Categories
мэдээ нийгэм

Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр буцаав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг сонгон улсын тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцлээ.

Нийслэлийн хэмжээнд жилд 27 мянгаас 54 мянган тонн аюултай хог хаягдал гардаг бөгөөд Хог хаягдлын тухай хуульд зааснаар аюултай хаягдлыг ангилан ялгахаас гадна нарийн хяналттай тээвэрлэж, булж, үйлдвэрийн аргаар устгадаг тул ийм төвлөрсөн байгууламж барих газрыг суурьшлын бүсээс дор хаяж 2-3 км-ын зайд сонгох, тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд мэдэгдэж саналыг авах зэрэг ажлыг хийж мэргэжлийн хяналт дор гүйцэтгэдэг байна. Тиймээс газрыг нарийн сонгох ёстойг НИТХ-ын Тэргүүлэгчид дээрх асуудлыг танилцуулсан Нийслэлийн Захирагчийн алба, Тохижолт, хог хаягдлын хэлтсийн удирдлагад сануулж байлаа. НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, “Иргэд оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах учиртай чухал асуудлыг НИТХ-аар оруулж хэлэлцэх гэж байхад гол албан тушаалтан Улаанбаатар хотын ерөнхий менежер нь байлцсангүй. Хууль эрхзүйн талаас энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар тайлбарлах хүн байхгүй, асуудалд хариуцлагагүй хандаж байна” хэмээн шүүмжлэлттэй хандаж байв.

Хотын Захирагчийн алба, Тохижилт үйлчилгээний холбогдох мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг эхлээд Багахангай болон Багануур дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж байсан ч нэгд, малын бэлчээр, нүүрсний орд бүхий газруудад таарахгүй, хоёрт, хол газар аюултай хог хаягдлыг тээвэрлэх боломжгүй гэдгээр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Цагаандавааны хогийн цэгийг сонгоод байгаа аж. Гэвч газрын асуудлыг хэлэлцэж байхад Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөө, Эрүүл мэндийн болон байгаль орчин, мэргэжлийн хяналт зэрэг нийслэлийн холбогдох газар, албаныхан байхгүй, байгууламжийн талаарх ТЭЗҮ бэлэн бус байгаа учир Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн дараагийн хурлаар дахин оруулж ирж хэлэлцүүлэхээр буцаав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *