Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Жандос: Цагааннуур, Даян боомтыг хатуу хучилттай замаар холбоход Шинжаан Уйгар, ОХУ хоорондын худалдааны урсгалын тодорхой хэсэг манай улсаар дамжих боломжтой DNN.mn

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Шаривын Жандостой бүсчилсэн хөгжлийн талаар ярилцлаа.


-Та “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумд Баян-Өлгий аймгаас ирж оролцож байна. Бүсчилсэн хөгжлийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Улс орны хөгжлийн асуудлыг бид олон хувилбараар тодорхойлж, улсаа хөгжүүлэх гэж сүүлийн 30 жилийн хугацаанд зөндөө аргаар оролдож байна. Тэгээд хамгийн сүүлд бүсчилж хөгжүүлэх нь чухал гэдэг дээр парламентад суудалтай улс төрийн намууд нэгдсэн шийдэлд хүрлээ. Улмаар УИХ-ын сонгуулийн тойргоо ингэж хувааж, парламентын гишүүний тоогоо нэмэг-дүүллээ. Бүс нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад энэ бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь оршиж байгаа юм.

Харин цаашдаа ингэж бүсчлэн хөгжүүлэхэд тухайн бүсэд хамаарч байгаа аймгуудын өөрсдийнх нь санал санаачилга, хамтын ажиллагаа маш чухал. Яагаад гэхээр зөвхөн нэг аймаг дээрээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нь төвлөрсөн байхаас илүү тухайн бүсийн дотоод зах зээлийг хамгаалах, нөөц бололцоогоо хамгаалах хэрэгтэй. Ингэж байж төвөөс хараат бус байхын тулд нэг бүсийн аймгуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх ёстой.

Өмнө нь болохоор бид нэг аймгийг тухайн бүс нутгийн тулгуур төв гэж зарлаад, түүндээ гол анхаарлаа хандуулдаг, хөрөнгө оруулалтыг нь түлхүү тавьдаг байдлаар явж ирсэн. Ингэхээр бусад аймгууд нь орхигддог байсан. Харин одоо аль алиных нь нөөц бололцоонд түшиглэсэн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг чиглүүлж явъя гэсэн бодлого, үзэл баримтлал дээрээ бууж байна.

Тэгэхээр цаашдаа хийх ажил маш их байна. Баруун бүс л гэхэд таван аймгийнхаа онцлог нь юу вэ. Давуу болон сул тал нь юу юм гэдэг дээр судалгаа, шинжилгээний ажлуудыг хийхгүй бол зөвхөн лоозон төдий байж болохгүй. Сонгуулийн тойргоо бүсчилсэн хөгжилтэйгөө уяж өгсөн нь сайн хэрэг. Тиймээс л итгэл төрөөд, өөдрөгөөр хараад байгаа юм. Учир нь ингэснээр зөвхөн нэг аймаг дээр анхаарлаа хандуулах боломжгүй болно.

-Баян-Өлгий аймгийн хувьд сонгуулийн тойрог нь тусдаа. Гэтэл бүсчилсэн хөгжилд болохоор Говь-Алтай, Завхан, Увс, Завхан гэсэн аймагтай нэг болчихсон. Тэгэхээр бүсчилсэн хөгжилд ганцаар тойрог болсон танай аймаг орхигдоод байх вий дээ?

-Мэдээж парламентад суудалтай намууд үүнийг нухацтай ярилцсан байх. Нөгөө дөрвөн аймагтайгаа нийлүүлээд сонгуулийн нэг тойрог болгосон тохиолдолд олон ургалч үзэлтэй, ардчилсан орны үндэсний цөөнхийн төлөөлөл парламентад сонгогдохгүй байх эрсдэл байсан байлгүй. Тэр утгаараа энэ удаад салгаад явуулж байгаа байх гэж бодож байна. Ер нь яваандаа бүс нутгийн хэмжээнд ярьдаг, улсын хэмжээнд бодлого тодорхойлдог хүмүүс парламентад орох хэрэгтэй. Энэ түвшний улстөрчид Баян-Өлгий аймгаас төрж гарах, бэлтгэгдэх шаардлагатай. Цаг үе, одоогийн тогтолцоо нь ч үүнийг шаардаж байгаа. Тэгэхээр хүний нөөц дээрээ цаашид сайтар анхаарах ёстой.

-Баруун бүсийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шаард-лагатай зүйл нь юу вэ?

-Энэ удаагийн форумд Баян-Өлгий аймгаас сонгогдсон Т.Аубакир гишүүний ярьж байгааг сонсоход учир дутагдалтай зүйл их байна. Асуудлаа зөв тодорхойлж чадахгүй байна. Яагаад гэхээр Баян-Өлгий аймгийг зөвхөн аялал жуулчлалын хэмжээнд авч үзээд хаяж болохгүй. Дээрээс нь манай аймаг худалдааны асар том потенциалтай. ОХУ болон БНХАУ-ыг холбосон хамгийн дөт зам Баян-Өлгий аймгаар явж байна. ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, БНХАУ-тай хиллэдэг Даянгийн боомтыг хооронд нь хатуу хучилттай замаар холбоход Шинжаан Уйгар, Оросын хооронд явагддаг худалдааны урсгалын тодорхой хэсэг нь манай улсаар дамжих боломжтой болно. Чөлөөт бүс гээд бид их олон жил ярьсан. Баян-Өлгий аймагт Чөлөөт бүс байдаг ч 35 хүний орон тоотой, захиргаа нь Улаанбаатар хотод байдаг. Ямар ч бодлого байхгүй, аргацаасан төдийгөөр 10 гаруй жил явж ирлээ. Тиймээс чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь амилуулж, ажиллуулах хэрэгтэй байна. Ингэж чадах юм бол сая ярьсан худалдааны эргэлт хөрш зэргэлдээ бусад аймгууддаа ч гэсэн нөлөөлөл үзүүлэх боломжтой. Үүнээс гадна Баян-Өлгий аймагт хийх шаардлагатай маш олон ажил бий. Форум дээр ярьж байгаагаар манай аймаг дундаж цалингийн хэмжээгээрээ хамгийн бага юм байна. Гэсэн мөртлөө ядуурал багатай аймаг гэж яриад байгаа юм. Яагаад гэхээр өрхийн үйлдвэрлэл, бүртгэлгүй бизнесүүд их, иргэдийнх нь ажилч, хичээнгүй байдал нь дээрх үзүүлэлтэд нөлөөлдөг. Жаахан л дэмжээд өгвөл эдийн засгийн хувьд босоод ирэх боломж байгаа. Мөн мал аж ахуйгаа ч орхигдуулмааргүй байна. Эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйг хослуулсан байдлаар хэд хэдэн суманд хөгжүүлэхгүй бол бэлчээрийн хомсдол үүсч, дараалсан зуд болдог боллоо. Дээрээс нь төвөөс татаас авдаггүй болгохын тулд аймаг бүрд стратегийн биш гэхэд боломжийн хэмжээний уул уурхайг бодлогоор хөгжүүлмээр байна.

Гэхдээ зохистой, хариуцлагатай уул уурхай байх ёстой. Нэг уурхайг дагаж маш олон аж ахуйн нэгж босдог тогтолцоотой байдаг. Мэдээж манай аймгийн хувьд аялал жуулчлал маш чухал. Байгалийн сайхныг үзэхээс гадна тухайн угсаатны онцлог, соёл, зан заншил, бүргэдийн соёлыг нь үзэж, хоолыг нь идэх гэж ирдэг нь бусад аймгуудаас хол илүү. Харин аялал жуулчлалыг улам төгөлдөржүүлэхийн тулд дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай. Баян-Өлгий аймаг онгоцны буудлаа хөгжүүлж чадаагүй учраас өнөөдөр Ховд хотод буугаад машинаар цаашаа явж байна. Хамгийн чухал нь бүсчилсэн хөгжил гэдгээ лоозон төдий явуулах юм бол магадгүй 10 жилийн дараа бүтэхгүй юм байна гээд өөр зүйл яриад сууж байж магадгүй гэдгийг л хэлмээр байна.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Саналын хуудас хүчингүй болох өндөр магадлалтай сонгууль болж болзошгүй гэдгийг одооноос анхаарах хэрэгтэй DNN.mn

Ердөө дөрөвхөн сар гаруй хугацааны дараа монголчууд бид парламентын ес дэх удаагийн сонгуулиа өгч, ирэх дөрвөн жилд энэ улс орны бодлогыг тодорхойлж, чигийг заах хүмүүст саарал ордонд ард түмнээ төлөөлөн суух эрхийг олгоно. Харин энэ удаагийн сонгууль маш онцлог төдийгүй шинэлэг. Учир нь энэ сонгуулийн үр дүнгээр Их хурлын нийт 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ холимог тогтолцоогоор сонгууль явагдана. Бүр тодорхой тайлбарлавал сонгогч та нэр дэвшигч болон нам, эвслийн нэрийг дугуйлна. Нам, эвслийн тухайд ойлгомжтой. Саналын хуудас дээрээс аль нэгийг нь сонгосноор санал авсан хувиасаа шалтгаалан 47 хүнийг намууд хуваан парламентад оруулна. Тэгвэл нэр дэвшигчдийн нэрийг дугуйлах гэдэг нэлээд толгой шаардсан ажил болох бололтой. Яагаад гэвэл сонгуулийн тойргийг бүсчлэн томсгосон бөгөөд үүнтэйгээ уялдуулан мандатын тоог үлэмж нэмж, 79 хүн тойргоос сонгогдохоор хуваарилсан. Хоёрдугаар тойрог болох Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймагт л гэхэд нийт 10 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө. Тавдугаар тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг ч гэсэн ялгаагүй ийм. Тэгвэл эдгээр тойрогт томоохон нам, эвслүүд өөрсдийн хүнээ нэр дэвшүүллээ гэхэд л багадаа 40 хүний нэр саналын хуудаснаа бичигдэнэ. Жижиг намууд оролцвол энэ тоо улам л нэмэгдэнэ. Тиймээс л энэ олон хүний нэрийг дугуйлахад алдаа мадаг гарах вий. Түүнийгээ дагаад баахан хүчингүй саналын хуудас гарах вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа хэрэг. Мөн сонгуулийн тойрог хуваалт дээр Улаанбаатар хот харьцангуй мандат цөөн, хялбар харагдаж байгаа ч бас л тийм биш. Жижиг намууд, бие даагчдын гол горилдог, хууль барих дээд байгууллагад сонгогдох мөрөөдлөө биелүүлэхийг зорьдог газар нь нийслэл. Тиймээс зургаан тойрогт хуваасан нийслэлд 2-6 мандаттай ч гэсэн нэр дэвшигчид орон нутгаа бодвол хэд дахин илүү байна. Үүнийгээ дагаад хүчингүй болон цагаан саналын хуудас гарах эрсдэл нь тэр хэрээрээ өндөр байгаа юм.

Дээр дурдсанчлан сонгуулийн саналын хуудас энэ удаад хэтэрхий олон хүний нэр, нам, эвслийг жагсаан бичсэн нүсэр урт байна гэдгийг хэлсэн. Гэхдээ нэр дэвшигчдийн нэр тодорхой болсны дараа саналын хуудасны тоо, хэмжээ батлагдах учиртай. Санал өгөхөөр ирсэн сонгогч нам, эвслийн нэрсээс нэгийг, харин нэр дэвшигчдээс мандатын тоотой тэнцүүлэн өмнөх зууван дугуйг нь дүүргэж будна. Хэрэв сонгогч мандатын тооноос илүү юм уу дутуу будсан бол төхөөрөмж уншихгүй бөгөөд ийм тохиолдолд дахин нэг удаа саналын хуудас авч болно. Ер нь сонгуулийн саналын хуудас унших төхөөрөмж буюу бидний нэрлэж заншсанаар “Хар машин” хоёрхон тохиолдолд л саналын хуудсыг унших боломжтой гэдгийг СЕХ-ноос хэлж байгаа. Нэгдүгээрт, тухайн саналын хуудсыг ямар нэгэн алдаа мадаггүй будсан. Хоёрдугаарт, ямар нэгэн тэмдэглэгээ огт хийгээгүй тохиолдолд л уншина. Сүүлийнх буюу огт тэмдэглэгээ хийгээгүйг нь бид “Цагаан сонголт” хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийт “Цагаан сонголт”-д уриалж, ийм сонголт нэлээд өндөр хувьтай гарч байсныг санаж буй биз ээ.

Бидний дунд өнөөдөр алга дарам цаасан дээр бичсэн зүйлийг нэг бүрчлэн уншаад, учир зүйг нь олчихдог хүн нүдний гэм болсон. Үүнийг цахим орчин дахь зарын доор бичсэн сэтгэгдлүүдээс харах бүрэн боломжтой. Мах зарна гээд үнэ, ханшийг нь тодорхой биччихээд байхад л доор нь хэдэн зуугаараа мэдээлэл авъя, үнэ хэд вэ гээд байхтай уншигч та нэг бус удаа тааралдаж байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ байдал дөрвөн жилийн өмнөхөөсөө ч улам даамжирч, хүндэрсэн. Улмаар бүр хүрээгээ тэлж өргөжсөн. Яг л ингэж асуудалд ханддаг болсон, аливааг гүйцэд уншихаа больсон нөхөд л энэ удаад сонгууль өгнө. Харин тэд саналын хуудас дээрх 40-60 нэрийг бүгдийг уншаад, сайн муугаар нь дэнслээд, сайн сонголт хийнэ гэдэг эргэлзээтэй. Яах вэ, хуулийн дагуу бол сонгогч нэг удаа дахин саналын хуудас авах бүрэн эрхтэй. Гэвч эхний удаад бүрэн ойлгоогүй нөхөр дараагийн удаа үнэн зөв бөглөнө гэдэг юу л бол. Тэгэхээр сонгуулиа өгөхөөр зориод очсон хүмүүсээс хэчнээн хүнийх нь санал энэ мэт байдлаас болж үнэгүйдэх, хүчингүй болохыг өнөөдөр тааж хэлэхэд бэрх. Дээрээс нь хүмүүс маш хурдан залхдаг, уйддаг болсон. Тэгэхээр эхний удаа өгсөн саналыг нь уншихгүй бол шууд хаяад гарах нь ч олон байна вий. Мөн гар утас, компьютерт ойрын хараагаа алдчихсан 40-өөс дээш насныхан тэр олон нэрийг уншиж гүйцээх гэж хэсэгтээ л юм болно. Тэгээд л залхана, хаяна. Энэ мэтчилэн олон зүйлээс шалтгаалан шинэ сонголт

хийгдэх, ард түмэн нэгэнт залхчихаад байгаа төрийн эрх баригчдыг сольж чадахгүйд хүрч магадгүй. Учир нь эрх баригч МАН-ын хатуу дэмжигчид хаа очиж хуучин цагийн сэхээтнүүд гэдэг утгаараа аливааг

бүрэн гүйцэд, ягштал хийж, нам засгийн даалгаврыг тултал гүйцэтгэж ирсэн туршлагатай. Дээрээс нь төрийн албан хаагчид гэж нүсэр армийн сонголт ч бий. Тэгэхээр алд дэлэм сонгуулийн хуудас, арав хорин нэрсийн жагсаалтаас эрх баригчид л илүү хожих боломжтой гэж харагдаж байна. Үүнээс гадна УИХ-ын энэ удаагийн сонгууль нийтээрээ биш ч гэсэн нэлээд хэдэн тойрогт дахин явагдах эрсдэл бий. Мэдээж татварын буюу ард түмний мөнгөөр л дахин сонгуулийг явуулж таарна. Харин сонгууль дахиж явагдсан тохиолдолд тухайн үеийн эрх баригчид үнэмлэхүй ялдаг бичигдээгүй хууль бий. Тэгэхээр энэ бүхэн бол эрх баригчдын хүсч, хүлээж байгаа гол зүйл гэхэд нэг их хилсдэхгүй. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор энэ удаагийн сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 28-ны баасан гаригийн 07.00-22.00 цаг хүртэл явуулах цаг хугацааны хуваарийг СЕХ-ноос гаргасан байна. Хуульд бол уг нь ээлжит сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна хэмээн заасан. Харин энэ удаа баасан гаригийг сонгосон нь бас л ирц хүрэхгүй байх магадлалыг бий болгож байна. Дээрээс нь сонгуулийн саналыг авах болон эхлэх цаг ч гэсэн нийгэм, цаг үеийн нөхцөл байдалтай тэр бүр уялдсангүй. Учир нь өнөөдөр Монгол Улсад бараг л ажлын дөрвөн өдөртэй болсон. Долоо хоног бүрийн баасан гариг шоу цэнгээн, амралт зугаалга, агаар салхинд гарахад зориулсан өдөр болж хувирсан. Тэгэхээр урин дулаан цагийн эл өдөр сонгуулиа өгөхөөр дараалалд зогсох хүмүүс нь хэд байх бол оо. Дээрээс нь сонгуулийн дүн мэдээ амралтын өдрүүдээр гарч таарах нь. Тийм болохоор ажлын өдөр л байх ёстой учраас долоо хоногийн дундуур сонгуулийн санал авах өдрөө тавьж өгөх ёстой байлаа. Мөн саналыг 07:00 цагаас авч эхлүүлсэн нь ч амьдралгүй шийдвэр болчихоод байна. Харин 10:00-00:00 цаг хүртэл байсан бол өглөө сэрдэггүй, оройн унтдаггүй бидэнд хамгийн боломжийн үе байх байлаа. Тэгж байж л сонгуульд саналаа өгөх иргэдийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Үүнээс гадна дахин, дахин сонгууль явуулж, татварын мөнгийг үрэхгүйн тулд сошиал орчинд сонгуульдаа идэвхтэй оролцох тухай уриалгыг тогтмол явуулах шаардлагатай байна. Сонгууль болох долоо хоногт бүр битүү явуулах хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн өдөр зай завсаргүй сонгуулиа өгөхийг уриалж та өнөөдрийн 20 төгрөг горьдох биш ирэх дөрвөн жил амьдарах амьдралаа шийдэж байгаа шүү гэж ухуулах хэрэгтэй. Хэрэв иргэд сонгуульдаа идэвх муутай оролцож, ирсэн нэг нь дээрх шиг алдаа мадаг гаргаж, залхвал дээр хэлсэнчлэн өнөөгийн эрх баригчдад л ашигтай. Угаас тэд өөрсдөдөө ашигтай байх хувилбарыг сонгож, зарим нам, эвслээр түүнийгээ хүлээн зөвшөөрүүлсэн нь одоогийн Сонгуулийн тухай хууль болоод бүсчилсэн тойрог гэдгийг зарим судлаач, улстөрчид хэлж байгаа юм

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Э.Мөнхжаргал: Манай улсын авлигын индекст чухал нөлөөтэй мэдээллийг Дэлхийн банк сүүлийн гурван жил гаргаж өгөөгүй DNN.mn

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас 2023 оны Авлигын төсөөллийн индексийг гаргасан. Энэ удаа манай улс 180 улсаас 33 оноо авч 126 дугаар байрт орсон. Тиймээс “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргалаас энэ талаар тодрууллаа.


-Дэлхийн улсуудын 2023 оны авлигын төсөөллийн индексийг саяхан гаргасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Авлигын төсөөллийн индексийг энэ оны нэгдүгээр сарын 30-ны Улаанбаатарын цагаар 14:01 цагт зарласан. Энэ нь дэлхийн 180 улсад яг нэгэн зэрэг зарласан гэсэн үг. “Транспэрэнси Интернэшнл” байгууллага 1995 оноос хойш авлигын индексийг гаргаж байгаа. Манай улсын хувьд яг энэ үеэс л энэхүү жагсаалтад орж эхэлсэн. Тус байгууллага аргачлалдаа 2012 онд нэг удаа өөрчлөлт оруулсан.

-Ямар улсууд тэргүүлж, ямар нь сүүл мушгисан бэ?

-Энэ жилийн хувьд хамгийн өндөр оноо болох 90 оноог Дани, Финлянд 87, Шинэ Зеланд 85, Норвеги 84, Сингапур улс 83 оноос авснаараа тэргүүлж байгаа. Тэгвэл Йемен 16, Судан, Сир 13, Сомал 11 оноос авч, 180 орноос хамгийн сүүлийн байруудад орсон.

-Авлигын индексийг ямар шалгуураар гаргадаг юм бэ?

-Дэлхийн 180 улсыг хамарч гаргадаг болохоор 13 байгууллагын тухайн улсын эрсдэл, бизнесийн орчин, эрх зүйн тогтвортой байдал зэрэг судалгаануудад үндэслэдэг. Харин манай улсын хувьд хамгийн ихдээ есөн эх сурвалжаас мэдээллээ цуглуулж гаргадаг байсан. Гэтэл Дэлхийн банк сүүлийн гурван жилийн хугацааны Монгол Улсын дата мэдээллийг гаргаж өгөөгүй.

-Чухам яагаад гаргаж өгдөггүй юм бэ?

-Би хувьдаа Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагыг манай улсад салбартай учраас манай мэдээлэл илүү бодитой байна байх гэж итгэдэг байсан. Харин яагаад гаргаж өгөхгүй байгааг нь тухайн байгууллагаас асуух хэрэгтэй.

-Танай зүгээс энэ мэдээллээ өгөөч гэж албан ёсоор ханддаг уу?

-Транспэрэнси Интернэшнл байгууллагын Монгол дахь салбарын хувьд энэхүү үнэлгээн дээр ямар нэгэн зүйл хийх боломжгүй. Тухайн мэдээллээ гаргаж өгөөч гэх зэргээр байгууллагуудад хандаж болохгүй. Учир нь бид өөрсдийнхөө ажлыг үнэлүүлэх гээд байгаа юм шиг болчихдог. Харин яаж гаргадаг вэ гэхээр Дэлхийн банкаас гаргасан судалгаан дээрээс нь авлига, албан тушаалын гэмт хэрэг, ил тод байдалтай холбоотой хэсгүүдийг нь харж байгаад Транспэрэнси Интернэшнл байгууллагын төв дээр байдаг судлаачид хувьчилж, оноог нь гаргадаг юм. Мөн тус байгууллагаас авлигын барометр судалгааг явуулдаг. Энэ судалгааны асуултууд нь их энгийн. Бүх аймаг, сум, багийн 1500 иргэнээс та болон таны ойр дотнын хүн сүүлийн удаа эмнэлэг, шүүх, цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэхэд авлига төлөх хэрэгцээ гарсан уу. Хүүхдээ сургууль цэцэрлэгт өгөх, тог, дулаанд холбуулахад авлига өгсөн үү гэсэн асуултаар судалгааг авдаг. Энэ бол төсөөлөл бус жинхэнэ бодит зүйлийг асууж байгаагаараа өмнөхөөсөө ялгаатай. Уг судалгааг 2020 онд манай улсад хийсэн. Энэ жил хийх байх гэсэн хүлээлттэй байна.

-Манай улс энэ жил хэдэн оноо авч, хэдэд жагссан бэ. Манай улсын хувьд хамгийн өндөр оноог хэзээ авч байсан бэ?

-Сүүлийн таван жилийн хугацаанд авч үзвэл манай улс 2018 онд 37 оноотойгоор 93-т жагссан. Үүнээс хойш 2019-2021 онуудад 35, 2022 онд 33 оноо авч 116 дугаар байрт орсон. Энэ жилийн хувьд мөн 33 оноотой ч гэсэн 121 болж таван байраар ухарсан. Манай улс нэг, хоёр оноогоор нэмэгдлээ, буурлаа гээд яриад байдаг. Гэтэл хөгжилтэй, авлигагүй улс орнууд 50 онооноос доош бол хангалтгүй гэж үздэг. Авлигатайгаа тэмцэж чадахгүй, улс орны хөгжлийг хойш татаж байна гэж хардаг. Тэгэхээр бид 50-иас доош оноотой л бол муу гэж ойлгох хэрэгтэй.

-Транспэрэнси Интернэшнл байгууллагын гаргасан индексийг дэлхийн улс орнууд хэр үнэн, зөв гэж хүлээж авдаг юм бэ?

-Би түрүүн 13 эх сурвалжаас мэдээллээ авдаг гэж хэлсэн. Эдгээр нь бүгд бие даасан, хараат бус байгууллагууд. Тэд нар тухайн оронд хөрөнгө оруулбал ямар эрсдэл учирч болох вэ, эрх зүйн орчин нь ямар вэ, татварын орчин гэсэн судалгаа хийдэг. Улс орнуудын өрсөлдөх чадварын судалгаанаас ч зарим мэдээллүүдийг авдаг. Тэгэхээр манай улсад хөрөнгө оруулах гэж байгаа улс орнууд манайд ирэхээсээ өмнө эдгээр байгууллагуудын судалгааг харчихдаг. Ингээд эцсийн шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Миний хувьд дэлхийн өндөр хөгжилтэй бүхий л улс орнууд Транспэрэнси Интернэшнл байгууллагын энэхүү индексийг хүлээн зөвшөөрдөг гэсэн ойлголттой явдаг.

-Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, илрүүлэлт нэмэгдсэн нь авлигын индексээр ухрах шалтгаан болж болох уу?

-Нэг талаараа ингэж харж, ойлгож болно. Энэ чинь авлигын төсөөллийн индекс шүү дээ. Танд бизнес эрхлэхэд ямар байна, төрөөс дарамт байна уу гэх зэрэг асуултыг судалгааны байгууллагууд бизнесийн салбарын төлөөллүүдээс асуудаг. Харин энэ асуултад хариулж байгаа хүний төсөөлөл гэсэн үг. Уг нь авлигын тухай ярихгүй байвал авлига бага байгаа мэт санагдаж болно. Ийм ч хэрэг, тийм ч хэрэг илрүүллээ гээд хэвлэл мэдээллээр шуугиад байхаар асуултад хариулж байгаа хүнд авлига өссөн мэт төсөөлөл бууж болно. Мэдээж зарим нь өөрийн амьдралд учирсан зүйлээ бичсэн байж магадгүй. Миний мэдэхээр л сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой ажлын хэсэг байгуулаад авлигатай тэмцэж, зарим хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үүнээс тодорхой үр дүнгүүд гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хууль баталлаа гээд шууд нөлөөлөл гараад индекс сайжирна гэж байхгүй. Сайн хууль гаргах хэрэгтэй. Дараа нь хуулийн хэрэгжилтийг сайн хангаж байж илүү үр дүнд хүрнэ. Өнгөрсөн хоёр жилд хийсэн ажилд эерэг үр нөлөө байгаа бол энэ нь 3-4 жилийн дараа үр дүн нь гарч эхэлнэ. Дээрээс нь зарим байгууллагуудын судалгаа хоёр жилд гардаг. Энэ жилийн долоон эх сурвалжийн нэг нь энэ оны нэгдүгээр сард гарсан судалгаа байх жишээтэй.

-Авлигын индекс гаргачихаад ямар нэгэн зөвлөгөө, зөвлөмж өгдөг үү?

-Жил бүр л ямар нэгэн зөвлөмж өгдөг. Эндээс хуультай холбоотой зөвлөмж гэвэл 2022 онд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтыг ил тод болгооч гэж байсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Улс төрийн намын тухай хууль л батлагдсан. Нөгөө хоёрыг нь УИХ-аар хэлэлцсэнгүй. Уг нь миний санаж байгаагаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Ерөнхий сайд өөрийн гараараа УИХ-д даргад өргөн барьсан. Хөгжлийн банкны, автобусны гээд олон хэрэг ил болж байна. Эдгээр нь зохион байгуулалттай гэмт хэрэг ч байж мэднэ. Ер нь олон улсад энэ төрлийн гэмт хэрэг гэнэт гардаггүй. Зохион байгуулалттай, тооцоо судалгаатай байдаг гэж үздэг. Харин ийм гэмт хэрэг Шүгэл үлээгчийн хуультай, олон нийтэд мэдээлсэн хүнийхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй байж илэрдэг. Тиймээс энэ хуулийг матаас, мөнгөний гэх зэргээр гоочлохоос илүү нийгэмд сайн зүйл авч ирнэ гэдэг талаас нь хараасай гэж боддог. Мөн Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулиараа орд баялгийн эцсийн өмчлөгч нь хэн юм. Тэдгээр нь улс төрд нөлөө бүхийн хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбоотой юу гэдгийг л ил болгох юм. Манай улс авлигын индексээр байр ахихад энэ гурван хууль нэн тэргүүнд шаардлагатай байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Цогтгэрэл: “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн зардлыг Н.Номтойбаяр босгоно DNN.mn

Монгол үндэсний ардчилсан нам/МҮАН/-ын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-МҮАН, Монголын ногоон нам хамтран “Үндэсний эвсэл”-ийг байгуулсан. Чухам яагаад ийм шийдэлд хүрсэн юм бэ?

-Манай хоёр нам хамтарч эвсэл байгуулж байгаа юм. Энэ бол өнөөгийн нийгэм, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийгээд, улс төрийн үйл ажиллагааны нэлээд туршлагатай, түүхтэй, бодлоготой намууд хамтарч эвслийн суурийг тавьж байгаа. Манай эвсэл бусад улс төрийн нам, иргэний хөдөлгөөн, мэргэжлийн холбоотой хамтарч ажиллахаа зарласан. Дээрээс нь эвслийн гэрээгээрээ өөр бусад нам нэгдэх бололцоо нөхцөлийг нээж өгсөн.

-Монголын ногоон намыг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр худалдаж авлаа гэдэг мэдээлэл гарсан. Улс төрийн намыг мөнгөтэй хүн шууд худалдаад авч болдог зүйл үү?

-Энгийн ухамсрын түвшинд ийм яриа яваад байх шиг байгаа юм. Түүнээс биш улс төрийн намыг аль нэг мөнгөтэй хүн худалдаад авчихдаг зүйл биш. Амьдрал дээр тийм практик ч байхгүй. Тиймээс энэ бол ор үндэсгүй худлаа яриа гэдгийг хэлье. Хоёрдугаарт, миний ойлгосноор сүүлийн 10-аад жил Монголын ногоон намын удирдлага, ялангуяа О.Бум-Ялагч дарга, Н.Номтойбаяр хоёр их ойрхон явж, олон зүйл дээр хамтарч, бодлого, үзэл баримтлалаараа нийцдэг юм байна гэдгийг би олон зүйлээс ажиглаж байна. Өнгөрсөн сонгуулийн өмнө ч гэсэн Монголын ногоон намд Н.Номтойбаяр орох гэж байна гэсэн яриа гарч байсан шүү дээ. Тийм болохоор худалдаж авсан гэдэг бол худлаа яриа. Харин зүгээр Монголын ногоон намд бодлого, дэмжлэг, багаараа ороод ирэхээр Н.Номтойбаярын нөлөө өндөр болсон гэвэл илүү бодит үнэнд нийцнэ. Дээрээс нь МҮАН, Монголын ногоон нам хоёр нийлсэн нь Н.Номтойбаяртай их холбоотой. Өмнө нь тус нам зөвхөн ногоон үзэл баримтлал төвлөрч ярьдаг байсан бол Н.Номтойбаяр нэмэгдэж, улс төрийн бодлогод нь жин дарах болсонтой холбоотойгоор Н.Номтойбаярын гэсэн үзэл баримтлал гэж зүйл гарч ирж байгаа юм.

-Тэр нь юуг хэлж байгаа юм бэ?

-Энэ нь маш бадрангуй үндэсний үзэл. Улс үндэстнээ богино хугацаанд хөгжүүлье, ард түмнийхээ итгэл сэтгэлийг сэргээе, залуучуудынхаа боловсрол, ур чадварт анхааръя, үндэсний үйлдвэрлэлийг сэргээе, аугаа бүтээн байгуулалтыг өрнүүлье гэсэн чин эрмэлзэл орж ирж байгаа юм.

Үндэсний хөгжил дэвшил, сэргэн мандалтын тухай ярьж байгаа маш олон зүйл нь манай намтай бараг яв цав давхцаж байгаа. Энэ давхцал биднийг ойлголцоход маш амархан болгож байна. Өнөөдрийн нийгэмд болоод байгаа асар их ажилгүйдлийг яаж шийдэх вэ гэдэг дээр бид яг ижил байр суурьтай байх жишээтэй. Үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлэх, улсынхаа эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх концепци дээр бараг ижил байр суурьтай байгаа. Мөн чадварлаг монгол хүн, эх орон, үндэс угсаагаа гэсэн үзэл баримтлалтай. Тэгсэн мөртлөө дэлхийн хэмжээний ур чадвартай монголчуудыг хэрхэн, яаж бүтээх вэ гэдэг асуудал онцгой чухал. Үүн дээр бид өнөөдөр адил байр суурьтай байгаа. Ийм бодлогын давхцалууд нь хоорондоо үг хэлээ амархан олоход нөлөөлж байгаа юм. Дээрээс нь мэдээж төрийн албаны туршлага байна. Манай нам 2005 оноос Засгийн эрхэнд байсан. Өнгөрсөн 2012 онд Засгийн газрыг хамтарч байгуулж байлаа. Манай намын олон хүн засаг төрд ажилласан, сайд дарга хийж байсан туршлагатай. Харин Н.Номтойбаярын хувьд Монголын нийгмийн хамгийн чухал салбар гэж хэлж болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд, Эрүүл мэндийн яамны дэд сайд хийж, Монголынхоо амин чухал зүйлийг мэдчихсэн. Маш их бүтээн байгуулагч удмын хүн. Гэр бүлийн хүмүүжил, соёл нь хийж бүтээх тухай л байсан байх гэж би боддог. Тийм болохоор энэ хүнд маш их хүсэл тэмүүлэл, эрч хүч байна гэж харж байна. Энэ үндсэн дээр МҮАН, Монголын ногоон нам дундаасаа энэ хүнийг урьж эвслийнхээ тэргүүнээр сонгосон. Өнөөдөр бид нэг хүний тухай ярихаасаа илүү одоогийн Монголын хөгжлийн түүчээ болох, нийгмийн захиалга, шаардлага, түмэн олны хүсэл, сонгогчдын мөрөөдөл гэж ойлгох хэрэгтэй. Монголд манлайлаад үйлдвэржилт, бүтээн байгуулалтын шинэ эринг хэн бүтээж чадах вэ. Хэн хэлсэн ярьсандаа байж, амласандаа хүрч чадах шийртэй эр вэ гэсэн олон нийтийн захиалга байхгүй юу. Тиймээс энэ хүнийг өнөөгийн улс төр, нийгэм, цаг үе бүтээн гаргаж ирж байна гэж харах хэрэгтэй.

-Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явах учраас нам, эвслээс гарах зардал нь нэлээд өндөр байна байх. Дээрээс нь олон нийт Н.Номтойбаяр гэхээр МАК гэж хардаг. Тэгэхээр “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн зардлыг МАК гаргана гэж ойлгож болох уу?

-Ингэж ойлгож болохгүй. Харин зүгээр эвслийн тэргүүний хувьд сонгуулийн кампанит ажлыг удирдан зохион байгуулах, санхүүжилт босгох үүрэг хариуцлага ногдоно. Тэр бол гарцаагүй. Үүн дээр бүтээн байгуулагчид, бизнесийн салбарынхан, үйлдвэрлэгчид дэмжинэ гэж харах ёстой. Зах зээлийн нийгэмд ороод хувийн бизнес эрхэлж байгаа ч төрийн дарамтад тамираа барж, банкуудын зээлийн хүүнд дарагдаж байгаа маш том арми бий шүү дээ. Олон мянган компани Н.Номтойбаярыг бүтээн байгуулагч гэр бүлийн хүн гэдэг утгаар нь харж, ард нь асаалттай танк байна гэж ойлгох ёстой. Түүнээс биш МАК эвслийн төлөө хамаг мөнгөө гаргаад шатаж болохгүй шүү дээ. Энэ чинь асар их эрсдэлтэй байхгүй юу. Болж, бүтэж байгаа зүйлсээ татаж унагах аюултай. Тэгэхээр ингэж болохгүй. Гол нь бүтээн байгуулалтын бодит үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод, тэнд ажилладаг олон зуун үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийнхэн ард нь байгаа нь аажимдаа харагдана.

-МҮАН өмнө нь МАХН, Ардчилсан намтай эвсэж, нэгдэж байсан. Харин одоо Монголын ногоон намтай эвсэж байна. Тэгэхээр танайхыг улс төрийн хувьд тогтворгүй, үзэл баримтлалгүй харагдуулаад байгаа юм биш үү?

-Их сонирхолтой асуулт байна. Тэгэхээр МҮАН бол түүхэндээ дандаа л эвцэлдүүлж явсан байдаг. Бусдыгаа эвлүүлж, нийлүүлж байсан. Бид өнөөдөр зөвхөн Монголын ногоон намтай нийлж байгаа хэрэг биш. Болж өгвөл бүх намыг нийлүүлмээр байгаа юм. Тэр нийлсэн үзэл нь Монголын бүх намын үзлийн охь нь, сүлд нь үндэсний үзэл байх ёстой байхгүй юу.

-Бүх намыг нийлүүлэхээр чинь бидний зорьж байгаа олон намын тогтолцоо чинь уначих юм биш үү?

-Бүгдийг нь нийлүүлэх нь мэдээж боломжгүй. Гэхдээ бүр болохгүй бол АН, МАН-аас бусад нь нэгдэх хэрэгтэй. Тэгж байж илүү бодлого чамбайрна. Ингэснээр том бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх магадлал нь өснө. Ийм ч болохоор МҮАН-ын түүхийг эе эвийн түүх гэж ойлгож болно. Манай намын анхны дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Наранцацралт гээд хүмүүс намуудыг эвцэлдүүлье, нийлүүлье гэж явж байсан. Тэртээ 1996 оны Ардчилсан холбоо эвслийг М.Энхсайхан удирдаж, олон намыг нийлүүлсэн. Улмаар ялалт байгуулсан. Дараа нь 2004 оны сонгуульд мөн л М.Энхсайхан удирдаж, МҮАН-ын цөм болж байгаа хүмүүс Эх орон-Ардчилал эвслийг байгуулан бас л ялалтад хүрсэн. Харин 2012 онд Монголын улс төрийг шинэчилье, хуучин коммунист намыг өөрчилье гэдэг үүднээс МАХН-тай нэгдэж, Шударга ёс эвслийг байгуулсан. Тэгэхдээ бид амжилтад хүрсэн. Харамсалтай нь бодлогоо бүрэн хэрэгжүүлж чадах чадвар, боломж хомс байсан. Мөн 2016 онд бид АН-ыг өөрчлөгдөөсэй, шинэчлэгдээсэй. Үүнд нь нөлөөлье гээд АН-ыг дэмжсэн. Даанч удирдаж байсан хүмүүсийнх нь алдаатай бодлогоос болоод үндсэндээ ялагдсан. МҮАН-ын даргын хувиар миний бие дараа нь 20 гаруй намыг оролцуулан Үндэсний эв нэгдлийн хуралдай зохион байгуулсан. Даанч яг бодит байдал дээр нийлэх болохоор том намуудын нөлөөлөл, удирдаж байгаа хүмүүсийн туйлбаргүй байдлаас болоод нэгдэж нийлж чадахаа больчихдог. Гэхдээ бид дөрвөн намыг нийлүүлж ШИНЭ эвсэл болгосон. Энэ 2024 оны сонгуульд АН-ыг манлайлал үзүүлээд ардчилалын төлөөх намуудаа нэгтгээд орооч гээд уриалга гаргаж, Санамж бичиг гаргаад явсан. Харамсалтай нь нөгөө эвсэж нэгдэх гэж байгаа нам маань одоо хэр нь асуудлуудаа эцэслэж шийдээгүй л байна. Бид АН-ыг цэгцрэхийг хүлээвэл сонгууль дуусна биз дээ.

Дээрээс нь улс төрийн шинэ нөхцөл байдал эрс шинэчлэл хийх, цаашид энэ байдлаараа явах нь буруу юм байна гэдэг дүгнэлт хийгээд өнөөдөр улс төрийн цоо шинэ эвслийг зохион байгуулах, эрч хүчтэй залуучуудын манлайллаар Монголын нийгэмд томоохон өөрчлөлт хийе гэсэн том амбиц бидэнд байна.

-АН-тай эвсэх гэж оролдсон хэрнээ яагаад гэнэт шинэ эвсэл байгуулсан юм бэ?

-АН-тай хамтаръя гэсэн нь бид байгаа дотроо засах гэж оролдсон сул хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Харин одоо байгуулж байгаа эвсэл маань нийгмийн захиалгаар, эрч хүчтэйгээр, олон намын дэмжлэгтэйгээр нийгэмд цоо шинэ уур амьсгалыг оруулъя. Үсрэлт үүсгэе, тэсрэлт бий болгоё, цахиур хагалъя гэсэн чармайлт. Тиймээс бид эвслийн гэрээндээ хүртэл өөр бусад нам нэгдэх нь нээлттэй, хамтарч ажиллах чөлөөтэй. Одоогоор олон нам хүсэл зоригоо илэрхийлж байна. Мөн олон салбарын мэргэжлийн холбоо бидэнтэй хамтарч ажиллана.

-Уучлаарай, сүсэгтэй хүнд эвгүй санагдаж магадгүй. Хэрэв “Үндэсний эвсэл” энэ удаагийн сонгуульд зорьсондоо хүрч чадахгүй, улмаар ялагдал хүлээвэл МҮАН энэ эвслээс гарах уу?

-Бид эвслийн гэрээндээ нэг нам болъё гэдэг зүйлийг тусгаж өгсөн. Хоёрдугаарт, хамтарч ажиллая гэж байгаа олон намыг энэ чиглэл рүү уриалж байгаа. Ер нь бид өнөөдөр нэг хэсэг нь эвсдэг. Дараагийн удаа өөр нэг хэсэг нь эвсдэг биш. Нийтээрээ нэгдэн нийлж бодлогоо томруулах шаардлагатай. Боловсон хүчний баазаа өргөтгөх хэрэгтэй. Мэдлэг чадвар, боловсрол, хүчээ нэгтгэхгүй бол жаахан тарамдаад байна. Яг үнэндээ олон намын төлөөлөлтэй гэсэн хэрнээ парламентад тийм байж чадахгүй байгаа чинь бид өөрсдөө саналуудыг хуваагаад, иргэдийн итгэл сэтгэлийг сарниулаад байгаа юм. Өгч байгаа бүх саналыг нэгтгэж, төвлөрүүлж чадах аваас ялалтад хүрэх бүрэн боломжтой. Тийм сонгогчдын хүлээлт ч байгаа. Хамгийн гол нь санал 10 хуваагдчихаад байдаг учраас нөгөө МАН, АН хоёр чинь өөрсдийнхөө хатуу саналыг аваад гарч ирээд байгаа юм. Энэ хоёр намын санал 20, 20 хувь гэж үзвэл цаад талд нь 60 хувь задгай байгаад байна. Ийм болохоор ард түмний хүсэл зориг, бизнес эрхлэгчдийн зорилго төрийн бодлого болж орж ирж чадахгүй. Үүнийг л бид төрд төлөөлөх учиртай.

-“Үндэсний эвсэл”-ийг нэг талдаа “Гомдогсдын арми” боллоо гэх хүмүүс байна. Энэ нь мэдээж эвслийн тэргүүнтэй шууд холбоотой байх. Дээрээс нь танай эвслийн ард Миеэгомбын Энхболд, Мэндсайханы Энхсайхан зэрэг хүмүүс байгаа ч гэж байна. Үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ бол маш өнгөц дүгнэлт. Баттай мэдэж байгаагаараа өөрийгөө хэлэхэд би тэгж хэн нэгний төлөөлөөд, хүмүүсийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэгч хүн биш. Тэгж чадах ч үгүй. Хоёрдугаарт, манай эвслийн тэргүүний туулсан замнал, зорьж тэмүүлж байгаа хүсэл нь энэ мэт жижиг гомдлуудаас хамаагүй давсан. Тийм болохоор жижиг сажиг гомдол, хувийн хандлагаар хандаж байгаа хүмүүсийг цуглуулах ямар ч шаардлага байхгүй. Бид том зорилго тавиад, түүндээ хүрэхийн тулд хэнд ямар бодлого байх вэ. Түүнийг нь хэрэгжүүлж чадах хүмүүстэй ажиллана гэж ярьж байгаа. Харин “Үндэсний эвсэл”-ийг МАН, АН-аас уйдсан, сүүлийн 30 жилд итгэл найдвараа алдсан сонгогчдын 60, 70 хувийн төлөөлөл гэж хараарай. Түүнээс биш орсон, гарсан хүмүүсийн төлөөлөл гэж харах нь маш өрөөсгөл бөгөөд нийгмээ ойлгоогүй, бидний том зорилгыг олж хараагүй хүмүүсийн л тайлбарууд ийм байна байх.

-Миеэгомбын Энхболд, Мэндсайханы Энхсайхан нарын хүмүүс танай эвсэлд орсон уу?

-Ороогүй байгаа. Бид эвсэл зохион байгуулаад явсан сүүлийн хоёр сарын хугацаанд тэдгээр хүмүүсийг огт хараагүй.

-Оръё гээд ирвэл хүлээж авах уу?

-Тэр бол тухайн цаг үед нь эвслийн удирдлагын түвшинд ярих асуудал. Хоёрдугаарт, бид өнгөрсөн хугацаанд алдаатай бодлогод оролцсон, хийж чадаагүй, хийсэн ч алдаа гаргасан хүмүүсийг эвсэлдээ оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.

-Энэ удаагийн УИХ 126 гишүүнтэй болно. Дээрээс нь намын жагсаалт болон томсгосон тойргоос сонгогдоно. Тэгэхээр “Үндэсний эвсэл”-д үндэстний хэмжээнд нэр дэвших боловсон хүчний боломж бололцоо хэр байгаа вэ. Мөн сонгуульд хэр амжилттай оролцоно гэж харж байна вэ?

-Бид сонгуульд амжилттай оролцоно, амжилтад хүрнэ гэдэгтээ итгэл төгс байгаа. Боловсон хүчний хувьд хангалттай бий. Ер нь хоёр асуудал бий. Нэгдүгээрт, бидний гаргах мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, баг болж ажиллаж чадах хүмүүс хэрэгтэй. Хоёрдугаарт, тийм түвшинд бэлтгэгдсэн туршлагатай, хувь хүнийхээ хувьд мэдлэг, ур чадвартай, тухайн салбараа маш сайн мэддэг хүмүүс байх шаардлагатай. Мэдээж хэрэг боловсролтой байх ёстой. Гэхдээ зөвхөн боловсролтой гээд явахаар ажил, амьдралын ямар ч туршлагагүй, монголынхоо нийгэм, амьдралыг ойлгодоггүй. Нөгөө талдаа туршлагатай нь ирж байгаа цагийн уур амьсгалыг мэдрэхгүй, техник технологийн ололтыг хэрэглэх талдаа дутмаг байдаг талтай. Тийм болохоор боловсон хүчин хангалттай байгаа ч чанаржуулах гэдэг маш том зорилт. Дээрээс нь гурван үеийн хэлхээсийг хангах ёстой. Энэ бол зөвхөн нэг эвслийн өмнө биш Монголын өмнө тулгамдаж байгаа асуудал болчихсон. Монголынхоо бүх оюунлаг, ур чадвартай хэсгийг бүрэн дайчилмаар байна. Өнөөдөр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр боловсон хүчин, хүн байхгүй л гээд байдаг. Мэдээж боловсон хүчнээ бэлтгэх бодлогод алдаа бий. Гэхдээ бид байгаагаа ашиглаж чадахгүй байгаа нь Монголын гамшиг. Хэд хувааж хаячихаад өөрийн намынх хүн, бусад нь хүн биш гэдэг байж болохгүй. Тийм болохоор манай эвслийн бодлого бол цөөн улстөрч, олон мэргэжилтэн гэж байгаа юм. Нэг улстөрч, хэдэн зуун инженер, мянган мэргэжилтэн байж энэ улс орон урагшаа явна. Түүнээс биш мянган улстөрчтэй байгаад ямар ч хэрэггүй гэдгийг бид хангалттай харлаа.

-Танай эвсэл сонгуулийн саналын хуудасны хэддүгээрт эрэмбэлэгдэж байгаа вэ?

-Гуравдугаарт бичигдэнэ. Монголын ногоон ном байгуулагдсан хугацаагаараа гуравт байдаг. Тийм болохоор МАН, АН, “Үндэсний эвсэл” гэж бичигдэнэ.

-“Үндэсний эвсэл”-ээ тэргүүлж, нүүр царай нь болж гарч ирсэн Н.Номтойбаяр, О.Бум-Ялагч та гурав жагсаалтад бичигдэх үү, тойрогт нэр дэвших вэ?

-Энэ асуудлыг шийдэх арай болоогүй байна. Чилийсэн гурван сар байна шүү дээ. Тэр хүртэл эвслийнхээ үндсэн ажлаа сайн хийе. Харин дараа нь хэн, хаана нэр дэвших вэ гэдгээ тодруулна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь нутагт ойрд үзэгдээгүй зуд нүүрлэж, зузаан цасан бүрхүүл тогтжээ-II DNN.mn

Нар битүүгээр айлын эзэд боссон бололтой. Хот газарт сүүлийн хэдэн жил амьдарч, суудлын голдуу ажил хийсэн би өчигдөр жаахан хөдөлсөндөө нэлээд буларчээ. Гэлээ гээд лаглайтал хэвтээд байлтай биш. Мал дагаж, тэднийхээ буян заяанд сүсэлж явдаг улс энэ мэт ажлыг жилийн 365 хоног хийнэ. Гэтэл үеийн нөхдөдөө хөдөө өссөнөө гайхуулж явснаа бодохоор санаа ч зовмоор шиг. Бушуухан босч, дээл хувцсаа өмсөөд гарвал зүүн урдаас илч муутайхан нар дөнгөж цухуйж байна. Ц.Мөнхдорж ах эхнэрийн хамт утаа майгаа сэргээж, хотоо эргэж явна. Нэг муу хурга бусдадаа дарагдаад шил нь татчихаж, түүнийг гаргаж байна. Хурдхан очиж хашааны гаднаас авч, май дагуулан тавилаа. Хэдийгээр шил нь татчихсан ч бүр нүд аньчихаагүй, хивж байна, хөөрхий.

-Ингээд хэсэг халуун утаанд хэвтвэл босоод ирэх байгаа?

-Гайгүй байлгүй дээ.

-Нүдэн дээр мал үхээд байх хэцүү шүү?

-Хэцүү байлгүй яах вэ. Гэхдээ мал гэдэг өсөхөө ирэхээр үхэхээсээ хурдан шүү дээ. Үнэхээр заан ахын хэлснээр мал гэдэг ганцхан жилд л мянга дөхчихдөг амьтан. Ахтай ийн ярилцсаар өчигдөр орой л хашаандаа халтирч унаад өеөдчихөөд байсан охин халзан даага дээр очлоо. Уг нь түүнийг ганцаар тусад нь хашаалж, өвс тэжээл тавьж өгсөн ч дахиад л талаараа хараад унасан байна. Уяагаар оосорлож байгаад хүзүү, сүүлнээс нь өргөн босголоо. Босоод ирэхээрээ хаа очиж цовоо юм. Шуурганд уруудсан адуунаасаа цөөн хэдийг бараг хил дээрээс олж ирэхэд л хамгийн бага нь энэ амьтан гэрийнхээ барааг харжээ. Дээрээс нь охин юм болохоор уринтай золгуулчихвал хурд залгах болов уу гэж санана. Хүүхэд байхад ордог байсан зүс бороо одоо үзэгдэхээ байжээ. Газар дэлхий дэвтээж, ган тайлахгүйгээр асгаад л өнгөрнө. Ноднин зун гэрийн гадаа бараг л усан хуй дайраад өнгөрчээ.

Малдаа явсан эхнэртээ санаа зовж байтал саахалтын газраас хонио туусаар хуурай ирсэн байна. Энэ мэт үзэгдэл, байгаль цаг уурын хатуу ширүүн ихэссэн нь зориудаар цаг агаарт нөлөөлж, үүл бууддаг болсонтой холбоотой ч байж мэднэ гэж боддогоо ах нуусангүй. Гэнэтийн аюул хэзээ ч дайрч мэдэхээр болсон цагт эрчимжсэн мал аж ахуйг зөв зүйл л гэж санана. Гэхдээ өдий болтол малын тоо толгойны араас хөөцөлдөлгүй маллаж өдий хүрсэн болохоор уламжлалт ахуйгаа ч буруутгадаггүй. Буруутгаад ч яах билээ, малгүй Монгол гэж юу байх вэ. Ямартаа ч өнөө, маргаашдаа энэ хэвээрээ л малынхаа буян заяанд сүсэлж явах биз ээ хэмээн ярина.

Биднийг ийн ярилцах хооронд Р.Сарантуяа эгч “гэрлийн хурд”-аар л ажиллаж байна. Хэдийнэ нойтон хомоол шуудай дүүрэн түүгээд гэр рүүгээ чирч явна. Түүнийг нь гэрт оруулж өгвөл эгч сурмаг гэгч нь хэдэн төмөр түмпэнд хувааж хийгээд галаа тойруулан тавилаа. Ингээд маргааш өглөө хатахаар нь нунтаглаад тэжээлтэй холиод муудсан бог малдаа өгнө. Энэ бүгдээ ярингаа надад халуун цай аягалж, ширээн доороос өчигдөр хайрсан хуушуур гаргав. Гэрийн эзэн ч ороод ирлээ. Хамт суун цайлж байх хооронд эгч гэрийн зүүн орны дээрээс оосорлон өлгөсөн гар утсаар залгаж байна. Ярихыг нь сонсвол машин авахаар явсан дүү нь бололтой. Нэг машин үзсэн, хэр таарсан үнээр нь авахаар боллоо гэв. Харин эгч зөрүүлээд дүүгээсээ ажлын өдөр эхэлж, сумын банк онгойтол мөнгө сурлаа. Ахын нөгөө өчигдөр орой учрыг нь олоогүй тоон гарын үсгийнхээ учрыг өөрөө олоод тэтгэврийнхээ зээлийг авна гэнэ. Шалтгаан нь ах хүү өчигдөр орой 100 боодол өвс авахдаа банкаас мөнгөө авч чадалгүй байсаар өвснийхөө “барьцаанд” байж байгаад оройхон ирсэн нь тэр байжээ. Өвс зарсан хүн замын хүн учраас аль болох эртхэн төлбөр мөнгөө аваад буцахаа бодсон байлгүй. Ц.Мөнхдорж ах ирмэж байна. Эхнэр нь дүүгээсээ гадна хоёр охин, эгч рүүгээ залгаж байж өвсний өлтөг болох 1.7 сая төгрөгийг бүрэн цуглуулж, дараа нь өвсний эзэн рүү охиноороо шилжүүлүүлэхээр боллоо. Сумын төв дээр тээвэрлээд аваад ирсэн өвснөөс авч чадахгүй үлдвэл нэг бол төр засгийн гар харах, үгүй бол өөрсдөө аймаг, хот явахаас өөр замгүй. Гэтэл тэр хүртэлх машин тэрэгний түлш, жолоочийн хөлс гээд бүр илүү зардал гарна. Тиймээс ойрхон ирсэн дээр нь тэтгэврээ зээлээд ч болов ахиу өвс авахыг хичээнэ. Энэ хоёр малчин учраас эрт тэтгэвэрт гарсан аж. Гэхдээ цаг агаар, амьдрал хоёр дандаа ийм байх биш дээ хэмээн гэрийн эзэгтэй ихэд өөдрөг. Та бол үнэхээр шаргуу, гараас тань ажил их хурдан гардаг хүн байна. Нөхөр тань Сумын заан тулдаа л олон жил “тэсч” байгаа байх. Түүнгүй над шиг амьтан хоёр хоногт л чирэгдэж үхэх юм байна гэвэл эгч таатайхан цай оочилж, ах хань руугаа харан инээмсэглэв.

Заан гэснээс Ц.Мөнхдорж ах хар багаасаа нэгдлийн адуу маллаж, сүүлд 1980-аад оны сүүлээр хоёр жилийн цэргийн алба хааж ирээд ханьтайгаа гэр бүл болжээ. Хоёр биенээ багаасаа л таньж мэддэг, айл саахалт нутагладаг байв. Ардчилал гарч, зах зээл эхлэхээс өмнө нэг хэсэг сумын төвийн айл болж, эхнэр нь дэлгүүрийн худалдагч хийж, эмнэлэгт хүртэл ажиллаж явжээ. Нэгдэл тарж, мал хувьчлагдсанаар хөдөө гарсан ч нэг хэсэгтээ дэлгүүрийн худалдагчаа хийсээр л байж. Хөдөө гэрээсээ өглөө эрт очиж онгойгоод цайны цагаараа буцан ирж гэрийнхээ ажлыг амжуулаад яг л цагтаа онгойно. Тэгж байгаад нэг мөсөн хөдөөний айл болж, Дорж ах Алтанширээ сумынхаа наадамд 1991 онд үзүүрлэсэн байна. Харин бүр хойно буюу 2003 онд түрүүлж, Сумын заан болсон гэхээр олон жил тогтмол барилдсан бол шаггүй нэгэн байсан нь ойлгомжтой. Энэ хоорондоо угаас моринд дуртай учраас хусуур зүүж, хурднаа сойж аймаг, сумын олон наадамд айраг, түрүү хүртсэнээр сумын Алдарт уяач болжээ. Гэтэл 2000-аад оны зуд нүүрлэж, хоёр том нь сургуульд сурах болсноор мөн л хэсэгтээ сумын төвд амьдрав. Сургуулийн нэг сурагчтай байхдаа айлд суулгаад, зав зайгаараа эргэж очоод байж болдог байсан бол хоёрын хоёр охин хүүхдийг айлд суулгах аргагүй. Тиймээс л хэдэн малаа ах дүүгийндээ тавиад суманд амьдарчээ. Үүнээс өмнө хоёр тусдаа амьдрах гэж бас үзсэн байна. Залуу ч байж, хоёр талд байхаар амьдрал нэг л болж өгөхгүй болохоор ийм шийдвэр гаргасан хэрэг. Одоо ч гэсэн залуусын дунд ийм амьдрал элбэг. Эхнэр нь хүүхдээ аваад сум, аймагт амьдарч, нөхөр нь хэдэн малтайгаа хөдөө үлдэнэ. Ингээд л сүүлдээ хоёр тийшээ болох нь их гэв. Харин Дорж ах, Сараа эгч хоёр тухайн үед зөв шийдвэр гаргасан учраас амьдралаа үрэн таран хийсэнгүй явсаар хань бараандаа өдийг хүрч яваа. Одоо бол охид нь тус, тусын амьдрал зохиож, товхийтэл амьдарч байгаа. Аав, ээж ч, охид нь ч хэн хэнийхээ санааг зовоохгүй сэн хэмээн бодно.

Ц.Мөнхдорж ахыг ид морь уяж, мордуулсан болгоноо шахам үзүүрт хардаг байсан үед унаач хүүхдэд тэр бүр санаа зовдоггүй байж. Харин одоо бол хүүхэд нь аав, ээж мэднэ гэх. Эцэг, эх дээр нь очихоор хүүхэд мэднэ гэдэг үгээр ам тагладаг болжээ. Тэгэхээр хүүхэдгүй хүн морь уяна гэдэг бас л хэцүү болсон цаг. Тэрбээр 2007 оноос эхэлж сумандаа анх уях адуугаа тэжээсэн байна. Улмаар тэжээж онд оруулж байсан бор даага “даахин доор хүлэг” гэдгийг харуулж, азарга болтлоо сумын наадмуудад 10-аад орчим айрагдаж, асрын өмнө цоллуулжээ. Нэг жил бор азаргаа Зүүн бүсийн наадамд аваачиж уралдуулжээ. Азарга нь айргийн хойхно дараатай яваад байдаг. Хүүхдэдээ ч ингэж хэлжээ. Эзэн нь харин тархинд яваа азарганы уяач, олон сайхан хурдтай нэг нутгийн н.Шаравдорж гэж настай хүний машинд явах. Машины цонхоор унаачдаа ганц нэгэн зүйл хэлмээр санагдавч түрүүлж яваа азарганы эзнийг хойшоо суугаад миний морийг дагаадхаач гэж хэлэх нь увайгүй хэрэг гэж бодно. Тэгж байтал нөгөө тархилаад байсан азарга барианы газар гурван километр ойртоод байхад зүүн хойшоо даялаад хадуурчээ. Замаас гарсан азаргыг нэлээд хөөж, худаг дээрээс барьж аваад очиход Ц.Мөнхдоржийн бор азарга аман хүзүүдчихээд байхад эзэн нь байдаггүй гэсээр наадамчин олон бараг л эрэл сурал болон хүлээж байжээ. Энэ бол бид гурав цайлах зуур ярьсан ганцхан түүх. Түүнээс биш энэ мэт наадмын сонин сайхан, уясан морь нь айраг, түрүүнд хурдлахын жаргал алийг хэлж барах билээ. Алдарт уяач, Сумын заан ахын амттай яриаг тасалдуулж, сумаас Засаг дарга Н.Бүрэнтэгш тэднийх рүү гарсан мэдээ ирэв. Ирсэн гийчин буцах дөхсөн нь энэ. Хамт гарч үлдсэн хэддээ тэжээл өгч, зарим нэгийг нь услав. Ах хүү нэг адууны тэжээлд тусгайлан тос нэмж байна. Учрыг асуувал тамир тэнхээ оруулдаг нэмэлт тэжээл гэнэ. Түүнийгээ их дэлтэй цагаан үрээний хошуунд өлгөлөө. Өнөөх нь ч сурмаг юм. Ирэх жил уях бололтой. Тэгэхээр хөр цас ухаж, хэдэн малаа өргөж байгаа хатуу цагийн дурсамжийг арчиж энэ жилийн дэлхий дэлэгнэсэн наадмаар цагаан үрээ эзэндээ айраг амсуулах биз ээ.

Нэг үеийг бодоход эднийх рүү зам хагарчихсан учраас сумаас гарсан машин төд удалгүй ирлээ. Амар мэндээ мэдэлцэн, амны билгээ ярилцсаар гэрт оров. Засаг дарга сэтгэл сэргээсэн сайхан мэдээтэй иржээ. Ц.Мөнхдорж гэж энэ хүнийг “Сумын аварга малчин” цолд тодорхойлсон нь ёсоор болсон гэнэ. Гавьяа шагнал ихэдсэн үү гэхээс багадаагүй тухай амтай болгон л одоо ярьдаг. Гэвч эзнээ олоод цагтаа ирвэл сэтгэл сэргээж, урмаар тэтгэдэг зүйл. “Алдар нь над дээр ч ажил нь манай хүн дээр дээ” гэж алдарт хэлнэ лээ. Гэхдээ хамтын хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж байгаа нь энэ. Түүнээс биш нэг нь хийгээд нөгөө нь хөдөлдөггүй бол яах билээ. Аян замаа ерөөлгөөд гэрээс нь гарахад “Илгээлтийн эзэн”-ээ явчихаар хүн бүлгүй хэсэгтээ хэцүүднэ дээ гээд инээж байна. Үнэхээр “Нийслэл хүү” аятай очсон би хоёр хоног нэр хичээж, ажил анхиатай, малчин ах, эгчийнхээ ажилд чадлаараа л туслахыг хичээв. Гэвч хөдөөний амьдралаас хол хөндий болсон миний тус гэж юу базаах вэ. “Мал дээр гарвал таарна” гэж нэгнээ элэглэж, малчдын ажил хөдөлмөрийг энэ хэрээр үнэлдэг болсон болохоор хамгийн хүнд хэцүү, өдөр тутам, цаг наргүй хийдэг хэрнээ ямар ч нэргүй болсон хөдөлмөр малчдынх болох вий гэсэн бодол дотор эмзэглүүлнэ. Говийн нар илч гэрлээрээ ээж, гадаа хэдий дулаахан боловч ах, эгч хоёр маань дуусашгүй ч гэлээ халгаж үзээгүй ажилдаа ханцуй шамлан ороо доо.

“Говь нутаг өвөлдөө хүндэрвэл хавартаа сайхан байдаг юм гэнэ билээ” гэсэн амны бэлгээр нь болж тогтуун хавар, дэлгэр зун, налгар намар, өнтэй өвөл болоосой.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Бүрэнтэгш: Малдаа яваад алга боллоо гэсэн дуудлагаар хайгаад очиход саахалтындаа архи уугаад сууж байсан DNN.mn

  1. Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга Н.Бүрэнтэгштэй өвөлжилтийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Нямаагийн Бүрэнтэгш гэдэг. Алтанширээ сумандаа 1983 онд төрсөн. Хөдөө аж ахуйн их сургуулийг 2005 онд нягтлан бодогч мэргэжлээр төгсөж ирээд сумандаа гурван жил ажилласан. Тэгээд аймагтаа санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, улсын ахлах байцаагчаар нийтдээ 16 жил ажиллаад сумандаа ирсэн.

-Сумандаа ирж ажиллах санал тавьсан уу, эсвэл тийм хүсэл ер нь байсан уу?

-Ер нь нутагтаа ирж ажиллах хүсэл байсан. Дээрээс нь холбогдох хүмүүс ч санал тавьж таарсан. Тэгээд л өөрийн сурсан мэдсэн, чаддаг зүйлээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд зориулъя гэж зориглоод л ирсэн.

-Гэр бүлийн хүн тань аль нутгийн хүн бэ?

-Сайншанд сумын уугуул хүн бий. Бид одоо хоёр хүүхэдтэй.

-Дагуулаад сумандаа ирсэн үү?

-Үгүй ээ, эхнэр маань хоёр хүүхэдтэйгээ аймагт амьдарч байгаа. Одоохондоо тусдаа л байгаа.

-Өнөөгийн залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудал байх, тийм үү?

-Үнэхээр тийм, хааяа эхнэр хүүхдүүд ирж, заримдаа би очоод л явж байна.

-Нутагтаа буцаж ирээд ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байв?

-Манай сум 2023 оны тоогоор 1400 гаруй хүн амтай гэж гарсан. Намайг бага байхад 2000 гаруй хүн амтай, маш том сум байсан. Сүүлдээ улс орны нөхцөл байдал, хүмүүсийн хандлагаас болоод хүн амын шилжилт хөдөлгөөн их болсон. Тэгэхээр хөдөө орон нутагт боловсон хүчний дутагдал их. Залуучууд нь төгсөөд хот явдаг, тэндээ үлддэг. Ер нь суманд багш, эмч хоёр нь л сайн байвал болдог юм шиг байгаа юм. Ирснээсээ хойш иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх гэж их хичээлээ. Миний хувьд нутгийн хүмүүсээ нутагт нь ажилтай, орлоготой байлгахад л нутаг маань хөгжинө гэж боддог.

-Залуучуудын ая тухтай амьдрах нөхцлийг хангахын тулд тэгвэл юу хийж байна вэ?

-Манай сум 2021 онд монгол хэл, математикийн багшгүй хүртэл болсон. Энэ бол эмгэнэл шүү дээ. Манай малчид, орон нутгийнхан гэлтгүй хүмүүс чинь хаана чанартай боловсрол байна. Тэнд үр хүүхдээ сургахыг боддог. Тийм болохоор тавдугаар анги төгсгөөд л аймаг руу шилжүүлдэг. Ингэхдээ ээж нь хүүхдүүдээ аваад явдаг. Тэгээд боловсролын чанарт анхаарч, дөрвөн багшийг сумандаа гурван жил ажиллуулахаар авч ирсэн. Амьдрах байраар нь хангаж, жилд таван толгой мал өгөх, ажиллах хугацаандаа сурах бол төлбөрт нь дэмжлэг үзүүлье гэсэн амлалтууд өгсөн. Дээрээс нь залуучуудыг сумандаа тогтвортой ажиллуулах гээд санал тавихаар галладаг уу, усаа зөөдөг үү л гэж асуудаг. Тэгэхээр үүнийг нь шийдэхийн тулд 2023 онд аймгийн ЗДТГ-аас тодорхой санхүүг нь шийдээд төрийн албан хаагчдынхаа 24 байшинг дулаан, цэвэр бохирын шугамд холбосон. Мөн төрийн албан хаагчдын орон сууц дөрвийг нэмж барьсан.

-Төр засгаас “Хот-хөдөөгийн тэнцвэр”-ыг хангах бодлого хэрэгжүүлж, орон нутагт цалингийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Энэ бүхэн боловсон хүчнээ авч үлдэхэд хэр нөлөө үзүүлж байна вэ?

-Засгийн газрын тогтоолоор 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувь нэмсэн. Харин үлдсэн 80 хувийг нь сум, орон нутаг өөрсдөө бүрдүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. Тийм болохоор өнгөрсөн онд 80 хүртэлх хувийн нэмэгдлийг сумаас бүгдийг нь олгосон. Хамгийн гол нь би ажилчдадаа өөрсдөө орлогоо ол. Харин олсон орлогоосоо нэмэгдэл цалинг чинь хангалттай тавина гэж хэлдэг. Одоогоор манай ЗДТГ-ын жижүүрүүд гар дээрээ 1.6 сая төгрөг, төрийн захиргааны албан хаагчид 2.3 сая төгрөгийн цалин авч байна. Ингэхээр хүмүүс ирж ажиллах хүсэл эрмэлзэлтэй болж байгаа. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс сумын төсөвт байгууллагууд буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гэсэн газрын ажилчдадаа сар бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг олгож эхлээд байна.

-Танай сум төсвийн орлогоо хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Монгол Улсын 21 аймгаас улсаас татаас авахгүйгээр харин ч мөнгө төвлөрүүлдэг долоон аймаг байдгийн нэг нь манай аймаг. Үүнтэй адил манай аймагт өөрөө өөрийнхөө санхүүжилтийг бүрдүүлдэг долоон сум байдгийн нэг нь өнгөрсөн 2022 оны долдугаар сарын 1-нээс манайх болсон. Би өөрөө нягтлан бодох, санхүүгийн чиглэлийн хүн. Тийм болохоор хаана мөнгө олох боломж бололцоо байна, түүнийг эрэлхийлж явдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр манай сумын нутагт баригдаж байна. Мөн төмрийн, гангийн, нүүрс угаах, хорголжингийн гээд олон үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Үүн дээр Засгийн газрын бодлого шийдвэр ч маш сайн явж байна. Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлнэ гэсэн заалт Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн тухай хуульд орсон. Үүнийг дагаад өмнө нь аймгийн дансанд ордог байсан Хувь хүний орлогын албан татвар/ХХОАТ/-ыг ноднин жилийн гуравдугаар сарын 1-нээс сумын орлогод оруулдаг болсон. Тийм болохоор дээрх үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хүмүүсийн цалингаас суутгаж байгаа ХХОАТ-ыг манай суманд тайлагна гэж шахдаг. Хоёрдугаарт, манай суманд одоогийн байдлаар ашиглалтын 12, хайгуулын 17 тусгай зөвшөөрөлтэй компани байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудынхаа газрыг нь баталгаажуулж өгөөд газрын төлбөрөөс тодорхой хэмжээний орлогыг мөн төсөвтөө төвлөрүүлдэг.

-Уул уурхай, малчин хоёрын хооронд багагүй зөрчил гардаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Манай суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 12 компани байгаа боловч яг одоогийн байдлаар жоншны гурван уурхай л ажиллаж байгаа. Гэвч тэд маань ч гэсэн цар тахал гээд олигтой ажиллаагүй. Бусад нь огт ажил эхлээгүй. Тэгэхээр малчдын хувьд харьцангуй гайгүй. Ер нь төрөөс малчид уул уурхай хоёрыг зөв зүйтэй байдлаар нь холбож өгнө. Би өөрөө уул уурхайг дэмждэг. Нэг суманд нэг том уурхай байхад л хөгжөөд явна. Гэхдээ хяналт шалгалтын ажил олон жил хийсэн болохоор үйл ажиллагаагаа хариуцлагатай, байгальд ээлтэй явуул. Сум орон нутагтай хамтар, нөхөн сэргээлтээ хий, Монгол Улсын хууль тогтоомжийг чанга мөрдөж ажилла гэсэн шаардлага тавьдаг.

-Алтанширээ сумын бэлчээрийн даац хэр болсон бэ. Энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?

-Намайг анх ажил авахад сумын хэмжээнд 126 мянган малтай байсан. Гэтэл жил тутам нэмэгдсээр 2022 онд 196 мянга болсон. Сая жилийн эцсийн тоогоор 145 мянган толгой малтай болж буурсан. Бэлчээрийн даацын хувьд 196 мянга болоход л 2-3 дахин нэмэгдсэн гэж гарсан. Ер нь сүүлийн үед толгойтой болгон л мянгат болж байна шүү дээ.

-Малаа хэр бодит тоолж чаддаг вэ. Учир нь малынхаа тоог баримжаалж тоолдог, малчид нь нэмж хэлээд банкаас өндөр зээл гаргуулдаг гэх яриа явдаг?

-Жил бүрийн 12 дугаар сарын 7-15-ны хооронд суманд мал тооллого явдаг. Дөрвөн баг гараад малчдаараа тойрдог. Гол онцлог нь манай сум малчны яг хотонд нь очоод дандаа нүдээр үзэж тоолдог. Малчид маань ч малын тооллогод хүндэтгэлтэй ханддаг. Хоёрдугаарт, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Малын хөлийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн болохоор малаа нэмж тоолуулбал өндөр татвар л төлнө.

-Монгол орныг хамарсан зуд энэ жил болж байна. Танай суманд хэр өвөл болж байна вэ?

-Ноднин жилийн 11 дүгээр сарын эхээр манай суманд анхны цас орсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл их, бага хэмжээгээр 20 гаруй удаа ороод байна. Мөн дөрвөн удаа, нэг удаадаа 2-3 хоногийн хугацаатай маш хүчтэй шуурга болсон. Үүнээс болоод манай сум зуд, тэр дундаа мөсөн зуд гэсэн ангилалд багтсан. Цас ороод дулаараад, дахиж хүйтэрч хөлдөөд байхаар ийм болдог юм байна. Цасан шуурганы дараа манай ЗДТГ-ын ажилчид үхсэн малыг нь гаргаж, хороо хотыг нь цэвэрлэхээр гурван айлд очсон. Тэгэхэд жоотуугаар цохиход яг л мөс нүдэж байгаа юм шиг хагарч байсан. Цас нь нийтдээ дөрвөн үе үүсгээд хөлдчихсөн. Ингээд хөлдүү газарт мал хэвтээд байхаар ямар сайн байх вэ дээ. Нөгөө л шилжилт хөдөлгөөнөөс болоод хүүхдүүд нь төв бараадсан болохоор яг ийм хэцүү цагт малчид маань хүн бүлгүй үнэхээр зутарсан. Хоёрдугаарт, сүүлийн хэдэн жил ган, зуд болоогүй сайхан байсан учраас малчдын маань хороо хот ихээхэн муу байсан юм билээ. Үүнээс харахад энэ чигээрээ дахиад хэдэн жил явах юм бол мал малладаг, малчин хүнгүй болж мэдэхээр байна.

-Зудын үед ямар арга хэмжээ авч ажиллав. Малчид, баг руугаа зам гаргасан уу?

-Цасан шуурга болоход эмнэлэг, ЗДТГ-ын гээд ердөө хоёр машинтай. Одоог хүртэл нийтдээ 84 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа хийгдсэн. Нүдгүй шуурч байхад л мал руугаа яваад төөрдөг. Энэ үед нь төрийн албан хаагчид л араас нь эрэн хайдаг. Ямар ч байсан нэг ч хүний амь нас эрсдээгүй. Харин тодорхой тооны мал шуурганд уруудсан. Тийм болохоор энэ хүнд цагт нь ноднин жил Орон нутгийн хөгжлийн сан/ОНХС/-ийн хөрөнгөөр авсан 4000 боодол өвс, 500 гаруй шуудай тэжээлийг малчдад үнэ төлбөргүй олголоо. Мөн энэ оны ОНХС-ийн мөнгөөр 2000 боодол өвс, 500 гаруй шуудай тэжээлийг энэ өдрүүдэд татаж авлаа. Дээрээс нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг дарга О.Батжаргал, Нутгийн зөвлөлөөс малчдад хүнс, өвс тэжээл, шатахууны тусламж үзүүлсэн. Дээрээс нь сумын Иргэдийн хурал ЗДТГ-аас санаачилан иргэдийнхээ дунд “Сайн үйлсийн аян” зохион байгуулсан. Энэ аянаар цугларсан мөнгөөр 160 өрхөд нийтдээ 1300 боодол өвс, 300 шуудай тэжээлийг үнэгүй өгсөн. Үүнээс гадна бид ирэх өвлөө бодох ёстой гэж үзэж байгаа. Тиймээс одоо ирэх өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдахаар ярилцаж байна. Сүүлд цас орноос хойш Сайншанд сумаас Алтанширээ хүртэлх 63, Тойг багт 53 километр газарт цас хусаж зам гаргасан. Одоо Хаяа багт хоёр чиглэлд 100 гаруй километр зам гаргахаар төлөвлөж байна.

-Цаг хүндэрсэн үед өвс, тэжээлийн үнэ нэмэгдсэн байна уу?

-Намар 7-8 дугаар сард гэрээ байгуулаад өвс авахад 10 мянган төгрөг байсан. Гэтэл одоо манай суманд зарагдаж байгаа өвс 20 мянга байгаа. Ноднин жил манай аймагт өвс 35 мянган төгрөг хүрснийг бодоход бас ч гайгүй байна. Тэжээл олдохоо больсон. Гэхдээ улсын болон аймгийн Онцгой комиссоос энэ тал дээр шат дараатай арга хэмжээнүүд авч л байна. Зам гаргахад хэрэгцээтэй түлшээр хангаж, техник хэрэгсэлээр тусалсан.

-Одоо та бүхэнд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Хойшдоо дахиад цас нэмж орвол техникийн тусламж нэн шаардлагатай болно. Дээрээс нь улсын болон аймгийн Онцгой комиссоос тусламжуудаа цаг тухайд нь өгөөд байвал хүн, малгүй эсэн мэнд хаврын урьтай золгох боломж бүрдэнэ. Гэхдээ мэдээж байнга үнэгүй байна гэж юу байхав. Тодорхой төлбөртэй байхад үлдсэнийг нь бид хэд зохицуулаад байж дөнгөнө шүү дээ.

-Хэдхэн хоноод хаврын сар гарах гэж байна. Говь нутгийн хавар ер нь хэр болдог вэ?

-Ер нь л нэлээд чанга болно, нүдгүй шуурдаг юм. Ноднин, уржнан өвөл нь сайхан болсон ч хавартаа их хүндэрсэн. Маш хүйтэн салхиар нүдгүй шуурахаар малын тамирыг бардаг юм билээ. Дээрээс нь сүүлийн жилүүдэд анхны бороо 7-8 дугаар сард л ордог болсон.

-Бороо цагтаа орохоо байсан нь үүл бууддаг болсонтой холбоотой гэх юм билээ?

-Тийм ч байж мэднэ. Ноднин жил 30 минутын дараа Алтанширээ суманд маш их хэмжээний бороо орно гээд цаг агаар зарлаад байдаг. Үүл гараад байсан хэрнээ ороогүй. Тэгсэн чинь Говьсүмбэр аймагт үүл буудчихсан байсан. Ийм зүйл бас байна. Одоо нэг үеэ бодоход цаг агаар үнэхээр үнэн зөв мэдээлдэг болсон. Харамсалтай нь манай малчид их хариуцлагагүй байна. Цаг агаарын мэдээгээр цасан шуургатай гэж зарлаад байхад л аймагт ажилтай гээд гараад явчихдаг. Тэгээд хоорондоо бүр болохгүй бол Онцгой комисс дуудна гээд ярьдаг гэж байгаа юм. Энэ жилийн цасан шуурганаар дуудлагад явж байхад гурван машинтай 10 хүн, гурван жаахан хүүхэдтэй явж байсан. Тэгэхээр нь машинуудыг үлдээгээд хүмүүсээ аваад яв гэж Онцгой комиссынхондоо хэлэхэд машинтайгаа л явахгүй бол явахгүй гээд гүрийгээд байсан. Мөн малдаа гарч яваад гэртээ буцаж ирсэнгүй гэсэн дуудлага ирсэн. Бид хэд шатахуун, түлш гарздаад цас ухсаар байгаад очиход 2-3 километрийн зайтай саахалт айлдаа архи уучихсан сууж байгаа юм. энэ мэтчилэн ухамсар дорой, хариуцлагагүй, аминдаа хайргүй хүмүүс бас төрийн ажилд их хүндрэл учруулдаг.

-Ийм хариуцлагагүй хүмүүсээр адаглаад шатахуун, түлшнийх нь зардлыг гаргуулдаг биз дээ?

-Би онцгойгийн дуудлагыг эрэмбэлье гэж байгаа юм. Дуудлагын дагуу яваад очихоор малаа алдаагүй ч гэсэн үнэхээр хүнд байдалтай байгаа хүмүүстээ бид цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл үнэхээр хариуцлагагүй хүмүүсээс шатахуун түлшний төлбөрийг гаргуул гэсэн чиглэлийг өгч байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулснаас хойш 300 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгатай ярилцлаа.


-Таны хувьд шинэ оны босгон дээр УУХҮ-ийн дэд сайдаар томилогдсон. Өмнө нь сайдын зөвлөх хийж байсан учраас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил байгаа байх. Яг одоогоор ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Эрдэс баялгийн салбартаа би 2020 оноос эхлэн удирдлагын түвшинд ажиллаж байна. Харин нэгдүгээр сарын 3-ны өдөр дэд сайдаар томилогдсон. Дотроо ажиллаж байгаад томилогдсон болохоор юу хийх ёстой вэ гэдгээ сайн мэдэж байгаа.

Дэд сайд болсноосоо хойш Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө өргөн барьчих юмсан гээд төлөвлөн ажиллаж байна. Ер нь бол тус хуулийн төслийг манай яамнаас 2021 оноос хойш боловсруулж, хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийсэн байгаа. Энэ хууль батлагдаад сайн хэрэгжсэнээрээ манай уул уурхайн салбараас улсын эдийн засагт ордог үр өгөөж нь илүү нэмэгдэж, бидний одоо ярьж байгаа Баялгийн сангийн тухай хууль бүрэн утгаараа хэрэгжих нөхцөл бүрдэх учиртай юм. Хоёрдугаарт, эрдэс баялгийн салбар өнгөрсөн хугацаанд орон нутагт “хөлгүй” явж ирсэн. Тийм болохоор 2021 онд хөөцөлдөж байж Монгол Улсаа зургаан бүс болгон хуваан нэгж байгуулсан.

Энэхүү нэгжүүдээрээ дамжуулан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй дамжин харилцах нь илүү хурдан шуурхай, үр дүнтэй байна гэж үзсэн. Харин энэхүү нэгжид ажиллаж байгаа боловсон хүчнээ чадавхжуулах тал дээр анхаарч байна.

-Орон нутгийн нэгжүүдийг хаана, хаана байгуулсан бэ?

-Нэгжүүдээ байгуулахдаа бид тухайн нутаг дэвсгэрт хэчнээн тооны хайгуулын болон тусгай зөвшөөрөл байна. Яг олборлож байгаа орд нь хэд байна гэдгийг авч үзээд бүлэглэсэн. Баруун бүс буюу Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгийг хамруулан нэгжийг нь Ховд аймагт байгуулсан. Харин төвийн бүсийн нэгж нь Өвөрхангайд, говийн бүсийнх Өмнөговьд, Зүүн бүсийнх Дорнод аймагт байрлаж байна. Үүн дээр Улаанбаатар хот нэмэгдэнэ. Төрийн үйл ажиллагааг хурдан, нээлттэй хүргэхийн тулд эдгээр нэгж чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Уул уурхай гэхээр л хоёр хуваагддаг. Нэг хэсэг нь дэмждэг бол зарим нь эсэргүүцдэг. Тэгэхээр энэ байгуулсан нэгжүүдээрээ дамжуулан салбарынхаа зөв, бодит мэдээллийг өгнө гэж ойлгож болох уу?

-Манай салбарыг дөрвөн зорилготой гэж үзвэл хоёр томынх нь ерөнхий агууллага таны асуусан асуулт юм. Манай яамнаас хайгуулын болон ашиглалтын гэсэн хоёр төрлийн тусгай зөвшөөрлийг олгодог. Ашигт малтмалын тухай хууль 1997 онд шинэчлэн найруулагдаад хэрэгжиж эхлэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн байдаг. Харин үүнээс хойш одоог хүртэл олгосон хайгуулын зөвшөөрлийн хэд нь ашиглалт руу шилжсэн бэ гээд харахаар 100-д нэг нь л орд болж гардаг. Ийм байтал манайхан тусгай зөвшөөрлийг хайгуул, ашиглалт гэдгийг нь ялгаж ойлголгүйгээр шууд л эсэргүүцдэг. Ганцхан хувийн боломжтой зүйл рүү хувийн хэвшил нь эрсдэлээ үүрээд орж ирэхэд нь шууд л эсэргүүцээд байж болохгүй. Хаана ямар орд газар байдаг вэ, ашиглах болох уу, үгүй юу гэдгээ төр нь мэдэж байх хэрэгтэй. Төр засаг өөрөө хайгуул хийх мөнгө байхгүй учраас л хувийн хэвшлийнхэнд тусгай зөвшөөрлийг нь олгож хийлгэж байгаа хэрэг. Үүнээс нэг нь орд болох юм бол цаашаа хөгжүүлэх эсэх дээр төрийн оролцоог яриад явах боломжтой. Гэтэл яг энэ дундын хайгуулын хэсгийг нь байхгүй болгочихоор дараа дараагийн ордын бэлтгэл орж ирэхгүй. Тийм болохоор иргэд, олон нийтдээ энэ талын мэдлэгийг зөв олгох юмсан гэж зорьж байгаа.

-Ер нь яагаад ингэж эсэргүүцээд байдаг юм бэ?

-Олон нийт зүгээр байж байгаад л эсэргүүцдэг гэж би бас боддоггүй. “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ” гэдэг шиг өмнө нь хэн нэгэн хариуцлагагүй хандсан, нөхөн сэргээлтээ хийгээгүй байж таарна. Үүнтэй холбоотойгоор бүхэл бүтэн энэ том салбарын нэр хүнд нийтээрээ унаад байгаа нь хамгийн харамсалтай. Тэгэхээр энэ алдаагаа манай салбарынхан сүүлийн жилүүдэд нэлээд ухамсарлаж байгаа гэж хардаг. Ер нь иргэдийн эсэргүүцэл байх нь эрүүл зүйл. Дээрээс нь өмнө жилүүдэд мэдээлэл хангалтгүй байсантай ч холбоотой байх. Уул уурхайн салбар 2023 оны нийт экспортын 92 хувийг эзэлсэн. Шууд утгаараа улсын төсвийн бүрдүүлэлтийн 25 хувь, дам нөлөөгөөрөө үүнээс ч өндөр гарна.

-Уул уурхай бол олон салбартай хамааралтай байдаг гэж ойлгодог. Танай яамны зүгээс тэгэхээр салбар хоорондын уялдааг хангах тал дээр ямар бодлого барьж байна вэ. Ер нь уялдаа холбоо хэр вэ?

-Хайгуул хийгээд ямар нэгэн орд илрүүлээд үйлдвэр барихаар болоход ус, тог цахилгаан хэрэг болно. Олборлоод гаргахад дэд бүтэц их чухал гэх зэргээр үнэхээр олон салбартай уялддаг. Харин дэд сайд болсноос хойш салбарын маань ахмадууд их ирж уулзаж байна. Тэд маань ирэхээрээ олон зүйлийг хэлнэ, захина. Түүнээс нь өдөр бүр л суралцаж байгаа. Ахмадуудын маань хэлж байгаа зүйлс дотор давхардаж байгаа ганц зүйл нь салбар хоорондын уялдаа холбоо өмнөхөөсөө үнэхээр сайжирсан гэдэг зүйл. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд манай улсын салбарын уялдаа үнэхээр сайжирсан гэж боддог. Ноднин жил “Уул уурхайн долоо хоног-2023” болсон. Түүн дээр тавигдсан үндсэн төрийн илтгэлүүдээс харахад салбар хоорондын уялдаа үнэхээр сайжирсныг харж болохоор байсан. Өмнө нь салбарууд тус тусдаа төлөвлөгөөгөө гаргадаг. Түүнд нь уялддаг, хол зөрдөг зүйлс ч байсан юм билээ. Ер нь удахгүй ашиглалтад орох гэж байгаа ордуудыг манайх мэднэ. Эдгээр ордод хэрэгтэй эрчим хүч, зам тээвэр, нөхөн сэргээлт, аюулгүй ажиллагаа гээд үнэхээр олон салбар оролцдог цогц зүйл бол уул уурхай байдаг.

-Манай улс нэг хэсэг хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Харин сүүлийн үед олгож эхэлсэн. Яагаад өгөхөө больсон юм бэ?

-Анх 1997 оноос манай улс хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэхдээ хувь хүн, аж ахуйн нэгжид өгдөг байсан. Харин 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж, хувь хүнд олгохоо больсон. Гэтэл 2010 онд Ерөнхийлөгчийн зарлигаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглож, тэр нь 2014 он хүртэл үргэлжилсэн байдаг. Дараа нь төрөөс тогтоосон талбайд өргөдөл, сонгоноор хайгуулын зөвшөөрөл олгож байгаад 2017 оноос өргөдлөөр олгодог байсныг нь болиулчихсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл их олгогдож байж дараагийн мэдээлэл бидэнд цуглах ёстой гэдэг концевци дөрвөн жил алдагдсан нь үнэхээр харамсалтай. Манай салбар чинь улирлын чанартай, зөвхөн зун л ажлаа хийдэг. Үүгээр нь тооцвол манай салбарын мэдээллийг зөвхөн дөрөв бус түүнээс ч олон жилээр боомилсон. Харин бид 2022 оны 11 дүгээр сараас хойш уг зөвшөөрлийг цахимаар олгодог болгосон. Ингэхдээ Төрийн худалдан авах ажиллагааны газрын tender.gov.mn платформоор олгож байгаа. Учир нь өөрсдөө дахин ийм платформ хийж, төрийн мөнгийг үрж байхаар бэлэн байгаа зүйлээр нь дамжуулсан нь дээр гэж үзсэн юм.

-Манай эрдэс баялгийн томоохон ордын дийлэнх нь говьд байдаг. Чухам яагаад ийм байдаг юм бэ?

-Би өөрөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул хүн, өвөө дээрээ өссөн. Тийм болохоор болж л өгвөл нутаг руугаа явчихдаг. Тэгээд очоод ажиглаж байхад их сонирхолтой газар шүү дээ. Дээрээс нь говь, тэр дундаа Өмнөговийн нутаг чинь эрт цагтаа далай байсан, галт уул ихтэй, дороо магнийн үйл ажиллагаа явж байсан газар. Тэгэхээр тэнд зэсийн орд илрэх маш боломжтой, дээр нь хучигдаж тогтсон нүүрстэй байдаг гэж ойлгодог. Манай нутгаас сонирхолтой их олон орд илэрсэн. Цаашид ч манай нутгаас олон илэрнэ гэдэгт итгэлтэй байдаг.

-Та бүхний боловсруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өмнөх хуулиасаа юугаараа онцлог давуу болсон бэ. Гол зүйл, заалтууд нь юу вэ?

-Улсын хилээр манай уул уурхай, эрдэс баялгийн салбарын хил хязгаарлагддаггүй юм. Хөрөнгө оруулагчид тухайн улсад орж ирэхээсээ өмнө эргэн тойрных нь улсуудыг ч гэсэн судалдаг. Ингэхдээ орд нээгдэх боломжоос гадна тухай улсын хууль эрх зүйн орчныг хардаг. ОХУ-д энэ салбарыг зохицуулдаг хоёр, БНХАУ ганц хуультай. Гэхдээ маш тогтвортой, нэмэлт, өөрчлөлт бараг л ороогүй гэж хэлж болно. Харин Казахстан улсын хувьд 1990-ээд оны үед баталсан Газрын хэвлийн тухай хуультай байгаад сая 2017 онд Австралийн хуулийг эш татаж хууль баталаад маш их хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн. Гэтэл манай улс 1988 онд баталсан Газрын хэвлийн тухай хуулиасаа 1994 онд хатуу ашигт малтмалаа салгаад Ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Мөн шингэн ашигт малтмалаа салгаж усны, түгээмэл байдаг ашигт малтмал, цацраг идэвхт шинж чанараар нь гээд Цөмийн энергийн тухай хуулийг мөн баталсан байдаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бүхий л ашигт малтмалаа шинж чанараар нь тус тусад нь хууль хийж ирсэн. Мэдээж олон тусдаа хууль байгаа нь сайн, муу гэж би хэлэх хүн нь биш. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас манай салбарын хуулиудад давхардал, хийдэл байна уу гээд үзэхэд маш их давхардалтай, асуудалтай гэж гарсан. Дээрээс нь Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулснаас хойш 300 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг юм билээ. Ингэхээр чинь анх баталсан хуулийн үзэл баримтлал нь огт таарахаа байсан. Тийм болохоор энэ хуулийг яалт ч үгүй шинэчлэн найруулах цаг нь болсон. Уул уурхайн салбар түрүүнд хэлсэн хамаарал бүхий салбар ихтэй, олон тоглогчтой. Мэдээж бүх хүний санаа нийлсэн хууль болохгүй байх. Ямартаа ч бид өргөн барихад бэлэн болсон. Энэ хуулийн гол концевци нь хариуцлагатай уул уурхайг дэмжинэ л гэж байгаа юм.

-Тэгвэл хариуцлагыг хэрхэн, яаж нэмэгдүүлэх вэ?

-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хайгуулаа хурдан хий. Харин ашиглах гэж байгаа бол хурдан хөрөнгө оруулалтаа татаад ашигла гэж байгаа юм. Харин үүний нэгдүгээр хөшүүрэг нь төлбөрийг нь нэмсэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь өндөр биш байхаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй хойшоо тавиад байх магадлалтай байдаг. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийг гурван жилээр олгоод цаашид гурван жилээр гурван удаа сунгаж болно. Энэ нь урт мэт санагдаж болох ч улирлын шинж чанартай ажилладаг гэдгээ бодолцох хэрэгтэй. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохдоо нөөцөө бүгдийг нь бод, ТЭЗҮ-ээ гаргаад ашигтай эсэхээ хар, хайгуулын үеэсээ эхлээд орд гарсан бол түүнийг ашиглаад дуусах хүртэл буюу төслөө хэрхэн хаахаа бод гэж байгаа.

-Манай улсад ойрын хугацаанд ашиглалтад орох ямар, ямар орд байгаа вэ?

-Шинээр ашиглалтад орох магадлалтай Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байгаа орд бий. Энэ орд одоогоор төлөвлөгөөт хугацаандаа ажлууд нь хийгдээд явж байгаа. Мөн Өмнөговь аймгийн зэсийн ордууд байна. Эдгээр ордууд маань ашиглалтад орчихоосой гэж бодож байна. Яагаад гэхээр судалгаанаас харахад 2026 оноос хойш дэлхий даяар зэсийн эрэлтээ дийлэхээ болино. Тийм болохоор энэ үед шинэ ордуудаа ашиглалтад оруулж чадвал манай улсын эдийн засаг, ирээдүйд л хэрэгтэй.

-Төрөөс өөрийн хөрөнгөөр шинэ ордын хайгуул хийдэг үү?

-УУХҮ-ийн сайдын багцад суурь судалгааны ажлын мөнгө суудаг. Ер нь хайгуулын өмнөх үе шатны мэдээллийг төр нь бэлддэг. Энэ мэдээллийг үндэслэн хайгуулыг хувийн хэвшлийнхэн хийдэг. Учир нь хайгуул их эрсдэлтэй учраас төсвийн мөнгөөр хийх хэцүү.

-Засгийн газраас уран, газрын ховор элемент зэрэгт гаднын улсуудтай хамтарч ажиллахаар боллоо гэж мэдэгдэж байсан. Энэ ажлууд юу болж байгаа вэ. Ер нь ажил хэрэг болох боломжтой юу?

-Боломжтой гэж хардаг. Яагаад гэхээр манай хоёр хөршийн нутагт эдгээр төрлийн ордууд их бий. Жишээлбэл, ӨМӨЗО-ны нутагт төмрийн маш том орд бий. Түүнээс нь дэлхийн газрын ховор элементийн хэрэглээний бараг 50 орчим хувийг дайвраар хангадаг. Мөн ОХУ-ын Тувагийн нутагт ч том, том ордууд байгаа. Тэгэхээр манай улсад геологийн потенциал нь байна уу гэдгийг эдгээрээс нь харчихдаг. Хамгийн гол нь тэдгээрийг нээж олуулахын тулд хайгуулын тусгай зөвшөөрлийг нь олгоод эрсдэлийг нь үүрүүлэх хэрэгтэй. Дээрээс нь хөрөнгө оруулалт хэрэгтэй. Харин хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн тогтвортой орчих, дэмжлэг бий эсэхийг хардаг.

-Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барина гэдгээ мэдэгдлээ. Энэ хуулийг та хэрхэн харж байгаа вэ?

-Баялгийн сангийн хуультай байх нь бол зөв. Харин энэ хууль амжилттай хэрэгжих суурь нь манай салбар учраас манай салбарын хууль нь хариуцлагатай байдлаар голдирлоо олонх нь чухал байна.

-Сүүлийн хэдэн өдөр цахим орчинд шатахуун тасрах нь, зарим шатахуун түгээх станц бензин өгөхгүй байна гэсэн мэдээлэл явлаа. Тэгвэл салбарын дэд сайдын хувьд үүн дээр тодорхой мэдээлэл өгөөч?

-Ямар нэгэн эрсдэл огт байхгүй. Нөөц хангалттай орж ирсэн. Бид агуулахуудаа тогтмол хянадаг. ОХУ-аас тасралтгүй нийлүүлэх бүхий л хэлэлцээрийг Ерөнхий сайдын түвшинд хийсэн. Мөн манай сайд шууд тогтмол тус улсын салбарын сайдтай нь холбогдож байгаа. Тийм болохоор иргэд маань баталгаагүй мэдээлэлд автаж, шуурмааргүй байгаа юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь нутагт ойрд үзэгдээгүй зуд нүүрлэж, зузаан цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

Монгол орныг бараг нэлэнхүйд нь хамарсан зуд энэ жил болж байна. Тэр дундаа говь, талын аймгууд хүндхэн өвөлжиж буй. Албаны мэдээгээр энэ нэгдүгээр сарын 20-ны байдлаар долоон аймгийн 27 сумын нутаг шилэн буюу төмөр зудтай, 18 аймгийн 128 сум цагаан зудтай хэмээн үнэлэгдсэн байна. Тиймээс бид энэ удаа нөхцөл байдал хүнд байгаа буюу мөсөн зуд нүүрлэсэн Дорноговь аймгийн Алтанширээ сумыг зорьсон юм. Аймгийн төв Сайншанд руу суудлын машин 50-60 мянган төгрөгөөр явдаг юм байна. Цар тахлын үеэр замын зардал 100 мянга хол гараад эргээд буусан нь энэ. Түүнээс өмнө бол 20-25 мянган төгрөгөөр явдаг байсан гэж таксины жолооч ярьж байна. Манайд нэг сонин тогтолцоо байдаг нь бараа, үйлчилгээний үнэ нэг өсчихвөл дахиж хэзээ ч хуучин хэвэндээ хүрч буудаггүй явдал. Тиймээс энэ мэт зүйлсийг бид байдаг л зүйл хэмээн хүлээж аваад нэгэнт сурчихжээ. Алтанширээ сум аймгаасаа зүүн хойшоо 90 километр зайтай бөгөөд шинэ оны дараахан хүний олон, техникийн хүчээр зам гаргажээ. Гэсэн хэдий боловч замын мөр хөлдүү болохоор жижиг тэрэг гулгаж, хажуугийн хунгар руу орчих эрсдэлтэй аж. Ур чадвартай жолоочийн буянд аюулгүй явсаар цагаан гэгээ тасрахын алдад сумын төвд очив. Сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш тосч аваад маргааш өглөө очих айлынхаа тухай товчхон мэдээлэл өгөв. Ингээд Алтанширээд маргааш мандах нарнаар малчин айлдаа очиж, сүүлийн хэдэн жил говь нутагт болоогүй зудын байдал, малчны амьдралтай танилцахаар болсон юм.

Маргааш өглөө нь сумынхаа баруун хойшоо 10-аад километр газарт Аймгийн онцгой комиссоос суманд өгсөн шинэхэн машинаар давхиад Цэвэлмаагийн Мөнхдорж гэх айлд очлоо. Тэрбээр 1968 оны бичин жил есөн хүүхэдтэй айлын тав дахь нь болон төрж, нагац ах н.Дамдинсүрэнгийнхээ гар дээр өсчээ. Ахыгаа дагаж “Саруул зам” нэгдлийн адуу маллаж, өдгөө Сумын заан, сумын Алдарт уяач болжээ. Тэднийх энэ жил сумынхаа баруун хойно өвөлжиж байгаа гэнэ. Энэ бууцандаа буугаад дөрвөн жил болжээ. Хунгар цас, хөлдүү бууцаа ховхлоод өвөлжөө тойруулан хураажээ. Хөрзөнгөө дөрвөн ч удаа ийн нүдэж, хөлдүүсийг нь авсан байна. Анхны цас 11 дүгээр сарын эхээр ороод л түүнээс хойш нийтдээ 20 гаруй удаа их хэмжээгээр оржээ. Ингэхдээ цас орсон өдрөөсөө хойш багадаа 2-3 хоног нүдгүй шуурч, зарим өдрүүдэд цас хайлтал дулаараад шөнө нь хүйтэрч хоносоор ийм байдалтай болжээ.

Оны өмнө хоёр азарга адуугаа уруудуулж, эрж сурсаар олж ирсэн нь 10 хүрэхгүй. Тэднийгээ хэдэн үхэртэйгээ хамт гэрийнхээ гадаа суурин тэжээж байгаа аж.

Ц.Мөнхдоржийнх бас сумын захиргааны нэр дээр бүртгэлтэй махны чиглэлийн халзан үхэр маллаж байна. Намайг очихтой зэрэгцэн гэрийн эзэн сумын төв дээр ирсэн арай хямд өвснөөс 100 боодол, бас хэдэн шуудай тэжээл олж ирэхээр явав. Уг нь тэднийх сумаасаа 10 хүрэхгүй километр зайтай. Гэсэн хэдий ч жижиг тэрэгтэй, цас их учраас гэргий нь болгоомжтой явах, тоон гарын үсгээрээ банкаас мөнгөө хэрхэн авахыг зааж захив. Гурван охин тус, тусын амьдралтай болж, сум, аймагт амьдардаг учраас тэр бүрийд ирж туслаад байж завдахгүй. Дээрээс нь хүүхдүүд сургуульд орохоор залуу гэр бүлийн өмнө тусдаа амьдрах уу, хүүхдийнхээ боловсролыг бодож төвийн айл болох уу гэсэн сонголт тулгардаг. Охид ч тийм л сонголтын өмнө ирээд суурин газар барааджээ. Харин энэ жил гэргий Р.Сарантуяагийн төрсөн дүү Р.Наранбаатар хөдөө гарч, эгч, ах хоёртоо тус болж байгаа гэнэ. Ингээд гурвуулаа үхэр, адууныхаа тэжээлийг өгөх, хонио ялгаж ойрхон бэлчээх, аргал хөрзөнгөө бэлдэх гээд их ажилтай үлдлээ. Дээрээс нь хотныхоо эргэн тойронд нойтон хөрзөн уугиулж, май тавина. Ингэж байж хороогоо дулаан байлгах, даарсан малаа дулаацуулдаг байна. Тэгэхгүй бол дотор нь хүйт орсон мал, хөлдүү хотонд хэвтэхээрээ доороосоо жиндээд амархан муудна. Цаг хэцүү байгаа учраас хэдэн малаа тэжээж болох бүхий л зүйлээр тэнхрүүлэх гэж хичээнэ. Хэдэн адууныхаа нойтон хомоолыг түүн хатааж, цайны идээг хураагаад тэжээлтэйгээ хольж багсраад өгнө. Адууныхаа тэжээлийг тусгайлан оёж бэлдсэн уутанд хийж, хошуувчлан өлгөдөг бол үхрээ тус бүрийн саванд тэжээлийг нь багсарна. Нэг, нэгээр тусад нь тавьж өгч, бусдыг нь үргээж байгаад идүүлдэг болохоор 10аадхан үхрийн тэжээл өгөх гэж нэлээд хугацаа зарцуулна. Ёстой л үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийхгүй ажиллахыг айлын маань гурав үзүүлнэ. Завсар зайгаар нь би хэд гурван зүйл асуухыг бодно.

Бид гурав ядруу хурга, ишгээ ангилж үлдээгээд хонио үд дундад бэлчээрт гаргав. Р.Наранбаатар ах адуугаа усалчихаад зайдан морьтой хонио дагалаа. Нар хэвийх үед хонь, ямаа нь хэд гурваараа цуварч, хотондоо ирсэн болохоор хэдийгээр газар мэдэхгүй ч санаа зовоод амдаад жаахан алхлаа. Урд хөтөл дээр гарвал хаашаа л харна цасан далай угтахад нүдээ дасгах гэж хэсэг зогсов. Хэт хүйтнээс болоод хөрлөсөн цас яг л мөс шиг хатуураад хүн явахад дааж байна. Нэг бодлын биед амар мэт боловч хэсэг яваад хунгарт шигдэж орох нь тамир бардаг гол зүйл ажээ. Ингэж хатуурч хөлдсөн цас малын шилбэ ураад, бэлчээртээ идэх өвсгүй, хотондоо хөлдүүс болохоор хүн малыг жинхэнэ шалгадаг байна. Цасан дундуур мал цувахад олон малын хөлөөр тодхон жим үлддэг бол энд тэгэхгүй. Хэсэг алхаад л цасанд зоогдсон туниа муутай амьтсыг өргөж гаргаад нэг хэсэгтээ “Мөсөн цас”-аар тэшүүлнэ. Хэдийгээр хонины дийлэнх ирээгүй, араас нь явсан ах сураггүй байгаа ч хөдөөний ажлаас хөндийрсөн, хөр цасны их, газар мэдэхгүйн улмаас буцахаас өөр сонголтгүй болов.

Айлын эзэгтэй энэ хооронд гадаах бүхий л ажлаа цэгцлээд, гэрийнхээ ажлыг ч амжуулжээ. Р.Сарантуяа эгчийн хэлж буйгаар өнгөрсөн намар 10 дугаар сарын сүүлээр боодол өвс 1011 мянган төгрөг байсан бол цаг хэцүүдсэний дараа 20 мянга гарчээ.

Харин Ц.Мөнхдорж ахын авахаар явсан 100 боодол өвсийг нэгийг нь 17 мянган төгрөгөөр авахаар болсон байна. Гэвч бог, бодгүй хашаанд нь тэжээж байгаа учраас энэ өвс 14 хоног л болно. Анхны цаснаас хойш эднийх энэ авсан 100 боодолтойгоо нийлээд 500 боодол өвс авч, нэгийг нь 20 мянган төгрөгөөр бодвол 10 сая төгрөг гэсэн үг. Харамсалтай нь тэжээгээд байхад л өглөө бүр 5-10-аараа үхэж, мөн энэ тооны хээл малтаж гаргах мал дагасан хүмүүст амар байхгүй нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд хивэг, тэжээлийн үнэ ч огцом нэмэгдэж 36-38 мянга болсон гэнэ. Халуун намраар хадаж боогоод хураачихсан өвсний үнэ цас их унахаар чухам яагаад нэмэгддэгийн шалтгааныг ойлгодоггүй. Шатахуун, түлш жаахан илүү зарцуулсныгаа шингээгээд хэн, хэнийгээ бодолцсон үнээр зарж болмоор л юм гэж жирийн малчин эмэгтэй хэлж байна. Ингэхээр зарим нэг нь мал бол малчны хувийн өмч. Үхүүлэх, амьдруулах нь тэдний хэр ажилч, арга туршлагатайгаас хамаарна гэх байх л даа. Үнэхээр ч тийм, гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйлд аргаа барж суугаа хэдэн малчдаа шулахгүй байвал өвс, тэжээлийн бизнес тань арай олон жилийн настай байна гэж л улиглаад байгаа хэрэг. Харин ажил, анхиа ярих юм бол Ц.Мөнхдорж, Р.Сарантуяа нар хэнийг ч дагуулахгүй хүмүүс аж. Яалт ч үгүй үхсэн малынхаа сэгийг бусад малдаа харуулахгүй гэж бүтээж тавиад сумын урд байх зориулалтын цэгт аваачиж хаядаг юм байна. Энэ тухайгаа үхсэн хэдийгээ хараад байх нь амьддаа хэр л олигтой байв гэж хэмээн хэлсэн. Гэтэл зарим нэг унхиагүй хүмүүс зам дагуулан цувуулж, нүд халтирам болгочихоод явдаг байна. Бид хоёрыг ийн ярилцаж байтал хонинд явсан хүн маань ирж “Баруун тийшээ хэсэг газар сайхан хамхуултай болж, өнөөдөр овоо идүүлээд авлаа” гэсээр ирэв. Хамхуулыг идэх үү гэж гайхахад минь ямар ч байсан малын өл дараад л байдаг юм гэв. Тэгсэн хэрнээ эндхийн мал хангай газрын бүдүүн ширхэгтэй өвсийг идэж чаддаггүй гэх. Ёстой л дассан газрын даавуу зөөлөн гэгчээр мал хүртэл нутгийнхаа хамхуулаар өлөө дараад байдаг бололтой. Говьд 17:00 цаг өнгөрөөгөөд л нар гэнэтхэн шингэчихдэг аж. Цаг харахад эрт хэрнээ хэдийнээ нар шингэчихсэн. Гэсэн ч өвлийн адаг сарын шинийн 10дын сар тун удалгүй мэлтэс гээд гараад ирэх нь өдөр шиг гэрэлтэй. Малаа бүрэн хотлуулж, гадаах ажлаа дуусгаад орж ирсний дараа 19:00 цаг өнгөрөөгөөд гэрийн эзэн ирэв. Хэдийгээр арай хямд үнээр авч байгаа ч банкан дээр гарын үсэгнийхээ учрыг олох гэсээр оройтсон гэнэ.

Хоолоо идэж дуусаад маргааш хэдэн малдаа өгөх хивэг, тэжээлийг бэлдэнэ.Яг л ийм дүр зураг өдөр бүр давтагдана. Шөнийн 23.00 цаг өнгөрсөн ч хурга, ишигт өгөх давстай бор цай чанах, шуудайгаар цас үүрч ирэх гээд ажил дуусах болоогүй л байна. Байгаа айлдаа чадлаараа туслахыг бодож, гар хөлийнх нь үзүүрт гүйхийг хичээх ч хөдөөгийн ажлаас үнэхээр хөндийрчээ. Тиймээс дэр, толгой нийлүүлээд л унтаж, хонь, ямаа майлах дуунаар сэрвэл Ц.Мөнхдорж ах хотоо эргэхээр гарчээ. Хотныхоо нөмрийг бараадан шахцалдаж байгаад туниа муутайгаа дарах нь их. Гэсэн ч монгол хүн бэлгээрээ гэдэгчлэн амьтан, ах дүүсийг асуухад нь сайн л гэж хариулдаг. Дан ганц бидэн доор орчихсон цас биш дээ гэх нь монгол хүний л уужуу сэтгэл гэлтэй. Хэдхэн хоногийн дараа хаврын тэргүүн сар гарч, мал хүнгүй урин цагтай золгоно. Тэгээд ч говьд өвөл нь ширүүн болоход хавар аятайхан. Хавар, зундаа шуургатай жил өвөл нь хэцүүхэн болдог гэнэ. Тийм ч болохоор арван малаа аваад үлдчих итгэлтэйгээр гар хумхилгүй ажиллаж, хэцүүхэн зудыг өнгөрөөж байгаа говийн нэг айлын өдөр ийнхүү өнгөрч, нөмөр бараадан гэрийн гадаа хэвтсэн үхэр хивэх нь сонсогдоно…

Т.Дарханхөвсгөл

Үргэлжлэл бий8

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Баяндүүрэн: Энэ удаагийн сонгуулийг 32 орчим тэрбум төгрөгөөр зохион байгуулна DNN.mn

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй ярилцлаа.


-Ирэх зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос ямар ажлууд хийж байна вэ?

-Ноднин жилийн зургадугаар сард УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, долдугаар сард нь Улс төрийн намын тухай хууль тус, тус батлагдсан. Тиймээс СЕХ-ноос эдгээр хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс 21 аймаг, есөн дүүрэгт сургалт хийсэн. Мөн өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас эхлэн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намын төлөөллийг уриад дээрх хоёр хуулийн сургалтууд хийсэн. Нийт хоёр удаа улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзсан. Мөн ирэх сарын 6-нд уулзаж, ярилцана. Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг ард түмэнд ойлгуулахад хамгийн чухал зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байдаг. Тийм болохоор сэтгүүлчидтэйгээ мөн уулзалт хийж, тодорхой мэдээллүүд өгсөн. УИХ-аас сонгууль товлон зарлах, тойрог батлах тогтоолыг баталж өгсөн. Тийм болохоор СЕХ-ноос сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталсан. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна.

Ирэх сарын 6-нд хийх уулзалтаараа улс төрийн нам, эвслийн төлөөлөлтэй ямар асуудал ярих вэ?

-Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой журмыг Улсын дээд шүүх батлах ёстой. Тухайн журмыг улс төрийн намууддаа хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Улс төрийн намын тухай хууль батлагдсантай холбоотойгоор СЕХ-нд тодорхой чиг, үүргүүд ирж байгаа. тухайлбал, улс төрийн намыг мэдээлэл, арга зүйгээр хангах, санхүүжилттэй холбоотой гээд хэд, хэдэн асуудал бий. одоо бол сонгогчдын нэг хувиас дээш санал авсан тохиолдолд намуудад улсын төсвөөс санхүүжилт олгоно. Гэхдээ энэ заалт ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. үүний улмаас СЕх-ны бүтцэд нэгжүүд байгуулагдахаар төлөвлөсөн.

Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний санхүү шаардлагатай вэ?

-Хэд, хэдэн онцлогтой сонгууль болно. нэгдүгээрт, өмнө нь 2012 онд хэрэглэж байсан хосолсон тогтолцоогоор явна. тойрог томорч, бүсчилсэн байдлаар явагдахаар болсон. Мөн гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. Хамгийн гол нь нийт хэсгүүд дээрээ хяналтын тооллогыг 100 хувь, гараар хийхээр хуульчлагдсан. Энэ ажилтай холбогдуулан ноднин жил бидэнд 15.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталж өгсөн. Түүгээрээ 500 гаруй санал тоолох төхөөрөмж, холбогдох тоног төхөөрөмж худалдаж авсан. харин энэ удаагийн сонгуулийг 32 орчим тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар улсын төсөвт тусгагдсан. Энэ төсвийн хэмжээндээ тохируулан ажлаа зохион байгуулаад явж байгаа. хамгийн гол зардал бол тухайн сонгуульд ажиллаж байгаа хүмүүсийн урамшуулал байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төсөвлөж хийхэд нийт зардлын 40 орчим хувийг эзэлдэг. Энэ сонгуульд 20 гаруй мянган хүн ажиллана. мөн гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авахад тодорхой зардал гарна, 50 орчим дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан сонгогчдынхоо саналыг авна.

Сонгогчид маань заавал өөрийн харьяа газартаа очиж саналаа өгөх үү. Байгаа газраасаа саналаа өгөх боломж бий юу. Нэрсийн жагсаалт хэдий үеэр эцэслэн батлагдах вэ?

-Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцаж гаргана. дөрөвдүгээр сарын 1 гэхэд тухайн газар өөрийнхөө сайтад нэрсийн жагсаалтыг тавина. Өмнөх сонгуулиудаар сонгогчид маань тухайн сайт руу ороод зөвхөн өөрийгөө бүртгэгдсэн эсэхийг шалгадаг байсан бол энэ удаа тэр хаяг дээр хэдэн хүн байгааг харах боломжтой. Ингэснээр өөр хүмүүс бүртгэгдсэн эсэхийг шалгаж болно. Харин сонгогчдын нэрсийн жагсаалт эцэслэгдээд санал авах өдрөөс гурав хоногийн өмнө хэсгийн хороодод хүрсэн байх ёстой. Дээрээс нь энэ жил улсын бүртгэлийн аль ч газарт тухайн сонгогч гомдлоо гаргах боломжтой байгаа.

Нам эвсэл, нэр дэвшигчид холбогдох хуулийг санаатай болон санамсаргүй байдлаар зөрчихгүй байхад юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Сонгуулийн хууль тогтоомж дээр ухуулга, сурталчилгаатай холбоотой зүйлийг тодорхой заагаад өгчихсөн. нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа этгээд сонгогчдыг татах зорилгоор найман төрлийн үйл ажиллагааг явуулж болохгүй.

Тухайлбал?

-Хувьцаа тараах, амлалт өгөх, чансаа тогтоох судалгаа явуулсан бол түүнийгээ хэвлэн нийтэлж болохгүй. Мөн уралдаан, тэмцээн зохион байгуулж, мөнгө тарааж болохгүй гэх зэрэг зүйлсийг сонгууль дуустал хориглосон. эдгээрийг зайлшгүй мөрдөж ажиллах шаардлагатай. Сонгуулийн ухуулга, сурталчилгаа эхэлснээс хойш хориглох заалтууд ч бий. Ер нь сонгуультай холбоотой хэрэг, зөрчлийн маргаанууд гардаг. Энэ маргаануудыг тодорхой чиг үүргийн байгууллагууд шалгаж шийдвэрлэх үүрэгтэй. Эцэст нь шүүх байгууллага тогтооно. Тийм болохоор сонгуулийн хуулиа зөрчихгүй байх дээр анхаарахаас гадна аливаа уулзалт, цуглаан хийхдээ сонгогчдыг татах ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх хэрэгтэй.

-Хэрэв хууль зөрчсөн бол нам эвсэл, нэр дэвшигчид ямар арга хэмжээ авах вэ?

-Зөрчлийн тухай хуульд тодорхой заасан. Торгуулийн арга хэмжээ, нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, хасах боломжтой. Энэ удаагийн сонгуулиас эхлээд аливаа этгээд бэлэн мөнгө тараасныг иргэн баримттайгаар нотлоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн тохиолдолд тухайн мөнгөний хэмжээг 20 дахин нэмэгдүүлж олгоно.

-УИХ-ын гишүүд тайлан сэтгүүлээ тараадаг. Одоо ид тарааж байх шиг байна. Гэтэл энэ нь бусдаасаа давуу байдал бий болгож байна гэх шүүмжлэл байдаг. Үүнийг хуулиар зохицуулж өгсөн байдаг уу?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүд нэр дэвшихээсээ өмнө хэвлэмэл тайлангаа тараах эрхтэй. Яагаад гэвэл тухайн гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа.

-Тэгвэл нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс өнгөрсөн хугацаанд хйиж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан хэвлэмэл материал тараах эрхтэй юу?

-Тийм эрх байхгүй.

-Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, самбарын тоог багасгасанд дургүйцэх хүмүүс байна. Яагаад ийм заалт оруулсан юм бэ?

-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх явцад сонгууль маш их зардалтай явагдаж байна. Зардлыг бууруулах чиглэлд арга хэмжээ авъя гэдэг үзэл баримтлал явагдсан. Энэ үүднээс хэвлэмэл материал, самбарт гаргадаг зардлын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд дэлхийн бусад орнуудад хэрэглэдэг нэгдмэл самбартай байхаар болсон. мөн хэвлэмэл материалын хэвлэлийн хэмжээ буурсан. Зардлын дээд хэмжээг өмнө нь тойрог, тойргоор нь тогтоодог байсан бол энэ удаа ч гэсэн нам эвсэл, нэр дэвшигчээр нь тойргоор нь үндэсний аудитын байгууллага гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтооно.

-Цахим орчинд хяналт яаж тавих вэ?

-Цахим орчинтой холбоотой асуудлаар харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗЦХ/-ноос тодорхой журмууд гарна. үүнийг нь СЕХ батална. тэгэхээр цахим орчинд ххзх болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Мөн рейтинг тогтоох цахим судалгаан дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавина. Дээрээс нь нэр дэвшигч өөрийн цахим хаягийг тухайн тойргийн хороогоороо дамжуулан ххзх-нд бүртгүүлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Цэвэлмаа: Өмнө гаргасан хууль, хөтөлбөрөө хэрэгжсэн эсэх дээр дүн шинжилгээ огт хийдэггүй нь бидний том алдаа DNN.mn

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаатай Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, эдийн засгийн ач холбогдлын талаар ярилцлаа.

-“Бүсчилсэн хөгжил” гэж их ярьж байна. Тэгвэл бид бүсчилсэн хөгжил гэж юуг ойлгох вэ?

-Аливаа улсын хөгжлийг орон нутаг, бүс нутаг, үндэсний хэмжээнд гэсэн гурван түвшинд авч үзэж болдог. Харин энэ нутаг дэвсгэрээс гараад явахаар эдийн засгийн бүс, хөрш орон, дэлхийн эдийн засаг гээд явна. Нутаг дэвсгэрээр нь авч үзэхэд эдийн засгийн нөөц хязгаарлагдмал болохоор аль ч улс бүх нутгаа бүрэн хамарч хөгжүүлсэн туршлага түүхэнд байхгүй.

-Тэгэхээр тухайн улсын аль нэг хэсэг нь хөгжлөөрөө тааруу л байх нь байна, тийм үү?

-Тийм, мөн нөөц газар, газар өөр байдаг. Нэг газар байгаа нөөц нь нөгөө газарт байхгүй. Тиймээс эдийн засгийн утгаараа энэ нөөцийг солилцож, худалдаж ашиглана. Дэлхий нийтэд анх газар зүйн их нээлтийн үеэс эхлэн түүнийг дагасан худалдаа дэлхийн өнцөг булан бүрд хүрсээр даруй 700 гаруй жил өнгөрчээ. Мөн нөөцийг холбох хамгийн том систем нь логистик. Тээврийн болон худалдааны, эсхүл үйлдвэрлэлийн сүлжээ юу гэдгээс хамаарна. Нөөцийг боловсруулаад, үйлдвэрлээд тээвэрлэдэг. Ийм тээврийн сүлжээг ч бүх улс нутаг дэвсгэрээ бүгдийг нь хамарсан байдлаар хийж чадаагүй л байгаа. Харин одоогоос 130-140 жилийн өмнө АНУ нөөцөө үйлдвэрлэл болгохын тулд төмөр замыг хөгжүүлсэн. Нөөц хаана төвлөрч байна, тэнд зардал бага гарахаар үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Ихэнхдээ ган, төмөр, уул уурхайн үйлдвэрийн нөөц нь байршсан газарт салбарууд хөгжиж, тэр бүс нутгийн, үндэсний эдийн засаг сэргэсэн түүх бэлхэнээ байна. Харин нэг газар үүссэн энэ бүс өөр газарт байх уу үгүй юу гэдгийг судалж байж л тогтооно. Улс орнууд эхлээд газар тариалан хөгжүүлсэн. Манай улсын хувьд Төв, Сэлэнгэ аймгийн нутгуудад газар тариалнгийн бүс болгож хөгжүүлсэн. Нэг хэсэг нөөцийг ашиглаад эхлэхээр өөр бусад нөөц ч ашиглагдаж эхэлдэг. Хайгуул хийж илрүүлээд олборлохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл явсан сүлжээний систем чинь автомашины, барилгын гээд үйлдвэрийн том төвүүдийг үүсгэсэн. Үйлдвэрийн бөөгнөрөл үүсэхээр хүн амьдрах орон байр, өөр бусад хөрөнгө оруулалт, санхүүжилт, худалдаа гээд аж үйлдвэрийн бодлого төлөвлөлт явагдахын зэрэгцээ барилга дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн салбар хөгжөөд хот гэсэн нэг бүс үүсч байдаг.

-Таны ярьснаас бодохоор манай улсад байгаа жишээ нь Эрдэнэт, Дархан юм биш үү?

-Тэгэлгүй яах вэ, манай улс 1990-ээд оноос өмнө 20 жилийн хугацаанд аймгийн төвүүдийг том үйлдвэртэй болгоно гэдэг хөгжлийн төлөвлөлт хийж байсан. Үүнийгээ дагаад аймгийн төвүүд бүгд хот гэдэг нэртэй, тэр нутаг дэвсгэрт эдийн засгийн үйл ажиллагааг төвлөрүүлэх гэж үзсэн. Гэхдээ дээрээс хэт удирдлагатай явсан болохоор үр ашигтай ажиллаж чадаагүй. Тийм болохоор энэ систем ганхсан. Мөн дандаа зээл, шилжүүлгээр хийгдсэн нь өмнөх төлөвлөлтөөс гарсан том сургамж. Одоо бид сүүлийн 30 жилийн хугацаанд хөдөө орон нутаг руу чиглүүлж, нийгэм, эдийн засгийн үйлчилгээний төвлөрөл багассанаас болоод хүн амьдрах боломж нь хязгаарлагдмал болсон. Үүний улмаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Уг нь шилжилт муу зүйл биш. Харин түүнийг яаж удирдах вэ гэдэг нь л асуудал.

-Анх 2001 онд “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” гээчийг баталсан юм билээ?

-Тэртээ 1990-2000 он хүртэлх 10 жилийн хугацаанд Монгол Улс тогтолцооны шилжилт хийсэн. Харин 1990-ээд оны дундаас улс орнуудын нэгэн адил бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, судалгаа шинэчлэн хийгдсэн. Энэ үеийн судалгааг хийж байхад манайх бэлчээрээ дагаж буюу урдаасаа хойшоо босоо хөгжих юм байна, байгалийн бүслүүрээрээ ч гэсэн босоо хөгжих юм байна гэдгийг олж харсан. Гэсэн хэдий боловч хүн амын нутагшил, байгалийн бүслүүр, үйлдвэрлэл эрхлэх туршлага, ажиллах хүч бүрэлдсэн эсэх гээд олон зүйлийг аваад үзэх хэрэгтэй болсон. Энэ үед хийгдсэн судалгаанаас харахад, хүн амын нутагшил, суурьшлаар нь аваад үзэхэд 96 төвлөрсөн бүс үүссэн байжээ. Мөн манай улсад хотжилт гэсэн төлөвлөгөө огт гараагүй. Тэр үед хувьчлал явагдаад үйлдвэрүүд нь хаалгаа хаачихсан учраас хотжилтын төлөвлөгөө яваагүй учраас газар зохион байгуулалт “эзэнгүйдсэн” гэж болно. Гэтэл бүсчилсэн хөгжлийн хамгийн гол суурь нь газар зохион байгуулалт. Гэтэл энэ нь байхгүй болохоор хаана, хаана хот үүсэх нь мэдэгдэхгүй. Дээрээс нь Монгол Улс түхий эд бэлтгэдэг орон байх уу, үйлдвэрийн орон болох уу. Эсвэл үйлчилгээний, худалдаа эрхэлдэг улс болох юм уу гэсэн чиглэл нь тодорхойлогдоогүй. 2001 оны бүсчилсэн хөгжлөөр авч үзэхэд эхлээд таван бүсийн дэд бүтцийг босоо байдлаар нь уялдуулъя гэж гаргаж ирсэн. Баруун, хангайн, төвийн, зүүн бүс, нэмээд Улаанбаатар гэсэн бүсүүдэд хөгжүүлэх чиглэлтэй болсон. Харамсалтай нь, тухайн үед үйлдвэр хөгжүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулаан, санхүү, мэдээллийн сүлжээ гээд олон чухал зүйл зах зээлийн тогтолцоонд нийцсэн хэлбэрээр хөгжих боломж байгаагүй. Эрчим хүчийг авч үзэхэд одоо ч тасалдаад байгаа нь үүнтэй холбоотой. Эрчим хүч битүү хэлхээнд ажиллаж байж үр ашигтай байдаг гэж тухайн салбарын экспертүүд ярьдаг. Харин манайд Дархан-Эрдэнэт-Улаанбаатар гурвыг холбосон битүү хэлхээ л байгаа. Бусад нь дандаа агаараар цахилгаан дамжуулах сүлжээ явдаг. Очиж байгаа шугам нь үйлдвэрлэлийг дааж чадахгүй учраас бүс нутагт үйлдвэрлэл хөгждөггүй. Одоо ч гэсэн тийм шүү дээ. Харин бүс нутгаар холбочих юм бол суманд хүртэл Засгийн газар очиж ажиллах биш, орон зайнаас удирдах боломжтой. Эдгээр бүсдээ дулаан, эрчим хүч, усны хөрөнгө оруулалт хийгдвэл олон салбар ажлын байраар хангагдах боломж гарна. Мөн бүсдээ боловсрол, эрүүл мэндийг шийдэх нь ч зардал багатай. Тийм болохоор л бүс нутаг гэдэг ойлголт гарч ирдэг. Гэвч 2001 оны хуулийг хэрэгжүүлэх Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохион байгуулалтын тухай хууль нь хоёр жилийн дараа буюу 2003 онд гарсан. Харамсалтай нь одоо хүртэл хэрэгжихгүй явж байна.

-Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тэгэхээр 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн ажлаа хийхээр, дуусгахаар зорьж байна гэж болох уу. Ер нь одоо бүсчилсэн хөгжлийг хөгжүүлэх боломж нь бүрдэж чадсан уу?

-Эргэлзээтэй, яагаад гэхээр бүсчилсэн хөгжлийн суурь болсон хүн амын нутагшил, засаг захиргааны төлөвлөлт “бүдэг” байна. Нутагшил суурьшлын 96 бүс маань одоо 88 болоод буурчихсан. Харамсалтай нь, үүнийг ярьж байгаа институц огт алга. Эхлээд бид хүн амаа яаж суурьшуулах юм бэ, ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэдгээ шийдэх ёстой. Гэтэл саявтархан Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж чадсангүй, хойшлуулчихлаа. Нөөц нь хэдий байгаа ч түүнийг яаж ашиглах вэ гэдэг хөрөнгө оруулалтын суваг нь орж өгөхгүй байна. Ийм нөхцөлд үйлдвэрлэл, санхүүжилт, худалдаа, хөрөнгө оруулалтын удирдлага нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Монгол Улс өнөөдөр 70 орчим сая толгой малтай л гээд байдаг. Гэтэл түүнийгээ төрөлжүүлээд хөгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого байна уу. Уг нь хуулиасаа өмнө хөрөнгө оруулалтын бодлого нь гарвал хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно. Угаасаа бүс нутгийн хөгжлийн хамгийн гол зүйл нь хөрөнгө оруулалтын бодлого шүү дээ. Бид эх орныхоо хаана нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл, уул уурхайгаа төрөлжүүлэх юм бэ гэсэн бодлогоо нэн даруй тодорхойлж гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид төдийгүй дотоодын ажиллах хүч ч угаасаа биднээс ийм л зүйлийг хүлээж байгаа. Харин үүнийг хэн төрөлжүүлж хийх вэ гэдэг чинь л асуудал. Засгийн газар өнөөдөр өөрөө хөгжүүлэх гээд зүтгээд байгаа нь зардал өндөртэй болгоод байгаа юм. Тиймээс доороосоо буюу хувийн хэвшлийнхээ санаа, бодлыг асуумаар байна. Нөөцийг хэрхэн ашиглах технологи, инноваци нь тэдэнд байгаа.

Бүс нутаг бүрийнхээ онцлогийг гаргасан маркетинг хэрэгтэй. Үйлдвэрлэл хөгжих чигийг нь заахгүй, хөрөнгө оруулалтын бодлого байхгүй хэрнээ хуулиасаа эхлэх гээд байна. Хөгжлийн бодлогын чиглэл, төрөлжилт дээрээ зөвшилцөөгүй хүмүүс чинь юунд ингэтлээ маргаад байгаа юм бол оо. Өнөөдөр манай улсын газар нутгийг 40 жил ашигласан гаднынхан байна уу, байхгүй шүү дээ. Гэтэл ийм байхад 100 жилээр өгөх (уг нь бол ашиглуулах) гэлээ гээд буруутгаад байж болохгүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л “хадны мангаа” гэдэг хэсэг бүлэг байх юм байна шүү дээ?

-Нөөцийг ашиглаж байж илүү орлого олж, хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлнэ. Өмнөговь аймгийн Ханбогд сум 20 жилийн өмнө ямар байсан билээ. Гэтэл 2009 оноос гадаадын хөрөнгө оруулалт ороод эхлэхэд үйлдвэрлэлд “хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал” хамгийн чухал гэдгийг ойлгуулж, ил тод, хариуцлагатай уул уурхайн стандартыг нутагшуулж өглөө. Үүний зэрэгцээ орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй гэрээ хийж, одоо 900-гаад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллагын ард хэчнээн хүний амьдрал байгаа вэ. Дэлхийн том үндэстэн дамнасан корпорацийг дагаад хөгжих боломж Монгол Улсад гарсан туршлага биз дээ. Тиймээс одоо бидэнд байгаа үйлдвэрүүдээ яаж ийм өрсөлдөх чадвартай болгох вэ гэсэн бодлого хэрэгтэй байна.

-Та түрүү нь яриандаа энэ асуудал дээр хэн манлайлал үзүүлэх вэ гэж ярьсан. Тэгвэл Засгийн газраас бүсчилсэн хөгжлөө ярьж, зарим бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байгаа нь манлайлал биш үү?

-Орон нутгийн иргэдийнхээ санаа, бодлыг, ямар

үйлдвэрлэл хөгжүүлмээр байгааг нь Иргэдийн хурал нь сонсдог, түүнийгээ нэгтгэдэг, түүнийгээ Засгийн газарт санал болгодог болмоор байна. Төрөлжилтийн чиглэлийг Засгийн газар тодорхойлж болно. Өнөөдөр Засгийн газар 21 аймаг, 360 суманд нэг бүрчлэн хүрч ажиллах нь өндөр зардалтай байгаа учраас 5-6 бүс болгочихвол бодлогын зардал буурна. Бүс нутгаараа аймгууд хамтарч шийдвэрээ Засгийн газарт өгдөг байвал бүсийн засаглал ажиллана.

-Бүсчилсэн тойргоос УИХ-ын гишүүдээ сонгодог болох нь бүсчилсэн хөгжлийг хөгжүүлэхэд хэр тус, нэмэртэй вэ?

-Улс төрийн тойргууд нь эдийн засгийн нөөцийг ашиглах тойрог мөн үү гэдэг дээр эдийн засгийн нарийн судалгаа хийгээгүй байна. Ер нь практикт улс төрийн тойрог, эдийн засгийн тойрогтойгоо давхацдаггүй байх аа. Эдийн засгийн утгаараа авч үзвэл замыг үр ашигтай хөгжүүлэх хоёр чиглэл бий. Нэгдүгээрт, ашиглах гэж байгаа нөөцдөө нийцүүлж замаа барьдаг. Нөгөө нь, замаа дагаж хөрөнгө оруулалтууд хийдэг. Харин бид хоёр дахийг нь сонгосон. Жишээлбэл, Мянганы зам нь анхныхаа бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөөсөө өөрөөр явчихсан юм. Анхны бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн дагуу гарч байсан “Мянган зам” бол одоогийн зам биш. Үүнийг судалсан судалгаа байгаа ч олон нийтэд хүрээгүй байна. Ингээд харахаар бид өмнө нь гаргасан хууль, хөтөлбөрөө хэрэгжсэн эсэх дээр дүн шинжилгээ огт хийдэггүй. Үүнээсээ болоод бид их алддаг. Дандаа л ийм зүйл хийе, болгоё гэж асуудалд ханддаг. Гэтэл хийсэн зүйлээ зөв буруу, үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг эцсийн үр дүнгээ үнэлэх нь хэрэгтэй. Хүмүүсийн хандлага ч ийм л болчихоод байна.

-Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангана гээд “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь таны ярьсан хүн амын нутагшил, суурьшлыг нэмэгдүүлэх зүйл мөн үү?

-Шилжилт, хөдөлгөөний талаарх олон орны зохицуулалтаас харахад, нэн тэргүүнд, амьдрах байр, ажиллах байр гэсэн хоёр зүйлийг шаарддаг. Энэ хоёр байгаа бол тухайн газарт шилжихийг хүн амдаа зөвшөөрдөг. Гэтэл бид энэ хоёрыг алийг нь ч хэрэгжүүлээгүй. Үр дүн нь өнөөгийн Улаанбаатар. Үүний хамгийн том сургамжийг Засгийн газар авах ёстой. Яагаад гэхээр Засгийн газар нь бодлогоо хэрэгжүүлж чадахгүй буюу ердөө 1.3-1.8 жилийн настай явж ирлээ. Бодлогоо хэрэгжүүлж чадаагүй учраас л хүмүүсийн сонголт, шийдвэр ийм алаг цоог болчихоод байгаа юм. Хэрвээ бид боловсруулсан бодлогоо шинжлээд үнэхээр болохгүй байна гэсэн дүгнэлтэд хүрвэл дараагийн зүйлийг нь сорьж үздэг байдал руу явах ёстой. Одоо бол нэгэнт хийснээ буруу, эсвэл зөв байсан тухай ярих нь ховор болсон. Тиймээс улстөрчдөөс бүс нутгийн хөгжлийг дэмжсэн хэдэн хууль санаачилсан, тэдгээр нь хэдэн хувийн хэрэгжилттэй байсныг нь асуудаг болох хэрэгтэй. Бодлого нь ил тод, зөв тодорхойлогдоогүй учраас хүмүүс сонголтоо цахим ертөнц, бусад орны хөгжлөөс авч байна. Тэгээд алдаа мадаг гараад буруудахаар “Мөнгө алга” гэсэн тайлбар хэлдэг. Мөнгө байгаад ажил хийдэг гэсэн логик эдийн засагт байдаггүй юм. Монголчууд чинь огт мөнгөгүй эхэлсэн юм биш үү? Оюу толгойн төслийг аваад үзье. Тухайн үед Засгийн газар нь ч мөнгөгүй байсан. Харин хүмүүсийн хүсэл эрмэлзэл байсан учраас хийж чадсан юм. Гэтэл одоо дараагийн гарч ирэх залуус, үйлдвэртээ тодорхой чиглэл хэрэгтэй байна. Үүнд нь бүс хэрэгтэй болчихоод байгаа юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ