Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дараагийн хорин жилд хэрэгцээнээс бүрэн гарах зүйлс

Нэгэн цагт бидний зайлшгүй хэрэгцээ байсан зүйлс технологийн хөгжлийг даган орхигдон мартагдах нь бий. Видео болон аудио хуурцаг, пейжер холбоо, компьютерийн уян диск зэргийг энд нэрлэж болно. Тэгвэл дараагийн хорин жилд таны хэрэгцээнээс бүрэн гарах зүйлсийг танилцуулж байна.

Машины хажуугийн толь

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Audi компани 2019 он гэхэд хажуугийн тольгүй машин үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Цаашид автомашины бүх үйлдлийг камерын системээр хянадаг болно. Мөн бензин хөдөлгүүр ч мартагдаж, цахилгаан машиныг өргөнөөр хэрэглэнэ.

Англид энэ оноос бүх барилга цахилгаан автомашины цэнэглэгчтэй болох бөгөөд эрх баригчид 2035 гэхэд хүн амын ихэнхийг байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл ашигладаг болгохоор төлөвлөж байна.

Алсын удирдлага

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Smart Home технологи нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж байна. Та гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг таблет эсвэл ухаалаг утас ашиглан хянаж болно.

Бэлэн мөнгө ба зээлийн картууд

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Зузаан хэтэвч бүхий бэлэн мөнгийг банкны карт орлох болсоор удлаа.Тэгвэл одоо картны ч хэрэгцээ үгүй болох нь. Ухаалаг утас, цаг зэрэг төхөөрөмж байхад та бүхий л төлбөр тооцоогоо саадгүй хийнэ.

Түлхүүр

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

20 жилийн хугацаанд энгийн түлхүүр бүрэн мартагдана. Мэдээж ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар орон гэрийнхээ аюулгүй байдлыг бүрэн хянах боломжтой.

Чихэвч

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Технологи хөгжүүлэгчид утасгүй чихэвчийг бидэнд санал болгоод төдий л удаагүй. Харин дараагийн ээлжинд утас чихэвчээ радио долгион эсвэл Wi Fi ашиглан цэнэглэдэг болох нь.

Тариур

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Энэ мэдээ сайн, муу хоёр талтай. Ирээдүйд ямар ч тариур хэрэгцээгүй болж, шинэ технологи зүү тариурыг орлоно. Эрдэмтэд 2 сонголт санал болгож байна. Jet injections гэх технологи нь шингэнийг агшин зуур арьсанд нэвчүүлж танд өвдөлт мэдрүүлэхгүй онцлогтой. Дотроо бичил зүү агуулах капсул нь шаардлагатай эм тэжээлийг цусны урсгалд агшин зуур хүргэх онцлогтой.

Хүргэлтийн үйлчилгээ

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Олон оронд хүргэлтийн үйлчилгээг хүмүүс биш тусгай дроноор гүйцэтгэдэг болж байна.

Гарын үсэг

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Цаас аль хэдийн хоёрдогч үүрэг гүйцэтгэж, биометрийн системийг өргөнөөр ашигладаг болж байна. Ухаалаг гар утас, АТМ машин ч аль хэдийн нүүрний онцлогоор хүмүүсийг таних боломжтой болсон.

Гялгар уут

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Байгальд задартлаа хэдэн зууныг элээдэг тул хүмүүс аль болох гялгар уутнаас татгалзах болсон. Дараагийн 20 жилд дэлхий нийтээр нийлэг уутнаас бүрэн татгалзана.

Компьютерийн хулгана

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Гар болон нүдний хөдөлгөөнөөр компьютерийг удирдах боломжтой. Шинэ технологи удахгүй таны байнгын хэрэглээ болно.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Иж” брэндийн мотоциклыг гадаадын зах зээлд чөлөөт хэлбэрээр гаргана

“Калашников” корпорацийн хэрэгжүүлж буй “Кортеж” төслийн “Иж” брэндийн мотоциклыг ОХУ болон гадаадын зах зээлд чөлөөт хэлбэрээр гаргана гэж “Ростек” корпорацийн тэргүүн Сергей Чемезов мэдэгдлээ.

“Иж” брэндийн нэрээр гаргаж буй уг мотоциклийг олон улсын зах зээлд чөлөөт хэлбэрээр гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ юу гэхээр хэн дуртай нь уг мотоциклыг худалдан авах боломжтой гэсэн үг юм. ЗХУ-ын үеэс үүсэлтэй уг брэндийг одоо “Калашников” корпораци шинэчлэн гаргаж байна. Гэвч энэ мотоцикл “Кортеж”-ийн мотоциклуудаас ялгаатай байх боловч загвар болон техникийн шийдлүүдийн хувьд адилхан байх болно” гэж тэрбээр мэдэгдэв.

Энэхүү мотоциклын туршилт 2019 оноос нааш дуусахгүй гэж тэрбээр өмнө нь мэдэгдэж байсан боловч өнгөрсөн тавдугаар сард тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа, “Кортеж” төслийн мотоциклууд бараг бэлэн болсон, зарим тохируулга хийх үлдсэн гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, энэхүү мотоцикл Өрнөдийн орнуудын мотоциклоос дутахааргүй гайхалтай болсон гэсэн байна. Үүний хариуд В.Путин, гадаадын мотоциклуудаас илүү байх ёстой гэж мэдэгджээ.

Шинээр гаргаж буй “Иж” брэндийн энэхүү мотоцикл нь 3.5 секундэд 100 км/цагийн хурд авах хүчин чадалтай бөгөөд 290 см урт, 94 см өргөн, 125 см өндөр, 510 кг жинтэй ажээ. Дээд хурд нь 250 км/цаг, хөдөлгүүр нь 110 кВт-ын хүчин чадалтай юм.

“Кортеж” төслийн хүрээнд ОХУ-ын томоохон албан тушаалтнуудад зориулсан цуврал автомашинуудыг үйлдвэрлэдэг байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Америкийн “Тесла” компанийнхан Европт үйлдвэрээ барихаар хэлэлцэж байна

Америкийн “Тесла” компанийнхан Европт үйлдвэрээ барихаар Герман, Нидерландын Засгийн газрын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж эхлээд байна. Теслагийнхан Европт зай хураагуур, цахилгаан автомашин угсрах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа аж. Тус компани өнгөрсөн хоёрдугаар сард түүхэндээ хамгийн их алдагдалтай ажилласнаа мэдээлж байсан.

Форбс” сэтгүүлийн мэдээлж байснаар, 2017 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр тус компанийн алдагдал 675 сая ам.долларт хүрсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Хуавей” компани ухаалаг гар утасны борлуулалтаараа “Apple” компанийг гүйцэв

Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч “Хуавей” компани ухаалаг гар утасны борлуулалтаараа “Apple” компанийг анх удаа гүйцэж, дэлхий даяар хамгийн олон утас борлуулсан компаниудын хоёрдугаарт жагссан байна.

“Хуавей” компани өнгөрсөн улиралд 54 сая гар утас борлуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэхүү тоо нь “Apple” компанийг ардаа орхиход хангалттай байсан хэдий ч ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч “Самсунг” компанийн 70 сая утас борлуулсан амжилтад хүрэхэд нэлээд дутсан ажээ. Ингэхдээ “Самсунг” компанийн өнгөрсөн улирлын борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан байна.

Хятад улс нь цахим орчноос хаалттай байдаг хэдий ч “Хуавей” компани нь ухаалаг гар утасны борлуулалтын зах зээлд хоёрдугаар байрыг эзэлж чадсан байна. Мөн тус компани нь утасгүй технологийн шинэ үе болох 5G технологийг хөгжүүлэхээр ажиллаж буй цөөн хэдэн компаниудын нэг билээ.
Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын ахлах засуул Ж.Пэрэнлэй гуайнд өнжлөө

“Өдрийн сонин”-ы 2015.07.06 ДАВАА №167 (5119) арвихаас авч нийтлэв

2011 оны улсын баяр наадмын бөхийн засуулууд. Баруун гар талаас дөрөв дэх нь ахлах засуул Ж.Пэрэнлэй

Алхах зуураа “Ах нь 1952 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. Найман хүүхэдтэй айлын отгон нь. Эрх дураараа хэдий ч мал маллах, ус түлээ хадлан тэжээл бэлтгэх, эмнэг сургах зэргийг хэнээр ч заалгалгүй өөрөө хийчихнэ. 17 настайдаа цэргийн албанд татагдаад, хүндэт харуулын 032 дугаар ангид хуваарилагдсан. Үе тэнгийнхэн дотроо нуруулаг нь байлаа. Гурван жилийн эр цэргийн алба эр хүнд жинхэнэ утгаараа хатуужил суулгаж, хүмүүжил олгоно шүү дээ. Цэргийн албаа хаачихаад, нутагтаа очиж ганц жил цагдаагаар ажиллаж байгаад 1973 онд хотод орж ирсэн. Улсын үйлдвэрт ажиллаж байгаад 1977 оноос 22 дугаар авто баазад жолооч болсон. Улсын 300 гаруй сум суурингаас 19-д нь л очоогүй. Бусдад нь түлш шатахуун, өвс тэжээлээс өгсүүлээд хоол хүнс, гэр майхан хүргэж өгч байлаа. Залуу насаа эх орноо хөндлөн гулд тээвэр хийж элээсэн дээ. Ах нь хар залуугаасаа барилдаж өссөн. Бөх, жолооч болохыг багаасаа мөрөөдсөн хүн дээ. Нэгд нь хүрч чадаагүй ч нөгөөг нь гарамгай биелүүлсэн” хэмээн ярьсаар яваад, цэнхэр төмөр хаалган дээр ирснээ “Энэ манай хашаа. Дотогш орцгоо” гээд хаалга нээж өгөв. Хашаанд хоёр байшин байх агаад, баруун талынх нь буюу арай жижиг рүү биднийг орохыг урив. Тэрээр эмгэнтэйгээ хоёр өрөө, тоосгон байшинд амьдардаг юм байна. Үүдний хэсгийн цаахна гал тогооны шүүгээ, зуух, сандал ширээ харагдав. Гэргий Ч.Дуламсүрэн жимс ногоо хэрчин алаг салат бэлтгэж байсан бөгөөд тэрээр “Өө, сонины хүмүүс ирчихсэн үү. Аяга хоол бэлдэх санаатай эндээ мунгинаж сууна. Ядахад хүү маань гэр бүлээрээ Шаргаморьт руу явчихаад ирээгүй байна. Байсан бол бэр, ач охин хоёр маань орж ирээд бэлдэлцээд өгдөг юм. Миний хүүхдүүд том өрөө рүү ор” гээд ханан пийшин, хувцасны шүүгээ хооронд гаргасан хаалга тийш заав. Гэрийн эзэгтэй цай аягалах зуур Пэрэнлэй гуай хоймор дахь авдраа уудлан хүрэн даалинтай хөөргөө авав. Хөөрөгнийхөө халбагаар дүүргэн тамхи хутган гаргаж ирснээ зүүн гарынхаа эрхий долоовор хуруугаараа зэрэг шудартал халбаган дахь тамхи хоёр хурууных нь өндгөн завсар үлдэв. Хурууны өндгөн завсар дахь тамхиа тухтай нь аргагүй хамартаа хүргэн, зугуухан татах зуураа “Өнгө сайтай сайхан зусч байна уу” гээд бидэнтэй тамхилав.Телевизороо асаатал нэгэн суваг дээр “Хоёр аваргын хэн нь зүүнийг манлайлж гарах ёстой гэж бодож байна вэ” гэсэн асуулгад иргэдийн санаа бодлыг толилуулж байна. “Олон түрүүлснээрээ Г.Өсөхбаяр аварга зүүний манлайд гарах ёстой”, “Г.Өсөхбаяраас түрүүлж аварга цолонд хүрсэн гэх утгаараа А.Сүхбат аварга зүүнийг манлайлна”, “Үндэсний баяр маань өмнөх жилүүдийн адилаар өргөн дэлгэр болж, бөхчүүд минь зүлэг ногоон дэвжээн дээрээ зодоглох нь үнэнээс хойш хэн зүүнийг манлайлах нь ямар хамаатай юм бэ” гэх зэргээр иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. “Харин та энэ тухайд ямар бодолтой байна вэ” гэвэл “Үүнийг бөхийн холбоо, баяр наадмын комисс шийдэхээс бус жирийн нэгэн засуулын мэдэх хэрэг биш. Гэхдээ үндэсний баяр наадам учраас өв уламжлалаа л дагах ёстой болов уу. Даяар дуурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ 11 удаа улсынхаа баяр наадамд түрүүлчихсэн мөртлөө Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын өмнө нь бус хойно нь гарч байсан. Тухайн үед Х.Баянмөнх аварга арав, Ж.Мөнхбат аварга долоон түрүүтэй байсан. Наадамчин олон “Олон түрүүлснээрээ наад хоёр аваргынхаа өмнө нь гарахгүй юм уу” гэхээр Б.Бат-Эрдэнэ аварга “Би уламжлалаа дагана. Түрүүлж аварга болсон бөхөө дараагийн аварга нь хүндлэх учиртай. Түүнээс биш хэд түрүүлсэн нь ямар ч хамаагүй” гэсэн. Эрэмбэ чансаагаараа бол улсын баяр наадамд Г.Өсөхбаяр аварга дөрөв, А.Сүхбат аварга гурав түрүүлсэн. Эрэмбээрээ Г.Өсөхбаяр аварга илүү ч тэрээр 512 бөхийн барилдаанд дөрвөн удаа түрүүлсэн бол А.Сүхбат аварга хоёр удаа 512-т, нэг удаа 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн. Тэгэхээр чансаагаараа ойролцоо байгаа биз. Харин уламжлалаа дагавал А.Сүхбат аварга Г.Өсөхбаяраас түрүүлж аварга цолонд хүрсэн гэх утгаараа зүүнийг манлайлбал зүйтэй болов уу гэж бодож байна. Нэгэнт л үндэсний спорт учраас уламжлалаа дагавал буруудахгүй байх. Өнгөрсөн жил аварга цолоо түрүүлж авснаараа А.Сүхбат аварга зүүний манлайд зодоглосон шүү дээ” гэв.

Ж.Пэрэнлэй гуай “Хөгшөөн, аль түрүүн л буузаа гал дээр тавилаа гэж байсан. Болсон бол хүүхдүүдэд авчирч өгөөч” гэвэл “Дэлгүүрээс авсан буузны маань ёроол нь түүхийрчихжээ. Бууз хийдэг юм билүү гээд махаа татаж байна. Гурилаа зуурчихсан. Дөтийг харж дөрөв хононо гэдэг л болж байна даа” гэв. Тэгтэл Пэрэнлэй “Надад хэлэхгүй дээ. Би бушуухан татаад өгье” гээд гал тогоо руу оров. Хоймрынхоо баруун талын авдар дээр Далай ламын томоо гэгчийн хэд хэдэн хөргийг, бурхдын хамт залжээ. Харин зүүн талынх нь авдар дээр Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Хадбаатар тэргүүтэй аваргуудын зураг харагдав. Хажууханд нь улсын заан Ч.Санжаадамбыг засч буй болон аварга С.Мөнхбаттай бөхийн өргөөнд тамхилж буй гэрэл зургууд өрөөтэй харагдав.

Төд удалгүй Ж.Пэрэнлэй гуай орж ирээд, баруун авдар дээрх бөхчүүдтэй татуулсан гэрэл зургийг нь харж буй биднийг харснаа “Ах нь бөх, жолооч болохыг багаасаа мөрөөдсөн гэж хэлсэн дээ. Жолоо мушгиж, улсынхаа бараг бүх сумдаар орсон. Харин бөх болж чадаагүй. Заал, танхимын барилдаанд зодоглодог байсан. Нас яваад ирэхээр барилдах биш үзэгчдийн суудалд шилжиж байгаа хэрэг. Өөрөө барилдаж байсан юм болохоор бөхчүүдийг хажуугаас нь хараад сэрвүү барьцнаас ямар мэх хийвэл даацтай болдог, хав дөрвөлжин барьцыг яаж халж болдог зэргийг мэддэг үзэгч болж байгаа хэрэг. Харин 1997 онд бөхийн холбооноос засуулын шалгаруулалт зохион байгуулсан. Түүнд нь би орж тэнцээд, засуул болсон. Ингэж “албан ёсны” буюу үнэмлэх тэмдэгтэй засуул болсон. Үүнээс өмнө заал танхимын барилдаанд бөх засдаг л байсан” гэв. “Сүүлийн үед засуул байх шаардлагагүй. Хэн унасан давсанг нь камераар шүүгээд харчихаж болно” гэж нэгэн залуу фейсбүүкт бичсэн нь багагүй маргаан дагуулсан. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ” гэвэл “Ер нь олон бөх нэгэн зэрэг зүлэг ногоон дэвжээн дээр барилдахад зайлшгүй хэнийх нь өвдөг, тохой түрүүлж газар хүрсэн гэдгийг хажуугаас нь харж, хянаж байх шаардлагаас засуул үүссэн юм биш. Тэгж яривал үндэсний бөхийн дүрэмд камерын бичлэгээс хоёр бөхийн аль нь унасан, давсанг шүүж харахыг хориглосон. Засуул зөвхөн хэн нь унасан, давсанг харах гэж хажууд нь зогсдог мануул биш. Түүх домгоос нь яривал монгол бөхийн түүхэнд засуулгүйгээр үндэсний бөхчүүд барилдаж байгаагүй. Тэр бүү хэл хонины бэлчээрт хоёр хүү барилдсан ч хажууд нь өөр хэн нэгэн малгайнуудыг нь газар хүргэлгүй бариад зогсож л байсан. Эр хүний сүлд нь малгайдаа байдаг гэх утгаар нь тэгж хүндэлж, байгаа хэрэг. Түүнээс биш хэн унасан давсанг нь харах гэж зогсдоггүй юм. Дээрээс нь бөхийг дээдэлж байгаа ард түмэн засуулыг бөхийн дайтай хүндэлдэг. Тэгэхээр өв уламжлал, язгуур чанараараа бол засуул хэзээд байх ёстой. Үндэсний бөхөө засуултай нь хамт, дэг жаяг, ёс уламжлалтай нь хамт төдийгөөс өдийг хүртэл мянга гаруй жил хадгалаад ирсэн юм чинь камер гарч ирээд, үгүй хийчихнэ гэж юу байх билээ. Үндэсний бөхийн спорт бол Монголын биет бус соёлын өв байгаа юм. Өмсгөл, зодог шуудаг засуулын дээл хувцас л өөрчлөгдсөнөөс баримталдаг ёс, дэг жаяг яг хэвээрээ. Энэ соёлын үнэт өвөө “Ингэж өөрчилье, тэгж устгая” гэхийн оронд харин уламжлалаа, соёлын өвөө хэрхэн сэвтээлгүй, хойч үедээ өвлүүлэх талаар бодож, сэтгэх хэрэгтэй. Мэдээж бодож сэтгэснээ ажил хэрэг болгох ёстой” гэсэн юм.

Мөн тэрээр “Засуул хүн гэдэг улсын баяр наадмаар зүлэг ногоон дэвжээн дээр улсын аварга, арслан, гарьд заан, тэргүүтэй бөхчүүдтэй гарч ирдэг. Энэ утгаараа бөхчүүдийнхээ нэгэн адилаар биеэ бэлддэг. Наадам эхлэхээс өмнө засуулууд ингэж биеэ бэлдэх хэрэгтэй гэж заагаагүй байдаг ч наадам дөхөөд ирэнгүүт бид архи тамхинаас татгалзаж, хэрүүл маргааныг тэвчдэг. Бүр цаанаасаа тэгээд хэвшчихсэн гэх үү дээ. Мэдээж үндэсний бөхийн дүрэмд зүлэг ногоон дэвжээн дээр тамхи татах, архи дарс хэрэглэх, зохимжгүй үг хэллэг хэлэхийг хориглосон” хэмээн нэмж хэлсэн юм.

Жил ирэх тусам үндэсний бөхөөр барилдах сонирхолтой залуус нэмэгдэж байгаад тэрээр ихэд талархаж байгаагаа хэлсэн юм. “Өдгөө бөхийн бай мөрий дээшилж, сургуулиуд олон, сонирхдог хүмүүс ч олширсон. Х.Баянмөнх аваргын эгчийн хүү нь нагац ах улсынхаа баяр наадамд түрүүлээд ирэхдээ жижиг цагаан боодолтой юм авч ирнэ. Задлаад үзэхээр дээлийн торго, дугуй булантай цай, 70 төгрөг л байдаг байсан хэмээн хуучилж билээ. Гэтэл хожмоо Ховд аймгийн Мянгад суманд зохиогдсон баруун бүсийн анхны даншиг болох Сар хайрханы наадамд Х.Баянмөнх аваргын хүү улсын гарьд Б.Гантогтох түрүүлж, 21 сая төгрөгийн жийп машинаар байлуулж байсан. Тухайн үед “20 төгрөгийн төлөө насаараа барилдсан Хорлоогийн Баянмөнх аварга, хоёрхон хоногийн барилдаанд түрүүлж 21 сая төгрөгийн машинаар байлуулсан хүүгээ үнсээд ардчиллын үнэт зүйлс сайхан санагдлаа гэж ярьж байсансан. Тухайлбал жил бүрийн есдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд сумын заан залуу бөхчүүдийн барилдаан сар бүр болдог. Энэ барилдаанд 680, 570 бөх барилдаж байна. Аймгийн цолтой бөхчүүдийн заалны барилдаанд аймгийн начин цолтой бөх нь барилдаж чадахгүй байна. Хэтэрхий олон болчихоор цолны эрэмбээр нь жагсаагаад, аймгийн арслангаас харцага цолны хоорондох бөхөө оруулаад, начинг нь хасах жишээтэй. Гэтэл 1990 оноос өмнө улсын баяр наадмаар зодоглох 512 бөхийн тоог гүйцээх гэж багагүй ажил болдог байсан. Цэргийн ангиас бөхчүүдийг хороо, тасгаар нь ачиж авчраад барилдуулчихдаг байсан. Гэтэл төдийгөөс өдий болтол үндэсний бөхийн спортыг авч явж байгаа Үндэсний бөхийн холбоог юу ч хийдэггүй, хийгээгүй, үндэсний бөхийн спортыг сүйрүүллээ гэхчилэн элдэв юм ярьж л байдаг. Гэтэл 1991 оноос эхлэн улсын заан Давааням Спортын төв ордноос тусад нь үндэсний бөхийн холбоо байгуулахаар санаачлан, түүнийгээ ажил хэрэг болгосон. Үүнийг нь түүний ах буюу одоогийн бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, их сургуулийн багш асан Д.Данзан тэргүүтэй хүмүүс дэмжсэн байгаа юм. Ингээд Р.Нямдорж, Д.Данзан, Р.Давааням тэргүүтэй зургаан хүн Хөдөлмөрийн яамны зүүн урд хэсэгхэн газарт зургаан тоосго давхарлаж тавиад, дундаасаа 600 төгрөг гаргаад холбооныхоо дансыг нээж байсан гэдэг. Тэр зургаан тоосго давхарлаж тавьж байсан газарт өдгөө бөхийн өргөө сүндэрлэж байна гэсэн юм.

Улсын ахлах засуул Ж.Пэрэнлэй гурван хүү хоёр охинтой. Ууган хүү П.Эрдэнэпүрэв 2002 оны Дорноговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолонд хүрчээ. Мөн бага хүү П.Эрдэнэбаяр аймгийн начин цолтой бөгөөд өнөө жилийн наадамд зодоглохоор Тэрэлж рүү бэлтгэлдээ гарчээ. Харин охин П.Амаржаргал нь Их шавийн дээд сургуулийг 2005 онд төгссөн бөгөөд өдгөө Америкт самбо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бол П.Дэлгэрмаа хуульч мэргэжилтэй юм байна.

Тэрээр сүүлийн 20-иод жил үндэсний бөхийн засуул хийж яваа нэгэн. Тэр ч утгаараа олон ч бөхийг улсын цолонд хүрч, цолоо ахиулах чухал барилдаанд засч байжээ. Баянхонгор аймгийн бөх Д.Батболдыг улсын харцага, Өвөрхангай аймгийн бөх Т.Санчирыг улсын заан, Увсын бөх Ө.Бат-Оршихын улсын харцага цолоо авахад нь тэрээр засч байжээ.

Үндэсний бөхийн спорт, бөхчүүдтэй холбоотой элдэв хоржоонтой яриа дэлгэв. “Ж.Мөнхбат аваргыг хоёр ч удаа улсын наадамд түрүүлчихээд байхад Намын төв хорооныхон бардам түрэмгий зантай гээд цолыг нь өгдөггүй. Тэгтэл гурав дахь удаагаа түрүүлдэг жилийнх нь наадмын өмнөхөн Төв хорооны нэгэн хурган дарга “Чи жаахан учиртайхан, даруулгатай барилдана шүү” гэсэн чинь “Чамайг үзэх гэж чавганц ч ирэхгүй. Намайг үзэх гэж найман мянган хүн цугласан байна” гэж хэлээд буруудаж байсан тухайгаа хожмоо дурсаж байсан. Улсын арслан С.Оргодол наадамд барилдсан эхний жилээ начин, 1955 онд түрүүлж, улсын арслан болсон. Тэрээр аав ээжээс заяасан бяр тэнхээнийхээ хүчинд өнөөдөр амьд мэлтийж байна гэсэн байдаг. Учир нь улсын арслан цолонд хүрснийхээ дараахан эмнэг азарга сургаж байхад эмээлийн жирэм нь тасраад азарганыхаа дор эмээлтэйгээ холбироод орчихсон гэдэг. Тэгээд эмнэг азаргандаа чирэгдсэн байгаа юм. Нэг хөл нь хугараад бүр санжчихаар нь энэ маягаараа удаан чирэгдвэл амиа алдах юм байна гэж түгшсэндээ азарганыхаа арын хоёр хөлийг тас тэвэрчихсэн хэмээн хуучилдаг. Тэгтэл эмнэг азарга дороо зогсчээ. Эмнэг азарга хэсэг зогсч амсхийснээ дахиад булгиж, тонгочоод эхэлнэ. Тонгочиход нь хойд хоёр хөлийг нь баглаад тэвэрсэн гарыг, цээжийг зад татахаа алдана. Ингээд хэсэг амсхийж зогсонгуут нь цээжээрээ цохиод өндийтөл эмнэг азарга дор орсон аж. Эрлийн хүн иртэл гурван цаг гаруй өнөөх эмнэг азаргаа хээр дарж хэвтсэн гэдэг шүү. Босгох л юм бол амийг сүйд хийнэ. Ингэж бяр тэнхээнийхээ ачаар өөрийн амийг авч гарсан хүн дээ” гэв. Мөн дэвээ шавааны тухайд “Бөхчүүд хангарьд шувууг дуурайн гуяа өврөөс нь, араас нь гурав алгаддаг. Сайхан дэвж, шаваад гарч байгаа бөхчүүд тэр чинээгээрээ уран мэхийг уралдуулан, урамтай сайхан барилддаг. Дэвж байгаа гэж тэрүүхэн тэндээ гараа хөдөлгөчихөөд, ёс төдий дэвчихээд гарч байгаа бөх төд удалгүй өвдөг шорооддог. Энэ утгаараа дэвээ шаваа бол бөхийн бяр, хүч чадлын онгод тэнгэрийг дуудаж байгаа нэгэн төрлийн ёсолгоо. Миний ээжийн ойрын хамаатан болох Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Мижид хэмээх арслан байсан. Их хүчтэй. Түүний хүү Дэлэг Мижид арслангийн зодог шуудгийг өмсөж, олон жил нутаг усандаа түрүүлсэн. Мижид заан хүүдээ дэвээ шавааны талаар “Эхлээд хоёр гараараа гуяа урдаасаа алгадахдаа энэ наадмын түрүү бөхтэй бүү таараг, араас нь алгадахдаа муу бөхийн дархан мэхэнд бүү ор гэж хэлээд алгаддаг. Харин сүүлийн удаа буюу гурав дахь удаагаа гуяа урдаас нь алгадахдаа “Миний аав сайн бөх байсан. Гэхдээ чиний аавыг (учраа бөхийнхөө) давж цолондоо хүрч чадаагүй. Чамайг давж аавынхаа хүслийг биелүүлнэ” гэж хэлээд өөрийгөө хурцалдаг гэж хэлж байсан байгаа юм. Үүнийг бөх төдийгүй засуул ч мэдэж байх ёстой” гэсэн юм.

Өнөө жилийн наадамд улсын заан Ч.Санжаадамбыг өнгөтэй наадах болов уу хэмээн таамаглаж байгаагаа бидэнд дуулгасан юм. Хамгийн гол нь бөхчүүд ийн сайн бэлтгэлээс гадна тэр өдрийн аз тэнгэр гэж бий гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байж амжилттай барилдана гэдгийг нэмж хэлсэн юм. Тэрээр “Улсын заан Ч.Санжаадамба өнөөдөр барилдаж буй бөхчүүдээс бяраар хэнээс нь ч илүү. Аваагүй, хүрээгүй болохоос дархан аварга цолны эрэмбэтэй бөх. Улсын заан Ч.Санжаадамба сэтгэл санааны бэлтгэл сайтай бол амжилттай барилдаж чадна” гэсэн юм.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Ц.МягмарсҮрэн

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Aшиглахад хамгийн амархан ухаалаг “GPS”

“Beeline” гарааны компани мотоцикль болон унадаг дугуй сонирхогчдод зориулан шинэ төрлийн луужингийн төхөөрөмж танилцуулаад байна. Энэ бол хуучны уламжлалт луужингийн төхөөрөмжөөс тэс өөрөөр ашиглагдахаар бүтээгдсэн боловч ашиглахад хамгийн амархан ухаалаг “GPS” юм.

Ус чийг болон доргилтоос хамгаалагдсан энэ “GPS” нэг сар буюу 30 өдрийн турш цэнэгээ барьдаг. Дэлгэцэн дээр очих газрын зүг чигийг заасан өвөрмөц хэлбэртэй зүүтэй. Хэдэн км газар яваад хаашаа хэрхэн эргэхийг цаг тухай бүрт нь мэдээлдэг аж.

Үүнийг ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар ашиглах боломжтой юм. Утсаараа дамжуулан өөрийнхөө очихыг хүсэж байгаа газрын мэдээллийг авч болно. Мөн өмнө, хойно, баруун болон зүүн зүгийг төвөггүй зааж өгдөг тул жолоо барьж байхдаа хаашаа явж байгаагаа мэдэхэд хялбар юм байна.

Зохион бүтээгчид нь энэ шинэ төрлийн луужингаа зах зээлд худалдаалахын тулд үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгө санхүүгээ Кикстартерийг ашиглан босгож буй аж.

Анхандаа 60000 фунт стерлинг хангалттай хэмээн тооцоолж байсан бол төлөвлөгөөгөө давуулан биелүүлж бараг хоёр дахин илүү санхүүжилт авч чаджээ. Зах зээл дэх үнийн хувьд 129 ам.доллар байх болно гэж мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Инстаграмын түүх “Снайпчат”-аас хоёр дахин их хэрэглэгчтэй

Өнгөрсөн жил “Инстаграм”(Instagram)-ыг өдөрт 250 сая хүн ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Уг тоо энэ жил 400 сая болон өсжээ. Энэ нь “Снайпчат” (Snapchat)-аас хоёр дахин их хэрэглэгчтэй болохыг харуулж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн улиралд 191 сая хүн снайпчат хэрэглэжээ.

2016 онд “Инстаграм түүх” (Instagram story)-тэй болох үед олон хүмүүс үүнийг Снайпчатын хуулбар хэмээн харж байв. Хуваалцсан зураг, бичлэг нь 24 цагийн дараа устаж, цэцэг, титэм зэрэг өөр бусад тусгай шүүлтүүр дэлгэцэн дээр нэмж харагддаг байна. Снайпчат Фэйсбүүкийг тэргүүлэх үе удаан үргэлжилсэнгүй. Инстаграмын түүх найман сарын дотор Снайпчатын нэг өдрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоог давжээ.

Үргэлжлүүлэн, найзуудын нийтлэл дээр “GIF” буюу хөдөлгөөнт зураг нэмэх, найзуудыгаа дурдах зэрэг олон төрлийн үйлдлүүдийг Инстаграм нэмсээр байна.

Нэг сард Инстаграмыг тэрбум хүн идэвхтэйгээр хэрэглэдэг.

“Bloomberg-ийн судлаачдын тооцоолсноор “Инстаграм” бие даасан хувьцаат компани байсан бол 100 тэрбум доллараар үнэлэгдэх байжээ. 2012 онд Фэйсбүүк компани энэхүү програмыг нэг тэрбум доллараар худалдан авсан байна.

Өнгөрсөн дөрөв дэх өдөр “Инстаграмын түүх”-нд шинээр хөгжим нэмж оруулах боломжтой болсныг зарлалаа.

Өнгөрсөн сард “IGTV“ гэх шинэ үйлдлийн инстаграм нэвтрүүлсэн билээ. IGTV-г хүн бүр ашиглах боломжтой. Бичлэг нь 10 минутаар хязгаарлагдсан байдаг. Харин 10 мянгаас дээш дагагчтай хүмүүс нэг цаг хүртэлх бичлэгийг хуваалцах боломжтой ажээ.

Э.АНХМАА

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Apple компани AirPods утасгүй чихэвчний шинэ хувилбарыг гаргана

Apple компани AirPods утасгүй чихэвчний шинэ хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Шинэ хувилбар нь зүрхний цохилтыг хянахад зориулагдсан биометрийн мэдрэгчээр тоноглогдохоос гадна ус нэвтрэхээс хамгаалагдсан байх аж.

Шинэ чихэвч нь өмнөх хувилбараас илүү үнэтэй байх бөгөөд үүнийг 2019 оноос өмнө худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Автомат жолоодлоготой машинаа хурдны зам дээр туршжээ

Хятадын хиймэл оюун ухаант техник зохион бүтээгч томоохон компани болох “Байду” корпораци пүрэв гарагт автомат жолоодлоготой хоёр машинаа Тяньжин хот дахь ашиглалтад хараахан ороогүй байгаа хурдны зам дээр туршсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Байду” компанийн хувьд ийм төрлийн туршилтыг анх удаагаа хийж буй нь энэ аж. “Туршилтаар автомат жолоодлоготой автомашины байрлал тогтоох, орчин тойрноо мэдрэх чадвар хийгээд удирдлагын ажиллагааг шалгасан” гэж компанийн ахлах инженер Ван Сяолун мэдэгджээ.

Туршилт явагдсан “Таншань-Ланфан” хурдны зам энэ оны сүүлээр ашиглалтад орох гэнэ. “Байду” компани нь автомат жолоодлого бүхий технологийг бүтээх салбарын шинэ төлөөлөгчдийн нэг болж байгаа бөгөөд энэ онд Лас-Вегас хотноо болсон Хэрэглээний электроникийн олон улсын үзэсгэлэн дээр “Аполло 2.0” хэмээх автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн хурдыг нэмэгдүүлэх хөтөлбөрөө танилцуулсан билээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Европын зах зээлд арваннэгдүгээр сард худалдаанд гарах BMW-ийн шинэ цувралыг танилцууллаа

BMW юу хийж чаддагаа өнгөрсөн амралтын өдөр харууллаа. Тэд цоо шинэхэн 8 цувралыг маш удаан хүлээлгэсний эцэст ийнхүү танилцуулсан юм. Тус загвар нь хоёр төрлийн хөдөлгүүрийн сонголттой байх бөгөөд орчин үеийн хэв шинжийг ирээдүйн дизайнтай хослуулан биежүүлсэн нь энэ аж. LED их гэрлийг стандартаар санал болгож байгаа бол илүүг хүсдэг хэрэглэгч нартаа Лазер сонголтыг санал болгох аж. Улмаар хүсвэл карбон файбер орц ихтэй Карбон багцыг худалдан авах боломжтой. Энэ нь толь, спойлер, диффузер зэрэг зүйлс нь карбон болох юм байна.

Салоны хувьд 10.3 инчийн дижитал хянах самбар, 12.3 инчийн голын дэлгэц, утасгүй цэнэглэгч төхөөрөмж, төмрөн оруулга, Bowers & Wilkins DIamond дууны систем зэрэгтэй. Хөдөлгүүрийн хувьд М850x iDrive нь 4.4 литрийн хос турбо V8 хөдөлгүүр, 8 шатлалт кроптой. Түүнээс 523 морины хүч 750 Нм эргүүлэх хүч гарснаар 100-г 3.7 секундэд авч, 250 км/ц хурдлах чадвартай болсон гэнэ. Харин нөгөө хувилбар нь дизель, 3.0 литрийн цуваа 6 битурбо 840d xDrive хувилбар. Мөн л 8 шатлалт кроптой бөгөөд 315 м.хүч, 680 Нм эргүүлэх хүч гарах ба европийн зах зээлд 11-р сард худалдаанд гарах гэнэ.