2018 оны “Цагаан сар”-аас эхлэн Ардчилсан намын 28 жилийн ойн барилдааныг оруулан нийт дөрвөн үндэсний бөхийн барилдааны чансаагаар долоодугаарт (2985 оноогоор) эрэмбэлэгдсэн аймгийн арслан Батбаярын Даваа-Очиртой ярилцлаа.
-Хэдэн жилийн өмнө зодог шуудагтай багын зураг чинь цахимаар яваад байсан. Хэдэн настай үеийн зураг вэ?
-Дөрөв, таван настай үеийн зураг байх. Мэдээ орсон цагаасаа аавыгаа дагаад сумын наадам, хөрш зэргэлдээ сумдын наадмыг хэсч бөх үздэг хүүхэд байсан. Ээжийнхээ оёж өгсөн зодог шуудгаар гангарч аваад л явдаг байлаа. Би Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1993 онд төрсөн.
-Эцэг эхээс хоёулаа гэсэн. Эгч чинь спортод хэр элэгтэй вэ?
-Манай эгч нэг их спорт энэ тэр гээд байдаггүй юм. Одоо хоёр хөөрхөн хүүхэдтэй. Хүүхдээ хараад гэртээ байдаг.
-Сумын наадамд анх хэзээ гарч байв?
-Жаахан байхад сумын наадамд 128 бөх барилдана. Хүний тоо хүрэхгүй бол багачуудаа оруулна. Тэгээд хүүхэд байхаасаа л сумандаа барилдаж эхэлсэн дээ. Тэгэж явсаар 14, 15 настайгаасаа нэг, хоёр давдаг болоод 17 насандаа үзүүрлэж 18 настайдаа сумынхаа 80 жилийн ойгоор түрүүлж заан цол хүртсэн дээ.
-Энэ жилийн бэлтгэл хэр байна. Улсын наадамд зодоглох уу?
-Бэлтгэлээ сайн хийж байгаа. Улсын наадамд хоёр жил барилдсан. Хоёуланд нь дөрвийн даваанд өвдөг шороодсон. Ард түмний итгэл хүлээлтийг хангахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд явж байна даа.
-Улсын цолтой бөхчүүдээс анх Т. Өсөх-Ирээдүй харцагатай барилдаж байсан гэсэн. Дараа нь ийм мэх хийдэг байж, тэгсэн бол давах байсан юм болов уу гэсэн бодол төрж байв уу?
-Барилдаан болгоныхоо дараа дотроо дүгнэлт хийдэг л дээ. Тэрэнтэй барилдахад тэгэж болохгүй, энэнтэй барилдахад ингэх буруу гээд л. Тухайн үед бол анх удаа л улсын цолтой бөхтэй барилдаж байсан болохоор асар том туршлага л болж үлдсэн дээ.
-Жилийн өмнө “Суйлаа мэхийг сурмаар байна” гэж ярьж байсан. Одоо хийж сурсан уу?
-Одоо хүртэл давтсаар л байна. Барилдаанд хэрэгжүүлж чадахгүй л байгаа. Сайн болж өгөхгүй. Бүрэн гүйцэт суртлаа давтсаар байх болно.
-Таны гол хийдэг мэх юу вэ?
-Ер нь сугадсан барьцнаас барилддаг. Сугадаж тонгорох, мордох гэх мэтчилэн түлхүү хийдэг. Тэгээд ер нь тийм барилдаан гэхээсээ илүү ямар ч бөхтэй таарсан тухайн үеийн барилдааны мэдрэмжээр ямар ч барьцнаас барилдана гэж боддог.
-Хүчний бэлтгэл хэр хийж байна?
-Энэ жилээс хүчний бэлтгэлээ “Хархорин” фитнест хийж байгаа. Я.Алтангэрэл гээд манай хүчний багш бэтгэлийг маш сайн хийлгэж байгаа. Их зарчимч, шудрага хүн байдаг. Ер нь бэлтгэлийг цагтаа эхлээд цагтаа дуусгадаг. Бэлтгэл таслуулах дургүй. 11 цагт бэлтгэл эхлээд яг 14 цагт тардаг.
-Бэлтгэл тасалж байв уу?
-Шаардлагатай үед би багш руугаа залгаж, учир явдлаа ойлгуулж хэлээд чөлөө авдаг. Түүнээс хэл сураггүй тасалж байгаагүй. Дуртай юмандаа өөрөө зүтгэж байгаа болохоор тасалж чадахгүй. Хүн ажилдаа явахдаа дуртай явдаг шиг бөх хүн бэлтгэлээ хийхдээ дуртай явдаг. Өглөөнөөс орой хүртэл өглөөний бэлтгэл, оройн бэлтгэл гээд яг л ажлын цаг шиг.
-Бэлтгэлийнхээ хажуугаар сурдаг уу?
-Сурах бодол байна. Одоогоор амжихгүй л яваад байгаа. Энэ жил Идэр дээд сургуулиас нэг урилга өгсөн. Дараа жил сурья гээд хойшлуулчихсан. Ер нь бэлтгэлээс бусдыг нь хаячихсан. Ар гэр гээд л. Аав ээж нар маань их тусалдаг даа.
-Аавтайгаа нэг барилдаанд таарсан байсан. Тэр үед аав тань үнсээд явуулж байсан. Барилдсан бол яах байсан бол?
-Тэр үед аав маань зүүний магнай. Би хамгийн бага нь байсан. Аав маань намайг өхөөрдсөн үү эсвэл хүүтэйгээ хүч үздэг аав гэж юу байхав гэж бодсон уу үнсээд явуулж байсан. Барилдсан бол ёстой яах байсныг бүү мэд.
-Багштайгаа бас таарч байсан байх аа?
– Манай нутагт “Чингүүнжавын мэндэлсний ой” болоод би зургаа даваад аймгийн харцага болчихсон байхад багш намайг аймгийн заан болгож байсан. Дараа нь багштайгаа 2011 билүү 2012 онд таарсан. Би улсын начин Оргилоор нэг даваад багштайгаа хоёрын даваанд таарч байсан.
-Цагаан сараас хойшхи барилдаануудад ямар ямар амжилт гаргаж долоод эрэмбэлэгдэв?
-Дөрвөн барилдаан болсон, бүгдэд нь оролцсон. Цагаан сараар дөрөв даваад, дараагийн барилдаанд нь гурав давсан. Нэг барилдаанд нь хоёрын даваанд өвдөг шороодсон. Сүүлд болсон Ардчилсан намын ойн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн. Үндэсний бөхийн холбооны маргаанаас болж саяхан нэг барилдаан цуцлагдсан. Энэ хагас бүтэн сайнд болох байсан барилдаан бас болохгүй л юм шиг байна.
-Залуу бөхийн хувьд үндэсний бөхийн холбооны маргааныг юу гэж бодож байна?
-Би тиймэрхүү юманд оролцдоггүй, ёстой мэдэхгүй юм. Хоорондоо учраа олох байлгүй. Холбооных нь хүмүүс л мэдэж байгаа байх. Бид бэлтгэлээ хийгээд наадмаар л сайн барилдах зорилготой байна.
-Хотод анх 58 кг-тай хүүхэд орж ирж байсан гэсэн. Одоо хэдэн кг-тай байна?
-Одоо 125-тай байна. Хааяа 130 хүрчих гээд л. Жаахан барих маягтай л байна. Оройдоо хөнгөн юм иддэг болсон.
-Аав, ээж хоёрынхоо тухай яриач?
-Манай аав баазын жолооч хийж байгаад ардчилал гарах үед ээж аав хоёр маань гуанз ажиллуулдаг болсон. Ээж маань нэгдлийн нягтлан хийдэг байсан. Тухайн үед би төрсөн байсан уу үгүй юу Шивээ гэж одоо бараг тосгон маягийн газар гуанз ажиллуулдаг болсон. Тэнд 15, 16 айл байсан. Тэгээд л бүгд садан төрөл хүмүүс шиг биенээ сайн мэддэг. Ер нь Хөвсгөлийн бүх л хүмүүс Шивээгийн гуанзанд ирж хоол иддэг. Бөхчүүд тэр чигээрээ ирдэг байлаа. Одоо Хөвсгөлд барилдаан болвол багшийгаа дагуулаад автобус дүүрэн хүн чихэж аваад аав ээждээ очиж таван ханатай гэрт нь чихэж байгаад хооллочихдог. (инээв)
-Гэргий тань аль нутгийн хүн бэ?
-Эхнэр маань Булган аймгийн Сэлэнгэ сумынх. Анх бид хоёр 2014 онд танилцаж байлаа. Одоо нэг гэрт орчихсон. Анхныхаа хүүхдийг өлгийдөж авах гээд хүлээж байна.
-Гэргий тань эмч мэргэжилтэй гэсэн. Таныг хэр ойлгож, дэмждэг вэ?
-Манай хүн Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Германд магистр хамгаалсан. Одоогоор бие давхар болоод ар гэрийнхээ бүх ажлыг зохицуулаад явж байгаа. Намайг бүх л сэтгэл зүрхээрээ дэмждэг. Бэлтгэлдээ явах тоолонд хувцас хунар, хоол цай бүх зүйлийг минь бэлтгэж өгнө. Гэртээ ороод ирэхэд халуун хоолтой. Миний хань жинхэнэ монгол эмэгтэйн шинж бүрдсэн сайхан хүн бий.
-Аав болох догдлол хэр их байна? Хүү бол бөх болгох уу?
-Одоо сар гаруйн дараа боллоо доо. Мэдээж хүү төрвөл бөх болгоно доо.
-Ээж тань эмч бол гэж ятгадаг байсан гэсэн үү?
-Хүүхэд байхад “Миний хүү эмч болох ууу гээд л асуудаг байсан. Би жаахан уурлангуй “Юу яриад байгаа юм би бөхчин болно” гээд л тас зөрдөг байлаа. “Миний хүү эмч болбол гоё юм биш үү” гэнэ. Би “Үгүй ээ, үгүй би бөх болно” л гэдэг байлаа. Мэдээ орсон цагаасаа л бөх болно гэдэг үзэл тархинд суучихсан байсан шиг байгаа юм. Тэгээд аавыгаа дагаад, радио бариад л бөхийн барилдаан дамжуулахыг сонсоод, чихэндээ наагаад явдаг хүүхэд байсан гэсэн.
-Бөхөд хайртай, сонирхон үздэг, талархан дэмждэг хүмүүстээ хандаж үг хэлээч?
-Намайг дэмждэг олон сайхан хүмүүс байдаг. “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний тэргүүн П. Ганхүү ах, Шадар сайдын зөвлөх Батчулуун дарга, “Сүлд” спорт хорооны хамт олон Ц. Амгаланбаяр даргадаа тэр дундаа спорт хорооны дарга А. Давааням ахдаа баярлаж явдаг. ТЭЦ-4 компаний хамт олон, “Имприал голд майнинг” компаний хамт олон М.Энхтайван ах, Т.Мөнхбаяр ах, Х. Мөнхбаатар багшдаа, Монгол Улсын харцага Г. Элбэг багшдаа, жудо бөхийн олон улсын хэмжээний мастер О.Нарангэрэл багшдаа, Улсын их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын их хурлын гишүүн Л.Мөнхбаатар мөн бид бүгдийг 2010 оноос гурван жил байр, хоол унд, заалаар хангаж, бэлтгэл сургуулилтыг эрчимтэй хийлгэж байсан Монгол Улсын заан С.Хүрэлбаатар багшдаа баярлаж явдгаа хэлье. Та бүхнийхээ дэмжлэгээр би өдий зэрэгтэй яваа. Цаашид улам хичээж, илүү амжилт гаргахын төлөө хичээх болно оо.
С. ОТГОНБАЯР