Categories
редакцийн-нийтлэл

Сумоч, үсчин, туслахууд ордны үүдэнд ирээд гар утсаа хураалгадаг болжээ

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар
сарын башё Токиогийн  “Рёогокү Кокүгикан”
ордонд зо­хиогдож байна. Тавдугаар сарын 8-нд эхэлсэн энэхүү башё юм, юмаараа өмнөх
барилдаануудаас өөр.

“Шинса-гүрёо” буюу зэрэглэл тогтоох
тэмцээн гэх нэртэй зо­хиогдож буй энэ удаагийн башёг зохион байгуулсан гол шалтгаан
нь долдугаар сарын башёд сумо­чид хэрхэн эрэмбэлэгдэх чансаа буюу банцүкэг гаргах
юм. Ердөө л энэ. Тийм болохоор түрүүлсэн бөхөд эзэн хааны цом олгохгүй, ямар ч шаг­нал,
бооцоо байхгүй­гээс гадна башёг “NHK” телевиз шууд дам­жуу­лахгүй байгаа. Сумо­гийн
холбооноос хэд хэдэн “болохгүй” гэх утгатай шаард­лага гар­­гасан бай­на. Тү­рүүл­сэн
сумо­чид зориул­сан баярын жагсаал хий­хийг хо­риг­лосон бөгөөд түрүү бөх бүхээг­гүй
машинд сууж, үзэгч, сумо сонир­хогчид руу гараа даллаж мэндчилэх төдийхнөөр л баяраа
тэмдэг­лэж болно гэжээ.

Алдагдсан нэр төрөө сэргээ­хийн тулд
Сумо­гийн холбоо төрөл бүрийн арга хэмжээ авч буй. Тэд­гээрийн нэг нь үзэгчдийг
ордонд үнэ төлбөр нэхэхгүй чөлөөтэй оруулж байгаа явдал юм.

Дээд зиндаанд манайхаас Ха­ку­хо М.Даваажаргал,
Асасэкирюү Б.Дашням, Какурюү М.Ананд, Ха­ру­мафүжи Д.Бямбадорж, Тамава­ши Б.Мөнх-Оргил,
Кёкүтэнхо Н.Цэвэгням, Шотэнро Д.Нямсүрэн, Токитэнкү А.Хүчитбаатар нар барилдаж байна.

Бейсболын шуугиан, даваа наймаалцсан
хэрэг, цунами, газар хөдлөлт гэхчилэн гадна дотны олон шалтгаанаар башё удаан завсарласан
нь сумочдын бэлт­гэлд их, бага хэмжээгээр ул мөрөө үлдээсэн бололтой. Ганц жишээ
дурдахад, дээд зиндааны 35 бө­хөөс 22 нь жингээ алдсаныг барил­дааны өмнөх эмчийн
үзлэгээр тогтоожээ. Хамгийн их турсан нь Точиношин, Аминишики нар гэнэ. Тэд 10 кг-аар
турсан байна. Озэки нараас Кайо ес, Котоошюү тав, Баруто хоёр кг-аар тус тус турсан
бол ёкозүна Хакухо нэг кг нэмж 154 кг жинтэй болсон гэнэ.

Харин даваа наймаалцсан хэр­гээр зиндааныхаа
ихэнх бөхийг алдсан жюүрёд 18 бөх барилдаж байгаа юм. Тэдэн дунд манай ганц ч бөх
байхгүй.

Хэдий түрүүлсэн бөхөд эзэн хааны цомыг
олгохгүй ч ялалт, ялагдлын тоо, рекорд амжилтуу­дыг тооцож, албан ёсоор бүртгэх
гэнэ. Хэрэв Хакухо энэ удаагийн башёд түрүүлбэл Асашёорюү Д.Дагвадоржийн үзүүлсэн
долоо дараалан түрүүлсэн амжилттай эн зэрэгцэх юм. Хакухо башёгийн өмнө “Асашёорюүгийн
амжилттай тэнцэх эсэх талаар огт бодохгүй байна. Найрааны асуудлаас үүдэн холдож
хөндийрсөн үзэгчид, сумо сонирхогчдоо дахин татахыг хамгаас их хүсч байна. Дэвжээн
дээр алдсан итгэл, үнэмшил, хүн­дэтгэлийг эргүүлэн авчрах болно” гэжээ.

Байгалийн гамшигт үзэгдэл болсонтой
холбогдуулан тус ул­сын цахилгаан, холбооны газраас цахилгааны хязгаарлалтыг үе,
үе хийж байгаа. Барилдааны үеэр дэвжээнээс бусад хэсэгт буюу үзэгчдийн суудал, танхимын
гэрэл­түүлгийг 40 хүртэл хувиар бууруул­сан гэнэ. Мөн газар хөдлөлтийн идэвхтэй
бүс нутагт байсан, сэтгэлзүйн дарамтад өртсөн 900 гаруй иргэнд хүндэтгэлийн суудалд
сууж бөх үзэх боломжийг сумогийн холбооноос олгосон байна.

Сумогийн холбоо сахилга алд­сан сумочдоосоо
болж башёгоо зохих түвшинд нь “бүтнээр” нь хийхгүй байгаа нь япончуудад “таалагдаж”
байгаа гэнэ. Бүхий л зүйл нь хязгаарлагдмал, даруухан болж байгаа ч нөгөө талаар
бөх­чүүд, холбоо нь гэмээ ухаарсан нь сайшаалтай гэж байгаа аж.

Өмнө нь башёгийн банцүкэг ёслол төгөлдөр
танилцуулж, муу­туу цаасан дээр тусгай журмын дагуу уран бийрээр бичин олон нийтэд
хүндэтгэлтэйгээр танил­цуул­даг байсан. Гэтэл эл башёгийн банцүкэг бичгийн цаасан
дээр шивээд дэвжээнүүдэд хүргүүлсэн байх юм. Энэ башёгоос эхлэн сумоч, тэдний туслах,
үсчид ордны үүдэнд ирээд гар утсаа хураал­гадаг болжээ. Энэ нь мэ­дээж мес­сежээр
найраа хийхээс урьд­чил­сан сэргийлсэн хэрэг.

Түүнчлэн хувцас солих өрөө, хүлээлгийн
танхим, дэвжээний ойролцоо “чих сайтай” туршуулууд тавьж хэн, юу ярив гэдгийг чагнаж
байхаар болжээ.

Өчигдөр башёгийн гурав дахь барилдаан
боллоо. Башёг гурван даваатайгаар Хакухо М.Даваа­жаргал, Асасэкирюү Б.Дашням, Кайсей
нарын таван бөх тэргүүлж байлаа. Харин Какурюү М.Ананд, Тамаваши Б.Мөнх-Оргил, Кёкү­тэнхо
Н.Цэвэгням, Шотэнро Д.Ням­сүрэн, Токитэнкү А.Хүчитбаатар нар тус бүр хоёр даваа,
нэг унаа­тай, Харумафүжи Д.Бямбадорж нэг даваа, хоёр унаатай болоод байлаа.

Д.ГАНСАРУУЛ