Categories
мэдээ эдийн-засаг

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдийн анхааралд

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг дагалдан дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт орж батлагдсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдүүд доорх хуулийн заалтуудыг анхааралдаа авч, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг зөвлөж байна.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь эцсийн эзэмшигчийн мэдээллээ 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, харьяа татварын албанд нөхөн бүртгүүлнэ.
2 дугаар зүйл.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй хуулийн этгээд нь эцсийн эзэмшигчийн мэдээллээ 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор харьяа татварын албанд нөхөн бүртгүүлнэ.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.11.“эцсийн эзэмшигч” гэж өөрийн эзэмшиж буй хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн үндсэн дээр хуулийн этгээдийн хяналт, удирдлага, хөрөнгийг шууд, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоогоор төлөөлүүлэн удирдан чиглүүлж буй дараахь этгээдийг:
3.1.11.а.хуулийн этгээдийн хамгийн их саналын эрхийг эзэмшдэг;
3.1.11.б.хуулийн этгээдийн хувьцааны тоо, эсхүл зах зээлийн нийт үнэлгээний хамгийн ихийг эзэмшдэг;
3.1.11.в.адилтгах бусад.
11 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн хувийн хэргийн агуулга
11.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:
11.1.12.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаархи мэдээлэл. /УБ15 маягт бөглөх http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlis…
11.4.Энэ хуулийн 11.1.12-т заасан эцсийн эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд холбогдох татварыг төлсөн талаархи татварын албаны тодорхойлолтыг үндэслэн өөрчлөлтийг бүртгэнэ.

15 дугаар зүйл. Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах
15.1.Өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.
15.2.10.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд эцсийн эзэмшигч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаархи мэдээлэл.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын буцаан олголтыг 2018 оны I улиралд багтаан олгоно

Image result for НӨАТ-ын буцаан олголтыг

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох журамтай билээ.

2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2018 оны 1-р улиралд таны ebarimt.mn-д бүртгүүлсэн дансны дугаараар олгоно. Тэгвэл та үүнээс өмнө ebarimt.mn сайт руу орж хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэв хувийн мэдээллээ оруулж амжаагүй дутуу байвал таны буцаан олголтыг шилжихгүй болохыг анхаараарай.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ

Олон нийтийн дунд активын чанарын үнэлгээний үр дүн, банкуудын санхүүгийн чадавхийн талаар албан бус мэдээлэл цацагдаж байгаа тул Монголбанк энэхүү мэдэгдлийг хийж байна.

Монголбанк ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. компаниар Монголын арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийлгэж байна. PwC компани нь банкуудын активын чанарын үнэлгээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн хийсэн болно. Арилжааны банкуудын актив хөрөнгөд 2017 онд тодорхой ахиц, өөрчлөлтүүд гарсан учир үнэлгээний үр дүнг 2017 оны гуравдугаар улирлын байдлаар шинэчилж байна.

Активын чанарын үнэлгээний ажил нь ирэх гурван жилд Монгол Улсын банкны системд авч хэрэгжүүлэх арга хэмжээний эхний үе шат юм. Активын чанарын үнэлгээний дараагаар банкууд 2020 он хүртэлх өөрийн бизнес төлөвлөгөөг Монголбанкинд ирүүлж өөрийн хөрөнгийн зорилтот түвшинг хангаж чадах эсэхийг тайлагнана. Монголбанк банкуудын бизнес төлөвлөгөө бодитой эсэхийг үнэлж дүгнэх бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангахааргүй байгаа банкуудад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал шаардлагатай арга хэмжээг авах хугацааг олгоно.

Бүх үйл явц Монголбанкны бүрэн хяналтад байгаа тул элдэв бодит бус мэдээлэлд автагдалгүйгээр амар тайван Шинэ жилээ угтан золгохыг хүсье.

Монголбанкны ОНБМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын гадаад өрийн дийлэнхийг барагдуулсан тул ирэх онд гадаад валютын нөөц төдийлөн буурахгүй

Related image

Энэ сарын 27-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Монголбанк дахь Төрийн сангийн нэгдсэн дансны төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү төлөх болон бусад нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Энэ үеэр Сангийн сайд ирэх онд хугацаа нь дуусах “Дим сам” бондын 155 сая, “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийн 360 саяыг нь барагдуулснаа мэдээлэв. Монгол Улсын гадаад өрийн дийлэнхийг барагдуулсан тул ирэх онд гадаад валютын нөөц төдийлөн буурахгүй аж. Түүнчлэн гэрээний бусад нөхцөлийн хүрээнд Сангийн яамнаас 360 сая ам.долларыг Монголбанкинд худалджээ. Ингэснээр Төрийн сангийн нэгдсэн дансыг сонгодог утгаар нь хөгжүүлэх эхлэлийг тавьж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувь буурууллаа

Image result for монгол банк

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдлаа. Тэд бодлогын хүүг нэг нэгж хувиар буулгах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байсан. Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 11 хувь болж бууруулав.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэд бүтэц сайжруулахад 320 сая ам.долларын хөрөнгө оруулна

Барилга, хот байгуулалтын яамнаас олон улсын хандивлагч байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2017.12.11/ боллоо. Энэхүү уулзалтад Монгол Улсад суугаа 30 Элчин сайдын яамдын төлөөлөл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг донор орнуудын төлөөлөл оролцож байна.

Барилга, хот байгуулалтын салбарт гадны зээл, тусламжаар хэрэгжүүлэх хамгийн гол төсөл бол Төв цэвэрлэх байгууламж. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх, нийслэлчүүдийг өмхий үнэрээс салгах үүргийг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгосон. Үүний дагуу тус яамны хийх хамгийн эхний ажил бол БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил юм. Үүний дараагийн ажил бол агаарын бохирдлыг бууруулах янданг цөөлөх явдал.

Гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцжуулах хүрээнд Засгийн газар энэ сард багтаан тодорхой шийдвэрүүд гаргахаар судалгааны ажлуудаа дуусгажээ. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Тухайлбал, ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэх, 30 хувийн урьдчилгаагаа төлж чадахгүй иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан юм.

Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас барилга, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хэд хэдэн төсөл эхлүүлэхээр талууд ярилцаж байгаа юм байна. Дэлхийн банкнаас ямар төслүүдэд хөрөнгө оруулах талаарх эцсийн шийдвэр гаргаагүй гэлээ. Харин Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманны хэлснээр, нийслэлд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийн чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой, зарим төслүүд нь удахгүй эхлэхээр яригджээ.

Тэрбээр, “Нийслэлийн гэр хороолол суурь дэд бүтэц муутай учраас нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүргэхийн тулд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллана. Дэд бүтцийн суурь болох усан хангамж, дэд бүтцийн асуудал бий. Үүнтэй холбогдуулан гэр хорооллуудад дэд төвүүдийг барьж байгуулахад 10 жилийн хугацаатай 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний 160 саяыг Азийн хөгжлийн банкнаас гаргах бол 60 саяыг Европын банк, үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газрын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолсон.

Түүнээс гадна Азийн хөгжлийн банкнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Эко гудамж” төслийг эхлүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байна. Энэ төсөл нь гэр хорооллын айлуудыг хэсэгчлэн бүлэг болгож, дэд бүтцийг нь шийдвэрлэх юм. Улаанбаатар агаарын бохирдол ихтэй учраас түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн дулаан техникийн буюу байшин, гэрийн дулаалгын төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ төсөл одоогоор боловсруулалтын шатандаа явж буй бөгөөд 550 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн “Хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулж, асуудлаа ярьж байгаа нь өөрөө том дэвшил. Дэд бүтэц чиглэлд хөрөнгө оруулалт татах нь нэн чухал байгаа. Өнөөдрийн энэ уулзалтаар бид маш олон хөрөнгө оруулагчдын уур амьсгал наашлах алхам эхэлж байгаа гэж бодож байна. Хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөх юм бол барилга болон хот байгуулалтын салбарт хөрөнгө оруулах сонирхол маш их байна. Хөрөнгө оруулалт хийсний дараа мөнгөө яаж авах вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдад тодорхой бус байна гэдгийг онцолж байна. Үүнийг Засгийн газраас тодорхой журам гаргаж, эрсдэлгүй байлгах нь чухал байна” гэсэн юм.

Энэ удаагийн уулзалтаар хөрөнгө оруулагчдыг барилга, хот байгуулалтын салбарт татах, олон чухал үр дүн гарна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Цалингийн дундаж хэмжээ 955.9 мянган төгрөг болж нэмэгджээ

Цалингийн дундаж хэмжээ 955.9 мянган төгрөг болж нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Тус хорооны мэдээлснээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 955.9 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71.6 (8.1%) мянган төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 10.7 (1.1%) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 617.6 мянган төгрөг,
  • 10-49 ажиллагчтайнх 763.2 мянган төгрөг,
  • 50-99 ажиллагчтайнх 852.1 мянган төгрөг,
  • 100-199 ажиллагчтайнх 952.7 мянган төгрөг,
  • 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.4 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг байна. Харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна гэж ҮСХ-ны тайланд дурджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хадгаламж, зээлийн хоршоодын актив 39.3 хувиар өсчээ

ХЗХ-дын хадгаламж 39.3 хувиар өсчээ

Хадгаламж, зээлийн хоршоодын нийт активын хэмжээ 142.8 тэрбум төгрөг болж өссөний дотор нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 39.3 хувиар өсөж 90.96 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хоршоодын нийт зээл 107.74 тэрбум төгрөг байгаагийн 92.2 хувийг хэвийн, 3.6 хувийг хугацаа хэтэрсэн, 4.2 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Чанаргүй зээл өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өсөж 4.48 тэрбум төгрөгт хүрсэн бол хугацаа хэтэрсэн зээл өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ХЗХ-дын тоо жилийн өмнөхөөсөө 5.1 хувиар өсөж, 290, гишүүдийн тоо 20 хувиар нэмэгдэж, 53.7 мянга болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсад олгох 350 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема Зумарыг хүлээн авч уулзахдаа АНУ-ын Мянганы сорилтын корпорац манай улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгаруулснаас хойш хоёр тал компакт боловсруулах ажлыг амжилттай гүйцэтгэж хэрэгжүүлэх төслүүдээ үндсэндээ тохироод байгаад баяртай байна гэв.

Компакт гэрээнд онцгой ач холбогдол өгч байгаа, АНУ-ын Засгийн газар, ард түмний олон зуун сая долларын буцалтгүй тусламж манай улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд урт хугацаандаа томоохон дэмжлэг үзүүлэх салбарт чиглэгдэж байгаад талархлаа илэрхийллээ.

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл болон ус дахин ашиглах төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны урьдчилсан дүнг дэмжсэн. Усны салбарын цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх маш чухал зангилаа асуудал болох Төв цэвэрлэх байгууламжийг шинэлчлэн сайжруулахад онцгой ач холбогдол өгч байгаа гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.

Мянганы сорилтын корпорац шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийн захиалагчийн үүрэг, шаардлага болон хуримтлагдсан лагтай холбоотой асуудлыг боловсруулж байгааг Үндэсний ажлын алба мэдээлсэн. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийг олон улсын стандартын дагуу амжилттай хэрэгжүүлэхэд корпорацийн мэргэжилтнүүд манай холбогдох яамдтай нягт хамтран ажиллах шаардлагатай гэв.

Компакт боловсруулах ажлыг хариуцаж буй холбогдох багууд техникийн нарийн асуудлуудаа ирэх оны эхээр эцэслэн тохиролцвол гэрээг 2018 оны эхний хагаст багтаан байгуулах боломжтой. Монгол Улсын 350 сая ам.доллар хүртлэх санхүүжилтийг баталгаажуулахаар шуурхай ажиллаж байгаа гэж хатагтай Фатема Зумар хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​ОУВС-ын зөвлөхүүд санхүүгийн салбарт үнэлгээ хийж байна

Зөвлөхүүдийн судалгааны ажлын эхэнд Хорооны дэд дарга Д.Баярсайхан тэдэнтэй уулзаж, банкнаас бусад санхүүгийн салбарын ерөнхий төлөв, зохицуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагааны цар хэмжээ, далайцыг цаашид нэмэгдүүлэх шаардлага, байгууллагын бодлого, стратегийг танилцуулав. Сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөн, дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр баяжихын зэрэгцээ оролцогчдын тоо огцом нэмэгдэж буй санхүүгийн салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого түлхүү тавигдаж буй юм. Иймд банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдийн зохицуулалт, бодлогын удирдлага болон хяналт шалгалтын тогтолцоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсронгуй болгож сайжруулах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Ноён Филип Жонсон, хатагтай Мими Хо нар урьд өмнө манай улсад удаа дараа ирж ажиллаж байсан туршлатай зөвлөхүүд юм. Тэд дээр дурдсан хугацаанд Хорооны нийт газар, нэгжийн ажил, ачаалал, хүчин чадал болон гүйцэтгэлийн чанар зэргийг судлахын зэрэгцээ банкнаас бусад санхүүгийн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалтын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны зах зээлд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцоно.