Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинзаяа: Хамтдаа тайзан дээр гарахад сэтгэл дүүрэн, бардам байдаг

“Extacy” хамтлагийн ахлагч, дуучин Б.Түвшинзаяа буюу Азутай ярилцлаа.


-“Extacy” хамтлагийн сүүлийн үеийн сониноос хуваалцахгүй юу?

-Өвөл хаяанд ирж, шинэ жилийн баярын уур амьсгал орж байгаа болохоор сайхан байна шүү. Манай хамтлаг байгуулагдаад найман жил болчихож. Хурдан юм аа. Бид шинэ жилийг тохиолдуулаад шинэ уран бүтээлийнхээ ажилд орчихоод байна. “Ex­tacy” хамтлаг та бүхэнтэй дахин уулзах гэж байгаадаа баяртай байна.

-“25” дугаар суваг телевизийн “Making the band” шоунаас танай хамтлаг бүрдсэн. Шоунаас оролцогчдыг шалгаруулж улмаар нэг хамтлаг болгоно гэдэг их сонирхолтой байсан шүү?

-Бидний амьдралын хамгийн гайхалтай дурсамжийн нэг бол “Making the band” шоу нэвтрүүлэг байсан. Анх уг шоунд ороход бид 18, 19 настай охид байж. Омголон, гэнэн ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй гэдэг шүү дээ. Тийм л байж дээ. Өглөөнөөс орой болтол амсхийх завгүй. Завсар чөлөөгүй л бэлтгэл сургуулилт, тоглолт, зураг авалт, ярилцлага гээд маш завгүй байсан үе минь одоо бодоход их сайхан санагдаж байна. Яг тэр үе рүүгээ буцаж очмоор санагддаг юм, заримдаа. Уг шоу нэвтрүүлгийг зохион байгуулсан 25 дугаар телевиз, продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг багшдаа үргэлж талархаж явдаг.

-Танай хамтлаг pop dance хамтлаг. “Чам руу” дуу хэмнэл мэдрүүлдэг бол “Glorious” жааз хөгжмийн орчныг дэргэд авчрах шиг л болдог юм?

-Баярлалаа. Тийм ээ, бид 800 гаруй оролцогчоос шалгарсан найман охин байсан. Манай дуунууд төрөл төрлийн хэв маягийн дуунууд байдаг шүү (инээв). Бид бүх төрлийн жанраар дуулж чаддаг, хөрвөх чадвартай гэдэг менежмэнттэй ажиллаж байсан юм. Одоо хөгжмийн нэг урсгалаараа, өөрийн гэсэн өнгө аястай, тогтсон нэг хэв маягаа барьж дуулах чиглэл барьж байгаа.

-Гэр бүл зохиож үр хүүхэд төрүүлж, гэр орноо авч явах, гэргий байхын зэрэгцээ уран бүтээлээ авч явна гэдэг том даваа байдаг. Гэсэн ч охидын хамтлагийнхан тэр бүхнийг даваад гараад ирдэг?

-Нэг их том даваа юм шиг санагдаагүй шүү. Харин ч амьдрал илүү баялаг болж, өнгө нэмж, эрч хүчтэй болсон гэж хэлж болно. Хүн ер нь өөрийнхөө хүссэн, бүтээсэн, хийсэн зүйлдээ баярлаж талархаж өнгөлж амьдрах ёстой юм байна билээ.

Өнөр өтгөн гэр бүлтэй болж бүр их уран бүтээл хийж нийгэмдээ хэрэгтэй зүйл хийх хүсэлтэй байдаг юм.

-“Extacy” хамтлаг одоо хэдүүлээ байгаа вэ?

-Одоогоор хамтлаг маань Азу, Дөлгөөнөө, Номио гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Бид гурав СУИС-ийн оюутан цагийн найзууд. Дөкө маань хамтлагийн үндсэн гишүүн. Азу миний бие анхнаасаа л хамтлагийн ахлагч байсан. Номио маань сүүлд хамтлагт маань орсон л доо. Маш авьяаслаг бүсгүй бий.

-Одоогоос найман жилийн өмнө танай хамтлаг моданд орж телевизүүдийн нэвтрүүлэг болгоноор гарч тухайн үеийн хүүхэд, залуус уран бүтээлийг тань шимтэн сонсдог байсан. Нэг үгээр хэлбэл богино хугацаанд од болж чадсан?

-Тийм ээ. Тэр үед бид өөрсдөө ч мэдээгүй байхад олон хүн биднийг дэмжиж урам өгч байсан. Гэртээ ч харих завгүй, амрах чөлөөгүй зүтгэж богино хугацаанд их ч зүйлийг бүтээсэн. Завгүй байх сайхан.

Хамгийн дуртай зүйлээ хийж байсан болохоор бүр ч гоё байсан шүү. Бидний ард олон хүн хөдөлмөрлөж богино хугацаанд “Extacy” хамтлагийг гаргаж ирсэн. Бид их ядарна. Хүйтэнд зурагт авалт хийх үе ч байдаг байлаа. Зураг авалттай үед хоол идэх ч завгүй. Хоорондоо үл ойлголцсоноос уйлж нэвтрүүлгийнхээ багийнханд загнуулж үзэгчдээс сөрөг сэтгэгдэл авч, өндөр өсгийтэй гутал өмсөөд аятайхан зураг даруулчих гээд үүр цайтал бүжиглэж байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Зөвхөн бид хамтдаа аз жаргалтайгаар туулсан тэр үе бол жинхэнэ аз жаргал байсныг дараа нь ойлгосон. Зорилго хүсэл тодорхой хүнийг юу ч зогсоож чаддаггүй юм билээ. Бид одоог хүртэл дуулсаар байна. Хамтлагийнхаа бусад охидод бүгдэд нь сайн сайхныг хүсч хайрлаж хүндэтгэж явдаг шүү.

-Монголын рок поп урлагт “Extacy” гэдэг нэрийг үлдээж чадсан нь та бүхний бас нэг амжилт юм?

-Тийм ээ. Бид бага байхаасаа, бүр цэцэрлэгт байхаасаа дуулж, бүжиглэж байсан хүүхдүүд. Сургуульд байхдаа ч тэр дуулсаар байсан. Одоо ч дуулж л явна. Юм дөнгөж эхэлж байна. Хүн ер нь өөрийгөө олох нь хамгийн чухал юм билээ. “Extacy” одоо боловсорсон жимснүүд болцгоосон (инээв). Одоо л бүх юм эхэлж байна даа. Цомог, тоглолт, уран бүтээл бүгдийг нь хийнэ ээ.

-Хэрвээ телевизийн шоу нэвтрүүлэгт орж хамтлаг бий болоогүй бол яах байсан бол гэж та бүхэн ярилцаж байсан уу?

-Шоунд орж “Extacy” хамтлагт багтаагүй бол хаа нэгтээ ганцаараа юм уу, хүмүүстэй нийлээд дуулж л байх байсан байх. Би дуулах дуртай. Хоолоо хийж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа, машин барьж байхдаа, шүршүүрт орж байхдаа ер нь бүхий л цагт дуулж л байдаг. Багаасаа урлагийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Ээжийнхээ гоё хувцаснуудаас өмсч зурагтын удирдлагыг микрофон болгож бариад буйдангийнхаа түшлэг дээр гарч зогсоод өөрийгөө тайзан дээр байна гэж төсөөлж мөрөөддөг охин байлаа. Одоо тэр мөрөөдлөөрөө амьдарч байна.

-Ер нь уран бүтээлч хүн ганцаараа уран бүтээлээ хийгээд явж болно л доо. Гэхдээ хамтаараа, хамтлагаараа явах нь илүү ч байж мэднэ. Хамтлагтай байхын, хамтлагийн дуучин байхын сайхан нь юу вэ?

-Хорвоод хүмүүс найз нөхөд, хань ижил, ах дүүс гээд дандаа л өөрийн хамааралтай хүмүүсээр хүрээлүүлж байдаг. Тэд бүгдээрээ хайр, аз жаргал, хамгийн гоё хүмүүс. Хамтлагаараа дуулах сайхан байдаг. Бид бүх зүйлээ мэдэлцсэн учраас эгч дүүс, анд найзууд. Хамтдаа тайзан дээр гарахад сэтгэл дүүрэн, бардам, гэрэл цацарсан байдаг юм. Хүн хорвоод ганцхан л амьдарна. Бусдадаа сайн сайхныг хүс. Аз жаргалыг түгээ. Чин сэтгэлээсээ тусал. Хүнд битгий муу сана. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Мөнгөтэй, мөнгөгүй ч болно. Гол нь хүн хүнээ хайрлаж, хүн чанараа гээх ёсгүй л дээ. Бид хамгийн ухаантай хүн гэх биеийг олж төрчихөөд хүн чанар, сайхан сэтгэлээ хэрхэвч гээж болохгүй. Бусдадаа хайр, аз жаргалыг түгээе. Амьдрал баялаг шүү, хүмүүс ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *