Categories
мэдээ улс-төр

АҮББХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын  хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны  2024 оны 01 дүгээр тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ албан бичгээр ирүүлснийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар танилцуулаад “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын Г.Очирбат үг хэлсний дараа “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Иймд уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг ажиллахаар болов.

Үргэлжлүүлэн “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг хавсралтаар батлах, улмаар биелэлтийг тус Байнгын хороонд 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгохоор тусгасан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ.

Дараа нь “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тус Байнгын хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Иймд тус ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг батлах асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, П.Ганзориг, Б.Тулга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс өөрийнх нь хүсэлтээр Ж.Золжаргал гишүүнийг хасаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Г.Очирбатыг нэмэх саналыг хэлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр ажлын хэсгийн хянан шалгах үйл ажиллагааны хүрээ хязгаарыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр гэж хумилгүй, тухайн компанийн нүүрс олборлолт, экспорт, хөрөнгийн бирж дэх борлуулалт, тээвэрлэлт зэрэг бүхий л үйл ажиллагааг хамруулах шаардлагатай гэв. Байнгын хорооны дарга С.Ганбаатар уг саналыг хүлээн авах нь зүйтэй гэлээ.

Ингээд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив.

Иймд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Батбаяр, П.Ганзориг, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, Л.Мөнбаясгалан, П.Мөнхтулга, Г.Очирбат, Б.Тулга, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

В.Удвал: Ж.Цэвээний “Улсын эрх” бүтээлээс эхлээд судлах, харах юм их шүү дээ DNN.mn

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна. Энэ удаа Монгол Улсын гавьяат хуульч, доктор PhD, дэд профессор В.Удвалын Үндсэн хуулийн судалгааны түвшин ямар байгаа, уг хуулийн талаар иргэд юуг дутуу дулимаг мэдэж байгаав гэсэн асуултад өгсөн хариултыг энд толилуулъя.


-Үндсэн хуулийн аль тал нь илүү судлагдсан бол?

-Ер нь Үндсэн хуулийн судалгаа хэрхэн хийгдэж байнав тодруулж хэлбэл ерөнхийдүү явж ирсэн гэдэгтэй санал нийлнэ.

Тэр дотор зарим нөхөд 1940, 1949, 1960 оны үндсэн хуулийн талаар судалгаа орхигдонгуй байдаг гэж хэлдэг бол үнэн.

Гэхдээ энэ үеийн хууль дээр ажилладаг хүн цөөн юм болохоор судалгаа, сурталчилгаа тааруу мэт харагддаг байх л даа.

Уг нь 1940-1960 оны үндсэн хууль хамгийн урт насалсан нь Монгол улсын хөгжил цэцэглэлийн жинхэнэ хурдтай үед нийгмийн тэр өөрчлөлт шинэчлэлийн явцтай тохирч байсан гэсэн үг.

Ингээд 1992 онд нийгэм солигдсоноор уг хуульд нэмэлт өөрчлөлт зайлшгүй болсон. Тэгээд хэдэн удаагийн нэмэлт хийгдсэн байгаа.

Харин тэр чиглэлээр эрдэмтэн судлаачид, хуульчид болгон шахуу дуугарч ирлээ.

-Дутуу судлагдсан зүйл  байгаа юу?

-Монгол Улсын анхны Үндсэн хууль буюу 1924 оны Үндсэн хуулийн талаарх судалгаатай үнэнээ хэлэхэд ховорхон танилцаж байсан шүү. 1970-аад оны үед хэвлэгдсэн 1924 оны Үндсэн хууль, түүний өмнө болон дараа батлагдсан Нутгийн захиргааны дүрэм зэргийн эмхэтгэлийг шинэ Үндсэн хууль батлагдах үед лавлагаа гаргах үүднээс уншиж байснаа санаж байна. Энэ нь судалгааны материал гэхээсээ илүү Үндсэн хууль болон түүнд холбогдсон бусад хэм хэмжээний баримт бүгд байв. Харин 2004 онд хэвлэгдсэн Ж.Амарсанаа, О.Батсайхан нарын Монгол Улсын Үндсэн хууль, баримт бичиг ном нэлээд судалгаа хийх боломжийг нээсэн гарын авлага байсан. 1924 оны Үндсэн хууль, түүний батлагдах үеийн төслийн талаарх илтгэл, төслийг хэлэлцэж баталсан тэмдэглэл, анхдугаар Үндсэн хуулийн тайлбар зэргийг оруулсан номыг бид судалгаандаа өргөн  ашигладаг.  2024 оны эхээр Шихихутуг их сургуулиас гаргасан академич Ц.Батбаяр, шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан нарын бүтээсэн “Хэмжээт цаазтаас Бүгд Найрамдах засагт шилжсэн нь”: ном судалгааны маш чухал бүтээл юм гэдгийг хэлье. Энэхүү номонд гадаадын нэлээд олон судлаачид Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн судалгааг хийсэн болохыг баримтаар өгүүлсэн байна лээ.

Үндсэн хуулийн судалгааны сонирхолтой материал бол яах аргагүй 1914 онд гарсан Ж.Цэвээний «УЛСЫН ЭРХ» бүтээл юм. Үг бүтээлийг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсын хамаг хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэх яамны тэргүүн сайд, Сайн ноёнхан Т.Намнансүрэнгийн захиасаар  хийсэн гэдэг. Үүнийг дурдахын учир нь тэр үеэс Үндсэн хуульт ёсны үндсэн зарчмуудыг монголчууд судалж, монгол улсыг тухайн үеийн боловсон улсын жишгээр хөгжүүлэх анхны үндсэн хуулийн үзэл санаа бүрэлдэн тогтоход зохих хувь нэмрээ оруулсан байдаг .

Цаашид 1924 оны Үндсэн хуулийн судалгааг шинэ түвшинд,шинэ арга барилаар хийж, уг хуулийг судалгааны эргэлтэд оруулах шаардлага байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Өнөөгийн цаг үед 1924 оны Үндсэн хуулийг өмнөхөөсөө өөр шинэ чиглэлээр судлах боломж байгаа юу?

-Өмнө нь бид түүхчилсэн байдлаар судалдаг байсан бол одоо хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтын нэг болох Үндсэн хуульт ёсны үзэл санааг хэрхэн судалж, түүний зарчмыг анхдугаар үндсэн хуульдаа тусгахыг хичээж байсныг судлах шаардлагатай болж байна.  Тухайн үеийнхэнд Швейцарь лугаа боловсон улсын жишгээр Монгол улсаа хөгжүүлэх эрмэлзлэл байсныг гэрчлэх баримт олон байна. Тэрхүү цаг үеийн сургамж өнөөдөр ч чухал ач холбогдолтой. Учир нь ардчилсан Үндсэн хуулийн үзэл, баримтлалаас ухрах аваас төөрч будилах аюул байгааг мартаж болохгүй цаг үед бид амьдарч байна.

-Үндсэн хууль судлаачийн хувьд та одоо ямар судалгаа хийж байна вэ? 

-Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил хийгдэж байгаа энэ үед “Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг: харьцуулсан судалгаа” сэдвээр докторын ажлаа хамгаалсан судлаачийн хувьд хийх ажил багагүй байна. Хууль тогтоогчид маань сонсдог бол судалгааны үр дүнг ажил хэрэг болгох санал санаачлага байгаа л даа. Мөн 30-аад жил Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн хэрэглээ, шинжилгээ, Үндсэн хуулийн онолын уламжлал шинэчлэл хичээлийг зааж байгаа багшийн хувьд судалгааны ажлууд цаашид хийхээр төлөвлөсөн. Түүн дээрээ сууж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлгүй галт зэвсгийг торгуульгүйгээр бүртгэнэ DNN.mn

Улсын хэмжээнд “Зэвсэг-2024” нэгдсэн арга хэмжээ энэ оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Хувь хүн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад холбогдох баримт бичгийн хамт өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Мөн арга хэмжээний хүрээнд бүртгэлгүй /бичиг баримтгүй/ галт зэвсгийг торгуульгүйгээр бүртгэнэ.

Заагдсан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг анхаараалж байна.

Categories
мэдээ нийгэм

Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43704, мөрдөн байцаалтын 4222 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, Өмчлөх эрхийн эсрэг 50, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Авлига, албан тушаалын 3 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн албан тушаалтан Ц.Ж нь байгууллагаас зохион байгуулсан худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Иргэн П.Д, Ш.Г нар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтан Б.Г-д хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах  дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-БНХАУ-ын иргэн Ч.Г-ын захиалгаар иргэн Л.А, Б.Х, Б.У, П.Э нар нь нэр бүхий иргэнээс үлдэгдэл төлбөр авах зорилгоор айлган сүрдүүлж, эд хөрөнгийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Categories
гадаад мэдээ

Оросын нутагт цохилт өгөхийг зөвшөөрөв DNN.mn

ОХУ-ын Курск мужид Хойд Солонгосын 12 мянган цэрэг оросуудтай хамт тулаанд орох гэж байгаа нь тодорхой болсны дараа Оросын арми өвөл эхэлсэнтэй холбогдуулан 120 пуужин, 90 дроноор нэгэн зэрэг Украины цахилгаан станц, иргэдийн орон сууцанд цохилт өгөв.

Энэ бүхэн барууны удирдагчдыг аргагүй байдалд оруулав. Учир нь Оросын энэхүү хорлонтой, том цохилтын дараа эхлээд АНУ-ын New York Times “Ерөнхийлөгч Байден анх удаа Украинд өөрийн үйлдвэрлэсэн “АТАКМС” алсын тусгалтай пуужингуудаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг зөвшөөрлөө” гэж мэдээлсэн бол удалгүй АНУ төдийгүй Европын нэр хүндтэй бүх хэвлэл, мэдээллийн агентлагууд “АНУ, Их Британи, Франц улсын удирдагчид өөрийн улсад үйлдвэрлэсэн зэвсгээр Оросын гүнд цохилт өгөхийг Украинд зөвшөөрөв” гэсэн мэдээлэл түгээв. Тухайлбал, Францын Le Figaro “АНУ-ын дараа Франц, Британичууд Украинд өөрсдийн хамтран үйлдвэрлэсэн алсын тусгалтай “Storm Shadow/SCALP” пуужингаар Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрсөн байна. “Storm Shadow/SCALP” агаар-газар ангиллын далавчит пуужин нь агаарын довтолгооноос хамгаалах системээр сайтар хамгаалагдсан дайсны бэхлэгдсэн байнуудыг устгахад зориулагдсан юм байна” гэж мэдээлжээ. АНУ, Их Британи, Франц улс Украинд алсын тусгалын пуужингуудыг нийлүүлээд байгаа ч тэднийг ашиглах шийдвэрийг ийнхүү гаргав. Барууны удирдагчид Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зөвшөөрөл олгосон нь олон нийтэд ийнхүү тодорхой болсны дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Украиныг бэхжүүлэх энэхүү шийдвэр бол миний түншүүддээ танилцуулсан “Ялалтын төлөвлөгөө”-ний нэг хэсэг юм. Энэ төлөвлөгөөний нэг гол сэдэв нь манай армийн алсын зайн чадварыг нэмэгдүүлэх явдал байсан. Өнөөдөр биднийг алсын зайн зөвшөөрөл авсан гэж олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байна. Гэхдээ цохилтыг үгээр хийдэггүй. Бас ийм шийдвэрийг эхэлж олон нийтэд зарладаггүй. Манай алсын зайн пуужингууд өөрсдөө энэ талаар олон нийтэд ярих болно. Энэ бол мэдээжийн бас гарцаагүй зүйл” гэж мэдэгджээ.

Ийнхүү Путины дэглэм Палестины ХАМАС, Ливаны Хезболла зэвсэгт бүлэглэлийн хувь заяаг давтах нь ойлгомжтой болж, Трампыг тангараг өргөтөл Кремлийн өнөөгийн дэглэм тэсэж чадах уу гэсэн асуулт урган гарч буй нь тодорхой болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Толгойт, Дамбадаржаа, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна DNN.mn

Өнөөдрийн /2024.11.19/ 11:00 цагийн байдлаарх агаарын чанарын мэдээг хүргэж байна.

Толгойт, Дамбадаржаа, Хайлааст орчимд агаар бохирдолтой байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн.

Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барих ажлыг үе шаттай хийнэ. Хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах гэрлэн дохиогүй, хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийг арваннэгдүгээр сарын 25-нд хаах бөгөөд ТЭЗҮ-г 2025 онд бүрэн боловсруулах юм. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний баг нь 2025 онд аль трассаар, хамгийн бага газар чөлөөлөлтөөр Улаанбаатар хотын эхний тойрог замыг хийх зэрэг асуудлыг шийднэ. Мөн энэхүү шинэ тойрог замын санхүүжилтийг Туулын хурдны зам ашиглалтад орсны дараагаар хурдны замын хураамж болон бусад замын сангийн хураамжаар бүрдүүлнэ” гэв.

Түүнчлэн Туулын хурдны замыг Нисэхийн тууш замтай холбох шинэ гүүрний ажлын тендерийг ирэх онд зарлаж, ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл Наадамчдын гудамж буюу Яармагийн зам дээгүүр явах зургаан эгнээ зам бүхий босоо тэнхлэгийн гүүрэн байгууламж нь Нэгдүгээр хороолол руу холбогдож, урагшаа Нисэхийн хурдны замтай нийлэх юм. 

Мөн Яармаг-Хархорин чиглэлийн агаарын дүүжин замын тээврийн газар чөлөөлөлтийн асуудлыг шийдсэн боловч гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс шалтгаалан ажлын явц удаашралтай байгаа аж. Гэсэн ч Яармагийн замаар оргил ачаалалдаа 90 мянган машин явдаг тул “Яармаг-Хархорин” чиглэлийн эхний ажлыг ирэх ондоо багтаан дуусгана. Тэрчлэн үргэлжлэл хоёрдугаар трасс болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Шангрила төв” гэсэн чиглэлийг хотын иргэдийн санал асуулгаар шийднэ гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжилж байсан Хятадын иргэнийг баривчилж, албадан гаргалаа DNN.mn

Монгол Улсад эрэн сурвалжилж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид баривчлан, 11 дүгээр сарын 16-ны өдөр албадан гаргаж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад дахин ирэх эрхийг хязгаарлалаа.

Тэрээр нутагтаа эрүүгийн гэмт хэргийн учир удаа дараа ял шийтгэгдэж байсан, дахин гэмт хэрэг үйлдэн Монгол Улс руу оргон зугтаж, хуурамч бичиг үйлдэн оршин суух зөвшөөрөл авсан байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо DNN.mn

Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.

Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.

С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдүүдийн 80.7 хувь нь шүд цоорох өвчинтэй, 20 хувь нь шүдний гажигтай оношлогджээ DNN.mn

Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаа нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж буй.

Өнөөдрийн байдлаар уг эрт илрүүлгийн үзлэг нийслэлийн хэмжээнд 34 хувьтай үргэлжилж байна. 

Үзлэгийн дүнгээс харахад нийт хүүхдүүдийн дийлэнх нь шүдний цооролттой байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийслэлийн ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн 11 102 сурагч шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ.

Эдгээр хүүхдүүдийн  80.7 хувь нь шүд цоорох өвчинтэй байгаа бол 20 хувь нь шүдний гажигтай хэмээн оношлогдсон байна.  Мөн хүүхдүүдийн 90 хувь нь шүдээ хангалттай сайн угаадаггүй болохыг эмч нар онцолжээ.

Эдгээр үзүүлэлтээр манай улс ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр “шүд цоорох өвчний тархалт өндөр” орны тоонд орж байна.

Энэ удаагийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын үзлэг нь эрт илрүүлээд орхих бус эмчилж, хяналтандаа авч байгаагаа онцлог. Тиймээс  ЭМЯ-ны зүгээс дээрх шүдний цооролттой хүүхдүүдийг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ шүд угаалтыг сургуулийн орчинд идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.