Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бямбаагийн Сарантуяагийн “Самар хатан” номын нээлт боллоо

Зохиолч, сэтгүүлч Бямбаагийн Сарантуяагийн гурав дахь түүхэн сэдэвт роман “Самар хатан” номын нээлт өчигдөр “Аз хур” номын дэлгүүрт боллоо. Хөл хөдөлгөөн ихтэй, ирсэн хурсан зочид зохиолчид баяр хүргэн сэтгэлийн үгээ дэлгэсэн халуун дотно уур амьсгалтай нэгэн номын үдэш болж өнгөрөв. Б.Сарантуяа урт бор торгон дээл өмсөж үеийн хэдэн эмэгтэй зохиолчидтойгоо зургаа татуулан инээмсэглэн зогсоно. Номын нээлт 18:00 цагт товлогдон нэлээд орой болтол үргэлжилсэн юм.

Зохиолч найз нөхөдөө дуудан “Алив ном авсан уу, хэн нэгэнд номоо өгөлгүй гомдоогоод явуулчих вий дээ…” гэж сандран ирсэн хүн болгон гарын үсгээ зуран номоо өгөх нь хэзээний л номын нээлт хийгээд сурчихсан аргагүй л буурь суурьтай зохиолч хүн шиг харагдана. Сайхан инээмсэглэлийнх нь цаана энгийн даруу эгэлхэн мөртлөө гэгээлэг агуу их хүсэл мөрөөдөлтэй бяцхан охин байгаа ч юм шиг санагдан номын эхний хэдхэн хуудсыг дэлгэн уншихад л зохиолын гол баатар Самар охины гэнэн томоогүй хэрнээ хэрсүү мөртөө зоримог шийдэмгий дүр өмнө минь хөвөрнө.

Түүний “Сайн Бат хаан” зохиол нь ч тэнгэр газрыг нийлүүлэн хур бороо орж ер бусын байдлаар олныг алмайруулан эхэлдэг бол “Самар хатан” роман ч мөн л адил тэнгэрээс нэгэн сайхан дагина бууж ирж байгаагаар эхэлнэ. Тэр бол Самар хатан ажгуу. Ингээд зохиолын эхний хэдэн мөрийг та бүхэндээ толилуулъя.

Сарьдаг өндөр уулсын оройг тэгнэн буусан хөвөгч цагаан үүлсийн дундаас уянгалаг хоолой сонсогдоно. “Тэнгэрийн хаалга газрын үүдэн нээгдлээ. Алив дүү минь гараа өгөөрэй” хэмээгээд үзэсгэлэн төгс бүсгүй дэргэдэх залуу охины баруун гараас нь атгаха, “Айж гэрэвших хэрэггүй ээ. Эгч нар нь энд бууж хүйс голчийг эзэгнэсэн хөлгүй цэнхэр нууранд цэнгэх дуртай. Сарьдагийн оройд эгэл хүн хөлөө тавихгүй тул санаа амгалан байж болно” гэж хэлээд өөр нэгэн бүсгүй зүүн гараас нь хөтлөн, охиныг дагуулсаар үүлсийн завсраар доошлон буув. Эргэн тойрон ой тайга бүрхсэн өвч их уулсын халзан зулай дээр хөлөө тавих агшинд чанга хатуу газрын хөрс чимчигнүүлэн өлмийг нь өвтгөх ч хэд хэд алхсаны дараа хөл нь аяндаа дасаж, сэрвэлзүүлэн илэх өвс ногоод нь гижиг хүрэм адтай халиуран найгаж байв…

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *