Categories
мэдээ нийгэм

Саран дээр газардсаны 45 жилийн ой болов

Хүн төрөлхтөн саран дээр хөл тавьснаас хойш 45 жил өнгөрчээ. 1969 оны долдугаар 20-ны өдрийн 16:18 цагт хүн төрөлхтөн анх саран дээр хөл тавьж байсан. 

“Аполлон -11” хөлгөөр саран хөл тавьсан Нил Армстронгийг дурсан хүндэтгэх ёслолын үйл ажиллагааг АНУ-ын Сансрын уудам агаарын орон зайг судлах төв (NASA) орон нутгийн цагаар энэ сарын 21-нд Флорида муж улс дахь Кеннедийн сансрын баазад зохион байгуулжээ. Саран дээр төрийнхөө далбааг мандуулсан тэрээр, “Нэг хүний хөлийн мөр төдий боловч хүн төрөлхтний агуу дэвшил” хэмээх алдартай үгийг хэлсэн билээ. 1957 онд дэлхийн анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөж, 1961 онд Ю.Гагарин дэлхийд анх удаа сансарт ниссэний дараа сансар судлалын хөгжлөөр ЗХУ-аас хоцорч байсан АНУ-ын Ерөнхийлөгч Кенгеди 1961 оны 10 дугаар сард хүн төрөлхтөн анх удаа сар луу зорчино гэдгийг зарлаж байсан билээ. Удалгүй 1963 онд Кеннеди амь үрэгдсэн боловч түүний мэдэгдэл найман жилийн дараа хэрэгжсэн юм. Тухайн үед дэлхийн 500 сая хүн “Аполлон-11” хөлгийн саран дээр газардах агшныг телевизээр шууд хүлээн авч үзэж байлаа. Судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэсэн хөлгийн багийнхан Хавайн ойролцоо Номхон далайд буусны дараа тэд үлдсэн амьдралдаа баатар хэмээн хүндлэгдэх алдрыг хүртсэн юм. 

Categories
мэдээ нийгэм

“Б.Сугаржаргалын ах дүүс намайг ална гэж дарамталсан”

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний их баяр наадмын гурвын даваанд улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандоржийг амлаж барилдсан боловч барьц сонгуулж унасан юм. Улмаар улсын начин Б.Сугаржаргал унасандаа шаралхан Төв цэнгэлдэхэд хоёр бөхийн барилдааныг шүүж байсан хөлийн цэц, улсын харцага Д.Сэрээтэрт  гар хүрч, олныг бухимдуулсан. Энэ барилдааны талаар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, улсын харцага Д.Сэрээтэрээс тодрууллаа.

-Энэ жилийн наадмаар бөхийн барилдаанд цөөнгүй маргаан гарч үзэгч түмнийг бухимдууллаа. Тухайлбал улсын начин Б.Сугаржаргал, аймгийн арслан Г.Баасандорж нарын маргаан эцэстээ таныг шанаадаж төгсөх шив?

-Бөхчүүд маань жилдээ ганцхан болдог баяр наадамдаа төр, түмнээ хүндэтгэн аль болох хэрүүл, маргаан гаргахгүй байхыг боддог л байлгүй дээ. Гэвч энэ жилийн наадмаар хэд хэдэн бөхийн барилдаанд нэг бус маргаан гарч гар зөрүүлсэн бусармаг зүйл гарлаа. Миний шүүж байсан зүүн урд жигүүрт улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандорж нарын барилдаан нэлээн удааширч, дүрэмд заасны дагуу барьц сонгоход хүрсэн. Шодолт аймгийн арслан Г.Баасандоржийн талаар буусан юм. Тэгээд Г.Баасандорж өөрийн барьцаа хангалттай аваад болсон гэхэд нь хоёр бөхийг барилдуулсан. Б.Сугаржаргал начин ч гэсэн барьцаа хангалттай авсан шүү дээ. Тэр бүү хэл Б.Сугаржаргал барилдааны явцад барьцаа халах гээд хойшоо хоёр алхсан нь бичлэг нь телевизийн дуранд буусан байна лээ. Сугараа ч гэсэн барьцаа авлаа гэж надад хэлсэн. Тэгээд Г.Баасандорж арслан даваагаа авсан юм. Гэтэл Б.Сугаржаргал начин барилдаан дууссаны дараа над дээр хүрч ирээд хүчтэй нудраад авсан.

-Барилдааныг зогсоосонгүй гэж бухимдсан юм болов уу?

-Мэх үргэлжилсэн бол барилдааныг зогсоох эрх бидэнд байхгүй. Бөхчүүд дүрмээ сайн судлах хэрэгтэй юм шүү дээ.

-Таны хувьд мэдээж гомдолтой байгаа биз дээ?

-Залуу хүн аль бухимдахыг тэр гэхэв гээд орхитол төд удалгүй Б.Сугаржаргалын ах, дүү нар хүрч ирээд намайг “ална, шулна” гээд элдвээр харааж, заналхийлсэн. Бас “хөгшин төгцөг” гэж хэл амаар баахан доромжилсон. Уг нь миний харцага цолыг хүндэлдэггүй юм гэхэд насыг минь хүндэлж болмоор. Гэтэл хэлэхэд ч эвгүй маш бүдүүлэг зан гаргалаа. Ер нь Б.Сугаржаргалд гомдоод сүйд болох юм надад алга. Эрүү амыг минь хугалж сүйд хийчхээгүй болохоор зүгээр орхиё гэтэл янз бүрийн хүмүүс хүрч ирээд намайг элдвээр дарамтлаад байхаар нь гомдол гаргасан.

-Бөхийн холбоонд уу?

-Бөхийн холбоо заавал гомдол гаргах ёстой гэсэн. Тиймээс гомдлоо бичгээр өгсөн. Ер нь залуу хүн олон жил барилдана, унаж давах болгондоо ийм зан гаргаад байвал тун тусгүй юм даа. Ард түмэн, зүлэг ногоон дэвжээгээ хүндлэх ёс жудагт сүүлийн үеийн бөхчүүд маань арай л хойрго хандаад байх шиг.

-Ингэхэд цагдаагийн байгууллагаас Б.Сугаржаргал начинд шийтгэл ногдуулсан уу?

-Б.Сугаржаргалын ах, дүү нар нь цагдаагийн албан хаагчийн нүдэн дээр намайг элдвээр доромжилсон. Тиймээс би “Та харж байгаа биз энэ хүмүүсийг” гээд эрүүгийн цагдаагийн албан хаагчид үнэн байдлаа учирласан юм. Мэдэж байна, ойлголоо гээд толгой дохино билээ. Дараа нь та хоёр зохицчих юм байна гээд яваад өгсөн.

-Б.Сугаржаргал начин тантай нэлээн удаан маргасан байх аа?

-“Хөгшин төгцөг минь гараад үзье, учраа ольё” гэх маягтай юм амандаа бувтнаад л байсан. Би ямар гэм хийсэн биш түүнийг дагаад гарна гэж юу байхав дээ.

-Бөхчүүд дэвжээнд бусармаг авир гаргасан тохиолдолд ямар шийтгэл ногдуулдаг вэ?

-Зодоон хийдэг нөхдүүдэд хариуцлага тооцдог дүрэм журам манай холбоонд бий. Тооцсоор ч ирсэн. Тухайлбал “Нутгаа дуурсгах” барилдааны үеэр Батзаяа начин засуулынхаа нүүрийг дэлссэн тул дүрмийн дагуу тухайн барилдаанаас хассан. Батзаяа ч буруугаа ойлгоод, уучлал гуйсан.

Д.ЖАВХЛАН

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин

Categories
мэдээ нийгэм

Дэрэн сумын малчны адуун сүрэгт гүү ихэрлэжээ

Дундговь аймгийн Дэрэн сумын дөрөвдүгээр багийн малчин Д.Батдэлгэрийн хүрэн гүү ихэрлэжээ. Дэрэн сумын 90 жилийн ойн баярын өмнө ийн тус суманд гүү ихэрлэсэнд нутгийн иргэд ихээхэн бэлгэжшээж байгаа аж. Д.Батдэлгэр нь 38 насандаа улсын сайн малчин болсон нэгэн гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Ачааны автомашин зөвшөөрлөө ТҮЦ машинаас авдаг болно

Улаанбаатар хотод 70,000 орчим ачааны автомашин бүртгэлтэй байдаг. Нийслэлийн төв гудамж замууд руу зайлшгүй шаардлагаар нэвтэрч тээвэрлэлт хийхийн тулд  ачааны автомашин тусгай зөвшөөрөл авдаг журамтай. Гэвч эдгээр 70,000 автомашины 18 хувь нь л албан ёсоор зөвшөөрөл авдаг бол 80 гаруй хувь нь ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй тээвэрлэлт хийдэг байсан гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.

Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах, ачаа тээвэрлэлт эрхэлж буй тээврийн хэрэгслүүдийг зохицуулах зорилгоор “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна.  Журмыг шинэчлэн баталснаар нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлт эрхлэх бүх тээврийн хэрэгсэлд ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕС” зөвшөөрлийг хагас жил буюу 6 сарын хугацаагаар олгох ба “В”, “С”, “СЕ” ангиллын зөвшөөрлийг нийслэлийн төв гудамж замууд руу зайлшгүй нэвтрэх шаардлагатай хоног, өдрийн тоогоор олгохоор болж байна.  Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгох “EC” зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс “ТҮЦ” /төрийн үйлчилгээний цахим/ машиныг  ашиглан олгохоор бэлтгэл ажлыг Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа Холбооны газар, Нийслэлийн Замын Цагдаагийн газар, “Үндэсний дата төв”, “Astvision” ХХК, “Smart solutions” ХХК зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй тээврийн хэрэгслүүдэд тавих хяналт сайжирч, замын цагдаагийн ажилтнуудын хяналтын төхөөрөмжөөр зөвшөөрөл авсан эсэхийг хянах, тээврийн хэрэгслийн гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг мэдээллийн санд оруулах, зөрчлийг үндэслэн арга хэмжээ тооцох боломжтой болно гэж албаныхан үзэж байгаа юм.

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд  оролцох ачааны авто машинд дараах зөвшөөрлүүдийг олгодог. Үүнд:

–        “В” – бүх жин нь 3,5 тн болон түүнээс бага

–       “С” – бүх жин нь 3,5 тн-оос дээш

–       “СЕ” – чиргүүлтэй автомашин

Бүх жин нь 3,5 тн-оос дээш бол дараах нөхцлүүдийг шалгах

Чиргүүлтэй эсэх /чиргүүлийн бүх жин 5 тн-оос бага бол “С”, 5 тн-оос дээш бол “СЕ” ангилалд хамаарна./

“С”, “СЕ” ангиллын тээврийн хэрэгслийн хувьд тэнхлэгийн тоог асууж, уг тэнхлэгт тохирох бүх жингийн хязгаарыг шалгаж, энэ нөхцлийг хангаагүй тээврийн хэрэгсэлд олгохгүй.

 “В” зөвшөөрлийн үнэ нь  10 000 төгрөг8 6 vgj hoxnymta8  “С” зөвшөөрөл нь  15 000 төгрөг, 6 сар хүчинтэй, “СЕ”  зөвшөөрөл нь мөн 6 сарын хүчинтэй  20 000 төгрөг  байх юм.

Энэхүү журмыг мөрдөж эхэлснээр нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлт эрхэлж буй тээврийн хэрэгслүүд бүрэн бүртгэгдэж, тээврийн хэрэгслийн даац, төрлийн нэгдсэн мэдээллийн сантай болж, нийслэлийн ачаа эргэлт, ачаа урсгалын нэгдсэн судалгаатай болох ба энэхүү судалгааг үндэслэн ложистик тогтолцоог хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. нийслэлийн автозам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын эвдрэл гэмтлийг бууруулах боломж болох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албадан хөдөлмөр хийлгээд байвал хэн хүүгээ цэрэгт мордуулах юм бэ?

Баяр наадмын өдрүүдэд Зэвсэгт хүчинд алба хааж байсан хоёр ч цэрэг  тодорхойгүй шалтгаанаар хүнд бэртэл авлаа. Налайхад байрлах  Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн цэрэг хоёр давхраас унаж бэртсэн. Хамт байсан нөхөд нь түүнийг өөрөө цонхоор унаж бэртсэн  гэж мэдүүлж байгаа боловч эмч нар түүний бэртэл өөрөө унасан  гэмтэл биш гэдгийг хэлж буй. Мөн Хан-Уул дүүргийн Сонгинод байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн нэг цэрэг бас л учир битүүлгээр болж өндрөөс унан бэртэл авчээ. Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчин жанжин штабынхан урьдын адил ийм мэдээллийг нууцалж, дарга даамлууд нь  наадам хэсээд алга болсон гэнэ. ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар бэртсэн хоёр цэрэг, Эгийн голд живж нас барсан ахлагч нарын асуудлыг шийдэх байсан ч зөвлөлийн гишүүд бүгд наадам хэсэж яваа гэдгээ дуулгажээ. Түүнээс нь болоод зөвлөлийн хурал цаг үеийн бусад асуудлаа ч шийдэж чадалгүй тасалдсанд зарим албан тушаалтан бухимдангуй байгаатай ч таарав.  Цэрэг бэртэнэ, амиа алдана гэдэг асуудал  Зэсвэгт хүчинд дандаа л гарч байдаг золгүй явдал мэт болоод өнгөрөх шинжтэй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Зэсвэгт хүчний 014 дүгээр ангид нэг цэрэг учир битүүлгээр шөнө унтаж байхдаа  нас барсан байдаг. Өнгөрсөн хавар, гуравдугаар сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид нэг цэрэг барилга дээр ажиллаж байгаад унаж хөлөө бэртээсэн. Тавдугаар сард нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт барилга дээр ажилладаг Хойд Солонгосын ажилчид мөн тэнд ажиллаж байсан 016 дугаар ангийн цэргүүдийг зодож бэртээсэн гээд олон жишээг энд дурдаж болно.  Ер нь батлан хамгаалах салбарт, зэвсэгт хүчинд цэргүүд санаатай санамсаргүй байдлаар нас барах, бэртэж гэмтэх явдал тасрахгүй нь. Энэ юунаас болоод байна вэ. Хамгийн гол нь энэ бүхний цаана  бэртэл гэмтэл авч амиа алдаж буй цэргүүдийг хариуцсан дарга нар нь ямар хариуцлага хүлээв. Хэн ч хариуцлага хүлээдэггүй учраас цаашид  ийм байдал гарсаар байх уу гэдэг асуулт хариулт нэхсээр буй юм.

Жил жилийн хавар, намар эгэл жирийн олон мянган айлын голдуу нийгмийн ядуу дунд давхаргынхны цэргийн алба хаах  насанд хүрсэн  идэр залуу үр хүүхдийг нь төр засаг эх орноо хамгаалах үүрэгтэй хэмээн дууддаг. Тиймдээ ч 18 нас хүрсэн эр хүн бүхэнд цэргийн зарлан илгээдэг. Цэргийн эрдмийг тайван цагт зааж сурган, хэрэгтэй цагтаа дуудах гэж тэр. Дуудахад шууд буугаа аваад байлдахад бэлэн байх учиртай. Жирийн иргэд бид ч тэг гэж төрд татвараа төлж, тэднийг хариуцан сургаж бэлтгэх дарга нарыг нь нийгмийн бусад салбарынхнаас илүү цалинжуулж бас нэмэгдэл хөнгөлөлт олгодог. Харамсалтай нь тэд цэрэгт явсан хөвгүүдийг маань  Зэвсэгт хүчний тухай хуулийн “Цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэсэн заалтаар гул барьж ажлын мал болгон хамаа замбараагүй ажилд дайчилж буйгаас цэргүүд сурах эрдмээ сурч чадахгүй байна. Зарим нэг нь энх цагийн “дайчилгаанд” явсан атлаа эрэмдэг болон гэртээ ирцгээж байгааг олон жишээ баримтаар  хэлж болох юм. Ангийн даргын танил хэн нэгний хувийн компанийн барилгын туслах ажил, тариа ногоо тарих, хураах гээд элдвийн ажилд зарагдаж байна.

Дэлхийн аль ч армид цэргүүд алба хааж байгаа ангийнхаа хашаан дотор тохижилт засвар үйлчилгээний ажил хийх нь байдаг л зүйл. Харин хашаанаас нь гадагшаа хаа хамаагүй ажилд зардаг газар манайхаас өөр байдаггүй л байх. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадны орны цэргүүд  байлдах эрдэм сурч, бас байгалийн болон бусад гамшиг, ослын дараах хор уршгийг нь арилгахад оролцож байгаа тухай мэдээлэгддэг. Манайхан шиг цэрэг нь нүүрс ухах, шуудайлах, тариа ногоо хураах, барилга газар шорооны ажилд хямд хүч болон нухлагдаж байгаа нь гардаггүй. Батлан хамгаалахын дарга нарын яриад байгаа бүтээн байгуулалтад оролцуулж байгаа гэдэг нь угтаа бол албадан хөдөлмөр гэдгийг эцэг эхчүүд хэлдэг. Өнгөрсөн оны сүүлээр Хүний эрхийн үндэсний комиссоос хүч­ний байгууллагуудын удирд­лагуудтай зохион байгуулсан хурал дээр цэргүүдийг албадан хөдөлмөр хийлгэж буй талаар тэмдэглэж “Зэвсэгт хүчний  тухай хуулийн “Цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэсэн заалт нь энэхүү бусармаг мөлжлөг гарах үндэс болж байна хэмээн өөрчлөлт оруулж хасах саналтай байгаагаа мэдэгдсэн удаатай. Гэвч энэ хуулийн заалтыг өөрчлөх сонирхол эрх бүхий хүмүүст одоохондоо байхгүй байгаа бололтой. Урьдын адил цэргүүд бүтээн байгуулалт гэх нэрийн дор хар бор ажил хийсээр л байна.

Өнөө үед хувийн хэвшлийнхэн өөрийн дурандаа хийж ашиг олж байгаа ажилдаа цэрэг ажиллуулах нь байж болшгүй зүйл. Тэгээд ч татвар төлөгчид эх орноо хамгаалах, тэр үүргээ гүйцэтгэх мэдлэг дадлага, чадвар олж ав гэж, хүүхдээ цэргийн эрдэмд шамд л гэж мөнгө төлдөг. Тийм ч учраас хөвгүүдээ эх орноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг гэж уриалж, цэрэгт  татагдахад нь “Юм сураад ир” хэмээн үдэж өгдөг.

Хавар зун намрын урин дулааны улиралд барилга газар тариалангийн ажилд хувийн хэвшлийнхэн болж өгвөл цэрэг авч ажиллуулах сонирхолтой. Учир нь энгийн хүн авч ажиллуулвал ажил олгогчийн хувиар нийгмийн даатгалыг нь төлөх, унаа хоолны мөнгө нэмж олгох, намрын ургац хураалтын үед бол байр сууц, хоногийн гурван хоолоор хангах, бас хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бууруулахгүйгээр цалин хөлсийг нь бодох гээд их зардал гарна. Харин цэрэг бол ангиасаа байр болох майхнаа бариад суучихна. Хоолоо мөн тэндээс нормт хангалтаар авчихна. Цалин хөлсийг нь даргатай нь тохиролцоод болчихно. Мэдээж бага хөлс өгөх нь ойлгомжтой.

Хугацаат албаны цэргүүдийг дээр дурдсан аливаа ажилд явуулахдаа ЗХЖШ-ын даргын шийдвэрээр ажиллуулж ажлын хөлсийг нь ажилласан цэрэгт ч биш, хариуцаж яваа ангид нь ч биш ЗХЖШ-ын дансанд хийдэг гэсэн яриа бий. Тэрний 50 хувийг  ангид нь өгдөг гэдэг ч буцааж олгодог эсэх нь эргэлзээтэй. Зарцуулалт нь ил тод бус байдаг гэж ярьдаг. Ямар нэгэн асуудал гарвал түүнийгээ цэргийн нууц хэмээн  халхавчлаад өнгөрдөг.

Гадаа байлдааны дасгал сургуулилт хийхэд таарсан дулаан улиралд  хэдэн цэргүүдээ байлдах эрдэмд бус барлаг зарцийн хөлсгүй ажилд зараад байх юм бол ямар юмных нь цэргийн алба, бэлэн байдал, тэсвэр хатуужил байхав дээ. Нэгэнт хууль зөрчиж зөв­­шөөрөлгүйгээр цэрэг ажиллуулсан дээрх ангиудын захирагч нарт ЗХЖШ-аас хариуцлага тооцсон бо­ловч хурандаа буюу бага цолтойгоороо 336 дугаар ан­гийн захирагч албан тушаалаасаа буусан байдаг. 

Харин 016 дугаар ан­гийн захирагч болох бригадын генерал хувийн зорилгоор бүтэн дөрвөн сар мэдэгдэлгүйгээр цэргүүдээ ажиллуулж байсан нь илэрсэн. Тэр хэдэн цэргийг ажиллуулсны хөлс хаашаа орсон нь тодорхой бус бөгөөд ил гаргахыг ЗХЖШ-ынхан ч, тэр дарга ч хүсэхгүй байгаа гэнэ. 

Илэрч байгаа нь энэ болохоос зэвсэгт хүчний ангиудад ийм хариуцлагагүй явдал их гардаг аж. Тэр бүрийг гарсан ангийн захирагч нь ч тэр, ЗХЖШ-ын дарга нар ч тэр болж л өгвөл нуун дарагдуулж өнгөрөөж арьсаа хамгаалахыг боддог. Зуны улиралд нийслэл дэх цэрэгтэй ангиудад бол ил далд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйгээр заавал арав хориор нь гэхгүй тав зургаа гурав дөрвөөр нь ийш тийш өдрөөр болон олон хоногоор  цэргүүдийг элдэв янзын ажилд явуулах нь хэвийн үзэгдэл болсон тухай тус салбарын учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм.

Татвар төлөгч эгэл жирийн ард иргэд бид  үр хүүхдээ цэргийн дарга нарын танил хэн нэгэн компаний барилгын болон тариа ногоо хураах ажилд ажлын мал болгуулан үнэ хөлсгүй ажиллуулах гэж цэргийн албанд мордуулдаггүй юм. Хөвгүүдэд заах ёстой цэргийн эрдэм номоо зааж сурган эр хүн шиг эр хүн болгож хатуужуул гэж л цалинжуулж байгаа. Албадан хөдөлмөр хийлгээд байх юм бол хэн хүүгээ цэрэгт явуулах юм бэ.

 Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

“Зүүн хойд Азийн гэх хамтын сэтгэлгээг төлөвшүүлье” гэв

Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн захирагч нарын уулзалт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд боллоо. 19 дахь удаагийн уг саммитыг Төв аймаг зохион байгуулжээ.  Энд Солонгосын Кангвон мужийн захирагч Чой Мун Сун, БНХАУ-ын Жилинь мужийн захирагч Баянчулуун, Япон улсын Тоттори мужийн захирагч Хирай Шинжи, ОХУ-ын Приморийн хязгаарын захирагч Миклушевский Владимир Владимович, Монголыг төлөөлж Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат  тэргүүтэй захирагчид, бусад төлөөлөгчид оролцсон юм.  Мужийн тэргүүнүүд дээд хэмжээний уулзалтаараа хамтарсан тунхаг бичиг гаргадаг агаад энэ нь тухайн  жилдээ хийх үйл ажиллагааны төлөвлөгөө аж.  Уг хурлаар бүс нутгийг холбох тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлэх талаар талууд онцлов. Жилин мжуийн захирагч Баянчулуун  “Зүүн хойд Азийн гэх хамтын сэтгэлгээг төлөвшүүлье” хэмээн  уриалж байна лээ.  Бүс нутгийн мужийн захирагчид хамтарсан тунхаг бичигт үдээс өмнө гарын үсэг зурлаа. Үдээс хойш хоёрт талт уулзалтууд үргэлжилсэн. Төлөөлөгчид маргааш Зуун мод руу мордоно.  Тэд Зуунмодод болж буй олон улсын байт сурын тэмцээн үзэж, XIII зуун цогцолбортой танилцах юм. Монгол морь, бөх, сур харваатай ч танилцах аж. 

Categories
мэдээ нийгэм

100 айлын уулзварыг өнөөдөр нээлээ

 “Гудамж” төслийн хүрээнд шинэчилсэн 100 айлын уулзварыг өнөөдөр албан ёсоор нээлээ. 

Уулзварыг бүх чиглэлдээ гэрлэн дохиогоор нэвтрэх боломжтой дөрвөн замыг уулзвар болгон өөрчилсөн бөгөөд энэхүү ажлыг “Ростов” ХХК-ийн зураг төслөөр “Паблик роуд” ХХК гүйцэтгэсэн байна. 

Нийт 1.5 тэрбум төгрөгөөр бүтсэн бүтээн байгуулалтын ажилд 167 метр ус зайлуулах шугам хоолойн шинэчлэл багтжээ. 

Мөн 12105 ам метр талбайд хучилт хийж, 3564 ам метр талбайд явган зорчигчдын зам тавин, 21 ширхэг мод тарьж, 490.5 ам метр талбайд ногоон байгууламж хийн, гэрэлтүүлэг гэрлэн дохиог шинээр суурилуулжээ. Уг уулзвар нь “Гудамж” төслийнхний хүлээлгэж өгч буй хоёр дахь уулзвар агаад Энэ жилдээ нэмж 8-10 уулзвар ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. 

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Орбис”-ынхонтой уулзлаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал  “Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн Хойд Азийн бүс хариуцсан захирал Др.Жорж Смит, “Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн захирал Др. Ахмед Гома нарыг хүлээн авч уулзлаа. 

Агаарын хөлгийг нүдний эмгэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болон эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулах зориулалтаар тоноглосон энэхүү онгоцон эмнэлэг нь хөгжиж байгаа улс орнуудад очиж тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна. Орбис нүдний эмнэлэг нь манай улсад 1989 оноос хойш нийтдээ долоон удаа ирж ажилласан байна. 

“Орбис” олон улсын баг нь нүдний эмч, мэргэжилтнүүд, болон багаж, төхөөрөмжийн инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт явуулахын зэрэгцээ нүдний бүх төрлийн өвчтөнд оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд  ихээхэн хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхий нийтээр зайлсхийж болох сохролыг устгах зорилтод хүрэх үр дүнтэй, чухал арга хэмжээ болж байна.

 Энэ удаа “Орбис” онгоцтой эмнэлгийн багийнхан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хүүхдийн болон насанд хүрэгсдийн нүдний өвчин эмгэгийн чиглэлээр эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулахаар Эрүүл мэндийн яамны урилгаар ирсэн байна. Цаашид эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа жилээс жилд өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа сайд хэллээ. Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс тус байгууллагын үйл ажиллагааг байнга дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Сайн туршлагын сан” нэмэгдлээ

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон эмнэлгийн тусламж үйлчилгээнд үр дүнтэй хэрэгжсэн шинэ санаа, шилдэг технологи, аргуудыг “Сайн туршлагын сан”-д бүртгэж, баталгаажуулаад судлаж хэрэгжүүлдэг уламжлалыг 2011 оноос тогтоожээ.

 2014 оны эхний хагас жилд амжилттай хэрэгжсэн дараах технологи, шинэлэг ажлуудыг “Сайн туршлагын сан”-д бүртгэсэн байна. Үүнд:

 1. Хоол боловсруулах дээд замын Karl-Storz фирмийн уян дурангийн оношилгоо, эмчилгээ. Энэ технологийг нэвтрүүлснээр 1055 хүнд оношилгоо, эмчилгээ хийж, эдийн шинжилгээ 20, ходоодны хүнд шархтай 10 хүнд шууд эмийн эмчилгээ хийсэн нь зовиур шаналгааг хурдан хугацаанд намдаах, эдгэрэлтийг хурдасгасан үр дүнтэй арга болсон байна. Мөн Улаанбаатар хот руу явах чирэгдлийг бууруулсан. Цаашид нээлттэй бус мэс заслын аргыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна.

 2. Хүүхдийн тасгийг олон улсын стандартын дагуу “Хүүхдийн жишиг хүлээн авах” болгон тохижуулж, эрэмбэлэн ангилалыг цаг алдалгүй үзүүлж 8589 хүүхдэд үйлчилсэн. 

 3. Сэргээн засах тасагт Тархины цус харвалтын дараах саа, саажилтыг эмчлэх хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж, хэрэгсэл бүхий өрөөтэй болж, үйлчлүүлэгчдийн 63.3% нь сайжирсан.

 4. Сувилахуйн тусламж үйлчилгээнд дараах шинэ технологиудыг нэвтрүүлж, “Шинэ бүтээлийн батламж” гардуулсан.

  Дуслын доторхи эмийн нэршил

  Мэдээгүйжүүлэх сувилгааны тооцооны хуудас

  Хөдөлгөөн хязгаарлах даруулга

  Яаралтай тусламжийн иж бүрдэл

  Эх урагт үзүүлэх хяналтын цомгийн тавиур

  Стомын уутыг орлуулах арга

  Зөөврийн кварц

  Олон салаат гуурс угаагч

  Хагалгааны дараа хэрэглэх уян бүс

  Инсулины талбай тодорхойлогч 

 5. Сувилагч нарын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах зорилготой “Ажлын байрны солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнтэй ажил болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хос залуусаа “Хайрын төгөл”-ийг зориорой

Дэлхийн ихэнхи оронд залуу хосууд, дурласан залуус сэтгэлээ илэрхийлж хайрын цоож зүүдэг тусгай газрууд байдаг.  Эдгээр газарт залуус ирж үүрдийн мөнх хамт амьдрахын баталгаа болгон цоож зүүдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас залуус, хосууддаа зориулан баруун дөрвөн замд “Хайрын төгөл” байгуулж өнөөдөр 18:00 цагт албан ёсоор нээлтээ хийх гэж байна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн албанаас мэдээллээ.

Энэ хайрын төгөлд дурласан залуус,  хуримаа хийж буй залуу хос  Гандан орж сайн сайхан амьдрах хүслээ шивнээд буцахдаа хайр сэтгэлээ бат бөх байхыг билэгдэн цоож зүүх боломжтой. Хайрын төгөлийн дээд талд  хайрын бурхан Амур сахиусан тэнгэр байрлах бөгөөд сахиусан тэнгэр залуу хосыг хөтлөн “Хайрын төгөл”-ийн үүдээр оруулах билэгдэлтэй. Цоожийг зүрх болон гацуур хэлбэртэй модонд өлгөх юм. Олон өнгийн цоож нь яг л шинэ жилийг санагдуулахаар гоёмсог харагддаг. Цоожоор гацуур мод дүүрсэн тохиолдолд өөр газар шилжүүлэн суулгах боломжтой юм. Тиймээс залуусаа хайр сэтгэлээ баталгаажуулах билэгдэлтэй “Хайрын төгөл”-ийг зориорой. Та хоёрын хайрын цоожны түлхүүрийг хайлуулан хүзүүний зүүлт болгон буцаагаад өгөх аж.