Categories
мэдээ эдийн-засаг

Есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 139,763,306 төгрөгийн үнийн дүн бүхий1,805,478 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Фронтиер Лэнд Групп” ХК (MDR +2.86%) болон “Монос Хүнс” ХК (MFC +2.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Өндөрхаан” ХК (ONH -14.88%) болон “Жуулчин Дюти Фрий” ХК (SUL -4.19%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 156 ширхэг үнэт цаасыг 16.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. “TOP 20” индекс 0.36 хувиар буурч, 20173.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,379,001,932,012.39 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ТАВЬСАН ХОРИГТ ӨГӨХ ХАРИУ ТАЙЛБАР

Image result for сангийн яам

Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Уг багц хуулинд эдийн засгийн өсөлт, жижиг, дунд үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын хувь хэмжээг бууруулан татвар төлөгчдийн эрх ашиг, татварын суурийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорацууд татвараас зайлсхийж зугтах боломжийг хязгаарлах, татварын хууль тогтоомж хоорондын хийдэл, зөрчлийг арилгах, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, ногдуулсан татварыг бүрэн хурааж, татварын тэгш шударга байдлыг хангах зүйл заалтууд орсон билээ.

Татварын багц хуулийн төслөөр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран улс орон даяар 39 удаа танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж татвар төлөгч, иргэн, аж ахуйн нэгж, олон нийтийн 1,783 саналыг хүлээн авч хуулийн төсөлд тусгасан.

Түүнчлэн хуулийн төслийг Төсвийн байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналыг тусгайлан хэлэлцэж, 6 саналыг хүлээн авч тусган баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр татварын багц хуульд хориг тавихдаа Улсын Их Хурлаас огт батлаагүй Хүн амын орлогын албан татварын тухай гэх хуульд хориг тавьжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурдсан асуудал тус бүрээр дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

Нэг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль:

1.1.“Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах албан татварыг бууруулсан гэх асуудалд

Хуульд “Оюу Толгой” ХХК болон бусад aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг эзэмшигчид хамаарахгүй гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах татварт нөлөө үзүүлэхгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.5-д “aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан. Энэ нь дотоодын компаниуд үйл ажиллагаа, засаглалаа сайжруулан, ил тод болгож гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй бонд арилжаалсан тохиолдолд татварын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн хуулийн зохицуулалт юм.

1.2.Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм, зээлийн хүүгийн зардлын хязгаарлалтыг сулруулж, “Оюу толгой” ХХК-ийн татварын алдагдлыг нэмэгдүүлж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулах сөрөг нөлөөтэй гэх асуудалд

Шинээр батлагдсан хуулиар одоогийн “нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг өөрчлөлгүй хадгалсан. Үүн дээр нэмж “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг – BEPS”-ийн зөвлөмжид заасан их хэмжээний зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах дүрмийг шинээр тусгасан. Ийнхүү өмнөх зохицуулалтыг чангаруулсан тул “Оюу Толгой” ХХК-ийн татварын тайлангаарх алдагдлыг нэмэгдүүлэхгүй.

Ийнхүү зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах 1 бус 2 дүрэм зэрэг үйлчлэхээр болж, одоогийн “нимгэн капиталжуулалтын дүрэм” илүү боловсронгуй болгосон тул татварын суурь бууруулахгүй, татвараас зайлсхийх боломж хаагдах юм.

2006 оны болон 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын
албан татварын хуулийн харьцуулалт

Одоогийн хуульд

Шинэчлэн батлагдсан хуульд

14.2.Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн нийт ажил гүйлгээний энэ хуулийн 14.1-д заасан хасагдах зардлын хэмжээ нь тайлант хугацааны нийт борлуулалтын орлогоос хүү, элэгдэл, хорогдлоос бусад энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлыг хассан дүнгийн 30 хувиар хязгаарлагдана.

Одоогийн зохицуулалттай хамт хэрэгжих BEPS-ийн заалт

14.3.Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасныг үл харгалзан хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээний тухайн хөрөнгө оруулагчийн зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.

Одоогийн зохицуулалт хэвээрээ

1.3. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод ногдох албан татварыг дордуулсан гэх асуудалд

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар эрх борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулж буй 30 хувийн татвар өндөр байгааг хэлэлцүүлгийн үеэр татвар төлөгчид удаа дараа шүүмжилж, бууруулах саналаа илэрхийлж байсан.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 10 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 30 хувийн татвар ногдуулж байгаа нь хууль хоорондын зөрчил үүсэж байгааг уялдуулсан.

1.4.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээр тайлагнахаар зохицуулж, татварын зардлыг давхардуулан хасаж, татвараас зайлсхийх боломж олгосон, татварын тайлагналыг хялбаршуулах хуулийн зорилгыг гажуудуулж, орлого их хэмжээгээр бууруулна гэх асуудалд

Зардлыг давхардуулан хасах нь нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэлээр ч хориотой, хуулийн зөрчил учир боломжгүй.

Татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, хуулийн хийдлийг арилгах, ил тод болгох зорилгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр орлого, зарлагаа салгаж татварын тайлан гаргах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ нь байгалийн баялаг ихтэй бусад улс орнуудад ашиглагддаг татвараас зайлсхийхийн эсрэг, татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой (ring-fencing rule) дүрэм юм. Уг дүрмийг хэрэгжүүлснээр олон тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрт хамаарах бүх зардлаа нэгтгэн тайлагнаж, хооронд нь ашиг алдагдлаа шилжүүлэн төлөх татвараа бууруулах боломжгүй болно.

Тайлангийн маягт, тайлангийн хугацаа, тайлагналын системийн хувьд хуульд заасан нийтлэг жишгийг мөрдөх бөгөөд татвараас зайлсхийх явдлыг бууруулах, татварын сууриа хамгаалах хуулийн зорилгод нийцэж байна.

1.5.Арилжааны банкнуудын татан төвлөрүүлсэн эх үүсвэрт хамаарах хүүгийн орлогод ногдуулах суутган татварыг бууруулсан хирнээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа зээлийн хүүгийн дарамтыг татварын бодлогоор бууруулахад чиглэсэн, оновчтой зөв шийдлийг тусгаж чадаагүй гэх асуудалд

Дотоодын банкнуудын татан төвлөрүүлсэн зээлийн эх үүсвэрийн хүүд ногдох суутган татварыг бууруулах нь иргэн, аж ахуйн нэгжид олгож буй зээлийн хүү бууруулахад чиглэсэн бодлогын хэмжээ юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар татвар ногдуулахаар тусгасан.

Түүнчлэн, дотоодын аж ахуйн нэгжүүд гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл гаргасан тохиолдолд хүүгийн дарамтыг бууруулж 5 хувь байхаар хуульд тусгасан болно.

Ийнхүү татварын шинэчлэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулахад чиглэгдсэн бодлогын цогц арга хэмжээг тусгасан.

Нөгөө талаас, арилжааны банк татвараас зайлсхийх, зугтах зорилгоор энэхүү заалтыг

1.6.Татварын хялбаршуулсан горимд хамрагдсанаар хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болж байна гэх асуудалд

Жилийн 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, хувь хүн өөрийн сонголтоор хялбаршуулсан горимд хамрагдаж болно. Хүсэлт гаргаагүй буюу хялбаршуулсан горим сонгоогүй татвар төлөгч нийтлэг жишгийн дагуу орлого, зарлагаа тайлагнан хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээлттэй.

Хоёр. Татварын ерөнхий хууль:

2.1. Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахад хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх тухай асуудалд

Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд хүлээн зөвшөөрөөгүй нөхөн татварын дүнгийн 10 хувийг урьдчилж төлж, хэрвээ татвар төлөгчийн талд гомдол шийдвэрлэгдсэн тохиолдолд урьдчилж төлсөн татварыг алдангийн хамт буцаан олгохоор хуульд тусгасан. Энэ зохицуулалт нь татварын улсын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, үндэслэлгүй акт тавихыг хязгаарлах, татвар төлөгч хугацаа хойшлуулж урт хугацаанд удаа дараа маргаан татварын өрөө төлөхгүй байх, зайлсхийх сөрөг үзэгдлийг хязгаарлах зорилготой зохицуулалт юм. Тухайлбал, татварын нөхөн ногдуулалтын акт үйлдсэнээс хойш 8 жил гаруй хугацаанд татвараа төлөхгүй маргах тохиолдол байна.

2.2.Сангийн сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөх холбогдох журмуудыг зөвхөн Сангийн сайд батлахаар байгаа гэх асуудалд

Өмнөх хуулиар Сангийн сайдын батлан мөрдүүлдэг байсан дүрэм, журмын тоог өмнөхөөс цөөрүүлж батлан, хууль хэрэглээг энгийн ойлгомжтой болгож байна.

Түүнчлэн, Хуулиар эрх олгосны дагуу батлах захиргааны акт Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд нийцсэн байх хуулийн шаардлагатай бөгөөд эрх зүйн зөрчилтэй бол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэггүй. Иймд Сангийн сайд Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөж хууль тогтоомжид нийцэхгүй журам батлах боломжгүй. Сангийн яам, Татварын ерөнхий газрын зүгээс татварын багц хуулийг дагаж гарах дүрэм журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, ирүүлсэн саналд үндэслэн батлах болно.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар нийт 22 журам батлах эрх олгогдсон байгааг цөөрүүлэн батлахаар ажиллаж байна.

2.3.Татварын албаны дарга, эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн олон зохицуулалт хуульд тусгагдсан гэх асуудалд

Шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч өөрөө тодорхойлж тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй татварын өрийг шүүхийн шийдвэргүйгээр татварын алба хураахаар тусгасан. Одоогийн харилцаанд татвар төлөгчийн нэгэнт хүлээн зөвшөөрсөн өрийг хураах асуудлаар маргаан таслах зөвлөл, шүүхийн 3 шатаар эцэслэн шийдвэрлүүлдэг үр ашиггүй, зардал ихтэй тогтолцоо байна.

Харин татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд маргаан таслах зөвлөл, шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд битүүмжилсэн хөрөнгөөс татварын өр гаргуулах ажиллагааг явуулахгүй.

Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэлийн арга, хэлбэрийг зохицуулах эрх нь нээлттэй тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үндсэн үүргийн хүрээнд татвар төлөгчийн төлөхөөр тайлагнасан татвар, татварын албанаас төлүүлэхээр тогтоосон татварыг хураан барагдуулах ажиллагааг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдөөгүй.

Одоогийн болон шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулиар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчийг хангах, зөвлөгөө өгч үйлчлэх, зөвлөмжгаргах нь татварын албаны үндсэн чиг үүрэгт нийцсэн бүрэн эрх юм.

Ийнхүү татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг зөвлөгөө мэдээллээр хангаж, үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохицуулалттай болгох үүднээс олон улсад түгээмэл хэрэглэдэг “public ruling” буюу татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж гаргах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулж, шинээр тусгасан. Энэхүү зөвлөмж нь хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргаж буй хэрэг биш юм.

Шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.6-д зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн тохиолдолд татгалзах тул Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар хуульд заасан зөвлөмж гаргахгүй.

2.4.Татварын хөөн хэлэлцэх хугацааг багасгасан гэх асуудлаар

Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн энэхүү зохицуулалтыг татвар төлөгчдийн саналд үндэслэн Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн үеэр тусгаж шийдвэрлэсэн.

Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгон бууруулсан.

2.5.Татвар төлөх үүрэг бүхий хоёрдогч этгээдийн үүргийн талаар

Татварын өртэй этгээд маргаан шийдвэрлэх хугацаанд өөрийн хөрөнгийг үнэгүй, эсхүл хэт бага үнээр бусдад шилжүүлэн төлбөрийн чадваргүй болох замаар татвараас зугтаж байна. Үүнээс сэргийлэх зорилгоор олон улсын жишиг, туршлагад нийцүүлэн татварын алба хөрөнгийг шилжүүлж авсан этгээдээс шилжүүлэн авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр татварын өрийг хураах бөгөөд хоёрдогч этгээдийн шилжүүлэн авсан хөрөнгө, хүчингүй болсон авлагаас илүү хэмжээгээр хөрөнгө гаргуулахгүй. Ийнхүү зөвхөн шилжүүлж авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр татвар төлөх хоёрдогч үүрэг хязгаарлагдах тул эрх зүйн бусад зохицуулалттай зөрчилдөхгүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй гэж тодорхой заасан байдаг тул хуульд заасан татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдийн зохицуулалт нь Иргэний хуультай зөрчилдөхгүй.

2.6.Татварын улсын байцаагч, хураагчийн гаргасан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учирсан бол уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцахаар зохицуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хэсгийг зөрчиж байна гэх асуудлаар

Татварын улсын байцаагч үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй нөхөн ногдуулалтын акт үйлдэж татвар төлөгчдийг хохироох явдлаас сэргийлэн, татварын улсын байцаагч, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой хуулийн зохицуулалт юм.

Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн татварын улсын байцаагч, хураагчийг хариуцлагажуулсан дээрх зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” зэрэг хориглосон зохицуулалттай нийцсэн ба татвар төлөгчдөд үзүүлдэг татварын улсын байцаагчийн хууль бус дарамт, нөлөөллийг хязгаарлахад чиглэсэн зохицуулалт юм.

Гурав. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль:

3.1. Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч хувь хүнийг тодорхойлох зохицуулалтыг сулруулсан гэх асуудлаар

Дэлхийн улс орнууд оршин суугч татвар төлөгчийг тодорхойлох шалгуурыг өөрийн онцлогт тулгуурлан дотоодын хууль тогтоомждоо тусгадаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад байнга оршин суугч татвар төлөгч 10 хувиар, оршин суугч бус татвар төлөгч 20 хувиар татвар төлөхөөр заасан. Энэ нь татвар төлөгчийг аль болох байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлнэ. Өнөөгийн мөрдөгдөж буй хуульд заасан “орон байртай байх” гэсэн шалгуурыг практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байхаас гадна “орон байртай байна” гэдгийг хэрхэн тодорхойлох нь маргаан дагуулдаг.

Давхар татварын хэлэлцээрийн загвар нь улс орнууд хооронд хэлэлцээр байгуулахад ашиглаж болох жишиг баримт бичиг бөгөөд тусгаар улс орнууд заавал дагаж мөрдөх, тэр дундаа дотоодын хууль тогтоомжийг уг загварт нийцүүлэх шаардлагагүй юм.

Түүнчлэн “орон байртай байх” гэсэн шаардлага нь хувь хүн хуулийн дагуу хоёр улсад нэгэн зэрэг оршин суугч болсон тохиолдолд давхар татварын хэлэлцээрийн хүрээнд хэлэлцэн тохиролцогч улсууд татварын давхардлыг арилгах зорилгоор оршин суугч улсыг тодорхойлох шаардлага буюу “tie breaker” дүрмийн нэг хэсэг юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч хувь хүн Монгол Улсад 183 хоног ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал уг албан татвар төлөгч Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно. Гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж ажиллаж, амьдрахаар бол харьяа татварын албандаа хандан, байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх боломж нээлттэй юм.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ

2019.05.16

Categories
мэдээ эдийн-засаг

ЗАРИМ ГИШҮҮН КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СЗХ-НООС ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Image result for сзх

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 79 тоот тогтоолоор хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай дараах нэр бүхий 13 компанийн дилерийн болон андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Үүнд:

Компанийн нэр Тусгай зөвшөөрлийн төрөл
1 “Асе энд Т Капитал ҮЦК” ХХК Дилер, андеррайтер
2 “Тэнгэр капитал ҮЦК” ХХК Дилер, андеррайтер
3 “Монсек ҮЦК” ХХК Дилер, андеррайтер
4 “Блүмсбюри секьюритис ҮЦК” ХХК Андеррайтер
5 “Эм Ай Би Жи ҮЦК” ХХК Андеррайтер
6 “Эм Ай Си Си ҮЦК” ХХК Андеррайтер
7 “Эф Си Икс ҮЦК” ХХК Андеррайтер
8 “Блюскай секьюритиз ҮЦК” ХХК Дилер
9 “Гацуурт трейд ҮЦК” ХХК Дилер
10 “Батс ҮЦК” ХХК Дилер
11 “Зэт Жи Би ҮЦК” ХХК Дилер
12 “Өндөрхаан инвест ҮЦК” ХХК Дилер
13 “Масдак ҮЦК” ХХК Дилер

Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан санал, зөвлөмж

Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах арга замыг эрэлхийлэн санхүүгийн зохицуулагч байгууллагууд, банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд болон судлаачдыг оролцуулан дараах цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үүнд:

  • 2018/03/20: “Зээлийн хүүг бууруулах стратеги” сэдэвт хэлэлцүүлэг,
  • 2018/09/24: “Зээлийн хүүг бууруулах эрхзүйн орчин, олон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг,
  • 2018/11/16: “Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг.

Эдгээр хэлэлцүүлэгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн танилцуулж байна:

Нэг. Манай оронд зээлийн хүүг бууруулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгө хүүлэлтийг зогсоох, иргэд хоорондын богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн харилцааг зохицуулах шаардлага байна.

Хоёр. Гэхдээ банкны салбарт захиргаадалтын аргаар хүүг хязгаарлах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох тул тогтвортой хэрэгжих боломжгүй. Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлийн тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн зуучлалыг зогсоож, хөрөнгийн зугаталтыг бий болгож, санхүүгийн хүртээмжийг хумиж, эдийн засгийг хүндрэл рүү хөтлөх эрсдэл өндөр байна.

Гурав. Банкны салбарын зээлийн хүү нь эх үүсвэрийн хүү, зээлдэгчийн эрсдэлийн түвшинтэй уялдан тогтдог тогтолцоонд захиргаадалтын аргаар шууд нөлөөлөх нь жижиг, дунд бизнес эрхлэгч, бага орлоготой иргэд болон орон нутгийн зээлдэгчдэд хүрэх зээлийн үйлчилгээг хумиж, хүртээмжийг бууруулна. Энэ нь эргээд албан бус зээлийн үйлчилгээ хөгжих нөхцөлийг бий болгож, санхүүгийн байгууллагуудын шимтгэл өсөх зэрэг сөрөг үр дагавартай. Бусад орны жишээ, сургамжаас харахад зээлийн хүүний дээд хязгаарыг хуулиар тогтоох анхны санаа нь зээлийн хүү хэт өндөр, зээлийн үйл ажиллагаанд мөнгө хүүлэлтийн хэв шинж байна гэсэн олон нийтийн хүсэл, сонирхолд нийцүүлж буюу зээлийн төлбөрийн дарамтыг бууруулах, санхүүгийн хүртээмжийг сайжруулах гэсэн зорилготой байжээ. Гэвч бодит байдал дээр эсрэг нөлөө үзүүлдэг сургамжууд байна. Тухайлбал:

  • Баруун Африкийн орнууд (Бенин, Буркина Фасо, Мали, Нигер, Синегаль, Того, Каот-Дивуар, Гвиней-Бисау) 2014 онд зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон хэдий ч үүний нөлөөгөөр алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн байгууллагууд эрс цөөрч, ядуу болон алслагдсан бүс нутгийн иргэд зээл авч чадахгүйд хүрчээ.
  • Герман, Франц улсад зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон нь бага орлоготой иргэд болон өрхүүдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүний төрлийг бууруулж, бага орлоготой, харьцангуй өндөр эрсдэлтэй зээлдэгчид зээлийн үйлчилгээнээс хасагдахад хүргэжээ.
  • Латин Америкийн орнууд (Эквадор, Перу, Мексик, Бүгд найрамдах Доминикан) зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон нь бичил санхүүгийн байгууллагуудын зээл олголтыг бууруулж, хөдөө орон нутгаас санхүүгийн байгууллагууд дүрвэж, хүүгийн бус шимтгэл, хураамжийг нэмэгдүүлсэн зэрэг сөрөг нөлөө үзүүлжээ. Үүний нөлөөгөөр тус улсуудын жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ), бизнес эрхлэгчид илүү хохирол амсжээ.
  • Кени улс 2016 онд зээлийн хүүний дээд хязгаар, хадгаламжийн хүүний доод түвшинг хуулиар тогтоожээ. Үр дагаварт нь банкууд эрсдэлээ бууруулах зорилгоор том аж ахуйн нэгж, байгууллагуудад зээлийн үйлчилгээг түлхүү үзүүлж, ЖДҮ эрхлэгчид болон хэрэглээний зээл хүсэгчдэд өндөр шаардлага тавьж, тэдгээрт олгох зээл эрс буурчээ. Үүний зэрэгцээ хууль хэрэгжиж санхүүгийн байгууллагуудын хураамж, шимтгэл нэмэгдэж, зээлийн хугацаа богиносч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлжээ.
  • Хүүний дээд хязгаар тогтоох тохиолдолд санхүүгийн байгууллагууд нь эх үүсвэрийн зардал, эрсдэл, зээл олгохтой үйл ажиллагааны зардлаа нөхөх, өөрсдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хүүний бус орлого болох зээлийн хураамж, шимтгэлийг нэмэгдүүлдэг. Мөн зээлдэгчдээс зээлийн даатгал зэрэг нэмэлт үйлчилгээ авахыг шаардаж эхэлдэг олон улсын жишээ байна. Эдгээр нь зээлдэгчид, ялангуяа санхүүгийн боловсрол багатай зээлдэгчид зээлийн нийт зардлыг тооцоход илүү төвөгтэй болгох бөгөөд зээлийн зардлын ил тод байдлыг бууруулдаг байна.
  • Зээлийн хүүний дээд хязгаар тогтоосны дараа жижиг болон дунд хэмжээний санхүүгийн байгууллагуудын хувьд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд хүндрэл учрах, зах зээлээс шахагдах, ашигт ажиллагаа нь огцом буурч, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж чадахгүйд хүрэх эрсдэл өндөр юм. Санхүүгийн байгууллагуудын зээл олголтын хэмжээ, ашигт ажиллагаа, активын өгөөж нь буурахын зэрэгцээ чанаргүй зээлийн хэмжээ нэмэгддэг байна. Энэхүү нөхцөл байдал цаашид удаан үргэлжилбэл зах зээлд эрсдэл хуримтлагдах, санхүүгийн зах зээл тогтворгүй байдалд орох сөрөг нөлөөтэй.
  • Мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр нөлөө, төв банкны зорилтоо хангах боломжийг хязгаарлах, төв банкны бие даасан, хараат бус байдал байдалд сөргөөр нөлөөлнө. Тодруулбал, бодлогын хүүг ашиглан зах зээл дээрх хадгаламж, зээлийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах боломж хязгаарлагдана. Санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү, хэмжээний шийдвэрт бодлогын хүүнээс гадна бусад хязгаарлалт, эрсдэлүүд илүү хүчтэй нөлөөлнө.

Дөрөв. Хууль тогтоох байгууллагаас зах зээлд хүү тогтох тогтолцоонд шууд оролцож, чөлөөт эдийн засгийн зарчмаас ухрах нь олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө Монгол улсын хүлээсэн үүрэг амлалттай харшлахын зэрэгцээ гадаад зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилтод ч сөргөөр нөлөөлөх болгоомжлол байна.

Тав. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай эрх зүйн орчныг олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох ёстой. Монголбанкнаас “Cанхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хууль”-ийн төслийг боловсруулж, өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна. Харин одоо өргөн баригдсан хуулийн мөнгө хүүлэлттэй тэмцэх зохицуулалт дээр илүүтэй анхаарах шаардлагатай байна.

Зургаа. Макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх, мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөөг сайжруулах, банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах замаар зээлийн хүүг бууруулах боломжтой. Эдийн засаг, санхүү, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар зээлийн хүүг зах зээлийн зарчимд тулгуурлан бууруулах зорилготой боловсруулсан “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023”, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөр батлуулаад байна. Энэ стратегийг амжилттай хэрэгжүүлэх нь санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хүү буурах макро орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ зэрэгцээ зээлийн хүү дорвитой буурч, тогтвортой байхад нөлөөлнө. Ялангуяа, энэхүү дунд хугацааны стратеги нь улс төрийн орчноос үл хамааран манай орны эдийн засгийн бодлогод тогтвортой хадгалагдан хэрэгжиж үр дүнд хүрэх учиртай.

Долоо. СТБЗ-өөс баталсан “Чанаргүй активын бууруулах стратеги”, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь санхүүгийн зуучлал өргөжих, зээлийн хүү буурах болон санхүүгийн тогтвортой байдал хангагдахад чухал байна. Чанаргүй зээл нэмэгдэхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ, санхүүгийн зуучлал хумигдаж, зээлийн хүү өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засгийн идэвхжил сулрахад нөлөөлнө. Иймд тус стратегид туссан чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэх эрх зүйн орчинг бий болгох нь олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэн санхүүгийн зуучлалыг өргөжүүлж, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлнэ.

Найм. Зээлийн хүү өндөр байхад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлаас гадна эх үүсвэрийн хүү, зардал өндөр байгаа нь гол хүчин зүйл болж байна. Ялангуяа, хадгаламжийн зах зээл дээрх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй эх үүсвэрийн зардал өндөр байгаа асуудлыг шийдвэрлэх асуудал чухал байна. Иймд эх үүсвэрийн зардлыг зах зээл, эдийн засагт гажуудал үүсгэхгүйгээр бууруулах шийдэл олох шаардлагатай байна. Энэ чиглэлд бодлогын хэрэгслүүдийг оновчтой ашиглахаар Монголбанк эрэл хайгуул хийж ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк 3.4 тонн алт заржээ

“World Gold Council” зөвлөлөөс дэлхийн алтны зах зээлийн ээлжит илтгэлээ тавьлаа. 2019 оны эхний улиралд хамгийн их алт зарсан улсаар Узбекистан тодорчээ. Тус улсын төв банк энэ жилийн 1-3 сард 6.2 тонн алт зарсан байна. Хоёрдугаар байрт 3.4 тонн алт зарсан манай улс орж, 3-т 1 тонн алт худалдаалсан Тажикистан оржээ. 2019 оны эхний улиралд үндэсний төв банкууд 145.5 тонн алт худалдан авсан нь сүүлийн зургаан жилд гараагүй өндөр үзүүлэлт бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 68 хувь их байна. Хамгийн их алт худалдан авсан улс бол ОХУ. Оросын төв банк 55.3 тонн алт худалдан авч, алтны нөөцөө 2 168,3 тонн болгон нэмэгдүүллээ. Мөн Турк (40,1 тонн), Хятад (33 тонн), Казахстан (11,2 тонн), Эквадор (10,6 тонн), Катар (9,4 тонн), Энэтхэг (8,4 тонн), Колумб (6,1 тонн) улсууд алт ихээр худалдан авсан байна

Categories
мэдээ эдийн-засаг

11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 43,168,251 төгрөгийн үнийн дүн бүхий 219,368 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөх Ган” ХК (HGN +12.91%) болон “Женко Тур Бюро” ХК (JTB +4.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Уб-Бүк” ХК (BUK -11.02%) болон “Тавантолгой” ХК (TTL -1.98%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаасыг 2.0 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. “TOP 20” индекс 0.05 хувиар буурч, 20239.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,372,059,015,219.86 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк өнгөрсөн сард 1.1 тонн алт худалдан авав

Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Монголбанк 2019 оны 4 дүгээр сард 1.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 989 кг алт худалдан авч байснаас 101 кг илүү буюу 10%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны 4 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна. Монголбанкны 2019 оны 4 дүгээр сард алт худалдан авалт өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосонтой холбоотой юм. 2019 оны 4 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 108,757.36 төгрөг байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төр засгийн үйлчилгээний “Элит” төвийн байранд нээлттэй боллоо.

Тус компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын саналын эрхтэй төлөөлөл болон хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсоноор ирц бүрдэж, хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэв. Ээлжит хурлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компани цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжаалах бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн хурлаар:

1. Компанийн 2018 оны санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны ажлын тайланг танилцуулж, 2019 онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй, томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн талаар мэдээллээ. ЭТТ компани 2018 онд 804.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх юм. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаар тогтоол, мөн өдрийн Засгийн газрын хуралдааны 16 дугаар тэмдэглэлээр ЭТТ компанийн 2018 оны цэвэр ашгаас шаардлагатай томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжүүлтэд зарцуулах чиглэл өгсөн юм.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ерөнхийлөгч Х.Баттулга Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцав

БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очсон юм. Энэ боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг байна. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц аж. 194 мянган га талбайг хамарсан боомт нь жилдээ 410 сая тонн ачаа, үүнээс 250 сая тонн нүүрс боомтоор гаргах хүчин чадалтай юм байна. 2017 оны байдлаар ачаа эргэлт нь 370 сая тоннд хүрсэн бөгөөд нүүрсний 25, гангийн 41, төмрийн хүдрийн 6, контейнерын 10 усан зогсоолтой ажиллаж байна. 1991 оны “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-т 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж БНХАУ-ын хойд болон зүүн бүсийн далайн боомтуудыг Монгол Улсад ашиглуулахаар тохиролцсоны үндсэнд дээрх боомтыг Монгол Улс ашиглах боломжтой болсон байна.

Замын-Үүд-Эрээн боомтоос Цаофэйдянь боомт хүртэл төмөр замаар шууд холбогдсон бөгөөд ингэхдээ БНХАУ-ын хамгийн их түгжрэлтэй, өндөр зардалтай төмөр замын бүс болох Бээжин хотоор дайрахгүй, хойгуур нь тойрч гардаг давуу талтай юм байна.

2014 оноос Монголын далайн захиргаа Цаофэйдянь боомт болон орон нутгийн захиргаатай боомт ашиглах, ачаа тээвэр зохион байгуулах талаар хэлэлцэж ирсэн бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сард Цаофэйдянь боомтоос Улаанбаатар руу анхны чингэлгийн галт тэрэг явсан байна.

Мөн Цаофэйдянь боомтын Логистикийн паркийн удирдах хорооноос жилд 10 сая тонн Монголын нүүрсийг тус боомтоор дамжуулан тээвэрлэхийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байдаг.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ ҮЕЭРЭЭ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛАВ


–Ерөнхийлөгч та Цаофэйдянь боомтыг манай улсын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах чухал боомт гэж харж байна уу?

-Айлчлалын гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт байсан. Та бүхний санаж байгаачлан бид ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн уулзалтад оролцох үеэрээ “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, боомттой холбоотой зарим асуудлыг хөндөн ярилцаж байсан. Мөн ОХУ-аар дамжин өнгөрөх ачаа эргэлтэд 25 жилийн хугацаанд тарифын хөнгөлөлт үзүүлсэн зэрэг үйл явдал болж өнгөрсөн. Харин өнөөдөр /өчигдөр/ бид урд хөршид ирсэн байна. Шинэчлэл, бүтээн байгуулалт өрнөсөн Цаофэйдянь гэх энэ боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзэх гэж байна. Энэ бол том алхам.

Бид өнөөдөр Тавантолгойн нүүрсийг 268 км-ын цаана буюу хил гаргах, эсвэл боомт руу гаргах гээд олон зүйлсийг судалж, газар дээр нь ажиллаж байгаа. Энд зах зээл, боломж байгаа юм байна. Мөн эрчим хүчний голдуу нүүрс байгаа тул Тавантолгойнх шиг нүүрс буюу чанартай коксжих нүүрс зах зээлд өндөр эрэлттэй байгаа гэж танилцуулж байна.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарчихсан. Энэ төмөр замаар дамжиж Цаофэйдянь боомтод хүрнэ гэж ойлгох уу?

-2010 онд УИХ-ын гишүүд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Харамсалтай нь, дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид энэ ажлыг гацааж явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэр гаргаж тавдугаар сарын 1-нээс энэ төмөр замын ажлыг эхлүүлэх, бусад зах зээлд нүүрсээ гаргах боллоо.

-Тээврийн туршилт хэзээ эхлэх вэ?

-Энэ зун туршилтын тээвэр хийгдэх байх. Ерөнхийдөө замын туршилт хийчихсэн. Цаг хугацаа хэмнэж, нүүрсний үнэ өснө.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилга энэ удаад дахин яригдаж байна. Саналаа дахин илэрхийлсэн үү?

-Бүс нутагтаа бид оролцоотой байх ёстой. Тэр дундаа эрчим хүчний боломжоо ашиглан түүнийгээ экспортлох сонирхолтой байгаа. Энэ саналыг дэмжээрэй гэсэн санаагаа албан ёсны хэлэлцээ болон бусад хуралд оролцох үеэрээ мэдэгдсэн.

-БНХАУ-ын талтай тарифын хөнгөлөлтийн асуудал яригдсан уу?

-Тарифын хөнгөлөлтийг 2014 оноос ярьж эхэлсэн. Дээд хэмжээний уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөн ярьж байгаа. БНХАУ-ын тал энэ асуудлыг анхааралдаа авлаа гэж мэдэгдсэн.

Categories
мэдээ эдийн-засаг

Л.Наранбаатар: Нэгж хувьцаанд 85 төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой

Image result for Эрдэнэс Тавантолгой"-н нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг тараахыг шаардлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно. Хурлаас нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах нь эцэслэгдэх юм. Уг асуудалтай холбогдуулан 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны зүгээс нээлттэй ил захидал илгээн, мэдээлэл хийлээ.

1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүн, эдийн засагч Л.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгойн ТУЗ хоёрдугаар сарын 18-нд нууц тогтоол баталсан. Тогтоолоор нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон байна. Үүнийг нь 1,072 хувьцааны багцад тооцоод үзвэл 26,800 төгрөг. Үүнээс брокерын зардал шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасахаар нэг хүнд 17,000 төгрөг очно. 50 сая тонн нүүрс зарсан компани яагаад ийм бага ногдол ашиг тараахаар болсон юм бэ. Бидний тооцооллоор тус компани 2017 онд 461 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. “Эрдэнэс Тавантолгой” нь 15 тэрбум хувьцаатай, сүүлийн хоёр жилийн цэвэр ашиг нь 1.2 их наяд төгрөг. Нэгж хувьцаанд 85 төгрөгийн ногдол ашиг тарааж болохоор байна. Тиймээс бид энэ жил нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг өгөхийг шаардаж байна” гэлээ. Мөн тус холбооныхон маргааш болох хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.