Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

О.ЦАЦРАЛ: ӨӨРИЙГӨӨ ХЭЗЭЭ Ч БҮҮ ГОЛ

Түүнийг мөрөөдлөөрөө амьдарч буй нэгэн гэж тодорхойлмоор байна. Амьдралын олон бэрхшээлтэй тулгарсан ч хичээл зүтгэлээрээ өөрийгөө бүтээж, өдгөө Харвардын их сургуулиас номын дуу сонсож буй 5 мэргэжил эзэмшсэн .Цацралтай ярилцлаа.

-Өөрийг тань влогчин, мөн дэлхийн шилдэг их сургуульд суралцдаг гэдгээр нь зарим хүмүүс мэддэг байх. Эдгээр тодорхойлолтуудаас гаднах Д.Цацрал гэдэг хувь хүнийг уншигчдад танилцуулвал?

-Намайг Оюундалай овогтой Цацрал гэдэг. Саяхан 11-р сард АНУ-ийн Калифорни мужийн “Америка Олон Улсын их сургууль”-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр магистрын зэргээр суралцаж төгслөө. Мөн Харвардын их сургуулийн бизнесийн сургуульд хагас цагийн оюутанаар сурч байгаа. Миний хувьд Монголд гурав дахь их сургуульдаа суралцаж байгаад энд үргэлжлүүлэн суралцсаар нийтдээ таван мэргэжил эзэмшсэн байна. Хоёр мэргэжлээрээ одоо ажиллаж байна. Мөн чөлөөт цагаараа эрүүл, зөв хооллох, англи хэл сурах, АНУ-д ажиллаж, амьдрах, тэтгэлэгтэй суралцах талаар влог хийдэг. Хүмүүнлэгийн ажлыг мөн 11 жил тасралтгүй хийж байна. Товчхондоо иймэрхүү.

-Харвардын их сургуульд суралцаж байгаа юм байна. Мөн гадаад, дотоодын их дээд сургуулиудад таван өөр чиглэлээр мэргэшсэн гэхээр сонирхол татаж байна. Ямар мэргэжлүүд эзэмшсэн бэ?

-Миний хувьд сурахаа хэзээ ч зогсоож үзээгүй. Бэлтгэл ангид орсноос хойш гэвэл боловсролд бүх насаа зориулж явна. Мэргэжлийн тухайд Монголд ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийг хүнсний болон химич технологич гэсэн хос мэргэжлээр суралцаж төгссөний дараа одоогийн СУИС-РТМУС-ийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн. Хүнс хоол судлал болон биохимийн чиглэлээр дөрвөн жил сурсан гэсэн үг. Америкт ирээд нэг жилийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа Los Angeles city College-д телевиз, киноны продюсерын чиглэлээр суралцсан. Үргэлжлүүлэн бизнесийн удирдлагаар мастерын зэргээ хамгаалсан. Одоо хиймэл оюун ухаан, дижитал бизнес, сэтгэл судлалын талаар сонирхож, бие даан судалж байгаа. Цаашдаа ч акедемик боловсролоор хязгаарлагдахгүй насан туршдаа суралцсаар байна гэж боддог.

-Таныг АНУ-д бүтэн тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа гэдэг утгаараа гадаадад суралцах талаар олон залуус асуудаг болов уу. Дэлхийн топ их сургуульд элсэхэд хувь хүнээс ямар ур чадварууд шаардагдах бол?

-Олон залуус гадаадад суралцахыг эрмэлздэг, зүтгэдэг болсон нь бахархмаар. Гэхдээ тэр их хүслээ зүгээр л боломжгүй айлын хүүхэд гэдэг үгээрээ өөрийгөө мохоогоод, хязгаарлачихдаг. Хамгийн түрүүнд хэлэх зүйл бол болохгүй гэдэг өнцгөөс юуг ч битгий хараарай гэж хэлмээр байна. Залуусын энэ бодлыг л няцааж, өөрөөрөө батлаж харуулахыг хүссэн учраас Youtube влог хийж эхэлж байсан. Би бэлтэй айлын хүүхэд байгаагүй. Гэхдээ надад мөрөөдөл байсан болохоор хүслээ биелүүлээд явж байна. Залуу хүн та чадна, тиймээс хэзээ ч өөрийгөө бүү гол. Хоёрдугаарт, Сурах боломж л байвал байнга шүүрч аваад сурахыг хичээгээрэй, онлайнаар хичээлүүд ав. EdX, Coursera, Khan academy гэсэн гурван аппликейшнд англи хэлний оноо хамаарахгүйгээр дэлхийн топ сургуулиудын хичээл үнэ төлбөргүй байдаг шүү. Интернэт л байхад хаанаас ч суралцах боломжтой. Гуравдугаарт, Монголд байгаа залуусын хувьд сайн дурын ажилд маш идэвхтэй оролц. Гадаадын их дээд сургуульд тэнцэхэд чамайг илэрхийлэх хамгийн чухал зүйл бол сайн дурын ажил буюу нийгмийн идэвх, оролцоо. Мөн эсээ бичихэд бакалавр эсвэл магистрын зэрэг горилож байгаагаас хамааран бичигдэх хэлбэр, тактик өөр байдаг. Тэгэхээр эсээн дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй. Төгсгөлд нь Монголд байхдаа хэлний мэдлэгээ ахиулахын хажуугаар дэлхийн түүх, математикийн хичээлийг эх хэл дээрээ судалчихаад ирвэл очсоны дараа илүү их цаг хугацаа, мөнгө хэмнэнэ. Хэрвээ бакалаврын хөтөлбөрт сурахаар зорьж байгаа бол шууд их сургуульд орох гэж яаралгүй Америкийн улсын коллежуудад өртөг багатайгаар их сургуулийн гуравдугаар курст байхдаа шууд шилжин суралцах боломжтой.

-Өөрийн хүчээр амжилтад хүрч бүхнийг тэгээс эхэлсэн түүхүүдийг хүмүүс сонсох дуртай. Таны хувьд зорилгодоо хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бол?
– Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл ирсэн зам минь тийм ч шулуун, дардан байгаагүй ээ. Ялангуяа зовлон, бэрхшээлтэй байгаагаа олон нийтийн сүлжээндээ зарлаад байдаггүй болохоор дандаа л аз жаргалаар бялхсан хүн байдаг гэж ойлгодог байх. Мэдээж бусадтай адил надад шантармаар амьдралын хүнд хэцүү сорилттой тулгарч байсан үе бий. Гэвч тэдгээр үе ирээдүйд биднийг хүчтэй нэгэн болгодог юм байна гэдгийг харсан. Манайх гэр бүлээрээ Дархан руу нүүх замдаа осолдож, бүх зүйлс орвонгоороо эргэж байлаа. Дүүтэйгээ уулан дээр гараад уйлж байснаа ерөөсөө мартдаггүй юм.Тэр үйл явдлууд намайг өөрийгөө дайчилж, илүү их хичээх ёстой гэсэн шалтгаан болсон. Би зүгээр байж чаддаггүй сониуч хүүхэд байсан юм уу 6 настайдаа ТҮЦ ажиллуулах бодол төрөөд, үйлдвэрээс 50 төгрөгийн ундаа аваад 100 төгрөгөөр төв шуудангийн гадаа зарж, дараа нь бас зах дээр очоод комиссын дэлгүүрийн худалдагчаас нь гуйж, жижиг лангуу гаргуулаад, өөрийнхөө хуучин хувцаснуудаа хэдэн өдөр гүйсний эцэст борлуулахад л анх удаа өөрийн хүчээр юм хийх ямар гоё амттайг мэдэрч байлаа. Тэрнээс хойш сонин борлуулах ажил хийлээ, огт мэддэггүй мөртлөө автомашины сэлбэг, хэрэгсэл хүртэл зарна, зайрмагны цех, шал угаах, үйлчлэгч хийх гээд хийж үзээгүй ажил бараг байхгүй. Би “Эх орондоо ихийг хийж бүтээсэн ажилсаг дайчин эмэгтэй болно” гэж гэж багадаа мөрөөддөг байлаа. Одоо бодоход энэ туйлын зорилгодоо л хөтлөгдөж явсан юм шиг санагддаг.

-Ямар ч ажлыг хийж эхлүүлэхэд эхлээд өөртөө бүрэн итгэх нь чухал гэдэг. Дутагдалтайгаа нүүр тулж, өөртөө итгэлтэй болсон түүх бий уу?

-Дуучин Наран эгч ээжийн ойрын шавь байсан болохоор манайхаар байнга орж гардаг бидний хувьд дотны хүн байсан. Наран эгч намайг өөрийгөө илэрхийлэх тал дээр дутагдалтай байгааг анзаарч Хөвсгөлийн тайзан дээр хүчээр шахуу гаргачихсан юм. Тэгээд л түүнээс хойш дуулах сонирхлоо нээж, олон тэмцээн уралдаанд орж, нүүр хагарсан гэж болно.Түүнийхээ ачаар 15 настайдаа Дарханы ФМ радиод хөтлөгчөөр ажиллаж, дараа нь өөрөө “радиогийн хөтлөгч” бэлтгэх сургалт хүүдүүдэд явуулдаг байлаа. Хүүхэд насанд бид зоригтой байдаг. Тэгэхээр залуу үеийн дүү нартаа“зоригтой байгаа дээрээ хийхийг хүсч байгаа зүйлээ шууд хийгээрэй” гэж хэлмээр байдаг.

-Өндөр бүтээмжтэй байхад хамгийн чухал гурван зүйл юу вэ?

-Нэгдүгээрт, “Golden hour” буюу өөрийн хамгийн их бүтээмжтэй цагаа олж тогтоох нь чухал. Хүн болгон өглөөний хүн байх албагүй. Учир нь хүн бүрийн бүтээмжтэй цаг өөр. Зарим нь өглөөний хүн бол зарим нь оройны хүн байж болно. Алтан цагаа мэдсэн бол цаасан дээр буулгаад ажлаа төлөвлөөд мэдээж хийж эхлэх хэрэгтэй.

– Таныхаар Монгол болон Америк залуусын сэтгэлгээний хамгийн том ялгааг юу гэж хардаг вэ?

-Гол ялгаа гэвэл Монголчууд бид юм болгоны зах зухаас гадарлаж мэддэг. Америкчуудын хувьд эсрэгээрээ мэдэхгүй, чадахгүй юм их. Гэхдээ нэг зүйлээ гүнзгий мэддэг, сонгосон ганцхан зүйлдээ төгс байдаг. Зөвхөн Ньф-Йорк хотод 9 сая хүн амьдардаг. Тэгэхээр энэ олон хүмүүсийн дундаас гарч ирэхийн тулд нэг юмандаа төгс байхаас аргагүй өрсөлдөөнтэй. Гэхдээ хиймэл оюун ухаан хөгжсөнөөр ирээдүйд олон ажлын байр үгүй болох магадлалтай. Тэр үед олон зүйлийг чаддаг байх шаардлага давамгайлна гэж нөгөө талаас бас үздэг болчихоод байгаа.

-Амьдралаас авч байсан хамгийн гоё бэлэг?

-Дандаа хамгийн сайхан хүмүүстэй учирдаг. Үүнийг бурхнаас надад өгдөг хамгийн нандин бэлэг гэж боддог. 11 жил хүмүүнлэгийн ажлууд хийхдээ надад ашигтай гэдэг талаас нь хэзээ ч харж байгаагүй. Гэтэл энд ирээд олон гайхалтай бэлгийг эргүүлээд амьдрал надад өгсөн. Хүмүүст сайн сайхныг хүсэж хийсэн тэдгээр зүйлсийн үрээр Харвард надад хаалгаа нээсэн. Мөн олон мянган хүмүүс дотроос “Эллений шоу”-нд уригдана гэж төсөөлж ч байгаагүй.

-Карьераа эхлүүлж буй залуу үеийнхэнд өгөх зөвлөгөө?

-Ямар ч ажлыг голохгүйгээр хичээгээд зүтгээд ажиллаарай гэж хэлэх байна. Заавал их сургууль ч гэлтгүй сул чөлөөтэй цаг гарж л байвал чадахгүй зүйлээ сураарай. Бас өөрийгөө үнэнээр нь дүгнэж цэгнээрэй. Үнэхээр чадахгүй зүйл их, дутуу дулимаг байгаа чинь үнэн бол өөртэйгөө нүүр тулж, хүлээн зөвшөөр. Миний хувьд англи хэл мэдэхгүй, дутуу дулимаг байгаагаа мэдсэн болохоор харьцангуй сүүлд ч гэсэн эхэлсэн. Бууж өгмөөр үе олон байдаг ч сайхан уйлж дотроо онгойлгоод эргээд эрч хүчтэй босоод ирээрэй. Бууж өгч шантралгүй хичээгээд байгаарай, залуусаа.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

38 настай Ники Минажийн амьдралын дүрэм

Америкийн хамгийн алдартай эмэгтэй рэп дуучин Ники Минаж өнөөдөр 38 нас хүрлээ. Тэрээр 1982 оны арванхоёрдугаар сарын 8-нд Тринидад Тобагогийн Порт-оф-Спейн хотод төржээ. Түүний жинхэнэ нэр Оника Таня Мараж юм.

Ингээд Ники Минажийн амьдралын дүрмийг танилцуулья.

-“Би алдарт гарахыг үргэлж хүсдэг байсан. Харин алдартай болчихоод нэр хүнд гэдэг чиний ухаан, авьяас, чадварын хэмжүүр биш юм байна гэж ойлгосон”

-“Надаас сайхан гичий байхгүй”

-“Битгий асуулт тавь, зүгээр л итгэ”

– “Хэрэв та өөртөө бага ч гэсэн итгэлтэй байгаад ямар нэг юм хийхээр зориглосон бол маш сайн байна”

-“Өнөөдөр бүтэн өдөр бороо ороосой гэж би хүсэж байна”

-“Амьдрал бол шагнал гэдэгт би итгэдэг. Гэхдээ амьдарч байна гэдэг чинь чамайг амьд байна гэсэн үг биш шүү” ”

-“Миний зураг болгон тачаангуй, гадуур гарахад хүн болгон намайг л хардаг”

– “Амжилт олоход нь тусалсан хүмүүсээс минь нэг нь ч надад баярлалаа гэж хэлээгүй”

-“Амьдрал гэдэг миний хувьд мөнгө, алдар нэр биш. Хамгийн гол нь өөрийнхөөрөө амьдрах нь чухал”

-“Би багадаа Бурханаас намайг алдартай болгож өгөөч гэж гуйдаг байлаа. Алдартай болж байж л би ээждээ байр худалдан авч өгч чадах байсан”

-“Та нар рэп дуучны юу хийхийг хэзээ ч тааж чадахгүй. Би үргэлж та нараас 10 алхам урд байх болно”

-“Хүмүүжил гэдэг амжилт олох үндэс юм”

-“Интернетэд орсон хүн бүр миний өгзгийг гүүглээр хайдаг”

-“Би эхлээд олон түмэнд таалагдах дуу хийхийг боддог байлаа. Харин одоо надад өөрийн фэнүүд байна. Тэдэндээ л зориулж дуу бичдэг”

– “Рэпээр би нийгэмтэй харилцдаг. Хэрэв танд таалагдахгүй байгаа бол битгий сонс”

-“Надад тушаал заавар хэрэггүй. Татгалздаггүй ганц зүйл маань дэмжлэг”

-“Би өмнө нь хүмүүст итгэж, сонсдог байлаа. Гэвч маш их алдаа гаргасан. Одоо би өөрийн зөн совиндоо л итгэдэг”

-“Мөрөөдлөө биелүүлэх гэж хөөцөлдсөн хүмүүсийн ихэнх нь хайртай, дотно хүмүүсээ орхихоос өөр аргагүй болдог”

-“Эмэгтэй хүн уян зөөлөн ч хүчтэй байх ёстой”

-“Хэт их ажиллаад жинхэнэ амьдрал гэж юу болохыг мартахаасаа эмээдэг”

-“Хүнд хөдөлмөр хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгнө. Бүү залхуур”

-“Нулимстай инээмсэглэл шиг үзэсгэлэнтэй сайхан зүйл үгүй”

-“Тэд миний нулимс, айдсыг хэзээ ч харахгүй. Би сэтгэл хөдлөлөө дотроо барьж чаддагаараа бахархдаг”

-“Өөртөө итгэлтэй, агуу гэдгээ мэдэрдэг хүний сэтгэлд үзэн ядах сэтгэл төрдөггүй”

-“Хүмүүсийг яаж айлгахаа мэдэхийг хүсэж байна уу? Амжилт ол. Чамайг байрандаа суун, дээш ахиагүй байхад бүгд л хайрлана. Харин амжилт олоод эхлэхэд бүгд айна”

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Л.Өнөрчимэг: Жингээ хасахад хамгийн их нөлөөлж буй зүйл бол инээд, инээмсэглэл

Монголын анхны спорт зураач, тэмцэгч Л.Өнөрчимэгтэй ярилцлаа.


-Таны “Би 10 кг жин хасч чадлаа” гэсэн бичлэг сошиалаар шуугиан тарьж байна. Та богино хугацаанд яаж олон кг хасаж чадав?

-Хөл хорио тогтоосон үеэс эхлэн дасгал хөдөлгөөнөө эрчимтэй хийж эхэлсэн. Би чинь өдөржингөө хөдөлгөөнгүй зураг зураад суучихдаг болохоор нуруу хөшинө гээд их асуудалтай. Эхлээд том усны савыг 10 давхар хүртэл өргөж гардаг байлаа. 25-30 литр байх шүү. Тэгээд бариад л шатны өөд, уруу 2-3 удаа алхдаг байсан юм. Мөн автобус, унаанд суухгүйгээр долоон километргазарт 50 кг ном үүрээд явж байхад усан хулгана болтлоо хөлөрсөн. Тэр үед их калори хассан даа. Өглөө, оройдоо гэрийнхээ ойролцоох голын эргээр гулсана. Нэг өрөөгөө замбараагүй болгочихоод буцаагаад цэвэрлэнэ. Гэрээ цэвэрлэхдээ яг л гимнастик хийж байгаа юм шиг хөдөлгөөн хийдэг.

-Та цахилгаан шат ашиглахаа байсан гэсэн үү?

-Ер нь цахилгаан шатаар явахаа байсан. Одоо дандаа л шатаар буудаг. Шатаар буухдаа Чарли Чаплин шиг хөдөлгөөн хийдэг. Энэ бүхэн их санаандгүй зүйлээс эхэлсэн юм. Манай ард түмний штабын Даваадорж гээд залуу “Та коронавирус тусаж магадгүй липтээр битгий яваарай. Шатаар эзэнгүй газраар яваад бай” гэж зөвлөхөд би тэгнэ гээд амласан юм. Тэр амлалтаа биелүүлэхийн тулд шатаар явж эхэлсэн. Тэгээд бүр том баллонтой усаа өөрөө зөөдөг болсон. Заавал байрныхаа доод талын дэлгүүрээс юм авахгүй цаашаа хол дэлгүүрээс хүнсээ авдаг болсон.

-Та жингээ хассанаасаа хойш булган шубаны рекламанд хүртэл тоглох боллоо?

-Сүүлийн хэд хоног загвар өмсөж байгаа. Загвар өмсөж алхахдаа бүсэлхийн хөдөлгөөн давхар хийнэ. Гурав дөрөв хоноход 1 кг хасчихсан байсан шүү. Тэгээд 81 кг-аас 65кг болчихоод байна.

-Дотроосоо ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн бэ?

-Би хоол хүнсээ эрүүл, зөв болгож эхэлсэн. Ямар нэгэн тураах бүтээгдэхүүн уугаагүй. Ер нь би их амархан даардаг. Зураг зураад сууж байхдаа л араас жиндээд, нуруу өвддөг байсан юм. Мөн удаж байгаад их хэмжээгээр хооллоно. Тэгээд түүнээс болоод гэдэс дүүрнэ. Бүх хүмүүсийн биеийн онцлог өөр болохоор дуртай зүйлээ авахдаа зайлшгүй нягталж, шалгах аваарай гэж зөвлөмөөр байна. Миний хувьд ааруул дэвтээгээд шүүсийг нь өдрийн турш бага бага хэмжээгээр уудаг. Аливаа зүйлд их тэвчээр хэрэгтэй юм билээ.

-Одоо ямар хүнс хэрэглэж байгаа вэ?

-Ерөнхийдөө цагаан будаа, өөх тостой бүтээгдэхүүнээ хэрэглээнээсээ хасчихсан. Одоо гурвалжин будаа, малын дотор элэг, бөөр, хэл, зүрх, тэр дундаа гүзээгээр хоол хийж байгаа. Гүзээний салат хийнэ, шарсан бүтээгдэхүүнээ болиод жигнэж хэрэглэдэг болсон. Өглөө, оройдоо майлангын шүүс ууна. Ялангуяа цагаан гүзээтэй шөлийг долоо хоног дараалан хийж идэж байгаа. Гүзээ гэдэг чинь Гүнжийн хоол шүү дээ.

-Амьдралын зөв хэвшил гэдэг таны бодлоор…?

-Маш энгийнээр хэлбэл хэцүү зүйл рүү тэмүүлэх. Дасгал хөдөлгөөн хийгээд, сэтгэл санаагаа өөдрөг байлгана гэдэг маань өөрөө жин хасах үед үүсэх арьс сулрах уургаа алдах, ясны сийрэгжилтийн эсрэг бүтээгдэхүүнээ хэрэглэсэн гэж ойлгож байгаа. Өөртөө тааламжтай хүчтэй үгийг их тод хэлэх ёстой. Хүмүүс ихэвчлэн хурдан турах, хурдан бүх зүйлийг хийхийг хүсдэг. Гэхдээ тийм биш. Залуучууд маань 50 ,60 настай болоод ирэхээр кальцийн дутагдалд орохгүйн тулд цагаан идээгээ хэрэглэж байх нь зүйтэй.

-Өөдрөг үзэл бодол гэдэг хамгийн чухад зүйл байх нь?

-Тэгэлгүй яахав. Тэнгэрлэг үзэл бодлыг зүүд нойрноосоо, онгод хиймориор олж авдаг. Би далдыг хардаггүй, зурхайч биш. Гэхдээ 24 бодьгал, 12 жил,13 хурмаст, дөрвөн зүг, найман зовхист, долоо дордож найм сэхдэг, төрийн есөн өрлөг, цорын ганц хүү гээд бүх зүйлийг багтаасан зурхайг гаргасан. Багаасаа л тэмдэглэж бичсээр ирсэн зүйл. Би чиньодоо ганцаараа өөр баяр тэмдэглэдэг шүү дээ. Жингээ хасахад хамгийн их нөлөөлж буй зүйл маань инээх. Улс төрийн жагсаал хийж байхдаа өөртөө стресс нэмэхгүйн тулд жирийн хүн гэдэг өнцгөөс тэднийг хардаг болсон. Тэгээд л тэмцлийнхээ үеэр “Хүмүүсээ гоё хүчтэй болъё тэгэх үү. Эхлээд өөсдийгөө засчихаад төрөө засъя” гээд хүчтэй эмоцитой үг хэлэхэд өөрөө хүртэл инээнэ шүү дээ.Улс төрчийн зураг хараад “Энэ муу луйварчин хөөрхөн юм. Тэр хамрыг нь хар даа” гээд л эерэг байдаг. Инээд баясал гэдэг хүнийг эмчилдэг шүү. Дотор эрхтний өөхжилтийг мөн багасгадаг.

– 10 кг жин хасна гэдэг их хичээл зүтгэл шүү. Их жин хассаны дараа бие болоод сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарсан бэ?

– Хөл хорионы үеэр айл хэсэж болохгүй. Мөн зураг захиалагчдаа ирээд хэрэггүй гээд хэлчихсэн болохоор жингээ үзтэл 10 кг хассанаа мэдээд энэ сайхан баяраа хүмүүстэй хуваалцахыг хүссэн. Тэгээд их баярласандаа фэйсбүүкээрээ 10 кг турлаа гээд лайв хийсэн нь тэр.

-Та мөн их сайхан зурдаг. Хоёр гараараа, хөлөөрөө гээд л. Их сайхан бүтээлүүдтэй. Хөл хорионы үеэр зургаа зурж байна уу?

-1990 оноос хойш тайзан дээр гарч үзүүлбэрээ үзүүлж эхэлсэн. Бэлтгэл ангиасаа л хоёр гараараа бичиж эхэлсэн дээ. Тэр үед нэг гараараа бич гэж шаардлага тавьдаг байсан болохоор зүүн гараараа бичилгүй баруун гараараа бичдэг байв. 17 жилийн дараа хоёр гараараа дахин бичиж эхлэхэд аав ээж хоёр өхөөрдөөд миний багадаа зурж байсан зургуудыг үзүүлж байж билээ. Дараа нь гадаад дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож тэргүүн шагнал хүртэж байсан.

-Таныг кинонд тоглож байсан гэж дуулсан. Ямар кинонд дүр бүтээж байв?

-“Нүглийн золиос”, “Ач тус, атаа хорсол” зэрэг хэд хэдэн кинонд гол дүр, туслах дүр бүтээж байсан. “Ач тус, атаа хорсол” гэдэг кино маань 1921 оны хувьсгалын үеийг харуулсан түүхэн бүтээл. Тэрхүү кинонд Доржсамбуу гуайтай хамт тоглосон юм. Мөн гадаад, Монголын хамтарсан кино гээд миний тоглосон хэд хэдэн уран бүтээлүүд байгаа.

-Та тал талын авъяастай. Зураг зурахаас гадна хүмүүст гарын үсэг зохиож өгдөг?

-“Дуудах нэрийг аав ээж өгдөг, Дурсагдах нэрийг өөрөө олдог” гэдэг шүү дээ. Гарын үсэг гэдэг хүний зан характер, мэргэжил, сэтгэхүй гээд олон зүйлийг илтгэж байдаг. Энэ талаар хүмүүст зөвлөгөө өгч, захиалга авдаг. Энэ ч утгаараа босоо монгол бичгээр гарын үсгийг нь бичиж өгдөг юм. Мөн гарын үсгийг нь дүрсжүүлээд зураг болгоод ирэхээр хүн нэрэндээ хайртай болж эхэлдэг. Ер нь хүний нэрнээс эхлээд бүх зүйл утга агуулдаг. Өөрийнхөө нэрээр бахдаж, өөрийгөө илэрхийлж “Би” хэмээн бахдах ёстой юм шүү.

-Хорио цээрийн дэглэмийн үед ард иргэддээ хандаж ямар зөвлөмж өгөх вэ. Ялангуяа таны жин хассаныг хараад олон хүн турахаар шийдсэн байх?

-Өөрийн фэйсбүүк хаягаа “Өнөрчимэгийн-Дэлхийн хичээл” хэмээн нэрлэж өөрийнхөө өөрчлөгдөж буй зургуудыг оруулах болно. Лайваараа дамжуулан эрүүл хооллолтын талаар цогц хичээл орж багшилна. Эрүүл, залуу, эрч хүчтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй байя. Бид медаль, дипломоор уралдахгүй шүү дээ. Тиймээс мэдлэг боловсролоо дээшлүүж тэнгэрийн билгээр уралдъя. Тэнгэр биднийг ивээгээд маш их эрч хүчийг бэлэглэсэн. Өглөө босоод миний нүд дэлхийг харж байхад би баярладаг. Хоол идэж байхдаа ч бүх зүйлд “Баярлалаа” гэж хэлдэг. Хүний дайтай явж байгаадаа аав ээждээ их талархдаг. Жин хасахаар төлөвлөж буй залуучууддаа хандаж хэлэхэд хоорондоо харшилдаг бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлагийн дуу шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлж байна.

Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудаснаа онцолжээ.

“The Hu” хамтлаг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард “The Hu” хамтлагийн “Gereg” цомог “Billboard” чартыг тэргүүлж, түүхэн амжилтыг гаргасан билээ. Тухайн үед монгол хамтлаг монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ыг тэргүүлж байгаа анхны тохиолдол байв. Энэ удаа хамтлагийн залуус дахин түүхэн амжилт тогтоохыг үгүйсгэхгүй.

Хамтлагийн продюсер Б.Дашдондог өөрийн цахим хуудсаар дамжуулан уран бүтээлийн тухай ярихдаа “Уг нь дэлхий дахинаа цар тахал гараагүй байсан бол “The Hu” хамтлагийн залуус 2020 онд нийт 98 тоглолт хийх байлаа. Мөн Латин америкийн орнуудаар аялан тоглолт хийх байсан.

Нөгөө талдаа энэ нөхцөл байдал давуу тал болж өгч байна. Хамтлагийн залуус хоёр дахь цомгийнхоо ажилд төвлөрч, шаргуу ажиллаж байна. Одоо 2-3 дууныхаа хоолойны бичлэгт ороод дуусчихсан. Бид өвөг дээдсийнхээ түүхийг эргэн сануулсан, монголчуудынхаа сэтгэл зүрхийг доргиосон цоо шинэ дуунуудаа бэлдэж байна” гэдгийг хэлж байв.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​М.БАЯРЖАРГАЛ: СИЙРЭГ ТОЛГОЙТОЙ ХҮНЭЭС Л ХОШИГНОЛ ГАРДАГ


Залуу комедиан М.Баяржаргалтай ярилцлаа.


-Станд ап комеди урлагт шинээр гарч ирж буй комидиан гэдгээр тань хүмүүс мэддэг болж байгаа байх?

-Намайг Мөнхбатын Баяржаргал гэдэг. 21 настай. 1999 оных гэхээр цэвэр Z үеийн төлөөлөл гэхэд болно. Үндсэн мэргэжил гэвэл боксын тамирчин, циркийн жүжигчин. Мөн СЭЗИС-ийг бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр төгссөн. Одоогоор Мобиком Корпорацийн маркетингийн албанд ажиллаж байгаа. Чөлөөт цагаараа комеди хийдэг.

-Бизнес удирдлагаас гадна боксын тамирчин, циркийн жүжигчний мэргэжилтэй гэлээ. Мэргэжлийн зэрэгтэй гэсэн үг үү. 21 насандаа гурван мэргэжилтэй гэхээр сонирхолтой юм.

-Боксоор 8 жил хичээллэсэн, мэргэжлийн тамирчны тоонд ордог байсан. Зэрэгтэй байсан чзэргээ хураалгаж байсан. Есдүгээр ангид ордог жилдээХБК-ийн циркийн ангид элсэж, мэргэжлийн циркийн жүжигчнээр суралцаж төгссөн. Тэнд Монголын мэргэжлийн циркчдийг бэлддэг суурь бааз нь бий. Тэгээд үргэлжүүлэн СЭЗИС руу орсон. Оюутны эхний хоёр жилдээ циркийн жүжигчнээрээ ажилласан.

Станд ап комедигийнанхны тайз ямар байсан бэ. Энэ зүйлээс авдаг мэдрэмж?

-Миний анхны тайз 300 хүний өмнө эхэлсэн. “UB Comedy” клуб руу шууд орьё гэхээр багахан айдастай байсан учраас СЭЗИС-даа UFE Comedy нэртэй клубыг байгуулсан. Сургуулийнхаа оюутнуудын өмнө гарахад бидний төсөөлснөөс ч олон хүн ирсэн. Анхны тайз маань амжилттай байсан байсан болохоор цааш явах урам зориг болсон.Хэрвээ эхлэл дээрээ шууд дарагдчихсан байсан бол хэзээ ч комеди хийх талаар бодохгүй байсан байх. Түрүү жилийн зунаас эхлэн UB Comedy-гийн тайзан дээр гарч эхэлсэн. Тэр үеэс “Live from Ub Comedy” цувралд бичлэгээ цацах боломж бүрдсэн. Үүнээс авдаг мэдрэмжийн хувьд гэвэл “Ub Comedy” клубын анхны тайз амархан байгаагүй. Өмнө нь сургууль дээрээ үе тэнгийн нас, сэтгэхүй адилхан оюутнуудад ярьдаг байсан бол тэндхийн үзэгчид тэс өөр насны хүмүүс байсан. Тэдгээр хүмүүсийг инээлгэнэ гэдэг биелэгдэшгүй даалгавар мэт санагдаж байсан.

-Нэг үзүүлбэр дээрээ багш нарынхаа тухай хошигнож оруулсан байсан. Багш нар нь үзсэн болов уу?

-Багш нарын тухайд ямар нэгэн доромжилсон агуулгаар биш хошин өнгө аястайгаар яриандааоруулсан. Тэрийг анх тавигдахад багш үзээд яах бол гэж их айж байсан. Гэхдээ СЭЗИС-ийн багш нар өөрсдөө их хошин хүмүүс байдаг.“Станд ап комедиг оюунлаг хүмүүс хийдэг, сийрэг толгойтой хүнээс л хошигнол гардаг” гэдэг. Өөрсдөө ч гадаадын комедиануудыг үздэг, ойлгодог болохоор багш нараас ямар нэг дарамт ирээгүй. (инээв)Сургууль дээрээ клуб байгуулахад ч тэр баяртайгаар хүлээж авч байсан.

-Ярих сэдвүүдээ хэрхэн олж, хаанаас эрэл хайгуул хийдэг вэ. Нэг үзүүлбэр тайзан дээр тоглогдохоос өмнө хэр удаан чанагддаг вэ?

-Сэдвүүдээ мэдээж амьдралаас олдог. Ажигладаггүй л болохоос амьдрал дээр өдөр бүр инээдтэй зүйлс тохиолдож байдаг. “Монголчууд сошиал орчинд” нэртэй үзүүлбэрээ би 14 хоног бичиж байсан. Идэрээ ахыг оруулсан хошигнол дээр мөн нэлээд удаан хугацаанд ажилласан. Бүх тоглолтууд, фейсбүүк, инстаграмынх нь зураг, сэтгэгдлүүдийг уншиж, хүмүүстэй ярилцаж үзэх шаардлагатай болсон. Б.Идэр-Од гэдэг хүнтэй холбоотой бүх өгөгдлүүдийг цуглуулсны дараа тайзан дээр ярьсан байдаг. Өөрөө сонсчхоод “Ёстой гоё байна” гэхэд урамшсан шүү.

-Комеди урлагийг эртний Грек, Ромоос гаралтай. Уран илтгэгчид хүмүүсийг яриандаа итгүүлэхийн тулд инээлгэх аргыг ашигладаг байсан гэдэг юм билээ. Ганцаараа тайзан дээр гараад бүгдийг инээлгэх мэдээж амар биш байх?

-Мэдээж хүнийг инээлгэх амар биш. Станд ап комеди буюу тайзан дээр ганцаараа гараад бүгдийг инээлгэдэг энэ төрлийн урлаг бол ерөнхийдөө судалгаа юм байна гэж харсан. Миний хувьд баримталдаг нэг зүйл гэвэл хэзээ ч насанд хүрэгчдийн сэдвээр ярихгүй гэж боддог. Яагаад гэвэлминий аав, ээж, хамаатнууд, дүү нар цаашлаад ирээдүйн хадмууд маань үзнэ. “Миний хүү зурагтаар гарч байна” гээд үзсэн чинь тиймэрхүү зүйл яриад байж байгааг сонсвол яах бол гэж төсөөлөгдөөд байдаг. Магадгүй ярьсан юмандаа ороогдохучраас тиймэрхүү сэдэв рүү орохгүй.

-Таны хувьд Монголоос хамгийн шилдэг гэж боддог нэг комедианыг нэрлэ гэвэл хэнийг хэлэх вэ?

-Хамгийн шилдэг гэвэл Б.Идэр-Од ахыг хэлнэ. Гол шалтгаан нь дан ганц комеди биш бусад салбарт брендингээ сайн хөгжүүлж чадсанд байгаа байх. Хамгийн гол нь мэдлэгээр өөрийгөө чимж чадсан хүн гэж боддог.

-“DUFF LIFE “ нэртэй фейсбүүк хуудас залуусын дунд өндөр хандалттай хуудас болсон байна лээ. Энэ хуудсыг та хөтөлдөг байсан юм уу?

– Тийм ээ. Гэхдээ анх намайг гэдгийг хүмүүс мэддэггүй байсан. Сүүлд яалт ч үгүй мэдэгдсэн. Өөрийнхөө хэлж чаддаггүй зүйлсийг түүн дээрээ хуваалцдаг, надаас өөр нэг бодлын дүр байдаг гэсэн үг. 1700 гаруй хүнээс репорт ирээд түр хаагдсан байгаа. Нээлгэх хүсэлт илгээсэн удахгүй нээгдэх байх гээд хүлээж байгаа.

-Оюутны ширээнээс ажлын талбарт гарахад ямар өөрчлөлтүүд угтаж авав?

-Миний ажигласнаар компаниудын манай үеийнхнээс хүлээж байгаа зүйл бол бүтээлч байдал. Тэгэхээр шинээр ажилд орох гэж байгаа залуус өөрийн танилцуулга буюу CV дээрээ бүтээлч хандаж, өөрийгөө бүрэн илэрхийлэх ёстой санагдсан. Анкет гэхээрээ л word file дээр цээж зургаа наадаг цаг өнгөрсөн учраас чамайг бүрэн илэрхийлэх бүтээлч танилцуулга явуулахаас л эхний алхам эхэлнэ.

-Таны хувьд сайхан эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ. Олны танил эмэгтэйчүүдээс таалагддаг хүн гэвэл?

-Бүх эмэгтэй хүн өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй. Харин олны танил хүмүүсээс гэвэлжүжигчин О.Дөлгөөн.

-Комедианууд хүмүүсийг инээлгэдэг. Тиймээс ямар нэг хөгжилтэй түүхийг нь яриулахгүй өнгөрч боломгүй юм шиг. Өөрийн тань хувьдхөгтэй гэмээр бүтэлгүй хайр, дурлалтай учирч байв уу?

-Зөндөө л хаягдаж байсан даа. Дээхэн үед нэг охинтой хоёр сар үерхээд байж байтал “Хоёулаа тохирохгүй юм байна” гээд салсны дараа нөгөө охин маань өөр хүнтэй үерхээд жил болж байгааг дараа нь мэдэж байсан хөгтэй гэмээр түүх бий шүү. Арван жилдээ бас нэг охинд өдөр болгон хоол хийж авчирч өгдөг байлаа. Гэтэл миний хоолыг идсээр байгаад өөр залуутай үерхчихсэн (инээв).

-Зет үе буюу шинэ үеийнхэн гэж тодотгодог залуусын төлөөллийн хувьд танай үеийнхний бусдаас ялгарах онцлогийг юу гэж хардаг вэ?

-Бидний үеийнхэн буюу 1997 оноос хойш төрсөн хүүхдүүдийн хувьд технологийн дэвшил, интернетийн эринд төрсөн гэдэг утгаараа өмнөх үеийнхнээсээ амьдралын хэв маяг, хандлага бүх зүйлээрээ ялгаатай байдаг юм шиг санагддаг. Юмыг хурдан сурдаг, нээлттэй, бага зэрэг залхуу боловч аливаа зүйлд бүтээлч хандахыг хичээдэг.

-Ярилцлагын төгсгөлд залуустаа уриалах зүйл?

-Өөрсдийнхөө боломжийг сайн ашиглая гэж уриалмаар байна. Карантин бол амралт биш, үе тэнгийнхнээсээ урд алхах боломж гэдэг өнцгөөс харахыг хичээгээрэй.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Ардын аниа Жижи: Бусад хүн юу гэх бол гэж нэг хором ч бодож үзээгүй


Ардын аниа Жижи хэмээн цахим ертөнцөд танигдсан влогчин бүсгүй Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Коронавирус дэлхий нийтээр тархаад байгаа энэ цаг үед АНУ-д суугаа монголчуудын хувьд нөхцөл байдал ямархуу байгаа вэ. Энэ талаар яриагаа эхлэе.

-АНУ-д 12 дугаар сарын сүүлээр вакцин хийгдэхээр болсон. Хамгийн анх 3-р сард дэгдэхэд бүх газрууд хаагдаж, хүмүүс шоконд ороод дэлгүүр хоослох, айж сандрах асуудлууд гарч байсан. Одоо хүмүүс нөхцөл байдалдаа дасаад, арга барилаа олчихсон. Эндхийн туршлагаас авмаар зүйл гэвэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх тусгай цаг гаргаад өгчихсөн. Миний хувьд угаас гадуур биш гэрээсээ ихэвчлэн ажилладаг байсан болохоор онц ялгаа мэдрэгдэхгүй байгаа. Өвчлөлийн голомтод 8 сар амьдарч байгаа хүний хувьд харин ч энэ үеийг ашиглаад өөртөө олон боломжийг нээсэн. Одоогоор гадаадад суралцах талаар хүүхдүүдэд онлайнаар сургалт явуулж байгаа.

-Ихэнх хүмүүс “Ардын аниа Жижи” гэдэг нэрээр нь андахгүй. Уншигчдад өөрийгөө товч танилцуулаач.

-Намайг Гансүхийн Ган-Эрдэнэ гэдэг. Орхон аймагт төрж өссөн. “Мон-Турк” сургуулийг төгсөөд, АНУ-ыг зорьж ирсэн. Эхлээд Спокень Вашингтон гэдэг жижиг хотод хэлний бэлтгэлд 1 жил сураад, дараа нь Сайнтлуис хотодбизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Гадаад оюутнууд дөрвөн жил сурсны дараа Америкт үлдэж, нэг жил ажиллах эрхтэй байдгийн дагуу Сиатл хотод нэг жил мэргэжлээрээ ажилласан. Одоогоор үргэлжлүүлэн Сиатлын их сургуульд мастерийн зэргээ хамгаалж байна. Нэг ах, эмэгтэй дүүтэй айлын дунд охин. Одоо дүүгээ АНУ руу татаад, бүх зүйлийг нь хариуцаад явж байгаа. Ах маань гэр бүлийн хамт Сайнтлуис хотод амьдардаг бол аав, ээж хоёр маань харин Монголдоо байдаг.

-Влог, бичлэгнүүдээ хийж эхлээд хэр удаж байгаа вэ. Контентоо анх эхлүүлэхдээ хүмүүст юу гэж бодогдох бол гэдэг айдастай тулгарч байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд би ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэх гэж байгаа бол айдсыг хэзээ ч түрүүлж хардаггүй. Хэн намайг юу гэж бодох бол гэж нэг хором ч бодож үзээгүй. 2018 оны 12-р сарын 31-нд би анх шинэ жилээр влогоо эхэлж байсан. Түүнээс өмнө би янз бүрийн бичлэг хийх дуртай, түүнийгээ эвлүүлээд фейсбүүкдээ оруулчихдаг байсныг ойрын хүмүүс маань мэдэх байх. Тэгэхээр миний хувьд цахим орчинд өөрийгөө ил гаргахад ямар ч айдас байгаагүй. Харин ч бичлэгээ хийгээд сошиал медиад оруулахаараа баярладаг, дахин дахин үздэг.Гол нь би өөрөө өөртөө болон өөрийнхөө хийж байгаа юманд дуртай байх нь л чухал. Хэрвээ шинийг санаачлахаар шийдсэн хүмүүс уншиж байвал “Тэр зүйл чинь танд таалагдаж байвал хангалттай, бусдад яаж харагдах бол гэж битгий зовоорой” гэж хэлмээр байна.

-Сошиал медиа дээр хичнээн дагагчидтай вэ. Youtube- ээс болон контентоосоо ашиг олдог уу?

-Одоогоор байгаа сошиал медиа хаягууд дээрээ тус бүр 100 мянган дагагчтай. Ашиг гэхээсээ илүү өөрийнхөө хийсэн бичлэгүүдээс жижиг хувь авдаг. Youtube-ээс сардаа бага хэмжээгээр цалинжина. Тик Ток дээр миний 10 видео тутмыг 280 доллараар үнэлдэг. Спонсор байгууллагуудаа ч бас Тик Ток-оос олж авсан. Одоогоор миний хувьд Youtube-ээс гадна хоёр ажил хийдэг. Сургуулийнхаа сошиал медиа талыг нь хариуцахын хажуугаар оюутнуудын холбоонд давхар ажилладаг. Хаана боломж байна, тийшээ л явахыг эрмэлздэг.

-Бичлэгнийхээ санааг хэрхэн олдог вэ. Аль болох олон хүнд хүргэх талаас нь бодож сонгодог уу. Эсвэл өөрт таалагдсан сэдвээр хийдэг үү?

-Бичлэгнүүдээ бүгдийг нь төлөвлөдөг. Угаасаа эхлүүлж байхад намайг шууд олон мянган хүн үзэхгүй. Анх би Youtube-д гуравхан дагагчтай байсан. Миний хувьд сошиал медиагийн бүх сувгуудыг зэрэг ашиглаж, солонгоруулж явсан. Ингэхдээ яавал олон хүн үзэх вэ гэдэг талаас нь харж эхэлж байсан. Гол нь хүмүүсийн дуртай сэдвүүд юу байна гэдгийг ажигласан.Шинэ санаа гаргаж, хэрэгжүүлэхэд Brainstorming арга гэж байдаг. Ерөнхийдөө тэр зарчмаар хүмүүс хэрхэн, яаж гэдэг видеонд дуртай байдаг учраас өөрийн мэдэх сэдвээрээ буюу англи хэл сурах, АНУ-д сурах талаар видеонууд оруулж, хүмүүст хүргэж байсан.Хүн юу гэж бодно уу надад хамаагүй байдаг болохоор өөртөө тохиолдсон хөгжилтэй явдлуудыг яриад, тэрнээс хойш үзэх хүмүүс нэмэгдсэн.

-Эхлүүлсэн зүйл нь ийм хэмжээнд хүмүүст хүрнэ гэж төсөөлж байв уу?

-Үгүй ээ, хэзээ ч төсөөлж байгаагүй. Сиатлд ирэхээсээ өмнө миний бичлэгнүүд ийм олон хүндхүрдэг гэдгийг мэдээгүй явсан. Монголчуудын наадмаар очиход таарсан хүн болгон “Ардын аниа Жижи” байна гээд таниад, хүндэтгэлтэйгээр угтаж авахад маш сайхан санагдаж байсан. Youtube-ийн Silver button-ийг авах байтугай, ийм шагнал байдгийг ч мэддэггүй байлаа. Зүгээр л тууштай хийсний үр дүн болов уу гэж боддог.

-Хүмүүсээс ирж байсан шүүмж, сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хоёр, гурван удаа айхавтар хэл аманд орж байсан. Өглөө босох болгонд хүүхдүүд, өсвөр насныхны үзэн ядсан сэтгэгдлүүд олноороо ирсэн үе бий шүү. Эхэн үедээ надад хэцүү байдаг байсан. Нэг л өглөө олон мянган хүн дайраад эхлэхээр ямар ч өөдрөг хүн гэмтэнэ. Бичлэгнүүдээ хиймээргүй айдаст орох үе байсан ч дотоод эрч хүчээ дахин бий болгосон. Цаг хугацаа өнгөрөөд хийх юмаа хийсээр байхад хүмүүсийн бодол буцаад л эргэдэг юм байна лээ. Би ер нь сөрөг зүйлсийг бодоод, тээгээд явах дургүй дорхноо мартчихдаг.

-Lil Puma та хоёрын дунд болоод өнгөрсөн асуудлыг тавилттай байсан уу гэж зарим нь хардаж байсан?

-Ямар ч тавилт байхгүй ээ. Аль алинд нь болоод өнгөрсөн л зүйл. Түүнээс хойш хоорондоо холбогдоогүй.

-АНУ-д хэр удаан амьдрах төлөвлөгөөтэй байгаа вэ? Монголдоо ирэх бодол бий юу?

-5-р сард 3 сарын хугацаатай Монголдоо очих төлөвлөгөөтэй байгаа. Зун болгон очдог боловч энэ жил коронагаас болоод очиж амжсангүй. Хүн чамаас хамгийн хайртай гурван зүйлээ нэрлэ гэвэл нэгдүгээрт эх орон гэж хариулах ёстой гэдэг. Монголд очоод хамгийн түрүүнд эх орноороо сайхан аялахыгхүсч байна. Монголын байгалийг юутай ч зүйрлэшгүй шүү дээ. Хэдийгээр гадаадын өндөр хөгжилтэй оронд байгаа ч эх орондоо маш их хайртай.

-Таны бодлоор америкчуудын соёлоос суралцах зүйлс юу вэ?

-Эндхийн хүмүүс хоорондоо маш нээлттэй, гадуур явж байхад танихгүй хүн дотны найз шиг нь харьцаж чаддаг нь гоё санагддаг. Нэг түүх ярихад анх энд ирээд монголчууд багатай газар удаан амьдраад монгол хүний мөрөөсөл болчихсон байсан. Тэгээд Монгол руу буцах замдаа Солонгосын онгоцны буудал дээр хоёр монгол хүний яриа сонсогдоод бүр баярлаад тэнд явж байсан ээж, охин хоёр руу “Сайн байна уу?” гэсэн чиньминий өөдөөс “Ёо, цочих гэж” гэчихээд яваад өгсөн.Тэгэхээр монголчууд маань нээлттэй байгаасай гэж хүсдэг. Хоёрдугаарт: цагийн менежмент. Гуравдугаарт: хувийн зохион байгуулалт. Маргааш хийх юмнуудаа өмнөх орой нь төлөвлөөд, хийж сурах нь гадаад оронд ер нь хаана ч очсон хэрэгтэй ур чадвар.

-Үзэж, сонсдог олон хүмүүст өөдрөг үзэлтэй хүн шиг санагддаг болов уу. Сэтгэлээр унах үедээ эрч хүчээ яаж сэлбэдэг вэ?

-Сэтгэлээр унасан үедээ ганцаараа байх дуртай. Хувь хүн ганцаараа байж сурах хэрэгтэй. Би сэтгэлийн хөдлөл ихтэй хүн болохоор энэ зан чанар маань намайг түшиж өгдөг байх. Миний гэр бүлийнхэн намайг үргэлж дэмждэг байдал нь намайг дандаа цэнэглэж өгдөг. Тиймээс ээж, аав, эмээ, өвөөдөө маш их талархдаг. Мөн Мон-Турк сургууль миний амьдралын өөрчилсөн гэж болно. Мон-Турк сургуульд гадаад хүмүүс, гадны соёлыг хараад миний өмнө олон боломжууд нээгдсэн. Тэр үед би дуулах дуртай гэдгээ нээгээд сургуулийнхаа дууны тэмцээнд байр эзлээд Турк улс руу үнэ төлбөргүй аялаад, буцахдаа 500 доллартай гэртээ ирж байлаа. Тэгэхээр хүн болгоны дотор нуугдсан алмаз байдаг гэж боддог. Тэрийгээ гаргахад орчны багахан дэмжлэг лхэрэгтэй.Хүн өөрөө хичээх юм бол болдог гэдгийг сургууль, хамт олон, багш нар маань надад ойлгуулсан.

-Англи хэл сурах олон арга, зөвлөмжүүд бий. Өөрийнхөө туршлагаас англи хэл үр дүнтэй суралцах топ нэг арга барилыг хэлээч гэвэл?

– Үгийн баялаг, өгүүлбэрийн бүтцийг цогцоор нь сурах хамгийн үр дүнтэй арга гэвэл унших. Тиймээс хамгийн эхлээд ном унш.Хоёрдугаарт ичих нүүрээ элгэндээ наагаад ч хамаагүй яриарай. Тэгж байж өөрийнхөө айдсыг хагалж чадна.

-Монголоос үзэж, сонсдог ”нөлөөлөгч” хүн бий юу?

-Миний ментор Зүүгий эгчийг нэрлэмээр байна. “Мөрөөдөх эрх” гээд номыг бичсэн, англи хэлний сургалт явуулдгаар нь хүмүүс мэдэх байх. Англи хэл анхлан суралцаж байгаа хүмүүст авсан номоороо вебсайтад нэвтрээд, англи багшийн хичээлүүдийг үзэх боломжтой монголд байхгүй системтэй гарын авлага саяхан гаргасан мундаг эмэгтэй бий. Ментор маань намайг онлайн сургалтаа явуулж, “Growth”төлөвлөгч дэвтрээ гаргахад маш их хүч болж, түлхэж өгсөн хүн.

-Саяхнаас төлөвлөгч дэвтэр худалдаанд гаргасан байсан. Энэ санаагаа хаанаас олсон бэ?

-Намайг сурагч байхад хүслийг минь бадраах энэ төрлийн зүйлс хязгаарлагдмал байсан. Хүмүүст хэрэгтэй юм хийж бүтээх хүсэл миний дотор үргэлж байсан. Надад ашигтай юу гэдэг талаас нь ерөөсөө хараагүй ээ. Яаж олон хүнд хэрэгтэй зүйл хийх вэ гэдэг хүсэлдээ хөтлөгдөөд, Зүүгий багштайгаа ярилцаад төлөвлөгч дэвтрээ гаргасан.

-Хайр дурлалын тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувьд өсөж, хөгжих боломжтой залуу насан дээрээ ээж болохоосоо өмнө өөрийгөө хангалттай хөгжүүлж, байгаа боломжийг тултал нь ашиглах хэрэгтэй гэж боддог.

-Таны алс хэтийн мөрөөдлийг сонирхож болох уу?

-Миний хамгийн том мөрөөдөл бол их сургууль байгуулах. Яагаад гэвэл олон авьяас, чадвартай хүүхдүүд санхүүгийн асуудлаас болоод түүнийгээ ашиглаж чадахгүй байгааг хараад их харамсдаг. Тиймээс ирээдүйд тэдгээр хүүхдүүдэд боломж олгохыг хүсдэг.

-Контент хийхийг хүсдэг хүмүүст таны зүгээс өгөх зөвлөгөө?

-Ямар чиглэлээр явмаар байгаа эхлээд тодорхойл. Чанартай видеоноос эхлэх ёстой болохоор техник хэрэгслүүдээ сайтар бэлдэх хэрэгтэй. Мөн хүмүүсийн сонирхдог сэдвээр эхлүүлж, тэр талаараа сайн уншиж, судлах хэрэгтэй.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой шилдэг кинонууд

Spend time with your family during Ramadan

Peter rabbit: Петер туулай өөрийн дүү нарын хамтаар ойролцоох айлын хашаанаас ногоо хулгайлдаг байжээ. Тэгтэл гэнэт нэг өдөр тус айлд шинэ эзэн нүүн ирэх бөгөөд тухайн эзэн болон туулайн хооронд ширүүн дайн эхлэх болно.

Miss Granny: Бүхий л амьдралаа өөрийн ганц хүүгээ өсгөхөд зориулсан эмэгтэй нэг л өдөр хүүгийнхээ гэр бүлд, ялангуяа эхнэрт нь байнга дарамт болж байгаагаа мэдэрч эхэлнэ. Тэрээр хүүгийнхээ гэрээс явахаар шийдээд гудамжаар алхаж байтал зурагчны газартай тааралдан, тэнд зургаа авахуултал ер бусын итгэмээргүй зүйл тохиолддог. Дал гарсан эмэгтэй хормын төдийд л 20 настай охин болж хувирах болно. Гол дүрийн Мал Сун ийнхүү залуужсан учир өөрийн амьдралыг дахин шинээр эхлүүлэхээр шийдэж, түүний хөгжилтэй, мөн адал явдалт амьдрал эхлэх болно. Энэ кино нь бэлэвсэн эмэгтэй хүн ялангуяа ээж хүн гэдэг эцсийн мөч хүртэл үр хүүхдийнхээ төлөө өөрийн амьдралыг хэрхэн зориулдгийг тод харуулах болно.

A Dog’s purpose: Зарим хүний хувьд хамгийн үнэнч хайртай анд нөхрийн нэг нохой байдаг билээ. Энэхүү кинонд нэг дүрээр маш олон нохойн онцлогийг харуулж таниулах болно. Нохой бүхэнд өөрийн гэсэн зорилго, мэдрэмж, бодол санаа байх бөгөөд энэ нь эцсийн эцэст эзэндээ үнэнч байх гэдэг цэг дээр огтлолцох юм. Энэхүү кино нь танд нохойг хайрлах, ойлгох сэтгэлйг илүү гүн мэдрүүлэх болно.

The Dude in me: Пан Сү бол гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч байсан ч одоо бол нэгэн том корпорацийн захирлын хүргэн. Тэрээр санамсаргүй байдлаар ахлах сургуулийн хүүтэй бие нь солигдох бөгөөд эндээс адал явдал эхлэх болно. Пан Сү өөрийн залуу насныхаа хайртай эмэгтэйтэй дахин тааралдаж мөн өөрийнх нь охин нь ахлах сургуулийн сурагч байж таарна. Хүүхэдтэй гэдгээ мэдсэн аав хэрхэн энэ бүгдийг зохицуулах бол мөн өөрийн биеэ эргүүлж авч чадах болов уу.

Categories
гадаад мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

ФОТО: ​КОРОНАВИРУС ДЭЛХИЙГ ХЭРХЭН ӨӨРЧИЛСӨН БЭ?

2020 онд цар тахал дэгдсэнээр дэлхий нийтийн амьдралын хэв маягт олон зүйлс өөрчлөгдсөн. 2020 оны онцлох гэрэл зургуудыг хүргэж байна.


1. Египет, Сири, Ливан улсаас буцаж ирсэн иргэд “COVID-19”-ийн шинжилгээнд дахин хамрагдахаар хүлээж байна.


2. Ахмадын асрамжийн газар коронавирусийн халдвар авсан 81 настай ээжтэйгээ уулзаж буй нь. Вашингтон, Киркланд


3. Мадрид хотын захад орших Санта Мария де Кана сүмээс католик санваартан Жесус Игуерас ухаалаг гар утсаар номлол айлдаж байна.


4. 2020 оны гуравдугаар сарын 14-нд авсан зураг дээр “COVID-19” өвчний дэгдэлтийн үеэр Албани, Тирана дахь хоосон гудамж.


5. 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Италийн Милан хотод байрлах дэлгүүрт хүмүүс зайгаа барьж үйлчлүүлж байгаа нь.


6. 2020 оны гуравдугаар сарын 14-нд Шинэ Зеландын Окланд хотод болсон тэмцээний үеэр.


7. 2020 оны гуравдугаар сарын 15-нд Иракын зүүн Мосул хотод коронавирус тархсаны дараа Иракийн эрх баригчдын тавьсан хөл хорионы үеэр Наби Юнесийн зах.


8. Манхэттэн. 2020 оны гуравдугаар сарын 15


9. Ариун цэврийн цаасны хоосон лангуунууд. Аризона, АНУ


10. Италийн Сан-Фиоранод хөл хорионы дэглэм тогтоосон 15 дахь өдөр


11. Аула Магна хотын багш коронавирусийн хямралын улмаас оюутангүй онлайнаар лекц уншиж байна.


12. Нидерландын Aalsmeer хотод зарагдаагүй цэцэгсийг устгахын өмнө. Эрэлтгүй болсон бүтээгдэхүүнийг устгаж байна.


13. 2020 оны гуравдугаар сарын 14-нд Калифорнийн Новато дахь Costco дэлгүүрт орохоор олон зуун хүмүүс жагсаж байна.


14. БНХАУ-ын Аньхуй мужийн Фуян хотод сурагчдын танхимаар хичээл орох хойшлогдсон тул гэртээ цахимаар хичээллэж байна.


15. 2020 оны гуравдугаар сарын 8-нд Италийн Кремона хотын эмнэлэгт шөнийн ээлжинд сувилагч амарч байгаа нь.


16. 2020 оны гуравдугаар сарын 13-нд Австральд болсон NBL Grand Final цувралын хоёр дахь тоглолтын үеэр.


17. Аргентины Буэнос-Айрес дахь супермаркетын кассчин гуравдугаар сарын 14-нд “COVID-19”-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зориулалттай хуванцар хөшигний цаанаас үйлчлүүлэгчиддээ үйлчилж байна.


Бэлтгэсэн: Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

#CTA аппликэйшныг ашиглан найзуудтайгаа мэдлэгээрээ өрсөлдөх боломжтой боллоо

Монгол залуусын хөгжүүлсэн #CTA аппликэйшн дээр олон сонирхолтой сэдвүүд байх ба асуултад хариулан, найзуудтайгаа мэдлэгээрээ өрсөлдөх боломжтой юм.

“Математик”, “Friends”, “Зөв бичих дүрэм”, “NBA”, “Among Us” гээд ерөнхий мэдлэг, спорт, энтертайнмент чиглэлийн 30+ гаруй сэдвүүдээс сонгон өөрийн челленжийг үүсгээд найзуудыгаа урих боломжтой. Асуулт бүрд хариулах хугацаа 10 секунд бөгөөд хэн хурдан бас зөв хариулна, илүү өндөр оноо авах юм. Одоо л хэн нь үнэнхүү тооны аварга, жинхэнэ Поттер толгойтон гэдгийг мэдэх цаг ирлээ. #CTA аппликэйшн дээр өдөр бүр хүссэн хэн ч оролцох боломжтой асуулт, хариултын тэмцээнүүд явагддаг. Найзуудаа урьж, идэвхтэй тоглосноороо XP цуглуулан, шагналтай тэмцээнүүдэд орох боломжтой.

Мөн сүүлд #CTA аппликэйшнд нэг шинэ гоё юм нэмэгдсэн байна. Энэ юу вэ гэвэл дурын нэг сэдвээ сонгоод шууд 1VS1 халз үзэх боломжтой болжээ. Хөл хорио сунгагдсан энэ үеэр хийх зүйл алга гээд обойнхоо хээг тоолж, орныхоо булан бүрд очиж хэвтэж байгаа өөр нэг хүнтэй шууд өрсөлдөн, хэн нь илүүгээ шалгаж болох нь. Үүнээс гадна #CTA аппын “Хөөрхөнөө”, “Сансараа”, “Мангуу”, “Энэбиш” роботуудтай ч тоглож өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

iPhone буюу iOS үйлдлийн системтэй утастай бол ЭНД Android үйлдлийн системийн утастай бол ЭНД дарж #CTA аппликейшнийг татаж аваарай.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​The Hu хамтлаг “Гуниг гэвч үнэн” дууныхаа шинэ клипийг танилцууллаа


The Hu хамтлаг “Гуниг гэвч үнэн” дууныхаа шинэ клипийг танилцууллаа.

Тэд шинэ уран бүтээлээ “Metallica нь дэлхийн сая сая хүмүүсийн нэгэн адил хөгжим сонирхогч, хөгжимчин бидний хувьд асар их нөлөө, урам зориг өгч байсан. Бид тэдний 40 жилийн турш тасралтгүй аялж, цаг хугацаа, өвөрмөц хөгжмийг биширдэг. Тэдэнд “Гунигтай боловч үнэн” хувилбарыг монгол хэл дээр болон Ху стилийн хэлбэрээр бичиж, тэдэнд хүндэтгэл, талархлаа илэрхийлэх нь маш их нэр төрийн хэрэг юм” хэмээн тайлбарлажээ.

“The Hu” хамтлаг цар тахлын хөл хорионы улмаас Австрали улсад хоёр сар гаруй саатаад, Франкфуртын тусгай үүргийн онгоцоор өнгөрөгч тавдугаар сард эх орондоо ирсэн билээ.