Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Эйфелийн цамхгаас олимпийн цагаригийг буулгажээ DNN.mn

Олимпийн таван цагаригийг Парис хотын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг дээр цаашид байнга байрлуулах санаа Францын иргэдийн дунд маргаан дэгдээгээд байсан билээ.

Нийт 29 метр урт, 15 метрийн өндөртэй сайжруулсан гангаар хийсэн олимпийн бэлгэдлийг Сена мөрний зүг харуулсан юм.

Зуны олимпийн наадмын үеэр байрлуулсан цагаргуудыг дараагийн олимпын наадам хүртэл буюу 2028 он хүртэл энэ хэвээр үлдээх санаачилгыг Парис хотын захирагч Анна Идальго гаргасан.

Түүний энэ санаачилгыг цамхгийг зохион бүтээсэн Густав Эйфелийн үр удам уг санааг эсэргүүцсэн юм.

30 тонн жинтэй аварга цагаргууд өвлийн цаг агаарт тэсвэртэй байдлаар хийгдээгүй тул буулгахад хүрсэн бололтой. Парис хотын захиргаа болон Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ)-ноос урт хугацаанд байрлуулах илүү хөнгөн цагариг бүтээхээр төлөвлөж байгаагаа зарлажээ.

Харин буулгасан цагаргийг цамхгийн урд байх Иена гүүрэнд байрлуулахаар болсон байна.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе энтертаймент-ертөнц

“Big show” хойшлогдож, тасалбар авсан иргэдийн мөнгийг 100 хувь буцааж олгохоор болжээ DNN.mn

Flash, Татар, Noname, 4 зүг, Мөнхийн реп хамтлаг хамтарсан “Big show” тоглолтоо өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд  хийхээр зарласан билээ.

Тэгвэл “Big show” тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар цахим хуудастаа нийтэлжээ. Гэхдээ төлбөрийг 100 хувь буцаан олгоно гэжээ.

Мөн өнөөдөр OUTLAW хамтлагийн 20 жилийн ойн “Зүрхэн тэнгэрийн наран” тоглолт болно.

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Харанга” хамтлаг дахин тоглолт хийнэ DNN.mn

Монголын рок попын хөгжмийн амьд домог болсон “Харанга” хамтлагийнхан 35 жилийн ойдоо зориулан “Амьдрал” амьд хөгжмийн наадмыг наймдугаар сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан билээ.

“Харанга” хамтлаг дахин тоглохоор болсон тухайгаа “Үзэгчдийн хүсэлтээр HARANGA unplugged тоглолтоор уулзацгаая” хэмээн албан ёсны фэйсбүүк хуудастаа бичжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Моно жүжгийн олон улсын уралдаант фестиваль болно DNN.mn

Нийслэлийн Засаг даргын ивээл дор, нийслэлийн 385 жилийн ой, “Go Mongolia” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ялагчдын цуваа Улаанбаатар 2024” нэг хүний жүжгийн олон улсын уралдаант фестивалийг зохион байгуулна.

Тус  фестивалийг нийслэлийн Соёл, урлагийн газар болон Монголын Моно жүжгийн төв хамтран зохион байгуулах бөгөөд энэ сарын 6-10-нд Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар театрт тус тус болно.  “Ялагчдын цуваа Улаанбаатар 2024” фестивальд  Болгар, Албани, Итали, Косово, Тува, Кипр, Герман, Монгол Улсын уран бүтээлчид оролцох юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг Европ, Хойд Америкаар аялан тоглолтоо хийнэ DNN.mn

“The Hu” хамтлаг Европ дахь “Хишигтэн” аялан тоглолтоо өнөөдөр буюу энэ сарын 4-ний өдрөөс эхлүүллээ.

Тэд энэ сарын 4-26-ны хооронд Финланд, Эстони, Латви, Польш, Герман, Чех, Австри, Итали, Хорват, Швейцар, Франц, Испанид аялан тоглолтоо үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин О.Самданпүрэв “Тамгагүй төр” жүжгийн ханхүүгийн дүрд тоглож эхэллээ DNN.mn

Жүжигчин О.Самданпүрэв “Тамгагүй төр” жүжгийн ханхүүгийн дүрд тоглохоор болжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг 2022 онд “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатар физикл драм хэлбэрээр шинэчлэн найруулж үзэгчдийн хүртээл болгосон бол өнгөрөгч онд “Монгол хаан” нэртэйгээр Английн Лондон хотын алдарт Колизэйнд байдаг “West End” театрт үзэгчдийн хүртээл болгосон.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Венецийн кино наадам эхэллээ DNN.mn

Венецийн олон улсын кино наадам уламжлал ёсоор Италийн Лидо арал дээр өнөөдөр эхэлж байна.

Энэ онд 81 дэх удаагаа зохиогдож буй кино наадмын дээд шагнал болох “Алтан арслан”-д нийт 21 кино өрсөлдөж байна.

Энэ удаагийн кино наадмыг 1988 онд гарсан аймшгийн инээдмийн киноны үргэлжлэл болох Тим Бертоны “Beetlejuice, Beetlejuice” хэмээх шинэ киногоор нээх ажээ.  Нээлтийн ёслолын үеэр Америкийн жүжигчин Сигурни Уиверт кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн наадмын хүндэт шагналыг гардуулна. Кино наадам ирэх сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Өмнөдийг зорих замд” УСК ирэх сарын 20-нд нээлтээ хийнэ DNN.mn

Монгол, Солонгосын хамтарсан “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино есдүгээр сарын 20-нд нээлтээ хийхээр болжээ.

Уг кинонд солонгосын алдарт “Эхнэрийн урхи” киноны жүжигчин Choi Jun Yong, залуу жүжигчин Oh Su Jung, Park Kwang Hyun нар тоглосон аж.  Харин Монголоос С.Сарантуяа, Г.Эрхэмбаяр, О.Самданпүрэв, Б.Замилан нар тогложээ.

Монгол хүний холч ухаан, хариу нэхдэггүй чин сэтгэлийн тухай тус кинонд өгүүлнэ. Эх орныхоо энхийн манаанд зогсоо торгон хилийн харуулууд, их говийн зоригтон хүмүүс өмнөдийг зорьж яваа нэгэн гэр бүлд дулаан гараа сунгаж, халуун амиа зориулсан бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Солонгос жүжигчид өмнө жилийн есдүгээр сард зураг авалтдаа оролцохоор Монголд ирж байжээ.

Зураг авалт Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумын нутагт сар гаруйн хугацаанд үргэлжилсэн юм.

 

Т.УНДРАХБАЯР

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Реппер Н.Цэцэнбилэг: “Tsetse vs Bilgee” тоглолт бол миний тайлан DNN.mn

Реппер Н.Цэцэнбилэгтэй ярилцлаа. Түүний “Tsetse vs Bilgee” тоглолт ирэх есдүгээр сарын 7нд Цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Тэрбээр анхны бие даасан тоглолтоо 2012 онд хийж байжээ.


-Удахгүй болох тоглолтынх нь талаар ярилцлагаа эхэлье?

-Тоглолтын хүрээнд таван видео клип гаргаж байгаа. Эхний дөрвөн клип нь бэлэн болсон. Дөрөв дэхийг нь энэ долоо хоногт цацна. Хэдэн дууг хэрхэн дуулах талаар бүх дэгийг гаргасан. Зочин артистууд маань ч бэлэн. Одоо бэлтгэл ажил жигдэрч л явна даа. Тоглолтод нийт 29 уран бүтээлч оролцоно.

-Та бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй нэлээд уджээ. Олон жилийн дараа тайзан дээрээс үзэгч, фенүүдтэйгээ уулзах гэж байна. Догдолж байна уу?

-Хип хоп гэдэг урлагтай танилцаад, дуулж эхлээд 20 жил болжээ. “Миний пүүз” гэдэг дуунаас эхлүүлбэл 15 жил соло уран бүтээл хийсэн байна. Хоёр удаа бие даасан тоглолтоо хийсэн. Энэ удаагийн тоглолт бол миний гурав дахь тоглолт, миний тайлан. Миний эхний бөгөөд сүүлийн том тоглолт болж магадгүй. Уран бүтээлчийн карьер унаж босоод л явдаг. Энэ жил стадионд тоглолт хийх миний мөч гэж бодож байгаа.

Энэ удаагийн тоглолтын хувьд хамгийн том газар хийж байгаагаар онцлог. Маш их айдастай байна. Цэнгэлдэх хүрээлэн дүүрэх эсэх тал дээр нэлээд сэтгэл зовниж байгаа. Гэхдээ Цэнгэлдэх дүүрсэн ч, дүүрээгүй ч их сайхан тоглолт хийнэ ээ.

-Анхны бие даасан тоглолт тань 2012 онд болсон санагдаж байна?

-2012 онд “АСА” циркт, 2019 онд “Crocus”-т тоглолтоо хийж байлаа.

-Тоглолтын нэр их содон санагдлаа. Уран бүтээлчид дууныхаа эсвэл цомгийнхоо нэрээр нэрлэдэг шүү дээ. Таны хувьд яагаад “Tsetse vs Bilgee” гэв?

-Хоёр төрлийн уран бүтээл гаргаж байгаа гэсэн утгатай юм. Rokit Bay-гийн клипт дөрөв, таван хүн гардаг шиг надад Цэцэ, Билгээ гэдэг хоёр хүн бий гэдэг утгаар л нэрлэсэн. Зарим дуунууд маань хип хоп хараалын үгтэй байхад зарим нь хайрын дуу байх жишээний. Миний хувьд тоглолтдоо 37 дуу дуулахаар бэлдсэн.

-Тоглолтынхоо аль хэсгийг хамгийн их анхааръя гэж бодсон бэ?

-Бусдаас арай онцгой байхыг илүүд үзсэн. Тайз засалтыг ч өөрөөр харуулъя гэсэн бодолтой байгаа. Бусад тоглолтууд хоёр талдаа дэлгэцтэй байдаг. Үүнийг шинэчлэхийг зорьсон. Энэ талаараа хамтран ажиллаж буй BRB-ийнхээ хамт олонтой ярилцсан. Найм дахь жилдээ стадионд тоглолт зохион байгуулж байгаа учир их туршлагатай. Ер нь бол гадаадынх шиг тоглолтоо хийнэ(инээв).

-Урт хугацаанд бүтсэн клиптэй дуу бий юү?

-Анхны ганцаараа дуулсан “Миний пүүз” дуу байх. Америкт хийж байсан юм. Найзуудтайгаа нийлж зургийг нь авангуутаа Монгол руу явуулаад клипжүүлж байлаа. Энэ л хамгийн удаан бүтээсэн дуу болов уу.

-“Миний пүүз” тэр үедээ нэлээд хит болж байсан даа?

-“Vanquish” хамтлагаасаа тусдаа ганцаараа хийсэн анхны уран бүтээл. “Энэ бол би” гэдэг дуу анхных, харин “Миний пүүз” хоёр дахь клипжүүлсэн дуу юм. Намайг бага байхад тэр үеийнхэн пүүзээр гангардаг байсан юм. Ориг пүүзтэй бол ганган санагддаг үе л дээ. Аав, ээж жилд ганц хоёр удаа л ориг пүүз авч өгнө. Тэрийгээ нандигнаж, хайрлаж өмсөнө. Гэхдээ “Миний пүүз” дуу гарч байх үед пүүз гэдэг зүйл “моод”-ноос гарчихсан байсан. Ер нь кет өмсдөг болчихсон байсан л даа. Харин энэ дууг гаргаснаас хойш Монголд пүүзийг дахиад “моод”-нд оруулсан гэж боддог. Одоо ч хүүхдүүд “Жордан-1”-ийг өмсөж л байгаа. Монголын пүүзний зах зээлд нэлээд том хувь нэмэр оруулсан гэж бодож явдаг шүү.

-Энэ удаагийн тоглолтод “Vanquish” хамтлагаараа дуулах уу?

-“Vanquish” хамтлагийнхан маань ирж дуулна. Өөрсдийн гэсэн аж амьдралтай учир урдынх шиг байнга уулзаад байдаггүй. Гэхдээ холбоотой байгаа.

-Цаашид хамтарсан уран бүтээл гаргах уу?

-Хамтлагаараа дуу гаргах бодол бий. Энэ жил хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. Ирэх жилээс уран бүтээл гаргаж, тоглолт хийх төлөвлөгөө бий. Одоогоор тов гараагүй.

-Та урлагаас жаахан хөндийрөөд тогоочоор ажиллаж байсан. Ер нь яагаад тогоочоор ажиллая гэж бодов?

-2006 онд Америкт очоод ажлынхаа хажуугаар тогооч хийдэг байсан. Гриль дээр япон хэв маягаар таван жил хоол хийсэн. Монголд ирээд түүгээрээ ресторан ажиллуулсан. Нэг ажлыг 10 мянган цагаас дээш хийсэн бол мэргэжлийнх гэж ярьдаг юм гэсэн. Миний бодлоор би 10 мянгаас дээш ажилласан байна лээ. Энэ чиглэлийн хоолыг дажгүй хийнэ шүү.

-Тогооч байх үедээ урлагтаа эргээд очих юмсан гэж бодож байв уу?

-Тухайн үедээ бодож байгаагүй юм байна. Зөвхөн хоол хийхдээ төвлөрдөг байсан. Ер нь хараад байхад маш их зүйлийг хийж үзлээ. Хүн өөрийнхөө дуртай чаддаг юмыг хийх нь хүнд хэрэгтэй юм билээ. Сэтгэлзүйн хувьд ч, цалин мөнгөний хувьд ч дуртай зүйлээ хийх нь өөрт хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Ер нь тоглолт хийе гэдэг санаа хэзээ гарсан бэ?

-Цэнгэлдэх хүрээлэн гэдэг чинь өөрөө маш том газар. Хэрвээ дүүргэж чадвал уран бүтээлчийн карьерт маш сайнаар нөлөөлнө. Мөн уран бүтээлч хүний мөрөөдөл нь байдаг. Хоёр жилийн өмнөөс Цэнгэлдэхэд тоглолтоо хийе гэж бодсон. Гэсэн ч цаг хугацаа таарахгүй явсаар ирсэн юм. Тэгээд хүмүүстэй уулзаж, энэ жил “XMF”-ийн артистаар орж есдүгээр сарын 7-нд тоглолтоо хийхээр болсон.

-Есдүгээр сарын 7-нд хэд, хэдэн газар тоглолт болох юм билээ?

-“Guys”-ийн Төгсөө ахын тоглолт, Young Mo G, Young Sub-ийн гээд хэд хэдэн тоглолт болно. Бусад хоёр тоглолтдоо амжилт хүсье.

-Та хэд хэдэн кинонд дүр бүтээсэн шүү дээ. Жүжигчний карьераа ахиулах бодол бий юү?

-Нэг кино уран бүтээл хийж, өөрөө гол дүрд нь тоглосон. Ганц хоёр кинонд туслах дүр бүтээсэн. Кино урлаг гэдэг мэргэжлийн, төгссөн хүмүүс нь хийх ёстой юм шиг байна лээ. Миний хувьд хэцүү санагдсан. Жүжиглэх гэдэг өөрөө өөрийнхөөрөө тоглосон болохоор арай гайгүй байсан. Ер нь л кино урлагийн салбар худлаа юм билээ. Би бол чадахгүй.

-Таныг тодорхойлох, илтгэх зүйлийг нэрлэ гэвэл?

-Шударга, намхан(инээв). Бас пүүз байж болох юм.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим гэвэл…?

-Худал хэлэхгүй, хулгай хийхгүй л явах юм даа. Мөн хэлсэн үгэндээ эзэн байх. Энэ зарчмыг л дагахыг хичээдэг.

-Тоглолтоо дуусгаад ямар уран бүтээл гаргахаар төлөвлөсөн бэ?

-Тоглолтоо дуусгаад дэлхийгээр аялан тоглолт хийнэ. Европ, Америк, Австрали, Япон, Солонгос зэрэг улсаар тоглоно.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

BIG GEE: Тоглолтын үеэр зарим дуугаа үндэсний хөгжмийн найруулгатайгаар дуулна DNN.mn

Реппер, продюсер Big Gee (Т.Мөнх-Эрдэнэ)-тэй ярилцлаа.  Түүний “Legace”  бие даасан тоглолт энэ сарын 24-нд ХитПаркт болно. 


-Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхэлье. Тоглолт болох гээд тун завгүй явна уу?

-Бэлтгэл ажил маш сайн хангагдсан. Бэлтгэл болгоноосоо кайф аваад байж байна даа. Нэлээд урт хугацаанд бэлдсэн болохоор бэлтгэлийн үр дүн сайн байгаа. Төлөвлөгөөт ажлуудаа 2023 оны аравдугаар сараас эхэлсэн. Бүх зүйл хуваарийн дагуу явж байгаа. Тиймээс одоо тоглолтоо хийх л үлдлээ. Тоглолт гоё болох байх. Эргэлзэхгүй байна. Үзэгчид ч эргэлзэхгүй байгаа болов уу.

Энэ таны дөрөв дэх бие даасан тоглолт. Өмнөх тоглолтуудаасаа яаж онцгойрох вэ?

-Ер нь жил болгон тоглох биш 4, 5 жилдээ нэг удаа хамтарч байсан хүмүүстэйгээ тоглолтоо хийгээд явах нь зүгээр юм шиг санагддаг.  Тоглолт бол уран сайхны хэлбэрээр тайзан дээрээс хүмүүст амьдаар тайлагнадаг. Маш олон онцлог бий. Жишээлбэл, энэ жил 46 дуу дуулна. Урд урдын тоглолтуудаас хамгийн олон дуу дуулж байгаа жил. Үүний 16 дууг нь үндэсний хөгжмийн найруулгатайгаар хүргэхээр бэлдэж байна. 2010 онд анх хийж байсан тоглолт, одоо хийж байгаа тоглолтыг харьцуулаад харахад онцлог нь гарч ирэх байх. Тухайн үедээ 20-оод дуутай 2000 хүний дунд жижигхэн тоглолт хийж байлаа. Харин одоо “Хит парк”-д 40.000 гаруй хүний өмнө  гадаад, дотоодын домог болсон мундаг артистуудтай хамт тоглолтоо хийх гэж байна. Бага ч гэсэн ахиц дэвшил гарсан байх гэж найдаж байна.

Тоглолтод гадаадын уран бүтээлчид оролцох юм билээ. Аль аль орноос ирж байгаа вэ?

-Солонгосоос ирнэ. Ер нь гадаадын том том фестиваль  дээр оролцдог олон артист, DJ нар оролцоно. Мөн надтай хамтарч дуулж байсан найзууд маань ч ирнэ. Японы уран бүтээлчтэй хамтарч байсан ч аялан тоглолт нь давхцаад ирж чадахааргүй болсон. Буриадаас Мэдэгма Доржиева ирэхээр болсон. Бид хоёр тайзнаас анх удаа “Эргэцүүлэл” гэдэг дуугаа амьдаар дуулна. Студид бичүүлчхээд  хамт амьдаар дуулж үзээгүй.

-Click Click boom-ийнхэн дуулах уу. Хамтлагийнхаа талаар яриач?

-Ирэлгүй яах вэ. Гэхдээ Амараа маань ирж чадахгүй. Бусад нь ирнэ. Хэсэг бүлэг хип-хопд дуртай залуучууд найзалж, нөхөрлөөд 18 жил болжээ. Маш сайхан нөхөрлөлийг хамтдаа бүтээсэн. Бид ургамал,  Click Click boom бол хөрс нь юм. Бид нэг хөрснөөс ургаж байгаа. Хэчнээн хол өндөрт ургасан ч буцаад унахдаа хөрсөн дээрээ л унана гэж боддог.

Та өмнө нь нэг ярилцлагадаа “Гадны репперүүд дуу хийх гэж аялалд гардаг бол би хоёр тамхи аваад 00 ордог” гэсэн байсан. Дууны үгээ хэр удаан бодож бичдэг вэ?

-Тэр үед тамхи сурталчиллаа гээд баларсан. Уг нь тийм утгаар хэлээгүй юм. Уучлаарай. Зүгээр л жишээ татаад тэгж хэлсэн. Үнэнээ л хэлэхгүй юу даа. Үнэн л юм чинь. Гэхдээ олон нийтийн газар  тамхи татдаггүй. Хүүхдүүд хараад байдаг юм. Түүнээс би ер нь тамхи татдаг ш дээ. Бусадтайгаа цуглаад студид хийх зүйлсээ яриад, үгээ биччихээд ирнэ шүү гээд явдаг. Гэхдээ хэн нь ч үгээ бичээгүй байдаг. Ер нь студи дээрээ сууж байгаад үгээ бичнэ.

-Таны амьдралын хамгийн том шагнал юу вэ?

-Миний амьдралын хамгийн том шагнал энэ амьдрал тэр чигтээ. Энэ амьдралаар амьдарч байгаа минут, секунд бүр. Амьсгалж байгаа агаар шагнал юм. Зовлон жаргал бүх зүйл амьдрах чинь хамгийн гоё.

-Анх реппер хийгээд явахад нь аав, ээж нь яаж хүлээж авч байв. Та бага насныхаа тухай ярихгүй юу?

-Маш их эсэргүүцдэг, дэмждэггүй байсан. Хийгээд л байсан. Тэгээд чадаад байна л гэж бодсон юм шиг байгаа юм. Төд удалгүй хүлээн зөвшөөрсөн. Магадгүй энүүгээрээ яваад нэг их буруу явахгүй гэж бодсон юм болов уу. Муухай юм биш юм байна гэж бодсон байх. Одоо бол ээж утасдаад тоглолтыг чинь үзнэ, хэдээс эхлээд хэдээс тарах уу. Чи хэдийд тайз руу гарах юм гэнэ. Намайг их эсэргүүцдэг байсан хүн чинь ингэж асуудаг болчихсон.

Тэгэхээр өөрийнх нь бодож байснаас өөрөөр явж байгаа болохоор хүлээн зөвшөөрсөн биз.

-Таны хувьд хүүхдүүдээ яаж хүмүүлүүлэхийг зорьдог вэ?

-Арга барил байхгүй. Өөрсдийнхөөр нь эрх чөлөөтэй өсгөдөг ч хэмжээ хязгаар байлгүй яахав. Тэрнээс биш ийм арга барил нарийн нандин зүйл байхгүй ээ. Манай гэр бүлд ном, онол гэсэн зүйл байхгүй. Гэр бүлд асуудал гарна. Гэхдээ тэр асуудлаа тухайн үедээ шийдчихдэг.

Өнөөдрийг хүртэл хипхоп урлагт үнэнч ирсний дэмийг юу гэж хардаг вэ?

-Би одоо энд байгаа нь л. Яг тийм, ийм гээд оноож хэлэхэд хэцүү юм. Асар олон зүйл байгаа. Ашиг тус гэдэг зөвхөн эдийн засаг дээр яригдахгүй. Энэ зүйлийг хийснээрээ маш гоё найзууд, сонсогч, дэмжигчтэй болсон. Өөрийн гэсэн хүрээллийг үүсгэсэн энэ бүхэн бүгд надад шагнал.

-Та улс төрийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Улс төрийг бол улс төр л гэж хардаг. Улс төр сонирхдоггүй. Тэгээд ч янз бүрийн салбараас хамгийн дээд оргил нь УИХ байгаад дургүй. Улс төрд дургүй ч хип хопдоо дуртай. Үлдсэн амьдралдаа улс төр хөөхгүй хип хопоо л хөөнө дөө. Дуртай биш гэдэг нь мэддэггүй, огт сонирхдоггүй гэсэн үг биш. Намайг оролцохгүй гэхээр тэр байдлыг улс төрийн оролцоогүй байдлыг залуучуудад үлгэрлэдэг гэж зарим нэг хүмүүс мушгих гэж оролдож байгаа анзаарагддаг. Гэхдээ яалаа гэж дээ. Энэ хугацаанд хийсэн бүх улс төрийн дуунууд улс төрийн оролцоо биш юм уу.

Залуучуудад хүргэх ёстой мессежийг тухайн үед нь хүргээд явж байна. Аль эсвэл аль нэг намын захиалгад орж байж улс төрийн оролцоо болох ёстой юм уу.

-Та кино, дуу, хоол гээд олон зүйлийг зэрэг амжуулдаг. Хоолны салбарын тухай ярилцья?

-Big gee’s пицца хийсэн. Маш амжилттай явж байгаа. Одоо шинэчлэгдээд мексик маягийн захандаа зайдастай, халуун ногоотой, үхрийн махтай гаргасан. “Big gee’s foods”-ээс дараагийн бүтээгдэхүүнээр бохь гаргах гэж байгаа. Тоглолтод маань амталгаа нь болно. Тун удахгүй таван төрлийн амтны сонголттойгоор гарна. Мэдээж ямар нэгэн сахар нэмэлт бодис байхгүй. Эрүүл ахуйд нийцсэн. Маш сайн чанарын бүтээгдэхүүн байгаа.

-Кино урлагт хүч үзээд амжсан шүү дээ. Кинонд тоглох  мэдрэмж ямар байсан бэ?

-Хүн хүний мэдрэмж өөр байх. Миний хувьд  кинонд тоглохоос илүү хип хоп хийх нь гоё. Энэ маань надад таашаал өгдөг. Дуртай юм аа хийгээд болно доо болно. Монголд кино хийнэ гэдэг хэцүү. Сайн магтах хэрэгтэй. Хэцүү хөдөлмөрөөр ашиг орлого хийж, амьдралаа залгуулдаг хүмүүс. Ер нь дуртай зүйлдээ илүү цаг гаргах гээд киноны салбараас холдчихсон. Ойрын хугацаанд кинонд тоглохгүй.

-Тоглолтоо дуусгаад шинэ уран бүтээл гаргах уу?

-Миний хамгийн эхэнд бодож байгаа зүйл бол унтах. Эхнэр маань нэг хэсэг сургуульд яваад, би хүүхдүүдээ хараад нойргүй явсан.

Үүний араас тоглолтын бэлтгэл залгасан. Угаасаа төд удалгүй микрофоны ард зогсож л байх байхдаа. Дуртай, хайртай зүйл учраас орхиж чадахгүй.

-Үзэгч, фенүүддээ хандаж юу хэлмээр байна?

– Та нарыг мэдэрдэг шүү гэж хэлмээр байна. Бас та нарт мэдрэгддэг байх гэж бодож байна. Хэдүүлээ энэ мэдрэмжүүдээ тоглолтын үеэрээ хуваалцацгаая.

 

Т. Ундрахбаяр