Categories
гадаад мэдээ

Австрид хөл хориог эсэргүүцсэн жагсаал болжээ

Австрийн Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд ирэх даваа гаргаас эхлэн орон даяар хөл хорио тогтоохоо мэдэгдсэний дараа тус улсын нийслэл Вена хотноо олон арван мянган хүн эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ.

Жагсагчид “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд хязгаарлалт тогтоож, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ “COVID-19”-ийн гэрчилгээгээ заавал үзүүлэх шаардлагатай болж буйг, мөн цаашид вакцинд заавал хамрагдах шийдвэр хэрэгжиж эхлэх төлөвтэй байгааг эсэргүүцэж байгаа аж.

Австрид даваа гаргаас орон даяар хөл хорио тогтоож, ихэнх дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, урлаг соёлын арга хэмжээнүүдийг цуцлахаар болоод буй юм. Иргэдийн хувьд хоол хүнс худалдан авах, эмчид үзүүлэх, дасгал хийх зэргээс бусад тохиолдолд гэрээсээ гарах боломжгүй байна.

Мөн Засгийн газар ирэх хоёрдугаар сарын 1-нээс иргэдэд вакцинд заавал хамрагдсан байх шаардлага тавихаар болжээ. Одоогийн байдлаар тус улсын 8.9 сая хүн амын 66 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа нь баруун Европын орнууддаа хамгийн сул үзүүлэлтүүдийн нэгд тооцогдож байгаа ажээ.

Венад болсон олон эсэргүүцлийн жагсаалд 35 мянга гаруй хүн оролцсон бөгөөд 1300 орчим цагдаагийн ажилтан хэв журам сахиулсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Жагсагчдын дийлэнх нь амны хаалт зүүгээгүй байсан байна.

Мөн бямба гарагт Швейцар, Хорват, Итали, Умард Ирланд, Нидерландад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Түүнчлэн Нидерландын цагдаа жагсагчдын эсрэг гал нээсний улмаас гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *