Categories
мэдээ эдийн-засаг

​Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, аж үйлдвэрийн цахим мэдээллийн санг танилцууллаа

Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, аж үйлдвэрийн цахим мэдээллийн санг танилцуулж, Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг тодорхойлох зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт энэ сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалтад Үндэсний хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/,Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 200 орчим аж ахуйн нэгж хамрагдлаа.

Чуулга уулзалтаар Үндэсний хөгжлийн газраас хоёр талын ЖДҮ-ийг дэмжих, “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, багц хуулийн төслийн үзэл баримтлал” болон Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа эрхлэх гэж буй болон худалдан авалт хийх гэж буй хөрөнгө оруулагч, ААН-үүдэд зориулсан 4 бүлгийн 34 нарийвчилсан цахим мэдээлэл болох “Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн систем”, баялаг бүтээгч үйлдвэрлэгчдийг дэмжих талаар илтгэлүүд тавигдлаа.

Мөн Оюутолгой ХХК Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй Хэрлэн байдраг ХХК, Монгол нью пластик ХХК, Мог пластик ХХК-иудтай худалдах худалдан авах гэрээ байгуулснаараа энэ удаагийн чуулга уулзалт онцлог болж өнгөрлөө гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг 10 хувьд хадгалахаар боллоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хуралдаж бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар боллоо. Мөн иргэдийн хэрэглээний зээлийн Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр гаргалаа.

Хэрэглээний үнийн индексээр хэмжсэн жилийн инфляци 2018 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.1 хувь, Улаанбаатар хотод 6.6 хувь байна. Цаашид эдийн засгийн идэвхжил нэмэгдэх ч инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байгаа аж.

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдсэнээр, Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч байгаа хэдий ч зарим экспортын бүтээгдэхүүний үнэ өсч, манай гадаад худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байхаар байна.Эхний улиралд эдийн засгийн өсөлт эрчимжсэн нь Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж бизнесийн орчин алгуур сайжирч байна. Экспорт нэмэгдэхийн зэрэгцээ импорт өсч байгаа нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Өрхийн орлого алгуур нэмэгдэж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж буйн иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хүрч, өрхийн өрийн түвшинг нэмэгдүүлж байна. Иймээс Монголбанк иргэдийн өрийн дарамтыг хязгаарлаж улмаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор банкнаас олгох иргэдийн хэрэглээний зээлд Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг тогтоож, 2019 оны эхнээс мөрдүүлэхээр боллоо.

Мөнгөний бодлогын эдгээр шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөд үргэлжлэн дэмжлэг үзүүлж, макро эдийн засаг, санхүүгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Монгол Улсын өр” ном хэвлэгдэн гарлаа

Эдийн засагч, судлаачид Монгол Улсын өрийн талаар судалгаа хийж “Монгол улсын өрийн саарал ном”-ыг хэвлүүлсэн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Гавьяат эдийн засагч Д.Байлийхүү, В.Осоргарав, доктор, профессор Л.Оюун, СЭЗИС-ийн багш дэд профессор Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, эдийн засагч Т.Доржханд нарын эрдэмтэд хамтран энэхүү номыг бичжээ.

Монгол улсын гадаад өр 27.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг хэрхэн хуримтлагдсан, хэзээ авсан, өрийн дарамт ямар байгаа судалж, товхимол номыг гаргасан байна. Уг ном нийт дөрвөн үндсэн бүлгээс бүрдэж байгаа аж.

Номын зохиолч, гавьяат эдийн засагч В.Осоргарав хэлэхдээ “Улсын нийт өрийг Засгийн газар болон хувийн салбарын өр хэмээн хоёр ангилдаг. Энэ номондоо засгийн газрын гадаад өрийн талаар дэлгэрэнгүй авч үзсэн. Улсын сан хөмрөгөөс их хэмжээний хөрөнгийг гаднаас авсан өр зээлийг төлөхөд зарцуулж байна. Улс орны эдийн засгийг тодорхойлдог хоёр гол бодлого болох төсвийн бодлого болон мөнгөний бодлогыг бодит байдалд зохицуулан зөв тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах, олон улсын туршлагыг судлах, улс орныхоо эдийн засгийг өөрийн орны нөхцөлд тохирсон удирдах явдал нэн чухал болж байна. Бидэнд бусад орны ч туршлага хэрэгтэй. Манайх ганцхан уул уурхай, нүүрс, зэс гэлтгүй мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалаа хөгжүүлэх, эрдэс баялгаа ашиглан баяжуулах үйлдвэр, төмөр зам барих гэх мэт төрийн бодлогоор эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй байна” гэв.

Эдийн засагчид Монгол Улсын өрийн хэмжээ санаа зовох хэмжээний түвшинд хүрсэн гэдгийг онцолж байлаа. Мөн өрийн удирдлага, стратегийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг тэд хэлэв. Манай улс өрийн удирдлагын хуультай ч хангалттай хэрэгждэггүйг СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан хэллээ.

Эдийн засагч Л.Оюун “Зээлийн эрсдэлийг тооцож байж, авч байх хэрэгтэй. Зээлийн зориулалтыг анхааръя. Зээлийг зээлээр төлдөг байж болохгүй. Өмнө нь зээлийн нөхцөлүүд тохиромжгүй, урт хугацаанд өгөөжөө өгөхгүй салбарт зээлийг оруулдаг. Өгөөжөө өгөөгүй учраас дахиад зээл авахаас өөр аргагүй байдалд хүрдэг гэв.

Эдийн засагчид Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж буй юм.

Д.ХУЛАН

Categories
мэдээ эдийн-засаг

“АА койн” цахим мөнгийг танилцуулав

Азийн орнуудын цахим мөнгө, Блокчайн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн компани болох “MCC клауд” ХХК-ийн шинээр гаргаж буй “АА койн” цахим мөнгөний танилцуулга өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтад Азийн шилдэг цахим мөнгө гаргагчид болон олборлогчид оролцож, байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн MCC клауд ХХК-ийн Ерөнхийлөгч Рен Мин Е болон гүйцэтгэх захирал Танг Чин Хай, Цахим мөнгөний арилжааны платформ хариуцсан захирал Шин Пенг, Avex ХК-ийн ТУЗ-ийн дарга Фунаки Юкихиро, КМЖ стандарт ХХК-ийн гүйцэтгэх захирал Такахаши Акихиро нарын хүмүүс оролцлоо.

MCC клаудын гаргаж буй цахим мөнгөн нь койн хоорондоо гүйлгээ хийх мөн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгтийн хооронд арилжаа хийгдэх боломжтойгоороо онцлогтой аж. “АА” цахим мөнгийг нийт хоёр тэрбум олборлох бололцоотой юм. Энэхүү койныг дан ганц улс бус томоохон гүрнүүд хамтарч байгаа нь эрсдэл багатайг харуулж буй аж. Азийн орнуудын цахим мөнгө, Блокчайн бизнес эрхлэгчдийн холбоо энэ оны гуравдугаар сарын 20-нд албан ёсоор байгуулагдсан байна. Холбооны ерөнхийлөгчөөр Д.Батбаяр ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ерөнхийлөгч Х.Баттулга Эдийн засгийн форумын “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” салбар хуралдаанд оролцов

“Монголын эдийн засгийн форум”-ын Үндсэн чуулган Төрийн ордноо хоёр дахь өдрөө болж өндөрлөлөө. Хоёр дахь өдрийн Үндсэн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын эдийн засгийн форум”-ын Үндсэн чуулганы салбар хуралдаан болох “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо

Хэлэлцүүлэг зохион байгуулагчдын зүгээс “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдвийг сонгосон нь эдийн засгийг төрөлжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх шаардлагатай” гэж үзэж байгаатай холбон тайлбарласан юм. Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл болон экспортыг нэмэгдүүлэхэд салбар хуралдаанаас олон шийдэл гарна гэсэн хүлээлттэй байв.

Хуралдааныг МҮОНТ-ын Монголын мэдээ сувгийн Ерөнхий продюсер Ц.Цэнд хөтлөн явуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын идэвхжүүлэлт, бодлогын зөвлөх Даниел Николас, “Сүү” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга зэрэг панелистууд “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.

Панелистууд илтгэл тавьж, зарим оролцогчдын асуултад хариулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлогын талаар:

“Хөдөө аж ахуйн салбарын талаар ярих юм бол их олон зүйл ярина. Маш том салбар хэдий ч үйл ажиллагаа нь жижиг хэмжээнд л явж байна. Хэрхэн салбарыг томруулах вэ гэдэг нь бодлогын асуудал байх ёстой. Бодлогыг Засгийн газар гаргадаг.

2010 оны зургадугаар сарын 24-нд хөдөөг хэрхэн хөгжүүлэх вэ, эзэнгүй болж байгаа газар нутгаа хэрхэн эзэнтэй болгох вэ, гэдэг асуудлаар УИХ-ын тогтоол батлагдсан. Үүнээс хойш найман жил өнгөрч байгаа ч бид өмнөх асуудлаа ярьсаар сууна. Малчдыг хэрхэн орлогожуулах вэ гэвэл нэн тэргүүнд хариуцлага, сахилга батын асуудал мэдээж яригдана. Харин хөрөнгө мөнгө, орлоготой нь холбочих юм бол малыг эрүүлжүүлнэ. Хэрвээ, мал эрүүл байх юм бол бүтээгдэхүүн зарагдаж, бүтээгдэхүүн нь экспортод гарах ёстой. Экспорт гэдэг бол бүхэлдээ технологи. Харамсалтай нь одоог хүртэл арьс, шир боловсруулах үйлдвэрийнхээ шавыг нь ч тавиагүй явж байна. Энэ асуудлаар би Засгийн газрын төлөөллүүдтэй гурван удаа уулзаж, саналаа тавьж, тодорхой судалгаа, бэлтгэсэн ТЭЗҮ-ийг нь өгсөн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзоригийг томилогдсоных нь дараахан яаман дээр нь очиж энэ асуудлаа хэлж байсан. “Маш том салбар жижигхэн боллоо, биднийг тэжээгээд аваад явах салбар шүү” гэж хэлсэн. Энд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сууж байна. Өөрөө орон нутгаас сонгогдсон учраас хөдөөгийн амьдралыг мэдэх байх. Ирэх жилийн Эдийн засгийн форумын үеэр энэ асуудлаа дахиад яриад сууж баймааргүй байна шүү.

Одоо нэн тэргүүнд шийдэх ёстой зүйл бол санхүүжилтийн асуудал. Өнөөдөр үйлдвэрлэл эрхэлж байгаа буюу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг малчдаас худалдаж авч байгаа үйлдвэрлэгчид хүүтэй мөнгөөр л бүтээгдэхүүнээ авдаг. Ийм байвал хэцүү. Урд хөршийнхөн ноолуурыг хүүгүй мөнгөөр авдаг. Бид хүүтэй мөнгөөр тэдэнтэй өрсөлдөх боломжгүй. Тиймээс Засгийн газар маш зоригтойгоор, эдгээр үйлдвэрүүдийг судалж, бонд гаргаад дотоодын банкуудад худалдах хэрэгтэй. Ингээд дор хаяж таван жилийн хугацаанд эдгээр үйлдвэрүүдээ сэргээх шаардлагатай. Тэгэхгүй бол Монгол Улсын үндсэн онцлог болсон энэ салбар эзгүйрч байна. Санхүүжилтийн маш тодорхой схемүүд байгаа. Эдгээр загварын дагуу санхүүжүүлэхгүй бол арилжааны зээлээр бид аж үйлдвэрээ авч явна гэж байхгүй. Монгол Улс 26 сая толгой малтай байхдаа аж үйлдвэрийн комбинат байгуулж байсан. Одоо малын тоо толгой 60 сая давж 70 сая дөхөж байна шүү. Маш тодорхой шийдэл гаргаж форум үр дүнтэй болоосой гэж хүсэх байна. Засгийн газар 2010 оны УИХ-ын тогтоолыг эргэж хараад, УИХ-ыг хүлээлгүй зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Монголбанк төгрөгөөр худалдан авалт хийгээд валют олдог салбар руу хөрөнгө оруулалт хийх ёстой. Ноолуурын салбар дээр Монголбанк дээрх жишгээр ажиллаад эхэлж байгаа. Өглөөний илтгэл дээр хэлсэн шиг бидэнд зориг хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуй буюу мэддэг салбартаа бид зоригтой алхам хийх ёстой. Энэ том салбараа хамтын хүчээр босгоё гэж хэлмээр байна” гээд салбар хуралдааныг хаав.

Categories
мэдээ эдийн-засаг

М.Энхболд: Монголын парламент хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

-“Монголын эдийн засгийн чуулган-2018”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг-

Хатагтай, ноёд оо, Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.

“Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монголын эдийн засгийг дэмжиж, энэхүү чуулганд оролцохоор манай улсын нийслэлд хүрэлцэн ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид, Элчин сайдын яамд, төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хүмүүст талархал илэрхийлье.

2010 оноос хойш Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг 8 удаа зохион байгуулсан байна. Чуулга уулзалт бүр өөрийн гэсэн онцлогтой байжээ. Өнөөдрийн чуулга уулзалт Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү хандаж эхэлсэн үед болж байгааг зориуд онцлон хэлэхийг хүсч байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Монголын хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэрийн дийлэнх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гаднынхны сонирхолд нийцсэн, Монголын эрх ашигт зохицсон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн юм.

Эдийн засгийн уналтад орсон үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль тогтоох байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс зарим нэгийг нь дурьдаж хэлэх нь зөв гэж бодож байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент байгуулагдахдаа юуны түрүүнд төсвийн цэгцтэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн анхны зорилтыг тавьж байсан. Бид улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанкинд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд, “Чингис” бонд, вексель, концесс зэрэг тус тусдаа зардал, санхүүжилт гаргадаг үйл ажиллагааг таслан зогсоож, нэгдсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлж чадсан.

УИХ “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталж, Засгийн газар төдийгүй орон нутагт эдийн засгийг сэргээх чиглэлээр хэн, юу хийх ёстой вэ гэдэг маш тодорхой зорилтыг баталсан. Түүний зэрэгцээ Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үндэсний төлбөр тооцооны системийн тухай, Мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай зэрэг банк санхүүгийн үйл ажиллагааг зохицуулж байгаа багц таван хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээ авлаа.

Түүний зэрэгцээ бүтээн байгуулалтыг дэмжих боломж бололцоог бүрдүүлэх ёстой гэж үзэж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг Монголд нутагшуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал ихээхэн чухал байгаатай уялдуулж, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ахлуулан байгуулж, Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг сонсож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж ажилладаг болсон. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч төдийгүй төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ гэсэн асуудлыг хөндөж, ярилцаж, ойлголцож байх Зөвлөлдөх хороог байгуулан ажиллаж байна.

Олон улсын байгууллагууд, ОУВС, хандивлагч улс орнуудтай бүрэн ойлголцож, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Монгол Улсад тулгамдсан өр зээл, төсвийн хүндрэл бэрхшээлтэй байдлыг гэтлэн давах, гадаад орчинд Монголыг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд улс орны эдийн засаг нийгмийн амьдралд тодорхой ахиц өөрчлөлтүүд гарсан гэдгийг хоёр, гуравхан тоогоор Та бүхэнд танилцуулъя.

Хасах 1.2 хувийн уналттай байсан эдийн засаг сүүлийн 6 сарын дотор 6.1 хувийн өсөлттэй болж чадлаа. Энэ бол хамгийн сүүлийн тоо. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн газраас 2018 оны нэгдүгээр улиралд Монголын эдийн засаг 6.1 хувиар өслөө гэсэн мэдээг танилцуулсан. 2016 оны нэгдүгээр улиралд улсын төсвийн алдагдал 664 тэрбум төгрөг байсан бол 2018 оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ бол төсвийн талаар бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж ойлгож болно. Мөн гадаад улс орон, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаатай төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийж чадсан. Улс орны эдийн засаг, зээлжих зэрэглэлд үнэлэмж өгдөг олон улсын байгууллагууд ч биднийг эергээр үнэлж байна. Манай улсын дотоод валютын нөөц 2.4 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал 1.6 дахин нэмэгдсэнээр 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Бид 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай улс орон гэж зарлагдаж байснаа 180 сая ам.долларын хөрөнгө оруулалттай болон уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурч байсан үеийг мартах учиргүй. Өнөөдөр бид энэ үзүүлэлтийг 2.3 тэрбум ам.доллар болгож чадлаа. Хөрөнгө оруулалт нэмэгдэх, бүтээн байгуулалт хийх бололцоо зөвхөн төвдөө биш, орон нутагт ч бий болж эхэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын байгууллага Үндэсний хөгжлийн газартай хамтарч Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв аймгууд хөрөнгө оруулалтын хурал зөвлөлгөөн, чуулга уулзалтыг орон нутагтаа зохион байгуулсан байна. Хэнтий аймагт ийм чуулга уулзалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Ийм боломжийг бүрдүүлэхэд энд сууж байгаа бизнесийн байгууллагын төлөөлөгчид та бүхний хичээл зүтгэл асар их байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Улс орны эдийн засгийг уналтаас өсөлтөд хүргэсэн бизнес эрхлэгчид, бүтээн байгуулагчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Одоо бид цаашдаа яаж ажиллах вэ гэдэг талаар ихийг бодож, дахин алдаа гаргахгүй байхыг хичээх нь хамгийн чухал зорилт юм. Цаашид төсвийн болон гадаад өр төлбөр, зээл, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зохистой бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Макро эдийн засгийг сайжруулах, төрөөс бизнест оролцож байгаа оролцоог хамгийн оновчтой хэмжээнд байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Бизнесийг дэмжсэн бодлого явуулж, үр дүнд хүргэх явдал Монгол Улсын төр, засгийн байгууллагуудын анхаарлын төвд зайлшгүй байх ёстой асуудлын нэг юм. Тийм учраас татварын шинэчлэлийг хийж, татварын багц хуулиудыг хэлэлцэн батлах ёстой гэж үзэж байна. Одоогоос 12 жилийн өмнө татварын шинэ багц хуулийг баталж, татварын шинэ орчин бүрдүүлэн, бүс нутагтаа хамгийн бага татвартай улс орон гэж үнэлэгдэж байсан. Татварын багц хуулийг батлахдаа татварын маргааныг шийдвэрлэх асуудлыг хялбарчилж, ААН-ийн татвар төлдөг журмыг шинэчлэн, татварын шатлалыг өөрчлөх талаар тодорхой шийдлүүд гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой.

Энэ хуулийн төсөлд 5000 гаруй ААН, байгууллагууд санал хүсэлтээ ирүүлсэн байна. УИХ, Засгийн газар энэ санал хүсэлтэд анхааралтай хандаж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг бас УИХ-аар авч хэлэлцэхээр төлөвлөж байна.

Макро эдийн засгаас гадна микро эдийн засгийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох, микро эдийн засгийн суурь асуудлуудад анхаарлаа хандуулах нь хууль тогтоох байгууллагын ойрын үеийн зорилтын нэг байх ёстой. УИХ-ын гишүүдийн санаачилсан “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэлсэн. 2017 оны хоёрдугаар сард бид оёдол, нэхмэл, хүнс, хөдөө аж ахуй зэрэг таван салбарын, жилдээ 1.5 тэрбумаас доош орлоготой ААН, байгууллагуудыг татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэгвэл бид 2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, 200-гаас доош ажиллагсадтай жижиг, дунд хэлбэрийн ААН-үүдийг татварын 1 хувийн болон зээл, урамшууллын тогтолцоонд хамруулах, тэднийг төрөлжүүлж хөгжүүлэх бодлогыг бий болгож, жижиг бизнес, ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг энэ хуулиар дэмжих ёстой гэж үзэж байна.

Эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах нь юу юунаас чухал байна. Үүний тулд УИХ ойрын үед Өрсөлдөөний тухай, Хөдөлмөрийн тухай, Аялал жуулчлалын тухай, Тендерийн тухай хууль болон хөдөө аж ахуйг дэмжих Хөдөө аж ахуйн хөгжлийн тухай зэрэг хуулиудыг батлах буюу өөрчлөн шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно. Энэ бүхний үр дүнд эдийн засаг улам бүр чадваржиж, эрсдэлийн магадлал багассанаар улс орон хөгжих, иргэдийн амьдрал сайжрах нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Мөн УИХ шинжлэх ухаанд суурилсан томоохон инноваци төрөн гарах нөхцөл бололцоог бүрдүүлэх бодлогыг баримталж ажиллана.

Дэлхийн банкнаас гаргадаг засаглалын индексийн судалгаагаар Монгол Улс засаглалын хувьд сүүлийн 10 жилд тодорхой амжилт олсон байна гэсэн үнэлэлт өгсөн байна. Харин хуулийн хэрэгжилт, авлигын хяналтын чиглэлд төдийлөн амжилт гаргаж чадахгүй байна гэж биднийг дүгнэжээ. Тийм учраас хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрхзүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно.

Эдийн засгийн энэхүү форум Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг хооронд нь уулзуулж, танилцуулсан, олон олон шинэ гэрээ хэлцлүүдийг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлсэн үр дүнгээр өндөрлөөсэй гэж би хүсч байна. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогодоо дахин алдаа гаргахгүйгээр, бий болгосон боломждоо тулгуурлан, хүчээ нэгтгэн ажиллахыг энэ хүндтэй индрээс Та бүхэндээ, нийт монголчууддаа хандан уриалъя.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монголын эдийн засгийн форумд үг хэллээ. Түүний хэлсэн үгийн бүрэн эхээр нь хүргэж байна.

-Энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалт манай орны эдийн засаг сүүлийн дөрвөн жилд байгаагүй хамгийн өндөр өсөлттэй цаг үед болж байна. Гэхдээ дэлхий даяар тухайн улс орны хөгжлийн зорилтыг эдийн засгийн өсөлтөөс гадна хүний амьдралын чанар, аз жаргалын түвшин, эдийн засгийн өрсөлдөх чадвар, хүрээлэн буй орчныг хэрхэн сайжруулав гэдгээр тодорхойлж байна.

Тэгвэл эдгээр үзүүлэлтээр Монгол Улсын хөгжлийг дэлхий нийт хэрхэн дүгнэж байгааг цөөн хэдэн тоо баримтаар танилцуулъя. 2016 оны байдлаар Хүний хөгжлийн индексээр 188 орноос 92, аз жаргалын индексээр 140 орноос 136, Өрсөлдөх чадварын индексээр 138 орноос 102, Логистикийн гүйцэтгэлийн индексээр 160 орноос 108, Амьдралын чанарын индексээр 192 орноос 107, Байгаль орчны багц үзүүлэлтээр 140 орноос 111, Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр 190 орноос 64 дүгээр байр тус тус эзэлсэн байна. Эдгээр үзүүлэлтээс бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр Монгол Улс сайн үнэлгээ авсан төдийгүй 2018 онд энэ үзүүлэлтийг хоёр байраар ахиулж чадлаа.Үүний үр дүнд,

– Экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл 2016 онтой харьцуулахад 26 хувиар нэмэгдэж 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

– Нийт тээвэрлэсэн ачааны хэмжээ 53.9 сая тонн болж, ачаа эргэлт 15 хувиар өслөө.

– Нийт хөрөнгө оруулалт 44 хувиар өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 10.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Хөдөө аж ахуйн салбар дах хөрөнгө оруулалт 24 хувиар, худалдааны салбар дахь хөрөнгө оруулалт 58 хувь өсч, уул уурхайн салбар дах хөрөнгө оруулалт 3,7 дахин өслөө.

– Банкин дахь иргэдийн хадгаламж 2017 оны эцсээр өмнөх жилээс 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

– Төсвийн алдагдал хоёр дахин буурч төлбөрийн тэнцэл ашигтай гарсанаар зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа.

Энэ мэтээр эдийн засагт эерэг сайн үр дүн гарч байгаа ч тулгамдсан зорилт, шийдвэрлэх ёстой ажлууд хүлээгдэж байна. Ялангуяа 2018 он Монгол Улсын хувьд их бүтээн байгуулалтын жил юм. Монгол Улс нутаг дэвсгэр, баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг, нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. 1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрөхөд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид нь хариуцлагагүй, эв нэгдэлгүй, улс орон нь нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явж байснаас болж гүнзгий хямралд орсон байлаа. Хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг биднээс цаг үе шаардаж байна.

Бид энэ шаардлагыг үндэслэн дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн боломж, сорилтоо тооцоолж, “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тулгуурлан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг тодорхойлоод байна.

Энэ бодлогод хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, монголын баялаг гэж үзэн “НЭГДМЭЛ ЗОРИЛГОТОЙ МОНГОЛ УЛС“ үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэл дэвшүүлсэн. Энэ хүрээнд 27 зорилтоос хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр зорилтуудаас тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг Та бүхэнд танилцуулья.

ЗАСАГЛАЛЫН РЕФОРМЫН ХҮРЭЭНД: Иргэд, баялаг бүтээгчид шударга, хариуцлагатай, тогтвортой засаглал хүсч байна. Бид шударга, ёсзүйтэй төрийн реформыг хэрэгжүүлж байж ардчлал батжиж, бизнесийн өрсөлдөөн шудрага тэгш болно гэж үзэж байна. Учир нь хөрөнгө оруулагчдын дунд хийсэн судалгаагаар хөрөнгө оруулалтын орчинд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл нь Засаглалын тогтвортой байдал хэмээн тодорхойлогдож байна.

Гэтэл манай орны хувьд улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хувийн сонирхол нь иргэд, шударга бизнес эрхлэгчдийн хамгийн том бэрхшээл болоод байна. Энэ бэрхшээлийг шийдэхийн төлөө бид ажиллаж байна!

Манай Засгийн газар хийж байгаа ажлаа үргэлж тунхаглаад зарлаад байж чаддагүй нь үнэн. Бид үр дүнг л хүсч байна. Үр дүнгийн төлөө цаг наргүй ажиллаж байна. Шууд гол гурван санаагаа хэлье! Нэгдүгээрт, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хувийн сонирхлын нөлөөнөөс улс, төрийн албыг ангижруулах шаардлагатай байна.

Тэд бизнес эдийн засгийн томоохон төслүүдэд нөлөөлж, үндэсний шударга бизнес эрхлэгчдийг өсөн дэвжих боломж, бололцоог хааж байна. Эрсдэлтэй хэдий ч зайлшгүй хийх ёстой алхам бол эдийн засагт нөлөөлөх шударга бус үйлдлийг таслан зогсоох юм. Төсөв, тендер, төсөл, хөтөлбөрүүдэд шургалсан шударга бусын гарыг тасдаж, шударга бизнесүүдэд бараа, бүтээгдхүүнээ нийлүүлэх боломж олгоно. Эцсийн эцэст хувь хүн, сум, аймаг, хот, салбар, компани, байгууллага бүрийг өөрсдийнхөө чадал, боломж, хүсэл мөрөөдлийн хэмжээгээр тэгш боломжоор хангахыг эрмэлзэж байна. Ийм боломжийг хангахын тулд шатыг доороос нь бус дээрээс нь эхэлж шүүрддэг гэдгийг хэлэхийг хүсч байна.

Манай Засгийн газар байгуулагдсан анхны өдрөө төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг сайжруулах Албан даалгавар өгч ажлаа эхэлсэн. Албан даалгаврын биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. Төрийн албаны тогтвортой байдлыг хангах зорилгоор Төрийн албаны тухай хуулийг шинчлэн боловсруулж УИХ-аар батлуулан ирэх оны эхнээс мөрдөх гэж байна. Одоо Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны ёсзүй, сахилга, эгэх хариуцлагын тухай хуулийг боловсруулж, өргөн барихад бэлэн болоод байна. Шударга, хариуцлагатай төрийн албыг бий болгох зорилгоор Мэдээлэл, технологийн бодлогын зөвлөл байгуулан цахим засаглал, дижитал шилжилтээр хэрэгжиж эхэлж байна.

Шударга, ёсзүйтэй төрийн реформыг цахим шилжилтээр эхлүүлж байна. Технологийн ололт, давуу талд тулгуурлан энэхүү дижитал шилжилтийг тууштай хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээ, төрийн байгууллагуудыг тойрсон хүнд суртал, шат дамжлага, авилгыг бууруулна. Төр, засгийн бодлого, шийдвэр боловсруулахад иргэдийн оролцоог хангаж, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн харилцааг шинэ шатанд гаргана. Эдийн засгийн шинэ, динамик салбар бий болгоно. Монгол Улс дижитал шилжилтийг хэрэгжүүлэхдээ зөвхөн технологийн шийдэлд ач холбогдол өгөх бус төрийн удирдлагын механизм, төрийн байгууллагын үйл ажиллагаа болон төрийн албаны шинэчлэл өөрчлөлттэй уялдуулан цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Дижитал шилжилтийг хэрэгжүүлэхдээ төрийн мэдээлэл солилцооны систем, иргэдийн цахим оролцооны систем, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, иргэдийг таньж баталгаажуулах систем, цахим албан бичгийн платформ зэрэг технологийн суурь платформыг хөгжүүлж эхнээс нь амжилттай ашиглаж эхлээд байна.

Үндэсний хөгжлийн газрын дэргэд бодлогын судалгааны “Тhink Tank” байгуулахаар болныг зарлаж байна. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодын саналыг хөгжлийн бодлогод тусгадаг болно гэсэн үг юм. Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, хэрэгжилтийн үр дүнд шууд нөлөөлөх болно.

Хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг хангах нь юу юунаас илүү чухал байна. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн цахим платформ байгуулж эхлээд байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг хөгжлийн бодлого болон түүний хүрээнд хэрэгжих хөрөнгө, төслүүдийн талаарх мэдээллийг цахим хэлбэрээр тасралтгүй хангах боломж бүрдэнэ. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдын үйл ажиллагааг ч үүнтэй уялдуулан цахим хэлбэрт шилжүүлэн, гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

Аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Аж үйлдвэрийн салбарын мэдээллийн платформ байгуулж 3400 гаруй жижиг, дунд үйлдвэрийг цахим платформд нэгтгэлээ. Эдийн засаг, нийгэм, хүний хөгжилд мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг, үр нөлөө нь улам ихээр нэмэгдэж байна. Тоон технологийн боломжийг цаг алдалгүй ашиглах, аж үйлдвэрийн IV хувьсгалын суурь нөхцөлүүдийг бүрдүүлж мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан тоон эдийн засгийн салбарын эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлнэ. Шинэ тутам гарч ирж буй энэ салбарын хөгжлийг дэмжих экосистем бий болгох, боловсон хүчнийг чадавхижуулахад чиглэсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байна.

Баялаг бүтээгчдээ дэмжих цогц бодлого, багц хууль баталж хэрэгжүүлнэ. Уг багц бодлого, хуулийн төсөлд Нэгдүгээрт, Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого Хоёрдугаарт, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Гуравдугаарт, Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл багтаж байна. Эдгээр бодлого, хуулийн төслийг шинээр боловсруулах ажлыг хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулах, олон улсын шилдэг туршлагыг ашиглах, өөрийн орны онцлогт тохируулах, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, олон нийтээр хэлэлцүүлэн санал, зөвлөмжийг авч ажиллах үүднээс бүх аймаг, дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулж эхлээд байна.

НИЙГМИЙН БОДЛОГЫН РЕФОРМЫН ХҮРЭЭНД: Монгол хүний амьдралын мөчлөг бүрт тохирсон хөгжлийн цогц бодлого боловсруулж хэрэгжүүлнэ. Өнгөрсөн 28 жилийн туршид монгол хүний хөгжлийнцогц бодлого орхигдсоноор нийгмийг цочоосон гэмт хэрэг, зөрчил, авлига, ёс зүйгүй байдал, хүнд суртал, ажилгүйдэл, ядуурал нийгмийг бухимдуулж байна. Хүүхэд, залууст уламжлалт зан заншил, ёсзүй, оюуны хүмүүжил, биеийн өв тэгш хөгжлийг бүхий монгол хүнийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Монголчууд оюуны асар өндөр потенциалтай гэдгийг Та бүхэн мэдэх байх. Манай өсвөр үеийнхэн тив дэлхийн оюун ухааны олимпиад, уралдаан, тэмцээнд тэргүүн байруудыг эзлэн амжилттай оролцож байгаа нь үүний баталгаа.

Тиймээс Засгийн газар монгол хүний оюун ухааны болон биеийн хөгжлийг ургийн үеэс эхлэн нялх нас, балчир нас, хүүхэд нас, залуу нас, ид нас, идэр нас, ахимаг нас, ахмад нас, өтөл нас гэхэд хүний амьдралын мөчлөг бүрт тохирсон хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж эхэлж байна. Ингэснээр монгол хүний амьдралын мөчлөг бүрт боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн бодлогыг чиглүүлж, монгол иргэн бүр төрийн бодлогын анхааралд байх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Ядуурлыг бууруулах салбар дундын арга хэмжээг 21 аймаг, есөн дүүрэг, бүх салбарт хэрэгжүүлж эхлээд байна.

Цахим мэдээллийн системд ядуу иргэдийг бүртгэж, ядуурлыг шалтгаанаар нь бүлэглэж, ангилал бүрт тохирсон төсөл, хөтөлбөрт ядуу иргэдээ бүрэн хамруулна. 2020 он хүртэл ядуурлыг бүрэн хянах дөрвөн үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэн улмаар 2030 онд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад заасан ядуурлын бүх төрлийг устгах зорилтыг биелүүлнэ.

ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМЫН ХҮРЭЭНД: Манай улс 1958 оноос атар газар эзэмшиж эхлэн 60 жилийг үдсэн бол өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Хөдөө аж ахуйн хөгжлийн дараагийн шинэ жарныг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Газар тариалангийн бүс нутгийг долоон аймгийн 60 сумын 113 багийг хамруулан тогтоож, газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжиж, бодлогын зээл, хөрөнгө оруулалтыг энэ бүс нутагт чиглүүлэхээр тогтлоо.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлэх тохиромжтой байдлын үнэлгээг хийж, эхний ээлжинд 10 аймгийг хамруулан Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл хөгжих хөгжлийн хөндийг тодорхойлон зарлаж байна. Тус хөндийг түшиглэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоо, логистикийн сүлжээг шинэ шатанд гаргаж, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркыг орон нутагт бүсчлэн байгуулж, хүнс экспортлож эхлэнэ.

Дээрх бодлогод тулгуурлан “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна. Өөрөөр хэлбэл,Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг нь “Гурван тулгуурт хөгжлийн бодлого»юм.

“Хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нь «Гурван тулгуурт хөгжлийн бодлого»-д тусгагдсан хөрөнгө оруулалтын томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн тооцоог эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчилж, төлөвлөсөн баримт бичиг болно.

Хөтөлбөрт “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын Нийгмийн бодлогын хүрээнд 1.4 их наяд төгрөгийн 19 төсөл, Засаглалын бодлогын хүрээнд 1.3 их наяд төгрөгийн 17 төсөл, Олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд 25.5 их наяд төгрөгийн 77 төсөл хэрэгжүүлэхээр тусгаад байна.

Хөтөлбөрийн төсөлд улсын төсөв, гадаад зээл, тусламж, концессын гэрээ, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх тус бүр нь 30 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний төсөвт өртөгтэй нийт 38.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх 113 төсөл арга хэмжээ тусгагдсан. Үүнээс шилжин хэрэгжиж буй 43 төсөл, арга хэмжээг 9.05 их наяд төгрөгийн санхүүжилтээр, шинээр хэрэгжүүлэх 70 төсөл, арга хэмжээ эрэмбэлж оруулаад байна.

Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг гадаад дотоод гэж ялгаварлахгүйгээр тогтвортой байлгана. Хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор бүс нутаг болон салбараар хуваан ангилна.

Монгол Улсад үр өгөөжтэй төслүүдийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтлана. Түүнчлэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг ажиллуулж, тэдгээрийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүллээ. Зөвлөлийн дэргэд Төр – хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо бий болгож, төрөөс аливаа шийдвэр гаргахаас өмнө олон нийт, хувийн хэвшлийнхэнтэй сонгодог утгаар зөвшилцөж, тэдний санал, хүслийг агуулсан, нийгмийн дэмжлэгийг авсан, ээлтэй бодлого гаргах боломжийг бүрдүүлээд байна.

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих, оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалж, баталгаажуулах хүрээнд Засгийн газар, хөрөнгө оруулагч хооронд “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах, Үндэсний хөгжлийн газраас “Тогтворжуулах гэрчилгээ” олгох хоёр том механизм хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдол нь тухайн төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчныг гэрээний хугацаанд тогтворжуулах үүргийг Засгийн газар хүлээж байна. Нөгөө талаар Хөрөнгө оруулагч төслийн дагуу амласан хөрөнгө оруулалтаа заасан хугацаандаа оруулах, бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчин, орон нутгийн хөгжлийг дэмжих үүрэг хүлээдэг.

Дэлхийн банкны судалгааны дагуу Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн эрхзүйн болон зохицуулалтын орчинг сайжруулах ажлыг Засгийн газар шат дараатай хэрэгжүүлнэ. Үүнийг дараахь байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд: нэгд, одоогоор мөрдөгдөж буй хууль, журмуудын хэрэгжилтийг бүрэн хангана. Олон улсын гэрээ, конвенци, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ харилцан биелүүлдэг байх, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилд амласан амлалт, тохиролцсон асуудлаасаа буцдаггүй байх зарчмыг баримталж ажиллана. Хоёрт Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн гомдлыг шийдвэрлэх онлайн платформыг нэвтрүүлж ажиллана. Гуравт, Төр-хувийн хэвшлийн зөвшилцлийг хөгжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Бодлогын баримт бичгүүдийг хамтран хэлэлцэн боловсруулдаг байх зарчмыг мөрдлөг болгон ажиллана. Дөрөвт, Хууль хоорондын давхцал, хийдэл, зөрчлүүдийг арилгах, эрх зүйн орчныг илүү таатай болгох хүрээнд зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар нарийвчилсан судалгааг хувийн хэвшилтэй хамтран судалж, шийдвэрлэх болно.

Эцэст нь салбарын яам бүрийг “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг мэргэжлийн холбоотой байгуулан ажиллах нь хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн хамтран ажиллахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсч, эдийн засгийн чуулга уулзалтад амжилт хүсье.

Хөжглийн төлөө хүчээ нэгтгэе

Categories
мэдээ эдийн-засаг

“Монголын эдийн засгийн чуулган-2018” эхэллээ

“Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд эхэллээ. “Хүчээ нэгтгэе” уриан дор болж байгаа энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргахыг зорьж байна.

Нэгдсэн дөрөв, салбар 12 хуралдаанаар:

Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого,

– Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт,

– Цахим шилжилт-Блокчэйн, Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй,

– Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт, Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд, Хувьчлалын бодлого,

– Аялал жуулчлал-Агаарын тээвэр

– Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл

– Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт

– Монгол Улсын Брэндинг

– Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

– Бид өмнөх алдаа оноогоо дэнсэлж, цаашид бодлогоо зөв зүйтэй, тогтвортой авч явах вэ гэдгийг ярилцаж дотооддоо ойлголцон, шийдлүүдээ хэрэгжүүлж эхлэх нь маш чухал.

– Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон.

– Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна.

– Бид урагшаа харж, өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, бүр манлайлж алхах нь туйлын чухал байна.

– Монголтой бизнес хийж болж байна, бизнес хийж болно гэдгийг гадны түншүүддээ тодотгож хэлье. Бид хуулийн хүрээнд асуудлаа шийддэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг.

– Энэ оны эхний байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 6.1 хувьд хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрээд байна.

– Миний тэргүүлж байгаа Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа. Энэ бол түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэг төрлийн амжилт. Үүнийг Та бид хамтдаа хийж чадсан.

– Бид бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч байна.

– Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг илүү сайжруулах, шударгаар татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг бууруулна. Бид ХҮЧЭЭ НЭГТГЭЖ хамтдаа энэ бүхнийг хийх болно.

– Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй. Миний зүрх, сэтгэл Монголоо гэсэн Та бүхэндээ ямагт нээлттэй байгааг хэлье.

Хоёр өдөр үргэлжлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018” хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлье

Төрийн ордонд өнөө өглөө 09.00 цагт “Монголын эдийн засгийн чуулган 2018” чуулган “Хүчээ нэгтгэе” уриан дор нээлтээ хийлээ.

Ийнхүү эдийн засгийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм.

Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаар онцлогтой ажээ.

Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Эдийн засгийн эгзэгтэй хүндрэлтэй цаг дор эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Гэхдээ эдийн засаг сайхан зуны цагтай золгож байна. Манай эдийн засаг бодлогын тогтворгүй байдалтай явсаар өдий хүрсэн. Тиймээс цаашид бодлогоо хэрхэн зөв авч явах талаар тодорхой шийдвэрүүдийг хэлэлцүүлнэ. Нийт дотоод бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн ар нуруундаа үүрч явна. Тиймээс эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлье. Макро эдийн засгийн эрсдлийг бууруулахад онцгой анхаарна. Татварын зардлыг бууруулахад хамтдаа хүчээ нэгтгэе” гэв.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Эдийн засгийн форумыг нийтдээ найман удаа зохион байгуулжээ. Өөр өөрийн онцлог, өөр өөрийн гэсэн шийдэл гарц гаргалгаатай болж байсан бөгөөд Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү явж буй энэ үед болж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд өнөөдөр эхэлнэ

“Монголын эдийн засгийн форум-2018” өнөөдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд эхэлнэ. “Хүчээ Нэгтгэе” уриан дур явагдах тус чуулганыг хоёр шатлалтай зохион байгуулна. Эхний хэлэлцүүлгийг гурван тулгуулт бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Энэ удаад төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон эдийн засгийн чуулганаар татварын шинэчлэлтэй холбоотой асуудал, шийдлийн тухай хэлэлцсэн. Үүний үр дүнд татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болоод байгааг ЗГХЭГ-ын дарга онцолж байна. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авдаг болгох, татварын дарамт шахалтыг бууруулж цэгцлэх зэрэг ажлууд хуулийн хүрээнд хэрэгжинэ. Нөгөө талаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах боломж бүрдэнэ гэж харж байна.

Ойрын хоёр жилд эдийн засгийн өсөлтийг 6-7 хувь байна гэсэн төсөөлөл гарсан. Энэ тооцооллыг хэрэгжүүлэхийн тулд татварын орлого, нийтийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Үндэсний хөгжлийн газраас Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ тухай Эдийн засгийн чуулганаар дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай хэлэлцэх юм.

“Эрдэнэс таван толгой”-гоос эхлээд том төслүүдээ хөдөлгөх, төвлөрлийг сааруулах бодлогод орон нутгийн удирдлагуудын оролцоог хангах зэрэг олон асуудалд шийдэл хайх хэлэлцүүлэг болно гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байна. Чуулганы үйл ажиллагааг МҮОНРТ өнөөдөр, маргааш шууд дамжуулан хүргэнэ.

Тус чуулганы өнөөдрийн хөтөлбөр:
09:00 – 09:10 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх
09:10 – 09:25 УИХ-ын даргын мэндчилгээ М.Энхболд
09:25 – 09:40 Хүндэт зочны илтгэл Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж (Дэлхийн банк Группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал, Ph.D. Кристин Жэнвэй Чианг, Дэлхийн Банк)
09:40 – 11:10 Нэгдсэн хуралдаан: Монгол Улсын Хөгжлийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөр
11:10 – 11:25 Цайны завсарлага
11:25 – 12:30 Нээлттэй хэлэлцүүлэг: Төр, хувийн хэвшлийн диалог ба Хамтын ажиллагаа
12:30 – 13:30 Үдийн завсарлага Монгол Улсын Ерөнхий сайдын форумын дэмжигч байгууллагуудын төлөөлөл болон гадны хөрөнгө оруулагч нартай хийх хаалттай уулзалт
13:30 – 15:00 Салбар хуралдаан
– Санхүү ба хөрөнгийн зах зээлийн Өнөөдөр ба Ирээдүй (А танхим)
– Хариуцлагатай уул уурхай ба Хүртээмжтэй өсөлт (Их танхим)
– Аялал жуулчлал ба Агаарын тээвэр (Б танхим)
15:00 – 15:15 Цайны завсарлага
15:15 – 16:45 Салбар хуралдаан
– Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба Хувьчлалын бодлого (Их танхим)
– Бидний үнэт зүйлс, ёс зүй ба Нийгмийн зөвшилцөл (А танхим)
– Улаанбаатар хотын эдийн засаг ба Хөрөнгө оруулалт (Б танхим)