Categories
мэдээ эдийн-засаг

Орхон аймаг БНХАУ, ОХУ- руу мах экспортолно

2018-2019 онд Орхон аймгийн дөрвөн аж ахуйн нэгж 4000 тн махыг ОХУ, БНХАУ, Иран улсад экспортолно. Үүнээс “Эрдмийт” ХХК 1000 тонн адууны махыг ОХУ, “Эрдэнэт мах маркет” ХХК 500 тн үхрийн махыг Иран, “Монгема” ХХК 1590 тн адууны махыг ОХУ, “Жаргалант мах маркет” ХХК 1000 тн адууны махыг БНХАУ-д экспортолно.

Дээрх аж ахуйн нэгж нь орон нутгийн “Нөөцийн мах”-ыг бэлтгэдэг бөгөөд “Эрдмийт” ХХК 500 тн, “Эрдэнэт мах маркет” ХХК 10 мянган тонн үхрийн мах бэлтгэх гэрээ байгуулжээ. Дашрамд дурдахад “Эрдмийт” ХХК жилд дунджаар 50 мянган бог, 10 мянган бод, “Эрдэнэт мах маркет” ХХК 30 мянга, “Монгема” ХХК 20 мянга, “Жаргалант мах маркет” ХХК 25 мянган толгой мал төхөөрч орон нутгийн зах зээлд нийлүүлдэг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Импорт 3.3 тэрбум америк долларт хүрлээ

Монгол Улс 2018 оны эхний долдугаар сард 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.1 тэрбум америк доллар, импорт 3.3 тэрбум америк долларт хүрлээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (26.2 хувь) тэрбум америк доллар, үүнээс экспорт 596.4(16.9 хувь) сая америк доллараар, импорт 935.1 (40.1 хувь) сая америк доллараар тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 7 сард 1.2 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 338.7 (28.5 хувь) сая америк доллараар буурч, 851.0 сая америк долларт хүрчээ.

Экспорт 2018 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 596.4 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 614.8 сая америк доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 55.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 935.1 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 182.3 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 64.5 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 212.1 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 177.0 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 141.2 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкнаас бусад санхүүгийн салбарууд өсөлттэй ажиллалаа

Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны хоёрдугаар улирлын статистик үзүүлэлтүүд, үйл ажиллагааны тоймыг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ оны хоёрдугаар улиралд банкнаас бусад санхүүгийн салбарууд өсөлттэй ажиллалаа

Санхүүгийн салбаруудын тоймыг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун мэдээлж, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Хадгаламж зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Банк бус санхүүгийн байгууллагын болон Хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Итгэлсүрэн, Б.Долгорсүрэн нар оролцон, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

СЭШХ-ийн дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр, Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны хоёрдугаар улиралд 65.9 хувиар өсөж 2.5 их наяд төгрөгт хүрсэн нь 2017 оны жилийн эцсийн ДНБ-ийн 9.1 хувьтай тэнцсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 303 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 58.6 хувиар өсчээ. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан хоёрдугаар улиралд нийт 77.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 13.9 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35.5 тэрбум төгрөгийн хувьцаа, 27.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас, компанийн 631.6 сая төгрөгийн бонд, МҮЦБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар 248.1 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалсан байна.

Энэ оны хоёрдугаар улиралд банкнаас бусад санхүүгийн салбарууд өсөлттэй ажиллалаа

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 13.1 хувиар өсөн, 282.2 тэрбум төгрөгт хүрснээс 80.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 16.6 хувийг давхар даатгалын компани, 3.0 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 29.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.7 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.8 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 68.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Салбарын татварын цэвэр ашиг 8.7 хувиар буурч нийт цэвэр ашгийн хэмжээ 6.3 тэрбум төгрөг байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 5.2 хувь, нийт хөрөнгийн өгөөж 2.3 хувь байна.

Энэ оны хоёрдугаар улиралд банкнаас бусад санхүүгийн салбарууд өсөлттэй ажиллалаа

Банк бус санхүүгийн салбарт энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 33.6 хувиар өссөн бөгөөд хөрөнгийн өсөлтийн 74.1 хувийг зээлийн өсөлтөөс бүрдсэн байна. Харин ББСБ-уудын өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өсөж 888.5 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 707.8 тэрбум төгрөгт хүрч жилийн өмнөхөөс 28.8 хувиар өссөн байна. Салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 38.5 хувиар өсөж, 768.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Хадгаламж, зээлийн хоршооны салбарт нийт 289 хоршоо хоёрдугаар улиралд үйл ажиллагаа явуулжээ. Хоршоодын салбар нэгжийн тоо өнгөрсөн оноос 18-аар нэмэгдсэн бол гишүүдийн тоо 20.7 хувиар өсөж 61 177-д хүрсэн байна.

Энэ оны хоёрдугаар улиралд банкнаас бусад санхүүгийн салбарууд өсөлттэй ажиллалаа

Салбарын нийт цэвэр ашиг 1.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30.6 хувиар буурсан байгаа бол нийт орлого 37.4 хувиар өсөж 19.3 тэрбум төгрөг буюу сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 27.2 хувиар буюу 26.1 тэрбум төгрөгөөр өсөж 134.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 1.6 пунктээр өсөж 6.2 хувьд хүрснээр нийт чанаргүй зээлийн хэмжээ 8.3 тэрбум төгрөг болов. Хоршоодын нийт хадгаламж өнгөрсөн оныхоос 51.6 хувийн өсөлттэй байгаагийн 97.0 хувийг хугацаатай, 3.0 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид цахим мөнгө, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн түвшин, даатгалын гэрээний стандарт, Дорноговь аймгийн Айраг суманд осолдсон суудлын галт тэрэгний зорчигчдын гэнэтийн ослын даатгал зэрэг олон сэдвээр асуулт тавьж, хариулт авлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс түнш орнуудад худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүх улстай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч , гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, олон улсын худалдааны болон хөрш орнуудын боомтын бүсэд үйлдвэрлэл, худалдааг хөгжүүлэх, “Монгол экспорт” хөтөлбөр хэрэгжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан.

Уг зорилтын хүрээнд Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар ОХУ-ын Москва, Владивосток хот, БНХАУ-ын Бээжин, Тяньжин хот, Япон Улсын Токио хот, БНСУ-ын Сөүл хот, Европын холбооны төв- Бельгийн Вант Улсын Брюссель хотод Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг 2018-2024 онд үе шаттай байгуулах төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Монгол Улс худалдааны голлох түнш орнуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулж байсан уламжлалаа 20 гаруй жилийн дараагаар сэргээх эхний алхамыг хийлээ.

Дээр дурдсан хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах нь ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ, Европын холбооны орнуудтай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экпортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, транзит тээврийн зорилгоор ашиглах боомтын тоог нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн төслүүд хэрэгжүүлэх зэрэг ажлыг идэвхтэй урагшлуулах, эдгээр улстай худалдааны харилцаа хөгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Аж ахуй нэгжүүдээс 18 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

Сүүлийн жилд Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж дотоодын баялаг бүтээгч ААН-үүд бизнесээ шинээр эхэлж тэлэх, зах зээлээ нэмэгдүүлэх зорилгоор шинээр хувьцаа гаргах, нэмж хувьцаа гаргах үйл ажиллагаа амжилттай явж байна.

2018 он гарснаас хойшхи эхний хагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид 3 компани шинээр, нэг компани нэмэлтээр хувьцаагаа гарган арилжаалж нийтдээ 18 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хувьцааны арилжаа 2.9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүний цаана шинээр ажлын байр бий болох, эдийн засгийн бодит өсөлт хадгалагдах, иргэд олон нийт хувьцаагаар дамжуулан үндэсний үнэ цэнтэй ААН-үүддээ хувь эзэмших замаар үнэ цаасны зах зээлийн итгэл өсөх үйл ажиллагаа эрчимтэй явж байна. Хувьцаагаа шинээр гаргаж буй ААН-үүд нь шинэ технологи, барилга, ХАА-н салбарынх, тэр дундаа дотоодын хүнс, газар тариалангийн компаниуд байгааг СЗХ-ны дарга С.Даваасүрэн онцлож байв.
Энэ дашрамд дурдахад зах зээлд шилжих үед явуулсан өмч хувьчлалын үеэр манай улсад төрийн өмчид байсан 475 үйлдвэрийн газар, ААН-г хувьчилснаас өнөөдөр 204 нь Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн 104 нь орон нутагт ажиллаж байна.
Categories
мэдээ эдийн-засаг

Таван хувьцаат компанийн ханш тогтвортой бай

2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 647,742 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Тавантолгой” (TTL+5.45%) болон “Монголын Цахилгаан Холбоо” (MCH+4.28%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ноёт Хайрхан” (NIE-12.50%) болон “Гермес Центр” (HRM-1.43%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 281 ширхэг үнэт цаасыг 28.2 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр “TOP 20” индекс 19369.82 нэгж болж 1.39 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,372,147,248,938.99 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-ийн хөтөлбөрийн дөрөв дахь шатны үнэлгээ хийгдлээ

Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон билээ.

Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийх аж. Энэ удаагийн буюу тав дахь шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг 2018 оны долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 06-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийв.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал ноён Хохюн Жаныг албаны дагалдах хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар ноён Хохюн Жанд шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэхийн сацуу Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Гүйцэтгэх захирал ноён Хохюн Жанын зүгээс хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд 5 дахь шатны үнэлгээний үр дүнг удахгүй Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэхээ мэдэгдсэн.

Монголбанкны зүгээс Монгол Улсад тулгамдсан хүнд цаг үед ОУВС хөтөлбөртөө хамруулж, дэмжлэг үзүүлсэнд талархаад Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгохоор ажиллаж байгааг мэдэгдлээ. Мөн Монголбанкнаас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээнд ажиллаж байгааг дурдсан.

Categories
мэдээ эдийн-засаг

Тайванаас Монгол руу ирэх электрон барааны хэмжээ хоёр дахин нэмэгджээ

Энэ оны эхний таван сарын байдлаар Тайваниас Монгол руу 4 сая 988 332 ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Ингэснээр өнгөрсөн оны нийт экспортын үнийн дүнгээс 3 сая 853, 745 ам.доллараар их буюу 2.25 дахин их байна хэмээн Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Монголчууд Тайваниас ихэнхдээ электрон бараа, техник тоног төхөөрөмж импортолж байна гэсэн дүн мэдээ байна.

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ, “Тайвань, Монголын экспортын тоо хэмжээ өсөн нэмэгдсэн нь Монголын эдийн засаг сэргэж буйн илрэл юм. Нөгөө талаараа Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох” бодлогын үр дүн. Тайвань, Монголын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид харилцан бие биенээ нөхөх давуу талуудтай. Монгол орон бол байгалийн асар их нөөц баялагтай. Харин Тайвань нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад туршлага хуримтлуулсан. Монгол Улсын Засгийн газрын зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг чухалчилж буй нь сайшаалтай. Тайваний хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр туршлага хуримтлуулснаараа онцлогтой” гэв.

Мөн тэрээр хоёр тал 2002, 2003 онуудад харилцан төлөөлөгчийн газар байгуулж байсныг дурдаж, Тайваний Засгийн газраас Тайвань Монголын бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч 2003 онд Тайваний Экспорт, импортын банкаар дамжуулан манай улсын арилжааны таван банкинд 20 сая ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийн зээлийн шугам нээснийг тодотгов. Ингэснээр уг санхүүжилтийн зээлээр дамжуулан Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хөрөнгө босгох, санхүүжилтийн эх үүсвэр бий болгох боломж бүрджээ. Монголын компани, аж ахуйн нэгжүүд Тайваний экспортлогчдоос бүх төрлийн бараа бүтээгдэхүүн шууд худалдан авч байгаа нөхцөлд эсвэл Тайваний үйлдвэрлэл эрхлэгчдэд захиалга өгсөн хэдий ч гуравдагч улс орноос бараа бүтээгдэхүүнээ худалдан авсан тохиолдолд Тайваний Экспорт, импортын банкнаас олгож буй санхүүжилтийн зээлэнд хамрагдах хүсэлтээ манай таван банк гаргах боломжтой юм байна. Уг санхүүжилтийн зээлийн олгох дээд хязгаар нь худалдан авалтын нэхэмжлэлийн үнийн дүнгийн 100 хувь хүртэлх дүнгээр санхүүжигдэх боломжтой бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь тав хүртэлх жил юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Зарим иргэдийн зээлийн сангийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлжээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн наймдугаар сарын 1-ний өдөр гаргасан тушаалаар Иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд нэмэлт оруулж баталлаа.
Ингэснээр энэ оны зургадугаарын сарын 1-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөрөө бүрэн төлж дууссан, мөн нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй иргэний Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлэхээр болсон шийдвэрийн дагуу нийт 14.170 иргэний мэдээллийг нөхцөл хангасан гэдгээр хэвийн ангилалд шилжээд байна.
Энэхүү арга хэмжээ нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28.1, 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэж, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад чиглэжээ.
Төвбанк үүнээс өмнө 2017 онд 25.621, 2018 оны 3 дугаар сард 41.085 иргэнийг санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангажээ. Эдгээр иргэдийн мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал тус бүрт тавигдсан нөхцөлийн дагуу хязгаарлалт хийсэн бөгөөд тэдгээр нөхцөлөөс дурдвал, зээлийн гэрээг жил хүртэлх хугацаагаар байгуулсан, олгосон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөө заасан хугацаанд (2017 оны тухайд нэгдүгээр сарын 31, 2018 оны хувьд 2 дугаар сарын 1-ний өдөр) барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй байх гэсэн шаардлагыг тавьж байсан юм гэж Монголбанкнаас мэдээллээ.