Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3392 төгрөг болжээ DNN.mn

онголбанкнаас зарласан төгрөгийн америк   доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны 10 дугаар сард 3392.02 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 60.5 төгрөгөөр  чангарч, 9 дүгээр сараас 11.1 төгрөгөөр суларсан аж.

Монголбанкнаас зарласан төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 3698.49 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 52.1 төгрөгөөр суларч, 9 дүгээр сараас 55.3 төгрөгөөр чангарчээ.

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 35.22 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 0.4 төгрөгөөр, 9 дүгээр сараас 1.8 төгрөгөөр чангарсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 478.55 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос  6.2 төгрөгөөр, 9 дүгээр  сараас  0.9 төгрөгөөр суларсан дүн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2023 оныхоос 122.6 тэрбум төгрөгөөр буурчээ DNN.mn

 Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 10 дугаар сарын эцэст 35.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 мөн үеийнхээс 9.1их наяд төгрөгөөр давсан дүн юм. Зээлийн өрийн үлдэгдлийн хувьд:

  • 60.4 хувь нь иргэд,
  • 37.7 хувь нь хувийн байгууллага,
  • 0.8 хувь нь төрийн байгууллага,
  • 1.1 хувь нь санхүүгийн байгууллага,

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг эзэлж байна Энэ төрлийн зээлийн өрийн үлдэгдэл 32.1 их наяд төгрөг болж, 2023 оныхоос 9.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, 2023 оныхоос 100.7 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг болж, 2023 оныхоос 122.6 тэрбум төгрөгөөр буурчээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.3 сая төгрөг байна DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлсэн, Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал (ҮХЭХЗ)-ын  301 байгууллага 2024 оны 3 дугаар улирлын  тайлангаа ирүүлжээ.

ҮХЭХЗ-ын нэг байгууллагад дунджаар 1 брокер, 4 агент ажиллаж байна. Брокерын тоо 2023 оны мөн үеийнхээс 14-өөр буурсан. Харин агентын тоо 1301 болж нэмэгджээ.

ҮХЭХЗ-ын байгууллага 212.5 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй.  Хөрөнгийн хувьд

  • 175.0 тэрбум төгрөг буюу 82.3 хувийг эргэлтийнх,
  • 37.5 тэрбум төгрөг буюу 17.7 хувийг эргэлтийн бус,

Эх үүсвэрийн хувьд:

  • 164.5 тэрбум төгрөг буюу 77.4 хувийг өр төлбөр,
  • 48 тэрбум төгрөг буюу 22.6 хувийг эздийн өмч  эзэлж байна.

Тухайн байгууллагуудын хөрөнгийн  77.8 хувийг 15 компани, 94.7 хувийг 60 компани бүрдүүлдэг. Хөрөнгийн дүнгээр зах зээлд эзлэх хувийг авч үзвэл:

  • 90 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй 109 ҮХЭХЗ-ын байгууллагын хөрөнгө зах зээлийн 97.6 хувийг,
  • 60-90 сая хүртэл төгрөгийн хөрөнгөтэй 22 ҮХЭХЗ-ын байгууллага зах зээлийн 0.8 хувийг,
  • 60 сая төгрөг хүртэл хөрөнгөтэй 170 байгууллага  зах зээлийн 1.6 хувийг бүрдүүлж байна.

Тусгай зөвшөөрөлтэй ҮХЭХЗ-ын байгууллагуудын 450 хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 6.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. ҮХЭХЗ-ын байгууллагын хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд:

  • 93.5 хувийг иргэд,
  • 3.6 хувийг хуулийн этгээд,
  • 2.9 хувийг иргэн, хуулийн этгээд хамтран эзэмшдэг.

Ашигт ажиллагааны хувьд:

  • 89 байгууллага 15.6 тэрбум төгрөгийн,
  • 120 байгууллага 29.4 тэрбум төгрөгийн,

 Харин 92 байгууллага ашиг ч үгүй, алдагдал ч үгүй ажиллажээ.

Улаанбаатар хотод  тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг  байгууллагуудын хувьд:

  • 32 хувь нь Сүхбаатар дүүрэгт,
  • 26.6 хувь нь Хан-Уул дүүрэгт,
  • 18.9 хувь нь Баянзүрх дүүрэгт,
  • 10.4 хувь нь Баянгол дүүрэгт,
  • 10.8 хувь нь Чингэлтэй дүүрэгт,
  • 1.3 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт,

Харин орон нутагт 4 байгууллага буюу 1.3 хувь нь үйл ажиллагаа эрхэлж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй ҮХЭХЗ-ын байгууллагын тайланд:

  • нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.3 сая төгрөг,
  • тансаг зэрэглэлийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 6.3 сая төгрөг гэж дурджээ.

ҮХЭХЗ-ын байгууллагуудын тайлан, мэдээгээр худалдсан үл хөдлөх хөрөнгийн хэлцлийн хувьд:

  • 90.1 хувийг орон сууц,
  • 6.5 хувийг газар,
  • 0.2 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай  үл хөдлөх хөрөнгө (ҮХХ) эзэлж байна.

Худалдсан үл хөдлөх хөрөнгийн талбай:

  • 51.6 хувийг газар,
  • 44.6 хувийг орон сууцны,
  • 0.7 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХХ эзэлж байна.

Худалдсан үл хөдлөх хөрөнгийн арилжсан дүнгийн хувьд,

  • 88.8 хувийг орон сууц,
  • 2 хувийг газар,
  • 1 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХХ эзэлж байна.

Дамжуулан худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгийн нийт үнийн дүнгийн хэмжээгээр авч үзвэл:

  • 50-аас доош м.кв бүхий үл хөдлөх хөрөнгө 22.4 хувийг,
  • 51-ээс 100 м.кв хүртэлх 49.6 хувийг,
  • 101-ээс 200 м.кв хүртэлх 18.2 хувийг,
  • 201 м.кв-аас дээших талбайтай нь 9.8 хувийг  эзэлжээ.

Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, хөлслөхөд зуучилсан үл хөдлөх хөрөнгийн нийт үнийн дүнгийн хэмжээгээр  авч үзвэл:

  • 50-аас доош м.кв бүхий үл хөдлөх хөрөнгө 21.4 хувийг,
  • 51-ээс 100 м.кв хүртэлх 38.7 хувийг,
  • 101-ээс 200 м.кв хүртэлх 22.0 хувийг,
  • 201 м.кв-аас дээших талбайтай нь 17.9 хувийг эзэлжээ.

Энэ  оны эхнээс 8,955 хэлцлээр, 1,303.5 мянган м.кв талбай, 2,003.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан шилжүүлжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй ҮХЭХЗ-ын байгууллага 2023 оны мөн үеийнхээс 13-аар буурсан байна

Categories
мэдээ

Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаан болно DNN.mn

Арваннэгдүгээр сарын 23-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 24-нд 13:00 цагаас Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит Улс,аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн баруун баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -2…-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -4…-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -4…-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 98.5 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1-16, 20-22 дугаар хороо өнгөрсөн оны үлдэгдэл бодис 155 тонн, дайрга 87 метр.куб байгаа бөгөөд нэмэлтээр 1500 тонн давс, 1500 тонн бодис, 500 метр.куб хайрга, дайрга нөөцөлжээ.

Өвөл замын цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах машин, техникийн хувьд давс бодис цацах камаз 11, цас үлээгч, давс цацагчтай зориулалтын машин 2, цас ачих зориулалтаар ковш 2,  грейдэр 1, экскаватор 2, далангийн индүү 1, хог тээвэрлэх шахдаг машин 18, жижиг самосвол 19, авто замын нуух шүүрдэх шүүрдэгч машин 3, бусад техник 31 буюу нийт 90 техник хэрэгслийн бэлэн байдлыг хангасан байна. Мөн тохижилт үйлчилгээний ажилчдын хувцас, багаж хэрэгслийг бүрэн бэлтгэжээ.

Чингэлтэй дүүргийн 17-20, 23, 24 дүгээр хороо 201 тонн тусгай зориулалтын бодис, 220 тонн тусгай зориулалтын давс нөөцөлсөн. Хог тээврийн машин 16, зам шүүрдэгч жижиг машин 2, давс цацагч машин 2.5 тонн багтаамжтай 1, давс цацагч машин 8 тонн багтаамжтай 1, ковш 2, цас ачих машин 2, ажилчдын нэг автобус гээд нийт 26 машин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангажээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 966.5 тонн давс, 362.5 тонн бодис, 174 метр.куб дайрга нөөцлөөд байна. Тус дүүргийн зам цэвэрлэгээний нийт 8 байгууллагад 34 тусгай зориулалтын автомашин, 48 тоног төхөөрөмжийг бэлтгэжээ.

Сүхбаатар дүүргийн хувьд зам талбайн цэвэрлэгээний асуудал хариуцсан байгууллагуудад хяналт шалгалт хийж, давс, бодисын нөөцийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, “Сүхбаатар тохижилт” ХХК нь 30 шуудай бодис, 10 тонн давс нөөцөлж, 3 машин, техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон. “Шинэ цагийн зам” ХХК нь 73 тонн давс, 15 тонн тусгай бодис нөөцөлж, өвлийн ажлын хувцас 18 ажилтанд тарааж өгсөн, 5 техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон. “Найши трейд” ХХК нь 100 гаруй тонн давс, 60 гаруй тонн бодис нөөцөлж, нийт 75 ажилтанд өвлийн хувцас тарааж өгсөн. 27 техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон байна.

“Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ нь 500 гаруй тонн давс, 160 орчим тонн тусгай бодис нөөцөлж, 250 өвлийн ажлын хувцас бэлтгэснээс 109 өвлийн ажлын хувцас ажилтанд тараасан байна. 43 техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон. “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ нь 100 орчим тонн давс, 20 орчим тонн бодис нөөцөлж, 57 өвлийн ажлын хувцас захиалсан. Нийт 12 техник хэрэгслийн тос масло, дугуй сольжээ.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүдэн шүүлттэй холбоотой УИХ-ын хяналтын сонсгол энэ сарын 20-нд болно

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2024 оны наймугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтсон. Хяналт сонсголын бүртгэл өчигдөр дууссан байна. Хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллах аж.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

М.Мөнхгэрэл: Мөрийтэй тоглоом тоглоод санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг өөрөөс тань хол, боломжгүй зүйл гэдгийг ухаарах нь чухал DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч М.Мөнхгэрэлтэй цахим мөрийтэй тоглоомын талаар ярилцлаа.


-Мөрийтэй тоглоомын нэг хэлбэр нь цахим мөрийтэй тоглоом шүү дээ. Цахимд ямар платформыг ашиглан хүмүүс мөрийтэй тоглоом тоглож байна вэ. Ер нь хэзээнээс цахим мөрийтэй тоглоом хүчээ авсан талаар тодруулбал?

-Цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн нөлөөгөөр гар утасны программуудаар дамжуулан янз бүрийн цахим платформуудыг ашиглан мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах гэмт хэрэг нэмэгдэж байна. Ялангуяа “Ковид-19” цар тахал дэлхий нийтээр гарч, хөл хорио тогтоосон цагаас эхлэн иргэдийн интернэт хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Энэ гэмт хэрэг нь гар утасны аппликэйшин болон домайн хаяг, вэб сайтуудыг ашиглан үйлдэгдэж байгаа бөгөөд иргэдийг татан оролцуулахдаа бидний өдөр тутамдаа хэрэглэдэг фэйсбүүк, телеграм зэрэг аппликэйшнүүдээр дамжуулан зар сурталчилгаа түгээдэг.

-Мөрийтэй тоглоом тоглох процесс хэрхэн явагддаг вэ. Ахиу мөнгөөр бооцоо тавибал хожих магадлал ихэсдэг гэдэг ойлголт байдаг. Энэ үнэн үү?

-Мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд хүмүүсийг зориудаар хохироодог, гэр бүл, амьдралыг нь сүйтгэдэг гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл, иргэд хамаг мөнгө, эд хөрөнгөө алдаж, цаашлаад амь насаараа хохирч байна. Цахим мөрийтэй тоглоомын улмаас хүн амиа хорлох эсэх нь тэдэнд огт хамаагүй. Тэд тоглогчдоо мөнгө алдчих вий гэхээс гадна тэднийг тоглохоо болихоос л айдаг. Мөн удаан хугацаанд та тэднийг ялахыг огт зөвшөөрөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тэд тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах, урьдчилан программчилсан буюу хиймэл тоглогч оруулан хожуулах, эсвэл бот буюу хэд хэдэн аккаунтаар зэрэг тоглож, олон хүн тоглож байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг болох нь тогтоогдсон. Үнэндээ та ганцаараа бүх мөнгөө алдаад дуусна. Тиймээс та их ч байсан, бага ч байсан мөнгөө алдах нь тодорхой гэдгийг санах хэрэгтэй. Манай ард түмэн нэгнийгээ буруу, муу зүйлд уриалж, “Энэ тэгдэг гэнэ, төчнөөн төгрөг өгдөг гэнэ” гэх мэтээр ам дамжсан худал хуурмаг ярианд итгэж, нэгэндээ санал болгохгүй байхыг зөвлөж байна.

-Тоглогчдын бооцоонд тавьсан мөнгийг ямар данс руу хийлгэдэг юм бол?

-Мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудад бүртгэлтэй иргэний дансыг ашигладаг. Данс эзэмшигчид нь архинд донтох хамааралтай, эсвэл оршин суугаа газар нь тодорхойгүй, тэнэмэл байдлаар амьдардаг хүмүүс байдаг. Тэдэнд бага хэмжээний мөнгө, эсвэл архи зэргийг авч өгөөд интернэт данс нээлгэн нэвтрэх нэр, нууц үг зэргийг нь авч дансыг нь ашигладаг. Мөн зарим тохиолдолд иргэдэд мөнгө амлаж, дансыг нь ашиглах тохиолдол байна. Ингэж дансаа ашиглуулснаар та ч гэсэн энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болох эрсдэлтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

-Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан болон тоглосонтой холбоотой гомдол мэдээлэл хэр бүртгэгдээд байна вэ. Ер нь энэ гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна уу, буурах хандлагатай байна уу?

-Цагдаагийн байгууллагад 2021-2023 онд нийт 121.154 гэмт хэрэг бүртгэгдсэний 23.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн. Үүнээс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл болох “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн тоог он тус бүрээр нь ярья л даа. 2021 онд 565, 2022 онд 412, 2023 онд 383 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна. Энэ оны эхний найман сарын байдлаар 48 тохиолдол бүртгэгдсэн.

-Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн арга хэмжээнээс дурдвал?

-Цагдаагийн байгууллагаас санаачлан Улсын ерөнхий прокурор, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үүрэн холбооны оператор компаниудтай хамтран 2020 оноос хойш “Хяналт-1, 2” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд мөрийтэй тоглоомын сайтын 3508 домэйн хаягийн Монгол Улсаас хандах эрхийг хязгаарласан. Мөн хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг хязгаарлаж, хууль бус мөрийтэй тоглоом сурталчилсан, зохион байгуулсан 102 фэйсбүүкийн групп, хуудсыг устгуулах хүсэлтийг “Мета” компанид хүргүүлж ажилласан.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны аравдугаар сарын 27-ны өдрийн А/305 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтэс байгуулагдсан. Энэ хэлтэс эхний нэг жилийн хугацаанд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 63 дуудлага, мэдээлэл хүлээн авч, арилжааны банкуудын дансанд төвлөрсөн 455 сая 428 мянга 680 төгрөгөнд хязгаарлалт тогтоон, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 4545 домэйн хаягийн Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах ажлыг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хийж, гүйцэтгэсэн.

-Бүх насны хүмүүс энэ тоглоомыг тоглож байх шиг байна. Аль насныхан хамгийн их хувийг эзэлж байна вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Энэ гэмт хэргийн хохирогчдын байдалд хийсэн судалгаа байхгүй. Харин гэмт хэргийн холбогдогчдын дийлэнх нь 18-39 насны хүмүүс байдаг. Холбогдогчдын дийлэнх хувь нь эрэгтэй байх бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчин, ажилгүй иргэд байна. Түүнчлэн бүрэн дундаас дээш боловсролтой иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг ихэвчлэн бүлэг, зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байна.

-Цахимд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хууль ёсны платформ ч юм уу, компани байдаг уу?

-Манай улсын хувьд цахим мөрийтэй тоглоомыг хууль бус гэж үздэг улс орнуудын нэг юм. Өөрөөр хэлбэл, мөрийтэй тоглоом тоглох болон зохион байгуулах нь гэмт хэрэг, зөрчил гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиудад хариуцлага тооцохоор заасан байдаг. Тиймээс мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хууль ёсны нэг ч иргэн, байгууллага, аж ахуйн нэгж байхгүй.

-Цахим мөрийтэй тоглоом бол иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа ноцтой гэмт хэрэг гэж ойлголоо. Энэ төрлийн тоглоомыг зохион байгуулсан болон тоглосон этгээдэд ямар хариуцлага оногдуулдаг вэ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 мянгаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Харин цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах болон түүнд оролцож тоглохын аль аль нь хууль бус үйлдэл. Хэрвээ та мөрийтэй тоглоом тоглосон бол Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйл “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 100.000 төгрөгөөр торгоно” гэсний дагуу тус тус хариуцлага тооцно.

-Цахим мөрийтэй тоглоомын улмаас ямар ямар хор уршиг гарч байна вэ. Зарим хүмүүс их хэмжээний өрөнд ороод амиа хорлох ч тохиолдол байдаг?

-Мөрийтэй тоглоом дан ганц хувь хүнээр зогсохгүй тэдгээрийн гэр бүл, найз нөхөд, нийгэмд төрөл бүрийн хор нөлөө үзүүлсээр байна. Тухайлбал, мөрийтэй тоглоом хүнийг донтуулах нөлөөтэй учраас нийгэмд учруулах хор нөлөө их байдаг. Донтсон этгээд мөрийтэй тоглох мөнгөө олохын тулд дээрэм, хулгай хийх, залилан мэхлэх зэрэг гэмт хэргүүдийг ч үйлддэг.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн тасагт мөрийтэй тоглоомын улмаас эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх хувь нь гэр бүлээрээ санхүүгийн асуудалд орсон байдаг. Үүнээс болж тэдний 60 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар амиа хорлох талаар боддог бол 40 орчим хувь нь амиа хорлох ямар нэгэн оролдлого хийсэн байдаг гэсэн тооцоо судалгаа байдаг.

-Мөрийтэй тоглоом хүнийг хар тамхинаас илүү донтуулдаг гэсэн. Донтож байгаагаа өөрөө мэдэх боломж байдаг уу?

-Мөрийтэй тоглоом тоглоод хожиход тухайн хүнд аз жаргал, сайхан мэдрэмж авах даавар буюу допамин даавар ялгардаг. Мөрийтэй тоглоомоос энэ мэдрэмжийг нэг л мэдэрсэн хүн өдөр тутмын аз жаргал, сэтгэл ханамжтай байдлыг мэдрэхээ больдог. Ингээд энэ аз жаргалыг мэдрэхийн тулд дахин дахин мөрийтэй тоглоом тоглодог.

Мөрийтэй тоглоомд донтсон үед дараахь шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд: Өмнө нь тоглосон мөрийтэй тоглоомын талаар бодохоо зогсоож чадахгүй байх, дараагийн удаагийн тоглолтоо төлөвлөх, мөрийтэй тоглоомоос улбаалан ажил, гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байх, мөнгөө алдах сөрөг үр дагаврууд гарсаар байвч өөрийгөө зогсоож чадахгүй байх, хяналтаа алдах, мөрийтэй тоглоомын талаар худал хэлэх, дотны хүмүүсээсээ мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг нуун дарагдуулах, бооцооны дүнг нэмэх, зан ааш нь өөрчлөгдөх, хурц ширүүн болох зэрэг шинжүүд илэрч байгаа бол та донтож байна гэсэн үг.

-Мөрийтэй тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх боломжтой юу. Ойр дотны хүн маань мөрийтэй тоглоом тоглоод байвал ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Мөрийтэй тоглоомд донтохоос урьчилан сэргийлэх цорын ганц арга нь огт тоглохгүй байх явдал. Донтсон гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлсэн цагаасаа мөрийтэй тоглоом тоглохоо зогсоож, эмчилгээ хийлгэх боломжтой. Хэрэв ойр дотны хүн тань мөрийтэй тоглоом тоглож байвал, нэгдүгээрт, уурлаж бухимдаж, загнахгүйгээр эвээр ярьж, маш сайн сонсох хэрэгтэй, хоёрдугаарт, мэргэжлийн сэтгэл засалч болон эмнэлгийн байгууллагад хандаж даруй хариу арга хэмжээ авах шаардлагатай. Гуравдугаарт, хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа газрыг мэдэгдэж, таслан зогсоох шаардлагатай.

-Хэрэв тухайн хүн мөрийтэй тоглоомд аль хэдийнэ донтчихсон бол ангижрах арга зам бий юу?

-Мөрийтэй тоглоомыг ямар нэгэн байдлаар туршиж тоглохгүй байх,таны эргэн тойронд мөрийтэй тоглоомыг санал болгосон дэл сул яриа байгаа бол түүнд итгэж болохгүй. Үүнээс гадна мөрийтэй тоглоом тоглоод мөнгө хожно, мөнгөө өсгөнө, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг өөрөөс тань хол, боломжгүй зүйл гэдгийг ухаарах шаардлагатай. Хэрэв танд дээр дурдсан донтох эмгэгийн шинж тэмдэг илэрч байвал яаралтай мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Оюунцэцэг: Орон нутагт боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа өдөрт дунджаар дөрвөн минутыг зарцуулдаг DNN.mn

“Цаг ашиглалтын судалгаа-2023-ын үр дүнгийн талаар Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Манай улсад цаг ашиглалтын судалгааг хэзээнээс хийж эхэлсэн бэ. Тухайн улсын хүн амын цаг ашиглалтыг ямар аргаар хэмждэг вэ?

-Хоногийн 24 цаг буюу 1440 минутыг юунд зарцуулж байна вэ гэдгийг нь харгалзан үзэж хүн амын цаг ашиглалтыг хэмждэг. Судалгаанд оролцогчдын өдөр тутамдаа хийж байгаа үйл ажиллагаагаа тайлагнан бичсэн өдрийн тэмдэглэлд үндэслэн энэхүү судалгааг хийдэг. Тодруулбал, судалгаанд 12-оос дээш насны хүмүүс хамрагдсан ба тухайн хүн хоногийн 1440 минутыг юунд зарцуулж байгааг нь судалсан гэсэн үг. Статистикийн тухай хуульд цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд зохион байгуулна гэж заасан байдаг. Хамгийн анх 2000 онд энэ судалгааг хийхдээ долоон аймаг, нийслэлийн зарим дүүргийн 1000 гаруй өрхөөс судалгаа авч байсан. Харин энэ удаагийн судалгаа өмнөх жилүүдийнхээс харьцангуй өргөн цар хүрээтэй хийгдсэн. Судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 23.394 өрх оролцсон гэдгээрээ онцлогтой.

-Цаг ашиглалтын судалгааг хийхийн ач холбогдол нь юу байдаг вэ?

-Энэхүү судалгаагаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтийг хэмжих боломж бүрдэж байгаа юм. Үүнээс монголчуудын амьдралын хэв маягийг харах боломжтой. Сүүлийн үед яригдаад байгаа эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа цагийг бууруулах зорилт тавиад, түүндээ хүрэхийн тулд янз бүрийн хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний үр дүн нь зорьсон зорилтдоо хүрч байгаа эсэхийг судалгаанаас харах боломжтой.

-Монголчууд цагийг хэр үр бүтээлтэй ашигладаг ард түмэн бэ. Оршин суугаа газраасаа хамаарах байх?

-Монгол хүн хоногийн 24 цагийн 51 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1 хувийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж байна. Тухайн хүний ажлын бүтээмж нь оршин суугаа газраасаа хамаардаг. Онцлогийг нь харвал, Улаанбаатар хотын хүн ам хөлстэй хөдөлмөр эрхлэхэд цаг их зарцуулж байна. Хөлстэй хөдөлмөр эрхэлдэг хүн гэдэгт цалинтай хөдөлмөр эрхэлдэг болон мал аж ахуй эрхэлдэг хүмүүс орно. Хөлсгүй хөдөлмөр эрхлэлт гэдэгт гэрийн ажил хийх, гэр бүлийн гишүүддээ туслах, асрах, сайн дурын ажилд оролцох гэх мэт ажлууд багтдаг. Хөдөө орон нутгийн хүн амын хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлт ижил түвшинд байна. Судалгааны үр дүнгээс хөдөөний хүн ам хамгийн их цагийг буюу 350 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхдээ зарцуулж байна гэсэн дүр зураг харагдсан. Хотын хүмүүс өдөрт чөлөөт цагтаа 201 минутыг зарцуулж байхад, хөдөө орон нутгийн хүмүүс 155 минутыг зарцуулж байна. Эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд, эрэгтэйчүүд хөлстэй хөдөлмөр эрхлэхэд илүү их цаг зарцуулдаг.

-Ажилдаа ирж, очиход хүмүүс хэр цагийг зарцуулж байна вэ?

-Судалгааны тайланд ажилдаа явах, зорчих гэсэн үзүүлэлт бий. Энэ нь гадуур явж байгаа, түгжрэлд өнгөрүүлж байгаа цагийг илэрхийлэх үзүүлэлт юм. Нийслэл хотод амьдарч байгаа нийт хүн ам дунджаар ажилдаа явах, зорчихдоо ажлын өдрүүдэд дунджаар 45 минутыг зарцуулдаг бол аймгийн төвд 19, сумын төвд 25, хөдөөд 6 минутыг зарцуулдаг гэсэн үр дүн гарсан. Гэхдээ судалгааны үр дүнгүүд 2023 оны нөхцөл байдлыг илтгэж байгааг анхаарах хэрэгтэй.

-Сурч, боловсроход зарцуулж байгаа цаг нь суурьшиж байгаа газраасаа хамаараад ялгаатай байх нь. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Улаанбаатар хотын 12-оос дээш насны хүмүүсийн боловсролд зарцуулж байгаа өдрийн дундаж цаг нь 38 минут байдаг бол хөдөө, орон нутгийн хүмүүс 19 минутыг боловсролдоо зарцуулж байна гэсэн судалгааны дүн гарсан. Тухайн хүүхдийн боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулах цаг нь хомс байсны улмаас хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлт рүү татагдан орох магадлал өндөр байна. Хөдөөд боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа өдөрт дунджаар дөрвөн минутыг зарцуулдаг бол хотод хамгийн өндөр буюу 116 минутыг зарцуулдаг. Хөдөөний хүүхдүүдийн боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байгаа цаг хангалтгүй учраас сурч, боловсрох орчин нь хэр бүрдэж байгаа тал дээр анхаарах шаардлагатай.

-Тухайн хүний боловсролын түвшин цаг ашиглалтад нь хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хөлстэй хөдөлмөр эрхлэхэд боловсролын түвшин шууд хамааралтай байдаг. Тодруулбал, дээд боловсролтой хүмүүс өдөрт 307 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна. Харин техникийн болон мэргэжлийн боловсролтой хүмүүс хөлсгүй болон хөлстэй хөдөлмөр эрхлэхэд адил цаг зарцуулдаг. Боловсролын түвшин өндөр байх тусмаа хөлстэй хөдөлмөр эрхлэх боломж нь нэмэгдэж байна.

-Цаг ашиглалтад хүмүүсийн нас, хүйс нөлөөлдөг байх нь. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Насны ялгаа маш их нөлөөлдөг. Насны бүлгүүд хоногийн дийлэнх цагийг юунд зарцуулдаг талаар ярья л даа. 12-17 насны хүн боловсролын үйл ажиллагаандаа, 18-24 насны хүн ам хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 25-39, 40-59 насныхан хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд хамгийн их цагийг зарцуулдаг. Харин 60-аас дээш насныхан чөлөөт цагтаа хамгийн өндөр цагийг зарцуулдаг. Хамгийн олон цагаар унтдаг хүмүүсийг насны бүлгээрээ 60-аас дээш насныхан тэргүүлдэг.

-Тухайн хүний гэрлэлтийн байдал нь цаг ашиглалтад маш их нөлөөлдөг. Энэ талаар судалгаа бий юу?

-Тийм. Гэрлэлтээ батлуулсан болон батлуулаагүй хүмүүс гэр бүлийнхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн байдаг учраас хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь их байна. Гэрлэсэн хүмүүсийн боловсрол, чөлөөт цаг болон хувийн хэрэгцээнд зарцуулах цаг багасдаг. Огт гэрлээгүй хүмүүс хөлстэй хөдөлмөр болон боловсролдоо өндөр цаг зарцуулж байгаа. Гэр бүлээ цуцалсан, тусгаарласан болон бэлэвсэн хүмүүсийн хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байгаа цаг нь бага байдаг.

-Ажлын өдрийг дөрөв болгох ч юмуу, ажлын цагийг багасгавал хүмүүсийн ажлын бүтээмж өсөх үү?

-Энэ талаар нарийвчлан судлаагүй. Гэхдээ ажлын өдөр, цагийг багасгавал хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжид сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Ялангуяа хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь буурвал, улс орны эдийн засгийн бүтээмж буурна шүү дээ.

-Та хүмүүс цагаа хэрхэн зөв ашиглах талаар юу гэж хэлэх вэ?

-Судалгаанаас харахад, 12-17 насны хүүхдүүд боловсрол, чөлөөт цагтаа илүү их цаг зарцуулдаг юм байна. Хүмүүс чөлөөт цагаа телевиз юм уу гар утсаа үзэж өнгөрүүлдэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс цахим ертөнцөд зарцуулдаг цагаа илүү бүтээмжтэй, үр бүтээлтэй байлгах тал дээр анхаарах шаардлагатай гэж бодож байна. Ингэснээр хүмүүсийн амьдралын хэв маягийг үр бүтээлтэй болгож болох юм гэж харж байна.

Ө.АнхзаяаГ.БАлГАрМАА

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр DNN.mn

2024.11.17 / НЯМ ГАРИГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН
ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 08.02-17.13
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Шороо

Аргын тооллын 11 сарын 17, Адъяа гараг. Билгийн тооллын 17, Чөлөөт эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:02-17:13. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.