Categories
мэдээ эдийн-засаг

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг энэ сарын 26-нд сонгоно

МҮХАҮТ манай улсын хамгийн том, хамгийн олон буюу 3500 бизнес эрхлэгчийг эгнээндээ нэгтгэсэн ТББ юм. Энэ байгууллагын бүх гишүүний ээлжит их хурал энэ сарын 28-нд СТӨ-нд болох гэж байна. Хурлаар танхимыг ирэх дөрвөн жилд удирдах Ерөнхийлөгчийг 800 төлөөлөгчийн нээлттэй саналаар сонгох аж.

Дөрвөн жилийн өмнөх их хуралд Б.Лхагважав, UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар өрсөлдөж байсан билээ. Энэ удаад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өрсөлдөх юм байна. Нэр дэвшигчдийн нэрс энэ сарын 26-нд албан ёсоор тодорхой болох ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн арилжаагаар 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 144,043,296 төгрөгийн үнийн дүн бүхий 317,698 ширхэг хувьцаа арилжсан байна. Үүнээс 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ремикон” ХК (RMC+7.41%) болон “Монгол Шуудан” ХК (MNP+7.27%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN-5.29%) болон “Хөх Ган” ХК (HGN-4.13%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “TOP 20” индекс 0.93 хувиар өсч 21684.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,500,274,395,114.14 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

Монголбанкнаас мэдээлснээр банк, санхүүгийн байгууллагуудаас олгосон нийт зээлийн хэмжээ 17.1 их наяд төгрөг болоод байна. Үүнээс төгрөгийн зээл 14.4 их наяд, ам.долларын зээл 2.7 их наяд төгрөг байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх 12-р сарынхаас 506 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь гурван хувиар өссөн үзүүлэлт аж. Зээлийг төрлөөр нь авч үзвэл хэвийн зээл өмнөх сараас 915 тэрбум төгрөг буюу долоон хувиар өссөн байна. Харин хугацаа хэтэрсэн зээл мөн өмнөх сараас 125 тэрбум төгрөг буюу 13 хувиар, чанаргүй зээл мөн өмнөх сарынхаас 283 тэрбум төгрөг буюу 14 хувиар тус тус буурчээ.

Сүүлийн жилд манайд хэрэглээний зээл өссөөр байна. Манай улсын импортын 20 гаруй хувийг хэрэглээний бүтээгдэхүүнийэзэлж байна. Энэ нь нэг талаар импортыг өдөөж буйг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдэгдэж байна. Импортын зээл өмнө нь хоёр тэрбум ам.доллараас хэтэрдэггүй байсан бол одоо дөрвөн тэрбум ам.долларт хүрч өсжээ. Тиймээс замбараагүй хэрэглээг хумих шаардлага гарч ирснийг мэдэгдэж, хэрэглээний зээлийг хумих бодлогыг Монголбанкнаас барьж буйг хэлж байна. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрлэл, бизнесийн зээл болон зөв хэрэглээний зээлийг дэмжих шаардлага гарч буй. 2018 оны шинэ зээлд хэрэглээ, үйлдвэрийн зээл тэнцүү гарсан байна. Тэгвэл өнгөрсөн оны эхний хагас жилд нийт зээлийн 80 хувийг хэрэглээний зээл эзэлж, үйлдвэрлэлийн зээл 20 хувьтай байжээ. Зээлийн үлдэгдлийг бүтцээр авч үзвэл:

  • цалин тэтгэвэр 26 хувь
  • худалдаа 14 хувь
  • үл хөдлөх 11 хувь,
  • барилга 9 хувь
  • уул уурхай 7 хувь
  • автомашин 3 хувийг тус тус эзэлж байна
Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн экспортын хилийн үнэ 12 хувиар өссөн байна

Дэлхийн зах зээл дээрх металлын үнэ 2018 оны сүүлийн хагаст буурч эхэлсэн ч, өмнөх онуудаас өндөр хэвээр байна. Чулуун нүүрсний хилийн үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 13 хувиар, зэсийн баяжмалын экспортын хилийн үнэ 12 хувиар, түүхий нефтийн хилийн үнэ 33 хувиар, ноолуурын үнэ 51 хувиар тус тус өссөнөөр нийт экспортын үнийн индекс 20 хувиар өссөн байна. Дэлхийн зах дээрх зэсийн үнэ буурсан байхад манай хилийн үнэ өсөлттэй гарсан нь “Оюутолгой”-н зэсийн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаатай холбоотой. Харин хэрэглээ, хөрөнгө оруулалт болон нефтийн бүтээгдэхүүний үнийн голлох нөлөөгөөр нийт импортын үнэ өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өсөөд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкны салбарын активын чанарын асуудлаар ОУВС-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирчээ

Монгол Улсад хэрэгжүүлж буй Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн багийн ахлагч Жэф Готтлийб багийн гишүүдийн хамт 2019 оны нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж, бодлого боловсруулагч байгууллагуудтай уулзаж хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийжээ.

Энэ удаагийн яриа, хэлэлцээрүүд Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засгийн төлөв, цаашид арга авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өрнөсөн байна.

Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, 6 хувийг давж өсөх төлөвтэй байгаа, экспортын үнэ болон гадаад орчин эдийн засгийн засгийн идэвхжлийг дэмжин хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцоллоо.

Монголбанкны зүгээс инфляцийн төлөв, эдийн засгийн сэргэлт, валютын нөөцийн хуримтлал, зээлийн өсөлт зэрэгтэй уялдуулан бодлогын хүү болон макро зохистой бодлогыг хослуулан бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар уулзалтын үеэр хэлэлцжээ.

Түүнчлэн банкны салбарын активын чанарын үнэлгээний явц, үр дүн цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар ОУВС-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2630 төгрөгтэй тэнцэж байна

Оны эхэнд 2432 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2630 төгрөг байна. Ханшийн өсөлтийг Төв банк тайлбарлахдаа АНУ-ын Холбооны банкны бодлого, манай улсын мөнгөний гадагшаа урсгалтай холбож байгаа юм. Өөрөөр хэлбэл, экспртын орлого, гадаадын хөрөнгө оруулалт нь импорт, гадаадаас авсан зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрөөсөө бага байна. Мөн АНУ-ын Холбооны банк бодлогын хүүгээ энэ онд өсгөхөө мэдэгдсэн. Ирэх жил ч мөн үе шаттайгаар өсөх юм. Төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд Төв банк өнгөрсөн онд 1.2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлсэн.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн экспортоос 871.9 тэрбум төгрөг төвлөрүүлэв

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр манай улс өнгөрсөн онд тус салбараас 2.5 их наяд төгрөгийн орлого олжээ. Ингэснээр уул уурхайн экспортын орлого өнгөрсөн оноос 456.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнээс нүүрснээс 910.6, алтнаас 80, цайраас 76.9, зэсээс 871.9, төмөрөөс 17.1, жоншноос 16.3 тэрбум төгрөг олсон. Ингэснээр гадаад худалдааны эргэлт 2.4 тэрбум ам.доллароор өссөн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Хүн ам, орон сууцны тооллогод 1.8 тэрбумыг зарцуулна

Манай улс арван жил тутам хүн амаа тоолдог. 2010 онд эл тооллого өрнөсөн бол уламжлал ёсоор 2020 онд хүн ам, орон сууцны тооллого болох юм. Үндэсний статистикийн хорооноос хүн амын урьдчилсан тооллого эхлүүлсэн байгаа. Харин энэхүү хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд Улсын төсвөөс 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Дашрамд дурдахад, тус хорооноос өгсөн мэдээллээр манай улс 3.2 сая хүн амтай гэдэг.

Categories
мэдээ эдийн-засаг

“Төсөвчин” аппликейшныг гаргалаа

Монголбанкнаас иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд “Төсөвчин” аппликейшнийг гаргажээ.

Энэхүү аппликэйшн нь өөртөө Төсөв, Хуримтлал, Хадгаламж, Зээл, Моргэйж зэрэг тооцоолууруудыг багтаасан.

Энэхүү аппликэйшнээр дамжуулан хувь хүн санхүүгээ удирдах, орлого, зарлагаа хянах, хадгаламж, хуримтлалын төлөвлөгөө гаргах зэрэг өргөн боломжтой юм.

Хэрвээ уг аппликейшнийг татаж авахыг хүсвэл доорх линкээр татаж болох нь.

iOS: ЭНД дарна уу.

Android: ЭНД дарна уу.

Монголбанкнаас "Төсөвчин" аппликейшн гаргажээ

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Лхагважав: Бизнесмэнүүдийн хөдөлмөрөөр олсон 800 сая ам.долларыг иргэд, компаниудад зориулах ёстой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ жил манай компаниуд маш сайн ажиллаж татварын орлогыг 800 гаруй сая доллараар давуулжээ. Гэвч төр энэ их мөнгийг юунд зарцуулах тухай мэдээлэл алга. Энэ талаар хуулиар бизнесийн салбарыг төрд төлөөлдөг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Эрх баригчид эдийн засгийн маш хүнд үеийг дууслаа гэж зарлаж байна. Үнэхээр эдийн засаг сэргэж эхэлсэн үү?

-Макро эдийн засгийн тоон дүн цатгалдсан сайхан дүн гарлаа. Мал өслөө. Татварын орлого хоёр их наяд төгрөгөөр давлаа. Энэ чинь 834 сая доллар гэсэн үг шүү дээ.

-Хэр их мөнгө бол?

-Төрийн албан хаагчдын бараг найман сарын цалинг тавьчих хэмжээний мөнгө. Нэг жилийн тэтгэвэр, тэтгэмж тавьчих мөнгө л дөө. 2017, 2018 онд манай бизнесменүүд гайхалтай ажиллалаа. Одоо энэ мөнгийг нийтийн төлөө хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал гарна.

-Эдийн засаг мөнгөжлөө гэж ойлгож болох уу?

-Төсөвт тооцоогүй 2.2 их наяд төгрөг орж ирнэ гэдэг бол мөнгө хангалттай гэсэн үг. Төсөвлөснөөс 33 хувиар их мөнгөтэй болчихлоо.

-Юунаас болоод гэнэт баяжив?

-Гэнэт баяжаагүй. Манай бизнесменүүдийн нөр их хөдөлмөр. Эдийн засгийн өсөлтийн хувьд шударгаар ний нуугүй хэлэх хэрэгтэй. Аливаа Ерөнхий сайд ирэх жилүүдийнхээ авах ургацын үрийг суулгадаг. 2013-2014 он хямралын оргил үе байсан. Тэр үед би МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болж таарсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй анхны хэрэгжүүлсэн ажил бол “Ил тод байдлын тухай” хууль. Эл хуулийн үр дүнд 17 тэрбум долларын бараа, үйлчилгээ ил гарч ирсэн. Дараа нь НӨАТ-ын хууль дээр ажилласан. Энэ бол өнөөгийн эдийн засгийн өсөлтийг хангах Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тарьсан үр гэж хэлж болно. Дараа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хийсэн томоохон ажил бол ОУВС-тай хийсэн гэрээ. Татвар нэмнэ, нэмэхгүй гэсэн маргаан байсан ч үр дүнгээ өгсөн. Дээр нь газрын баялгийн үнийн өсөлтийн үе давхацсан. Одоогийн Ерөнхий сайд төрд бугшсан элдэв юмыг цэгцлэх гээд жил гаруй ноцолдож байгаа харагдаж байна. Сахилга бат, ёс зүй тогтоох, авлигатай тэмцэх гээд чамгүй үр тарьж байна. Нефтийн үйлдвэр, Таван толгойн хувьцаа, том төслүүдийг хөдөлгөх гээд ажиллаж л байна. Би дээрх Ерөнхий сайд нартай дөрвөн жил хамтарч ажиллалаа. Тийм учраас бодит байдлыг хэлэх хэрэгтэй. Ерөнхий сайд бүрийн оролцоотойгоор эдийн засаг өндийж байгаа юм шүү. Энэ их эдийн засгийн өсөлт хэдхэн сарын хэн нэгний хөдөлмөрийн үр дүн биш л дээ.

-2013-2016 оны хямралаас сургамж авсан уу?

-Болсон. Гэхдээ хэн сургамж авав, хэн сургамж авсангүй гэсэн тухай яривал өөр зураг гарна. Компаниуд бол хангалттай сургамж авсан. Сургамж авсан гэдэг сая татварын орлого давж биелснээс харагдаж байгаа юм.

-Төр аваагүй гэж үзэж байна уу?

-Энэ бол асуултын тэмдэг. Төр, Монголбанк нийтийн мөнгөний менежмэнтийг хийж байгаа. ОУВС тэднийг дасгалжуулж байгаа. Төрийн том сангийн менежмэнтийг хийж байгаа дээрх субьектууд дасгалжуулагчийнхаа үгэнд орж байна уу, үгүй юу гэдэг нь бас л анхаарлын тэмдэг болж байна.

-Яагаад ингэж дүгнэж байна?

-Энэ бол УИХ 2019 оны төсөв хэлэлцэх үеэр илэрсэн үзэгдэл. Өнөөгийн үр дүн бол зудны дараахь бизнесменүүдийн асар их хөдөлмөрийн үр дүн. Гэтэл 2019 оны төсвийг батлахдаа өмнөх жил нь 400 тэрбум байсан хөрөнгө оруулалтыг 1.4 их болгоод тэрбумаар өсгөж байгаа юм. Энэ бол 2020 оныг угтсан 76 жалга руу цацсан мөнгө. Нэг их наяд төгрөгийг ингэж цацна гэдэг нь дасгалжуулагчийнхаа үгийг авахгүй байна гэж харагдаж байгаа юм. Тэр их наяд төгрөгөөс гадна 800 гаруй сая ам.доллар орж ирлээ.

-Орлого давсан 800 гаруй сая ногооныг ЖДҮ-дэхгүй гэсэн баталгаа байна уу?

-Тийм зүйлд эсвэл дарга нарын мөрөөдлийг биелүүлэх гэсэн чиглэлээр зарж болохгүй. “Сансарт пуужин нисгэнэ, утааг нэг өдөр арилгана” гэх мөрөөдлөөс хол байлгах хэрэгтэй.

-Энэ их нэмэгдэл орлого аль салбараас орж ирсэн бэ?

-600 тэрбум нь нүүрс, зэс гэх уул уурхайн салбараас. 1.6 их наяд нь бусад салбараас орж ирж байгаа. Бид зөвхөн уул уурхайгаас орж ирж байгаа мэтээр яриад байгаа. Энэ бол худлаа шүү.

-Бусад салбараасаа аль салбар нь түлхүү байна?

-Худалдаа, үйлчилгээ. Мах л гэхэд өмнөх жилүүдээс харьцангуй ихээр экспортолсон. Өмнөхтэйгөө харьцуулахад бүх салбарт өсөлт гарсан хамтын бүтээл шүү.

-Баяжсан Ерөнхий сайд Сангийн сайд хоёр энэ их мөнгөнөөс иргэд, аж ахуйн нэгжид хишиг хүртээх болов уу?

-Хишиг юу байхав дээ. Орлогын нэмэгдлийг иргэд, аж ахуйн нэгжид хүртээх дараагийн асуудлаа оновчтой болгох тухай асуудлыг би Ерөнхий сайдад тавьж байна.

-Төсөвт суулгаагүй энэ их мөнгийг Засгийн газар захиран зарцуулах эрхтэй юу?

-Уг нь сонгодог утгаараа бол хөгжлийн сан гэх мэтийн сангуудад хуримтлагдах ёстой л доо. Ерөнхий сайд энэ мөнгийг захиран зарцуулах эрхгүй. Ерөнхий төсвийн хуулиар баталсан мөнгийг зарцуулах үүрэгтэй. Тэр мөнгөндөө л ойртох эрхтэй. Илүүдэл мөнгөө хуримтлуулах ёстой. Гэхдээ үүнийг манайхан хийж байгаагүй юм л даа.

-Төсөвт суугаагүй нэмэгдэл орлогыг хэн зарцуулах эрхтэй вэ?

-УИХ шийдэх ёстой. 2021 оноос төлөх том өрөнд өгөх, эсвэл яригдаж байгаа том төслүүдэд зарцуулах гэсэн хувилбар бий л дээ.

-Та Ерөнхий сайд байсан бол энэ их мөнгийг яаж зарцуулах байсан бэ?

-Хямралтай холбогдуулаад орлогын давтамжийг зургаан жилээр тооцох хэрэгтэй. Өнөөгийн байдлаар зөөлөн бүтэц рүү хандуулах ёстой.

-Зөөлөн бүтэц?

-Хүндээ хөрөнгө оруулалт хийхийг хэлж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд бид хатуу бүтэц буюу байшин, барилга дэд бүтэц рүүгээ хөрөнгө оруулсаар ирсэн. Одоо иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг болсон. Тийм учраас иргэдээ чадавхжуулах, ажлын байр нэмэгдүүлэх талаар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Гэхдээ надад боломж байсан бол эн тэргүүнд төрийн өмчийн 90 гаруй компанийг хувьчлах байсан. Энэ компаниуд манай эдийн засгийн 40 гаруй хувийг эзэлдэг шүү дээ.

-Эрдэнэт тэргүүтэй компанийг хувьчилж барах уу?

-Хувьчлахаас өмнө хувьцаат компаниуд болгох ажлыг эхний ээлжинд хийх шаардлагатай. Энэ ажлыг хийхэд их мөнгөнөөсөө 30 хувийг зарцуулчихвал эргээд түүнээс илүү өгөөж өгнө.

-Яг яаж хувьцаат компани болгох вэ?

-Бид өмнө нь УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байсан. Тэр үед ОУВС татвар нэмэх шаардлага тавьж байсан юм. Бид эхний удаад хувьчилж чаддаггүй юм гэхэд хувьцаат компани болгох гэж байсан. Энэ компаниудыг хувьцаат болгоход 2-3 жил шаардлагатай.

-Хувьцаагаа яаж гаргах вэ?

-Одоо байгаа үнэлгээгээр хол юм ярих хэрэггүй. Төрийн Таван толгойг өнөөдрийн загвараар ашиглавал арван жилийн дараа тэнд хэнд ч хэрэггүй нүх үлдэнэ.

-Яагаад, тэнд чинь хэдэн тэрбум тонн нүүрс байгаа биз дээ?

-Хамгийн их ашгийг хамгийн бага зардлаар олборлож болох давхаргыг сорчилж байна. Зүгээр л таван жилийн төлөвлөгөө биелүүлэх гэж байгаа юм шиг ажиллаж байна.

-Таныхаар бол яаж ашиглах ёстой вэ?

-Таван толгойн ордод хэрэгжиж байгаа гурван компанийн менежмэнт байна. Тэднийг харьцуулж харах хэрэгтэй. Эрдэнэс Таван толгой буюу төрийн мэдлийн, Орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоотой жижиг Таван толгой, “Энержи ресурс” компанийн мэдлийн орд ашиглагдаж байгаа. Төрийн таван толгойг ашиглахад энэ гурван компанийн хамгийн сайн менежмэнтийг л ав. “Энержи ресурс” нүүрсээ угаагаад нүүрсээ нөгөө компаниасаа хоёр дахин илүү үнэтэй зарж байна. Энэ компани хувьцаагаа олон улсын зах зээлд гаргачихсан. 600 сая доллар босгоод үйлдвэр, цахилгаан станцаа барьчихсан. Таван толгойн ордод ийм бэлэн жишээ байхад шинэ дугуй хийх гэж цаг алдах хэрэггүй. Эрдэнэс Таван толгой өнөө маргаашгүй “Энержи ресурс”-ын захирал Батцэнгэл гэдэг залууг урьж ажиллуулах хэрэгтэй.

-Та Төрийн Таван толгойн одоогийн менежмэнтэд итгэхгүй байгаа юм уу?

-Би яаж итгэх юм бэ. Тэнд зүгээр л нэг нам дагаж гүйсэн залуу очоод суучихсан. Тэрний бизнес, менежмэнт мэднэ гэж юу байх вэ дээ.

-Өнөөдөр та бидний нэр дээр байгаа 1072 гэсэн тоо хувьцаа мөн үү?

-Хувьцаа гэсэн тодотгол. Би энэ ордын түүхэнд оролцож явсан. Анх АНУ Пибоди Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад С.Батболд (Ерөнхий сайд асан) гэдэг залууд өгөөд гарсан юм. Тэр залуу арваад жил хадгалж байгаад Ерөнхий С.Баярт буцааж өгсөн байдаг. Түүнээс хойш Таван толгойг зохицуулах ямар ч эрх зүйгүйгээр өнөөг хүрсэн. Өнөөдөр энэ 1072 гэсэн хувьцааг бэлгэдсэн тоо болчихоод байгаа юм.

-Яагаад энэ 1072 гэсэн хувьцаа болж биежихгүй өнөөг хүрэв?

-1072 гэсэн тоо авсан хоёр сая гаруй иргэн байна. Тэд нэг суугаад хуралдах боломж алга. Тэдний хувьцааг төлөөлсөн нэг ч хүн төрийн Таван толгойн ТУЗ бүү хэл хашаанд нь ч алга. Тэгэхээр иргэдийн хувьцаа амилахгүй л дээ. Харин тэнд суугаа эрх баригч намын томилсон улсууд юу дуртайгаа яриад сууж байна шүү дээ.

-Та яг юуг буруутгаж байна?

-Гүйцэтгэх захирал нь бодлогын чанартай том том яриад сууж байна. Тэр хүн бол зүгээр л ТУЗ-өөс гарсан шийдвэрийг дамжуулаад, хэрэгжүүлээд сууж байх ёстой нөхөр байхгүй юу. Гэтэл нэг их том бодлого ярьсан нөхөр. Энэ чинь өөрөө хувьцаа биежээгүй учраас хаа хамаагүй нэг нөхөр бидний өмнөөс яриад байгааг харуулж байгаа байхгүй юу.

-Монголын хөрөнгийн биржээс хувьцаа авахдаа би юуг анхаарах ёстой вэ?

-Том хөрөнгө оруулагчид хэн болох, гүйцэтгэх захирал ямар ажлын дадлагатай, менежмэнттэй, компанийн стратеги төлөвлөгөө, ойрын болон холын ирээдүйд оруулах хөрөнгө оруулалт, олох ашиг гээд энэ бүхнийг харж байж хувьцаа авах хэрэгтэй. Энэ тухай өөрөө мэдэхгүй бол брокерийн компаниудаас зөвлөгөө авах хэрэгтэй.

-Дээрх үзүүлэлтүүд манай төрийн Таван толгойд бэлэн үү?

-Та өөрөө үзсэн дээр байх. (инээв).

-Тэгээд яаж төрийн Таван толгойн 30 хувийг олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө оруулагч татах вэ?

-Гадны хөрөнгө оруулагч зах зээл дээр тоглож байгаа улсуудыг л харна. Манайхны менежмэнт гэдэг бол ухаад, ачаад, хүргэж өгөхийг хэлээд байгаа юм. Усны асуудал шийдэгдсэн үү, дэд бүтэцтэй болох уу, боломжтой юу гэх мэтийн хөрөнгө оруулагчид эргэлзээ төрүүлэх олон асуудал бий. Харин сая цахилгаан станц барих шийдвэр бол нааштай үзүүлэлт. Энэ бүхнийг харж байж л хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргана. Ер нь төрийн өмч гэдэг юмаа тодорхой болгохгүй бол хөрөнгө оруулалтын тухай ярих хэцүү.

-Юу гэсэн үг вэ?

-Үндсэн хуульд төрийн өмч гээд заачихсан. Гэтэл энэ бүхэн нь хуулийн ямар ч хамгаалалтгүй.

-Яагаад?

-Яагаад улстөрчид төрийн өмчид дураар халдаад байгаа вэ гэхээр түүнийг нь хэрхэн зарцуулах, хулгайлахаас хамгаалсан хууль байхгүй. Тиймээс сонгуулиар хэр хэмжээний хөрөнгийн эрх эдэлж байна. Тэр хэмжээгээр хулгай хийж байгаа юм.

-Өмчийн хууль гарах гэж байгаа гэсэн биз дээ?

-Харин тэр хууль дээр сууж байсан дэд сайд Энхбаяр дараагийн долоо хоногт нүдээд бэлэн болгох тухай ярьж байсан чинь сая хусуулчихлаа шүү дээ. Уг нь нэлээд нухаад бооход ойртсон юм билээ.

-Энэ хуулиар юуг тодорхой болгох шаардлагатай вэ?

-УИХ Засгийн газар, компани, иргэнд төрийн өмчийг эзэмших ашиглах, өмчлөх эрхийг яаж өгөхийг тодорхой болгоно. Үндсэн хуульд төрийн болон хувийн өмчийг хуулиар хамгаална гэсэн заалт бий. Гэтэл төрийн өмчийг хамгаалах хууль алга. Тэгээд хэн Засгийн эрх авна. Тэр захиран зарцуулаад эхэлж байгаа юм.

-Үнэхээр төрийн өмчийг хамгаалах хууль байхгүй юу?

-Ямар ч хууль байхгүй.

-Та өмнөх ярилцлагадаа “Анх удаа төрийн гурван өндөрлөг нэгдлээ. Таван толгой хөдлөх байх” гэж хэлж байсан.

-Та дутуу хэлчихлээ. “Цаашдаа хэр зохицохоос Таван толгойн хувь заяа шийдэгдэнэ” гэж хэлсэн.

-Нөгөө хоёр нь нэгийгээ тууж байх шиг байна.

-Таван толгой дээр зохицоогүй учраас байх (инээв).

-Би танд “Энержи ресурс”, жижиг Таван толгой, төрийн таван толгойн хувьцаа санал болговол алийг нь авах вэ?

-“Энержи ресурс”-ийг сонгоно.

-Яагаад нөгөө хоёрыг сонгохгүй гэж?

-Жижиг Таван толгой нөөц дуусч байгаа. Төрийн таван толгой ямар ч стратеги, менежмэнтгүй.

-Эрдэнэтийн зэсийн худалдааны гэрээг хэн хийдэг, хэдэн хувь хүртдэг тухай мэдээлэл олсон уу та?

-Олоогүй. Тэр мэдээлэл төрийн гурван өндөрлөгийн түвшний мэдээлэл. Зүгээр мэдээллийн чанартай зүйл хэлэхэд энэ жил Эрдэнэт 220 сая долларын ашигтай ажилласан. Оросууд яагаад хаясан гэвэл зарим жил хоёрхон сая долларын ашиг авч байсан байхгүй юу.

-Юунаас болж гэнэт цоортол ашиг хийв?

-49 хувийг авчирсан залуусын хүчээр. Ажилчид хүртэл “Олсон мөнгөө үйлдвэрийн технологийн шинэчлэлд зарж, бидний нуруу амарч байна” гэж байна шүү дээ.

-49 хувийн маргаан яаж дуусах бол?

-Үүнд тухайн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хариу өгөх ёстой. Үнэхээр оросууд хугацаатай авах санал тавьсан уу. Хэрэв тэгсэн бол энэ улс төрийн шийдвэр. Цааш яриад байх зүйл байхгүй.

Та тэр үед өссөн гээд бухимдаад байсан байх аа. Тийм юм болсон. Гэнэт доллар өсөхөөр гайхаж байтал Монголоос 400 сая доллар гараад явчихсан байсан. Манайх шиг жижиг зах зээлээс хоёрхон өдөр 400 сая доллар гарна гэдэг чинь аюул биз дээ. Үүнийг харж байсан УИХ, Монголбанк юу хийж байсан юм. 2016 онд наймдугаар сарын ханшийн өсөлт энэ байсан байхгүй. Тэгээд өсөлтийн зөрүүг бид төлж байгаа биз дээ. Хэрэв улс төрийн шийдвэр бол дотроо зохицох хэрэгтэй. 2003 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч Н.Энхбаярыг долоо хоногийн дотор 250 сая доллар төлбөл их өрийг хаах санал тавьсан. Манайхан шавхаад 200 сая доллар гаргасан. Фрийдландаас 50 сая доллар зээлсэн. 2004 оноос гадны хөрөнгө оруулалт орж ирсэн.

Үргэлжлэл бий.