Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд нар БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийлээ

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын төлөөлөгчид 2019 оны 1 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү-д бараалхаж, БНАЛАУ-ын Соёл, нийгмийн бодлогын Байнгын Хорооны дарга Сомпү Дуангсаван болон Лаосын Үндэсний Ассамблейн Эрх зүйн Байнгын хорооны дэд дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Кампенг Вилапан нартай хоёр талын албан ёсны уулзалт хийлээ. Яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бололцоо өргөн байгааг цаашид анхааралдаа авч, парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтов. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол, Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо УИХ-ын Олон Улсын Парламентын Холбоо, НҮБ-тай хамтран зохион байгуулах Тогтвортой хөгжлийн зорилтуудын Ази, Номхон далайн орнууд дахь хэрэгжилтийн асуудлаарх II чуулганд Лаосын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү-г оролцохыг урьсан УИХ-ын даргын албан ёсны урилгыг гардуулав. УИХ-ын төлөөлөгчид айлчлалын үеэр Лаосын мах импортлогч “Делюкс фүүд” компани болон цагаан будаа тариалагч “Панпет” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *