Categories
мэдээ эдийн-засаг

13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 101,094,030 төгрөгийн үнийн дүн бүхий 261,006 ширхэг хувьцаа арилжжээ. Үүнээс 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөх Ган” ХК (HGN+14.57%) болон “Баянтээг” ХК (BTG+14.36%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гурил Тэжээл Булган” ХК (GTJ-14.58%) болон “Монгол Нэхмэл” ХК (MNH-14.24%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 535 ширхэг үнэт цаасыг 53,837,250 төгрөгөөр арилжаалагдсан байна

“TOP 20” индекс 0.47 хувиар буурч 21006.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,488,205,710,638.74 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Хаш-Эрдэнэ: Поп улстөрчдөөс болж бизнес эрхлэгчид хохирдогийг болиулахын төлөө бид нэгдэх ёстой

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


Б.Хаш-Эрдэнэ: Поп улстөрчдөөс болж бизнес эрхлэгчид хохирдогийг болиулахын төлөө бид нэгдэх ёстой

-МҮХАҮТ-ын даргад өрсөлдөх болсон шалтгаанаас яриагаа эхэлье?

-Би танхимын хувьд шинэ хүн биш л дээ. МҮХАҮТ-д 2000 оноос хойш арван жилийн турш мэргэжилтнээс эхлээд газрын дарга хүртэл ажлыг хийж байсан. Тухайлбал, Танхимын зах зээлийн судалгааны төвд мэргэжилтэн, “ Зээлийн зэрэглэлийн агентлаг” гэж байгуулагдахад ахлах мэргэжилтнээр нь ажиллаж байлаа. ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах шалгуур үзүүлэлтийг анх гаргаж шалгаруулалтыг хийж байсан. Танхим үндсэн хоёр үүрэгтэй. Нэг нь бодлогын өмгөөлөл, нөгөө нь дэмжин урамшуулах. Бодлогын өмгөөллийн тухайд бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр төр засгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг юм. Бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллахдаа хувийн хэвшлийнхний өмнө тулгамдсан асуудлыг судалж, шийдлүүдээ гаргаад төр засгийн байгууллагад тодорхой саналууд оруулан шийдвэрлүүлдэг байсан. Тухайн үед төр засгийн байгууллагуудаас гаргаж байсан эдийн засаг, бизнесийн чиглэлийн бодлого, хууль эрх зүйн актуудад гишүүн байгууллагуудынхаа саналыг тусгуулж ажилласан. Гэтэл өмнө нь хийсэн, бүтээсэн зүйлс маань удааширсан, зарим нь зогссон учраас эхлүүлснээ үргэлжлүүлье, бизнесийн орчныг сайжруулъя гэсэн хүсэл, зорилгоор ийм шийдвэр гаргалаа.

-Таныг ажиллаж байхад танхимын нөлөөгөөр бизнест ээлтэй ямар шийдвэрүүд гарч байсан бэ?

-Татварын багц хууль 2008 онд өөрчлөгдөхөд идэвхтэй оролцсон.Бизнесийнхний эрх ашгийг хамгаалах заалтуудыг тусгах гэж үг, үсэг бүр дээр ажиллаж байлаа. Үүний үр дүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ 10 хувь болж буурсан. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог Сангийн яамтай хамтарч байгуулаад ажилласнаа онцолмоор байна. Энэ хорооны ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийг төлөөлдөг төрийн бус байгууллагууд өөд өөдөөсөө харж суугаад шийдлээ гаргадаг байсан. Гааль, мэргэжлийн хяналтынхан гэх мэт төрийн байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгчдэд маш их хүнд суртал гаргадаг байсан. Иймээс Танхимаас гааль, мэргэжлийн хяналтынхны хүнд суртлыг бууруулах зорилгоор тэдэнтэй тулж ажилласан учраас эдгээр газруудын хүнд суртал, авлигын индекс мэдрэгдэхүйцээр буурсан үр дүн тухайн үед гарч байсан. Гэх мэтчилэн олон асуудлыг шийдэхэд бидний хувь нэмэр нэлээн байсан гэж бодож байна. Үүний үр дүнд МҮХАҮТ гэдэг байгууллагын өнөөгийн имиж нийгэмд бий болсон.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа одоо ямаршуу байна?

-Төр хувийн хэвшлийнхний өмнө тулгарч буй асуудлуудыг сонсож, шийдвэрлэх чиглэлээр ажилладаг механизмууд үндсэндээ зогссон байна. Бид төрийн агентлаг, яамд, УИХ-ын байнгын хороод гээд төрийн байгууллагын бүх шатныхантай нягт хамтарч, тулж ажиллах системийг бий болгочихсон байсан. Харамсалтай нь өнөөдөр тэр систем идэвхтэй ажиллахаа больсон байна. Энэ систем нурснаар хамгийн их хохирох хүмүүс нь бизнесийнхэн шүү дээ.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нурсан гэдэг дээр тодорхой жишээ дурдаач?

-Сүүлд гэхэд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн асуудал дуулиан тарилаа. МҮХАҮТ энэ асуудлаар мэдэгдэл гаргаж, шүүмж өрнүүлж, бизнес эрхлэгчдээ өмгөөлсөнгүй. Нэгдүгээр сарын 1-нээс иргэд, байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэл өсч байна. Танхим дуугарсангүй. Бизнесийн орчин хоёр жилийн өмнөхөөс хорин орчим байраар ухарчихаад байхад бизнесийн орчныг сайжруулах талаар дорвитой дуугарч, сайн ажилласангүй. Одоо 2019 онд төрийн худалдан авалт нэмэгдэхтэй холбоотойгоор Монгол Банкнаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлвэл бизнесийн орчинд лав л таатай нөлөөлөхгүй. Гэтэл энэ талаар танхим дуугарахгүй хэвээр л байна. Өмнө нь бид дуугарч, бизнесийн өмгөөллөө хийж байсан. Одоо дуугарахгүй байгаа нь танхимын удирдлагуудтай л холбоотой.

– Бизнес эрхлэг ч , баялаг бүтээгчдээ өөлсөн, шүүмжилсэн , адалсан хандлага тод анзаарагдах боллоо. Компаниудыг баялаг бүтээгч талаас нь нийгэмд ойлгуулах нь танхимын үүрэг мөн үү?

-Мөн байлгүй яахав. Энэ бол нийгмийн гажуудал. Нийгмийн гажуудал, сэтгэлгээний ядуурлыг засах хүмүүс нь бидний үеийнхэн гэж харж байгаа. Поп улстөрчдөөс болоод иргэдийн сэтгэлгээ хүртэл ядуурч, өөрчлөгдөж байгаагийн нэг жишээ л дээ. Төрөөс тэтгэмж аваад явахаа илүүд үзсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс ихсэх нь сайн зүйл биш. Баялаг бүтээж байгаа, ажиллаж байгаа хүмүүсээ шулаачид, муусайн луйварчид гэж харах нь зөв хандлага биш. Нийгмийн энэ гажуудал поп улстөрчдөд л ашигтай тусаад байна. Нийгмийн энэ гажуудлыг засах хүмүүс нь хувийн хэвшлийнхэн, бидний үеийнхэн. Иймээс бид нэгдэж дуу хоолойгоо гаргаж байж үр дүнд хүрнэ.

-“Ард санхүүгийн нэгдэл”- ийн Ч.Ганхуягтай санаа нийлээд зүтгэх болсон олон шалтгаан бий байх…?

– Бид хоёрын хувьд санал нэгдсэн нэг том өнцөг бий. Бизнесийн орчин муудсан гэдэг дээр санал нэгдэж байгаа. Эрс өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол урагшлахгүй гэж харж байна. Зүгээр нэг татвар ярьчихаад сууж болохгүй л дээ. Бидний үеийнхэн үгээ хэлж, ажиллах цаг ирлээ гэдэг утгаараа Ч.Ганхуягтай нэг баг болж хамтрах шийдвэр гаргасан. Түүнчлэн Ганхуяг захирлын хувьд маш хурдтай, эрч хүчтэй, нийт Монголын бизнес эрхлэгчдийг гадаад, дотоодод бүрэн төлөөлөх чадвартай хүн гэж бодож байгаа учраас бид нэг баг болсон.

-Танай баг сонгогдлоо гэхэд хамгийн түрүүнд хийх ажлаасаа сонирхуулаач?

-Хамгийн түрүүнд бодлогын өмгөөллийн ажлуудаа эхлүүлнэ. Би хувийн хэвшлийн компаниудад зөвлөгөө өгч ажилладаг. Компаниудтай уулзаж байхад маш олон компани “Танхим руу очихоо больсон. Биднийг сонсохоо больсон учраас очих шаардлага ч алга” гэж байна. Тэгэхээр бодлогын өмгөөллийн ажлуудыг эхлүүлэхийн тулд хамгийн түрүүнд Танхим “чих”- ээ онгойлгох ёстой. Гишүүдээ сонсох учиртай. Бид жижиг, дунд, том бүх компаниудын өмнө тулгарч буй асуудлуудыг ойлгож, эрэлт хэрэгцээг нь мэдэрч байж урагшилна. Иймээс өмнө нь хэрэгжүүлж болдог байсан механизмуудаа эхлээд ажиллуулна. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо гэсэн бүтцийг ажиллуулахаа больсон байна.

-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо ажиллахаа больсон гэсэн үг үү?

-Үндэсний хөгжлийн газар ийм хороо байгуулаад, танхим идэвхгүй нэг гишүүн нь болчихсон байгааг мэдээнээс харсан.

-Өмнө нь энэ хороог МҮХАҮТ толгойлж байсан уу?

-Тийм, Танхим удирдаж байсан ю м . Манай баг хэрвээ сонгогдвол энэ хороог идэвхтэй ажиллуулахаас гадна хот, хөдөөгийн нийт хувийн хэвшлийнхний өмнө тулгарч буй асуудлуудад шинжилгээ, дүгнэлт хийж судалгааны үндсэн дээр төрийн байгууллагуудтай ажиллана. Иймээс танхим судалгааны Тинк Танк байгууллага байх ёстой. Жижиг, дунд, том бизнес эрхлэгчдийн өмнө тулгамддаг асуудал, эрэлт хэрэгцээ өөр өөр байдаг учраас бид гишүүн байгууллага бүрийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурласан үйлчилгээг технологийн шинэ шийдэлд тулгуурлан бий болгоно. Түүнчлэн манай гишүүдийн өмнө тулгардаг хөрөнгө оруулалт, санхүүжилт, хүний нөөц, зах зээлээ өргөжүүлж гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зэрэг олон тулгамдсан асуудал байдаг учраас манай багийнхан эдгээр асуудлуудаа шийдвэрлэхэд нь гишүүн байгууллагууддаа тусалж ажиллана.

-Хямд хүүтэй санхүүжилт татах тал дээр ажиллах бололцоо танхимд бий юу?

– Бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх , бизнесээ өргөжүүлэхэд хэрэгтэй хамгийн чухал асуудлуудын нэг нь таны сонирхсон асуудал. Компаниудад юуны түрүүнд хөрөнгө оруулалт, санхүүжилт хэрэгтэй. Гадаад зах зээлийн эх үүсвэрүүдээс хөрөнгө оруулалт татаж хувийн хэвшлийнхнийг холбож өгөх ажлуудыг хийх нь нэн чухал байгаа. Жишээ нь, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн 90 гаруй хувь нь банкны зээл. Банкны зээлийн доод хүү 20 хувь. Тэгэхээр компаниуд доод тал нь 40 хувийн ашигтай бизнес эрхлэх шаардлагатай нүүр тулдаг. Дэлхийд жамаараа хөгжиж яваа бизнесийн хувьд 40 хувийн ашигтай бизнес гэдэг бол супер гэсэн үг. Гэтэл манай компаниуд 40 хувийн ашигтай ажиллахгүй бол эргэлтийн хөрөнгөө ч санхүүжүүлж чадахгүй, маш олон бэрхшээл дунд зүтгэж байна. Энэ бол бизнесийн хамгийн муу орчин. Түүнчлэн Монголын бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлд түлхүү анхаарна. Бас нэг том асуудал бол төрийн бизнес. Төр өөрөө бизнес эрхлэгч болоод хувийн хэвшилтэй өрсөлддөгийг багасгахгүй бол бизнесийнхэн жамаараа хөгжиж чадахгүй. Төр өөрөө том бизнес эрхлэгч, том хөрөнгө оруулагч, том худалдан авагч болчихсон учраас компаниуд төрийн тендер рүү зүтгээд байна.

-Сүүлийн дөрвөн жилд танхим сайн ажиллаагүйгээс болж хувийн хэвшлийнхэнд сөрөг нөлөө учирсан гэвэл та юуг онцлох вэ?

– НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх зөв шийдлийг гаргаагүй, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих сан шиг төрийн сангуудын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй, төрөөс гаргасан олон хууль эрх зүйн актуудад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг оруулж чадаагүй гэх мэт олон зүйл байна.

-Яагаад, НӨАТ-ын хууль харин ч эерэг нөлөө ихтэй гэсэн тайлбар дуулддаг шүү дээ?

-НӨАТ-ын хууль худалдааны татварын нэг хэлбэр бөгөөд үйлдвэр эрхлэгчдэд дарамт болдог хууль л даа. Жишээ н ь , худалдаа эрхлэгч үйлдвэрлэгчээс 100 төгрөгөөр бараа аваад 10 хувь нэмээд 110 төгрөгөөр зарж байна гэж бодъё. НӨАТ-ын хуулийн үндсэн санаа нь худалдаа эрхлэгчдийн нэмсэн 10 төгрөгөөс татвар авах ёстой гэсэн үг юм. Энгийнээр хэлбэл худалдаа эрхлэгчийг үйлдвэрлэгчийн үнэ дээр хэт өндөр үнэ нэмж зарахаас сэргийлэхэд тусалдаг гэж хэлж болно. Гэтэл 110 төгрөгийн бараанаас 11 төгрөгийн татвар авчихаж байна. Үүгээрээ л үйлдвэрлэгчдэд дарамт болж байна. Иймээс үйлдвэрлэл сул хөгжсөн Монгол шиг улсын хувьд НӨАТ-ын хууль үйлдвэр эрхлэгчдэд маш том дарамт. Дээр нь хатуухан хэлэхэд үүгээр дамжуулж төр нэг том луйвар хийж байна. Саяхнаас эхлээд бид НӨАТ-ын баримтуудаа бүртгүүлдэг болсон. Ингэснээр Монголын гурван сая иргэн бүгдээрээ татварын байцаагч болсон. Үр дүнд нь татвараас зайлсхийх үйлдэл нэлээн багассан нь үнэн. Гэхдээ төр татвар гэж 10 хувийг нь авчихаад иргэндээ хоёрхон хувийг буцааж олгож байна. Яг үнэн хэрэгтээ НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч иргэн төлж байгаа. Энгийнээр хэлбэл төр нэг гараараа НӨАТ гэж иргэн Доржийн халааснаас 10 төгрөг авчихаад, нөгөө гараараа “Танд буцаагаад өглөө шүү” гээд хоёрхон төгрөг сарвайж байгаа л хэрэг. Үнэхээр иргэддээ хайртай юм бол арван хувийн татвараа бүтнээр нь буцаагаад өгчих хэрэгтэй. Учир нь иргэдийн худалдан авах чадвар муу байна, жилээс жилд иргэдийн бодит орлого багасч байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчилгээ үзүүлж эхэллээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Invest in Mongolia Center” нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлтэд оролцлоо. Нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өнгөрсөн хугацаанд олон удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, нэрээ сольсон байдаг. Энэ институцийн тогтворгүй байдал нь Хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, үйл ажиллагаанд нь саад болдог гэдэг нь тодорхой юм. Иймээс цаашид байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилго бүхий хөрөнгө оруулагчдад үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа нь хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд тодорхой ахиц авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“Invest in Mongolia Center” нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадаадын хөрөнгө оруулагчид хууль эрх зүй, татварын орчны талаар мэдээлэл зөвлөгөө авах юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдад тулгарсан бэрхшээл гомдлыг хүлээн авах, хуулийн этгээдийн бүртгэл, лавлагаа, Монгол Улсын визийн зөвшөөрөл олгох, сунгалт хийх, нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Импортын хэмжээ 39.6 хувиар өслөө

Монгол Улс 2019 оны 1 дүгээр сард нийт 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 607.3 сая америк доллар, импорт 504.0 сая америк долларт хүрлээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 326.3 (41.6%) сая америк доллар, үүнээс экспорт 183.4(43.3%) сая америк доллараар, импорт 142.8 (39.6%) сая америк доллараар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2018 оны 1 дүгээр сард 62.7 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 40.6 (64.7%) сая америк доллараар өсөж 103.3 сая америк доллар болжээ. Экспорт 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 183.4 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 73.9 сая америк доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 102.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 142.8 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 30.0 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 15.1 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 25.6 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 70.3 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 5.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.2 хувийг эзэлж байгаа бол импортын 73.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Үндэсний статистикийн хорооноос гаргасан махны үнийн дундаж

Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ сарын 20-ны байдлаарх судалгаагаар үхрийн цул мах 1 кг нь 11 мянган төгрөгт хүрчээ.

Махны дундаж үнийг сонирхуулбал, 1 кг хонины ястай мах дунджаар 7368 төгрөг, үхрийн ястай мах 8911 төгрөг, үхрийн цул мах 11022 төгрөг, адууны ястай мах 6745 төгрөг, ямааны ястай мах 6000 төгрөгийн үнэтэй байна.

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 2.1 хувь, ямааны ястай махны үнэ 3.3 хувь, адууны ястай махны үнэ 0.7 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.7 хувиар өссөн бол, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар буурч, адууны ястай махны үнэ 0.1 хувиар буурч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тос 67.12 ам.долларын ханштай байна

“Брэнт” маркын газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр 67.12 ам.доллар байна. Оны эхэнд “Брэнт” маркын газрын тос 54 ам.доллар, WTI маркынх 45.8 ам.доллар байсан юм. Тэгвэл өнөөдөр дээрх ханшинд хүрчээ. Өнгөрсөн онд тус бүтээгдэхүүний ханшийн график тасралтгүй дээшээ чиглэсээр 70 ам.долларт хүрээд буусан байдаг. Тухайлбал, 2018 оны эхэнд 51.7 ам.доллараас эхэлсэн ханш 70 ам.долларт хүрч, тухайн оны сүүлчээр буурсаар байсан билээ. Манай улс энэ онд газрын тосны экспортын хэмжээг 8.1 сая баррель байна гэж төсөөлж, 335.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр зорьсон юм. Өнгөрсөн онд манай улс 6.3 сая баррель газрын тос олборлож, 6.1 сая баррелийг нь экспортолсон. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний импорт 1.8 сая тонн байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төв банк инфляцын зорилтот түвшнийг бууруулна гэв

Инфляцын түвшин өнгөрсөн жил улсын хэмжээнд 7.3 хувьтай байлаа. Төв банк найм орчим хувьд барих зорилт тавиад байсан юм. Өнгөрсөн сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 7.3 байсан бол Улаанбаатарт 8.1 хувьтай байжээ. Инфляцын өсөлтөд мах, хатуу түлш, шатахууны үнэ сүүлийн хэдэн сар томоохон нөлөө үзүүлсэн. Тэгвэл сүүлийн үед мөнгөний бодлогын шийдвэрүүд нь инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэгдэж байгаа талаар Монголбанкнаас тайлбарлаад буй. Тухайлбал, 2020 оноос инфляцын зорилтыг зургаан хувь болгож, бууруулах юм. Азийн хөгжлийн банкнаас энэ онд манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын таамгийг гаргахдаа ДНБ өсөлтийг 4.3 хувь болж, инфляц улсын хэмжээнд долоон хувь байхыг мэдээлсэн. Харин ОУВС-гийн Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланд инфляцыг 6.8 хувьд байхаар таамагласан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ

Компанийн тухай Монгол Улсын хуулийн 46.5-д заасны дагуу Хувьцаат компани (ХК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Уг шийдвэрээ гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлдэг байна. Хуульд заасан 50 хоног энэ сарын 19-нөөр дуусгавар болсон бөгөөд хуулийн хугацаанд Хороонд нийт 51 ХК мэдэгдлээ ирүүлснээс 11 нь нийт 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

332.886 ширхэг хувьцаа арилжжээ

2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 138,699,015 төгрөгийн үнийн дүн бүхий 322,866 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Дархан Гурил Тэжээл” ХК (DAR+14.40%) болон “Баянтээг” ХК (BTG+14.10%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Шуудан” ХК (MNP-8.12%) болон “Улсын Их Дэлгүүр” ХК (UID-6.83%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.24 хувиар өсч 21888.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,602,272,431,228.47 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Малын гаралтай түүхий эдийн үнэ ханш

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны нэгдүгээр сард ат Дундговь аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 730.0 мянган төгрөг, соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 983.3 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 599.5 мянган төгрөг, хязаалан шар Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 583.3 мянган төгрөгийн үнэтэй байна. Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 170.0 мянган төгрөг, Увс аймагт хамгийн бага буюу 111.7 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Төв аймагт хамгийн их буюу 124.4 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 81.7 мянган төгрөг байна.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны нэгдүгээр сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 17.0 мянган төгрөг, Төв аймагт хамгийн бага буюу 8.0 мянган төгрөг, бусад аймагт 9.0-15.0 мянган төгрөг байна.
Адууны ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 16.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 7.0 мянган төгрөг, бусад аймагт 7.5-10.0 мянган төгрөг байна.
Хонины ноостой нэхийний дундаж үнэ Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дундговь аймагт хамгийн их буюу 2.0 мянган төгрөг, бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг байна. Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай аймагт хамгийн их буюу 41.5 мянган төгрөг, Баян- Өлгий аймагт хамгийн бага буюу 20.0 мянган төгрөг, бусад аймагт 32.4-41.0 мянган төгрөг байна. Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Улаанбаатар хот, Завхан аймагт хамгийн их буюу 90.0 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 45.0 мянган төгрөг байна.