Categories
мэдээ эдийн-засаг

Банкны хянан шалгагч нарын ахисан түвшний сургалт зохион байгуулагдаж байна

Азийн тѳв банкуудын хянан шалгагчид Улаанбаатарт иржээ
Монголбанк, Зүүн Ѳмнѳд Азийн тѳв банкуудын тѳв (The SEACEN Centre) хамтран банкны хянан шалгалч нарын ахисан түвшний сургалтыг энэ сарын 16-20-ны ѳдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтыг Зүүн Ѳмнѳд Азийн тѳв банкуудын тѳв, Хонг Конг дахь Эрнст энд Янг компаний болон Малайзийн Төв Банкны удирдах албан тушаалтнууд удирдан явуулж байгаа юм. Азийн 8 орны тѳв банкны ахлах хянан шалгагчид шалгалтын үед тулгардаг арилжааны банкны соёл, ёс зүйн эрсдэлийг үнэлэх онол болон практик хичээл, бусад төв банкуудын туршлагаас судлан сургалтанд хамрагдаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээг илрүүлэх програм хангалтгүй байна

Санхүүгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах болон мөнгө угаах зэрэг гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах Монгол Улсын тогтолцоог сайжруулах ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагууд бүх түвшинд эрчимтэй хийж байна. УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сард баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байна. Нэмэлт өөрчлөлтөөр, санхүүгийн салбарын хөгжил, финтек буюу санхүүгийн үйлчилгээнд нэвтэрч буй дэвшилтэт технологийн шаардлагад нийцүүлэн “мэдээлэх үүрэгтэй этгээд”-ийн хүрээ, холбогдох зохицуулалтыг өргөжүүлж, хариуцлагын тогтолцоог өндөржүүлсэн.

“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуульд заасан “мэдээлэх үүрэгтэй этгээд”-ийн ихэнх нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага байдаг. Иймд Хороо өөрийн зохицуулалтын байгууллагуудад тус хууль болон нэмэлт өөрчлөлтийг таниулах, хэрэгжилтийг хангуулах сургалтыг энэ оны 5, 6 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан юм.

Хуульд шинээр орсон нэмэлт, өөрчлөлтөөр “мэдээлэх үүрэгтэй этгээд” нь өөрийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байхаар заасан бөгөөд өөрийн эрсдэлийг харилцагч, бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалтын суваг, арга, хэлбэр, газар зүйн байршлийг харгалзан, бодитойгоор үнэлсэн байх юм. Мөн, дотоод хяналтын хөтөлбөртөө төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх хороо, эсхүл бие даасан дотоод хяналтын нэгжээр дамжуулан байнгын хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахын зэрэгцээ энэ чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулах, тэрхүү албан тушаалтны эрх үүргийг тодорхойлж, томилох, чөлөөлөх үйл явцыг нарийвчлан тогтоосон журам батлан хэрэгжүүлэх учиртай юм.

Хорооноос улсын хэмжээнд явуулсан дээрх сургалтаар хууль болон түүнд шинээр орсон зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар нарийвчилсан заавар зөвлөгөө, тодорхой үүрэг чиглэлийг өгсөн юм. Өнөөдөр хуулийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх газар дээрх хэсэгчилсэн хяналт, шалгалт нийслэлийн санхүүгийн байгууллагуудад хийгдэж байгаа бөгөөд харин орон нутгийн байгууллага, салбаруудад энэ хяналт, шалгалтыг тухайн сургалтын хугацаанд давхар хийсэн юм.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “мэдээлэх үүрэгтэй этгээд”-үүдийн үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар үнэлгээ дүгнэлт өгөх хэсэгчилсэн хяналт, шалгалтын ерөнхий тайлан дүгнэлт гарлаа. Хяналт шалгалтын удирдамжид нэр заасан 21 аймгийн нийт 335 байгууллага, салбар хамрагдахаас 234 нь буюу 70 хувь нь хамрагдсан байна. Эдгээрийн 51 нь банк бус санхүүгийн байгууллага, 129 нь даатгалын компанийн салбарууд, хадгаламж зээлийн 39 хоршоо, үнэт цаасны таван компани, хоёр даатгалын зуучлагч компани, даатгалын хохирол үнэлэгч найман компани байна.

Тус хяналт шалгалтын үед “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль хэрэгжиж эхлээгүй байсан тул хуульд шинээр орсон шаардлагууд байгууллагуудад хийгдээгүй байлаа. Харин ихэнх байгууллагууд ддотоод хяналтыг хэрэгжүүлэх албан тушаалтныг томилсон байна.

Шалгалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шалгалт эхэлсэн өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримт бичиг, шийдвэр, бүрдүүлбэрт үндэслэн явуулсан тул хуульд заасан 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх шаардлагатай бэлэн мөнгөний болон сэжигтэй гүйлгээ, харилцагчийг танин мэдэх ажиллагаа хийгдсэн тохиолдол гараагүй байв. Харин эцсийн өмчлөгчийг тогтоох үйл ажиллагааг орон нутгийн санхүүгийн байгууллагуудын дийлэнх нь журмын дагуу явуулж байна. Гэвч сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх систем, програм хангамж байхгүй, ажилтнууддаа энэ талаар сургалт явуулах, Хорооны 2009 оны 253 дугаар тогтоолоор батлан мөрдүүлж буй “Харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх журам”-ыг зааж таниулах ажил хангалтгүй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

банк зурган илэрцүүд

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

ТӨРИЙН БАНК

Төрийн банкны Рапид харш дахь Цэнгэлдэх салбар долдугаар сарын 11-нд, Занабазар, 11 дүгээр хорооллын болон Зайсан дарь Оргил салбарууд 12-нд, Мөнгөн завьяа, Драгон, Сансар салбарууд 13-нд Хойморь (Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хойш), Таван шар, Хорооллын салбарууд 14-нд, 50 мянгат (Түшиг их дэлгүүрийн өөдөөс харсан), Бөхийн өргөө салбарууд 15-ны өдөр 11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллана.

ХААН БАНК

Хаан банкны бүх салбар нэгжүүд долдугаар сарын 11-13-нд амрах юм байна.

ХАС БАНК

Хас банкны И-мартын салбар долдугаар сарын 11-15-ны өдөр 10-21 цагийн хооронд ажиллана. Саппоро, Түшиг, 13 дугаар хороолол, Сансар дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд нэмэлтээр ажиллана.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Худалдаа хөгжлийн банк долдугаар сарын 11-14-нд бүх салбар амарна.Тэнгэр плаза, MCS, ГХЯ-ны өөдөөс харсан Энхтайван, Зоос гоёл, Саппорогоос Цамбагарав хүрэх замд байрладаг Сонгинохайрхан салбарууд 15-ны өдөр 10.30-16.30 цагийн хооронд ажиллана.

ГОЛОМТ БАНК

Голомт банк долдугаар сарын 11-13-нд бүх салбар амарна. Ард, Цамбагарав, Баянзүрх, Хан-Уул, хорооллын Москва салбарууд 14-нд, Солонго, Сансар бизнес төв, 120 мянгатын жетро, Москва салбар 15-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана.

УЛААНБААТАР БАНК

Улаанбаатар хотын банк долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд бүх салбар амарна. Ард кино театрын замын эсрэг талд байрлах Чингэлтэй салбар 14-15-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана.

КАПИТРОН БАНК

Капиторн банк долдугаар сарын 11,13-нд Шангри Ла дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд ажиллана. 12-15-нд Их дэлгүүр дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллана.

АРИГ БАНК

Ариг банк долдугаар сарын 11-13-нд бүх салбарууд амарна. Харин 14,15-нд 40 мянгатын салбар 10-18 цагийн хооронд ажиллана.

КАПИТАЛ БАНК

Капитал банк долдугаар сарын 11-15-нд Нисэх тооцооны төвийн салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. И март тооцооны төв 10-21 цаг хүртэл ажиллана. Харин 14, 15-нд Хороолол болон найман шарга тооцооны төв дэх салбарууд нь ердийн цагийн хуваариар ажиллах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанк өнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 356 кг-аар нэмэгдсэн байна.

Тодруулбал өнгөрсөн оны зургадугаар сард Монголбанк 1,826 кг алт авч байжээ. Түүнчлэн Монголбанк 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7,1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 430 кг-аар их буюу 6 хувийн өсөлт үзүүлсэнийг албаныхан онцлов.

Монголбанкны 1 грамм алтны дундаж үнэ 100 мянга 41 төгрөгийн ханштай байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай

Монгол дахь Дэлхийн банкны Суурин төлөөллийн газраас Монголын эдийн засгийн талаар хийсэн судалгааныхаа тайланг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрчээ. 2016 онд 1.2 хувь, 2017 онд 5.1 хувь байсан бөгөөд ийнхүү огцом өссөн нь хөрөнгө оруулалт өссөнтэй холбоотой гэж судлаачид тайлбарлалаа. Мөн ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт нэмэгдэх, төсөв болон төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлт гарна хэмээн таамаглаж байна гэв. Хэдийгээр эдийн засгийн өсөлт эерэг үзүүлэлттэй байгаа ч гадны хүчин зүйлээс их хамаарч байгаа аж. Тухайлбал, улс төр, бүс нутгийн тогтворгүй байдал, цаг уурын эрс өөрчлөлт, байгалийн гамшиг, дэлхийн түүний эдийн үнийн өөрчлөлт зэрэг багтах аж. Үүнээс гадна хамгийн том эрсдэл нь Засгийн газраас эдийн засагт хийх хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байх, амлалтаасаа ухрах байдал хэмээн тайланд тусгажээ.

Монгол Улсын эдийн засаг дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай байдаг нь хамгийн эмзэг асуудал юм. Мөн эдийн засгийн өсөлт бүтээмжээс бус хөрөнгийн хуримтлалаас шалтгаалж байгааг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт нь гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарч байна. Үүний сөрөг нөлөө нь хөрөнгө оруулалт багасах үед эдийн засаг дагаад буурдаг. Эдийн засгийн өсөлт нь бүтээмж дээр суурилсан тохиолдолд зөв зарчмаар явдаг байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн дэвшил, хөдөлмөр эрхлэлт зэргийг нэмэгдүүлснээр бүтээмжид суурилан эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжтой аж.

Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн савлагаанд хэт өртөмтгий байдал нь эдийн засгийн хэт эмзэг байдлыг бий болгож байна. Уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг эзэлдэг. Нийт экспортын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг аж. Гадаад орчноос хамаарсан энэ байдлыг өөрчлөх, сайжруулах хэрэгтэйг Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жеймс Андерсон онцоллоо. Тэрбээр “Эдгээр эрсдэлийг бууруулах урт хугацааны гол арга зам нь эдийн засгаа төрөлжүүлэх явдал гэв. Хүнээ хөгжүүлэх, оновчтой дэд бүтцэд хөрөнгө оруулах, институцээ бэхжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж, солонгорсон эдийн засагтай болох хэрэгтэй” хэмээн зөвлөв.

Зэс, түүхий эдийн экспорт өсчээ

Төсвийн үндсэн тэнцэл 2016 онд ДНБ-ний 12.5 хувьтай байсан бол 2017 онд 2.1 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил төсвийн тэнцэл бага хэмжээний ашигтай гарчээ. Түүнчлэн өнгөрсөн онд төсвийн орлого ДНБ-ний таван хувьтай тэмцэх хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна. Үүний шалтгаан нь эдийн засгийн сэргэлт, уул уурхайн салбарын орлогын өсөлтөөс хамааралтай аж.

Харин төсвийн зарлага ДНБ-ний есөн хувьтай тэнцэх хэмжээгээр буурсан байна. 2016 онд нийт зарлага 40.5 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 31 хувь болжээ. Энэ нь хөрөнгө оруулалтын зардлыг буруулсантай холбоотой юм байна. Бусад орнуудтай харьцуулахад манай улсын салбарын хөрөнгө оруулалт хэт өндөр, түүний удирдлага, менежмент сул учраас ийнхүү хөрөнгө оруулалтыг буруулсан нь дорвитой алхам болсон хэмээв.

Он гарсаар экспортын хэмжээ 14.6 хувиар өсөөд байна. Голчлон зэс, түүхий эдийн экспорт нэмэгдсэн аж. Гэсэн хэдий ч их хэмжээний Засгийн газрын өрийн эргэн төлөлт, уул уурхайн компаниудын ашгийн шилжүүлэлтээс шалтгаалан орлогын дансны алдагдал нэмэгджээ.

Шатахууны үнэ үргэлжлэн өсч болзошгүй

Эдийн засгийн сэргэлт үргэлжлэх, зарим талаараа хурдсах боломжтой хэмээн судлаачид онцлов. Уул уурхай, үйлдвэрлэл, худалдаа, тээврийн салбарт их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орохоор хүлээгдэж байна. Энэ талаар Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон-Паскаль Нгану “Гадаадын шууд хөрөнгө оруулалт ирэх жилүүдэд нэмэгдэхээр байна. Үүнээс шалтгаалан ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт зургаан хувийг давах боломж бүрдэх юм. Өнгөрсөн өвөл хүндхэн болсноос үүдэн хөдөө аж ахуйн салбар алгуур өсөх хандлагатай. Харин бусад салбаруудын эдийн засаг сайжирч, үйлдвэрлэл нэмэгдэнэ. Экспорт цаашид ч энэ хэвээр өсөж, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж, төсвийн орлогын гүйцэтгэлийг нэмэгдүүлж, алдагдал буурах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн тайлбарлалаа.

Хүнс, шатахууны үнэ үргэлжлэн өсч болзошгүй байгаа юм байна. Энэ нь инцляцийг цаашид алгуур өсөх шалтгаан болох аж. Үүнээс улбаалан Төвбанкны инфляцыг найман хувьд барих дунд хугацааны бодлогод хүндрэл үүсч болзошгүйг анхаарууллаа. Мөн хувийн хэрэглээ дунд хугацаанд үргэлжлэн өсөхөөр байгааг дурдлаа. Иймд Төвбанкнаас инфляцыг хянахын тулд мөнгөний бодлогоо алгуур чангатгаж, анхаарч ажиллахыг сануулж байв.

Улсын хөрөнгө оруулалтын үр өгөөж сул байна

Хувийн болон улсын хөрөнгө оруулалтын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 37.3 хувьтай тэнцэж байна. Энэ нь Азийн улс орнуудаас хоёрдугаарт орох үзүүлэлт юм. Гэтэл хөрөнгө оруулалтын үр ашгаараа 10 дугаар байранд бичигдэж байна. Судалгаанаас үзэхэд 2015 хүртэл хөрөнгө оруулалт хурдтай өссөн бөгөөд энэ нь төсвийн өндөр алдагдал, өрийн өсөлтийг бий болгожээ. Ийнхүү хөрөнгө оруулалтын үр ашиг сул байгааг бодлогын оновчгүй байдал, төрийн байгууллагын шийдвэрүүд хоорондоо уялдаагүй, нэгдмэл биш, төслийн сонгон шалгаруулалт хийх нарийн удирдамж, зохицуулалт муу байдгаас хамааралтай хэмээн судлаачид тайлбарлав. Түүнчлэн төслийн сонгон шалгаруулалт муу байгаа нь батлагдсан төсвийн хэрэгжилтийг сулруулдаг байна. Төслийн хэрэгжилтийн хугацаа хоцордог, явцын дунд зардлаа нэмдэг, засвар арчилгаанд хөрөнгө бага хуваарилдаг байдал нь үр ашигт сөргөөр нөлөөлдөг. Дууссан хөрөнгө оруулалтын чанар хурдан мууддаг сул талуудыг судлаачид дурдаж байлаа.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээлийг бууруулна

Чанаргүй зээлийг бууруулна

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хууль, эрх зүйн орчин банкны үйл ажиллагааны макро болон микро хүчин зүйлсээс шалтгаалж нийт активт чанаргүй активын эзлэх хувь харьцангуй өндөр байгаа нь санхүүгийн зуучлалд тасалдал үүсгэх, банк санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй байна. Банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын 2018 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 140/400/А-168/38 дугаар хамтарсан тушаалаар баталлаа.

Энэхүү стратеги нь бодлогын чиглэл болсон банкны системийн чанаргүй активын нөхцөл байдлыг тодорхойлж,хууль, эрх зүй болон шүүхийн шинэчлэлийг хийх, банкуудын чанаргүй зээлтэй ажиллах ажиллагааг үр дүнтэй болгон сайжруулах агуулгаар хэрэгжих юм.

Стратегийн хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг оруулах, шүүхийн бус замаар зээлдэгч байгууллагын санхүү, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх чиглэлээр харилцан уулзалтууд хийж, нэгдсэн систем, аргачлалыг удирдах байгууллагатай болох, “Чанаргүй активын удирдлагын журам” батлан мөрдүүлэх зэрэг ажлууд хийгдэх бөгөөд банкны системийн чанаргүй зээлийн хувийг 2021 он гэхэд 4-5, 2023 он гэхэд 2-3 хувь хүртэл бууруулах тоон зорилттой хэрэгжинэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ээлжит чуулганаар дөрвөн хууль, долоон тогтоолыг батлуулжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Уг хуралд тус Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нар оролцов.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир мэдээллийн эхэнд тус байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд байнгын хороо 14 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа тус хус хуралдсан болохыг танилцууллаа. Тайлант хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 30 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 28 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх 10 гаруй ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байна. Ийнхүү ээлжит чуулганы хугацаанд нийт 4 хууль, 7 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцжээ.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос 2017 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтийг нэгтгэн дүгнэж, 2019 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, хөнгөн, хүнсний салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогоор дэмжиж, хүнсний эрүүл ахуйн чанарыг сайжруулах, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээг үндсэн чиглэлд тусгав.

Ээлжит чуулганы хугацаанд Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээ болж байна. Уг тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалж, Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюутолгой-Ханги, Таван толгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Таван толгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудлыг тусгалаа.

Банк, санхүүгийн салбарын чиглэлээр Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийг хэлэлцэж баталсан нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал алхам боллоо. Энэ хууль батлагдсанаар банкуудад өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах хугацаа олгох, зайлшгүй тохиолдолд төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг зохицуулах, дахин хөрөнгөжүүлсэн банканд төрөөс оруулсан хөрөнгийг тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх, банканд хийх хяналт шалгалтыг сайжруулах, олон нийтээс банканд итгэх итгэл нэмэгдэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж байгаа болно.

Төрийн өмчийн илүүдэлтэй болон ашиглалтгүй эд хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлж зохицуулалт хийх, Төсвийн тухай болон Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоол гаргасан юм.

Төв банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр Монголбанкны мөнгөний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг УИХ-аар баталж, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа талаар Байнгын хорооны дарга мэдээллээ. Мөн Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар Улсын Их Хурлын тогтоол батлагдсан байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамжаар бус, суудлын багтаамжаар тохирох зохицуулалтад хүрэхийг эрмэлзэх замаар хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдаж, агаарын хөлгийн багтаамжаас хамаарсан дарамт, хүчин чадлын дутуу байдлыг арилгаж, үндэсний агаарын тээвэрлэгчид ач холбогдолтой, уян хатан зохицуулалтыг бий болгох чиглэлээр төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод өөрчлөлт оруулсан талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэв. Монгол Улсын Засгийн газар макро Эдийн засгийн бодлогын хүрээнд 2019 онд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх, инфляцийг зорилтот түвшинд буюу 8 хувьд барих, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зэрэг зорилт, арга хэмжээг Үндсэн чиглэлд тусгажээ. Эдийн засгийн өсөлтийг салбаруудаар авч үзвэл 2019 онд уул уурхайн салбар 6.3 хувиар, уул уурхайн бус салбар 8.4 хувиар, барилгын салбар 14 хувиар, үйлчилгээний салбар 8.6 хувиар тус тус өсөхөөр байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаар танилцууллаа. Мөн тэрбээр ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгохоор нэр бүхий гишүүдээс холбогдох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.

Ээлжит чуулганы хугацаанд төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийн төсөл, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болох Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлгийн шатанд шилжүүлээд байгаа юм байна.

Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны хяналт, шалгалтын чиглэлээр хийсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулаад, хэвлэлийн бага хурлын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон зээлийн хүүг хязгаарлах бодлогын зохицуулалтын талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газар өнгөрсөн сард 753.3 тэрбум төгрөгийн өр төлөв

Монгол Улсын Засгийн газар 2018 онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай юм.

Үүнээс 6-р дугаар сард хамгийн өндөр ачаалалтай, 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдуулав. Энэ нь дээрх нийт өрийн 20 хувь нь юм. Засгийн газар дээрх өрийг төлөхдөө төсөв , санхүүгийн үр ашигтай , оновчтой удирдлагыг хэрэгжүүлж арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй өр, зээл тавихгүйгээр амжилттай шийдэж чадлаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Барагдуулсан өрийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэвэл:

1. 6-р сард барагдуулсан гадаад өрийн хэмжээ

· хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт -27.6 тэрбум төгрөг

· 2012 онд гаргасан 1 тэрбум ам.долларын Чингис бондын хүүгийн төлбөрт -61.8 тэрбум төгрөг

· 2015 онд гаргасан 1 тэрбум юанийн Дим Сам бондын эцсийн төлбөрт -370.5 тэрбум төгрөг

Бүгд – 459.9 тэрбум төгрөг

2. 6-р сард барагдуулсан дотоод өрийн хэмжээ

· Төсвийн алдагдал, Сайн малчин , сайн хувьцаа хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цааснуудын эргэн төлөлтөд -293.4 тэрбум төгрөг

Бүгд -293.4 тэрбум төгрөг

Нийт 753.3 тэрбум төгрөг

Нийтдээ энэ сард урьдчилсан гүйцэтгэлээр 753.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлж байгаа нь цагаар тооцвол Засгийн газар бүтэн сарын турш цаг тутамд нэг тэрбум төгрөгийн өр төлжээ.

Ийнхүү 2017 оны эцэст 22.7 их наяд төгрөг байсан Монгол Улсын Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж буурлаа. Мөн 500 сая ам долларын Чингис бонд болон Дим Сам бондын төлбөрүүдийг бүрэн барагдуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-гийн захирлуудын зөвлөл 36.91 сая ам. Долларын санхүүжилтийг баталлаа

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох бөгөөд улмаар бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдлээ.

Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас нийтдээ 131.03 сая ЗТЭ буюу 184.55 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн нийт тэнцэл 45.5 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2018 оны эхний таван сарын гүйцэтгэлээр 3.3 их наяд төгрөгт хүрч, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3.2 их наяд төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 45.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ өмнөх оны мөн үеэс 457.9 тэрбум төгрөгөөр, тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 1 их наяд 691.7 тэрбум төгрөгөөр тус тус буурч сайжирсан гэсэн үг юм.

2018 оны эхний 5 сарын байдлаар орон нутгийн төсөв 185.3 тэрбум, нийгмийн даатгалын сангийн төсөв 69 тэрбум төгрөгийн тус тус ашигтай гарч, харин улсын төсөв 208.3 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 600 сая төгрөгийн алдагдалтай гарчээ.

Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 24.0 хувиар, мөн төсвийн нийт зарлага нь 5.9 хувиар тус тус нэмэгдэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 457.9 тэрбум төгрөгөөр буурахад нөлөөлжээ.