Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1” хорооллын хоёрдахь сугалаа маргааш явагдана

“Буянт-Ухаа 1” хорооллын  хоёр дахь удаагийн сугалаа маргааш буюу энэ сарын 25-ны өдөр Спортын төв ордонд болно. 

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа 1” хороолол нь 1764 айлын орон сууц бөгөөд энэхүү орон сууцны захиалагчийг олон нийт ил тод тодруулах үүднээс МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулан байрны азтанг тодруулах сугалааг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан. Сугалаагаар нийт 1540 азтан тодорч, орон сууц захиалах эрхтэй болсон бөгөөд өнөөдрийн байдлаар нийт эрх бүхий азтануудын 1217 иргэн  “Буянт-Ухаа 1” хорооллын захиалгын журмын дагуу орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлөн захиалгын гэрээг байгуулаад байна. 

Журамд заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж, гэрээ байгуулаагүй иргэдийн эрхийг цуцлаж дараагийн иргэдэд боломж олгох үүднээс хоёр дахь шатны сугалааг зохион байгуулахаар болсон байна. Хоёр дахь шатны сугалаа нь нийт 323 орон сууцны эрхийг олгох сугалаа бөгөөд өмнө нь сугалаанд оролцсон боловч орон сууцны эрхийн азтан болоогүй төрийн албан хаагчид, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явагдана. 

 М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Аагим халуун байхыг анхааруулав

Өнөө маргаашдаа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар аагим халуун байхыг Ус цаг уур, орчины шинжилгээний төвөөс мэдээллээ. Маргааш баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 30-35 градус дулаан байна. Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Багшдаа мөнгө өгсөн гэх 50 оюутныг шүүх хурал хойшиллоо

Худалдаа  үйлдвэрлэлийн дээд сургуулийн  зарим багш, оюутан авлига авсан, өгсөн гэх шуугиан дэгдэж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн сард дуусч Баянзүрх дүүргийн шүүхэд шилжээд байсан юм. Анхан шатны шүүх хурал  өнөөдөр эхлэхээр товлогдсон байлаа. Шүүх хуралдаанд оюутнуудаас гадна дөрвөн багш авлига авсан гэх хэргээр шүүгдэж байгаа юм. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, Ш.Төгсгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурал эхэлсэн. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зарим нь ирээгүй гэх шалтгаанаар хуралдааныг ирэх сарын 13-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллаж буй. Шүүгдэгчдийг 30 өмгөөлөгч өмгөөлж байгаа юм. 

Хоёр жилийн өмнө Худалдаа  үйлдвэрлэлийн дээд сургуулийн төгсөх ангийн оюутнууд дүнгээ засуулахаар дөрвөн багшид мөнгө өгсөн гэдэг. Үүгээрээ оюутнууд нь авлига өгсөн, багш нар нь авсан хэрэгт яллагдаж байгаа юм. 

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1” хорооллын азтанг баасан гаригт шалгаруулна

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт ухаа 1” хороолол нь 1764 айлын орон сууцнаас бүрддэг бөгөөд захиалагчийг сугалаагаар тодруулж байгаа юм. Эхний захиалагчдыг тавдугаар сард тодруулсан бол хоёр дахь шатны азтай захиалагчдыг энэ сарын 25-нд буюу ирэх баасан гаригт 15.00 цагт Спортын төв ордонд шалгаруулахаар болжээ.

Энэ нь нийт 323 орон сууцны эрхийг олгох сугалаа  бөгөөд өмнө нь сугалаанд оролцсон боловч орон сууцны эрхийн азтан болоогүй төрийн албан хаагчид, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд болох юм.

Дашрамд дурдахад “Буянт-Ухаа 1” хорооллын нийт 28 орон сууцны барилгын Улсын комиссын акт гарч дууссан тул орон сууцанд хамрагдах журмын дагуу иргэд байраа сонгож, төлбөрийн асуудлыг шийдсэн  иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

“40 мянгат”-д дахин гал гарав

Наадмын дараа “40 мянгат”-ын 40, 41, 42 дугаар байрны дээвэр шатаж, их хэмжээний хохирол учирсан. Гэтэл өчигдөр “40 мянгат”-ын байрны оршин суугчид дахин утаа үнэрлэв. Тодруулбал, өнөө өглөө “ II 40 мянгат”-ын тавдугаар байрны нэгдүгээр орцонд утаа гараад байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийнхан ажилласан байна. Тэднийг очиход тус байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Корейский лапша” хоолны газрын гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг унтраажээ. Галын шалтгааныг одоогоор тодорхойлоогүй байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

“МОНГОЛ МАЛ” нийслэлийн дэд хөтөлбөр хэрэгжиж байна

Нийслэлийн  мал аж ахуйн хөгжлийг дэмжих чиглэлээр Нийслэлийн нөхцөл, онцлогт тохирсон “Монгол мал” дэд хөтөлбөр болон “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс”-ийг шинэчлэн тогтоож Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор батлуулсан билээ Уг хөтөлбөр батлагдсанаар Нийслэлд мал аж ахуйн салбар хөгжих эрх зүйн орчин бүрдэж, салбарын бусад асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэх боломжтой болжээ

 Мөн “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ыг мөрдөж, хэрэгжилтэнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажилласнаар малчид мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсүүдэд мал аж ахуйгаа эрхлэн явуулж, малаас авах түүхий эд, бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.

“Монгол мал” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр Нийслэлийн малыг бүртгэлжүүлэн, бүртгэлээр дамжуулан хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломж нөхцөл бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хятад Монголын хамтарсан төрийн өмчит компани байгуулахаар төлөвлөжээ

Уул уурхайн яамны мэдээлснээр Хятадын төрийн өмчит “Sinopec” компани Монголын талтай хамтран нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэх хүрээнд наймдугаар сард хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ. Мөн энэ үеэр Хятадын төрийн тэргүүн Монгол Улсад айлчлах юм. Түүнчлэн ирэх сард багтаан энэхүү компанийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар төлөвлөжээ. Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 30 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа боловч ТЭЗҮ боловсруулж дууссаны дараа илүү нарийвчилсан байдлаар хөрөнгө оруулалтыг тодорхойлох аж.

Categories
мэдээ нийгэм

Дараах шаардлагыг хангавал ноосны урамшуулалд хамруулна

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонины ноос, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам” –г батлан гаргасан. Энэ тогтоолын дагуу 2014 оны 01 сарын 01-нээс эхлэн малчин, мал бүхий этгээд нь хоршооны гишүүн байх, мөн малчин өрхийн баталгааны тэмдгийг ноос хүлээн авсан баримтан дээр даран холбогдох газруудад өгнө.

Нэг. Урамшуулалд хамрагдахын тулд малчин, мал бүхий этгээд дараахи шаардлагыг хангасан байна.

1. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулсан байх

2. Стандартын шаардлага хангасан ноосыг төрлөөр нь 50, 100 кг-аар савлаж бэлтгэх

3. Мал аж ахуйн хоршооны гишүүн байх

4. Харьяа дүүргийнхээ ноосны бие төлөөлөгчид ноосоо тушаах / улсын үйлдвэрт /

5. Малчин, мал бүхий этгээд нь данс бүхий банкиндаа хүсэлт гаргах, эсвэл шинээр урамшуулал хүлээн авах данс нээлгэнэ.

6. Ноосны бие төлөөлөгч ноос хүлээн авсан баримтыг 3 хувь үйлдэх ба 1 хувийг өөртөө үлдээнэ. / Энэ баримтанд малчин өөрийн харилцах банкны нэр, данс дугаараа бичиж малчин өрхийн баталгааны тэмдгийг дарна. /

7. Малчин 2 хувь баримт авч нэг хувийг өөртөө, нэг хувийг урамшуулалд хамрагдах хүсэлтийн хамт харьяа дүүргийнхээ Тамгын газарт ХАА-хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. / урамшуулал авах малчин бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих ба, ХАА – мэргэжилтэн овог нэр , регистрийг падаантай нь тулгаж авна /

Хоёр. Хонины ноос, Тэмээний ноос бэлтгэн нийлүүлэх хугацаа

1. Дүүргийн ХАА-хариуцсан мэргэжилтэн ноос хүлээн авсан баримтыг үндэслэн малчин, мал бүхий этгээдийн хаяг , малын тоо, тушаасан ноосны хэмжээ төрөл зэргийг гарган дүүргийн Засаг даргаар баталгаажуулан 2014 оны 08 дугаар сарын 15-ны дотор Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар илгээнэ.

2. НҮХААГ нь дүүргүүдээс ирүүлсэн материалыг бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй тулгаж ҮХААЯ-ны харьяа “ Мал хамгаалах сан”-д хүргүүлнэ.

Гурав. Урамшуулал олгохоос татгалзах үндэслэл:

1. Урамшуулалд хамрагдах шаардлагыг хангаагүй

2. Материал хүлээн авах хугацаанаас хоцроосон, буруу ташаа мэдээлсэн, ноос хүлээн авсан баримтанд засвар өөрчлөлт оруулсан

3. Малчин, мал бүхий этгээдийн материалд баримт бичгийн зөрчил гарч, ажлын 3-5 хоногт багтаан холбогдох газраар дамжуулж “Мал хамгаалах сан”-д ирүүлээгүй болурамшуулал олгогдохгүй гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний талоноор 668 дэлгүүр үйлчилж байна

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Энэ жил 87 мянга 778 иргэнд хүнсний талон олгохоор болсон.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас энэ жил өрхийн амьжиргааг тогтоох судалгаа хийсэн билээ. Судалгаагаар 15 мянга 137 өрхийн 87 мянга 778 иргэнд талон олгохоор болж дөрөвдүгээр сараас тарааж эхэлжээ.

Уг талоноор том хүн сардаа 10 мянга, хүүхэд таван мянган төгрөгийн хүнс худалдаж авах нормтой юм. Улсын хэмжээнд хүнсний талоноор 668 дэлгүүр үйлчлэх эрх авчээ.

Иргэд талоноороо мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимс жимсгэнэ худалдаж авах эрхтэй. Харин бусад бүтээгдэхүүнийг хүнсний талоноор олгохгүй аж.

Categories
мэдээ нийгэм

“Эко Улаанбаатар” эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчид Хөх хотод аялна

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас  ерөнхий боловсролын сургуулийн 6-8 дугаар ангийн сурагчдын дунд “Эко Улаанбаатар” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм.  Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх, цаашдын хөгжлийн чиг хандлага, цэцэглэлт, эко орчин бүрдүүлэхэд оруулах хувь нэмэр, эх орноо хайрлан хамгаалахад сурагчдын идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаан 3 үе шаттай болсон бөгөөд нийт 10 000 гаруй сурагчдын бүтээл иржээ.

 Уралдаанд оролцсон сургачдаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 9 “в” ангийн сурагч Т.Мөнхтөр, Баянгол дүүргийн “Шинэ Эрин”  сургуулийн 9 “в” ангийн сурагч П.Мөнгөншатар, Баянгол дүүргийн “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн 9 “а” ангийн сурагч Г.Энхсүлд нар шалгарч  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.