Categories
мэдээ эдийн-засаг

Улсын хэмжээнд газрын тосны 39 хоногийн нөөцтэй байна

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель / 1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ оны 03 дугаар сарын 07-ны байдлаар улсын хэмжээнд 1.19 сая баррель буюу 161,509 тонн газрын тос олборлож, 1.13 сая баррель буюу 153,450 тонн газрын тос экспортлоод байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

А-80 автобензин 83;

Аи-92 автобензин 36;

Дизелийн түлш 34;

ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​”Баянгол Зочид буудал” ногдол ашиг тараана

“Баянгол Зочид буудал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №6/19 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 355 төгрөг буюу нийт 150.1 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны оны хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн байранд бэлнээр тараахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

74.6 сая ширхэг үнэт цаас арилжжээ

Үнэт цаасны арилжаагаар 2019 оны эхний 2 сард 35.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 74.6 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 8.7 тэрбум төгрөгөөр өсөж, арилжсан үнэт цаас 66.5 сая ширхгээр өссөн байна. Харин 2019 оны 2 дугаар сард 13.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 55.6 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 9.7 тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 52.5 сая ширхгээр өссөн байна. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2019 оны 2 дугаар сард 1.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 тэрбум төгрөгөөр буурчээ. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2019 оны 2 дугаар сард 21 457.8 нэгж болж, өмнөх сараас 126.6 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 341.8 нэгжээр өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2019 оны 2 дугаар сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Олон улсын аялал жуулчлалын “Митт” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа боллоо

Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ ОХУ-ын Москва хотын үзэсгэлэнгийн төв цогцолбор “Экспоцентр”-т 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр болов.

Дэлхийн 55 улс орон, ОХУ-ын 50 гаруй бүс нутгийн 1800 гаруй байгууллага, аж ахуйн нэгж аялал, жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулж буй Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон тус Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцов.

Дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх таван үзэсгэлэнгийн нэгд зүй ёсоор тооцогддог, ОХУ-д зохион байгуулагддаг хамгийн том энэхүү олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам өндөр ач холбогдол өгч, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ, Аялал жуулчлалын Нью жуулчин зэрэг компаниудыг нислэгийн чиглэл, аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ уг арга хэмжээний талбарт анх удаа дэлгэрэнгүй сурталчлах нөхцөл боломжийг олгох чиглэлээр ОХУ дахь Элчин сайдын яамнаас бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэв.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүд болон Оросын Засгийн газрын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай, тухайлбал Төрийн Думын гишүүн Е.Г.Драпеко, Москва хотын аялал жуулчлалын хорооны орлогч дарга Т.М.Шаршавицкая нарын хүмүүстэй ажил хэргийн яриа өрнүүлж, харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Түүнчлэн Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсаас тус үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцож байгаа компаниудын талбайд зочилж тэдний санал болгож буй аялал, жуулчлалын үйлчилгээтэй танилцав. Монголын компаниудын сурталчилгааг гадаадын аялал жуулчлалын компаниудын төлөөлөл болон оросын иргэд ихэд сонирхож, хамтран ажиллах, жуулчлан айлчлах саналтай байгаагаа илэрхийлж байлаа.

Энэ үеэр Москва хотноо суралцаж буй оюутнууд уртын дуу, монгол ардын бүжиг, морин хуурын гоцлол үзүүлбэрийг тоглож байсан нь олны таашаалыг ихэд хүлээж байв.

Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэнгийн үйл ажиллагаа гурван өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өссөн байна

Өнгөрсөн онд зургаан компани хөрөнгийн зах зээлд цан цохисон. Тэгвэл энэ он гарснаар “Түмэн шувуут”, “Ард кредит” компани хувьцаагаа олон нийтэд санал болгосон. Энэ сард болон ирэх сард ч гэсэн цан цохих компаниуд байгаа юм. Түүнчлэн энэ онд арав орчим компани ногдол ашиг тараах тухайгаа мэдэгдээд буй. Ийнхүү сүүлийн хоёр жил хөрөнгийн зах зээлийн өсөлт сүүлийн 12 жилийнхээс өссөн аж. Өнгөрсөн сарын байдлаар Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 202,278,502 төгрөгийн үнийн дүн бүхий 842,771 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол Нэхмэл” ХК (MNH+14.94%) болон “Хөх Ган” ХК (HGN+13.85%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Савхи” ХК (UYN-12.85%) болон “Дөрвөн-Уул” ХК (DRU-12.50%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.82 хувиар буурч 20798.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,480,299,603,154.17 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын өр 1.3 тэрбум ам.доллароор өсжээ

Монгол Улсын Засгийн газрын нийт өр 2018 оны эцсийн байдлаар 22.4 их наяд төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх оноос 390.1 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурсан дүн болохыг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулж байна.

Засгийн газрын нийт өрийн

  • 84.3% буюу 18.9 их наяд төгрөг нь гадаад
  • 7.0% буюу 1.6 их наяд нь дотоод өр
  • 5.1% буюу 1.1 их наяд төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа
  • 3.6% буюу 806 тэрбум төгрөг нь концесс байна.

Зураг 1. Засгийн газрын өр, жил бүрийн эцэст, тэрбум төгрөг

Эх сурвалж: ҮСХ

Харин улсын нийт өр 2018 оны жилийн эцэст 28.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.3 (4.5%) тэрбум доллараар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар нь авч үзвэл

  • компани хоорондын зээллэг 9.2 (32.0%) тэрбум ам.доллар
  • бусад салбарынх 8.1 (28.2%) тэрбум ам.доллар
  • Засгийн газрынх 7.2 (25.0%) тэрбум ам.доллар
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.2 (7.7%) тэрбум ам.доллар байна.

Зураг 2. Улсын нийт гадаад өр, жил бүрийн эцэст, сая ам.доллар

Эх сурвалж: ҮСХ
Categories
мэдээ эдийн-засаг

​Санхүүгийн зохицуулах хороо хуралдлаа

Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 11-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар, “Сувд партнёрс капитал” ХХК-д банк бус санхүүгийн, “Батпирамид групп” ХЗХ-д хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, “Алтан төгрөг ББСБ” ХХК банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээн, “Мон-Инвест” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

Харин холбогдох хууль, журамд заасан хугацаанд тайлан, мэдээллээ ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн Хорооноос өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан нэр бүхий ББСБ, ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, заримыг нь хүчингүй болголоо.

Мөн хуралдаанаар Хорооны гишүүд “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа

Categories
мэдээ эдийн-засаг

Дундаж цалин 1 сая 120 мянга 350 төгрөгт хүрчээ

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тайланг ҮСХ-ноос мэдээллээ. 2018 оны дөрөвдүгээр улиралд 40,5 мянга гаруй байгууллагын 652.2 мянган ажиллагчид нийгмийн даатгал төлжээ.

НДШ төлөгчдийн медиан цалин 806.6 мянган, дундаж цалин 1 сая 120 мянга 350 төгрөгт хүрсэн байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанийнх ажиллагчид 1.3 сая, хязгаарлагдмал хувьцаат компанид ажиллагсад 1.2 сая төгрөг, төсөвт байгууллагынх 901 мянган төгрөг, хоршоонд ажиллагсдынх 400 мянган төгрөг байгаа аж. Харин уул уурхайн салбарын ажиллагсад хамгийн их буюу 2.5 сая төгрөгийн цалинтай бол нийтийн хоолныхны салбарынхан 704 мянган төгрөгийн дундаж цалинтай байна гэсэн статистик дүн гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Япон улсаас Монгол Улсад 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато нар тус улсын 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн Засгийн газар хооронд солилцох санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато “Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төслийн хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Япон, Монголын Засгийн газар нь Стратегийн түншлэлийн хэлэлцээрээ бэхжүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээндээ эдийн засаг, нийгэм, улс төр зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Шинзо Абэтай хэлэлцээр хийж хоёр орны Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэхэд санал нэгдсэн. Байгаль орчны салбар бол хоёр орны хамтын ажиллагааны чухал салбарын нэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлдээ байгаль орчны салбарын хамтын ажиллагаагаа дурдсан. Мөн энэ үеэр хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн яамд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Манай улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Цэнэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг нээсэн. Харин энэ удаагийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын өвөрмөц экологийн системийг хамгаалах судалгаа хийх, шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулна” гэлээ.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай 1.8 ам.долларын буцалтгүй тусламжийн Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд Япон улсын Засгийн газар Монгол Улсын өнөөгийн нөхцөлийг бий болгоход нийт 2.8 тэрбум ам.долларын зээл, тусламж олгосон. Мөн төслийн бус чиглэлээр 195 сая ам.доллар олгож байсан. Өнөөдрийн энэ буцалтгүй тусламж бол цэвэр усны нөөцийг хамгаалах ажилд зориулагдах болно. АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах эх үүсвэрийг бий болгохоор болсон. Энэ бүх ажил хоорондоо уялдаатай явагдаж байгаа” гэсэн юм.