Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗУЛ САРЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД


Ирэх долоо хоногт Христийн мэндэлсэн өдөр буюу зул сарын баяр болох гэж байгаа билээ. Энэ баярыг барууны орнууд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай орны хувьд хэдийгээр арванхоёрдугаар сарын 25-нд зул сарыг тэмдэглэдэггүй боловч шинэ оныг гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг. Тэгвэл баярын өдрүүд дөхсөн энэ үед зул сарын баярын тухай болон бусад улс орнууд хэрхэн тэмдэглэдэг талаарх мэдээллийг хүргэе.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр зул сарын баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн 140 гаруй оронд энэхүү баярыг албан ёсоор тэмдэглэдэг. Европт энэ баярт сарын өмнөөс бэлтгэж, гэрээ цэвэрлэж айл болгон гацуур модоо чимэглэдэг нь элбэг дэлбэг байж, мөнхийн амьдралыг билэгддэг гэдэг. Үүдэндээ гацуур модны мөчир буюу mistletoe-г чимэглэн өлгөсөн байдаг. “Merry Christmas” мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ.

ГАЦУУР МОД


Анх Францын Эльзаст 1605 онд гацуурыг чимэглэсэн аж. Түүхэн тэмдэглэлд дурдсанаар тэр үед цаасан сарнай, жигнэмэг, алим, ёотон, алтан мөнгөн саагаар чимэглэсэн гацуурыг баярт зориулан байрлуулдаг байсан гэнэ. Энэ гайхалтай санааг Европ дахин тэр дор нь шүүрэн авсан байна.

ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ


Шашны зан үйлэнд хүмүүс бэлэг дурсгалын бяцхан зүйлс солилцдог аж. Харин 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээж, бэлэг солилцох болсон байна.

ОЙМС ӨЛГӨХ


Уг уламжлал нэгэн түүхээс үүсчээ. Уг түүхэнд өгүүлснээр гурван охинтой ядуу эр хуримын инж бэлдэх бололцоогүйгээс үүдэн охид нь хүнтэй гэрлэж чаддаггүй байж. Гэтэл нэг орой Гэгээн Николас яндангаар нь ууттай алт унагаасан нь зуухны дэргэд хатаахаар өлгөсөн оймсон дотор орсон байв. Ийнхүү том охин нь хуримаа хийсэн гэдэг.

САНТА КЛАУС


Анхны бодит Санта буюу чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17 насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд нь тараадаг байсан тухай олон домог яриа байдаг. Сантагийн хувцас анх цагаан, цэнхэр, ногоон өнгөөс бүрддэг байсан бол одоогийн улаан хувцас нь 1930-аад онд Кока Колагийн сурталчилгаанд анх ашигладаг байв. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тарсан байна.

Зул сарын баярыг улс орнуудад хэрхэн тэмдэглэдэг талаар товчхон өгүүлье.

АВСТРАЛИ: Австралид зул сарын баярыг далайн эрэг дээр ихэвчлэн тэмдэглэдэг. Зул сарын баяр зуны улиралд Австралид зун тохиодог. Арванхоёрдугаар сар дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт зуны сар байдаг тул Австралийн ихэнх хэсэг баярын үеэр халуун уур амьсгалтай байдаг тул ихэвчлэн далайн эрэг дээр өнгөрүүлдэг. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь крикет тоглох эсвэл усанд орохын өмнө сам хорхой, хавч, чихэр идэхээр цуглардаг.

ГЕРМАН : Германд энэ баярын өмнөхөн хотуудын төв талбай дээр Зул сарын баярын зах гардаг уламжлалтай. Зах дээр цугларсан хүмүүс янз бүрийн амттан худалдаж авахаас гадна халуун дарс буюу глювайн заавал ууна. Баярын өмнөх өдөр буюу манайхаар битүүний өдөр нь хамгийн чухалд тооцдог. Хайлигеабенд хэмээн нэрлэдэг энэ өдрийн өглөө гацуур модоо чимэглэж орой нь гэр бүлээрээ цугларна. Энэ өдөр заавал сүмд очиж мөргөл үйлддэг уламжлалтай. Сүмээс ирэхэд нь хүүхдүүдийн бэлгийг гацуур модны доор тавьсан байдаг. Харин баярын ширээгээ шарсан галуу эвсэл нугас, уламжлалт аргаар бэлдсэн штолен хэмээх үзэмтэй нарийн боов тавьж чимэглэдэг.

ИСПАНИ : Орой нь найз нөхөд, гэр бүл, хамаатан садангуудтайгаа хамт баярын ширээндээ суудаг. Зарим нь дуртай зоогийн газартаа хооллодог гэнэ. Арванхоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд тус улсад “El Cordo” хэмээх сугалааг зохион байгуулдаг. 1818 оноос энэ сугалааг явуулдаг болсон бөгөөд 1996 онд түүнийг нь 30 сая хүн худалдан авсан гэсэн судалгаа байдаг. Испанийн төв нутгийнхан энэ өдөр шарсан тугал эсвэл тоорой, өмнөд нутгийнхан шарсан цацагт хяруулаар ширээгээ чимдэг.

ЭНЭТХЭГ: Аварга том цаасан дэнлүү өлгөх нь Энэтхэгт Зул сарын баярын нийтлэг уламжлал юм. Энэтхэгчүүд Хинди шашинтай хэдий ч тус улсад олон тооны Христэд итгэгчид байдаг тул зул сарыг мөн тэмдэглэдэг. Айлууд гэрийнхээ гадаа манго навч, од хэлбэртэй цаасан дэнлүү өлгөдөг уламжлалтай. Дотор нь зарим хүмүүс манго эсвэл гадил жимсний модыг хүртэл чимдэг. Энэтхэгт модны доор бэлэг үлдээхийн оронд зул сарын өглөө хайрцганд чихэр хийж хөршүүд, найз нөхөддөө хүргэж өгдөг.

ИТАЛИ: Италичууд зул сарыг хамгийн амттай баяр хэмээн нэрлэдэг. Италийн бараг бүх нутагт баярын ширээнд банштай шөл байдаг. Түүнээс гадна гахайн махаар хийсэн хиам, чихэрлэг талх иддэг аж. Италичууд Зул сарын баярын өдөр хуучин хувцсаа цонхоороо гаргаж хаядаг гэнэ. Ингэснээр өнгөрсөн онд болсон муу муухай бүхнийг зайлуулж байгаагийн илэрхийлэл юм. Харин Италийн хойд нутагт зул сарын зах гардаг аж.

АНУ : Америкт олон үндэстэн амьдардаг. Тиймээс их содон тэмдэглэн өнгөрүүлдэг гэхэд болох юм. Зарим нь шарсан цацагт хяруул, зарим нь шөл, байцаатай хоол зэргээр ширээгээ чимнэ. Баярын өглөө хүүхдүүдийг сэрэхэд бэлгийг нь гацуур модны дор тавьсан байдаг нь уламжлал болон иржээ. Ингэхдээ шөнө унтаж байхад Санта Клаус ирж бэлэг орхиод явсан хэмээн тайлбарладаг. Зул сарын баярын өглөөний цайн дээр заавал рулет идэж кофе ууна.

ИХ БРИТАНИ: Хатан хаан жил бүр Зул сарын баяраар ард иргэддээ хандан үг хэлдэг уламжлалтай. Баяраар гэр бүлээрээ цугларч, шарсан цацагт хяруул, цэлцэгнүүр идэж бие биедээ бэлэг өгнө. Баярын ширээнд уламжлалт аргаар бэлдсэн нарийн боов заавал тавьсан байх ёстой. Түүн дотроо зоос хийнэ. Зоос таарсан хүн нь тэр жилдээ азтай байна хэмээн ерөөдөг аж. Их Британийн гэр бүлүүд зул сарын оймсоо пийшингийн дээгүүр өлгөхөөс илүүтэй орныхоо хөлд байрлуулдаг.

ХЯТАД : Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьханы хувьсгалын дараа энэхүү баяраа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу “Чуньцзе” хэмээн нэрийдэх болжээ.

НИДЕРЛАНД : Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг билгэддэг байна.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​168: ДУУ ХӨГЖМӨӨС ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ОЛЖ АВСАН


Х.Тэнгис буюу уран бүтээлч 168-тай ярилцлаа. “Миний муужгай” дуугаар нь түүнийг хүмүүс сайн мэдэх билээ.

-168 гэж тоогоор илэрхийлсэн нэр их содон юм. Олон хүн асуудаг байх. Нэрнийх нь талаар яриагаа эхлэе.

-168 гэдэг нэр намайг өөрөө олсон гэхэд болно. Би эрж хайж олсон гэхээсээ илүү замын дунд өөрөө намайг олсон гэж хэлэх дуртай.

-Уран бүтээлчээс гадна ямар ажил эрхэлдэг вэ. “MOTR” нэртэй хувцасны брэндтэй гэж сонссон. Ямар мэргэжилтэй вэ. Хувиараа бизнес хийдэг гэж ойлгож болох уу?

-Миний хувьд СЭЗИС-ийг бизнес удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн. Одоогоор 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг старт-ап компаниа хариуцаад ажиллаж байна. Манай компани хувцасны бренд, эвент зохион байгуулах болон артист хөгжүүлэх гэсэн гурван чиглэлд ажилладаг. Ерөнхийдөө мэргэжлээрээ мөн ажиллаж байгаа гэсэн үг.

-Х.Тэнгисийн хувьд 2020 оныг хэрхэн өнгөрүүлэв. Төлөвлөж байсан зорилтууддаа хүрч чадав уу?

-2020 он олонх хүмүүсийн хувьд хэцүү жил байсан байж болох ч миний хувьд үр бүтээлтэй, хийсэн юмтай, ахиц дэвшил гаргасан маш өгөөжтэй жил болж чадсан. Манайх хоёр ч студитай болсон. Эхний студио солиод сүүлийнх нь бүр ч гоё студио боллоо. Байгууллага маань цэгцтэй зохион байгуулалтад орж, амьдрал ер нь гайгүй цэгцэрч л байна.

Р” үсэг хэлж чаддаггүй гээд олон нийт, хүмүүс өөрийг тань өхөөрдөх, зарим нь шүүмжлэх нь тал бий. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би бөөрөнхий хэлтэй байгаагаараа онцгойрох дургүй. Яагаад гэвэл энэ миний сул тал. Миний сул тал дээр тоглоод, дооглоод байж болохгүй шүү дээ. Хүмүүс шоолоод гоё байдаг байж магадгүй л дээ. Гэхдээ надад бол таатай санагддаггүй. Үүгээрээ бахархаад байх нь ч хаашаа юм.

-Урлагийн хүн болох таны багийн хүсэл байсан уу. Хэзээнээс дуу, хөгжим оролдож эхэлсэн бэ?

-Ер нь багаасаа урлагт дуртай байсан л даа. Манай ээж их гоё дуулдаг, аав маань их гоё хоолойтой хүн байдаг. Би багаасаа дуулах сонирхолтой, мэдрэмжтэй хүүхэд байсан. Зураач болно гэж боддог байлаа. Бүтээлч талаа илэрхийлэх тэр хүсэл үргэлж миний дотор байсан. Түрүү жил яг өөрийгөө чөлөөлөөд, хиймээр байгаа зүйлээ хийж үзсэн чинь зураг нь шүлэг болоод, шүлэг нь дуу болоод, дуу нь бүжиг болоод одоо ингээд янз бүрийн юм хийдэг артист болчихсон байна. Одоо л өөрөөрөө байж чадаж байгаа болохоор их гоё байгаа. Дуу хөгжмөөс өөртөө итгэх итгэлийг олж , хувийн дотоод зөрчилдөөн багассан. Хуучин дургүй ажлаа хийдэг үеийг бодвол санхүүгийн багахан эрх чөлөөнд бас хүрсэн.

-Анхны уран бүтээл нь ямар дуу байсан бэ. Анхны дууныхаа мэдрэмжийг эргээд сөхвөл?

-Хамгийн анх би “Магтаал” гээд дуу хийж байсан. Тэр дуугаа хүмүүст хүргэж хийгээгүй, зүгээр л өөрөө дуу хийж үзмээр санагдаад, өөрийнхөө шүлгийг аян дээр уншвал гоё юм байна гэж бодоод хийсний дараа нь сэтгэлд хүрээд дуунуудаа хүмүүст сонсгодог болсон. Анхнаасаа хүнд сонсгох чухал байгаагүй ээ. Өөрийнхөө мэдрэмжийг л илэрхийлмээр байсан. Олон удаа давтаад, хийгээд байхаар гарт ордог гэдэг шиг хийгээд л байсан.Өөрийн уран бүтээл гэдэг зүйлийг бүтээхийн төлөө л байсан.

-Сүүлд гаргасан “Хөнгөн” нэртэй уран бүтээл нь өвөрмөц хэв маяг, клиптэй дуу болж, олон хүнд хүрч байгаа харагдсан. Тэдгээр өвөрмөц санаанууд хаанаас гарав?

-“Хөнгөн” дууны хувьд хэн нэгнийг дуурайлгүй цэвэр өөрийнхөө мэдрэмжийг л гаргахын хүссэн. Үнэнгээрээ байгаа учраас л өөр байгаа байх. Хүн болгон өөр өөрийн дотоод мэдрэмжтэй байдаг. Өөрийнхөө мэдрэмжийг зоригтой гаргаж байгаа болохоор миний уран бүтээлүүд хүмүүст хүрдэг болов уу гэж боддог.

-Уран бүтээлч хүнд таны хэлдгээр мэдрэмж их чухал. Түүгээрээ л хөглөгдөж уран бүтээлээ туурвидаг шүү дээ. Таны хувьдмэдрэмжээ яаж усалж, цэнэглэдэг вэ?

-Төрөлхийн мэдрэмжтэй төрлийн хүн л дээ. Заримдаа юм мэдрэхгүй үедээ анхаарлаа сайн төвлөрүүлээд сэтгэл санаагаа цэгцэлж байж гараас юм гардаг. Мэдрэхгүйгээр юмыг загварчлаад автоматаар хийгээд байвал тэр чинь урлаг биш ажил болчихно шүү дээ. Гэхдээ гайгүй мэдрээд л байдаг даа. (инээв)

-Дуун дээрээ өөрөө бүжиглэдэг эрэгтэй артист Монголд цөөхөн. Дуулахдаа мэдрэмжээрээ бүжиглэчихдэг үү?

-Би маш ичимхий байсан. Хүрээллээ өөрчлөөд, хөгжмийг мэдрээд, эхлээд бүжиглэх гэж үзээд, бага багаар хөдлөөд, бүжиглээд байх тусам сурдаг юм билээ. Бүжиглэсээр байгаад өөрийнхөө хэв маягийг олсон. Түүнээс угаас бүжгийн эвсэлтэй хүн бол биш ээ.

Бага насандаа ямар хүүхэд байсан бэ?Хүүхэд насных нь талаар ярилцья.

-Багадаа жижигхэн биетэй, царай муутай, сонин үстэй, бордуу, хүн тоодоггүй хүүхэд байсан. Жаахан сахилгагүй, тэгсэн мөртлөө сахилгагүй биш юм шиг гэмгүй царайтай. Хөдөө ч байж үзсэн. Тогтмол хүн дээр байдаггүй байнга ийш тийшээ нүүгээд л яваад байдаг байсан. Хамаатнууд, ээж эсвэл аав дээрээ байж өссөн. Хүссэн юмаахийж чаддаггүй, юу мэдэрч байгаагаа ойлгодоггүй жаахан хэцүү гологдсон гэх үү нэг тиймэрхүү. Үнэнийг хэлэхэд нээх жаргалтай бол өсөөгүй ээ.

-Сэтгэл тавгүй үеийг хэрхэн даван туулж байсан бэ?

-Сэтгэл гутралтай нүүр тулдаггүй хүн гэж одоо бараг байхгүй байх аа. Судлаад үзэхээр сэтгэл гутралаас гарах олон л аргууд байдаг юм билээ. Миний хувьд өглөө босоод хамгийн түрүүнд толгойд орж ирсэн 3000 үгээ цаасан дээр буулгадаг аргыг хэрэглээд үр дүнгээ өгсөн. Яагаад гэхээр түүгээрээ өөрийгөө илэрхийлчихэж байгаа болохоор. Сэтгэл хямрах нь өөрийгөө илэрхийлж чадахгүйгээс, хайрлагдаагүй байгаагаас болдог. Миний хувьд хиймээр байгаагаа хийж өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, хүмүүсээр хайрлуулах үедээ гайгүй болчихдог. Одоо ч томроод депресст өртөх нь багасаад, өөрөө зохицуулж сурсан.

-Олон нийтийн өмнө ил гарна гэдэг зориг шаардсан алхамд тооцогдоно. Танд эхлэхэд ямар нэгэн айдас байсан уу?

-Намайг шоолж, муулдаг хүрээллээс би ангижирч чадсан байсанд бас учир бий л дээ. Арван жил, их сургуульд байхад ч юм уу дандаа шоолж, шүүмжилдэг хүрээлэлд байгаад байсан. Тэднээс холдоод намайг зоригжуулж, дэмждэг хүмүүстэй хамт байсан болохоор айдас байгаагүй. Хажууд байгаа хүмүүс, хүрээлэл маш чухал юм билээ.

-“Бүжье бүжье”, “Миний муужгай” дуунууд нь тэсрэлт хийсэн шинэлэг уран бүтээлүүд болсон.Үйлдвэрт бүжинэ гэдэг нь цаагуураа ямар утгатай юм бол?

-Дээр“Үйлдвэр” гэжклуб байсан. Мөн үйлдвэрт ажилладаг мөртлөө нийгмийн даатгал, татвараа төлдөг,баасан гарагт ажлаа тараад клубтээ ч орчихдог хариуцлагатай, хөдөлмөрч ангийг дөвийлгөсөн гэх юм уу. Цаагуураа нийгмийн даатгал, татвараа төлөхийг залуустаа ойлгуулаад байгаагэж мөн харж болно.

-Олон хүнд танигдахын хэрээр амьдралд нь эерэг өөрчлөлтүүд олонтоо гарч байна уу?

-Жаахан хүүхдүүд маш хөөрхөн харчхаад үнэнгээсээ баярлаад байдаг. Өдөр болгон энгийн өнгөрч байгаа хүүхдүүдийн амьдралд өөрийн сонсдог дуучинтайгаа таараад зургаа авахуулах нь тэдний хувьд онцгой үйл явдал болж байгаа. Надад бол байнга зургаа авахуулаад онцгой санагдахаа больсон ч тэр хүүхдийн хувьд онцгой байгаа болохоор би ач холбогдол өгч, сэтгэлээсээ ханддаг. Тэр нь яг үнэнээсээ аз жаргал, баяр хөөр өгч чадаж байгааг харахаар би өөрөө бас баярлаад байдаг юм.

-Тэгвэл Монголын репперүүд, уран бүтээлчдээс үнэлж, хүндэлж явдаг хүн бий юу?

-Намайг дуу хөгжимтэй холбож өгсөн хүн бол Wolfizm. Бид удаан хугацаанд нөхөрлөж байна. Анхнаасаа дуу яаж бүтдэг, хүргэдэг тэр бүхэн нь нүдэн дээр ил, мөн дуугаа гаргахад бусад хүмүүстэй хамтарч ажиллах гүүр болж өгсөн хүн. Wolfizm-ийг маш их хүндэлдэг.

-“Урлаг Монголд хөгжихийн төлөө” гээд дуулдаг шүү дээ. Таныхаар Монголын урлаг хэр хөгжиж байна гэж боддог вэ?

-Би ч нэг их тэгж хэлээд хөгжүүлсэн юм байхгүй л дээ. Гэхдээ урлаг Монголд хөгжихийн төлөө гэдэг санааг хөндсөн гэдэг утгаараа энэ сэдэв яригдах болсон байна лээ. Тэрэнд их баярлаж байгаа. Залуу уран бүтээлчдэдээ хандаж хэлэхэд та бүхний хийж байгаа уран бүтээлүүд бүр чиньмонголын урлагт оруулж байгаа хувь нэмэр шүү гэж хэлмээр байдаг.Гэхдээ нэг тоглолтон дээр “Урлаг Монголд хөгжихийн төлөө” гээд баахан урлагийн томчуудын өмнө дуулахад жаахан ичиж байсан шүү. Урлагийн сургууль төгссөн, яаманд ажилладаг хүмүүсийн урд тэгээд байдаг би хэн билээ дээ. (инээв)

-Тайз болгон хүлээж авах нь болон сонсогчид нь ондоо. Дууг нь ойлгохгүй хүмүүстэй тааралдаж шүүмжлүүлж байв уу?

-Түрүү жил нэг газар ахимаг насны хүмүүсийн баяр дээр орчихсон. Намайг үнэнгээсээ ойлгохгүй, энэ яг яагаад байгаа юм бэ? гээд бүгд таг хөшчихсөн. Тэгсэн ч одоо өнгөрсөн гээд л ганцаараа дуулаад, бүжиглээд, саваад л гарсан даа. Зөндөө асуудал гарч байсан. Нэг удаа би тайзан дээр шүдээ угаачихгүй юу. Гадаадад performance art гэдэг утгаараа хөгжсөн байдаг л даа. Ийм урлаг гээд хүмүүст үзүүлчихсэн чинь газрынх нь хүн нь барьж аваад, бараг зодох гээд тэгээд зугтсан байдаг юм.

-Цомог гаргах төлөвлөгөө бий юу?

-Байгаа. Гэхдээ яаж гаргах вэ гэдэг платформ шийдлээ сайн ойлгохгүй байгаа. Хуучнаар сидин дээр хуулдаг цаг өнгөрсөн. Тэгэхээр яаж гаргах уу гэдэг дээр бодоод юмаа хийж байгаа.

-Гэр бүлийн тал дээр тэгвэл төлөвлөсөн болов уу. Найз охинтой юу?

-Одоогоор нарийн төлөвлөсөн юм алгаа. Найз охинтой. Удаан хугацаанд үерхэж байгаа.

-Цаашдын уран бүтээлийн болон хувийн зорилгуудаасаа хуваалцаач.

-Цаашид уран бүтээлээ олон улсын хэмжээнд гаргахыг зорино. Бас уран бүтээлдээ үндэсний хэв шинжтэйгээр монгол хэв маягийг шингээхийг хичээдэг. Бүжиг, нүүр царай, хэмнэл гээд бүх зүйлдээ монгол хэв маяг, онцлогоо оруулахыг хичээдэг. Студио мөн сайн хөгжүүлж, бизнесээ амжилттай авч явахыг зорино.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Таж Махаалын бунхан

Олон улсын Монгол судлалын Холбооны хүндэт ерөнхийлөгч, ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич Д.Төмөртогоогийн бичсэн “Таж Махаалын бунхан” тэмдэглэлийг та бүхэнд хүргэж байна. Тэрээр одоогоос 48 жилийн өмнө дэлхийн долоон гайхамшгийн нэг болох алдарт Таж Махаалын бунхныг анх үзээд энэхүү тэмдэглэлийг бичиж байсан бөгөөд Энэтхэг-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулж нийтэд дэлгэж байгаа нь энэ.

Энэтхэг орноор аялсан минь. Миний бие цаст Хималайн өвөр бэлээс Энэтхэгийн далай хүртэл, Арабын тэнгисийн үзэсгэлэнт эргээс Бенгаалын булан хүртэлх өргөн уудам нутгаар олон мянган км замыг туулан, уул нуруу, ус мөрөн, ой ширэнгэ, оорцог манхан, хот тосгон, хөшөө дурсгал, сүм дуган, булш бунхан зэрэг үлгэрийн жагар орны түмэн гайхамшгийг нүдээрээ үзэж, сэтгэлээрээ баяс ч, алмайран биширч явлаа. Тийнхүү аялан явахдаа холын замд нь галт тэргээр, далай тэнгист нь усан онгоцоор, уул даваанд нь машин тэргээр, элсэн цөлд нь тэмээгээр, бас зарим газар заан такси, хүн хөлөг хүртэл хэрэглэж явлаа.

Олон улсын санскрит судлалын анхдугаар их хуралд оролцсон гадаадын эрдэмтдийн хамт төв Энэтхэгийн түүх дурсгалын зарим газруудаар аялсан минь Энэтхэг орноор тойрсон анхны минь аялал байсан юм. 1972 оны 4-р сарын 1-ний нарлаг сайхан өглөө аяллын зориулалттай тохилог автобусанд сууж Дэли хотоос өмнө зүгийг чиглэн хөдөллөө. Автобусны цонхоор өтгөн ногоон ой шугуй, тариан талбай ээлжлэн өнгөрнө. Тариалангийн талбайд нь трактор, комбайн огт харагдахгүй, харин анжис чирсэн цагаан үхэр, толгой дээрээ сахс барьсан тариачид л олон харагдана. Зам зуурын жижиг тосгон сууринд түр зогсоход өнгө өнгийн гоёмсог тохоштой том заанаа хөтөлж ирээд олон гишгүүртэй хөнгөн шатаа түшүүлэн тавиад, ойртсон бүхнийг урина. Манайхны зарим нь зааны нуруунд авиран гараад зургаа авахуулна, бас зарим нь баавгайн бүжиг, сармагчны тоглолт, кобра могой, мангуст хоёрын тулааныг үзнэ. Тийнхүү манай аяллынхан хэсэг зуур зугаацаж, тосгоныхон ч бас хэдэн зоос олоод авлаа. Бид аяллаа үргэлжлүүлэн үд дундын хэрд эртний түүхт Агра хотод хүрлээ. Агра хот бол таван мянган жилийн түүхтэй эртний хот бөгөөд хожим Монголын эзэнт улсын гутгаар их хаан Акбаарын үед гүрний нийслэл байжээ.

Эртний хотын хэрэм цайз, тахир нарийн гудамж, өнгө алагласан задгай зах тэргүүтнээр нүдээ хужирлаж явтал үзэсгэлэнт сайхан Ямуна мөрний тохой дээр сүр жавхлантайяа сүндэрлэн харагдах алдарт Таж Махаалын бараа алсаас тодхон харагдлаа. Манай аяллынхан явсаар их бунхны өмнөд хаалган дээр хүрч буулаа. Өндөр сүрлэг хаалгаар ороход хөх тэнгэрийн мандал дээр хашийн цагаан бунхан цайвалзан харагдах нь үнэхээр үзэсгэлэнтэй. Бунхны нүүрэн талд гантиг чулуун хашлагатай усан сан, түүний хоёр талаар хээлэн тарьсан ногоон зүлэг, эгнэн жагссан өндөр гоолиг модод хараа булаана. Бунхны чанх өмнө, тусгайлан зассан цагаан гантиг тавзан дээр хүмүүс ээлжлэн зогсоод зургаа татуулна. Ард нь байгаа үзэсгэлэнт бунхан өлмий доорхи усан мандалд тольдон буух нь сонин. Өндөрлөн зассан өргөн тавцан дээр өгсөн гараад бунхант асрын үүдээр ороход бөмбөгөр алдартай их танхим сэрүү татан угтана. Ийм том асрын тийм өндөр адарыг ганц ч баганагүй тогтооно гэдэг энэхүү уран барилгын олон далд нууцынх нь нэг ажээ. Их танхимын төв голд Мумтаз хатны бунхан, хажууханд нь хааны бунхан байна. Гэвч хаан, хатан хоёрын жинхэнэ шарил нь түүний доод давхарт байдаг юм байна лээ. Сүүн цагаан гантигаар урласан хаан, хатан хоёрын бунхнаас аваад их танхимын хана туурган дээр олон өнгийн навч цэцэгсийг эрдэнийн чулуугаар шигтгэн чимжээ. Исламын урлагийн уламжлалд амьд амьтныг дүрслэн зурдаггүй онцлогтой ажээ. Таж Махаалын бунхан өдрийн нарны гэрэлд харагдахаасаа шөнийн сарны туяанд илүү гоё харагддаг учир тэргэл сартай шөнө мянга мянган хүн тэнд цугларан, үзэсгэлэнт бунхны төгс сайхан үзэмжээр нүдээ баясган, сэтгэлээ сэргээж, саран шингэтэл дуулж бүжиглэн баярлацгаадаг байна. Манай аялалынхан Clarks Shiraj зочид буудалд тухлан амраад, хаврын дунд сарын арван зургааны тэргэл саран гийсэн намуухан тэр үдэш их бунхны шөнийн үзэмжийг харахаар эргэж очлоо. Өндөр асрын бөмбөгөр орой шөнийн тэнгэрийн бараан дэвсгэр дээр тэргэл сарны цагаан туяанд цэвцийн харагдах нь үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй. Бунхант асрын мөнгөлөг цагаан орой, тэргэл сарны төгрөг дүрс хоёр усны мандалд нэгэн доор айлсан буусан ховор нэгэн цэгийг бидэнд үзүүлсэн нь гайхалтай сонин байлаа. Дотоод мөн чанар нь хүйтэн цэвдэг чулуу ч гэсэн гадаад өнгө дүр нь лусын дагина мэт харагдана гэдэг бол жинхэнэ урлагийн гайхамшиг. Эргэн тойронд халуун орны ой шугуй сүрлийн, шөнийн тэнгэрт гэрэлт цох гялалзан сүлжилдэн. Ийнхүү хүний бүтээл, байгалийн үзэсгэлэн хоёр нэгэн дор хослон цогцолно гэдэг нэн ховор, бас түүнийг олж үзнэ гэдэг ч ховор завшаан буюу.

Хүний гараар бүтсэн дэлхийн долоон гайхамшгийн манлай болсон энэхүү алдарт бунхны үүх түүхээс цухас дурдъя. XVI зууны эхээр умард Энэтхэгийн газар нутаг дээр мандан бадарсан Их Монголын эзэнт гүрний тав дахь үеийн их хаан Шаах Жехаан (1592-1666) хаан ширээнд сууснаасаа гуравхан жилийн дараа 1631 онд өмнөд Энэтхэгийн Декааны өндөрлөг тийш аян дайнд мордохдоо хайртай хатан Мумтаазаа дагуулж явжээ. Аян замын дунд Мумтааз хатан арван дөрөв дөх хүүхдээ төрүүлээд, нярайлахын хүндрэлээр 39 насандаа тэнгэрт хальжээ. Хайртай хатныхаа хойноос гуниглан гашуудсан их хаан түүнийхээ дурсгалд зориулан дэлхийд хосгүй тансаг гоё бунхан байгуулахаа зарлахад Энэтхэг, араб, перс, Сири, Самарканд, Туркийн урчууд оролцож, олон сайхан төсөл зохиожээ. Тэр бүхний дотроос перс урчуудын бүтээл хааны таалалд нийцэж, тэрхүү зураг төслөөр их бунхныг бүтээх ажил эхэлжээ. Таж Махаалын бунхныг 23 000 урчууд 22 жилийн турш барьсан гэдэг. 1648 онд уг цогцолборын гол бунхныг дуусчхаж, улмаар гадна талын цэцэрлэгт хүрээлэн, гурван талын их хаалга, баганат цамхаг зэргийг түүнээс таван жилийн дараа босгожээ. Таж Махаалын бунхныг чимэхэд хэрэглэсэн цагаан гантигийг Ражастанаас, очир алмаасыг Жайсалмэрээс, хаш чулууг Пенжабаас, пийсүү, усан болрыг Хятадаас, цэнхэр оюуг Персээс, хөх номинг Афганистанаас, индранилийг Цейлоноос, мана чулууг Багдадаас, гартаам чулууг Йеменээс, ногоолин Африкаас, маргад эрдэнийг Гвалиороос, шүр сувдыг Улаан тэнгисээс зөөж авчирсан гэдэг. Их бунхны гантиг чулуун өнгөлгөө нь нарны гэрлийн тусах өнцгийг нарийн тооцоолсон учир өглөөний наранд ягаандуу өнгөтэй, өдрийн наранд цэвцгэр цагаан өнгөтэй, шөнийн сарны туяанд шаргал өнгөтэй байхаар тохируулжээ. Таж Махаалын бунхны найман талт төв асар нь 74 метр өндөр, нүүрэн талдаа коран судрын ишлэлийг араб үсгээр жигдхэн урлажээ. Бунхант цогцолбор гурван талдаа сүрлэг том хаалгатай. Орой дээрээ найман баганат бөмбөгөр оройтой, 40 метр өндөр цамхгийг гол бунхны дөрвөн өнцөгт босгосноос гадна өмнөх талбайд нь усан сан, усан оргилуур бүхий үзэсгэлэнт цэцэрлэгтэй, усан сангийн эргэн тойронд энэ дэлхийн олон газар орноос авчирсан 400 гаруй төрлийн мод, цэцгийг ургуулсан нь хосгүй үзэсгэлэнг бүрдүүлжээ.

Шах Жехаан хаан их бунхныг босгож дууссаныхаа дараа их найр хурим үүсгэж, гавьяа зүтгэл гаргасан олон урчуудыг хөхүүлэн шагнаад, түүн шиг хосгүй уран тансаг бүтээлийг дахин бүтээлгэхгүйн тул хамгийн нарийн урлалыг хийж гүйцэтгэсэн мянган урчуудын баруун гарыг хааны зарлигаар цавчсан гэдэг домог байдаг байна. Шах Жехаан хаан бол исламын урлагийг хөгжүүлэхэд асар их гавьяа зүдхэл гаргажээ. Тэрбээр өөртөө зориулан хосгүй уран, ижилгүй үнэтэй хаан суудлыг бүтээлгэсэн гэнэ. Тавцан дээр нь алт, мөнгө, очир алмаз, бадмаараг, индраанил, молор эрдэнэ шигтгэж номин өнгийн паалангаар өнгөлсөн хаан ширээ, маргад эрдэнийн шигэдхээтэй арван хоёр тулгуур бүхий мөнгөн гишгүүрт суудал зэргийг урлуулжээ. Хожим XVIII зууны эхээр шуналт этгээдүүд тэрхүү гайхамшигт бүтээлийг хулгайлан авч, эрдэнийн чулуун шигтгээг нь хуулж, алт, мөнгийг нь хайлуулж худалдсан гэнэ. Шах Жехааны санаачлан байгуулсан алдарт Улаан хэрэм, Жама Масжид зэрэг уран барилгын олон дурсгал Дэли хотод бий.

XVI зууны сүүлчээр Их Монголын гурав дахь хаан Акбар (1542-1605) улсынхаа нийслэлийг Агра хотод шилжүүлсний дараа Ямуна мөрний эргийн дагуу аварга том орд харш, хэрэм цайз байгуулж эхэлсэн нь дараа дараачийн хаадын үед үргэлжлэн баригдаж дууссан ажээ. Тэр нь эдүгээ хол ойрын аянчин жуулчдын анхаарлыг татсан алдарт Улаан цайз юм. Их цайзын гадна талаар 20 метр өндөр, 10 метр өргөн хана хэрэмтэй бөгөөд хэрмийн орой дээрхи урт хонгилд өлөн арслан, барс хөлхөлдөж байсан гэдэг домогтой ажээ. Бас хэрэмийн гадуур махчин матар хөвсөн дүүрэн устай гүн суваг байж. Хэрэв хэн нэгэн этгээд хааны харшид нэвтрэх гэвэл эхлээд дүүрэн устай өргөн сувгийг матарт идүүлэлгүй гатлах, дараа нь өндөр чулуун хэрмийг авирч давах, эцэст нь өлсгөлөн араатнуудын дундуур гарах хэрэгтэй болно. Акбар хааны их цайз нь дөрвөн том хаалгатай, дотроо олон орд харш, сүм дуган, цэцэрлэгт хүрээлэн, усан сантай байснаас зарим нь эвдэрч сүйдсэн байна. Их хааны цайз нь улаан өнгийн өндөр сүрлэг хана хэрэм, уран сийлбэр бүхий олон баганатай, дотроо исламын уран барилгын гайхамшгийг илтгэсэн урт урт хонгил, бөмбөгөр оройтой өндөр цамхаг, өнгө өнгийн чулуун шигэдхээтэй гантиг чулуун ханатай.

Шах Жехаан хаан 65 нас хүрсэн тэр жил бага хүү Ауранзэв нь улс орныхоо 20 жилийн төсвөөр ганцхан бунхан бариулсан хэмээн эцгийгээ буруутгах аж, Агра хотын их цайзад нас бартал нь хорьсон гашуун түүх байдаг ажээ. Найман жил гэрийн хорионд суусан их хаан хайртай хатныхаа хойноос санаашран гиюүрч, их бунхны зүг өдөр шөнөгүй харуулдан ширтсээр байсан гэдэг. Хааны шадар зарц нь хаан эзнийхээ шаналал зовлонг бага ч гэсэн хөнгөлөхөөр холыг ойртуулдаг ер бусын нэгэн толь хийж өгчээ. Түүнээс хойш хаан ид шидийн толио нүдэндээ ойртуулан барьж, хатныхаа бунхныг илүү ойроос хардаг болсон гэнэ. Тэрхүү ид шидийн толь одоо ч тэндээ байгааг би өөрөө харсан билээ. Гаднаас нь харахад онцгой содон зүйлгүй, энгийн мэт тэрхүү шидэт толийн нууцыг одоо хүртэл тайлж чадаагүй гэж хөтөч нь тайлбарлаж байсан. Миний бие тэрхүү толийг хараад өмнийн говьд байсан толь хадны тухай эмгэнэлт явдлыг өөрийн эрхгүй санаж билээ. Тэртээх хөндийн айл гэр, адуу мал, түүний цаадах уул нурууг дэргэд байгаа мэт ойртуулан татдаг хосгүй сонин байгалийн бүтээл Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байсныг ухвар мөчид харийн хүмүүс зугаа цэнгэл болгож буудсаар алга дарам газар ч үлдээлгүй балласныг нүдээрээ үзэж, сэтгэлээрээ харамсаж билээ.

Акбар хааны байгуулсан өөр нэг томоохон цогцолбор бол XVI зууны дундуур босгосон Фатипур Сикри юм. Агра хотоос 40 орчим км-ийн зайтай газар гадуураа 15 метр өндөр чулуун хэрэм, долоон том хаалга бүхий асар том байгууламжийн дотор хиндү болон исламын уран барилгын хэв маягийг хослуулсан гантиг чулуун орд харш, усан сан, цэцэгсийн хүрээлэн, уран чамин сүм дуган, хаадын булш бунхан байх ажээ. Дээд талдаа баганан суурьтай бөмбөгөр оройтой олон сүрлэг цамхагтай.

Эхийн талаар Чингисийн удамтай, эцгийн талаар Доголон Төмрийн удамтай монгол хаад эртний түүхт Жагарын оронд ирээд дээрэм тонуул хийж явсангүй, дээшилж өөдлөхийн үүдийг нь нээж, түүхэнд мөнхрөн үлдэх олон сайхан дурсгалуудыг бүтээжээ. Өнгөрсөн түүхээ дээдлэн үздэг Жангарын ард түмэн Бабур, Хумаюн, Акбар, Шах Жехаан зэрэг Их Монголын хаадыг харийн гэж хажиглалгүй, түүх шастиртаа тэмдэглэн, урлаг соёлдоо мөнхжүүлсээр иржээ. Тийнхүү монгол удмын хаадын хүрсэн газар, үлдээсэн мөр, бүтээсэн гайхамшгийг нүдээрээ үзэж, сэтгэлдээ биширч явахуйд нүдэнд минь эрэлхэг баатруудын дүр тодрон, чихэнд минь монгол морьдын төвөргөөн тачигнаж, хамарт минь агь таанын үнэр сэнгэнэж, хэлэнд минь намрын айраг чимчгэнэж, сэтгэлд минь ‘хүчирхэг байж дээ’ гэсэн бахархал төрж байлаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Мөсөөр нүүрээ арчлах арга

Батганаас болж нүүрний арьсанд нүхжилт үүсдэг. Батгыг шахчихаад дараа нь нүхжилтийг агшаах ямар нэгэн арчилгаа хийдэггүйгээс үүдэн нүхжилт томрох нь бий. Нүхжилтийг агшаах олон төрлийн маск байдаг ч гэрийн нөхцөлд хийхэд тохиромжтой нэг аргыг танд санал болгож байна.

Мөс нүүрний нүхийг агшааж толигор болгодог байна.

Нүүрээ цэвэрлэсний дараа хөлдөөсөн мөсөө алчууранд ороож, нүүрээ арчдаг. Энэ аргыг хуурай арьстай хүн бол 7 хоногт 2 удаа, тослог арьстай хүн өнжөөд 1 хийхэд болно. Дараа нь тэжээлийн тос түрхээд 30-40 минутын дараа нүүрнээсээ тосоо арчиж авдаг. Мөсөөр нүүрээ тогтмол арчих нь арьсыг хэт хуурайшуулдаг тул тохируулан хэрэглэхийг зөвлөе.

Мөсийг нүүрний арьсандаа хэрэглэснээр:

-Цусны эргэлтийг сайжруулна

-Нүүрэн дээрх нүхжилтийг багасгадаг

-Тослогийг тэнцвэржүүлж, арьсыг чангална

-Батганаас болж үүссэн улайлтыг багасгаж, нүүрний хаван буулгадаг

-Наранд түлэгдсэн арьсанд тустай

-Унтаад сэрэхэд таны нүд хавдчихсан байдаг уу. Тэгвэл мөс тэр хаванг багасгана

-Өглөө нүүрэндээ мөс тавибал өдөржин таны нүүр сайхан харагдах болно

-Үдээс хойш хэрэглэвэл ядарсан арьсыг тань амрааж, эрүүл сайхан харагдах болно

-Орой үдэшлэгт явахынхаа өмнө хэрэглэвэл таны нүүрний будаг арьсандаа сайн шингэж, олон цаг таны нүүр сайхан харагдах болно

-Унтахынхаа өмнө хэрэглэвэл таны нүүр эрүүл, гялалзсан, сэтгэл татам болох болно.

Categories
гадаад мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Польшийн миссийн асуудал дэвшүүлсэн гэрэл зураг

“Miss Earth”-ийн оролцогч, Польш улсын мисс Сабина Поттавскагийн асуудал дэвшүүлсэн энэхүү гэрэл зураг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

“2050 он гэхэд далайн амьтдаас ч илүү тооны хуванцар далайд хөвөх болно. Дэлхий даяар нэг минут тутамд 2 сая ширхэг гялгар уут байгальд хаягддаг. Хуванцар байгаль, эх дэлхийд сөргөөр нөлөөлөхийн сацуу хүний бие эрхтэнийг хордуулдаг. Өөрчлөлтийг та өөрөөсөө эхэл. Таны сонголт хуванцаргүй байх нь дэлхийн иргэн мөн гэдгийг нотлох болно” гэжээ Сабина энэ зургаа тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

​Г.Тэмүүлэн: Гадаад хэл сурахад ярихаас өөр үр дүнтэй арга байдаггүй


“Podcasts and Shows whit Temka” пэйж хуудсыг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

Тэрээр 2016 оноос хойш дөрөв дэх жилдээ багшилж байгаа бөгөөд “Podcasts and Shows whit Temka” хуудсаараа дамжуулан залуусын англи хэлний түвшинг ахиулах, мэдлэгийг дээшлүүлэхэд түлхэц болох үүднээс видео контент болон цуврал хичээл байршуулдаг юм.


-Хөл хорионы үеэр юу хийж амжуулж байна вэ. Одоо онлайнаар хичээлээ зааж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Би “Winner’s course” сургалтын төвийг ажиллуулдаг. Хөл хорионы үе гээд одоогоор онлайнаар 50 гаруй хүнд хичээл зааж байна.Мөн шинээр нэмж 20-иод хүн бүртгүүлсэн байгаа. Манай сургалтад ихэвчлэн анхан болон анхан дунд шатны хүмүүс англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр ирж хичээл заалгадаг.

-Аливаа зүйлийг хийхэд хувь хүний арга барил чухал байдаг. Таны хувьд гадаад хэлийг өөртөө суулгахын тулд их түлхэц болсон зүйл байв уу?

-Би зургаан настайгаасаа эхлээд “Hobbi” сургуульд сурсан. Тэнд ихэвчлэн гадаад багш нар хичээл заадаг байсан юм. Багш нараасаа Америкчууд, Англичууд ямар хэв маягаар ярьдаг болохыг мөн тэр улсын соёлыг нь мэдээд авчихсан. Түүнээс гадна манай гэр бүлийнхэн хүртэл англиар ярьдаг байсан болохоор ч тэр үү англи хэлний суурь мэдлэг, орчин нь бүрдчихсэн байсан. Тийм болохоор хэл сурахад их дөхөм байсан болов гэж боддог. Гэрийнхэн маань англиар асуулт асуухад зарим үгийг нь мэдэхгүй тохиолдолд энэ үгийг сурах шаардлагатай юм гэдэг бодол, өөрт хэрэгтэй зүйл гэж бодсоны үндсэн дээр сурсан гэхэд болно.

-Ер нь Их, дээд сургуулийн оюутан, 10 жилийн сурагчид англи хэлний хичээлийг олон цагаар үздэг ч ажлын байран дээр гараад англи хэлний мэдлэгийн түвшин гологддог. Энийг юутай холбоотой гэж үзэж байна вэ?

-Ер нь гадаад хэлийг нэгдүгээр ангиас нь заачихвал зүгээр санагддаг. Орчныг нь бүрдүүлээд өгчихвөл цаашид сурах арга барилаа өөрөө олоод биеэ даагаад хичээллэдэг. Багаас нь л гадаадаар ярихад нь дуудлагыг нь зөв заагаад, хажууд нь дэмжээд өгчихвөл хүүхэд өөрөө сонирхлоороо аливаа зүйлийг амархан сурчихдаг.

-Таны хувьд англи хэлийг ямар арга барилаар заадаг вэ?

-Миний хувьд дээр хэлсэнчлэн орчныг нь бүрдүүлж хичээлээ заах сонирхолтой. Хүмүүст 1 цаг 30 минутын хичээл заахад хангалтгүй байдаг шүү дээ. Тиймээс би хичээл эхлэхээс 30 минутын өмнө эсвэл хичээл тарсны дараа 30 минут ганцаарчилсан маягаар хичээл орох нөхцөлийг бүрдүүлж байгаа. Мөн “Speaking club” явуулж сурагчид маань бусадтайгаа болон багштайгаа ярих гээд чөлөөтэй ярих тэр орчныг бүрдүүлж хичээлээ заахыг эрмэлздэг.

-Зарим хүмүүс англи хэлний түвшингээ ахиулж чадахгүй нэг түвшиндээ гацчихаад байдаг. Ер нь түвшингээ яаж ахиулах хэрэгтэй вэ?

-Ерөнхийдөө хичээлээ өдөр болгон давтах шаардлагатай. Үүнд хүмүүсийн сурах арга барил их чухал. Анхан шатны түвшинтэй хүнд сурах арга барил бараг байдаггүй. Олон цагаар сууж, дүрмээрээ хэд хэдэн өгүүлбэр бичиж түүнийгээ ярих, унших гээд тал талаас нь туршиж үзэх хэрэгтэй. Ингэснээр ярих, бичих чадвар нь суудаг. Мөн цаашид сурах арга барил нь тодорхой болж эхэлдэг. Түвшиндээ гацсан хүмүүс маань сурах арга барилаа олоогүйгээсээ болоод гацсан юм биш харин дараагийн түвшинд очих мэдлэг эсвэл чиглэл нь дутаад байгаа болов уу гэж харж байна. Жишээлбэл, “Би өчигдөр таван цагт ажил руугаа явсан” гэх өгүүлбэрийг яаж ахисан түвшинд бичих вэ гэсэн нөөц бололцоо нь байдаггүй. Түүнийг дунд түвшнээс ахисан түвшин рүү нь чиглүүлээд өгчихвөларга барилаа амархан олно.

-Гадаад хэлийг сурахад заавал өгүүлбэрээр цээжлэх, дүрмээрээ ярих хэрэгтэй гээд өөрийгөө шахаад байдаг. Энэ зөв үү?

-Дан ганц дүрмээрээ заах ньбуруу байдаг. Хэлийг нь сургах гэхээсээилүү томъёо цээжлүүлж байна гэсэн үг. Тэгэхээр дүрэм нь ийм байдаг, тиймээс одоо хоорондоо яръж үзье гээд жишээ татаж, олон талаас нь хувиргаж байж тухайн хүүхдэд аль нь илүү үр дүнтэйг тогтоож заавал үр дүнтэй. Зарим хүмүүс ном орчуулаад, дуу сонсоод гадаад хэлийг сурчихдаг. Эсвэл ямар ч дүрэм сураагүй мөртлөө хүнтэй англиар ярьсаар байгаад утгыг нь ойлгочихдог. Ер нь аливаа зүйлийг олон талаас нь заахад багшийн арга зүй, ур чадвар их чухал л даа. Ямар ч эргэлзээгүй, түгдрэхгүй зөв ярьдаг болъё гэж бодож байгаа бол эхлээд үгийн утгаа ойлго. Түүнийгээ олон талаас нь хувиргаад цээжлээд авчих. Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль дээр очоод хүүхдүүдээс нь энэ дүрмийг мэдэх үү гэж асуухад ихэнх нь үгүй гэж хариулдаг. Тэгсэнхэдий ч англиар машсайн ярьдаг. Үүний гол шалтгаан нь хэрэглээгээрээ англи хэлийг сурчихсан байгаа юм шүү дээ. Хэрвээ багаас нь гадаад хэл заах гэж байгаа бол энэ дүрмээр ингэж бичнэ гэхээс илүүтэйгүүр энэ санааг ингэж илэрхийлнэ гэдэг байдлаар заавал илүү үр дүнтэй.

-Англи хэлээр ярихын тулд үгийн сан маш чухал байдаг. Тэгвэл бие даан суралцаж буй хүмүүс алдаагаа хэрхэн хянах боломжтой вэ?

-Хэлний түвшингээсээ хамаараадөөр өөр. Дунд түвшинтэй хүн интернэтээс тухайн үгээ хайж сонсоод өөрийнхөө алдааг олох боломжтой. Харин анхан шатны хүмүүс “I Love you” гэдэг үгийг “I Love you’re” гээд хэлчихдэг ч юм уу алдаагаа олдоггүй. Тэгэхээр “You, you’re” хоёрын ялгааг интернетээс хайж чаддаггүй гэсэн үг юм. Нэгдүгээрт, англиар унших шаардлагатай болно. Хоёрдугаарт, интернэт орчинд монгол тайлбартайгаар унших нөөц бололцоо байдаггүй. Бүгд англи хэл дээр орчуулагдсан байдаг шүү дээ. Анхан шатны хүмүүст хажууд нь чиглүүлэгч, зөвлөгч хэрэгтэй. Харин ахисан дунд юмуу дунд шатны хүмүүст зөвлөхөд өөрсдөө идэвх санаачлага гаргаад интернэтээс хайхад бүх зүйл гараад ирнэ. Ерөнхийдөө өөрийн нөөц бололцоогоо сайн ашиглаж сурах хэрэгтэй. Google-ийг ашиглаж сурахад буруудахгүй. Тэнд бүх зүйл бий.

-Хүмүүс үгийн баялгаа дээшлүүлэхийн тулд ном унших, дагаж унших, подкаст сонсох хэрэгтэй гэдэг. Таны хувьд гадаад хэлээр сайн ярихын тулдюу хэрэгтэй гэж боддог вэ?

-Гадаад хэл сурахад ярихаас өөр үр дүнтэй арга байхгүй. Зарим хүмүүс би үгээ мэдэхгүй юм чинь, дүрмээ мэдэхгүй гээд хойш суудаг. Суурьтай анхан шатны эхний дөрвөн цагаа заалгачихсан. Энгийн ярианы үгээ мэдэж байхад л ярих бүрэн боломжтой. Яараад англи хэлний мэдлэгээ хэт их дээгүүр үнэлснээс болоод алддаг тохиолдол бий.Тиймээс өөрийнхөө мэддэг үгийг эргэлтэд оруулж ашиглаад өөрийн болгох хэрэгтэй.

-Шинэ үг цээжлэхийн тулд хүмүүс өөр өөрийн арга барилыг ашигладаг шүү дээ. Таны хувьд хамгийн амархан цээжлэх арга юу вэ. Зөвлөөч?

-Би шинэ үгийг цээжлэхдээ арга техник ашиглаад байдаггүй. Харин эхлээд интернэтээстухайн үгийн утгыг хайгаад мэдчихдэг. Миний хувьд олон дахин хайж, судалж цээжилдэг. Надад шинэ үг цээжлэх систем байхгүй. Нэг өгүүлбэр уншаад тэнд гарсан зарим үгийг тоодоггүй. Харин дахин дахин гарч ирвэл миний мэдэх ёстой үг юм байна гэж мэдэх ёстой гэсэн хэрэгцээ үүссэн тохиолдолд л үг цээжилдэг.

-Гадаадад сурахаар төлөвлөж буй залуучууд хамгийн түрүүнд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Гадаадад сурахад хамгийн хэрэгтэй чадварууд нь мэдээж бичих болон өөрийгөө илэрхийлэх ур чадвар юм. Бичгийн байдлаар өөрийгөө зөв илэрхийлэх нь маш чухал. Яагаад гэвэл аливаа байгууллага, Их сургуульд өөрийгөө академик байдлаар илэрхийлэх шаардлага үүсдэг. Тиймээс өдөр тутмын эсээ бичихэд хэрэглэдэг “Намайг … гэдэг. Би 20 настай” гэсэн өгүүлбэрийг хэзээ ч бичдэггүй. Маш өвөрмөц үг хэллэг ашигладаг. Тиймээс хамгийн түрүүнд бичих, ярианы чадвараа л ахиулах хэрэгтэй.

-Бичих чадвараа ахиулахын тулд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Өдөр болгон бичих хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг сайн хийхийн тулд өдөр бүр шантарсан ч хамаагүй хичээнгүйлэн хийгээд бай. Хүн ер нь шантраад ирэхээр сурахаа болино гэсэн үг биш. Бүх зүйлийг өдөр бүр давтаад байвал сурах нь тодорхой шүү дээ. Гэхдээ нэг өгүүлбэрээ өдөр болгон давт гэсэн үг биш юм. Хүмүүст удаан хугацаанд сууж суралцах тэвчээр байдаггүй. Эцсийг нь үзээгүй байж замын дундаас шантардаг их буруу зуршилтай.

-Ихэнх залуус хэлний мэдлэгээ хангалттайхэмжээнд бэлдээгүй байж IELTS, TOFEL –ын шалгалт өгөх гэж яардаг юм шиг санагддаг?

-Ер нь өөрийгөө эртнээс бэлдээгүй байж шалгалт өгөх нь мөнгөний гарз л гэж хэлмээр байна. Зүгээр л түвшингээ тогтоох гэж шалгалт өгчихдөг. Тэр шалгалт өгөх мөнгөөрөө хэлээ дээшлүүлэх ном авдаг ч юм уу, эсвэл сургалтад суух бүрэн боломжтой байдаг. Илүү сайжирч байж шалгалт өгөх хэрэгтэй.

-Англи хэлийг хамгийн хурдан хугацаанд сурах арга бий юү?

-Энэхүү асуултыг хүн болгон асуудаг. Би сургалтад хамрагдаж уй залуучууддаа зориулж нэг чалленж эхлүүлчихсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр “Winner’s 30 days challenge” юм. Энэ нь өдөрт таван зүйлийг 30-н өдрийн турш тасралтгүй хийх юм. Үүнийг хийгээд эхэлчихсэн хүмүүс нэг түвшин, хоёр түвшин ахисан, мэдлэгээ бататгаж авсан, өдөр болгон бичих, ярих дадалд суралцсан гэсэн эерэг сэтгэгдэлтэй байдаг шүү. Энэхүү чалленж нь өдөрт 20 минут англиар ярих, 20 минут өөрийнхөө англиар яръж буй дуут бичлэг хийж сонсох, 200 үгтэй текст бичих, 10 хуудас ном унших эсвэл цагийн турш подкаст сонсох гэсэн зүйлүүдийг хийнэ. Ингэснээр өөрийн ярианы болон бичгийн мэдлэгээ дээшлүүлэхээс гадна илүү их сайжрах бүрэн боломжтой.

-Анхлан суралцагчид болон хэлний мэдлэгээ дээшлүүлж буй залууст зориулж зөвлөмж өгөөч?

-Хэрвээ гадаадад суралцахаар төлөвлөж байгаа бол ямар нэг компанид ажиллахаар бэлдэж байгаа бол эртнээс бэлд. Энэ их хүнд даваа шүү. Нэг жилийн дараа юм чинь дөхөөд ирэхээр бэлдэнэ гэж огт бодож болохгүй. Таниас илүү бэлтгэл сайтай хүн урд чинь гараад хамаг боломжийг чинь авчихна. Тиймээс шантрахгүйгээр одооноос эхлээд бэлд.

Сонирхуулахад, дараах түргэн хэллэгийг хэлснээр англи хэлний үгийг зөв дуудах, амны хайрцгийг зөв ашиглахад туслана гэв.

Амархан: How much wood would a wood chuck chuck if a wood chuck could wood?

Дунд: A loyal warrior will rarely worry why we rule

Хүнд: Give papa a cup of proper coffee in a copper coffee cup


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Алдарт “Marvel”-ын “Loki” киноны туслах дүрийг монгол эмэгтэй бүтээжээ

“Марвел”-ын супер баатруудын тухай өгүүлдэг дараагийн цуврал, үзэгчдийн дунд нэлээд хүлээлт үүсгэсэн үед “Локи” киноны шинэхэн трейлэр саяхан цацагдлаа. Тус бүтээлийн үйл явдлын нэг хэсэг Монголын цөлд өрнөх бөгөөд киноны туслах дүрд н.Мөнхшүр гэх монгол эмэгтэй тоглосон байна.

Киноны гол үйл явдлаас дурдвал Торын дүү болох Локи тессэракт чулууг ашиглан газар орон руу шилжилт хийж, олон адал явдалтай нүүр тулах болно. Эхлэл хэсэгт “Avengers: End Game”-ийн үеийн өмнөх үйл явдлыг дахин тоймлон харуулах бөгөөд тухайн үед хязгааргүйн чулууг авахын тулд өшөө авагчид Нью-Йоркийн тулаанд буцан очдог юм. Гэвч санамсаргүй байдлаар Локи-ийн өнгөрсөн дэх хувилбар тессэракт чулууг гартаа оруулах бөгөөд тессеракт түүнийг Монголын цөлд шилжүүлэн аваачих болно. Локигийн энэ удаагийн аялал Монголын говиос Нью-Иорк болон TVA зэрэгт өрнөх юм.

Энэхүү бүтээл 2021 оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болох юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2020 оны тренд үгнүүд

Хүн төрөлхтнийг нэгтгэсэн нэгэн зүйл байсан нь үг. Цар тахлын улмаас бид өдөрт ямар ч гэсэн хэдэн удаа коронавирус гэж хэлж байлаа. ОХУ-ын А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний хүрээлэнгээс Коронавирус, Өөрийгөө тусгаарлах гэсэн үгийг 2020 оны хамгийн их хэрэглэгдсэн үгийн тоонд оруулжээ.

Мөн энэ жил дараах үгс тренд болжээ.

Коронавирус, “COVID-19”

Бидний мэддэг ба мэдэхгүй Корона вирус | Мандал даатгал ХК

Энэ оны эхээр “COVID-19”-ийн тухай анхны мэдээ гарахад бид тоогоогүй. Гэвч удалгүй өвчин бүх дэлхийг хамарч эхлэхэд энэ вирус бидэн дээр ч хүрч ирнэ гэдгийг ойлгосон. Хүн төрөлхтөн энэ жил ковидийг гурван үе шаттай хүлээн авсан. Үл тоох, хүлээн авах, эвлэрэх. Харин одоо энэ үгийг хэлэхгүй өдөр гэж байхгүй болжээ. Цаашдаа ч хэлнэ, учир нь эрдэмтэн мэргэд энэ вирус алга болохгүй, хамтдаа амьдрахаас өөр арга алга гэж хэлсэн билээ.

Цар тахал

Ковид-19" цар тахал хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна | МОНГОЛ ТВ

Англи хэлний Merriam-Webster толь бичиг энэ үгийг хамгийн тренд үг гэж тооцсон аж. Цар тахал гэдэг үгийг анх хоёрдугаар сарын 3-нд АНУ-д “коронавирус” гэж оношлогдсон өвчтөн анх эмнэлгээс эдгэрэн гарахад хэрэглэжээ. Гуравдугаар сарын 11-нд ДЭМБ албан ёсоор “COVID-19” бол цар тахал гэж мэдэгдсэн юм.

Хөл хорио

Хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ

Энэ жилийн хамгийн алдартай үгс ихэнх нь коронавирустэй холбоотой байна. Аюулт өвчнийг тараахгүйн тулд улс орнууд янз бүрийн хугацаагаар хөл хорио тогтоосон. Хамгийн анх гуравдугаар сард Испани, Итали улс хөл хорио тогтоон, гудамж талбай нь хоосорсон гэрэл зургийг бид хачирхан харж байсан бол одоо өөрсдөө хөл хорионд хэдийн дасжээ.

Өөрийгөө тусгаарлах

Хөл хориотой холбоотой нэг үг бол өөрийгөө тусгаарлах. Халдвар авахаас айсан, мөн торгуулахаас эмээсэн улсууд өөрийгөө тусгаарлаж байлаа. Мөн эмнэлгээс хавьтлын сэжигтэй хүмүүсийг гэрт нь тусгаарлалтад илгээж байв. Өөрийгөө тусгаарлах үеэрээ юу хийж болох талаар маш олон зөвлөгөө гарсан байна.

Гэрээс ажиллах

Ажлын цагаа богиносгож, гэрээс ажиллах боломжоор хангахыг уриаллаа

Хөл хорио, тусгаарлалтын үеэр олон хүн гэрээсээ ажилласан. Орчин үед компьютер, интернет байхад л ажиллаж болдог нь юутай сайхан бэ. Эхлээд бүгд эвгүйцэж байсан ч одоо бүгд дасчээ. Ажлын хувцас өмсөхгүй, үс гэзгээ янзлахгүй сайн талтай бол албан газруудад цалин хэмнэх давуу талтай юм.

Видео хурал, дуудлага

5 Tips How to Improve Your Video Call Quality | Socialbakers

Дотнын хүмүүстэйгээ ярих, ажлын уулзалт хийх, хурал бүгд энэ жил видео гэсэн тодотголтой явагдсан. Zoom моодонд орж, бүх албан газар, засгийн газар хүртэл zoom-ээр албан ажилаа хийж эхэлсэн билээ.

Амны хаалт, ариутгалын шингэн

Adidas India launches reusable face masks across 75 cities

2020 он гарахаас өмнө амны хаалт, маск гэдэг үг Багт наадам, утаатай л холбоотой байлаа. Харин одоо бол бидний өдөр тутмын хувцасны салшгүй нэгэн хэсэг нь маск болсон. Гар ариутгагч шингэн бодис ч бараг бүх хүний цүнхэнд байдаг болжээ.

Эсрэг биет

Энэ үгийг бид бараг л хэрэглэдэггүй байсан билээ. Өмнө нь утгыг нь ч мэддэггүй байж. Харин одоо энэ үг паспортын үүрэг гүйцэтгэж магадгүй байна. Эсрэг биетгүй бол та нисэх буудалд ч орж чадахгүй үе ирж магадгүй аж.

Вакцин

Коронавирусийн эсрэг вакцин геополитикийн өрсөлдөөнийг хурцатгалаа

Коронавирус гарснаас хойш бид вакцин гарахыг хүлээсэн, одоо ч хүлээсээр байна. Нэг сайн тал нь дэлхийд хэд хэдэн вакцин үйлдвэрлэлтэд ороод байгаа мэдээ юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголын бяцхан уран нугараачид мөнгөн цом хүртжээ

Монголын бяцхан уран нугараачид Олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнээс мөнгөн цом хүртжээ.

ОХУ-д онлайнаар зохион байгуулагдсан уг тэмцээнд 19 орны 200 гаруй өсвөр насны циркийн жүжигчин 60 шилдэг үзүүлбэрээр өрсөлдсөн байна.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Икс Роузис” уран нугаралтын төвийн 8-11 насны уран нугараачид анх удаа олон улсын тэмцээнд оролцож, “Тэнгэрийн цэцэгс” уран нугаралтын үзүүлбэрээ дээрх амжилтыг гарасан байна. Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхиийлөгч Т.Будаас “ОХУ-ын Соёлын яамнаас Олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнийг энэ жил өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-30-ны хооронд онлайнаар зохион байгуулсан. Тэмцээнийг олон улсын 26 мэргэжлийн шүүгч шүүж ажилласан. Энэ жилийн тэмцээний алтан цомыг Хятадын уран нугараачид хүртсэн” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Гэрлэх санал тавиагүй хэмээн найз залуугаа шүүхэд өгчээ

Замби улсад амьдардаг Гертруда гэгч 26 настай бүсгүй найз залуу 28 настай Херберт гэгчийг шүүхэд өгчээ.

Учир нь найман жил үерхэж, дотны харилцаатай байсан ч тэр хугацаанд бүсгүйд гэрлэх санал тавьж, харилцаандаа нухацтай хандаагүй гэнэ. Гертруда Хербертээс хүүхэдтэй бөгөөд эцэг эхтэйгээ хамт амьдардаг бол найз залуу нь тусдаа амьдардаг ажээ. Мөн найз залуу нь өөр хүнтэй болсон байж магадгүй гэсэн хар бүсгүйд төржээ. Бүсгүйн хэлснээр найз залуугаа санаачилга гаргана гэж хүлээхээс залхсан тул ирээдүйдээ нухацтай, хариуцлагатай хандахгүй байна гэж шүүхэд өгсөн хэмээн тайлбарлажээ.

Харин Хербертийн зүгээс мөнгөний асуудлаас болж гэрлэх санал тавьж чадаагүй, найз бүсгүй маань ч гэсэн надад хангалттай анхаарал,халамж тавьдаггүй гэж гомдоллосон байна. Харин шүүгч гэрлэлтээ бүртгүүлээгүй учир хоорондоо асуудлаа шийдэхийг хосуудад зөвлөсөн байна.