Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Trend Live-ийн эзэн Э.Түвшинсайхан: “Ай даа, жолооч ах минь” дуу ингэж их хандалт авна гэж бодоогүй


“Миний захиа” дууны үгийг өөрчлөн “Ай даа, жолооч ах минь” хэмээн дуулсан нь нэг хоногийн дотор 300 мянган хүнд хүрээд буй Э.Түвшинсайхантай ярилцлаа. Тэрбээр Батлан хамгаалахын их сургуулийн нэгдүгээр курсэд сурдаг юм байна.


-Таны “Ай даа жолооч ах минь дээ нууцаа битгийн нуугаач дээ” гэсэн дуу нь сошиалд нэлээд “од” болж байна…

-Хорио цээрийн дэглэмтэй үед бид чинь гэртээ л хөгжилтэй байхгүй бол гадуур гарч болохгүй. Мааз маягаар хийсэн дуу маань их олон хүнд хүрсэн байсан. Зарим нь дургүйцсэн хандлага ажиглагдсан. Ер нь хандалт их авна гэж бодоогүй. Нэг харсан чинь 299 мянган хүн үзэж, 11 мянган хүн өөрийн хүссэн эможигоо дарсан байсан. /инээв/

-Хөл хорионы үед хүмүүсийн авьяас илэрлээ гээд байсан. Өөр бичлэг хийх үү?

-Гоё санаа байвал бичлэг хийх байх аа. Гэхдээ хүмүүс хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй юм.

-Та дуулдаг уу?

– Дуулдаг. Би чинь дуу хуурийн өлгий Дундговь нутгийн хүү шүү дээ. Аймгийнхаа дууны хэд хэдэн тэмцээнд орж байсан.

-Тэгэхээр одоо аймагтаа байгаа юу?

-Одооогоор хотод хөл хорионд орчихсон. Гэрээс гарахгүй байгаа болохоор л хөгжилтэй байх үүднээс бичлэг хийгээд л байна даа.


-Аль сургуулийн оюутан бэ. Бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Батлан хамгаалахын их сургуульд сурдаг. Аав ээж маань аймагтаа ажиллаж амьдардаг. Орон даяар хөл хорионы хатуу дэглэм тогтоосон болохоор бүгд л гэртээ дархлаагаа дэмжээд байж байна. Ер нь бол аймаг руугаа явмаар л санагдаж байна.

-Хөл хорионы дэглэмийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл сунгачихсан шүү дээ. Танайх хүнсээ хэр базаав?

-Манай эгч хүнсээ авчихдаг болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ карентины хугацааг давчихаар хүнс байгаа байх.

-Таны хувьд бүх нийтийн хөл хорионы үеэр юу хийж амжуулж байна вэ?

-Хичээлээ хийгээд л байж байна даа. Цахимаар хичээл орж байгаа учраас өөрөө л хичээхгүй бол сурахад жаахан хүнд санагддаг. Хүссэн сургуульдаа орчихсон болохоор хичээж байгаад амжилттай төгсөнө өө.

-“Ковид-19” халдвараас хэрхэн сэргийлж байна?

-Гэртээ аль болох дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэж байгаа. Гадуур гарахгүй байгаа.

-Найз охинтой юу?

-Найз охин байхгүй ээ. Харин краш байгаа.

-Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Хамгийн түрүүнд хичээлдээ явах байх. Тэгээд боломж олдвол краштайгаа кино үзнэ дээ /инээв/.

-Иргэддээ зориулж зөвлөмж өгөөч?

-Аливаа зүйлийг эерэгээр хүлээн авч, бухимдаж дархлаагаа битгий унагаарай гэж хүсэж байна.

“…Одоо ч гэсэн оройтоогүй ээ

Олуулаа дэглэмээ сахицгаая аа

Гараа тогтмол угааж, маскаа зүүгээд коронавирусээс сэргийлцгээе…” гээд “Мааз” дууныхаа сүүлийн бадгийг зөвлөмөөр байна /инээв/.

Энэ дашрамд жолооч Д ах болон түүний гэр бүлийнхнээс уучлал гуйж байна. Хүний хувийн нууцад халдах ч юм уу, хэн нэгнийг доромжлох гэж ийм юм хийгээгүй шүү гэж танай сайтаар дамжуулан хүсэж, тэр ах болон гэр бүлд нь нийт монголчууддаа эрүүл энхийг хүсье хэмээсэн юм.


Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Youtube-д тавигдаад 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан 10 дуу

1.BTS- Dynamite

2. BlackpinkHow You Like That

3. BTS (ft. Halsey) –Boy With Luv


4. Taylor Swift (ft. Brendon Urie) – Me!

5. Blackpink – Kill This Love


6. Ariana Grande – Thank u, next


7. BTS – On (Kinetic Manifesto Film: Come Prima

8. BTS – Idol

9. BTS – On


10. Taylor Swift – Look What You Made Me Do

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Карантиныг сонирхолтой болгох 5 кино

Улс орон даяараа хөл хорионы дэглэмд шилжиж хүн бүр гэртээ байгаа энэ үед үзсэндээ хэзээ ч харамсахгүй, таны гэртээ байгаа өдрүүдийг сонирхолтой болгох 5 киног танилцуулж байна.


1.BE WITH YOU

Жинхэнээсээ уйлуулдаг кино хайж байгаа бол та энэхүү киног заавал үзээрэй. Хатуу сэтгэлтэй хэний ч хатан нурууг хугалдаг уг киноны гол дүрүүдэд бидний дуртай “Crash landing on you” сериалын гол дүр Сон Еэ Жин болон Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Со Жи Саб нар тоглосон байдаг.

Үйл явдал: Бүсгүй нас барахаасаа өмнө нөхөртөө нэг жилийн дараа борооны улирал эхлэхэд буцаж ирнэ гэж итгэмээргүй амлалт өгдөг. Хүү ээжийгээ ирнэ хэмээн бороо орох бүрт хүлээнэ. Гайхамшигтай байдлаар тэрээр амлалтаа биелүүлж, нөхөр, хүүгийнхээ өмнө дахин гарч ирнэ. Харамсалтай нь Су Ах борооны улирал дуусахад гэр бүлээ орхих хэрэгтэй болно.


2. 500 HUNDRED DAYS OF SUMMER

Энэ киног та одоо болтол үзээгүй яваа юм биш биз? Уг кинонд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар маш сонирхолтойгоор өгүүлдэг.

Үйл явдал: Том бол офиссын ажил эрхэлдэг жирийн нэгэн залуу. Гэвч түүний амьдралд Summer хэмээх дэггүй бүсгүй гарч ирснээр Томын амьдралын 500 хоног зөвхөн түүний төлөө гэмээр өнгөрнө. Тэд яг л хосууд шиг аз жаргалтай цаг хугацааг хамтдаа өнгөрүүлнэ. Гэвч эцсийн мөчид Summer энэ бүхнийг ердөө л найзуудын харилцаа гэж боддогоо илэрхийлнэ. Ойлголтын зөрүүтэй энэ харилцаа цаашид яаж төгсөх бол?


3. CRAZY RICH ASIANS

Та өөрийгөө гэнэт үнсгэлжин болсноо мэдвэл яах вэ? Гол дүрийн бүсгүйд товчоор хэлвэл яг л ийм үйл явдал тохионо.

Үйл явдал: Их сургуулийн профессор Рэйчил болзоот залуугийнхаа гэр бүлийнхэнтэй танилцахаар болно. Олон сар болзсон залуу нь улсынхаа толгой баян гэр бүлээс гаралтай гэдгийг гэнэт л мэдэж, бүсгүй галзуу баян Азиудын амьдралын хэв маягийг хараад шоконд орно. Никийн ээж тэдний харилцааг тас хорьдог ч Рейчил өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадна.


4. YOU GET ME

Дээр санал болгосон кинонуудаас “You get me” нь триллер төрлийн кино гэдгээрээ ялгаатай. Гэвч үзсний дараа та хэзээ ч харамсахгүй шүү.

Үйл явдал: Тайлор нэгэн үдэшлэгийн үеэр найз охиноосоо салж, уурандаа нэгэн танихгүй охинтой хамт 3 хоногийг өнгөрүүлж орхино. Буцаж ирээд найз охинтойгоо эвлэрсэн боловч танихгүй охин түүний амьдралд дахин гарч ирснээр түгшүүрт үйл явдлууд ар араасаа тохиолдоно.


5. TO ALL BOYS I HAVE LOVED BEFORE

Хэн нэгнийг нууцаар хайрлаж байсан үе хүн бүрт байдаг. Гэвч тэр нууц нэг л өдөр задарвал яах вэ? Хөнгөн, хайр дурлалын сэдэвтэй энэхүү кино таныг огтхон ч уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.

Үйл явдал: Лара Жин өмнө нь шохоорхож явсан 5 залуудаа хайрын захиа бичиж хадгалсныг, дүү нь олоод эзэд рүү нь илгээчихдэг. Ингээд Лара Жиний амьдард шинэ, хуучин 5 краш нь гэнэт гарч ирнэ. Тэдний дотор эгчийнх нь найз залуу, сургуулийн хамгийн царайлаг залуу Петер нар бий. Петер найз охиндоо хаягдсанаар Лара Жинд хуурамчаар үерхэх санал тавина. Гэвч тэдний хуурамч үерхэл жинхэнэ хайр болох болно.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Алтанжаргал: Залуучуудын сонсож буй хөгжмийн урсгал руу ардын урлагаа хөрвүүлж оруулах хэрэгтэй санагддаг

“Дүүриймаа” зэрэг монгол ардын олон сайхан дууг өвөрмөц тансагаар дуулж сонсогчдын талархлыг хүлээгээд байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргалтай ярилцлаа. Тэрээр өдгөө “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” зэрэг цомгийг гаргажээ.


-Оюутан байхдаа поп стилиэр дуулдаг хамтлагтай байсан гэж сонссон. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Оюутан байхдаа “Asian shop” хамтлагийг үүсгэн байгуулж байлаа. Хамтлагт байхдаа хоёр жилийн хугацаанд хэд хэдэн дуу гаргаад амжсан ч багш маань ихэд дургүйцэж “Уртын дуучин болох байж поп хамтлагт яагаад дуулж байгаа юм” гэж зэмлүүлснээс уртын дуучнаар сэтгэл шулуудан суралцсан. Би чинь өөрөө уртын дуучин мэргэжилтэй болохоор сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд завсарласны дараа 2012 оноос дахин уртын болон ардын дуугаа дуулсан.

-Урлагийн олон төрөл байдаг шүү дээ. Чухам яагаад ардын дууны төрлийг сонгох болов?

-Хүүхэд байхаасаа л дуулж эхэлсэн. Нэг билүү хоёрдугаар ангид байхад Хишигбаяр гэдэг дуу хөгжмийн багш маань анх “Хөөрхөн халиун” уртын бэсрэг дууг зааж, уралдаан тэмцээнд оролцуулж байсан юм. Түүнээс хойш уртын дуу дуулах арга барилд суралцаад өнөөг хүртэл дуугаа дуулаад явж байна даа.

-Удахгүй “Тэнгэрийн салхи” тоглолт тань болно гэсэн. Тоглолтод ямар хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөх вэ?

-Өмнө нь морин хуурын чуулгатай хамтран тоглож байсан бол одоо “Жонон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцоно.Мөн төгөлдөр хуурч Лигдэн, Монголын Филармонийн симфони найрал хөгжмийн хөгжимчин Б.Батцэцэг, уртын дуучин Л.Баяржавхлан, найруулагчаар н.Батнайрамдал нар ажиллана. Найруулагч Батнайрамдал ахтай гурав дахь уран бүтээл дээр хамтарч байна. Дуулсан дуунуудыг маань тодорхой он цаг хугацаанаас түүчээлж тайзны болон дэлгэцийн бүтээлийн найруулга утга зүйн холбогдолтой болгож гаргадаг чадварлаг хүн байгаа юм.Энэ удаад би ерөөсөө тайзнаас буухгүй, 1цаг 40 минутын турш үзэгчдийнхээ сонорыг мялаана.

-2020 он тэр чигтээ “Ковид-19” цар тахлын үе байлаа шүү дээ. Ялангуяа урлагийнхны хувьд уран бүтээлээ цэгнэх, нөгөөтэйгүүр бэлтгэлээ базаах үе байсан байх. Таны хувьд энэ хугацаанд юу амжуулав?

– Энэ ондоо багтааж өөрийн нэгэн уртын дууны цомог гаргахаар эхлүүлчихсэн байгаа. Мөн пянз, CD гээд нэлээдгүй ажлууд байсан ч өнгөрсөн найм, есөн сард хорио цээр гэхээсээ илүүтэй амралтын байдалтай өнгөрүүллээ. Энэ хугацаанд зүгээр суулгүй ардын богино хоёр дууныхаа клипийг хийлээ. Мөн хоёр ч шинэ дууны найруулгыг хийгээд амжсан. Одоо бол өмнөх богино ардын дуунаасаа илүү томоохон дуунууд мөн бэсрэг уртын дууг сонгон бүтээл туурвиж, мэргэжлийн талаас нь хандаж байна. Цар тахалгүй сайхан цаг үе ирэх байх гэж найдаж байгаа.

-Ер нь залуучууд ардын дууг тийм ч их таашаахгүй байх шиг. Өнөө цагт уртын болон ардын дууг дуулахад хэр тохиромжтой гэж бодож байна вэ?

-Манай үндэсний ардын дуунууд бүх цаг үед тохиромжтой. Дэлхий нийтийн хөгжмийн чиг хандлага богино хугацаанд өөрчлөгдөж байна. Мэдээж залуучууд тэр урсгалын хөгжмөө сонсох ёстой болно. Ардын урлагаа сонсохгүй байна гэж дургүйцэж байгаа зүйл огт биш юм. Тэр тал дээр тодорхой хэмжээний ойлголттой л байх хэрэгтэй санагддаг.Ардын болон уртын дуугаар чөлөөт уран бүтээл хийж буй хүмүүс аль аль талаа гээхгүй авч явах хэрэгтэй. Бидний хувьд ардын урлагийн өв тээгч, тиймээс язгуур хэв шинжээр нь авч үлдэнэ гэдэг нэг номерын асуудал, нөгөөтэйгүүр дундад насныханд зориулж уран бүтээл хийнэ гэдэг бас нэг асуудал байгаа юм. Тиймээс залуучуудын сонсож байгаа хөгжмийн урлаг хаашаа чиглэж байна, тэр чиг рүү ардын урлагаа сэлбэж оруулах нь зөв гэж боддог. Тэгэхээр тодорхой хэмжээний хөрвүүлэлттэй байвал зүгээр байх.

-Хүн ер нь нас тогтоод ирэхээрээ ардын дууг сонсдог юм болов уу?

-Дууг сонсох цар хүрээ гэдэг зүйл чухал байгаа юм.Ардын богино дуу нь үндэсний хөгжимтэйгөө төгс зохицдог хэлбэр юм. Ардын дууг цөөхүүл хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Харин уртын дууг морин хуур, лимбэ хоёргүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Үүнтэй л адил. Бид гадаад дотооддоо энэ талын хөгжмийг сонирхуулахын тулд орчин үеийн хөгжмийг ашиглаад байгаа юм. Хөгжмийн арга барилыг нь л өөрчилж байгаа болохоос дууг нь өөрчлөөгүй шүү дээ. Тэгэхээр айхавтар зөрчилдөөд байгаа зүйлгүй.

-Сүүлийн үед уртын дуу, ардын дууны ая дан өөрчлөгдсөн үү?

-Ер нь бол Монголын үндэсний урлаг болох уртын дуу XIX, XX зууны үед төгс оргил үе дээрээ байсан. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд их азтай хүмүүс. Тэр өндөр оргилыг залгаад авч байгаа учраас унагаахгүй юмсан гэж бодож байна. Орчин үед дууны урлаг илүү их баялаг болсон гэж бодож байгаа.

-Та дуулах дуугаа хэр их судалж байна?

– Ном зохиол дээр хэрхэн бичсэн байдаг, судлаачид юу гэж тайлбарлав, ямар утга санааг гаргах гэж байсан, хичнээн дуучид дуулсан гээд бүгдийг нь судална. Заримдаа оноод ч байх шиг, онохгүй ч байх шиг санагддаг. Одоо Б.Алтанжаргалынх гэсэн өнгө аяс гарсан үгүйг би мэдэхгүй, сонсогчид маань л шүүх байх. Миний хувьд өөрийгөө үүсгэсэн уран бүтээлч гэхэд эрт байна. Ардын дууг нийтийн урлаг гэж хэлж болно. Гэхдээ нөгөөтэйгүүр амнаас ам дамжин он жилийг туулаад ирчихсэн зүйл. Хамгийн багадаа л гэхэд 100 жилийн түүхтэй, 400-700 жилийн түүхтэй дуу ч байна. Бид ойрын 50-60 жилийн дуутай хольж хутгаад байдаг. Ардын урлагаа арай өөр түвшинд хүндэлж чухалчилдаг байгаасай л гэж боддог. Айхавтар домог түүх нь байхгүй дууг логикоор хайна.Тухайн дуугаа ойлгуулж хүргэнэ гэдэг цаг хугацаа шаардана. Тодорхой цаг хугацаандаа ч тэр бүр дуулагдаад байдаггүй дууг сонгож дуулдаг. “Дүүриймаа” дууны хувьд баруун сүмбэр, зүүн сүмбэр гэж дуулагддаг. Зүүн сүмбэрийг Чойрын Богд хайрхан гэж үзвэл баруун сүмбэр нь Батсүмбэрийн хайрханыг хэлдэг. Тэгэхээр уг дуунд өгүүлээд байгаа зүйл Төв аймгийн газар нутагт болж өнгөрсөн байна гэдгийг тогтоож болно. Аймаг сум болгонд ижил нэртэй хайрхан байдаг. Тэгвэл дуун дээр өгүүлэгдэж байгаа хайрханыг олохын тулд тэнд ямар гол урсдаг, байгалийн сайхныг яаж тодотгож байгаа талаар давхар хөөж олдог. Хамгийн анх “Дүүриймаа” дууг сонгож байлаа.

-Таныг их дотортой дуулдаг гэлцдэг. Дуундаа орж сэтгэлээсээ дуулна гэдэг дуугаа амилуулдаг байх. Та зарим уртын болон ардын дууны талаар тайлбарлавал?

-Сургамжит хэллэгтэй ардын дуунууд их бий. Тухайлбал,Сандуйтай мод дууг эш татъя:

“Сандуйтай юу мод нь болбол сар нарны чимэг

Сайн явдал саруул ухаан энэ биений чимэг

Сайхан чиг төрсөн залуухан тэр минь ээ

Санаж явсан миний биений зүрхний минь чимэг” гэх дууны санаа нь залуу явахдаа эрдэм ном сур, аливаа зүйлд сайн санаж явна гэдэг ажил үйлс нь үргэлж бүтэж явдаг, мөн зөв хүнтэй нөхөрлөнө гэдгийг философи, гүн ухаанаар тайлбарласан байгаа юм. Харин үүнийгээ л үеийн үед дуугаар дамжуулан тэр ард түмэн захиж, хэлж байгаа хэрэг л дээ. Гол нь аянд нь хууртаж болохгүй. Ямар нэгэн дууг зүрх сэтгэлээсээ сонсоод дуулбал бүгдийг ойлгодог. Хүн даган дуурайж болохгүй гэдэг л их чухал шүү.

-Та Багануурын уурхайд эксковаторын жолоочоор ажиллаж байсан юм билээ. Хүнд атлаа хариуцлагатай салбарт байна гэдэг амьдралд их туршлага болдог байх даа?

-Дуулна гэдэг маань миний өөрийн хүсэл тэмүүлэл байсан. Юм гэдэг санаснаар болдоггүй. Тухайн цаг үедээ дуулахаас өөр ажил хийх ёстой байсан юм болов уу л гэж боддог. Циркт циркчин хийгээд, уул уурхайн салбарт ажиллана гэдэг туулах ёстой зам мөр минь л байж. Одоо бол уурхайн ажлаа орхиод жил гаруй болж байна. Би чинь тун хариуцлагатай салбарт ажиллаж байсан. Уул уурхайн салбар гэдэг хийсэн мөрөө байнга нягталж, төлөвлөж маш нягт няхуур ажилладаг. Тийм ч учраас чөлөөт уран бүтээлч болсон ч яаж эрч хүчтэй явах вэ, яавал эрч хүчээ алдахгүй байх,хэрхэн зарчимтай ажиллах гээд тэр бүгд энэ ажилтай маань холбоотой байдаг. Чөлөөт уран бүтээлч хүн өнөөдөр амжихгүй ажлаа маргааш гээд хойшлуулж болдог. Гэхдээ миний хувьд төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу л бүх зүйлээ хийдэг. Аливаа зүйлийг хурдтай, цаг хугацаанд нь багтааж хийх л миний баримталдаг зарчим.

-Та дуулахаас өөр ямар хоббитой вэ?

-Чөлөөт цаг гарвал спортоор хичээллэхийг боддог. Ойрын үед тоглолтын бэлтгэл ажил гээд өөртөө ч бүү хэл гэрийнхэндээ ч цаг гаргаж чадахгүй л явна. Гэрээсээ өглөө гараад ороход хүүхдүүд “хэн бэ” гэх нь холгүй л байна даа(инээв).

-Та нийтдээ хичнээн цомог гаргав?

-“Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гээд гурван цомог гаргасан байна. Ер нь дуугаа дуулахдаа зөвхөн төв халхаар дуулахыг хүсдэггүй, бүгдийг л хамруулж дуулахыг боддог. Манай Төв нутагт “Баянбараат”, “Боржигон” аялгуу гэсэн уртын дууны хоёр том төлөөлөл байдаг. Боржигон аялгууг багтаасан цомгоо удахгүй гаргана. Анх Баянцагаан сумын харьяат уртын дууч Ц.Төмөр гэж хүний дуулсан “Дөмөн” дууг нутгийн хүний хувьд үргэлжүүлэн дуулна. Дэлхийд хамгийн анх баянбараатын аялгуугаар уртын дууг сонсгосон хүн шүү дээ. Энэ удаагийн тоглолтонд маань энэхүү дуу боржигон аялгуугаар дуулагдана. Өмнөх тоглолтод баянбараат аялгуугаар дуулсан. Ер нь боржигон аялгуу тэр бүр дуулагдаад байдаггүй учраас сэргээн дуулахыг хүсдэг. Энэ чинь л уртын дууг түгээгч хүний ажил шүү дээ.

-Боржигон аялгуугаар тэр бүр дуулдаггүй гэлээ. Тэгвэл баянбараат аялгуугаар дуулдаг хичнээн дуучид байдаг юм бэ?

-Энэ чинь их том хүрээг хамардаг. Дундговь, Өмнөговь, Өвөрхангайн наад хэсэг, боржигонд Дундговь аймгийн тал, Төв аймгийн тал, Хэнтий аймгийн наад хэсэг гээд нутаг нутгийн үг хэллэг, аялга, ахуйн соёлоос хамаарч нэг дуу гэхэд А, В, С гэх мэт олон хувилбартай байдаг. Баянбараат аялгуугаар сайхан дуулдаг хүн гэвэл миний багш л байлаа даа. Багшийн маань гарын 11 шавь гавьяат цол хүртжээ. Манай багш чинь энэ урлагт яахын аргагүй өөрийн зүрх сэтгэлээ зориулж байсан. Дундговь аймгийн харьяат Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэр гээд их сайхан дуулдаг хүн байлаа. Ардын урлагаар уран бүтээл хийх сонирхолтой, цаашид дуулах хүсэлтэй хүмүүст хэнд нь ч татгалзахгүй өөрийн мэдлэгээсээ хуваалцдаг тийм л мундаг хүн.

-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ сарын 12,13-нд болох тоглолтынхоо үеэрТөрийн шагналт Н.Жанцанноров гуайн “Сэвтээ нь үгүй сэтгэл” дууг дуулна. Мөн Алдарт уртын дууч МУУГЗ С.Цоодол гуайн нэрэмжит тэмцээн оны дараа Өвөрхангай аймагт болно. Тоглолт дээрээ түүнд хүндэтгэл үзүүлэн түүний дуулж байсан “Хүү минь хаана дуулж яваа бол” гэдэг дууг дуулахаар бэлтгэлээ базаагаад л байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

ХИТ болж буй монгол дуунууд

Залуусын дунд хамгийн олон хандалт авч, хит болоод буй монгол дуунуудыг энтертаймент буландаа онцолж байна.

  • Bold, Nene – One shot
  • Gangbay, Enerel – Shnax
  • UKA , 9TEEN90 – Bounce
  • Lumino, Ankhmaa – Парист хоёулаа болзьё
  • ThunderZ, Alungoo – Дүүргэ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд залуу уран бүтээлчНэнэ нарын хамтран дуулсан“One shot”дууYoutube сувагт одоогоор 1 сая хандалттай байгаа билээ. R&B/Soul төрлөөр бүтээгдсэн энэхүү уран бүтээл нь дуучин Д.Болдын шинэ цомогт багтсан бөгөөд клипэнд олны танил эрхмүүд гэр бүлийн хамт тоглож,1990-ээд оны хэв маягаар бүтээгдсэнээрээ онцлогтой.Мөн дууны мастер, миксийг Сингапурын студид хийлгэсэнбайна.

Өчигдөр цацагдсан реппер Энэрэл, Gangbay хамтлагийн шинэхэн уран бүтээл болох Shnax тавигдсан даруйдаа81 мянган хүнд хүрчээ. Энэхүү дуу нь Belluci Records, Gangbay хамтлагтай хамтарсан 4 дэх уран бүтээл юм.

Дуучин Укагийншинэхэн уран бүтээл болох Bounce дууг 2 долоо хоногийн хугацаанд 244 мянган хүн сонсчээ. Найруулагчаар Мөнхтулга ажилласан бөгөөд мөн л давтагдашгүй өнгө төрх, хэмнэлийг сонсох болно.

Люмино хамтлаг, “3 охин” хамтлагийн дуучин Анхмаа нарын“Парист хоёулаа болзъё”хэмээх уран бүтээлсаяхан шинээр мэндэлсэн билээ. Удаан хугацаанд уран бүтээлээсээ завсардаад байсан дуучин Анхмаа болон Люмино хамтлагийн дуу сая гаруй хүнд хүрчээ.

“Өөрийн “LIFE”-аа өөрийн хүссэнээр ДҮҮРГЭ ДҮҮРГЭ ДҮҮРГЭ. Намайг ойртоход чиний зүрх ТҮГ ТҮГ ТҮГ”гэх үгс хэдийнэ танил болсон байгаа биз. Тэгвэл нийгмийн сэдэвтэй дуунуудаар дагнан уран бүтээл хийдэг реппер Thunder, залуу дуучин Алунгоо нарын хамтын уран бүтээлийг та сонссон уу?Youtube сувагт 2 сая гаруй хандалтыг аваад байгаа энэхүү дууг #дутуугаа_дүүргэ уриан дор “KFC” Brand-тэй хамтран бүтээсэн байна.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Нэг доллараар 100 саяыг “босгосон” КИМ КАРДАШЬЯН

Армени, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, Кавказын бүс нутагт тайван байдал алдагдаад байгаа билээ. Арменийн ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас яаралтай тусламж авахыг хүссэн захидал илгээсэн бол Азербайжаны талд Туркийн эрх баригчид зэвсгийн тусламж үзүүлж байгаа юм. 1994 онд Азербайжан, Арменийн хооронд дайн дэгдэж, 30 гаруй мянган хүн амиа алдсанаас хойш болж байгаагүй ширүүн зэвсэгт мөргөлдөөн ийнхүү Уулын Карабахад өрнөв.

Уулын Карабахад өрнөж буй энэ үйл явдлыг Америкийн реалити шоуны од Ким Кардашьян дэлхий нийтийн анхаарлыг төвд аваачиж, Арменийн талд нэг сая ам.доллар хандивласан нь ялангуяа Азербайжан улсын дургүйцлийг төрүүлсэн юм. Армени гаралтай, дэлхийн хэмжээний од Ким Кардашьян өнгөрсөн сарын эхээр 191 сая дагагчтай өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулж Армени улсад хандив тусламж үзүүлэхийг дагагчдаасаа гуйсан билээ.

Ким “Би бодол санаа, залбирлаараа зоригт армени эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй хамт байдаг. Биднийг хил хязгаар зааглаж байгаа хэдий ч чин зүрхэндээ энэ дэлхийн армени үндэстнүүд гэдгийг бүгд санаасай. Энэ хүнд хэцүү цаг үед армени хүмүүст хоол хүнс, орон баяр, эмнэлгийн тусламж, хүмүүнлэгийн тусламж маш их хэрэгтэй байна. Арменчууддаа нэг сая ам.долларын бодит тусламжийг хувийнхаа зүгээс “Арменийн сан”-д илгээж байгаагаа үүгээр илэрхийлье. Та бүхэн миний энэ бичлэгийг олон нийтэд түгээж, тарааж, мэдээллийн хэрэгслүүдээр цацах, эсвэл нэг нэг доллар хандивлаж миний энэ үйлсийг дэмжээрэй гэж уриалж байна. Энэ хандивт та бүхэн идэвхтэй оролцоорой. Азербайжан, Туркт намайг үзэн ядагчид байдаг ч тэднээс хавь илүү дэмжигчид дэлхий даяар байдагт би итгэж байна” хэмээн инстаграмаараа бичлэг хийж цацсан юм.

Ким Кардашьян бол манай дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг, хамгийн алдартай армени бүсгүй, телевизийн од, бизнес эрхлэгч. Тэрээр нэг сая долларыг Армени улсад хандивласны дараа “Арменийн сан”-д дэлхийн өнцөг булан бүрээс түүний шүтэн бишрэгчид нэг нэг доллар шилжүүлсээр нийтдээ 100 гаруй сая ам.доллар цуглаад байна. Ким Кардашьяны энэ менежмэнтийг бизнес судлаачид “Сошиалаар богино хугацаанд ийм хэмжээний хөрөнгө босгоно гэдэг хэцүү. Гэхдээ боломжтой гэдгийг Ким харууллаа. Хүнээс нэг сая доллар авахад хэцүү, харин 100 сая хүнээс нэг нэг доллар авахад маш амархан. Үүгээрээ Ким маш зөв менежмэнттэй бизнес эрхлэгч гэдгээ харууллаа. Өөрөө эхлээд нэг сая доллар хандивласан нь хүмүүсийн итгэлийг төрүүлсэн учир энэ хандив амжилттай болсон. Магадгүй энэ бол уулын хүмүүсээс л гарах арга ухаан байх” гэсэн тайлбарыг хэлжээ. Гэтэл ялангуяа азербайжанчууд Ким Кардашьяны энэ үйлдлийг эрс буруушааж, элдвээр заналхийлж, инстаграм хуудсанд нь үзэн ядсан олон мянган сэтгэгдэл бичсээр байгаа юм. “Ким энэ үйлдлээрээ дайныг санхүүжүүлж байна”, “Карабах бол Азербайжаны нутаг гэдгийг энэ эмэгтэй мэдэхгүй байна”, “Кимийн өгсөн сая доллар сая азербайжан хүний аминд хүрнэ”, “Армени улс нэг эмэгтэйн өгзгөөр тэжээгдэж байна”, “Өгзөгөө зарсан доллараараа дайныг даамжруулж байна” гэхчлэн элдэв хараал, муу муухай үгсийг урсгаж, Кимийн гэр бүлийг үзэн ядаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Кимийг дэмжигсэд “Энэ хандив нэг ч буу, нэг ширхэг суманд ч зориулагдаагүй. Хүмүүнлэгийн хандивт очиж байгаа” хэмээжээ. АНУ-ын Лос-Анжелес хотод арменичууд олноор амьдардаг бөгөөд тэд мөргөлдөөний улмаас хүнд байдалд ороод буй энгийн иргэдэд туслах зорилгоор “Armenia Fund” сан байгуулж, армени гаралтай, дэлхийн алдартан Ким Кардашьянд хүсэлт тавьсан нь ийнхүү амжилттай болсонд хязгааргүй баярлажээ. Кимийг инстаграм хуудсандаа ийнхүү уриалга бичлэг хийсний маргааш Лос-Анжелесын гудамж талбайд 20 мянган гаруй хүн цугларч, арменичуудыг дэмжиж, хандивт нэгдэж, Азербайжаны талыг зэвсгээр хангаж буй Турк улсын Элчин сайдын яамны гадна очиж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Ким Кардашьяны өвөг дээдэс XIX зуунд Армениас АНУ-д цагаачилж ирсэн бөгөөд тэрээр Армени цагаачдын гурав дахь үеийн төлөөлөгч гэгддэг. Ким өмнө нь хоёр удаа өвөг дээдсийнхээ нутагт болох Арменид зочилж, хүүхдүүдээ үнэн алдартны шашны хамгийн том сүмд загалмайлуулж байжээ.

Армени иргэдийн хувьд мөргөлдөөнтэй хүнд үед Кимийн санаачилсан хандивын аянаар 100 гаруй сая ам.доллартай болсондоо хязгааргүй талархаж “Армени хүний халуун цус судсаар нь гүйсэн зоригт бүсгүй бүхэл бүтэн нэг улсыг аварч байна. Арменийг бүх дэлхийн анхаарлын төвд оруулж чадлаа. Тэр бол баатар” гэж баярын нулимс унагасаар байна. Армени улсыг дэлхийн хэмжээний ганцхан од нь ийн “аврав”. Үүнтэй адил Монгол Улс дэлхийн хэмжээний ганцхан л одтой болоход долоохон хоногийн дотор 100 сая ам.доллар байтугайг босгох боломж байна. Армени улс 2010 оны байдлаар 3.2 сая хүн амтай гэсэн тоо байна. Манайхтай тэнцүү хүн амтай энэ улсын эдийн засгийг дэлхийн хэмжээний ганц од нь нэг хэсэгтээ л толгой өвдөхөөргүй болгоод шийдээд өгчихлөө. Үүнтэй адил бид дэлхийн хэмжээний ганцхан л одтой болох, монгол хүнийг дэлхийд гаргаж ирэхэд анхаарах хэрэгтэй болжээ. АНУ-д манай нэг иргэн алдаршиж, дэлхийн хэмжээний од болоход яг л ийм зарчмаар хөдлөхөд хэдэн зуун сая доллар босгох боломж нь бэлээхэн байна. Алдартай хүн зөвхөн өөртөө л ашиг авчирдаггүй эх орондоо ч асар их ашиг авчирч болдгийг Ким гэх энэ бүсгүй харууллаа шүү дээ. Үүгээрээ ч тэр алдартнуудын талаарх энгийн хүмүүсийн ташаа бодлыг засчихлаа.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр өнөөдөр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа. “Киви” хамтлаг 2004 онд байгуулагдсанаас хойш тэрбээр ахлагчаар нь ажиллаж байгаа юм. Д.Уламбаяр буюу Ука нь The voice of Mongolia шоуны хүндэт шүүгчээр ажилласан.

Тэрбээр 1979 онд төрсөн бөгөөд эцэг эхээс зургуулаа. Дуучин Ука Соёл урлагийн их сургуульд сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж “Орхон” дээд сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн дарга мэргэжлээр суралцсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг. Дуучин бүсгүй продюсер Б.Дашдондогийн “Nature sound” студийн анхны төгсөгчийн нэг юм. Продюсер Б.Ангирмаа түүнийг анх олж харснаар “Киви” хамтлагийг байгуулах санаа төрсөн гэдэг.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Дуучин Д.Отгонжаргал ирэх сард тоглолтоо хийнэ

Дуучин Д.Отгонжаргал “Хун галуу” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хийхээр болжээ.

Түүний энэ удаагийн цэнгүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, соёлын тэргүүний ажилтан, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Б.Алтанжаргал, жүжигчин И.Идэрмаа, “UB DRUMS” бөмбөрийн хамтлаг, “Салхи” хамтлаг, бүжгийн “UB dance” хамтлаг оролцох аж.

Дуучин бүсгүй тус тоглолтдоо сүүлийн үед хит болсон дуунуудаас эгшиглүүлэхээс гадна шинэ бүтээлээ ч сонгосон гэнэ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Зохиолч Todko Samson: Бидний амьдралд итгэхийн аргагүй зүйлс маш олон бий

“Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад”, “Дээд айл”, “Миний хайрт, миний хуримын гэрч”, “Сүрэг” романы зохиогч Todko Samsonтой ярилцлаа.


-Таны “Вангийн нулимс”, “Сүрэг” гээд хоёр ч роман “Интер ном”, “Аз хур” номын их дэлгүүрийн бестселлерт аман хүзүүдэж явна лээ?

-Тийм. Интерномд бол тавуулаа явж байгаа. 2018 оноос хойш цувралууд маань гарсан. Хамгийн сүүлд есдүгээр сард “Сүрэг” роман хэвлэлтээс гарч уншигчиддаа хүрч байгаа нь энэ.

-Todko Samson гэдэг зохиогчийн нэр үү?

– Тодко гэдэг нь гэрийнхэн авгайлж дууддаг нэр, Samson гэдэг нь өөрийн нэрэн дээр нэмсэн нийтлэлчийн нэр.

-Яагаад гадаад нэр сонгосон бэ, гадаадад амьдарч байсантай чинь холбоотой юу?

-Гадаадад амьдарч байсан. Австри, Германд байхад намайг Samson гэж дууддаг. Монголчууд, ах дүү, найз нөхөд маань Тодко гэдэг. Энэ хоёрыг нийлүүлээд Todko Samson болсон юм. Гадныхан Т.Мягмартогтох гэдэг урт нэрийг дуудаж чаддаггүй учраас зүгээр л Samson гэдэг байсан. Би урт үстэй байсан. Залуу арслан гэсэн утгатай үг л дээ.

-”Чамд хэн итгэх юм бэ?” цуврал гэхээр содон сонсогдсон л доо. Яагаад ийм цуврал бичихээр болсон юм бэ?

-Бид итгэхийн аргагүй цаг үед амьдарч байна л даа. Ардын хувьсгал, их хэлмэгдүүлэлт, социализм, бүтээн байгуулалтын цаг үе, ардчилал маань ч загварчилсан капитализм л юм. Бидний туулсан амьдрал, одоо туулж байгаа амьдралд итгэхийн аргагүй зүйлс маш олон бий. Бидний ингэж өрнөнө гэж бодож байсан түүхүүд худлаа болж хувирах, итгэж үнэмшиж, үнэн гэж бодож явсан нийгмийн өөрчлөлтүүд ардаа ямар дүр эсгэсэн байдаг, эрүүл мэнд гэж чухалчилж ярьдаг вакцины ард гэхэд л бизнес, улстөрчдийн ханцуйн доторх наймаа явагдаж байдаг гэх мэтчилэн түүх нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гэх мэтээр энэ таван цувралд таван өөр сэдвийг хөндөж, гаргасан. Итгэхийн аргагүй зүйлсийг би олж сурвалжилж, уншсан хүн ч уншсан зүйлдээ итгэхийн аргагүй үнэнийг олж мэдэг гэсэн юм.

-Таны сэтгүүлч мэргэжил уран зохиолын ном бичихэд тань ч хэрэг болжээ?

-Энэ бол баримтат уран зохиол гэдэг төрөлдөө орно. Уран зохиолын хувьд уран зохиол гэхдээ доторх мэдээлэл, орон байр, цаг хугацаа, дүрүүд баримтат гэсэн үг. Баримт орсон. Нэгдүгээрт, миний сэтгүүлчийн мэргэжил нөлөөлсөн байх. Би сэтгүүлчээр удаан ажиллаагүй. Хоёрт, их аялж, баримтын араас хөөцөлдөж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг уран сайхны хэлбэрт оруулж уран зохиол болгож гаргасан гэсэн үг л дээ.

-Уншигчдын сэтгэгдлийг харж байхад таныг манай үндэсний томоохон эмийн компанитай энэ романаас болоод муудалцсан, тэдний зүгээс шахалт үзүүлсэн гэх яриа хөөрөө өрнөсөн байна лээ?

-Үндэсний компани битгий хэл, өчнөөн газруудтай янз бүрийн асуудал гарна. Монголчууд баримтат уран зохиолд дасаагүй байна л даа. Түүхэн уран зохиолдоо л ач холбогдол өгдөг. Түүхэн уран зохиол бичдэг, уншдаг учраас баримтат биш, зохиож бичиж байгаа зохиолуудад дадсан учраас гэнэт төр, нийгмийн үйл явдал, ямарваа нэгэн байгууллага, нийгмийн тогтолцоо, салбарын үйл ажиллагааг хөндөөд эхлэхээр цочирдсон байх. Түүнээс болж сошиалын маргаан, иргэний хэрэг, өргөдөл гомдлууд ч үүсч байсан. Аливаа зүйл хоёр талтай.

Яаж ч өрнөсөн уран зохиол бол уран зохиол. Эцсийн мөчид бардам хэлэхэд “Чи намайг биччихсэн юм уу” гэх юм бол тэр хүн өөрийгөө мэдэж байна л гэсэн үг. Чи манай байгууллагыг биччихсэн юм уу гэвэл өөрийнхөө байгууллагыг мөн гэж нотолж байгаа гэсэн үг учраас одоо ийм юм ярьж чадахгүй л дээ.

-Таван цувралыг богино хугацаанд бичсэн байна. Баримтаа цуглуулахад хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Энэ таван цуврал таван жилийн хугацаанд бичигдсэн. 2015 оноос хойш дэлхийн 28 улсаар аялж, тухайн улсынхаа шинжлэх ухаан, түүхийн академи, утга зохиолын салбарын хүмүүс, төлөвлөсөн хүмүүстэйгээ уулзах, дэлгэрүүлэх судлах “ухаж” явж, таван цуврал бичигдсэн л дээ.

-Та Т.Мягмартогтох гэдэг бодит нэрээрээ олон нийтийн өмнө гарч ирье гэж боддог уу?

-Миний номны хавтсыг сөхөөд үзвэл Түмэн-Өлзийгийн Мягмартогтох гэж нэр байгаа. Гэхдээ бид кибер цаг үед амьдарч байна. Технологийн цаг үед амьдарч байна. Өөрийнхөө нэрнээс татгалзаж байгаа юм биш. Цаг үе, маркетинг гэж бий. Би зөвхөн монгол уншигчиддаа зориулж бичдэг бол хамаа алга. “Вангийн нулимс” арваннэгдүгээр сард англи хэлээр гарах гэж байна. Үргэлжлээд бусад бүх цувралууд англи, герман хэл дээр гарна. Олон улсын зах зээлд, олон хэлтэй уншигчдад хандахад овог, нэрийг маань уншиж чадахгүй. Тамирчин бол яах вэ нэг удаа цоллуулаад, дуудуулаад өнгөрнө. Уран зохиол, ном, оюуны салбар бол мөнхийн дурдагдаж, санагдаж байх учраас зохиолч нар нийтлэлчийн нэр ашиглах нь түгээмэл. Дэлхий дахинд байдаг л соёл. Зохиолыг дагалдах хэл ам, хэрүүл шуугианд эцэг, эхээс заяасан өөрийн нэрийг хөндөхгүй байх гэсэн далд санаа ч бас бий.

-”Тэг цэгийн тэмүүлэл” арга хэмжээг бямба гаригт хийх юм байна. Нэрнээсээ авахуулаад өвөрмөц сэтгэгдэл төрүүлж байна. Энэ талаараа тодруулж яриач?

-Аялал, санхүү, хүний хөгжлийн гээд янз янзын ном зохиол гаргаж үзсэн залуучууд нэгдээд “Self Publishing” гэж өнгөрсөн жилийн өдийд байгуулсан юм. Бид уншигч залууст зориулсан сургалт, лекцүүдийг зохион байгуулдаг. Саяхан миний “Сүрэг” роман гараад, сонгуулийн үе байсан учраас номын нээлтээ хойшлуулсан. Ирэх бямба гаригт “Тэг цэгийн тэмүүлэл” гээд илтгэл, лекц, номын хэлэлцүүлэг, уншлагатай арга хэмжээ болох юм. Энэ арга хэмжээнд миний үеийн таван лектор оролцоно.

Ч.Ганжавхлан-“Хүн бай” нөлөөллийн илтгэл (Лантуун дохио ТББ-ын тэргүүн)

2. Г.Мөнгөн-“Хадгал” хувь хүний санхүүгийн эмх цэгц (Лектор, коуч, санхүүгийн зөвлөх) Тэр “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ”, “Тархины блок” номуудыг бичсэн.

3. Garret Wilson “Бүү зогс” motivation илтгэл (Гэрэгэ криатив Солюшнз ХХК)

4. Г.Наранбаатар “Хайрла” сэтгэл, нөлөөлөл (Гэр бүл сэтгэл судлалын ухааны доктор)

5. Todko Samson “Тэг-цэгийн Тэмүүлэл” намтарчилсан илтгэл (зохиолч сэтгүүлч) тавьж оролцох юм.

Нэг нь америк залуу, бусад нь монгол.

Араас нь “Чамд хэн итгэх юм бэ?” цуврал романы тухай хэлэлцүүлэг хийх үетэй.

Зохиолч Б.Наминчимэд, эртний Монголын гүн ухаан судлаач Т.Баярхүү, судлаач, нийтлэлч Д.Ганхуяг, утга зохиол шүүмжлэгч Д.Төмөр-Очир, найруулагч, зураач, “Боролдой” С.Мягмар нар оролцох юм. Төгсгөлд нь “Тархиа бүлээн байгаа дээр” оны сүүлээр гарах цомгийн амьд уншлагатай. Номын нээлтийн өдөрлөг гэж ойлгож болно доо.

-Тэг цэг гэж юуг хэлж байна вэ?

-Би “Тэг цэгийн тэмүүлэл” гэж лекцийг сүүлийн нэг сард хоёр, гурван удаа тавьсан. Үүнийгээ ирэх бямба гаригт дэлгэрүүлээд ярих юм. Ер нь хүнд илүү шунал, хүршгүй мөрөөдөл атгаг зүйлсээс илүү хүн бүүр юу ч үгүй болохыг хүсэх үе ч байдаг гэсэн утга санаатай. Найз нөхөд, ах дүү хамаатан садан, үр хүүхэд, мөнгө төгрөг, ажил мэргэжил юу юу ч байхгүй болохыг хүсэх үе ирдэг гэдэг. Өөрийн амьдрал дээр суурилсан намтарчилсан лекц тавигдах юм.

-Монголд зохиолч номын орлогоор амьдрах боломжтой юу. Нууц биш бол та өөр орлогын эх үүсвэртэй юу?

-Би өөр бизнестэй байлгүй яах вэ. Ном гэдэг архинаас цөөн тоогоор зарагдаж байгаа зүйл. Тэгэхээр зөвхөн түүгээр амьдарч, бизнес болгох боломж байхгүй. Ном нийгмийг тэр чигт нь эрүүл байлгах, ухамсартай, цензуртай байлгах, ганц зэвсэг. Телевиз радио, утас, сошиал хэзээ ч энэ орон зайг нөхөж чадахгүй. Хүний ухамсрын хөгжил тархины тэжээл бол зөвхөн ном байдаг. Миний ном сайн зарагдаж байгаа. Буцаад энэ маань уншигч нартаа хүрэх дараагийн бүтээлийг санхүүжүүлэх, аялал, сурвалжлага, судалгаанд зарцуулагдана. Манай гэр бүл, миний өөр санхүүгийн эх үүсвэрүүд бий. Би номоо бичиж байхдаа хэзээ ч мөнгөний тухай боддоггүй. Хамгийн чанартай, төгс байдлаар, надаас гарч болох хамгийн дээд хэмжээгээр бичиж гаргахыг хичээдэг. Дараа нь уншигчид дүнгээ тавина. Би өөрөөсөө ухаантай хүмүүст зориулж ном бичиж байгаа шүү гэж өөртөө дандаа хэлдэг. Тэр хүмүүс мэдээж шүүн тунгаагаад бүтээл болж уу, бүтээгдэхүүн болж уу гэдэгт дүн тавихаас хойш надад мөнгө бодох сэдэл байхгүй.

Хэрвээ мөнгө, тооцоо бодож бичсэн бол үнэхээр хөгийн ном байх болов уу.

-Таны нэг зургийг харсан. Номоо төлөвлөхдөө схем гаргаж, үйл явдал, газар нутаг, дүрүүд гээд салбарлаад маш их тооцоо бодож бичдэг юм шиг санагдсан?

-Тэр тооцоо биш л дээ, төлөвлөгөө. Дүрийн мөн чанарыг гаргаж ирэх, дүр, үйл явдал, цаг үеийг амилуулах хэрэгтэй болдог. Түүнээс биш тийм байсан байж магадгүй гэж амьгүй, голгүй юм хийж болохгүй. Орчны зураглалгүй, салхи нь сэвэлзэхгүй, нар нь төөнөхгүй, өвс нь үнэртэхгүй бол уран зохиол биш л дээ.

-Та зохиолынхоо схем төлөвлөгөө гаргахдаа үнэхээр ханан дээрээ зурчихдаг юм уу?

-Ханандаа ватум цаас наагаад зурна. Төлөвлөгөөгөө гаргана. Миний номонд гол дүр гэж байдаггүй. Бүгд гол дүр. Тийм учраас уялдаа, үйл явдал, дүр, мөн чанараар холбогдох учиртай. Үүн дээр алдаа, нээнтэг гарч болохгүй. Ингэж төлөвлөж ажилладаг.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

З.Онон: “Бүтэн амьдрал”-ын Номингийн дүрд тоглохын тулд 24 кг хассан DNN.mn

Х-ТҮЦ” продакшны жүжигчин З.Ононтой ярилцлаа.


-Та “Бүтэн амьдрал” олон ангит кинонд гол дүр бүтээсэн шүү дээ. Өмнө нь гол дүр бүтээж байв уу?

-Анх 2011 онд “Х-Түц” продакшнд орж байлаа. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Учиртай гурав” уран сайхны кинонд Д.Золбаяр найруулагчийн хүсэлтээр гол дүр бүтээж байсан. Мөн 2009 онд “Төгс бүсгүйн зууч” кинонд гол дүрийн жүжигчнээр тоглосон. “Бүтэн амьдрал” кино миний гурав дахь гол дүр бүтээсэн кино юм.

-Гол дүр бүтээх мэдрэмж ямар байсан бэ?

-“Бүтэн амьдрал” киноны хувьд драмын, олон анги кино байсан. Гэр бүлдээ гаргах цаг хугацаа, эх хүний үрээ гэсэн сэтгэл, хатуужил гээд жүжигчнээс маш их ур чадварыг гаргах хэрэгтэй болсон. 400 гаруй үзэгдэлд тоглоход тийм ч амар даваа байгаагүй. Номин хэмээх бүсгүйг сэтгэлийнхээ гүнээс мэдэрч, тийм хүнийг амилуулж, сэтгэл хөдлөл бүрийг нь илэрхийлэхийн тулд өөрийнхөө найзууд мөн эмчээс хавдартай өвчтэй хүн ямар байдаг талаар лавлаж их судалгаа хийсний үр дүнд дүрээ сайн гаргаж чадсан. Тиймдээ ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн байх. Ялангуяа ээжүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан кино болсон.

-Кинонд тоглосны дараа өөр киноны санал ирсэн үү?

-“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр ахтай хамтарч одоо нэг киноны зохиол дээр ажиллаж байгаа.

-“Бүтэн амьдрал” кинонд тоглохдоо нэлээд жин хассан гэж дуулсан?

-Өнгөрсөн зургадугаар сард “Хүлэгү”,“Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл болох тус кинонд тоглох саналыг аваад их эмээж байлаа. Тухайн үед би төрөөд удаагүй, хүүхэд маань зургаан сартай байсан. Өмнө нь олон анги киноны гол дүр бүтээж байгаагүй учраас ямартаа ч зохиолоо уншиж үзье гэж бодсон. Тэгээд зохиолоо уншихад хамгийн гол нь зохиолын дүр маань нэлээд туранхай санагдсан. Дүрээ сайн гаргахын тулд бүтэн зуны турш дасгал хөдөлгөөн хийж хичээсний үр дүнд 24 кг хасч чадсан. Олон өдрийн тэсвэр тэвчээр, оролдлого зүтгэлийн дүнд энэ дүрээ сайн гаргасан. Номингийн дүр хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн сэтгэлд хүрсэн гэж бодож байгаа.

-Өөрийг тань урлаг руу хөтөлсөн зүйл юу байв?

-Арван жилд байхын л тал талын авьяастай хүүхэд байж билээ. Сургуулийнхаа урлагийн үзлэг болгоныг алгасахгүй орно. Өөрийнхөө дуу хоолойг бичиж аваад дуулж, бүжиглэдэг, жүжиглээд л явж байдаг. Гэтэл манай аавын дүү “СУИС-ийн конкурс болох гэж байна. Чи өгөөд үзээч” гэсэн. Гэрийнхэн маань ч дэмжин СУИС-ийн С.Сугар багшаасаа давтлага авч шалгалтаа өгсөн. Манай өвөөгийн ээж “Бөмбөгөр ногоон” театрын ганц солист жүжигчин байсныг саяхан мэдсэн. Би чинь аавынхаа талаас урлагийн удамтай хүн юм билээ. Их сургуулиа төгсөхөд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч эсвэл “Х түц” продакшны жүжигчин гэсэн хоёр сонголттой тулгарсан. Тэгээд л анхнаасаа “дурласан” жүжигчний мэргэжлээ сонгосон доо.

-Та ханьтайгаа хамт “Чи бидэн хоёр”, “ Ханьдаа” гээд хоёр ч дуу дуулсан шүү дээ. Дахин уран бүтээл дээр хамтарч ажиллах уу?

-Анх нөхөртэйгөө оюутны байранд танилцсан. Тэр үед Идэрээ намайг харж явсан гэдэг юм. Хамтдаа амьдраад арван жил болжээ. Ер нь хамтарч уран бүтээл гаргана гэж бодоогүй. Тэр дууг дуулсан шалтгаан нь Идэрээгийн бие даасан хоёр дахь тоглолт болох гээд надад хамтарч дуулаач гэсэн санал тавьсан. Тоглолтын үеэр дуулна гэж бодсон боловч дууныхаа клипийг гаргаагүй байхад хүмүүст хүрсэн байсан. Олон хүнд хүрсэн болохоор ч тэр үү дахин дууны санал ирсэн.

-Урлагийн гэр бүл завгүй байдаг байх. Арын албаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Урлагийн хүмүүс, тэр тусмаа эзэгтэй хүн бүхий л зүйлийг зохицуулах ёстой шүү дээ.“Бүтэн амьдрал” кинонд тоглоход манай ханийн ээж хүүхдүүдийг маань харж байсан. Киноны зураг авалт, тоглолттой байхад аав ээжүүд арын албыг хашдаг. Тэдэндээ маш их баярлаж явдаг.

-Кино зураг авалтын үеэр хөгжилтэй үйл явдал их гардаг байх даа?

-“Бүтэн амьдрал” кино бүтэхэд 120 гаруй уран бүтээлч, арын албаныхан гээд хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Бүхэл бүтэн зургаан сарын турш зураг авалт үргэлжилсэн болохоор олон дурсамжтай.Зоригоогоо чин сэтгэлээсээ гуйдаг хэсэг сэтгэлд тод үлдсэн дээ.Урлагийнхан бид хамт байхдаа их хөгжилтэй байдаг. Ховын групп гээд чат групп нээчихсэн, тэрүүгээрээ нэгнийгээ шоолж, шоглож цагийг өнгөрөөдөг байлаа.

-“Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн үзүүлбэр дээр таны хань П.Идэржавхлан гараад ирсэн шүү дээ. Их сандарсан, баярласан харагдаж байсан?

-Анх нэвтрүүлгийн санал тавихад эмээж хүлээж авсан.Ханийнхаа дэмжлэгтэйгээр нэвтрүүлэгт орж байсан.Хошин урлагийн тоглолтыг бүтэн хоёр сар гаруй бэлдэж байж үзэгчдэд номероо үзүүлдэг. Ямар ч бэлтгэлгүй тайзан дээр шууд гарна гэдэг жүжигчнээс ур чадвар, гүйлгээ ухаан шаарддаг. Өөрийгөө шилдэг наймд багтана гэж төсөөлөөгүй. Үзүүлбэрийн дундуур Идэрээг гараад ирэхэд гайхсан. Манай хүүхдүүд лагер дээр үлдчихсэн, нөхөр бид хоёр телевизийн байранд ирсэн юм. Тусгай номерын үзүүлбэр эхлэхээс өмнө найзуудтайгаа уулзаад явж байсан хүн гэнэт алга болчихсон. Нэлээд хэдэн минутын дараа гэртээ ирчихлээ, санаа зоволтгүй гээд зураг явуулахаар нь тоогоогүй байж байтал зураг авалтын дундуур гэнэт гараад ирэхээр шоконд ороод хэлэх үггүй болдог юм билээ. Одоо бодоход телевизийнхэнтэй тохиролцсон байх.