Categories
мэдээ эдийн-засаг

Он гарсаар ипотекийн зээлд 93 тэрбум төгрөг хуваарилжээ

Монголбанкнаас ипотекийн зээлийн 5 дугаар сарын эхний санхүүжилт 45 тэрбум төгрөгийг хуваарилаад байна. Үүний 15.7 тэрбумыг төв банкнаас, 29.4 тэрбумыг нь Засгийн газраас санхүүжүүлж, нийтдээ 657 иргэн хамрав.

Монголбанкны Олон нийттэй харилцах мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаа, “Одоогийн энэ санхүүжилт нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотой 2016 оны 10 дугаар сард шинэчлэгдэн гарсан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай журмаар зээлийн эргэн төлөлтөөр хийж байгаа. Дээрх журмаар Монголбанк сар бүрийн эхний болон сүүлийн 7 хоногт гэсэн графикаар сард хоёр удаа эргэн төлөлтийн хөрөнгийг эргээд арилжааны банкуудад тогтмол санхүүжүүлэн хуваарилан олгож байна. Оны нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамарсан” гэв.
Энэ оны 5 дугаар сараас эхлээд Засгийн газар төсөвт 122 тэрбум төгрөг суулгасан. Ингэснээр хамтарсан санхүүжилт хийж байна.
Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гаас урьдчилсан санхүүжилтийн хөтөлбөрт хамарч зээл авахын тулд Монголбанкинд төслийн шинжтэй бүтцийг хэрэгжүүлэхийг зогсоох зөвлөмж гарсан. Үүний дагуу орон сууцны зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэл ажил Монголбанкинд хийж байна.
Тодруулга:Монголбанкнаас 2017, 2018 онд орон сууцны зээлийн хөтөлбөрийг өөрийн өмчлөл дэх ипотекийн зээлийн багцын эргэн төлөлтийн орлого, Засгийн газар 2017, 2018 оны улсын төсөвт тусгасан эх үүсвэрээр тус тус санхүүжүүлж байна. Үүний хүрээнд 2017 онд нийт 5.585 зээлдэгчийн 353.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон. Үүнд:
  • Монголбанкнаас 3925 зээлдэгчийн 242.6 тэрбум төгрөг,
  • Засгийн газраас 1660 зээлдэгчийн 110.9 тэрбум төгрөг,
2018 оны тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 5.585 зээлдэгчийн 353.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон. Үүнд:
  • Монголбанкнаас 939 зээлдэгчийн 63.9 тэрбум төгрөг,
  • Засгийн газраас 424 зээлдэгчийн 29.4 тэрбум төгрөг
Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-ГИЙН АЖЛЫН ХЭСЭГ МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж эхлээд байна. Ажлын хэсэг тавдугаар сарын 2-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзалт хийж байна. ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, дараа дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс манай улсад хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгааг дүгнээд ээлжит удаагийн 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталсан билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төв банкны эссэ бичлэгийн уралдаан түрүүлсэн бүтээлүүд

Монголбанкны Тамгын газраас нийт ажилтнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг олон нийтийн арга хэмжээний нэг болох шилдэг эссе шалгаруулах уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаан нь ажилтнуудыг идэвхжүүлэх, карьерийн замналыг хөгжүүлэх, мэдлэгийн хүрээг тэлэх, бичиж сэтгэн бодох ур чадварыг дэмжих зорилготой бөгөөд энэ удаад “Төв банкны ажилтны нийгмийн хариуцлага” сэдвийн хүрээнд эссенүүдийг хүлээж авснаас дараах оролцогчдын бүтээл эхний 3 байрт шалгарлаа. Үүнд:

I байр: Нөөцийн Удирдлага, Санхүүгийн Зах Зээлийн газрын эдийн засагч Х.Саруул

II байр: Мөнгөний бодлогын газар, Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл

III байр: Судалгаа, Статистикийн газрын эдийн засагч Б.Ананд

Та бүхэнд уралдаанд шалгарсан бүтээлүүдийг эх хувиар нь танилцуулж байна.

Нэгдүгээр байр: Х.Саруул /Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын эдийн засагч/

Суурь зарчим ба Монгол улсын хөгжил

Анх Монголбанкны өндөр босгыг давж ажилд ороход миний бие эдийн засгийн онолын зах зух ойлголтоос цаашгүй Монгол орныхоо нийгэм, эдийн засгийн онцлог, түүний ирээдүйн талаар А гэх ойлголтгүй нэгэн байлаа. Ажилд орсон анхны жил Монголбанкны ажилчдын дунд зарлагдсан эссе бичлэгийн уралдаанд би “Улс орнуудын мөхлийн шалтгаан” нэртэй хөгжлийн эдийн засгийн номноос улбаалсан “Институци улс орны тогтвортой хөгжлийн үндэс” гэсэн миний хувьд ахадсан том сэдвийг сонгон оролцож байсныг тод санаж байна. Гэтэл чадварлаг хамт олны хүрээлэлд орж, мөр зэрэгцэн ажилласан 3 жилийн хугацаанд тэнгэрт явсан миний ойлголтууд газардаж, асуудлыг илүү амьдралд ойроор харахыг хичээх болсон байна.

Улс орны тогтвортой, хүртээмжтэй хөгжилд институцийн хөгжил чухал гэж үздэг эдийн засагчдын дүгнэлтэд, мөн хууль, дүрэм үйлчилдэг оронд тодорхой бус байдал багасаж, шинэ санаагаа чөлөөтэй хэрэгжүүлэх бизнес эрхлэгчдийн боломж нэмэгдэж, хөрөнгө оруулалт хийх улс орнуудын итгэл өсдөг гэдэгт миний бие одоо хэр эргэлзэхгүй байна. Харин “Хэрхэн институцийг богино хугацаанд хөгжүүлэх вэ?” гэдэг асуултад судлаачид нэгдмэл байр сууринд хүрээгүй байна.

Нэг хүнд ногдох ДНБ нь 320 ам.доллар хүрдэггүй байсан Сингапур улсыг сүүлийн 50 жилийн хугацаанд өндөр хөгжсөн улс орнуудын түвшинд хүрэхэд Ли Куан Ю-гийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэх нийтлэг хандлага байдаг. Гэтэл ганц лидер тус улсын бүх иргэдийг түүхийн харьцангуй богино хугацаанд хууль, дүрмийг чанад сахидаг нийгмийн хариуцлагатай гишүүд болгон төлөвшүүлэх боломжтой юу? Анх 1819 онд Томас Стэмфорд Раффлес Сингапурыг Их Британы колон болгох ажлыг эхлүүлж, 144 жилийн турш тус улс Английн хууль, дүрмээр амьдарсан түүхээс харвал, Сингапурын хөгжил дэвшил Английн колоничлолын үеэс эхлэлтэй гэж хэлж болох юм.

Эндээс шилдэг удирдагч төрдөг үү? эсвэл шилдэг удирдагчийг улс орон төрүүлдэг үү? гэсэн сонирхолтой асуулт урган гарна. Үүнд Карл Маркс Францийн ангийн ялгаа, тэгш бус байдал Наполеоныг төрүүлсэн гэж хэлсэн байдаг. Харин College London их сургуулийн судлаачид гений мэдээлэл тэр дундаа rs4950 ген удирдагчийн чухал шинж чанарыг агуулдаг болохыг тогтоосон ч хүний амьдралын туршлага, хүрээлэн буй орчин удирдагчийн шинж чанараа хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг дурдсан байгаа нь дээрх асуултын хариулт байж болохоор санагдаж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа усан боомтоос өөр баялаггүй байсан Сингапур улсын нөөц шавхагдаж, хөрш зэргэлдээ Малайз, Индонез зэрэг улсын эрхшээлд орох эсэх асуудал яригдаж байв. Тухайн үед Англи улсад боловсрол эзэмшсэн Ли Куан Ю гадны хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьж, тогтвортой төр, хууль, эрх зүйн орчинг санал болгох шийдвэрийг гаргасан. Хэрвээ Сингапур өмнө нь Английн колони байгаагүй бол Ли Куан Ю-ийн тогтвортой төр, эрх зүйн орчны талаарх шийдвэрийг олон үндэстний нэгдэл болсон ард түмэн нь ойлгож, хүлээж авах байсан болов уу?

Монгол улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай, ардчилсан орон болоод 27 жил болсон байна. Энэ хугацаанд бид өндөр хөгжсөн улс орнуудыг харж, дуурайж, үлгэр жишээ авч ирсэн. Гэтэл сууриа муу тавьсан өндөр барилга лугаа адил бид ганхаж, төөрөлдсөөр байна. Монгол улсад эрх зүйд захирагдах ёсыг хэрхэн нутагшуулах вэ? Агуу удирдагч гарч ирэхийг хүлээх үү? Эсвэл дайн дажин, колоничлол биднийг дүрэм дагадаг хариуцлагатай үндэстэн болгох юм уу? Миний хувьд хариулт нь аль аль нь биш. Бид нэгэнтээ урт хугацаанд туршиж, сурах замыг сонгосон гэж бодож байна.

Сахилга батгүй төр, сахилга баттай ард иргэд зэрэг орших боломжгүй. Гэхдээ институцийн орчинг бүрдүүлэх ажил цор ганц 76 гишүүний үүрэг биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Монгол улсад институцийн орчинг бүрдүүлэхэд Монголбанкны ажилчдын эрх мэдэл, үүрэг хариуцлага чамлахааргүй их гэж би боддог. Бид Монгол улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн сектор тэр дундаа банкны секторын тоглоомын дүрмийг тодорхойлохын зэрэгцээ тус салбартаа сурган хүмүүжүүлэгчийн үүргийг давхар гүйцэтгэн ажиллаж байна. Салбарынхаа сурган хүмүүжүүлэгчийн хувьд миний бие хэдэн суурь зарчмыг институцийн хөгжлийн түлхүүр гэж үзэн өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгохыг эрмэлзэж ирсэн. Энд би эдгээр зарчмуудыг дэлгэрүүлэн авч үзье.

Нэг. Дүрэм бол дүрэм

Монгол улсыг хүнээр төсөөлбөл 6 настай хүүхэд, хурдацтай хөгжиж буй Хятад, Энэтхэг зэрэг улсыг 16 настай өсвөр насны хүүхэд, харин хөгжлийн өндөр түвшинд нэгэнт хүрсэн Америк, Англи, Японыг нас биед хүрсэн бие хүн гэж үзэж болох юм. 6 настай хүүхдэд болох болохгүйг тогтмол зааж сургаж байдагтай адил монголчуудад дүрэм, журмыг хэвшил болгох асуудал тулгамдаж буй асуудал хэвээр байна. Гэтэл бид нялх балчир Монгол улсыг хөгжингүй орон луугаа адилтгаж зөнд нь орхиж хэрхэвч болохгүй.

Зарим хүмүүс Монголчуудыг арчаагүй, хуулийг гууль болгодог, дүрэм мөрдөж мэддэггүй гэж хэлж байгаа сонсогддог. Гэтэл 6 настай хүүхдэд бид ийм шүүмжлэл хэлэх байсан уу? Мэдээж үгүй. Бид илүү зааж сургах байсан болов уу? Олон улсын валютын сангийн сургалтад сууж байхад Дьюк их сургуулийн профессор Connel Fullenkamp “Муу хууль байж болно. Гэхдээ тэр хуулийг засах хүртэл зүгээр л мөрдүүл” гэж хэлж байсан санаанд орж байна. Өөрөөр хэлбэл, хууль бол хууль түүнийг шүүмжилж болох ч мөрдөхгүй байж болохгүй гэдэг ойлголт хүн бүрт байх ёстой.

Монголбанкны эдийн засагчид энэ асуудалд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой хүмүүс. Өдөр тутам бид Монголбанкны хууль, журмыг банкаар мөрдүүлж ажиллаж байна. Бид хууль, журмыг бусад арилжааны банкуудаар мөрдүүлж ажиллахдаа чухал, чухал биш гэж ялгаж, салгалгүй жигд мөрдүүлэх чиглэлийг баримталж ажиллах ёстой. Жишээ нь, саяхан санаандгүй дүрэм зөрчсөн нэгэн банкинд арга хэмжээ авах шийдвэр гарахад ганц удаа алдаа л биз өршөөгөөд өнгөрөөж болдоггүй юм уу гэсэн үг дуулдаж байсан. Санаатай ч бай, санаандгүй ч бай дүрэм зөрчсөн бол арга хэмжээ авах ёстой.

Би банкуудыг бас л 6 настай хүүхэд гэж хардаг. Тэднээс дүрэм мөрдөхийг шаардана, тэд хэсэг хугацааны дараа мартаж эхэлнэ. Би дахиад л шаардлагаа тавина, харин яваандаа тэд сурч эхэлдэг. Банкинд шинэ ажилтан ороход банк өөрөө сургахгүй юмаа гэхэд бид тэдэнд дүрэм биелүүлж ажиллахыг эхнээс нь сануулж, сургах хэрэгтэй. Учир нь бусдыг дэг журамд сургах ажлыг би өөрийн зүгээс эрх зүйг дээдэлсэн улсыг бий болгоход оруулж буй хувь нэмэр гэж хардаг. Тиймээс Монголбанкны ажилтан бүр өөрөө дүрмийг сахиад зогсохгүй, өөрийгөө багш мэт бодож бусдад шаардлага тавьж ажиллах хэрэгтэй.

Хоёр. Эх оронч үзэл

Эх оронч гэдэг үгийг би цээжээ дэлдсэн, баримт үндэслэлгүй, хэт сэтгэл хөдлөлд автсан үг яриа, үйлдэлтэй хэсэг бүлэг хүмүүсээр төлөөлж ойлгодог байлаа. Гэтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд эх оронч байх нь миний хувьд илүү гүн утга агуулгатай ойлголт болсон. Эх оронч хүн юуны өмнө амин хувиа бодолгүй, үр хүүхдийнхээ болон энгийн иргэдийн ирээдүйг худалдаж, өнөөдрийн зугаа цэнгэлийг урьтал болгохгүй шударга хөдөлмөрөөр амьдарч буй манай улсын жирийн иргэд, албан хаагчид юм.

Дэлхий нийтийн авилгын хэмжүүр 2007 судалгааны ажлын тайлангаас харахад хөгжиж буй болон хөгжингүй орнуудын авилга, хээл хахуулиас ядуу гэр бүлүүд хамгийн их хохирдог болохыг тогтоосон байдаг. Үүнийг энгийн нэг жишээгээр тайлбарлахыг хичээе. Засгийн газар том компаниудыг дэмжих зорилгоор үр ашиггүй төсвийн бодлого явуулж, их хэмжээний төгрөг зах зээлд нийлүүлснээр ханш сулрах дарамтыг нэмэгдүүлсэн гэе. Ханш суларснаас үүсэх уг дарамт хэнд хамгийн хүнд цохилт болох вэ? Импортын бараанаас хэт хараат манай улсын орлого багатай өрхүүдэд хамгийн хүнд цохилт болно. Үүгээр би том компаниудыг дэмжих бодлого буруу гэж хэлээгүй. Харин бодлого боловсруулагчийн хувьд бодлогын үр ашиг юу вэ? бодлогын зардал юу вэ? гэдгийг үргэлж анхаарах хэрэгтэйг сануулах гэсэн юм. Хэрвээ бодлогын үр шимийг зөвхөн баячууд хүртэж байгаа бол үүнийг би эх оронч бодлогын шийдвэр гэж хэлэхгүй байх байсан.

Эх оронч үзэл институцийн хөгжилд чухал. Учир нь нийгмийн чинээлэг цөөнхийг дэмжих нийгэмд хүртээмжгүй бодлогыг эсэргүүцэх, хууль, дүрмийг сахин биелүүлж, түүнийг гуйвуулахын эсрэг зогсох хүч эх оронч хүнээс л гарна.

Гурав. Шунал ба хувиа хичээсэн үзэл

Эрүүл бус ашиг сонирхол гэж бусдын боломж, чадамжийг дүрмийн бус аргаар дордуулж, ашиг хонжоо эрэлхийлэхийг хэлнэ. Хувиа хичээсэн үйлдлээсээ болж эх оронгүй болсон эрх мэдэлтнүүдийн тоо битгий олшроосой гэж би боддог. Тэдгээр хүмүүс эд хөрөнгийг ямар их үнэ цэнээр олж авснаа ойлгох болов уу?

Монголбанкны ажилчдад шударга бус байдлын эсрэг зогсох эрх мэдэл, боломж хангалттай бий. Бодлогын санал боловсруулах ажил бол бидний хамгийн хариуцлагатай ажил юм. Бид хэдий чинээ бодлогын санал боловсруулахад цаг хүч зарна, төдий чинээ удирдлага зөв шийдвэр гаргах боломжтой болно. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан бодлого, нийгмийн өмнө хүлээсэн ёс суртахууны үүрэг дээрээ хатуу зогсох зориг, сэтгэлийн тэнхээ бидэнд хүрэлцэх ёстой.

Зохиолч, философич Жорж Сантаяана “Өнгөрснөө санадаггүй хүн түүнийг давтах тавилантай” гэж хэлсэн байдаг. Дэлхийн улс орнуудад муу, сайн бодлого хэрэгжүүлсэн түүх олон бий. Аливаа бодлогын зардал, үр ашгийг мөнгөн дүнгээр тооцох боломжгүй байгаа тохиолдолд түүхээс суралцах арга зам бидэнд үргэлж байдаг. Явцуу, хувиа хичээсэн зорилгод чиглэсэн бодлогын шийдвэр эцэстээ ямар үр дүнд хүргэдгийг түүхээс харж болно. Иймд Монголбанкны ажилтны боловсруулсан бодлогын санал эх оронч биш хүнийг эх оронч болтол, хувиа хичээсэн хүнд бусдын төлөө зүтгэх итгэл үнэмшил төрүүлтэл, бодит баримтууд дээр суурилсан, нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой.

Төр засаг өөрчлөгдөж, сайн, муу удирдагчид ээлжлэн солигдох болно. Гэхдээ Монголбанкны ажилтны суурь зарчим тэдгээр өөрчлөлтийг даган хувьсах ёсгүй. Нөхцөл байдалд уян хатан хандахын зэрэгцээ суурь зарчмаасаа хазайхгүй ажиллах сонголт бидэнд үргэлж олдоно гэдэгт би итгэлтэй байна.

Хоёрдугаар байр: Б.Түмэнцэнгэл /Мөнгөний бодлогын газар, Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал/

ТӨВ БАНКНЫ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Ѳнѳѳдѳр Монголын томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын талаар баримтлах тодорхой зарчимтай, хэрэгжүүлсэн бодит ажилтай ч болжээ. Цөөнгүй байгууллага, компаниуд цахим хуудсаараа ч, сошиал хуудсууд эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийн хариуцлагатай болохоо сурталчилж буйг Ta хаа нэгтээ анзаарсан болов уу.

Нийгмийн хариуцлагын хүрээнд ихэнх байгууллагууд хуулийг чандлан сахиж буй байдал, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, хүрээлэн буй байгаль орчиндоо ээлтэй байдал, ажиллагсад болон нийгэмдээ ѳгѳх ѳгѳѳж гэх мэт зүйлсийг онцлох нь түгээмэл байна. Тэр дунд мод тарих, сайн дурын ажил хийх, хандив тэтгэлэг ѳгѳхѳѳс эхлээд ажлын байрны таатай орчны бүрдүүлэлт, эко тоног тѳхѳѳрѳмж, технологийн ашиглалт гэх мэт олон тѳрлийн санаа санаачилгуудыг жишээ болгон дурдаж болно. Ялангуяа бизнесийн байгууллагуудын хувьд иймэрхүү хичээл зүтгэл нь эргээд тухайн компанийн нэр хүнд, ажилтнуудын сэтгэл ханамж, үйл ажиллагааны зорилгын биелэлт, дунд урт хугацааны бизнесийн тогтвортой байдалд эерэг нѳлѳѳтэй тул хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд ч үнэ цэнийг бий болгодог нь цөөнгүй судалгаагаар тогтоогдсон байдаг [1]. Иймд сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс орнуудад компанийн нийгмийн хариуцлага (CSR)-ын асуудал чухал сэдэв болж, энэ төрлийн үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүд идэвхжих боллоо.

Харин тѳв банк, тѳв банкны ажилтны нийгмийн хариуцлага юу байх вэ, Монголбанкны хувьд ямар байх вэ гэдэг нь сонирхолтой асуулт юм. Хувийн сектороос ялгаатай нь тѳв банкуудын үйл ажиллагаа өөрөө бизнесийн ашгийн төлөө бус, харин нийгмийн сайн сайхны тулд, нийтийн эрх ашгийн тѳлѳѳ чиглэгддэг. Тѳв банк инфляци болон санхүүгийн системийг тогтвортой байлгах үндсэн зорилгоо сайн биелүүлснээр улс орныхоо эдийн засгийг тогтвортой байлгахад хувь нэмэр оруулж, улмаар нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ гэдэг үзэл өнөөдөр олон улсын жишиг, тогтсон ойлголт болжээ.

Тэгэхээр, Монголбанкны ажилтан бүр ѳѳрт ногдсон ажлаа сайн хийж гүйцэтгэх, ингэснээр Тѳв банк хуулиар зааж ѳгсѳн мандатаа амжилттай биелүүлэх нь Та бидний нийгмийн ѳмнѳ хүлээсэн хамгийн том үүрэг хариуцлага гэж ойлгогдоно. Иймд, хүн бүр “институцийнхээ том зорилгын төлөө урдах ажлаа сайн хийе” гэсэн сэтгэхүй, идэвх зүтгэл чухлаар тавигдана. Яг л Жон Кеннеди NASA-гийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа шал шүүрдэж зогссон нэгэн ажилтнаас “Та юу хийж байна вэ?” гэж асуухад, “Би хүн төрөлхтнийг сар луу нисэхэд тусалж байна” гэж хариулсан шиг тийм сэтгэхүй, хандлага Төв банкны ажилтны нийгмийн хариуцлагын үндэс болно гэсэн үг. Гэхдээ миний бодлоор дан ганц урдах ажлаа сайн хийх нь хангалтгүй юм.

Хэдийгээр Монголбанкны эдийн засагт гүйцэтгэх үүрэг, үүнтэй холбоотой нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага нь хуулиар тодорхой бѳгѳѳд ойлгомжтой ч, хүрээлэн буй орчны асуудлууд, нийгэмд үзүүлэх эерэг нөлөө гэх мэт нийгмийн хариуцлагатай холбоотой бусад зүйлс дээр Төв банкны ажилтнууд их зүйлийг хийх боломжтой. Монголбанкны хувьд, яг “нийгмийн хариуцлага” гэдэг нэр томъёолол хэрэглэдэггүй ч энэ чиглэлээр аль хэдийн хийгдсэн ажлууд олон бий ( жишээ нь мод тарих, малчдад хандив өгөх, оюутан сурагчдад лекц унших г.м.). Тэр дундаас иргэдэд, нийгэмд хандаж Төв банк, Төв банкны ажилтнууд маш их зүйлийг хийж, өндөр хувь нэмэр оруулж чадна гэдгийг Монголбанкны нийгэмтэй огтолцох цэг болсон “олон нийттэй харилцах цонх” дээр ажиллаж үзсэн туршлага дээрээ үндэслээд баттай хэлж чадна.

Нэг талаас Монголбанкны төв болоод орон нутгийн бараг бүх нэгжийн ажилтнуудтай нүүр тулан уулзаж, хамтарч ажиллах үед үргэлж мэдрэгдэж байсан нэг зүйл бол өндөр ур чадвар, арвин их мэдлэг байв. Харин нөгөө талаас төв болон орон нутгийн Монголын голлох хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл (сэтүүлчид), хот хөдөөгийн Монголын нийгмийн олон хүрээллийн зорилтот бүлгүүдэд хандан лекц-сургалтуудыг хийх явцад эдийн засагтай холбоотой үнэн бодит мэдээлэл нийгэмд маань маш их дутагддаг нь тодоор ажиглагдсан юм. Иймд Төв банкинд олон жилийн турш хуримтлагдсан маш их мэдээлэл, суурь мэдлэгийн нөөц болсон Монголбанкны ажилтнууд өөрт байгаа мэдлэг, мэдээллээ нийгмийн тодорхой бүлгүүдэд үр дүнтэй байдлаар хүргэх нь нийгмийн сайн сайхныг дээшлүүлэхэд том хувь нэмэр болох болов уу. Өөрөөр хэлбэл, Төв банкны ажилтан бүр мэдлэгийг түгээх өндөр потенциальтай гүүр байх боломжтой.

Гэхдээ энэ нь тийм ч амар зүйл биш юм. Учир нь “Би жирийн иргэн учраас гэрийнхээ хажуугийн банкаар л үйлчлүүлдэг. Харин Монголбанкаар их мөнгөтэй хүмүүс л очиж үйлчлүүлдэг байх” гэж ярих дутуу мэдээлэлтэй хүмүүс цөөнгүй тааралддаг. Үнэхээр ч иргэдийн дунд түүвэр судалгаа хийгээд үзэхээр олонх нь Монголбанк юу хийдгийг сайн мэддэггүй, ойлгодоггүй, Монголбанкинд сайн итгэдэггүй гэсэн үр дүн гардаг[2] . Түүнчлэн, хэрэв Та Монголбанкны Ерөнхийлөгч байсан бол юу хийх вэ гэдэг асуултад “Эдийн засагт ажлын байр бий болгоно” гэдэг хариултыг хамгийн эхэнд тавьдаг бөгөөд инфляци, санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой Төв банкны үндсэн зорилгуудыг хамгийн сүүлд тавих хүн олон байна[3].

Иргэдийн энэхүү ташаа ойлголт, дутуу мэдлэг, үл итгэх байдал нь эргээд нийгмийн зүгээс Монголбанкны хийх ёсгүй зүйлсийг шаардах (энэ нь улстөрийн дарамт болж төв банкин дээр ирэх), хэрэгжүүлж буй бодлогын үр дүнтэй байдалд сөргөөр нөлөөлөх зэрэг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй. Улмаар Монголбанк зорилгоо биелүүлж чадахгүй байх, энэ нь эргээд эдийн засагтаа болоод нийгэмдээ ихээхэн сөрөг үр дагаварыг бий болгох өндөр эрсдэлийг үүсгэдэг. Тийм ч учраас Монголбанкаар овоглогдож буй 500 орчим ажилтан өөрт байгаа мэдлэгээсээ хуваалцах нь нийгмийн өмнө хүлээх хариуцлагаас гадна, NASA-гийн ажилтны хэлдгээр “хүн төрөлхтнийг саран дээр аваачих” институцийн том зорилгодоо хүрэх боломжийг дээшлүүлэх нэг чухал арга зам юм.

Үүнийг мэдээж ямар ч хэлбэр, олон төрөл янзаар хийх боломжтой. Заавал албан ёсны нүсэр хурал цуглаан, лекц сургалт гэлгүйгээр өдөр тутмын амьдрал дундаа ч хамаатны дүү нар, эсвэл хүүхдийнхээ ангийн найзуудад зориулсан энгийн мэдлэг олгох яриа байсан ч багадахгүй. Мөн цахим орчинд эрчимтэй мэдээлэл тархах болсон өнөө үед эдийн засгийн энгийн мэдлэг олгох сошиал постууд байсан ч болно. “Далайд дусал нэмэр” гэдэг үг санамсаргүйгээр зохиогдоогүй болов уу. Ер нь нийгмийг бүрдүүлэгч иргэд нь төв банкаа мэддэг, үйл ажиллагааг нь ойлгодог, итгэдэг, дэмждэг байх нь төв банкуудын зорьж буй зорилт амжилттай биелэх чухал ач холбогдолтой. Тийм ч учраас өнөөдрийн төв банкуудын хувьд шийдвэрээ нийгэмд ойлгуулах үйл ажиллагаа нь бодлогын чухал арга хэрэгсэл болж, харин нийгэмд мэдлэг түгээх үйл ажиллагаа нь нийгмийн хариуцлагын чухал бүрэлдэхүүн хэсэг нь болох чиг хандлага ажиглагдаж байна.

Гуравдугаар байр: Б.Ананд /Эдийн засагч, Судалгаа, Статистикийн газар/

Сүүдрэн бие

Юуны өмнө хариуцлага гэдэг ухагдахууныг томьёолох нь зүйтэй. Энэхүү ойлголт нь шинжлэх ухааныг түлхэх хөшүүрэг болтлоо хөгжсөн байх юм. Миний хувьд хариуцлага гэдэг нь эрхийг эдлэхийн зэрэгцээ үүсэх үүргээ биелүүлэх, нөгөө талаас ямар нэгэн зүйлийг, хэн нэгнээс хүртсэнийхээ хариуд барих бэлэг гэж ойлгодог. Ингээд үзэхээр хариуцлага гэдэг зүйл харьцангуй хийгээд маш энгийн цар хүрээг хамарч байдаг байх нь. Ажил албан дахь хариуцлага, ар гэрийн хариуцлага, анд нөхдийн хариуцлага… Эдгээр ухагдахуун тус бүрийн талаарх бодол бидний тархинд гялс хийх төдийд бие хүн бүрт өөр өөрийн гэсэн бодлын орчил бий болж байдаг нь гайхалтай.

Тэгвэл, Нийгмийн хариуцлага? Төрийн нийгмийн хариуцлага гэдэгт төр иргэнээс татвар авсан бол нийгмийн хамгааллыг үзүүлэх ёстой гэсэн энгийн бөгөөд төгс гэмээр тайлбарыг өгөх хүртлээ хүн төрөлхтөн бидний соёлт нийгмийг цогцлоон байгуулсны дүнд үүсэх хамгийн эрхэм чанаруудын хэлхээ болсоор иржээ. Бид нийгмээс авсныхаа хэрээр өгдөг, үймүүлэн сүйтгэсэн шигээ бүтээн байгуулдаг, хүндлэл хүлээсний хэрээр дээдэлдэг, боловсрон хөгжсөнийхөө үр шимээр залгамжаа бэлддэг зэрэг эргэх холбоонд оршсоор ирсэн учир энэхүү ойлголт марташгүй эрхэмлэх зарчим болтлоо бидний тархинд суусан, суух ч ёстой тунхаг болсон байх!

Хувь хүн бүр сайхныг эдэлж, саарыг туулсныхаа дүнд эргээд хүлээх хариуцлага хэмжигдэж, нийгмийн амьдралд оролцож эхэлсэн тэр хормоос хариуцлага гэх “сүүдрэн бие”-ийг араасаа дагуулдаг. Дагуулж байх нь ч зохилтой юм.

Тэгвэл төв банкны ажилчид бид нийгмээс юуг авсан хийгээд юуг өгөх ёстой вэ? Энэ асуултад хариулахын өмнө бид нэг зүйлийг өөрөөсөө асуух нь зүйтэй. Миний эрхэлж буй ажлын үр өгөөжийг хэдэн хүн хүртдэг вэ? Талхчин талхаа л барина, гуталчин гутлаа л хийнэ, харин төв банкны ажилтан талхчин, гуталчин хийгээд энэ улсын иргэн бүрийн эцсийн зангилаа болох эдийн засгийн залуурыг атгаж суудаг хүн юм. Тэгэхээр төв банкны ажилтан энэ нийгмээс эрх мэдэл гэдэг зүйлийг авсныхаа хариуд эргээд тэднийгээ (эдийн засгийн үүсэх өөрчлөлтүүдийн хувьд) залж, эрсдэл саадыг учирлаж байх нь дээр тавьсан асуултын хариулт болоод зогсохгүй бидний хүлээх хариуцлагын гаргалгаа болох нь дамжиггүй юм.

Тэгвэл бид ямар эрх мэдлийг авсан бэ? Маш энгийнээр, ард олныг он удаан жил тогтвортой, бодит үнээр талхаа худалдаж авах, үндэсний мөнгөн тэмдэгтээ бусад улсын мөнгөн тэмдэгт рүү хөрвүүлэн тухайн улстай өөрийн хүссэн эдийн засгийн харилцаагаа өрнүүлэх зэрэг боломжийг бүрдүүлэхийн тулд бид үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдалд суурилах гадаад болон дотоод хүчин зүйлсийг агуулсан үндсэн зорилго дор мөнгөний бодлогын хэрэгслүүдээ ашиглан улс нийтийн өмнөөс шийдвэр гаргах тэр л эрх мэдлийг хүлээж авсан улс юм. Нэг үгээр бид шийдвэр гаргах эрхийг эдэлж, бодлого хэрэгжүүлэх үүргийг хариуцдаг гэж ойлгох нь зүйтэй.

Бидний хэрэгжүүлж буй бодлогууд нэлээд хугацаа шаардаж, үр дүн шууд илэрдэггүй учир энэ нийгэмд төв банк юу хийдэг, цаашид юу хийх гэж буй, ямар алхмыг юуны учир хийсэн, бусад боломжит хувилбаруудаас чухам яагаад үүнийг сонгосон, бусад нь ямар эрсдэлтэй байсан, энэ нь эргээд дээр дурьдсан зорилготой маань хэрхэн уялдах учиртайг ялган таниулах нь төв банкны ажилтан бидний хийж буй ажлын, хүсч буй үр дүнгийн нэг хэсэг нь байх учиртай.

Эрсдэл, саадыг учирлахын учир юу вэ? Эрсдэл, саад гэж чухам юуг хэлнэ вэ? Эдийн засагчийн цонхоор энэхүү асуудлыг тольдвоос бид дам нөлөө, мэдээллийн төгс бус байдал гэсэн чөлөөт нийгмийн гажуудлын үндсэн хоёр ухагдахууныг зайлшгүй дурьдах нь зүйтэй болов уу. Хэн нэгний хийсэн үйлдэл өөр нэгэнд зардал учруулдаг байхад сайн үйлдлийн дүнд үр ашиг авчирч бас болно. Өөрөөр хэлбэл дам нөлөө нь эерэг эсвэл сөргөөр илэрч болно гэсэн санаа. Харин мэдээллийн төгс бус байдал гэдгийг аливаа үйл ажиллагаанд оролцогч талуудын аль нэг нь дутуу мэдээлэлтэйгээс үүсэх үр ашиггүй тэнцвэр хэмээн ойлгож болох. Тэгвэл төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтдаа бид “Олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэсэн зүйлийг тусгаад байгаа.

Өөрөөр хэлбэл бидний ямар бодлого хэрэгжүүлж байгаа, цаашид ямар шийдвэрийг юуны учир гаргах гэж байгааг нийгэм ойлгодог, хянадаг чадварыг эзэмшүүлэх буюу эрсдэл, саад, боломжийг учирлаж буй нэгээхэн хэлбэр юм. Эцсийн дүндээ Төв банкны ажилтан нийгмээс хүлээсэн эрх мэдэл, чадвар туршлагаараа өмнөх ажлаа потенциалт хэмжээндээ гүйцэтгэхийн сацуу энэ улсад ганцхан чи л өгч чадах тэрхүү үр шимийг түгээж байх нь туйлын ач холбогдолтой.

Бид зөвхөн ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэснээр тэрхүү эерэг дам нөлөөг бий болгож, түүгээр дамжуулан бодлого боловсруулагч ба ард иргэд хоорондын мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах гэсэн зорилтын дор дээрх хоёр ойлголтыг үндсэн санаатай зангидахыг хүслээ.

Бидний үндсэн зорилго чиглэл юунд тэмүүлдэг, ирээдүйд эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарч болзошгүй, тэгвэл юун дээр хамтдаа анхаарах ёстой гэхчлэн маш энгийн дадлыг бид нийгэмд түгээснээр иргэдийн мэдээллийн төгс бус байдлаас амсаж болох байсан хохирлыг бууруулах, эргээд бодлогын үр нөлөөг талуудад ашигтай болгож чадах асар их боломж байгаа юм. Нэг үгээр бид ийм зүйл хийдэг, цаашид ийм зүйл хийнэ гэсэн тэнцвэртэй, ил тод мэдээллийг ард нийтэд түгээснээр иргэдийн ташаа уур амьсгалыг эерэг зүгт залж, авч хэрэгжүүлэх бодлогын явцыг илүү хялбар, илүү үр өгөөжтэй болгох юм

Ажил мэргэжлийн хариуцлага хэмээх “сүүдрэн бие” оносон шийдвэрт минь гарын үсгээ надтай хамт үзэглэж, алдсан алдааны минь араас бултганах нь соёлт иийгмээс надад өгсөн өгсөн хамгийн хүлцэнгүй, шударга хэмжүүр гэж төв банкны ажилтан би ойлгодог.

Categories
мэдээ эдийн-засаг

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгуулав

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт нэг өдрийн семинарыг зохион байгууллаа. Семинарт банкуудын бэлэн мөнгөний үйл ажиллагаа хариуцсан газар, хэлтсийн захирал, ахлах түвшний ажилтнууд болон Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбаруудын нярав, хянан шалгагч нар оролцов. Энэхүү семинараар мөнгөн тэмдэгтийн олон улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага, бэлэн ба бэлэн бус төлбөрийн хэрэгслийн одоо ба ирээдүй, манай улсын бэлэн мөнгөний динамик хөдөлгөөн, бүтэц, түүний эдийн засгийн утга агуулга, онцлог шинж чанар, зүй тогтол зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн практик түвшинд хуурамч мөнгөн тэмдэгтийг ялгах үндсэн стандартын талаар ерөнхий ойлголтыг өгч, мөнгөн тэмдэгт ялгах шаблоныг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах заавар зөвлөмжийг өгөх, сүүлийн үеийн хуурамч мөнгөн дэвсгэртүүдийн шинж чанаруудын талаар танилцууллаа. Мөн энэ үеэр хамгаалалтын элемент нь шинэчлэгдэж буй 5000-тын дэвсгэртийг танилцуулж, банкуудын АТМ машин цэнэглэлтийн алгоритмыг өөрчлөх боломж зэрэг асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

“Технологи, хөрөнгө оруулалтын Монголд-2017” олон улсын хурал болно

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 20-21-нд Шангри-Ла зочид буудалд болох гэж байна. “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар санаачлагч, зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг арга хэмжээг санаачлагчнь “Би Эм Монголиан Партнерс” ХХК юм. “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн Ерөнхий захирал, “Технологи, хөрөнгө оруулалт Монголд – 2017” ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч Ж.Мядагмаа, “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн гадаад худалдааны хэлтсийн захирал Н.Энхсайхан, Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ нар мэдээлэл хийсэн юм.

Уг үзэсгэлэн хуралд ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй компаниуд уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй мах сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд оролцоно. Гадны компаниудын 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хүмүүс ирнэ. Мөн Монголын уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт голлох салбарын томоохон компаниуд оролцохоор бүртгүүлээд байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” шиг нэг дор таван салбарыг хамарсан технологийн олон үзэсгэлэн өмнө нь манай улсадболж байгаагүй юм. Энэ удаагийн үзэсгэлэн, хурлын хоёр дахь давуу тал нь барууны шилдэг технологиудыг танилцуулахаас гадна хөрөнгө оруулагчидтай холбогдож ажил хэргийн яриа, уулзалт зохион байгуулах боломжийг бизнес эрхлэгчдэд олгоно.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд – 2017” ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн захирал Ж.Мядагмаа олон улсын үзэсгэлэнд оролцох компаниудын талаар товч мэдээлэл өглөө. Хуурай аргаар нүүрс баяжуулах дэлхийн хамгийн том үйлдвэрийг барьсан“Allmineral” компани ХБНГУ-аас ирэх юм байна. Нүүрс зэсийг нойтноор баяжуулахад гарах их хэмжээний хаягдал усыг шүүж дахиж ашиглах боломжтой тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Андриц”компанийн Австри болон Өмнөд Африкийн салбарынх нь удирдах түвшний хүмүүс ирэхээр болжээ. Аялал жуулчлалын салбарт өндөр төвшний үйлчилгээ үзүүлэх боломжтой гэх мэт олон салбарт эрэлт хэрэгцээтэй байдаг бага оврын онгоц үйлдвэрлэгч “Даймонд” компанийн төлөөлөл Австриас ирж технологи болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулна гэж зохион байгуулагчид нь онцоллоо. Бага оврын онгоцоор Монголд нисэх боломж, бэрхшээлийн талаар салбар хуралдаан хүртэл болох юм байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлыг нийслэлээс дэмжиж оролцож байгаа юм. Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газрын дарга Б.Бат-Эрдэнэуг арга хэмжээг дэмжиж оролцох болсон шалтгаанаа “Энэ удаагийн олон улсын чуулга уулзалт эдийн засагт голлох таван салбарыг онцолж шилдэг технологиудыг танилцуулж байгаагаараа үр өгөөжтэй, онцлогтой. Технологи руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг онцолж буй нь бизнес эрхлэгчдэд боломж олгож байгаа хэрэг. Нийслэлээс уг үзэсгэлэн, хурлын хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт гэсэн салбар хуралдаануудад илтгэл тавьж оролцохоор болжээ.Энэ үеэр нийслэлд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад танилцуулахаар төлөвлөсөн байна. Мөн нийслэлээс чуулга уулзалтад оролцохоор Швейцарь, Хонгконгоос ирэх хөрөнгө оруулагчидтай хамтарсан уулзалт хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

УУХҮЯам 448.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр 2018 оны эхний улирлын сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичигийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцов.

1. Уул уурхайн салбарын 2018 оны эхний улирлын статистик мэдээлэл

1.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2018 оны эхний улирлын байдлаар 3.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 584.3 (21.7%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 400.3 (20.4%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 784.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 214.1 (37.6%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 150.6 (13.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.2%-ийг эзэлж байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

– Нүүрс 11.2 сая тн,

– Зэсийн баяжмал 330.1 мян.тн,

– Алт 1.9 тн,

– Молибдений баяжмал 1.3 мян.тн,

– Төмрийн хүдрийн баяжмал 790.0 мян.тн

– Хайлуур жоншны баяжмал 13.0 мян.тн,

– Цайрын баяжмал 23.4 мян.тн,

– Газрын тос 1.7 сая бар,

– Катодын зэс 3.6 мян.тн

1.2. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний улирлын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 580.6 (17.9%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 466.2 (20.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүс олборлолт 1.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 297.4 (41.1%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 147.1 (11.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний улиралд 3.8 их наяд төгрөг хүрч 2.8 их наяд төгрөг буюу 73.7%-ийг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 2.5 их наяд төгрөг буюу 64.9%-ийг гадаад зах зээлд борлуулсан байна.

1.3. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2018 оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 448.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

– Алт 6.5 тэрбум төгрөг,

– Нүүрс 151.6 тэрбум төгрөг,

– Цайр 22.0 тэрбум төгрөг,

– Зэс 242.5 тэрбум төгрөг,

– Төмөр 6.1 тэрбум төгрөг,

– Жонш 3.4 тэрбум төгрөг,

– Бусад 16.1 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 162.6 тэрбум төгрөг буюу 1.6 дахин өссөн. Үүнээс:

– Алт 1.8 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

– Нүүрс 75.7 тэрбум төгрөг буюу 2.0 дахин,

– Цайр 9.8 тэрбум төгрөг буюу 1.8 дахин,

– Зэс 71.6 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

– Төмөр 4.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

– Жонш 2.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 тэрбум төгрөг буюу 0.9 дахин буурсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Бодлогын чуулган болон ажлын хэсгүүдийн уулзалтад оролцлоо

Санхүүгийн хүртээмжийн бодлого боловсруулагчдын дэлхийн сүлжээ болох Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (The Alliance for Financial Inclusion, AFI) үндсэн зургаан ажлын хэсгийн бүтцээр үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хороо эдгээр ажлын хэсгүүдэд бүгдэд нь буюу Хэрэглэгчийн эрх ашиг ба зах зээлийн ёс зүй (Consumer Empowerment and Market Conduct, CEMC), Санхүүгийн хүртээмжийн стратеги (Financial Inclusion Strategy, FIS), Санхүүгийн хүртээмжийн өгөгдөл (Financial Inclusion Data, FID), Санхүүгийн хэрэглээний хэм хэмжээ, тэнцвэрт байдлын Олон улсын стандарт (Proportionate Application of Global Standards, GSP), Санхүүгийн цахим үйлчилгээ (Digital Financial Services, DFS), ЖДҮ-ийн санхүүжилт (SME Finance, SMEF) ажлын хэсгүүдэд ажиллаж байна.

Нийгэмлэгээс Йорданы Төв банктай хамтран тус Улсын Амман хотноо “Финтек-ийн асуудлаарх бодлогын чуулган” болон Санхүүгийн цахим үйлчилгээ (СЦҮ) ажлын хэсгийн 17, ЖДҮ-ийн санхүүжилт (ЖДҮС) ажлын хэсгийн 10 дахь уулзалтуудыг зохион байгууллаа. Бодлогын чуулган болон ажлын хэсгүүдийн уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын болон Хадгаламж, зээлийн хоршооны газрын төлөөллүүд тус тусын чиглэлээр оролцож, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийн хандлага, жижиг, дунд үйлдвэрийг санхүүжилтийн боломжуудын талаарх гишүүний орнуудын туршлагаас хуваалцав.

Бодлогын чуулганд Нийгэмлэгийн гишүүн 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, санхүүгийн үйлчилгээний чанарыг үр ашигтай болгох, хүртээмжийн цар хүрээг өргөжүүлэх финтек инновациудын шийдэл, зохицуулалтыг хэлэлцэв. Хэрэглэгчийн бүртгэл, мэдээллийг төгөлдөржүүлэх, нууцлал, хамгаалалтыг сайжруулах талаар хийж байгаа дэвшилтэт технологийг жишээлэн ярилцаж, ялангуяа нутаг оронгүй, дүрвэгч иргэдийн мэдээлэл, түүнийг таньж мэдэх хиймэл ой ухаан, тэдгээрийг санхүүгийн харилцаанд хүлээн зөвшөөрч хэрэглэх талаар бодит шийдлүүдийг эрэлхийлж ажиллах талаар чуулганы төлөөлөгчид санал нэгдсэн юм.

Ажлын хэсгүүдийн тус тусын болон хамтарсан уулзалтуудаар зарим улс орны цахим цахим төлбөр тооцооны журам, тэдгээрээр финтекийг хэрхэн журамлаж буй талаар ярилцаж, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүний хүрээнд санхүүгийн бодлого зохицуулагч нарт тулгамддаг асуудлууд, зах зээлийн эрсдэлүүдийг шүүн ярилцаж, сорилт туршлагаасаа харилцан солилцов.

Уулзалт, чуулганаас ажлын хэсгийн гишүүд зохицуулах технологи буюу регтек-ийн гарц шийдлийг олоход чиглэсэн даалгавруудыг гүйцэтгэхээр болсон бөгөөд цахим санхүүгийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд финтекийг ашиглахад шаардлагатай харилцагчийг таних механизмыг төгөлдөржүүлэх, аюулгүй байдлыг хангах, цахим санхүүгийн үйлчилгээний индикаторуудыг тодорхойлох зэрэг чиглэлээр нарийвчилсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав

Монголбанк 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэж, хөндлөнгийн аудитын PWC Mongolia компаниар баталгаажууллаа.

Тайлант хугацаанд Монголбанк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2012-2016 онд хуримтлагдсан 3.0 их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгож бууруулаад байна.

Үйл ажиллагааны үр дүн ашигтай гарахад дараах хүчин зүйлс нөлөөллөө. Тодруулбал, Монголбанк алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлж, нийт 20 тонн алт худалдан авсан нь манай түүхэн дээд хэмжээ байсан бөгөөд дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь үнэт металлын арилжааны орлого нэмэгдэх, нөөц өсөхөд нөлөөлсөн. Оны эцэст гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш чангарснаар макро эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж, улмаар Монголбанкны бодлогын шинж чанартай үйл ажиллагааны орлого, зарлагын урсгалыг сайжрууллаа. Дотоодын банкуудад олгосон зээл, Засгийн газрын үнэт цаас, Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүүгийн орлого 2016 оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөний зэрэгцээ, санхүүгийн дериватив хэлцлийг дахин үнэлэх арга, загварчлалыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан илүү бодитой болгон сайжруулсан зэрэг нь үйл ажиллагааны үр дүн ашигтай гарахад чухал нөлөө үзүүллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

АХБ: Монголын эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ

Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр “Азийн хөгжлийн төлөв 2018” судалгааны дүнг танилцууллаа. Тус тайланд Монгол Улсын болон Ази-Номхон далайн бүс нутгийн талаарх судалгааны тайланг танилцуулав.

Монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 1,2 хувь байсан бол 2017 онд эрчимжиж 5,1 хувьд хүрчээ. Нүүрсний экспортын өсөлт, уул уурхайн хөрөнгө оруулалт, нэн ялангуяа Оюу Толгойн далд уурхайн хөгжүүлэлт нь өсөлтийн гол хөдөлгүүр байжээ. Гэвч тээвэрлэлтийн саад бэрхшээлээс улбаалан нүүрсний экспортын хэмжээ 2017 оны гүйцэтгэлд хүрэхгүй, харин 2019 онд тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзэв.

2018 онд инфляци өсөх боловч 2019 онд өсөлт нь бага зэрэг буурах төлөвтэй байна.

Урсгал дансны алдагдал 2018 онд буурна, 2019 онд эргээд нэмэгдэх хандлагатай хэмээн судлагаанд тусгагджээ.

Улсын өр,төв банкны гадаад өр төлбөр ДНБ-ийн 99,1 хувьтай тэнцэж байна

Монгол Улсын төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ний 3,9 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ний 6,4 хувь, 2019 онд 5,1 хувь болно хэмээн тооцоолсон. ДНБ-ний өсөлт 2016 онд 5,9 хувь байсан бол 2017 онд 6,1 хувь болон нэмэгдсэн. 2018 онд 6 хувь, 2019 онд 5,9 хувийн өсөлттэй байхаар таамаглаж байна. 2018, 2019 онуудад Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй байх төлөвтэй. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн засгийн гүйцэтгэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт илүү байгаа нь хөрөнгө оруулагчдийн итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэмтэй. Уг хөтөлбөрийг Засгийн газар дэмжсэнээр ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэх төдийгүй Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэллээ.

Монголчуудын ядуурлын хувь 8 нэгжээр нэмэгдэж 29,6 хувь болсон

2017 онд бүс нутгийн хэрэглээний үнийн инфляци 2,2хувь байсан бол 2018,2019 онд 2,9 хувьд хүрнэ гэсэн таамаглал байгаа. Таамаглалд үзүүлэх гол нөлөөлөл нь хэрэглэгчийн эрэлт болон олон улс дээрх бараа таваарын үнэ өсөж байгаатай холбоотой. Инфляци 2018 онд өсч 8,0 хувь болох ба 2019 онд эргэн буурч 7,0 хувь болно гэж таамаглаж байна. Дотоод эрэлт нэмэгдэх, хүнс, шатахууны үнэ өсөх, мөнгөний зөөлөн бодлого зэрэг нь инфляцид нөлөөлөх гол хүчин зүйл. Агаарын бохирдлын зардал ДНБ-ийн 8-13 хувьд хүрч байна. Үүнд хотжилт гол нөлөөтэй. Шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх хэрэгтэй хэмээн АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий хэллээ.

Мөн эдийн засагч Л. Амар “Богино хугацаандаа гадаад хүчин зүйл манай эдийн засагт нөлөөлөх нь харьцангуй бага байгаа хэмээн харж байгаа” гэлээ.

Тайлангийн төгсгөлд ирэх онуудад эдийн засаг сэргэх хэдий ч эрч нь саарч, 2018 онд 3,8 хувь болно. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт бага зэрэг өсч өсөлтийн голлох хүчин зүйл хэвээр байх боловч тээвэрлэлтийн саад бэрхшээл нүүрсний экспортод сөрөг нөлөө үзүүлнэ. Харин ирэх оноос өсөлт эрчимжих төлөвтэй байгаа гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ эдийн-засаг

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд махны борлуулалт эхэллээ

Image result for мах

Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Энэ аяны гол зорилтын хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, хаврын улиралд хүн амыг мах, сүүн бүтээгдэхүүнээр жигд хүртээмжтэй хангах арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мал, мах бэлтгэлийн арга хэмжээний хүрээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК, “ХКҮ” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК, “Сүхбаатар мах” маркет” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Сайнза интернэшнл”, “Боса” ХХК оролцож, орон нутгийн малчдаас мал, мах худалдан авч, нийт 12,8 мянган тн махны нөөц бүрдүүлсэн.

Бүрдүүлсэн махыг Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан тогтоосон үнээр 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс худалдан борлуулж эхэллээ. Нэг килограмм үхрийн ястай махыг 5500 төгрөг, нэг килограмм хонины ястай махыг 5300 төгрөгөөр, нэг килограмм ямааны ястай махыг 4400 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.