Categories
мэдээ эдийн-засаг

“Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн худалдаа болно

Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдгээрт хамтын ажиллагааны талбар бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 6-9-нд “Мишээл экспо” төвд болно.

МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнгийн энэ жилийн онцлог нь оролцогч аж ахуйн нэгж, сонирхсон үйлчлүүлэгч бүрт банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх компаниуд үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөө өгч, B2B уулзалтуудыг зохион байгуулж буйд оршиж байна..

Үзэсгэлэнд хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн 80 гаруй аж ахуйн нэгж, компани оролцох бөгөөд ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, гар урлал, бэлэг дурсгал, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, техник хэрэгсэл болон үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүний шинэлэг төрлүүдийг дэлгэн танилцуулах юм. Мөн Тайванийн 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, эмнэлгийн болон цахилгаан тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжөө танилцуулна. Мөн үеэр оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал, сугалаат худалдаа явуулах юм.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс 15 номинацаар шалгаруулна. Эдгээр нь Онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн, Онцлох экспортын бүтээгдэхүүн, Шилдэг импортын бүтээгдэхүүн, Импортыг орлох онцлох хүнсний бүтээгдэхүүн, Дэвшилтэт технологи ноу хау нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд, Олон улсын стандарт хэрэгжүүлэгч, Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, Grand Prix гэх мэт номинац байна.

“Улаанбаатарын Түншлэл-2018” үзэсгэлэнг зохион байгуулснаар ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих, сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 70109090, 90091979

Categories
мэдээ эдийн-засаг

​Уул уурхайн экспорт, импортын зөрүү эерэг гарчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Уул уурхайн салбарын эхний долдугаар сарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон яамны газар хэлтсийн дарга нар оролцов.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мян.тн молибдений баяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мян.тн хайлуур жоншны баяжмал, 46.8 мян.тн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3%) мян.тн, алт 236.9 (2.6%) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5%) мян.тн, цайрын баяжмал 0.8 (1.7%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 (3.8%) сая тн, молибдены баяжмал 159.4 (4.9%) тн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (2.0%) мян.тн, газрын тос 473.7 (10.7%) мян.бар, катодын зэс 324.4 (3.7%) тн-оор тус тус буурсан байна.

2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2018 оны эхний 7 сарын байдлаар 8.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (24.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (23.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 753.8 (53.8%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 334.5 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлж байна.

3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний 7 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (22.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (24.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 482.9 (26.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 4.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 756.1 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний 7 сарын байдлаар 7.1 их наяд төгрөг буюу 70.7%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 6.0 их наяд төгрөг буюу 59.6%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

4. Гадаад худалдаа

2018 оны эхний долоон сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,382.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,525.3 (26.0%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт, импортоос давамгайлсан буюу экспорт, импортын зөрүү 851.0 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Говь” ХК-ийн хувьцааны ханш сүүлийн зургаан өдөр дараалан өсөв

говь хк зурган илэрцүүдМонголын хөрөнгийн бирж (МХБ)-д бүртгэлтэй Говь ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн зургаан өдрийн дараах байдлаар ~40 хувийн өсөлт үзүүлээд байна.

Тодруулбал өчигдөрийн хаалт, өнөөдрийн нээлтийн арилжаагаар МХБ-ийн нэг өдрийн арилжааны ханшийн өсөлтийн дээд хязгаарт хүрч 15 хувийн өсөлт үзүүллээ.

VIII.31* – Өдрийн арилжаа 10-13 цагийн хооронд явагддаг, ханш өөрчлөгдөж болно.


Уг өсөлтийн шалтгааныг компаний ТУЗ-ийн шийдвэртэй холбон тайлбарлаж байна. Учир нь тус компани Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2018 оны 10 сарын 03-ны өдөр зарлаж дараах хоёр асуудлыг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн байна. Үүнд:

Компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэн батлах

Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэгж хувьцааг 100 хуваах төлөвлөгөөтэй байгаа аж. Хувьцааг хувааснаар нэгжийн үнэ буурч арилжаа харьцангуй идэвхтэй болдог талтай.

Хувьцаа хуваах шийдвэр хэрэгжих хүртэл Говь ХК-ийн хувьцаа хөрөнгийн зах зээлд оролцогчдын анхаарлын төвд байх нь.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг арилжаалах бэлтгэл ажил дуусчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлснээр, Тавантолгойн 30 хувьд IPO босгох төслийн багийнхан шуурхай ажиллаж буй бөгөөд оны сүүлчээр УИХ-д танилцуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулаад дуусч буй ажээ.

Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээлд арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан компанийн дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах хуулийн шаардлага үүссэн байна. Энэ дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар шийдвэрлэжээ.

Хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрх зүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг ажлын даалгаврыг хийж гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол-Солонгосын хамтарсан бизнес уулзалт болно

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ болон БНСУ-ын “Сигма Монголиа” ХХК тай-хамтран 2018 оны есдүгээр сарын 04-ний өдөр 09:00 цагаас “Corporate” зочид буудлын Ulaanbaatar Hall-ын (5 давхарт) Монгол-Солонгосын хамтарсан бизнес уулзалтыг зохион байгуулахаар болжээ.
Уулзалтанд Солонгосын талаас нийт 10 аж ахуйн нэгж ирж оролцох юм.

Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнесийн түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг урьж байгаа юм байна.

• Бүртгүүлэх линк: https://docs.google.com/…/1FAIpQLSf0gtz30USZ86tZG…/viewform…

Categories
мэдээ эдийн-засаг

21 хувьцаат компанийн хувьцааг арилжаалжээ

2018 оны наймдугаар сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 596,832 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Говь” ХК (GOV+5.70%) болон “Шивээ Овоо” ХК (SHV+5.00%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Стандарт Ноос” ХК (ALI-11.11%) болон “Хөх Ган” ХК (HGN-4.72%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19435.68 нэгж болж 0.45 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,321,129,662,299.27 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Махны экспорт нэмэгджээ

Манай улс 2018 оны долдугаар сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортолж 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Үүнээс 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642.5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн байсан аж.

Энэ нь өнгөрсөн сараас экспортын хэмжээ 2651.5 тонноор өсөж, орлого 14.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд сард дунджаар 3281.5 тонн мах экспортолж байна гэсэн үг юм байна.

Нөгөөтэйгүүр экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, адууны махны экспорт 1.4 дахин, хонины болон ямааны мах 4.3 дахин, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 7.1 дахин их буюу дунджаар 2.6 дахин нэмэгджээ.

Махны экспорт нэмэгдсэн нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох Засгийн газрын бодлогын үр дүн гарч, “Мах, сүүний анхдугаар аян” амжилттай хэрэгжиж буйн илрэл гэж үзэж буй аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн хүү хоёр хувиар буурчээ

Манайд зээлийн хүү олон улсынхаас харьцангуй өндөр. Хадгаламжийн хүүг бууруулж байж зээлийг хүү буурна гэх мэдээллийг эдийн засагчид хэлдэг. Тэгвэл өнгөрсөн сараас зээлийн хүү хоёр хувиар буурсан байна.

Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурсан гэсэн үг. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар хадгаламжийн дундаж хүү 11.2 хувь болсон байна. Банкны салбарт өнгөрсөн сарын байдлаар 330 тэрбум төгрөгийн, 87 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын хадгаламж байгаа аж. Иргэд, аж ахуйн нэгж тав, зургадугаар сард мөнгөө их хадгалуулж байсан бол долдугаар сард буурчээ. Энэ нь хадгаламжийн хүү буурсантай холбоотой гэж Төв банк үзэж байна.

Дашрамд, өнгөрсөн сард шинээр татсан хадгаламжийн дундаж хүү 10.7, нийт хадгаламжийнх 12.3 хувь байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл ашигтай гарчээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 7 сарын байдлаар 5.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.8 их наяд төгрөгт хүрлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний 7 сард 589.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол 2018 оны эхний 7 сард 291.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Татварын нийт орлого 4.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (33.0 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 291.6 (34.1 хувь) тэрбум төгрөг, орлогын албан татвар 277.7 (31.5 хувь) тэрбум төгрөг, онцгой албан татвар 168.4 (68.5 хувь) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 145.0 (20.5 хувь) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 108.5 (33.0 хувь) төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 102.8 (39.0 хувь) тэрбум төгрөг төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.6 хувийг татварын орлого, 10.3 хувийг татварын бус орлого, 7.3 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний 7 сард 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 271.9 (6.1хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн зардал 3.6 (0.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч урсгал зардал 199.5 (5.2 хувь) тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 76.0 (69.5хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 84.3 хувь, хөрөнгийн зардал 11.8 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 3.9 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалахдаа сэрэмжтэй хандахыг сануулав

Санхүүгийн Зохицуулах Хороо УИХ, Засгийн газраас гаргасан шийдлийн дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, нийтэд арилжаалах бэлтгэлийг холбогдох байгууллагуудтай хамтран хангаж байна. Иргэд ч үнэт цаасны компаниудад шинээр данс нээлгэх нь нэмэгдэж, хувьцаагаа эдийн засгийн эргэлтэнд оруулахад идэвхтэй бэлтгэж байна.

Олон нийтийн хүлээлт нэмэгдэж, үнэт цаасны компаниудаар данс нээлгүүлэх үйл явц идэвхжиж буйг ашиглан иргэдийг залилан мэхэлж, хуурамч данс нээх зэргээр хохироох явдал гарч болзошгүй тул сэрэмжтэй байж, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл бүхий брокерийн компаниар үйлчлүүлэхийг нийт иргэддээ анхааруулж байна.

Данс нээсэн үнэт цаасны компани тань цаашид ч таны санхүүгийн хамтрагч байх тул ул суурьтай сонгож, үүний тулд юуны өмнө Хорооноос тусгай зөвшөөрөл авсан эсэхийг сайтар нягтлахын дээр үйл ажиллагаа, хүний нөөцийн болон техник технологийн чадавхи, баталгаатай, найдвартай байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна. Тус зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны компаниуд болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой мэдээллийг Хороо, “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн цахим хуудсуудаас авах боломжтой.