Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ хуваагдаагүй

“Эрдэнэт” үйлдвэр 8400 гаруй ажилчидтай том айл. Нийт ажилчдынх нь 7900 орчим нь ҮЭХ-ны гишүүн юм байна. Үйлдвэрчний эвлэлийн хувьд энэ бол мөн л том салбар гэсэн үг. Ийм олон ажилчдын эрх ашгийг хамгаалж ажилладаг ҮЭХ хоёр хуваагдлаа гэсэн мэдээлэл саяхан олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Аливаа төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хоёр хуваагдаж, талцаж толхилцдог нэг тийм муу жишиг Монголд бараг жирийн үзэгдэл мэт болчихсон. “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ тэр жишгийг давтав уу гэж олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийг уншсан хүмүүс бодсон байх.

Ямартай ч хагарал талцал сайн юманд хэзээ ч хүргэдэггүй. Энэ том үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага хагарч хуваагдах нь хэнд ч ашиггүй гэдэг нь мэдээж. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр хэвлэлийн хурал хийж энэ асуудалд албан ёсоор хариу өгчээ.

Түүний мэдээлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид Эв хамтын үйлдвэрчний эвлэл гэж байгуулсан гэдэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсан юм байна. Гэтэл хэрэг дээрээ энэ нь 7-8 хүний л хийж байгаа ажил болохоос “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид өөр үйлдвэрчний эвлэл байгуулж хуваагдсан зүйл үгүй гэнэ. Гэхдээ уг мэдээллээ олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай тараагаад байгаа учир энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны гишүүд, нийт ажилчдын дунд эргэлзээ тээнэгэлзэл төрүүлэх хор уршигтай гэж үзэж тайлбар хийж байгаагаа Б.Төгсбаяр тодотгов. Шинээр байгуулагдсан гэх үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэгдсэн гишүүн байхгүй ажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ноос гарсан, эсвэл гарна гэж мэдэгдсэн хүн ч байхгүй юм байна. Тэгэхээр тус үйлдвэрийн ҮЭХ хоёр хуваагдлаа гэдэг мэдээлэл ор үндэсгүй, баримт нотолгоогүй мэдээлэл гэдгийг онцлов.

Шинээр үйлдвэрчний эвлэл байгуулсан гэх мэдээллийг цацаж буй хүмүүс нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ҮЭХ-ы дарга асан С.Эрдэнэ, “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга асан П.Баттөр нарын хүмүүс гэнэ. С.Эрдэнийг олон нийт хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатааснаар нь мэддэг. Харин П.Баттөр нь 2007 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга, салбар ҮЭ-ийн хорооны даргаар ажиллаж байжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны даргаар ажиллаж байхдаа тэргүүлэгчдийнхээ санал бодлыг сонсолгүй, олон асуудал дээр ганцаарчилсан шийдвэр гаргаж байсан аж. Ямар ч тохиолдолд ҮЭХ-ны дарга хүн ганцаарчилсан шийдвэр гаргах ёсгүй гэдгийг ийнхүү олонтаа зөрчжээ. Тэрчлэн ажил олгогч буюу “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаас мөнгө гаргуулан автомашин авч байсан бөгөөд энэ талаараа мөн л тэргүүлэгчдэдээ хэлэлгүй нууцалжээ. Түүнийг ажиллаж байх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр болон ҮЭХ хооронд 11 удаагийн хамтын гэрээ байгуулсан бөгөөд энэ бүх гэрээг байгуулахад П.Баттөр огт оролцож байгаагүй гэнэ. Мөн гишүүддээ 22500 төгрөгийн цахим карт олгох асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдэж 135 сая төгрөгийн захиалга өгч, мөнгийг нь шилжүүлчихсэн байжээ.

Энэ мэт үйлдлүүдээсээ болж П.Баттөр “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны даргын албан тушаалаасаа буусан юм байна. Ийнхүү хариуцлага алдаж, хууль бус үйлдэл хийж байсан хүн дахин шинээр ҮЭХ байгуулах гэж байгаа нь цаагуураа улс төрийн зорилготой. Энэ бол үйлдвэрийн ажилчдыг бодсон алхам биш. Үүнээс ҮЭ-ийн гишүүд огт хожихгүй, харин ч хохирч үлдэнэ гэдгийг “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Таван толгой” ХК 50 дахь сая тонн нүүрсээ олборложээ

“Эрдэнэс Таван толгой” ХК 50 дахь сая тонн нүүрсээ олборложээ. Тус компани өнгөрсөн онд 40 дэх сая тонн нүүрс олборлосон юм. Тус компани 2010 оноос хойш манайх хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлээд 2016 он хүртэл ашиггүй ажилласан. 2017 онд 410 тэрбум, өнгөрсөн онд 700 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Дашрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд 36.5 сая тонн нүүрс экспортолсон. Тэгвэл энэ он гарснаар найман сая тонн нүүрс олборлож, 184.2 тэрбум төгрөгийг татвар хураамж, хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Даатгалын багц дүрэм мөрдөгдөж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Даатгалын багц дүрэм”-ийг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлээ. Ингэснээр багц дүрэм албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Хорооны энэ оны 02 тоот тогтоолоор Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн баталсан энэхүү багц дүрэмд нийт 17 журам, заавар, аргачлал, шалгуур багтаж буй юм. Тухайлбал, даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, даатгалын нөөц сан болон санхүүгийн тайлан, мэдээллийн маягт зэрэг тус салбарт мөрдүүлж буй зохицуулалтын гол баримт бичгүүд багтаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталлаа

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт “Эрдэнэс Стийл” ХХК-ийн хэрэгжүүлэхээр зорьж буй Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталлаа. Энэ нь Монгол Улс Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталсан анхны тохиолдол болж байгаа юм.

Бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд уг цогцолбор жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрдэх аж.

Уг цогцолбор үйлдвэрт Тавантолгой, Могойн голын коксжих нүүрс, Баянгол, Баргилт, Чойр орчмын бүлэг ордуудын төмрийн хүдэр, баяжмалыг ашиглахаар урьдчилан тооцоолсон байна. Төсөл хэрэгжсэнээр 900 гаруй мянган тонн коксжих нүүрс, 523.5 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалын дотоодын хэрэглээг бий болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, цувимал бүтээгдэхүүний импортын хараат байдлыг багасгана.

Түүнчлэн 1500 орчим шинэ ажлын байр бий болж, жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.26) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Монголбанкны холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар алт олборлодог аж ахуйн нэгжүүд нийт хэчнээн хувийн татвар төлөх, татварын хувь, хэмжээний өөрчлөлт олборлолтод нөлөөлдөг эсэх, алт цэвэршүүлэх үйлдвэр барихад эдийн засгийн ач холбогдлыг хэрхэн тооцсон талаар илүүтэй тодруулж байлаа. Мөн хууль бусаар хилээр алт нэвтрүүлэх үйлдэлд оногдох торгууль, ял шийтгэлийн талаар лавлав.

Ажлын хэсгийн зүгээс, Ашигт малтмалын тухай хуультай холбоотой рояалти татварыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай хольж ойлгож болохгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг үйл ажиллагааныхаа орлогоос хамаарч төлнө. Үүнээс гадна алт олборлогч хувь хүн хуулийн этгээд рояалти татвар төлж байгаа юм. Өмнө нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс авдаг байсан бол одоо алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс авна гэж байлаа. Мөн 1990 оноос хойш өнөөг хүртлэх хугацаанд алтны татварын ачаалыг гаргасан. “Алт 2” хөтөлбөр хэрэгжиж байхад 7 тонныг авч байсан бол 2006 оноос татварыг 68 хувиар нэмэгдүүлсэн таван жилийн хугацаанд хоёр тонн хүртлээ буурсан үзүүлэлт байдаг. 2010-2013 онд үндсэн 5+5 хувьтай байхад алтны олборлолт таван тонн хүртэл өссөн байдаг. 2014 оны холбогдох хуулиар алтны рояалтын татвар 2.5 хувь болоход өнөөдрийг хүртэл олборлолт 5-22 тонн хүртэл өсөлттэй байна. Татварын хувь хэмжээнээс хамаарч алт олборлолтын хэмжээ өсөж, буурч байгаа нь судлагаагаар гарсан. Түүнчлэн, 2010-2018 оны хооронд хилээр хууль бусаар 204 кг алт нэвтрүүлэхээр завдсан нь бүртгэгдсэн байна. Энэ асуудлын эсрэг тодорхой хэмжээнд тэмцэж байгаа гэв. 2019 оны төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх талаар Монголбанкинд үүрэг болгосны дагуу Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Монголбанк өнөөдрийн байдлаар алтыг 1 унцийг нь 1-1.5 ам.доллараар Швейцарьт цэвэршүүлдэг. Монгол улс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулбал урьдчилсан судлагаагаар энэ зардал 3-4 дахин өснө гэсэн тооцоо бий ч. Гэхдээ Монгол Улс алт цэвэршүүлдэг үйлдвэр барих нь стратегийн ач холбогдолтой гэж Ажлын хэсгийнхэн хариуллаа.

Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэртдүн шинжилгээ хийх асуудлаар Ажлын хэсгийг байгуулах, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат танилцуулга хийсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан нар асуулт асууж, санал хэлж , байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын экспортыг дэмжих бодлогын санал, дүгнэлтийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ахалж, Х.Болорчулуун, З.Нарантуяа, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар ажиллахаар болж, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг эцэслэн боловсруулж, хэлэлцүүлэхээр боллоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Улаанбаатараас 1000 км-ээс дээш зайд алслагдсан бол татварыг 90 хувиар хөнгөлнө

Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийлээ. Шинэчлэн батлагдсан Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар хоёр хуулийг оруулж батлуулсан. Энэ нь Татварын багц хууль болон Тендерийн хууль.

2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжиж, төрөлжсөн учраас Татварын хуулийг улам тодорхой болгох шаардлагатай байсан.

  • Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, ААН жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх хялбаршуулсан горимыг бий болгосон.
  • Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлогтой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн нэг хувийн татвар төлнө.
  • 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд хоёр удаа тайлаглаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна.
  • Жилийн гурван тэрбумын орлоготой бол 25 хувийн татвар төлдөг байсныг зургаан тэрбум болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр ААН-үүд жижгэрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнд 164 ААН хамаарна.
  • Амьдран суух зориулалтаар анх удаа амины орон сууц барьсан эсвэл худалдан авсан иргэнд гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.
  • Ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлнэ. Ипотекийн зээлийн хүү найман хувь байгаа. Иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авч байр авсан бол зөрүү таван хувийн хүүг татвараас буцааж олгох боломж оруулж өгсөн. Ингэснээр иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих бодлогыг суулгаж өгсөн.
  • Улаанбаатар хотоос 500 км алслагдсан газарт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, ААН-ийн төлсөн таварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш зайд алслагдсан бол 90 хувиар хөнгөлөх заалт орж ирсэн. Бидний хийсэн тооцооллоор 50 хувийн хөнгөлөлтөд 11,600 иргэн, 141 ААН, 90 хувийн хөнгөлөлтөд 8,100 иргэн, 55 ААН хамаарагдана.
Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 3 дугаар сарын 20-нд болов. Хурлаар Монголбанкны 2018 оны төсөв, түүний ашиглалт, төсвийн удирдлагын талаарх мэдээллийг сонсоод Монголбанк төсөвт зардал, түүний хуваарилтыг өөрийн үндсэн зорилт, чиг үүрэгтэй холбон авч үзэж дүгнэж байх, суурь, урсгал зардлыг нормчлох, өсөлтийг хязгаарлах боломжийг судлах, захиалгаар авч буй гадаад хэл дээрх мэдээ, судалгааг орчуулж, олон нийтийн хүртээл болгож байхыг зөвлөв. Мэдээллийн технологийн байдалтай холбогдуулан Монголбанкны нийт системд хэрэглэж буй мэдээллийн технологи, мэдээллийн багцыг арилжааны зарим банкны тэргүүн туршлагатай зэрэгцүүлэн үзэх, технологийн шийдэл, программ хангамжийн банк, санхүүгийн үзүүлэлтүүд, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, мөн хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн өндөр ур чадварыг үнэлж контракт байгуулах боломж зэргийг ашиглахыг Хяналтын зөвлөлийн гишүүд тэмдэглэн ярилаа. Татан буугдсан Хадгаламж банк, Зоос банк дахь Банкны эрх хүлээн авагчийн тайлан, мэдээллийг Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Монголбанк, түүний хяналт шалгалтын газраас эдгээр эрх хүлээн авагчдын ажилд өгсөн мэргэжлийн дүгнэлттэй танилцсаны дараа дахин ярилцахаар болов.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах, Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа.

Жилийн инфляци 2019 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.9 хувьтай байна. Инфляцийн хэлбэлзэл нь шатахуун, мах болон хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр голлон тодорхойлогдож байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна. Энэ онд эдийн засгийн идэвхжил үргэлжилж, инфляци зорилтод түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй эрэлт, нийлүүлэлтийн болон гадаад хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй. Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар бууруулах зорилготой юм.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа болно.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Categories
мэдээ эдийн-засаг

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл буурчээ

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 66.2 тэрбум төгрөгөөр буурлаа. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны 2 дугаар сарын эцэст 19.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 60.7 (0.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 3.7 (23.1%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны 2 дугаар сарын эцэст 854.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 185.1 (17.8%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 3.7 (0.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

2018 онд хэрэглээний зээл өссөн үзүүлэлттэй гарчээ

Монголбанкнаас бодлогын шийдвэр гаргаж, өнгөрсөн оны сүүлчээс хэрэглээний зээлийг хязгаарласан. Энэ шийдвэрийн үр нөлөө хэрхэн харагдаж байгаа болон зээл хумигдсанаар эдийн засгийн тэлэлтэд нөлөө үзүүлсэн эсэхийг тус банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир тайлбарлажээ.

– Макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийг хязгаарлах хоёр шаттай арга хэмжээ авсан. Эхлээд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэрийг 2018 оны 6 дугаар сард гаргасан. Үүний дараа иргэд сарын төлөлтөө багасгахын тулд илүү урт хугацаатай зээл авах эрсдэл бий болсон. Тийм учраас есдүгээр сард хэрэглээний зээлийн хугацааг дээд хязгаарыг 30 сараар хязгаарлах шийдвэрийг гаргасан. Эдийн засгийн шинжлэх ухааны хувьд бид өрхийн өрийг бий болгохгүй байх, санхүүгийн эрсдэлийг бууруулах замаар ард иргэдийнхээ амьжиргааг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс эдгээр арга хэмжээг авсан юм.

Гэтэл ард иргэдийн хувьд тухайн хязгаарлалт үйлчилж эхлэхээс өмнө илүү ихээр зээл авах эрмэлзэл өндөр байлаа. Улмаар 9-12 дугаар сард хэрэглээний зээл маш хурдтайгаар өсөх үр дагаврыг бий болгосон. Бидний хувьд макро зохистой бодлогын арга хэмжээг гэнэт хэрэгжүүлбэл, хүмүүсийн ирээдүйн төлөвлөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Мөн 2019 оны эхнээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа. Энэхүү орлогын өсөлттэй нийцүүлж, шилжилтийг аажмаар хийх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл энэхүү хязгаарлалт хэрэгжиж эхлэхээс өмнө хүмүүс зээлээ маш хурдацтайгаар тэлэх үйл явц ажиглагдсан. Гэхдээ бид энэхүү зээлийн тэлэлт нь санхүүгийн том эрсдэлийг богино хугацаанд бий болгохгүй гэж үзэж байгаа. Тэр утгаараа өрхийн хэрэглээ өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээ өсөхийн хэрээр эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байгаа. 2018 оны хувьд эдийн засаг, зээл тэлэлттэй, өрхүүд санхүүгийн хэрэгцээгээ хангасан он болж өндөрлөлөө гэж дүгнэсэн.