Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр олон улсын бага хурал болов

Гадаад худалдааг хөнгөвчлөх: Гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр нийслэл хотноо зохион байгуулагдлаа. Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орсон. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага худалдааны саад тотгорыг багасгаж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 17 дугаар тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна.

Импортын бараанаас үүсэх аюул, эрсдэлийг тооцож, 5744 нэрийн бараанаас 3536-г хилийн хяналт шалгалтаас чөлөөлж, Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр импорт, экспортын гэрчилгээ олгох хугацааг гурваас тав хоногоор бууруулсан.

Түүнчлэн барааг хилээр нэвтрүүлэх үед хяналтын хуудас ашигласнаар хяналт шалгалтыг ил тод, нээлттэй хийх, ижил шалгуураар, ялгаварлахгүй хандах боломж бүрдэж эерэг үр дүн гарч байгаа юм. Хилийн боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эхний ээлжинд 5 боомтын хорио цээрийн байгууламж, лаборатори, агуулах, ажлын болон ахуйн байрны зураг төслийг батлуулж, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага, Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Бизнесийн орчныг сайжруулах” чиглэлээр шинэчлэлийг хэрэгжүүлсний дүнд дотоодын хяналт шалгалт 26 хувиар буурсан бөгөөд хамтран хэрэгжүүлэгч байгууллагаас Монгол Улсыг хүнсний хяналт шалгалтад эрсдэлд суурилсан аргыг хэрэгжүүлсэн загвар орон болох төдийгүй хөгжиж байгаа орнуудад зохицуулалтыг нэвтрүүлэх жишиг, сайн туршлага болсон гэж дүгнэсэн. Энэ амжилт, туршлага дээрээ суурилан экспорт, импортын хяналтыг шинэчлэх, худалдааг хөнгөвчлөх төдийгүй аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ахиц үр дүнд хүрч худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийг хангасан улс орнуудын жагсаалтад эзлэх байраа ахиулах нь чухал юм. Уг хуралдаанаар гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх арга зам, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон нь онцлог байлаа.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Эрдэнэт үйлдвэр төлөвлөснөөсөө илүү хүдэр боловсруулжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө энэ оны эхний 8 сарын байдлаар бүх үзүүлэлтээр 100 хувь давж биелжээ.
Үйлдвэрийнхэн төлөвлөж байснаас илүү хөрс хуулж, уулын цул олборлосноор 398 мянган тонн хүдэр илүү боловсруулжээ. Мөн төлөвлөснөөс 2.9 сая тонн зэсийн, 255 тонн молибдений баяжмал илүү үйлдвэрлэсэн талаар тус үйлдвэрийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлд 31 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Монголбанк сар бүр олгодог найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийн наймдугаар сарын санхүүжилтэд 1630 зээлдэгчийн 31.5 тэрбум төгрөгийг банкуудад хувиарлаад байна. Үүнээс 4.8 тэрбум төгрөгийг орон нутагт олголоо.

Тус хөтөлбөрийн дагуу он гарснаар Монголбанкнаас 127.7 тэрбум, Засгийн газраас 59.6 тэрбум, нийт 187.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 187.3 мянган иргэнд олгосон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад харилцааны сайд “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д оролцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож, нээлтийн үеэр үг хэлэв.

“Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо”-ноос зохион байгуулж буй уг чуулга уулзалтад холбооны гишүүн 13 улсын төлөөлөгчид, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байна. Энэхүү чуулга уулзалт нь 2015 онд Энэтхэгийн Бангалор, 2016 онд Австралийн Мельбурн, 2017 онд Малайзын Каула Лумпур зэрэг хотуудад болж байсан бөгөөд энэ удаагийн уулзалт нь “Глобал инноваци ба харилцаа холбоо” сэдвээр зохион байгуулагдаж байгаа юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо”-ны салбар байгууллагыг Монгол Улсдаа байгуулж, “Монгол бизнес түншлэл” хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлснээс гадна энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголдоо зохион байгуулахад хүчин чармайлт гарган ажилласан баг хамт олонд баяр хүргэв. Түүнчлэн энэхүү уулзалтын үр дүнд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бусадтай үр дүнтэй мэдээлэл, туршлага солилцох, бизнесээ хөгжүүлж өсгөхөд хэрэгтэй техникийн мэдээлэл олж авах, аж ахуй эрхэлж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэх гарцыг хайж олох, олон улсад харилцаа холбоо тогтоох боломжтой болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк өнгөрсөн сард 2,866 кг алт худалдан авчээ

Монголбанк 2018 оны наймдугаар сард 2,866 кг алт худалдан авсан байна.

Харин Монголбанк 2018 оны эхний наймдугаар сард 12.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тонн алт авч байсантай адил үзүүлэлт юм.

2018 оны наймдугаар сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 95,042.34 төгрөг байлаа.

График 1. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

График 2. 2018 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хѳрѳнгѳ оруулалтын таатай боломж нээгдэж байна

Уул уурхайн боловсруулах салбарын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг өнөөдөр эхэлсэн эрдэс баялаг, уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2018” чуулга уулзалт дээр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар тодотголоо.

Нүүрсний салбарын “Coal Mongolia-2018” чуулган өндөрлөхтэй залгуулаад өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн эрдэс баялаг, уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia: Minerals and Mining Business Summit” чуулганыг УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нээж хэлсэн үгийнхээ эхэнд, “Хѳрѳнгѳ оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүй, зохицуулалтын орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татах талаар манай Засгийн газар тэргүүн зорилтоо болгон ажиллаж байна. Монгол Улсын уул уурхай, хайгуулын салбарт хѳрѳнгѳ оруулалт татах чиглэлээр дэлхийн зарим орны санхүүгийн тѳвүүдэд биечлэн ажиллаж, цаашид ч та бүхэнтэй мѳр зэрэгцэн Их Британи, Австрали, Канад болон бусад оронд болох олон улсын томоохон арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн идэвхтэй ажиллах болно” гэдгээ илэрхийлээд геологи, хайгуулын талаар хийж буй ажлуудыг танилцуулав.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хайгуулын 1537 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Өнгөрсөн сард Засгийн газрын 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг баталж, нийт 8.5 сая гектар талбайд сонгон шалгаруулалт зарлаад байгааг дуулгалаа. Тэрээр, “Цаашид бид геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, геологийн нөөц, бололцоогоо бүрэн танин мэдэх чиглэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, мэдээллийг ил тод, нээлттэй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийнэ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хүнд үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж, Энэтхэг улсаас олгосон хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг өнгөрсөн зургадугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ сумд тавилаа. Уг үйлдвэр байгуулагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах боломж бүрдэх юм. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, нүүрснээс нийлэг байгалийн хий гаргах, төмрийн хүдрийг боловсруулж дотооддоо ган үйлдвэрлэх чиглэлийн төслүүд хэрэгжиж, төлөвлөгөөний дагуу ажлуудыг хийж байна.

Мөн Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс угаах, нүүрс-химийн үйлдвэрүүд баригдаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно. Уул уурхайн салбараас олж буй орлогын менежментийг сайжруулах, өнөө болон хойч үедээ шударгаар хуваарилах, оролцоог хангасан өсөлтийг бий болгох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Үндэсний Баялгийн сан байгуулах, хууль эрх зүйн орчныг бий болгох бэлтгэл ажлыг хангаж байна. Манай улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээл эерэг, хөрш орнуудын хамтын ажиллагаа шинэ шатанд өргөжиж, томоохон ордын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх ажлуудыг хийж, бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн интеграци улам бүр гүнзгийрэх хандлагатай байгаа үед бид бүхэн чуулж байна. Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хѳрѳнгѳ оруулалтын тун таатай боломж нээгдэж байна. Уул уурхайн хайгуул, олборлолт, нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбар, шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо байна. Энэхүү өндөр хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангахад та бидний бүтээлч хамтын ажиллагаа шаардлагатай байна” гээд дараахь чиглэлээр хамтарч ажиллахыг санал болгон уриалсан юм. Үүнд:

  • Шууд хөрөнгө оруулалт (FDI);
  • Шинэ техник технологи нэвтрүүлэх;
  • Уул уурхайн шинэ чадавхи, мэдлэг, ноу хау;
  • Хөрөнгө босгох, хөрөнгийн санхүүгийн менежмент;
  • Төр болон хувийн хэвшлийн түншлэл (PPP) зэрэг болно

Categories
мэдээ эдийн-засаг

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулж байна

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Монголын тэргүүлэх чуулга уулзалт болох “Дисковер Монголиа” эхэллээ. Тус чуулга уулзалтад 30 орчим орны 800 гаруй төлөөлөл оролцож байна.

Энэхүү чуулга уулзалтын зорилго нь уул уурхайн салбарт бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд оршдог. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өглөө. Мөн Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес Монгол Улсын эдийн засагт Оюу толгой компанийн оруулж буй хувь нэмэр болон цаашдын ирээдүйн талаар танилцууллаа.

“Дисковер Монголиа” чуулга уулзалт маргааш үргэлжилнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн 33 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэхээр болов

Цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй багш нарын ажил хаялт есдүгээр сарын 3-ны өдрөөс эхэлсэн Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг зохион байгуулж буй юм. Тус холбооноос өнөөдөр мэдээлэл хийж маргаашнаас ажил хаялтад цэцэрлэгийн багш нар нэгдэх болсныг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45 сургууль ажил хаялтад хамрагдсан байна. Цаашид сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад нэгдэх мэдэгдлээ өгөөд байгаа аж. Тухайлбал маргааш буюу есдүгээр сарын 6-наас Нийслэлийн хэмжээнд 33 цэцэрлэгийн багш ажил хаях юм байна. Мөн цаашид 92 цэцэрлэг ажил хаялтад нэгдэхээр Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгдлээ өгчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон нутгийн иргэдийн хадгаламж илүү өсчээ

Иргэдийн нийт хадгаламжийн хэмжээг 2016 оны долдугаар сартай харьцуулахад улсын хэмжээнд дөрвөн их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, 5.4 их наяд байсан иргэдийн хадгаламж 9.6 их наяд болж өссөн байна. Ялангуяа орон нутгийн иргэдийн хадгаламж илүү өсчээ. Үүнийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдсэнтэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарласан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Олон улсын бизнес аялал болно

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь БНХАУ-ын Гуандун мужийн Олон Улсын Худалдааг Дэмжих Хороотой хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд бизнес аялал зохион байгуулах гэж байна. Гуандун мужийн барилгын материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, төрөлжсөн худалдааны төвүүдтэй газар дээр нь очиж танилцах, Хятадын хамгийн том экспорт импортын 124 дaхь удаагийн “CANTON FAIR” олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхох зорилготой.
Гуандун муж нь БНХАУ-ын үйлдвэрлэл хамгийн ихээр хөгжсөн эртнээс нааш худалдааны томоохон хот байсаар ирсэн хамгийн хөгжингүй бүс – Хятадын хөгжлийн цонх болсон муж бөгөөд бид та бүхэнд энэхүү хөгжингүй мужийн үйлдвэрлэгч нартай танилцах боломжийг олгож байна.
Тус үзэсгэлэнд төрөл бүрийн барилгын материалаас гадна дараах бараа бүтээгдэхүүн дэлгэн тавигдана. Үүнд:
1. Электрон бараа болон гэр ахуйн цахилгаан бараа
Цахилгаан бараа
Компьютер болон холбоо мэдээлэл
Гэр ахуйн цахилгаан бараа
2. Гэрэлтүүлэг болон дагалдах хэрэгсэл
Гэрэлтүүлэх систем ашиглах: Аж үйлдвэрийн гэрэлтүүлэг, засал чимэглэлийн гэрэлтүүлэг, дохиоллын гэрэл, тайзны гэрэл,
албан тасалгааны гэрэл, зар сурталчилгаа үзэсгэлэнгийн гэрэл, орон сууцны гэрэл
Гэрлийн чийдэн: Өдрийн гэрэл, сүүн гэрэл
Чийдэнгийн сэлбэг: гэрлийн бүрхүүл, гэрлийн тулгуур, гэрлийн патрон, цахилгаангүйдэл тогтворжуулагч, цахилгаангүйдэл хувьсгуур, тохируулагч, солигч
3. Авто тээврийн хэрэгсэл болон дагалдах сэлбэг хэрэгсэл
Унадаг дугуй, сэлбэг
Мотоцикл, сэлбэг
Автомашины сэлбэг, Автомашины гоёл чимэглэл
Машин
4. Машин механизм
Уул уурхайн, Хүнд машин механизм
Газар тариалангийн тоног төхөөрөмж
Хүнсний тоног төхөөрөмж
ЖДҮ-ийн тоног төхөөрөмж
Бага оврын тоног төхөөрөмж
Том оврын тоног төхөөрөмж
Барилгын тоног төхөөрөмж
5. Төмрөн багаж хэрэгсэл
Гэр ахуйн төмөр эдлэл, засал чимэглэлийн төмөр эдлэл, түгжээ болон сэлбэг, торгонцоолтуур, гагнуурын материал, нам даралтын хаалт, ширэм, төрөл бүрийн төмөр эдлэл
Хэмжүүр, үрэгч, механик багаж, цахилгаан багаж, хийн багаж, гидравлик багаж, гагнуур, механизмийн багаж, зүсэгч багаж, тариалангийн багаж
6. Барилгын материал
Обой, плита, ламинатан шал
Санитар
Барилга болон дотоод засал чимэглэлийн материал
Барилгын төмөр эдлэл
7. Химийн гаралтай бүтээгдэхүүн
Химийн бодисууд: Натрийн нийлмэл, калийн нийлмэл, кальцийн нийлмэл, борийн нийлмэл, манганы нийлмэл, хромын нийлмэл, цайрын нийлмэл, магнийн нийлмэл, хөнгөн цагааны нийлмэл, дан химийн бүтээгдэхүүн, түлш, тосон бүтээгдэхүүн, органик химийн бүтээгдэхүүн, эфир, бусад химийн бодисууд
Будаг
Хуванцар бүтээгдэхүүн
Тариалангийн хэрэгсэл: бордоо, эмбэлдмэл
Шатаагч бодис: Дарь, дэлбэлэгч бодис, газ болон бусад шатаагч бодисууд
Химийн туршилтийн бодисууд
8. Импортын бараа /Хятад улсад импортоор орж ирдэг бүтээгдэхүүн/
Цахилгаан болон гэр ахуйн цахилгаан бараа:
Барилгын материал болон төмөр багаж
Механизмийн тоног төхөөрөмж
Аж үйлдвэрийн түүхий эд

Иймд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч Та бүхнийг шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл энэхүү бизнес аялалд оролцохыг МХАҮТ-аас урьж байна.
2018 оны есдүгээр сарын 30-ний өдрийг дуустал бүртгэх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг 312501, 99077781 утсаар болон baigalmaa@mongolchamber.mn хаягаар авах юм байна.