийн 20 дугаар хороонд төмөр хүлээж авдаг нэгдсэн цэг байгуулахаар төлөвлөж, тус хорооны 640м2 газрыг сонгон, тохижилт хийхээр хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ.