Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цагаагчин туулай өдөр

Өнөөдөр аргын тооллын долдугаар сарын 19. Билгийн тооллын 23. Долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 05.20 цагт мандаж 20.40 цагт жаргана. 

Өнөөдөр үсээ засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно гэж зурхайн зурлагад заажээ. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 

Categories
мэдээ нийгэм

Ачааны машины зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгоно

Авто замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмыг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргаж байсан юм. Үүнтэй холбоотойгоор түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгохоор болжээ. Зөвшөөрөл нь дотроо гурван янз, Е ангиллын зөвшөөрөл нь 10 000, С нь 15 000, ЕС нь 20 000 төгрөгийн үнэтэй байх аж.

Зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгохтой холбоотойгоор бэлтгэл ханган ажиллаж буй юм байна. Одоогоор цагийн хязгаарлалтыг тодорхой болгоогүй байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Алтаргана” наадамд оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ

Найман мянганы тэртээгээс улбаатай буриад зон олны дундаршгүй түүх соёл, яндашгүй баялаг өнөө бидний үед уламжлагдан ирсэн. Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байдаг. Буриад үндэстэн монгол орны Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүй ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна. Олон мянган жил уламжлалт зан үйл, өв соёлоо түүчээлэн тээж ирсэн, ажилч хичээнгүй буриад зон олны “Алтаргана” наадам өнөөдөр Хэнтий аймгийн Дадал суманд эхэлж, эдгээр нутаг орноос 2000 гаруй төлөөлөгч “Алтаргана” наадамд оролцож байна. 

Өв соёлоороо бахархаж, үндэсний хувцсаараа ижилсэн гоёсон буриад зон олны урлаг, спортын “Алтаргана” наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, наадамчин олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Хэнтий нутгийн хойморь болсон Дадал сумаас 1994 онд гараагаа эхэлсэн “Алтаргана” наадам 20 жилийн дараа тоонот нутагтаа зохиогдож байна. Уламжлалт энэ наадмыг энэ жилээс Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт аялал жуулчлалын яам байгуулсан. Монголчууд бид баялаг түүхтэй, өв соёлтой, урлаг спортын өндөр амжилт гаргаж чадах ард түмэн юм. Буриад зоны 20 жилийн өмнөөс зохион байгуулсан урлаг, соёл, спортын энэ наадам Засгийн газрын анхаарлын гадна үлдэх учиргүй гэлээ.

“Алтаргана” наадмын үеэр урлаг, спортын 13 төрлийн тэмцээн уралдаан болж байна. Тэмцээн уралдаан тус бүрийн цаана Монголын, буриад зон олны түүх соёл уламжлал байж, өдрөөс өдөрт түүх нь зузаарч байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлүүдийг хадгалж хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилготой “Алтаргана” наадам  анхны шангаа татсан түүхт газартаа 20 жилийн дараа ирэхдээ олон улсын хэмжээний том баяр, наадам болтлоо өргөжин тэлээд ирж байна. Байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэн төгс, Эзэн Чингисийн өлгий нутагт олон зочин төлөөлөгч хуран чуулсанд Хэнтий нутгийнхан баяртай байна гэж Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт үхсэн гахайг устгаж, халдваргүйжүүлэлт хийжээ

Дархан-Уул аймгийн Дархан суманд замын нүхэн гүүрний доор хоёр гахай үхсэн байна гэх мэдээлэл өчигдөр аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.  

Энэхүү мэдээллийн дагуу аймгийн ОБГ, Цагдаагийн газар, Дархан сумын Онцгой байдлын орон тооны бус штаб, малын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг өчигдөр 20.00 цаг 44.00 минутад газар дээр нь очин, үзлэг хийж, шинжилгээнд дээж аван ҮХААГ-ын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид хүргүүлсэн байна. 

Улмаар Дархан сумын Онцгой байдлын орон тооны бус штаб сэг зэмийг хогийн цэг дээр мал эмнэлгийн эмчийн зааврын дагуу булж устган 28 хувийн хлорын шохойгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Прокурорууд тангараг өргөлөө

Монгол  Улсын Ерөнхий  прокурорын  2014 оны 07  дугаар сарын 01-ний  өдрийн Б/99  тоот  тушаалаар Өмнөговь аймгийн   прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд  тавих хяналт хариуцсан хяналтын  прокуророор томилогдсон Нямтуул овогтой Ундрах, Сайнбуян овогтой Мөнхтулга, Төмөр овогтой Баярмаа нарыг  “Прокурорын тангараг” өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр болжээ.

Тус арга хэмжээний үеэр аймгийн прокурор С.Давааравдан тангараг өргөсөн прокуроруудад баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Google-тэй хамтрана

Улаанбаатарыг Бүс нутгийн аялал жуулчлал, бизнесийн төв болгоно гэсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Найрсаг Улаанбаатар” аяныг эхлүүлээд байгаа билээ. Энэ аяны хүрээнд 2020 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авдаг болохоор зорилт тавин ажиллаж байгаа юм. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголыг дэлхийд таниулахын тулд Нийслэл Google-тэй хамтарч ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ.

Эхний ээлжинд Аялал жуулчлалын байгууллагуудыг Гүүгл сүлжээнд оруулах ажлыг хийж эхлээд буй юм байна. Э.Бат-Үүл дарга цаашид Улаанбаатарын талаарх бүхий л мэдээллийг “Гүүгл”-ээс авах боломжийг бүрдүүлэх тал дээр нягт хамтарч ажиллахаар төлөвлөж байгаагаа хэлсэн.   

Categories
мэдээ нийгэм

Д.Дагвадорж аварга сумын ойд зодоглолоо

Энэ жил зуу гаруй сумын ой тохиож байгаа. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 90 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байгаа билээ. Наадмын үндэсний бөхийн барилдаанд сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж барилдаж байна. Наадмын өмнөхөн “Хужиртын наадамдаа зодоглодог юм бил үү, хорхой хүрчлээ” гэсэн тайлбартайгаар зодог, шуудаг өмссөн зургаа олон нийтийн сүлжээнд тавьж байсан билээ. 

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд ирэх сарын 1-нээс газар өмчлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын удирдлагууд өнөөдөр иргэдэд цахимаар захиалга авч өмчлүүлэх 52 байршлын талаар мэдээлэл өглөө. Иргэдээс онлайнаар захиалга авч дараах газруудыг олгох ажил ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэх юм байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд, Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэх ажээ. 

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэд осолдсон таван залуугийн хоёрынх нь цогцсыг олжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө голын гүүр орчимд 18-20 насны таван иргэн усанд осолдсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Өчигдрийн байдлаар усанд осолдсон таван иргэний хоёрынх нь цогцсыг олжээ. Онцгой байдлын 100 гаруй албан хаагч урсгал усанд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна. Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байгаа ч иргэд голд осолдож амь насаа алдсаар байна. Дархан-Уул аймгийн ОБГ долдугаар сарын 15-ны өдөр Орхон голын хавцлын хуучин бирвааз орчим эрэгтэй хүний цогцос  урсаж байна гэсэн дуудлагаар очиж цогцосыг гаргаж холбогдох газруудад хүргүүлжээ.

Долдугаар сарын 16-нд Дархан сумын гуравдугаар баг “Монгол катлон Түшиг-Уул” ХХК-ий карьерт хүн алга болсон гэсэн дуудлагын дагуу ажиллаж өчигдөр уг цогцсыг Онцгой байдлын Ерөнхий газрын аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран олжээ.  

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд хөл хорио тогтоолоо

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн нутагт зургаан айлын долоон адуу нэг малчны нэг ухна боом өвчнөөр үхсэн билээ. Одоогоор  тухайн газар нутагт ариутгал хийж хорогдсон малын сэг зэмийг булж устгах ажил хийжээ. Мөн уг голомтын бүс нутагт байгаа гурван өрхийн бүх малд үзлэг хийж Ц.Дамба, Д.Лхаасүрэн нарыг суурийн 52 адуунд боомын ийлдэс тарьжээ.

Аймгийн Мал эмнэлэгт нөөцөд байсан 1.4 литр буюу  2800 бог мал эсвэл 1400 бод мал вакцинжуулах вакцин мөн 600 мал эмчлэн сэргийлэх ийлдсийг багийн малын эмч нар өгөн өнөөдрөөс вакцинжуулалтын ажил эхэлж байна. Уг бүсэд 14 хоногийн хорио тогтоож, аймгийн холбогдох газруудаас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж.