Categories
мэдээ нийгэм

Говийн бүсийн Их хурд энэ сарын 22-26-ны өдрүүдэд болно

XVII зууны Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун  хан, Эрдэнэ  бандид хутагт, ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой энэ жил тохиож байгаа байгаа билээ. Энэхүү ойд зориулж  “Ламын гэгээний өв соёл Төв ази болон Монголд” сэдэвт олон улсын эрдэм  шинжилгээний хурал өнгөрөгч бямба гарагт Гандантэгчэнлин хийдийн Монголын бурхан шашны их сургуулийн хурлын танхимд болсон. 

 Мөн ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам “Говийн бүсийн Их хурд -2014” хурдан морины уралдаан, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд болох аж. Эл арга хэмжээ Баянхонгор аймгийн төвд болох юм байна. 

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийт 11 удаа хуралдаж, давхардсан тоогоор 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Эдгээрээс хуулийн төсөл 181, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 2, Байнгын хорооны тогтоолын төсөл 5, тайлан, мэдээлэл хоёрыг тус тус хэлэлцэж, 12 санал, дүгнэлт гаргасан байна. 

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол хэлний тухай хуулийн төслүүд, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн мэдээлэл, Улсын Их Хурлын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны тайлангийн мэдээллийг сонсчээ. 

Түүнчлэн ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нараас 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нараас 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулсан байна. Энэ хуулиар үндэсний бөхийн “Далай аварга” цол хасагдаж, уламжлалт даян аварга, дархан аварга цол үлдэж байгаа юм. Мөн хугацаанд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулжээ.

Тайлангийн хугацаанд төрийн байгуулалтын байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 48 албан бичиг, 1 өргөдөл ирснийг тухай бүр нь шийдвэрлэхийн зэрэгцээ байнгын хорооноос 97 албан бичиг явуулсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилдцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийслэлийн замын цагдаагийн газраас баяр наадмын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хэрхэн хийх талаар мэдээллээ.

Энэ жилийн Үндэсний их баярын замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар:

• Энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

• Ногоон орчин буюу авто машингүй бүсийг бүрдүүлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь бариа орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах нөхцөл бүрдүүлсэн.

• Наадамчдад зориулж Энхтайваны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд” хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талд таксины зогсоол гаргасан.

• Баяр наадмын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвөөс наадамчдад үнэ төлбөргүй, буухиа чиглэлээр 18 автобус 5-10 минутын зайтайгаар, Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3 автобус тус тус үнэ төлбөргүй үйлчилнэ.

• Хүй долоон худагт эко хавтангаар 500 тээврийн хэрэгсэл зогсох зогсоолын талбай байгуулсан.

• Хүй долоон худгийн авто машины зогсоолоос үйлчилгээний гэр, бариа хүртэл явган хүний хатуу хучилттай замыг шинээр хийсэн.

• Хүй долоон худгийн шинэ рэйлбус явах Давааны өртөө зогсоолоос нийтийн тээврийн зогсоол хүртэлх замыг шинээр хийсэн.

• Баяр наадам зохион байгуулагдах газруудыг хянах хяналтын камер байрлуулсан.

• Цагдаагийн иргэдэд үйлчлэх төв ажиллана.

• Зөвшөөрөл аваагүй иргэдийн асуудлыг шийдвэрлэж, НЗЦГ, Соёолж, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол болон шороон зогсоол, Авто тээврийн газрын зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулах боломжоор хангасан.

• 2014 оны 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Амгалан өртөөгөөс Рэйлбус Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоол Хүй долоо худаг руу иргэдийг тээвэрлэнэ.

• 2014.7.13-ны өдөр Хүй долоон худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А, Ж, ДК, Г, Ү, М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна.

• 2014.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс өмнө 2 цагийн өмнө НЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

• 2014.07.12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд наадмын бэлтгэлтэй танилцана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон маргааш наадмын бэлтгэлтэй танилцахаар болжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт наадмыг бэлтгэл хэрхэн явж байгааг сонирхох аж.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Тагтнаас зүүгдсэн хүүхдийн амийг аварчээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид арван настай хүүхдийн амийг аварсан байна. Тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдрийн 18:30 минутад айлын тагтнаас хүүхэд өөрийгөө боосон байдалтай зүүгдэж байна гэсэн дуудлага цагдаагийнхан иржээ. Хэргийн газар очиход арван настай хүүхэд олсоор цээжээ ороосон байдалтай тагтнаасаа зүүгдэж байсныг тогтоож, гэрийн хаалгыг нь эвдэн орж амийг нь аварчээ. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ ганцааранг нь гэртээ орхихдоо цонх, тагтаа сайтар цоожилж, аль болох харгалзах хүнтэй үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уран баримлуудыг урлаж эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Дүрслэх урлагийн нэгдсэн холбоо хамтран “Улаанбаатар уран баримал 2014” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Тус наадмын эхний шатанд  ирүүлсэн 85 уран баримлаас сонгогдсон 30 бүтээлийг урлах ажлын нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  эхэллээ. Энэ үеэр уран баримлыг барих явцтай үзэгчид танилцаж саналаа хэлсэн юм. Уран барималч Н.Оргилын “Гэр бүл”, С.Бадралын “Хатан”, Ө.Батжаргалын “Хос хатан”, Ц.Амгалангийн “Морь”, Г.Галбадрахын  “Янгир ямаа 2”, Цогтоо “4 бэрх” зэрэг урлагийн ертөнц, монгол ёс заншил, хайр сэтгэл, эх нутгийн сэдэв бүхий 30 баримал баригдах юм. Мөн хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан, Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хөрөг зураг зурах тэмцээн, логос амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу тэмцээн уралдаан 07 дугаар сарын 14-н хүртэл үргэлжилж  дүнгээ гаргана. Үзэгч олон баяр наадмын үеэр Үндэсний хүрээлэнг зорьж,  баримал дээр хүүхэд болон хосуудын гар хөлийн хээг авах, шаазан таваг дээр акрелик, паалангаар гарын хээг гаргах урлагийн үйлчилгээг аван, хонь ямаан дээр зураг зурах үзүүлбэрийг харж, элсэн дээрх тэмцээн уралдаанд оролцон, уран баримал барихыг харж, урлагийн сайхантай танилцан  нүд, сэтгэлээ баясгах боломжтой юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.      

Categories
мэдээ нийгэм

Хайчаар сүрдүүлж дээрэм хийжээ

Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн хувийн эмнэлгийн эмч, иргэн Б-г ажил дээрээ байхад нь үл таних этгээд хайч тулган, гарыг нь хүлээд “IPHONE-5” гар утсыг дээрэмджээ. Дээрэм хийсэн этгээдийг энэ сарын 06-ны 21.00 цагийн орчимд “Тэди” төвийн ойролцоо явж байхад нь барьжээ. Гэмт этгээд дээрэмдсэн гар утсаа зарахаар тус төв рүү явж байсан гэнэ. 

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 140 удаагийн  дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 103 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 37 дуудлага байна.  Зам тээврийн болон ахуйн осолд өртсөн 49 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, болзошгүй гамшгийн аюулаас 59 хүний амь бие, 73 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.

2014.06.22-ний өдрийн 09.30 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4 ТӨХК–ийн урд 2 далангийн хооронд  химийн бодис булаад байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлэг, БГД-ийн ОБХ, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, НОБГ-ийн ГХХ-ийн химийн мэргэжилтэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын химийн байцаагч нар очиж ажиллахад, барилга угсралтын Юнтай Шань ХХК-ийн 60 литрийн багтаамжтай хуванцар савтай 13 ширхэг, 20 литрийн багтаамжтай 3 ширхэг савтай, нийт 0.8 тонн бодис булсан байсныг гаргаж, чингэлэгт хийж лацдан, Аврах гал унтраах 18 дугаар ангийн албан хаагчид ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан байна. НМХГ-аас тухайн бодисоос дээж авч 06-дугаар сарын 23 өдөр гаалийн төв лабортаторт хүргүүлж, 07-р сарын 01-ний өдрийн гарсан хариугаар “Формалдигед” гэх ариутгалын бодис болох нь тогтоогдсон.

06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо “Нью-кроп” ХХК- ийн гахайн аж ахуйн гахайнд халдварт өвчний сэжиг илэрсэн байна. 07 дугаар сарын 01-ний Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 154,155 дугаар шинжилгээний хариугаар “Гахайн сонгомол мялзан”, “Гахайн үржил амьсгалын замын хам шинж” 2 төрлийн гоц халдварт өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ.  Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс 3 удаа хуралдсан. СХД-ийн Засаг даргын 2014.07.02-ны А/238 дугаар захирамжаар тус гахайн аж ахуйд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт гахай тэжээдэг 218 гахайн аж ахуй, иргэдэд дүүргүүдийн Мал эмнэлгээр дамжуулан анхааруулга, сэрэмжлүүлэг өгч мал эмнэлгийн үзлэг тандалтыг хийж байна. 07 дугаар сарын 03-ны өдөр “гахайн мялзан” өвчтэй 451 толгой торойг өвчинтэй тэмцэх зааврын дагуу устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Үлдсэн 541 толгой гахайнаас шинжилгээ авахад 2014.07.05-ний Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 159 дүгээр шинжилгээний хариугаар “Гахайн сонгомол мялзан”  өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд ” Өвчилсөн гайхаг утсгахад шаардагдах 21 сая төгрөгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа” гэлээ. Нийслэлийн Засаг дарга баяр наадмаас өмнө устгах ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах үүргийг холбогдох хүмүүст өгч шаардлагатай хөрөнгийг гаргахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэгдлээ.

2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 07 сарын 03-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35013 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 21 хоногтой харьцуулахад 3085 нэгж буюу 8,5 хувиар, 943 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 135 нэгж буюу -12.5 хувиар буурсан байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 118 хүний амь нас барсныг шалтгаан нөхцөлөөр нь авч үзвэл 74 буюу 62.7 хувь нь өвчний улмаас, 11 буюу 9.3 хувь нь боомилж, 3 буюу 2.5 хувь нь өндөрөөс унаж, 2 буюу 1.6 хувь нь туул голд живж, тогонд цохиулж, архинд хордож, карерийн тогтоол усанд живж, шатнаас  унаж, түлэгдэж, 22 буюу 18.6 хувь нь ил харагдах шарх сорвигүй нас барсан байна.

Нийслэлийн Засаг даргын А/448 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 239 зочид, дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд нийт 21 зочид, дэн буудлын үйл ажиллагааг зогсоож, 2 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүлж , мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардах хуудас 15, зөрчил арилгуулах талаар албан мэдэгдэл 70-г өгч , зөрчил гаргасан 6-н аж ахуйн нэгж байгууллага, 2 иргэнийг  Төрийн хянан шалгалтын тухай хуулийн 16.1.2, Захиргааны хяналтын тухай хуулийн 42.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16.1.7-дах заалтыг тус тус үндэслэн 1.542.,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

  Нийслэлийн Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 651 дуудлага  бүртгэгдсэн. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 250, осол, зөрчлийн шинжтэй 401 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 6 бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлэлт өнгөрсөн оны мөн үес 17.2 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дээрх мэдээлэлтэй холбогдуулан зарим чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өглөө. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд усархаг бороотой байгаа тул үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, үерт өртөж болзошгүй айлуудад анхааруулга хүргүүлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газарт даалгалаа. Мөн Улаанбаатар хотыг зорин ирж буй жуулчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэ.лтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбар худалдаж авахын тулд ингэж дугаарлаж байна

Иргэд наадмын тасалбар худалдаанд гарахыг тэсэн ядан хүлээдэг. Энэ сарын 6-наас наадмын тасалбарыг худалдсан. Иргэд тасалбар худалдаж авахын тулд хонож өнжиж байна. Тасалбарын урт дараалалд олон цаг зогсч, ажлаа алдаж байгаа иргэд “Хэдий болтол ингэж хорь, гучин жилийн өмнөх шиг ингэж чирэгдэл учруулах байх вэ дээ. Үүнийг жаахан боловсон болгомоор юм. Онлайнаар худалддаг болчихвол хэнд ч чирэгдэл учрахгүй. Нийслэлийнхэн ая тухтай суудал, сайн байрлалын тасалбаруудыг нь танил талаараа авчихаад наран талын, тухгүй байрлалтай суудлыг ард иргэдэд зарж байна” хэмээн бухимдаж байна.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Газарт “мандсан” төрийн далбаа

Уг нь төрийн далбаа ямагт өндөрт, тэргүүн дээр, Төрийн ордны орой дээр намирдагсан. Наадмаар машин тэрэгтэй улсууд нь жижиг, том хэмжээтэй далбаа хийсгэн монголоороо омогшдог. Сүүлийн жилүүдэд наадам дөхөхөөр далбааны наймаа худалдаа эрс идэвхиждэг болсон. Замын хоёр талаар зогссон наймаачид далбаагаа бөөн бөөнөөр нь зарна. Гүйлгээ ихтэй үе нь одоо болохоор аргагүй л дээ. Гэвч алив зүйлд хэм хэмжээ гэх зүйл бий. Далбаа ямар ундаа юм уу, эсвэл бохь юм уу. Энэ бол төрийн бэлгэдэл агуулсан эрхэм зүйл. Эрхэм зүйлийг эрхэмлэх л ёстой. Гэтэл далбааны бизнес эрхлэгчид төрийн далбаагаа гудамжны шороотой хутгаад, газарт зоочихсон зарж байна. 

Эсвэл төрийн далбаа тэнгэрт биш газарт “манддаг” болсон цаг уу. Үүнд холбогдох яам тамгын газар, мэргэжлийн байгууллагууд нь хяналт тавьж, энэ төрлийн бизнес эрхлэгчид нь далбаатайгаа хүндэтгэлтэйгээр хандахгүй бол алтан соёмбот далбаа маань хог шиг л хотын гудмаар хөглөрөх нь байна шүү. 

Д.САРУУЛ