Categories
мэдээ нийгэм

“Хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмж”- өөр хангагдлаа

 “Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан” ТББ-аас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хавдарын хөнгөвчлөх эмчилгээний 23 нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулж, хоёр платыг иж бүрэн тохижуулан,  хүлээлгэн өглөө. 

Уг арга хэмжээнд тэргүүн хатагтай Х.Болормаа, “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан”-гийн нарийн бичгийн дарга С.Нарангэрэл, ХСҮТөвийн хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч эмч О.Мөнгөнцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, НЭ-ийн дарга Ж.Ариунаа болон бусад эмч мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцов.

 Хавдар өвчний эцсийн шатанд орсон өвчтөнүүдэд ая тухтай орчин бий болгож, эмчилгээ, оношилгооны хэрэгцээт багаж хэрэгслүүд бэлэглэсэн “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан”-д Архангай аймгийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, үйлчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн талархаж байв. 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хаана, юу болох вэ?

-Наадмын хөтөлбөр ёсоор буриад сурын харваа 09.00 цагаас сурын талбайд эхэлнэ.

-Монголын үндэсний циркт Монголын циркийн шилдэг үзүүлбэрийн тоглолттой.

-Монголын үндэсний музейд “Талын дайчдын соёл” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

-10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн бондын журам батлах тухай, нийслэлийн тээврийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн цэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд болох юм байна.

– Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон наадмын бэлтгэлтэй танилцана. Тэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт наадмыг бэлтгэл хэрхэн явж байгааг сонирхох аж.

-14 цагт Төв Хаан банкны Улаан гэр галлерид “Playtime” наадмын албан ёсны цахим хуудсын нээлтийн ажиллагаа болон тус наадамд оролцох хамтлаг, дуучдын талаар танилцуулна.. Энэ жилийн уралдаанд АНУ, Орос, Япон Улсаас амьд хөгжмийн хамтлагууд оролцож байгаа гэнэ.

-Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтын талаар хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөх уулзалт 11.00 цагт ЦЕГ-ын Хурлын танхимд болно. Уулзалтад ЦЕГ-ын даргын зөвлөл, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Нийслэлийн Замын цагдаагийн газрын удирдлагууд болон Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран оролцоно. 

-20.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд “Т-Батаар ба сор үзмэрүүд” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно

Categories
мэдээ нийгэм

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олгов

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1, долдугаар зүйлийн 7.1.9, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлийг тус тус үндэслэн Засгийн газрын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагвын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Улсын даян аварга А.Сүхбат, Улсын даян аварга Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олголоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Улсын дархан аварга цолны болзол хангасан Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Шонхор-Олимп” дээд сургууль, “Дүнжингарав” дэвжээний бөх, Улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Улсын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нар өнөөдөр Дархан аварга цол, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авав.

Цол гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Удахгүй улсын баяр наадам болох гэж байна. Улсын баяр наадмын хийморь нь бяр хүчтэй бөхчүүддээ байдаг. Хурдан морьдоо уралдуулж, эрхий мэргэн харваачдаараа харвуулж нааддаг сайхан уламжлалтай.

Энэ жил Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр өмнө нь чимэг байсан, нэг хэсэг бөхийн цол болж явсан Далай аварга цолыг чимгээр нь үлдээхээр болсон. Мөн Дархан аваргын болзол хангасан хүмүүст энэ цолыг нөхөж өгөх тухай хууль гарсны дагуу энэ цолыг олгож байна.

Манай хэвлэлийнхэн, олон нийт нэг буруу ойлголттой байгаа. Ноднин их олон янзын цолонд өөрчлөлт оруулж, түрүүлээгүй бөхөд аварга цол олгох зэрэг тиймэрхүү өөрчлөлт оруулах төсөл орж ирж байсан. Түүн дээр би хориг тавьсан. Тэр хууль батлагдаагүй. Ганцхан Далай аварга гэдэг цолыг хуучин явж байсан чимгээр нь үлдээхээр болсон. Тэгээд ХХ зуунд явж байсан уламжлалаараа Дархан аварга гэдэг цолыг Даян аварга цолтой бөхөд олгож байгаа юм гэдгийг хуулийнх нь дагуу зөв ойлгох хэрэгтэй юм.

Ингээд өнөөдөр энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн Агваансамдангийн Сүхбат, Гэлэгжамцын Өсөхбаяр нартаа Монгол түмнийхээ нэрийн өмнөөс, бөхөө хайрладаг , шүтдэг, үздэг Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдынх нь үйлсэд улам их амжилт хүсэн ерөөе.

Монгол түмэн минь сайхан наадаарай. Наадам сайхан болно гэдэгт итгэж байна. Баярлалаа” гэлээ. 

Categories
мэдээ нийгэм

Залуус, таксины компаниуд хамтран хотоо цэвэрлэжээ

Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбоо  баяр наадмыг угтан дүүргийнхээ залуучуудыг хамруулан “Хоггүй наацацгаая” нийтийг хамарсан их цэвэрлэгээг  зохион байгуулжээ.

Дүүргийнхээ 20, 32 дугаар хорооны  нутаг дэвсгэр, Туул голын ай сав газар, Толгойт өртөөнөөс зүүн тийш төмөр зам дагуу, Хүй долоо худгийн наадмын талбай орох зам дагуух гурван хэсэг газар 500 орчим залуучууд цэвэрлэгээ хийлээ. Мөн “Такси хэрэглэгчдийн нэгдсэн холбоо” нэгдэж 300 гаруй таксигаар үйлчилсэн байна. 

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр  2014 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд гишүүдийн 72.3 хувийн ирцтэйгээр нийт 11 удаа хуралдаж, 43 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 7, хяналт шалгалтын тайлан нэг, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах яам, агентлаг, харьяа байгууллагуудын тайлан мэдээлэл 4, нийт 55 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Мэдээлэлд дурдагдсанаар “ Тайлангийн хугацаанд Байнгын хороо Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдаж өргөн мэдүүлсэн 15 хууль, Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулж, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт оруулаад байна. Байнгын хороо Хамтын тэтгэврийн тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг шинэчлэн найруулсан Монгол хэлний тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, намрын чуулганаар хэлэлцэн батлуулахын тулд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэж, Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлууллаа. 

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэн батлуулахаар оруулаад байгаа бөгөөд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдлээ. Тогтоолын төслийн хүрээнд хоёр удаагийн томоохон хэлэлцүүлэг хийж , эрдэмтэн, судлаач, багш, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан бөгөөд Байнгын хорооны Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Тайлангийн хугацаанд Байнгын хороо 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлж ажиллалаа. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хүргүүлээд байна. 

Түүнчлэн тайлангийн хугацаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг сонсов. 

Байнгын хорооноос Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын шинэчлэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах, Шинжлэх ухааны академийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхасуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллав. Ажлын хэсэг шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлах зарим арга хэмжээний тухай Байнгын хороонытогтоолыг хэлэлцэж баталж Засгийн газарт хүргүүллээ. 

Мөн эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Улсын 2, 3 дугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын төв, Хавдар судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Мөн ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөл, Геронтологийн үндэсний төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөл зэрэг нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнгийн талаар Үндэсний аудитын газарт хүсэлт тавьж, дүгнэлт гаргуулсан болно. 

Тайлангийн хугацаанд Байнгын хороо иргэдийн амжиргааны түвшинх, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан санал8 дүгнэлт гаргах, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад үүрэг, чиглэл өгч, дүнг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 

Ажлын хэсэг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны удирдлагуудтай уулзаж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар яамдаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлого, гаргасан шийдвэр, ажлын явц, үр дүнтэй танилцсан. Мөн ажлын хэсэг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, салбарын мэргэжлийн холбоодтой хамтран уулзалт ярилцлага зохион байгуулж, санал, дүгнэлт гаргалаа. Мөн “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. 

Түүнчлэн Байнгын хорооноос Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Хохирогч хамгаалал, хуулийн шинэчлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулгыг хэлэлцэж, цаашид хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах арга замыг тодорхойлж, Зөвлөлдөх уулзалтаас Улсын Их Хурал, Засгийн газарт хандсан санал, зөвлөмж боловсруулан хүргүүлж ажилласан” гэлээ. 

Мэдээллийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Categories
мэдээ нийгэм

Ажилгүйчүүдийн тоо буурчээ

Монгол Улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2014 оны эхний хагас жилийн байдлаар 33 мянга 900 болж өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурлаа. Үүнийг өмнөх жилүүдийн эхний хагас жилтэй харьцуулахад 2008 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байна.

Тухайлбал энэ оны эхний таван сарын хугацаанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 38 мянга байсан бол зургадугаар сарын эцэст 4100 хүнээр буурсан байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн дунд боловсролгүй иргэдийн эзлэх хувь харьцангуй бага байгаа юм. Харин дийлэнх буюу 40.1 хувь нь бүрэн дунд, 36.5 хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой байна гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Энэхүү бүтэц сүүлийн нэг жилийн туршид хэвээр хадгалагдаж байгаа аж. Харин 2014 оны эхний хагас жилийн хугацаанд хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс буурч 43 мянга 572 болсон нь сүүлийн гурван жилийн дундаж түвшин болжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэний нисэхийнхэн эргүүлд гарна

Нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны сахилга батыг сулруулахгүй байх үүднээс ИНЕГ-ын дарга тушаал гаргаж, баяр наадмын өдрүүдэд Ерөнхий эргүүл томилон ажиллуулахаар боллоо.

Ерөнхий эргүүлийг энэ сарын 10-ны өглөөнөөс эхлэн энэ сарын 16-ны өглөө хүртэл ажиллуулах аж.  Ерөнхий эргүүл нь ИНЕГ, түүний харьяа алба салбар, орон нутгийн нисэх буудлуудын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаа, ажлын сахилга батад хяналт тавьж, гарсан зөрчил дутагдлыг холбогдох удирдлагуудад цаг алдалгүй шуурхай мэдэгдэж байх юм. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Скаутуудын цугларалт болжээ

“Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе, оролцоцгооё” уриан дор зохион байгуулагдаж буй Монголын скаутын холбооны үндэсний тавдугаар цугларалт буюу жембори боллоо.  Цугларалт Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Монголын Скаутын холбооны зусланд энэ  сарын 04-ний өдөр нээлтээ хийсэн байна.  Тус цугларалтад нийт 1000 гаруй скаут цугларсан бөгөөд Монгол орны 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын есөн дүүрэг, мөн Англи, Тайвань, Сингапур, Дани, Малайз зэрэг  орны гадны скаутууд ирж оролцжээ. 

Скаутууд зун, намар, өвөл, хавар гэсэн дөрвөн хэсэгт  хуваагдаж бие даан амьдрах ур чадварт суралцан, майханд амьдарч , хоолоо хээрийн нөхцөлд хийж, салааны зохион байгуулалтанд орж хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлсэн байна. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Наадмын үеэр замын хөдөлгөөнд ингэж оролцоно

2014 оны 7-р сарын 11-нээс 15-ны
өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.


– Ногоон орчин буюу авто машингүй бүсийг бүрдүүлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн
болон Хүй долоон худгийн морь бариан орчинд 100 метрээс дотогш тээврийн
хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах нөхцөл
бүрдүүлсэн.
– Наадамчдад зориулж Энхтайваны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд”
хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд
талд таксины зогсоол гаргасан.
– Баяр наадмын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав,
Мишээл экспо худалдааны төвөөс наадамчдад үнэ төлбөргүй, буухиа чиглэлээр 18
автобус 5-10 минутын зайтайгаар, Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх
хүрээлэн рүү 3 автобус тус тус үнэ төлбөргүй үйлчилнэ. 
–  Хүй долоон худагт эко хавтангаар 500 тээврийн хэрэгсэл зогсох зогсоолын
талбай байгуулсан.
–  Хүй долоон худагийн авто машины зогсоолоос үйлчилгээний гэр, бариа
хүртэл явган хүний хатуу хучилттай замыг шинээр хийсэн.
– Хүй долоон худагийн шинэ Рэйлбус явах Давааны өртөө зогсоолоос нийтийн
тээврийн зогсоол хүртэлх замыг шинээр хийсэн.
– Баяр наадам зохион байгуулагдах газруудыг хянах хяналтын камер байрлуулсан.
–    Цагдаагийн иргэдэд үйлчлэх төв ажиллана.
– Зөвшөөрөл аваагүй иргэдийн асуудлыг шийдвэрлэж, НЗЦГ, Соёолж, Үндэсний соёл
амралтын хүрээлэнгийн зогсоол болон шороон зогсоол, Авто тээврийн газрын
зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулах боломжоор хангасан.
– 2014 оны 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Амгалан өртөөгөөс Рэйлбус
Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоол Хүй долоо худаг руу иргэдийг
тээвэрлэнэ.
– 2014.7.13-ны өдөр Хүй долоон худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А,
Ж, ДК, Г, Ү, М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын
үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна. 
– 2014.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс өмнө
2 цагийн өмнө НЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун
уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
– 2014.07.12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг
уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг зүүнээс баруун тийш,
морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл
баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын
хөдөлгөөнийг зохион байгуулна.    
НААДМЫН ЗӨВШӨӨРӨЛ
Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа
явах тээврийн хэрэгслүүдэд  А, Ж, DК, Ү, Г, М, М зөвшөөрөл
олгогдоно. 
“А” – Нийслэлийн засаг даргын тамгын газар
“Ж” – Нийслэлийн аялал жуулчлалын газар
“DК” – Гадаад харилцааны яам
“Ү” – Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс 
“М” , “М” ,“Г” –Нийслэлийн Замын цагдаагийн газрын дүүргүүд дэхь
ЗЦТ-аас олгоно. 
  “А” зөвшөөрөл: \200ш\  “А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол
нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу
орж ирэхдээ  Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120
мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр”
сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь НЗЦГ-ын баруун урд
уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад  “DК” зогсоолын
хойд талд барилгын талбайд байрлана. 
“Ж” зөвшөөрөл: \120ш\  “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх
боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун  хойд талд тэмдэгт заасан газар
байрлуулна. 
“DК” зөвшөөрөл: \80ш\  “А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж,
Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна.  
“Ү”, “Г” зөвшөөрөл: \3000ш\  НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч
Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд
“Хурд” хорооллын урд зогсоол, мөн  “Суруга Монгол” компанийн зогсоол дээр
байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн
гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол
Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна. 
“M” 3000ш, “М” 1000ш зөвшөөрөл: /Зөвхөн Хүй долоон худаг явна./
“М”  зөвшөөрөлтэй жолооч нар Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоон
худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар
тээврийн хэрэгслээ байрлуулна. “М” Хүй долоон худаг руу эргэдэг эхний
уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгсэлээ
байрлуулна.  “Ү”, “Г” зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл хүй долоо худагт
“Ү”,”Г” гэсэн үсгээр ялгасан авто зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна. Уг
зогсоол руу Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж
тэмдэгт заасан зогсоолд хүрнэ. 
Нийтийн тээврийн үйлчилгээ: 
  Нийтийн тээвэр: Нийт 31 чиглэлээс 259 том оврын автобус үйлчилнэ.
Яармаг, Нисэх чиглэлийн том оврын автобус Цэнгэлдэх хүрээлэн ирэхдээ 120 000-ын
уулзвараар зүүн тийш нэвтэрч, Сурын талбай, “Ү”, “Г” зогсоолууд дээр
зогсож,  Нийслэлийн гудамж, Их монгол Улсын гудамжаар явж НЗЦГ-ын урд
уулзвараар хойшоо нэвтэрч үндсэн маршрутаараа явна. Буцахдаа Энхтайвны гүүрээр
урагш нэвтэрнэ. Чингэлтэй, Хайлааст, Зүүн зүгээс ирэх том оврын автобус НЗЦГ-ын
урд уулзвараар нэвтэрч, Их Монгол улсын гудамж, Нийслэлийн гудамжаар явж “Ү”,
“Г”, Сурын талбай, 120 000-ын автобусны буудал дээр зогсож Энхтайвны гүүрээр
давж, маршрутад орж явна. Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр
автомашинаа байрлуулаад тэндээсээ “БУУХИА” автобусанд сууж Цэнгэлдэх хүрээлэн
орж, наадмаа үзэх боломжтой. 
Дүнжингарав худалдааны төвөөс Шинэ замаар яваад Их Монгол Улсын гудамжны
уулзвараар баруун тийш Нийслэлийн гудамжаар яваад эхний зогсоол “Хурд”
хорооллын урд буюу “Г”, “Ү” зогсоолын талбайн дэргэд, хоёр дахь зогсоол Сурын
талбайн урд тус тус зогсоно. Тэндээс хөдлөөд Гандийн гудамж, Баянмонгол
хорооллын замаар явж, Дүнжингарав худалдааны төвийн зогсоол хүрнэ.  /10
автобус үйлчилнэ/ Мишээл худалдааны төвөөс Чингисийн өргөн чөлөө, Нийслэлийн
гудамжаар яваад  /120 мянгатын уулзвараар зүүн тийш явна. /эхний зогсоол
сурын талбайн урд, дараагийн зогсоол “Хурд” хорооллын урд буюу “Г”, “Ү”
зогсоолын талбай дээр зогсоно. Дараагийн зогсоолд хүрэхдээ Нийслэлийн гудамж,
Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамжаар  явж Энхтайваны гүүрэн доогуур
гарч зүүн гарч Мишээл экспогийн зогсоол хүрнэ. /8 автобус үйлчилнэ./
   
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойгуур явсан Гандийн
гудамж, “Ү”,”Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зогсох зогсоолоос Хурд хорооллын
урд замаар баруун тийш хуучин танктай хөшөөний уулзвар хүртэлх замыг бүрэн хаах
ба зам хаагдсан тухайн замд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобус
зөвхөн зорчино.. 
Хүй долоон худаг явах автобусны чиглэл: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс
Хүй долоон худаг явах том оврын автобуснууд 4О жилийн өндөрлөгөөс хөдөлж,
Энхтайваны гүүрний доогуур гараад Механик Инженерийн сургуулийн баруун хойд
уулзвараар баруун гар тийш эргэж Нарны гүүрээр давж Нарны зам руу орно. 
Хүй долоон худаг руу эргэхдээ эхний гарцаар баруун гар тийш эргэж, Нийтийн
тээврийн зогсоол бүхий тэмдэгт газар автобуснуудаа байрлуулна. Хүй долоон
худгаас буцаж ирэхдээ Энхтайваны өргөн чөлөөгөөр явж байгаад 10 хорооллын
гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэж Нарны замаар яваад НЗЦГ-ын
баруун урд уулзвараар баруун гар тийш эргэж, Их Монгол Улсын гудамж, Гандийн
гудамжаар яваад 40 жилийн өндөрлөгийн ард зогсоно.
Нийт 20 том оврын автобус үйлчилнэ. \Автобусны нэг эргэлт нь 3 цаг\  Хүй
долоон худаг руу Ханын материалаас-4, 5 шарын уулзвараас-4, МУБИС-иас 20, 7-н
буудлаас-4, Офицеруудын ордноос-4, Хорооллын эцсээс 4 автобус тус тус
явна.  
Такси зогсоол  \Нийслэлийн Нийтийн тээврийн газрын байцаагч нар ажиллана\
Нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг таксинуудад зориулж 3 зогсоолын талбай
гаргасан.  Энхтайвнаы гүүрний урд “Шинэ өглөө” хорооллын зүүн зогсоол, мөн
замын зүүн талын “Хурд” хотхоны талбай, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн
танхимын урд талбайг зөвхөн таксины зогсоолд зориулсан. “Шинэ өглөө” хорооллын
зүүн зогсоол дээр тавигдсан таксинууд буцаж гарахдаа баруун гар тийш эргээд 19
дүгээр үйлчилгээний төвийн арын замаар яваад “Нарны” гүүрээр,  “ХУРД”
хотхоны баруун талд байрласан таксины зогсоол дээрээс хөдөлгөөнд оролцохдоо
зөвхөн баруун гар тийш эргэж Энхтайвнаы гүүрээр давж хотын төв рүү орно. 
Хүй долоон худаг орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын талаар  “Г”, “Ү”,
“М”  зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад
Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт
газар тээврийн хэрэгслээ байрлуулна. “А”, “Ж”, “ДК”, “М” зөвшөөрөлтэй тээврийн
хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоон худаг руу эргэдэг 2 дахь
уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ
байрлуулна. 
Анхааруулга:  –    Наадмын хөтөлбөрт хуваарийн
дагуу цагаа зөв зохицуулах
–    Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчихгүй байх
–    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн
хэрэгсэл жолоодохгүй байх
–    Авто радио ФМ96.3-радиог сонгон сонсож хөдөлгөөнд оролцох
–    Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх
–    Жолооч нар явган зорчигчид доо хүндэтгэлтэй хандаж, зам
тавьж өгөх
–    Явган зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
зорчих хэсэг дээгүүр явахгүй байх
–    Зөвшөөрлийн ард заагдсан замаар явж, автомашинаа зөв
байрлуулах
–    Зохицуулагчийн дохиог биелүүлж хөдөлгөөнд оролцохыг НЗЦГ-аас
анхааруулж байна.   

Шаардлагатай албаны утасны жагсаалт
1.    102  -Зам тээврийн осол хэргийн дуудлага хүлээн авна.
2.    93020111  -Нийслэлийн Замын цагдаагийн албатай
холбоотой мэдээлэл хүлээн авна.
3.    93029603  -Авто радио ФМ 96.3    Замын
нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
4.    93021828  -БЗД  дэх ЗЦТасаг.
5.    93021203  -ХУД дэх ЗЦТасаг
6.    93021109  -БГД дэх ЗЦТасаг
7.    93057777  -СБД дэх ЗЦТасаг
 8.    93021118  -СХД дэх ЗЦТасаг.
9.    93021819  -ЧД дэх ЗЦТасаг.
10.    93021011  -Хүй долоон худагт байрлах НЗЦГ-ын штаб.     

Categories
мэдээ нийгэм

Жуулчдын аюулгүй байдлыг “Оюутан цагдаа” хамгаална

Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.  Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагуудаас өглөө. 

Оюутан цагдаа нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй юм. 

Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг хэлний мэдлэгийг нь үндэслэн сонгон шалгаруулж, жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч,  англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлаг гэсэн хичээлийг  мэргэжлийн багш нар зааж байгаа юм. Хөтөлбөрт эхний ээлжинд 44 оюутан хамрагджээ.   

Оюутан цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэсэн цагаар нь тооцон ажлын хөлсийг олгоно. Тодруулбал, оюутан цагдааг өдөрт 4 цагаас доошгүй, сард 88 цаг ажиллуулахаар төлөвлөж, цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцон олгох юм.  Ингэснээр нэг ажилтан сард доод тал нь 308 000 төгрөг, жуулчны улирал буюу 7,8,9 сар дуустал ажилласанаар 924 000 төгрөгийн урамшуулал авах юм байна. Оюутан цагдаа нь үндэсний их баяр наадам болон жуулчдын улирал дуустал ажиллана.  Оюутан цагдаа хөтөлбөрт шаардагдах төсвийг НИТХ-аас гаргаж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.