Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

С.Баярт эхлээд хор өгөөд дараа нь хоолоор шахсан болж таарч байна уу?

АТГ-ын даргыг солино гэсэн улс төр хүчтэй байна. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах албан бичиг хүргүүлчихлээ. Төрийн тэргүүн албан бичигтээ хэзээнээс ярьсаар ирсэн жаран тэрбумын асуудлыг нь анхаарахгүй байна гэж АТГ-ын даргыг буруутгаж, ээлжит бус чуулганыг цаг алдалгүй хуралдуулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж. Товчхондоо АТГ-ын даргыг огцруулахыг хүссэн албан бичиг УИХ-д очоод хэд хоночихлоо. Наад өнгөндөө “26 гишүүн ийм агуулгатай бичиг ирүүлсэн учраас” гэсэн тайлбар зүүсэн ч цаад утга нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь байр суурь гэдэг нь М.Энхболдод хаягласан албан бичгээс төвөггүй уншигдаж байна. АТГ-ын даргыг огцруулах тухай улс төр бүтэн нэг жил явсан хуучин сэдэв. Жилийн хугацаанд өрнөсөн улс төр өдгөө Ерөнхийлөгчийг УИХ-д албан бичиг хүргүүлэх шалтгаан болсон хэрэг. УИХ ч удахгүй ээлжит бус чуулган зарлах шинжтэй байна.

АТГ-ын даргыг солихын төлөөх улс төрийн бүлэглэлд багтаж буй Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаа шиг 26 гишүүн АТГ-ын даргыг огцруулах гээд байгаа юм биш л дээ, уг нь. Хаврын чуулганы үеэр энэ асуудлаар нийтийн сонсгол хийе гэсэн санааг анх 19 гишүүн гаргаж байсан юм. 76 гишүүний дөрөвний нэг нь санал гаргаж байж нийтийн сонсгол хийх эрх зүйн орчин бүрдэх учиртай. Хууль зүйн байнгын хороо ийм шалтгаанаар нийтийн сонсгол хийх боломжгүй гэж үзсэн юм. Дараахан нь наадмын өмнөх өдөр 19 гишүүн дээр зургаан гишүүн нэмэгдсэнийг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Сүүлд Я.Санжмятав гишүүн нэмэгдсэнээр нээлттэй сонсгол биш ээлжит бус чуулган хуралдуулах саналыг УИХ-д хүргүүлэх боломж бүрдсэн юм. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус чуулган зарлах хууль эрх зүйн орчин нээгддэг. Эндээс гарын үсэг зурсан гэх 26 гишүүний лав л 19 нь зүгээр л нээлттэй сонсгол хийе гэж дуугарсан болж таарч байна. АТГ-ын асуудал, жаран тэрбум зэрэг анхаарал татсан мэдээлэл дээр нээлттэй сонсгол хийх, АТГ-ын даргыг огцруулах хоёр тэс ондоо асуудал. Гэхдээ л хууль эрх зүйн орчин бүрдсэн учраас ээлжит бус чуулган болох нь тодорхой.

Энэ үйл явдлыг өнгөц харсан хэнд ч дажгүй зураг харагдана. Шударга ёсны төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө хийж байгаа мундаг эх оронч ажил юм шиг харагдаж байгааг үгүйсгэхгүй. Яг учир утгыг нь ухаад хардаг хэсэгт бол хэнд ч хэрэггүй хийсвэр зүйл. Улстөрчид төдийгөөс өдий хүртэлх 30 жилийн турш шударга ёсыг тогтооё гэж сүрхий царай гаргаж, тод цоглог дуугарцгаасан. Дуугарч, тэмцсэнээр нь бол иргэдийн амьдрал хангалуун чинээлэг болчихоор байлаа. Харамсалтай нь өнөөдөр ядуурлын түвшин 30 хувь дөхөж яваа. Үндэсний статистикийн хороо УИХ-ын харьяанаас Засгийн газар руу шилжсэн учраас засаг дуртай тоогоо “зохиолгох” болсон гэх яриа учир мэдэх улсын дунд өрнөөд эхэлчихсэн. Тэгэхээр ядуурлын хувь 30-аар ч тогтохгүй цойлж явааг үгүйсгэх аргагүй. Ард түмний амьдрал хэцүү байхад шударга ёс ярих хэрэггүй гэсэн юм биш л дээ. Шударга ёс бол ярих учиртай зүйл, хөндөх шаардлагатай сэдэв. Гэхдээ улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалсан шударга ёс уу, эгэл жирийн иргэд, татвар төлөгчдийн төлөөх шударга ёс уу гэдгийг эргэж харах учиртай. Шуудхан хэлэхэд улстөрчдийн дунд сүүлийн 30 жилийн турш эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөөх шударга ёсны тэмцэл л гаарч байна. Үр дүнд нь бидний авдаг цалингийн үнэ цэн долларын ханш дагаж өдрөөс өдөрт буурч байгаа нь гашуун гэлээ ч бодитой үнэн.

Өнөөдөр иргэдийн эрх ашгийн төлөө ярих шударга ёс гэвэл ганцхан сэдэв бий. Таван толгой мэтийн өндөр өгөөжтэй том төслүүдээ хөдөлгөх л жирийн иргэдийн төлөөх шударга ёсны жинхэнэ тэмцэл гэж харагдана. Таван толгойгоос бусад нь иргэдэд падлийгүй шударга ёс гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Бусад шударга ёс нь нэг бүлэглэл нь нөгөөгийнхөө хүчийг тарамдуулах арга төдий л хэврэг зүйл.

С.Баярт АТГ-ын ажилтан хоол зөөж буй бичлэг цахимаар тарсан нь мэдээж тохиолдлын хэрэг биш. Бүлэглэл хоорондын тэмцэлдээний зөвхөн нэг хэсгийнх нь жижигхээн төлөвлөгөө. Зохион байгуулалттай арга хэмжээ гэхэд дэгсдүүлэг болохгүй. Улс төр, эдийн засгийн аль нэг бүлэглэлд бичлэг худалдах явдал газар авсныг нийт олноороо мэдэж байгаа. М.Энхболдыг халз ярилцлагад орохын өмнө хөшигний цаана өрнөсөн яриа хөөрөө олонд цацагдснаас хойш бүр утгаа алдсан. АТГ бол төрийн байгууллага. Энэ байгууллагатай хамаатай дотоод асуудал төрийн нууцад зүй ёсоор хамаарна. Төрийн нууцыг үл тоосон энэ мэт үйлдэл газар авах нь лав сайны дохио биш.

Төр засгийн тулхтай байгууллагуудын өгч буй мэдээллээс анзаарахад С.Баярт эхлээд хор өгсөн гэж хэсэг шуугьсан. Сүүлдээ хоол өгсөн болоод хувирчхав. Сүүлийн өдрүүдэд ийм л улс төр өрнөж байна. Эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн энэ дайны хөлд үрэгдэх хүмүүс нь ард түмэн. Зөвхөн нэг бүлэглэлийн хийсэн том наймаанаас болж 2000 төгрөг хүрээ ч үгүй байсан долларын ханш 2700 хүрч галзуурсан жишээ өнгөрсөн түүхэнд бий. Улстөр, эдийн засгийн том бүлэглэлийн хөлд жирийн иргэд үрэгдсэн ийм жишээг жагсаавал олон хуудас түүх өгүүлэх хэрэг гарна. Долларын ханш өсөж, төгрөгийн ханш сулрахын хэрээр халаасан дахь хэдийн маань үнэ цэн буурсаар байдаг. Долларын ханш 1800 төгрөгтэй дүйж байхад 600 мянган төгрөгийн цалин авч байсан Батын цалин өнөөдөр хэмжээгээрээ буураагүй ч үнэ цэн нь навс уначихаад буй. Ногоон валют 1800 төгрөг байхад 600 мянган төгрөгийн цалин авч байсан Бат 333 ам.доллартай дүйхээр цалин авдаг байж. Харин доллар 2500 дөхсөн өнөөдрийн хувьд 240 долларын цалинтай амь зогоож байна. Цалин нь 93 ам.доллараар буурчихсан гэсэн үг. Батын цалин 232 мянган төгрөгөөр үнэгүйдээд байна. 232 мянга гэдэг бол том тоо.

Улс төр, эдийн засгийн бүлэглэл хоорондын зодооноос үүссэн энэ мэт өөрчлөлтөд хариуцлага тооцдог болмоор байна. Жишээ нь яг өдийд гэхэд л татвар төлж төрийг тэжээдэг энгийн иргэн Батаас эхлээд компанийн захирлууд, компанид ажиллаж цалин хөлс авч ажилладаг баялаг бүтээгчид УИХ-д албан бичиг, шаардлага хүргүүлмээр байгаа юм. “АТГ-ын дарга, жаран тэрбумын асуудал бидний амьдралд ямар ч хамаагүй. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн зодооноор төрийн ажил явж болохгүй. Таван толгойгоо хурдан хөдөлгөмөөр байна. Таван толгойн асуудлаар ээлжит бус чуулган зарлаж, намраас өмнө гол шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй” гэсэн бичгийг татвар төлөгчдийн холбоо ч юм уу, иргэдийн төлөөлөл болсон байгууллагаас явуулбал эрүүл, зөв улс төр болно. Ерөнхийлөгч шиг УИХ-д албан бичиг өгөх бүрэн эрх нь тэдэнд бий. Учир нь албан бичиг хүргүүлж байгаа Ерөнхийлөгч ба түүний нөхөд, албан бичгийг хүлээж авч ээлжит бус чуулган зарлана гэж буй УИХ-ын гишүүдийн авдаг цалин, эдэлдэг хангамжийг нь иргэд, компаниуд төлдөг. Хөгжилтэй оронд бол өөрсдийг нь тэжээдэг баялаг бүтээгчдээ төр нь хүндэлж сонсдог нийтлэг жишиг бий. Татвар төлөгчид нь ч төрөө оршин тогтнуулах мөнгийг халааснаасаа гаргадгаа мэдэрчихсэн учраас төрийн аль нэг буруутай үйлдлийг дуугүй өнгөрөөдөггүй. Саяхны жишээнүүдийн нэг гэхэд л Ерөнхийлөгчөө авлигад холбогдсонд дургүйцсэн солонгосчуудын жагсаал байна. Иргэд нь, татвар төлөгчид нь ийм хүчирхэг байвал буруу булхай хийж, авлига авах орон зай тэр хэрээр хумигдаж улстөрчид нь яаж ч чаддаггүй. Нэлээд дээхэн уурхайчид касктайгаа жагсаж байсныг тод санаж байна. Компаниудаас мөнгө авахын тулд байгалиа бодсон дүр эсгэдэг иргэний хөдөлгөөнийхнөөс, аль нь илүү авах вэ гэсэндээ шударга ёс ярьдаг том бүлэглэлүүдийн тэмцлээс огт өөр, эрүүл зөв жагсаал болсон. Одоо ч гэсэн уурхайчид ганц амьтай байгаа Оюу толгойгоор битгий улстөрж гээд жагсвал чулуу шидэх хүн гарахгүй. Юмны учрыг ухаж, цаанатай наанатай сэтгэдэг хэсгийн хувьд алгаа ташиж хүлээж авна.

Дахиад хэлэхэд иргэд, компани, баялаг бүтээгчдийн тэмцэл үгүйлэгдээд байна. Том мөнгө, том ашиг сонирхол, том зодоонтой том бүлэглэл хоорондын дажныг зогсоох хүч тэдэнд л бий. Тэгэхгүй бол энэ удаагийнх шиг жүжиг давтагдсаар, үр дүнд нь иргэдийн халаас нимгэрсээр байх болно. Яг өнөөдрийнх шиг эхлээд хор өгөөд дараа нь хоол өгдөг улс төрийн жонхуу зутан хэзээ ч дуусахгүй.


Categories
мэдээ цаг-үе

​Б.Лакшми: Засгийн газар өрийг өрөөр дарж байгаа нь эдийн засагт ашигтай шийдэл биш

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай Монгол Улсын өрийн талаар ярилцлаа.

-Засгийн газар саяхан “Дим сам” бондын төлбөрийг барагдууллаа, өрөө дарлаа гэж яриад байгаа. Өрийг өрөөр дарахаар чанарын ялгаа гарах уу?

-Өрийг өрөөр дарж байгаа нь хугацаа л хожсон асуудал. Эдийн засагт ашигтай, хэрэгтэй шийдэл биш. Чингис бондын эргэн төлөлтийн хугацаа болонгуут өнгөрсөн жил “Гэрэгэ”, “Хубилай” бонд гаргаад шийдчихсэн. Сая хэлсэнчлэн “Дим сам” бондыг өөр бонд гаргаад төлсөн шүү дээ. Монгол Улс том зээлүүдийнхээ хүүгтөлж байгаа. Эрх баригчид хүүг нь төлсөн, багасгасан гэж хэлдэг ч нөгөө талаас нь харвал урт хугацаандаа манай улсын өрийн зардал нэмэгдээд байна л даа. Хүүгээ төлж явсаар байгаад үндсэн өрөө төлөх боллоо гэж төсөөлье. Гэтэл бид өрийг өрөөр дарчихсан. Шинэ бонд гаргаад дарсан. Тэгэхээр хүүгийн төлбөр үргэлжлээд яваад байна гэсэн үг.

Манай улс одоогийн байдлаар нийтдээ хичнээн долларын өртэй байгаа вэ?

– Монгол Улс 27.4 тэрбум ам.долларын өртэй байна. ДНБ-ий 70 хувиас хэтэрчихсэн. ДНБ-ий 40 хувиас илүү гаргахгүй гэсэн хууль бий ч зөрчөөд яваад байна л даа. Өөрсөдтэйгөө адилхан шилжиж байгаа эдийн засгуудтай харьцуулахад манай улс хамгийн өндөр хэмжээний өртэй яваа. АНУ, Япон зэрэг улсууд өндөр өртэй гэсэн тайлбар хэлдэг л дээ. Хөгжсөн эдийн засагтайгаараа биднээс ялгаатай хүчирхэг улс орнууд. Манайх шиг нэг салбараас хараат биш, олон тулгуурт эдийн засагтай учраас өрийн асуудал тэдэнд бол том бэрхшээл биш.

– Хоёрхон жилийн дараагаас буюу 2020-2024 онд бонд, зээлүүдийн эргэн төлөлтийн ачаалал ихэснэ гэж байгаа. Бидэнд тэр их мөнгийг эргэж төлөх боломж нөөц байна уу, өрөө төлөхийн тулд яах ёстой вэ?

-Ирээдүйд 2020-2024 онд олон том өр биднийг хүлээж байгаа. Мазаалай бонд 2021, Гэрэгэ 2023, Хуралдай 2024 онуудад төлөгдөнө. Чингис бондын төлөлтийг 2022 онд хийнэ. Тэр үед ирэх их ачааллаа яаж давах вэ гэдгээ одооноос бодох хэрэгтэй. Өрийн менежмэнтээ сайн хийх ёстой. Баялгийн сангаа гэхэд л ямар байдлаар шийдэхээ бодох цаг болсон. Бидний хэсэг эдийн засагч хамтраад, гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуайн санаачилгаар Монголд анх удаа өрийн саарал ном гэж гаргасан байгаа. Энэ номдоо бид Засгийн газар, Сангийн яаманд богино, урт хугацаандаа ямар ажил хийх ёстойг чиглүүлсэн зөвлөмжүүдийг багтаасан. Богино хугацаандаа төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудлуудыг иж бүрнээр нь шинэчлэх шаардлагатай байна.Мэргэжлийн, хараат бус эдийн засагчдаас бүрдсэн Төсвийн зөвлөлийг байгуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Өрийн удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг иж бүрнээр нь шинэчлэх шаардлага бий. Гадаадаас зээл авах, өрийн удирдлагын хүрээнд ханшийн хэлбэлзлээс хамгаалсан санхүүгийн арга хэрэгслүүдийг Монголбанкны зүгээс нэвтрүүлэх ёстой. 2020 оноос өмнө сонгуулийн тогтолцоог сайжруулах, өөрчлөх эрэлт үүсчихсэн. Жижигсгэсэн мажоритор тогтолцооноос болоод төсвийн хөрөнгө оруулалт үр өгөөжгүй яваад байна. Гишүүн бүр жижиг тойргууд руугаа сургуулийн дээвэр засна гэх мэт ялих шалихгүй шалтгаанаар мөнгө төсөвлүүлээд байхаар төсвийн хөрөнгө оруулалт ашгаа өгч чадахгүй л дээ.

-Тэгэхээр сонгууль томсгосон тойргоор явах нь төсөвт эерэг нөлөө үзүүлэх нь ээ?

-Тэгнэ.

– Ирэх сонгуулиар шийдвэр гаргах түвшинд санхүү, эдийн засгийн том гаргалгаа хийж чаддаг хүмүүсийг гаргахгүй бол их хэмжээний өр төлөх жилүүдийн ачаа эдийн засагт хүнд тусах юм байна даа?

-Санал нэг байна. Манай улс бүх өрөө гадаад зах зээлээс доллараар авсан учраас маш том эрсдэлтэй. Төв банк нөөцөө нэмэгдүүлэх бодлого барихаас аргагүй нөхцөл үүсчихсэн гэсэн үг. Доллар татах өөр нэг арга бол яах аргагүй гадаадын хөрөнгө оруулалт. Гадаад хөрөнгө оруулалтын орчин хүндрэлтэй, муу байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хувь хүмүүс хадгаламжтай байх ёстой. Хадгаламж бүрдүүлэх суурийг нь бүрдүүлж өгөх шаардлага бий. Түрүү жил хуульд өөрчлөлт оруулж иргэдийн хадгаламжаас шууд арван хувийн хүү авдаг болсон нь маш буруу шийдвэр. Өмнөх хуулиар хүүгийн орлого нь 100 сая төгрөгөөс дээш гарвал 10 хувийн татвар авна гэж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр бүх хадгаламжаас татвар авахаар болгоод гажуудуулчихлаа.

– Бүх хадгаламжаас татвар аваад эхлэхээр иргэдийн мөнгөө хадгалуулах сонирхол буурна биз дээ?

-Тэгнэ. Хүмүүс хүүхдийн 20 мянган төгрөгөө урт хугацаагаар хадгалуулдаг болсон. Тэндээс нь хүртэл татвар аваад эхлэхээр хэцүү л дээ.

-Эдийн засагчид Засгийн газарт өрөө хүндрэл багатай дарах чиглэлээр өөр ямар зөвлөгөө өгсөн бол?

-Концессийн гэрээ, хэлцлүүдийг хязгаарлах хэрэгтэй гэж зөвлөсөн. Маш олон гэрээ хэлцэл хийж байгаа. Үүнээс гадна өндөр хүүтэй арилжааны хэлцлүүдтэй зээлээс татгалзах шаардлагатай. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дотоодын бондуудыг гаргадаг. Энэ бонд зөвхөн арилжааны банкуудаар арилжаалагдаж байгаа. Үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй. Төсвийг алдагдлыг нөхөхийн тулд заавал дотоодын бонд гаргах ёстой гэвэл зөвхөн банкууд гэж онцолж болохгүй. Аж ахуйн нэгжүүд, иргэдийг энэ арилжаа руу оруулах нөхцөлийг бүрдүүлмээр байгаа юм. Өндөр хүүтэй дотоодын бонд гаргаад байхаар банкуудад зээл өгөх сонирхол төрөхөө бол их эрсдэл бий. Зөвхөн өндөр хүүтэй бонд худалдаж авч мөнгө хийчихээд зүгээр суугаад байна л даа. Засгийн газар, Төв банк хувийн хэвшилд зээл зуучилж баталгаа гаргаж өгөөд байдаг. Үүнийг цэгцлэх шаардлага байгаа. Хувийн хэвшлийн зээлд баталгаа гаргаж өгөхөөр Засгийн газрын өрөнд тооцогдоод явдаг. Засгийн газрын өр их хэмжээтэй гараад байгаагийн бас нэг шалтгаан нь энэ. Хөнгөлөлттэй ч гэлээ тухайн улсын ажиллах хүчин, бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах үүрэг хүлээдэг хатуу нөхцөлтэй зээлээс татгалзах хэрэгтэй. Хятад, Энэтхэгээс авдаг зээлүүд хичнээн хөнгөлөлттэй нөхцөлтэй ч тухайн орны бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчнийг сонгодог. Эдийн засагт ямар ч өгөөжгүй гэсэн үг. Шинээр барьж байгаа гүүрийг гэхэд л хятадууд барьж байх жишээний. Ажлын байр нэмэгдэхгүй, ажилчдын цалин хөлс дотооддоо шингэхгүй хэрнээ бидэнд өр болоод үлдэнэ.

-Та ярилцлагынхаа эхэнд Төсвийн зөвлөл байгуулах ёстой гэж онцолсон Төсвийн зөвлөл ямар бүтэцтэй байвал үр дүнгээ өгөх вэ?

-Улс төрөөс хараат бус байж үр дүнтэй ажиллана. ОУВС-гаас ч ийм зөвлөл байгуулах ёстой гэсэн зөвлөмж өгчихсөн. Эдийн засаг сайн байх үед төсвөө хумиад хуримтлал үүсгэх хэрэгтэй. Тэгээд эдийн засаг хямарсан, унасан үед хуримтлалаасаа төсвөө тэлэх ёстой. Гэтэл бид тэгдэггүй. Эдийн засаг нь сайн ч, муу ч төсвөө тэлээд байдаг.

-Нүүрс, зэсийн үнэ дажгүй байна. Байгалийн баялгаас олох мөнгөө сан үүсгэж хуримтлуулбал өрөө зовлон багатай дарахад нөлөөлөх байх шүү?

-Санал нэг байна. Таван толгойгоо хөдөлгөвөл эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ орд дээр тодорхой биш асуудал олон бий. Өмнө нь таван удаа тендер зарласан ч бүтэлтэй юм болоогүй. Олон улсын зах зээл дээр IPO гаргаж мөнгө босгоё гэвэл “Эрдэнэс Таван толгой” компанийн менежмэнт үйл ажиллагаа тодорхой байх ёстой . Гадаадын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахгүй бол Таван толгой руу орж ирэх сонирхол хөрөнгө оруулагчдад төрөхгүй. Манай улс хэд хэдэн удаа олон улсын арбитрт дуудагдсан. Хөрөнгө оруулагчдад таагүй ойлголт төрүүлэхээс гадна шийдвэр нөгөө талд шийдэгдсэн үед манай улсын өр нэмэгдэж байгаа. Тухайн компанид төлөх Засгийн газрын мөнгө бол өр. Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөнөөс л арбитрт хандсан компаниудын төлбөрийг барагдуулж байгаа. Эцсийн дүндээ татвар төлөгчид л хохироод үлдэж байна.

-Татвар төлөгчид хүчтэй дуугарч байж энэ гажуудлы г засна л даа…?

-Шилэн дансны хууль маш хэрэгтэй шийдвэр байсан. Хэрэгжүүлэх ёстой шийдвэр. Тэгвэл татвар төлөгчид төлсөн мөнгөө юунд зарцуулагдаж байгааг мэдэж чадна. Үе үеийн Засгийн газар төсвийн мөнгийг өөрсдийнхөө мөнгө гээд ойлгочихдог. Үнэн хэрэгтээ татвар төлөгчдийн л мөнгө. Бид өрөө дарлаа гэж ирээд зарладаг. Татвар төлөгчдийн мөнгөөр дарж байгаа хэрэг шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ХАЙРЛАХ УРЛАГ

Германы психологич,
социологич, философич
Эрих Фроммын “Хайрлах
урлаг” /The art of loving”
ном өнгөрсөн зууны дундуур
Америкт хэвлэгдсэнээсээ
хойш хайрын тухай хүн
төрөлхтний төсөөлөлд“салхи оруулсаар” байна.
Хүн ганцаардлаас хамгийн
их айдаг, ганцаардлаас хайр
л аварна гэсэн утгатай үг
өгүүлбэрүүд нэгэн жарны
өмнө хэвлэгдсэн энэ номд
бий. Сэтгэлээ шархлуулахаас
айна гэдэг бол нэг төрлийн
хувиа хичээх зан, аминч үзэл
хэтэрвэл эрүүл хайрыг тээх
чадваргүй болно, хүн гэдэг
амьтан ямар нэг байдлаар
бусдад хүлээн зөвшөөрөгдөж,
хайрлагдахгүйгээр амьд явж
чадахгүй гэх мэт хөндлөн
дүгнэлтүүд “Хайрлах урлаг”
номын бараг л хуудас бүхэнд
дурайдаг.
Хүн бүрт хайрлах чадвар
бий, жинхэнэ хайр бол
байгалиас заяасан өгөгдөл,
хайрлахад гүн ухаан хэрэггүй
гэсэн бодлыг төдийгөөс өдий
хүртэл тээсээр ирсэн хүн
төрөлхтний ойлголтыг Эрих
Фромм “Хайрлах урлаг”-
аараа эвдэж чадсан юм.
Хүмүүс бүрэн бус түүхий
хайрыг жинхэнэ хэмээн
эндүүрдэг гэсэн өгүүлбэр чих
сортойлгоно. Зохиогчийнхоор
бол гүйцэт боловсрон
төлөвшсөн хайр л жинхэнэ
хайр. “Хайрлах урлаг”-т ийм
хайрыг “Боловсрон төлөвшсөн
хайр гэдэг нь өөрийн бие
даасан шинж болон хувь
шинжийг хадгалсан чигтээ
бусадтай нэгдэх холбоо юм”
хэмээн тодорхойлжээ. Эрих
Фроммынхоор бол хосууд
биесээ хайрлаж нэг хүн
мэт ижилсэхийн зэрэгцээ
тус тусдаа бие дааж, өөр
өөрөөрөө үргэлжлэн оршиж
чадвал тэр хайр жинхэнэ байж
чадах нь. Захирагч болон
дагалдагчийн холбоо өнгөц харахад нэгдэл юм шиг хэр нь
жинхэнэ хайр биш аж.
Хайр бол авах биш өгөх
юм, хайрлуулах бус хайрлах
нь чухал гэсэн утгатай үг,
өгүүлбэр “Хайрлах урлаг”-т
цөөнгүй т а а р н а . Б а я р
баясгалан, дур сонирхол,
ухамсар, мэдлэг, хошигнол,
гуниг зэрэг өөрийн дотор
амьдран буй бүхий л
илэрхийллээ өгөх нь хайр
гэж зохиолч онцолжээ. Өгч
чаддаг хүн болохын тулд
юуны өмнө “би л хамгийн
чухал” хэмээх амин хувиа
хичээх зан, өөрийгөө бодох
чанар буюу нарциссизмаа
анагаах шаардлагатай гэсэн
зөвлөгөө энэ номонд бий.
“Хэрвээ хэн нэгэн бусдыг
бүтээмжит хайраар хайрлаж
чадаж байвал, тэр хүн өөрийгөө ч бас хайрлаж байна
гэсэн үг. Хэрвээ өөрийгөө
бус зөвхөн бусдыг л хайрлаж
чадна гэвэл, тэр хүн огт
хайрлаж чадахгүйн шинж
юм” гэсэн хэсгийн уншсан
хэн ч нэгийг бодож хоёрыг
тунгаана. “ Хүнийг хайрлахад
шаардлагатай дөрвөн
идэхвтэй шинж байдаг гэнэ.
Тэр нь Эрих Фроммынхоор
халамж, хүндэтгэл,
хариуцлага, ойлголт буюу
мэдлэг юм байна.
Хайр бол гэнэн шохоорхол,
богино хугацаатай хөөрөл,
ерөөс сэтгэлийн ямар нэгэн
хөдлөл огтоос биш, хайр
бол урлаг юм, урлаг учраас
хайрлахад суралцах ёстой
гэсэн санаа энэ номын амин
сүнс нь.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Д.Энхболд: Нинжа нар сүлжээ, гэмт хэргийн бүлэглэл болсон учраас алтны төслүүд явахгүй байна

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

-Канадын хөрөнгийн биржээс мөнгө босгоод ирсэн “Степ голд”-ын ажлыг Дорнодын зарим иргэн, иргэний хөдөлгөөнийхөн очоод гацаачихлаа. Заамарт “ Эко Алтан Заамар”, Баянхонгорт “Central Asia mining” зэрэг уул уурхайн компаниудын ажил ч иргэд, иргэний хөдөлгөөний эсэргүүцэлтэй тулаад байна. Энэ үйл явдлууд дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Таны дурдсан сүүлийн гурван тохиолдол алтан дээр байгааг анхаарах хэрэгтэй. Нинжа гэдэг асуудал сүлжээ, гэмт хэргийн бүлэглэл маягтай болсныг л нотолгоо. Тэд хаана алт байгааг сонсоод л хөдөлдөг болсон. Лицензээ ном журмаар нь авч, татвараа төлөөд ажиллая гэсэн компаниудын үйл ажиллагааг гацаагаад байгаа шалтгаан нь ердөө энэ. Компанийн үйл ажиллагааг эсэргүүцээд удаашруулах тактик хэрэглээд байна л даа. Тэр хойгуур нь ямар нэгэн байдлаар нинжа оруулдаг арга руу орчихлоо. Иргэний нийгмийнхэн уул уурхайг эсэргүүцээд байгаа хэрэг огтхон ч биш. Өрсөлдөөн яваад байгаа хэрэг. Хууль ёсны уул уурхай, хууль бус уул уурхайн дунд өрсөлдөөн яваад байна.

-Уул уурхайн нөгөө талд нөхөн сэргээлт хийдэггүй, татвар төлдөггүй нинжа нар тэгж хүчтэй ажиллаад байгаа хэрэг үү?

-Тэгээд байна. Хоршоолол байгуулж гар аргаар алт олборлоод нөхөн сэргээлтээ хийж, татвараа төлөөд явдаг хэсэг бий. Харамсалтай нь 6000-8000 орчим хүн л албан ёсны бүртгэлтэй байдаг. Албан бус тоогоор 40 гаруй мянган нинжа бий гэдэг. Ямар ч хариуцлага хүлээхгүй газар сэндийчээд явдаг хүмүүс гэж ойлгож болно. Үүнээс гадна энэ хүмүүс уул уурхайн салбарын нэр хүндийг хамгийн ихээр унагаж байна. “Степ голд” гэхэд лицензээ аваад Канадын Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж хөрөнгө босгоод хайгуул хийх гэж ирсэн компани. Хөрөнгө босгох үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн сайн мэдээ болгож түгээж байсан компани шүү дээ. Нинжа нар мэдээллийг маш хурдан авдаг. “Степ голд”-ын талбайн байршил энэ тэрийг бүгдийг нь мэдэж байсан нь тодорхой. Тийм учраас хөрөнгө босголоо, үйл ажиллагаагаа эхлэх нь гэсэн мэдээллийг сонссон даруйдаа давхиад оччихож байгаа юм. Ер нь алт, жоншин дээр ийм сонин байдал үүсчихсэн. Тодруулж хэлбэл, нинжа нараа дарж чадахаа байсан. Нинжа нар нь албан ёсны уурхайгаасаа хүчтэй, зарим тохиолдолд Засгийн газраасаа хүчирхэг болчихоод байна.

– Тэгэхээр нэгдэж нийлсэн нинжа нарын ар талд нөлөөтэй хүмүүс байна гэсэн үг үү?

-Нөлөөтэй хүн байна уу, мөнгөтэй хэсэг бий юу гэдэг нь бас сонирхолтой. Орон нутгийн Засаг дарга, НИТХын даргатай уулзаад л хэдэн төгрөг атгуулаад иргэдийг босгочихдог аргатай болсон учраас заавал том нөлөө хэрэггүй шиг байгаа юм.

– Иргэний нийгэм , иргэдтэй хамт орон нутгийн ИТХ-ын дарга нь юм уу, Засаг дарга нь тэмцээд яваа тал ч анзаарагдаж байгаа шүү…?

-Ингэх нь сонин үзэгдэл биш болчихсон шүү дээ. Уг нь манайх холбооны улс биш. Нэг засагтай улс. Аймаг, сум бол засаг захиргааны нэгж болохоос тусдаа гарсан автономит улс биш. ИТХыг аваад үзье. Төсвөөс цалинждаг. Тэгсэн хэрнээ сонгуулиар гарч ирдэг. Нэг талаасаа төрийн нөгөө талаасаа иргэний төлөөлөл гэж харагдаад байдаг. Гэхдээ иргэний төлөөлөл гэдэг үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Төрийн болоод хувийн ашиг сонирхлын хойноос яваад байгаа нь маш тод анзаарагддаг. Уг нь иргэдийн төлөөлөл шүү дээ. Засгийн газраас гаргасан шийдвэр орон нутагт хэрэгжихэд иргэдийн саналыг тусгах ёстой газар бол ИТХ. Түүнээс биш өөрсдөө шийдвэр гаргачихаад түүнийгээ Засгийн газраар батлуулах гэж дайрдаг газар огт биш.

-Орон нутгийн ИТХ-ын хувьд сүүлийн үед уул уурхай дээр таны хэлсэн шиг хандлага руу орчихоод байна л даа…?

-Миний хувьд ганц уул уурхайгаар тогтохгүй байгаа гэж хардаг. Том мөнгө эргэлддэг, шантаажилж байгаад мөнгө салгах боломжтой учраас уул уурхай дээр илүү төвлөрдөг байх. Түүнээс биш бүх салбарт ийм хандлага гаргадаг болчихсон.

– Иргэний нийгмийн төлөөлөл гэсэн нэр дор хэдхэн хүн уул уурхайн бүх төсөл дээр яваад оччихсон эсэргүүцэж яваа харагддаг. Байгаль экологийн төлөө яг зориод явж байгаа нь хэд бол?

-Ер нь хэдхэн хүн ийм үйл ажиллагаа явуулаад байгаа анзаарагддаг. Тэр хүмүүсийг сүүлдээ бүр нийтээрээ мэддэг шахуу болчихлоо. Үнэхээр хариуцлагагүй ажиллаж байгаа уул уурхайн компаниудад сануулга өгч, чиглүүлж, зүглүүлэх ажил хийж яваа цөөхөн хүмүүс бийг үгүйсгэхгүй. Гэхдээ сүүлд эсэргүүцэлтэй тулсан “Степ голд”-ын хувьд үйл ажиллагаагаа дөнгөж эхлэх гэж байсан компани. Кэмпийн нээлтээ хийх гэж байхад нь давхиж очоод эсэргүүцнэ гэдэг өөр хэрэг л дээ. Цэвэр явуулга гэж харахаас аргагүй.

-“Гацуурт”-ын алтны төсөл зогссон нь мөн л нинжатай холбоотой гэдэг. Та энэ үйл явдлыг яаж харж байна вэ?

-“Гацуурт”-ын лиценз “Сентерраголд”-ын нэр дээр арав гаруй жил бол чихсон байсан юм. Иргэний нийгмийнхний хувьд ашиглалтад оруулах гэж байгааг нь сонсонгуутаа л эсэргүүцээд эхэлсэн түүхтэй. Ийм сураг сонсонгуут нинжа нар ашиглалтын талбай руу нь түрээд орчихсон. Жагсаал хийж байгаад шүүхээр яваад эхэлсэн байдаг. Нэлээд мөнгөтэй хүмүүс л ингэж уйгагүй явна шүү дээ. Шүүхэд өргөдөл өгөхдөө “Сентерра голд”-ыг биш АМГ-ыг буруутгасан байдаг. АМГ буруу шийдвэр гаргаад “Сентерра голд” тэрийг нь ашигласан болгочихсон. Энэ тохиолдолд шүүх юу гэж шийдэх нь бараг хамаагүй шахуу болчихож байгаа юм. Тийм үндэслэлээр шүүхэд өгч болж байна гэдэг нь өөрөө утгагүй асуудал. Компани нэрээ солиод авсны төлөө шүү дээ. Эцэст нь шүүхийн шийдвэр гаргуулаад үйл ажиллагааг нь зогсоочихлоо. “Сентерра голд”-ын тухайд шүүхийн системээс гадна хуулийн цоорхойг ашиглах боломжтой төрийн бус байгууллага нэртэй газруудын дутагдлыг харуулсан хэрэг болсон гэж хардаг. “Сентерра голд” энэ асуудлаа Арбитрт аваад очвол дэлхийн аль ч улс ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улс дахиад өр торгуульд унаж, “Гацуурт”-ыг том эзэнтэй нинжа нар аваад дуусна.

– Баян хонгорт уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар болсон “Central Asia Mining” компанийн тухайд хуулийнхаа дагуу лицензээ аваад очсон гэх мэдээлэл бий. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан компанийг иргэний хөдөлгөөн, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэдэг дээр таны байр суурийг сонсъё?

-Компанийн тухайд үйл ажиллагаа явуулах нөлөөллийн бүс дэх иргэдэд мэдэгдээгүй байж магадгүй. Уул уурхайн төслүүд иргэд, иргэний нийгмийн эсэргүүцэлтэй тулаад эхлэхээр уул уурхайн компаниуд ажлаа эхлэхдээ болгоомжилдог болсон байхыг, тийм хандлагаар мэдээлэл өгөөгүй байхыг ч үгүйсгэх аргагүй. Компаниудыг ийм байдал руу оруулаад байгаа нь яах аргагүй буруу хандлага. Компаниудын тухайд орон нутагтайгаа хэл амаа ололцоод явчихаар ямар ч асуудал гардаггүй. Учраа ололцоод байж байтал Ул аанбаатараас мөнгө харсан хэдэн нөхөр давхиад оччихдог нь хамгийн том асуудал болоод байна. Орон нутгийнхныг уул уурхайн төслийн эсрэг зогсоодог хүмүүс нь Улаанбаатараас мөнгө харж очсон нөхөд. Нуугаад байх зүйл биш. Орон нутгийн эсэргүүцэл гэхээс илүү мөнгө нь дуусаад ирэхээрээ гүйж очдог хэдэн нөхдийн л хийгээд байгаа ажил.

-Иргэний нийгмийн гэсэн малгайн дор ингэж авирлаад байгаа хүмүүсийн асуудлыг зөв зүг рүү нь шийдэх гарц байна уу?

-Төрийн бус байгууллагын хуулиа эргэж харах ёстой гэж боддог. Манай ассоциаци хүртэл тэдэнтэй нэг статустай шүү дээ. Төрийн бус байгууллагуудын хувьд гишүүддээ үйлчилдэг, нийгэмд үйлчилдэг гэсэн хоёр чиглэлтэй. Манайх гишүүддээ, тэд нийгэмд үйлчилдэг. Төрийн бус байгууллагын хуулиараа тодорхой шатлал тавьж, тодорхой үйл ажиллагаагаар нь хүлээн зөвшөөрдөг болгохгүй бол утгаа алдаад байна. Гуч гаруй мянган ТББ байна гэсэн тоо дуулддаг. Үндэс сууриар нь харахаас аргагүй болсон.

– Хамгийн сүүлд Баянхонгорт “Central Asia Mining”-ийг эсэргүүцлээ. Таны ярианаас анзаарахад “Central Asia Mining” шиг дахиад нэг алтны компани өөр аймагт үйл ажиллагаа явуулна гээд гараад ирвэл эсэргүүцэлтэй тулах магадлал өндөр гэж ойлголоо…?

-100 хувь баталгаатай. Эсэргүүцнэ, зогсооно. Манай улсын хувьд ашигласан цорын ганц үндсэн орд бол Бороогийн алтны орд. Ашиглаад гурван жил болж байхад нь л эсэргүүцсэн. С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс эсэргүүцэж байсныг нийгэм даяараа мэднэ. Иргэний нийгмийнхэн болон зарим иргэд мөнгө саах зорилготойгоор эсэргүүцсэн нь өнөөдөр хэн бүхэнд ил болсон. Дараагийн үндсэн орд нь Гацуурт. Дахиад л мөнгө харсан хүмүүсийн эсэргүүцэлтэй нүүр тулж өнөөдрийг хүрээд байна. Алт дагасан зохион байгуулалттай эсэргүүцэл яваад байгааг хөнгөхөн харчих нотолгоонууд. Шороон ордыг хэн ч анзаардаггүй хэрнээ үндсэн орд руу ингэж дайрдаг. Шороон орд дээр байгаль сүйдлэх асуудал жинхэнэ зовлон болчихоод байхад тоохгүй байгаа гээд бод доо. Хууль бусаар шороон орд ажиллуулж, байгаль сүйдлээд байхад иргэний нийгэм ярьдаг, иргэний төлөө гэсэн хөдөлгөөнийхнөөс хэн ч тоодоггүй. Ингээд харахаар алтны төслүүд рүү “Байгалиа хамгаалах гэж зүтгэж явна” хэмээн дайрч буй хүмүүст эргэлзэхээс аргагүй байгаа биз. Хуулийн дагуу үндсэн ордын лиценз аваад хайгуулаа эхлэх гэхээр л эсэргүүцээд байдгийн цаад зорилго нь ерөөсөө мөнгө.

-Алт бол валютын нөөц нэмэгдүүлэхээс эхлээд эдийн засагт үзүүлэх нөлөө ихтэй металл. Төрөөс тэр утгаар нь алтны төслүүддээ анхаарах ёстой шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Валютын нөөц бүрдүүлнэ гэдэг стратегийн том асуудал. Стратегийн орд гэж яриад л байдаг. Үнэндээ стратегийн бүтээгдэхүүн гэвэл уран, алт хоёр л байгаа шүү дээ.

-Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөгөөр ярилцлагаа төгсгөе?

-Уул уурхайн салбар экспортын 90 хувийг дангаараа эзэлдэг. Монголбанк руу орж ирж буй валютын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг гэсэн үг. Уул уурхайн салбар ДНБ-ий 20, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувийг дангаараа бүрдүүлдэг. Уул уурхайн салбарын үржүүлэх эффект гэж бий. Үүнийг нь тооцож үзвэл манай эдийн засгийн 70-аас илүү хувь нь уул уурхай дээр тогтож байна.

Categories
мэдээ цаг-үе

Интернэт хэрэглээ болсон шиг блокчейнгүйгээр амьдрах аргагүй болно

Хөрөнгийн зах эргэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог банкны гүйцэтгэх захирал Жэрэми Даген өнгөрсөн жил “Биткойн бол сүлжээний бизнес. Блокчэйн, биткойн хоёр салшгүй юм биш. Блокчэйн бол биткойны мотор. Энэ моторыг юунд ч ашиглаж болно” хэмээн ярьжээ. Жэрэми Даген бол уламжлалт санхүүгийн маш том тоглогч. Америкийн хамгийн том банк, улсынхаа мөнгө хэвлэдэг газрын хувьцаа эзэмшигч, ер нь л тун нөлөөтэй эрхэм. Биткойнд талгүй ч блокчейн технологийг банкиндаа хөгжүүлээд явж байгаа мундагуудын нэг.

“Блокчейн технологийг олон зүйлд ашиглаж болно, биткойны хувьд зөвхөн нэг хэрэглээ нь. Хүнд ойр зүйлтэй харьцуулбал цахим шуудан, интернэт хоёрыг нэг юм гээд базчихаад байна л даа. Уг нь тэс өөр хоёр зүйл шүү дээ” гэж энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа залуусын нэг Б.Гантиг ярилаа. “Пийк медиа групп”-ээс зохион байгуулсан арга хэмжээнд тэрээр блокчейн технологийн тухай лекц уншсан юм. Түүний лекцээс тоймлон хүргэе.

Амьдралын салшгүй хэсэг болсон интернэт яаж ажилладаг юм бол гэдэг маш сонирхолтой асуулт. Бид интернэтээр олон зүйл амжуулдаг ч хэрхэн ажилладгийг нь мэддэггүй. Гэсэн ч ажлаа амжуулсаар яваа. Тэгэхээр блокчэйнийг заавал ухаж мэдэх шаардлагагүй. Амьдралд яаж нөлөөлөх вэ гэдэг талаас нь ойлговол илүү үр өгөөжтэй.

Блокчэйнийг хамгийн энгийнээр хэлбэл гүйлгээ бүртгэдэг цахим журнал. Гүйлгээ гэдэг нь их өргөн утгатай. Мэдээллийн гүйлгээ ч байж болно. Дата өгөгдөл гэсэн ойлголт бий. Үүнийг улс төрийн, хувийн хэвшлийнхэн ялгаагүй хэрэглэгддэг. Энгийн жишээгээр тайлбарлавал хүүхэд төрлөө гэхэд төрсний гэрчилгээ авдаг, тэр нь Монголын төв системд бүртгэгдээд явдаг. Харин блокчэйн бол тархмал систем. Хүүхэд төрлөө гэхэд мэдээлэл нь нэг серверт л бүртгэгдэнэ. Дэлхий даяар интернэт сүлжээнд дата нь хадгалагдана гэсэн үг. Дэлхийн хаа нэг газар хүүхэд төрсөн тухай мэдээллийг устаж, өөрчиллөө ч нөгөө хэсэгт нь эх мэдээлэл хэвээр байх нь блокчейний гол давуу тал. Интернэтэд байнга хэрэглэдэг төвлөрсөн серверийг ашиглах нь алга болох, гэмтэх гэх мэт эрсдэлтэй бол блокчейний хувьд ийм асуудал байхгүй гээд ойлгочихож болно.

Нэг хүнээс нөгөө рүү өдөр бүр тодорхой хэмжээний доллар шилжүүлдэг гэж бодъё. Биткойн дээр 1000 гаруй гүйлгээ бичигдээд нэг блок нь дүүрдэг. Эхний журнал нь дүүрэнгүүт дараагийн журнал нээгддэг. Эхний журналын хамгийн сүүлийн гүйлгээ дараагийн журналд эхний гүйлгээ болон орж ирдэг. Ийм маягаар хоорондоо хэлхэгддэг. Blockchain-ыг монголоор хөрвүүлбэл хайрцаган хэлхээс гэсэн утга гардаг нь ийм учиртай. Хоорондоо холбогдохдоо Proof of work гэдэг хийсэн ажлаа баталгаажуулдаг үндсэн системтэй. Нэг гүйлгээ хийгээд үүнийгээ өөр нэг компьютерт заавал баталгаажуулдаг гэсэн үг. Үүнийг нь математикийн хүнд томьёогоор хийдэг. Proof of work системийг хакераас хамгаалагдсан, хүчээр гүйлгээ хийхээс урьдчилан сэргийлэгдсэн гэж тодотгодог.

Нотариатыг моодноос гаргах технологи

Блокчейнийг нотариатыг моодноос гаргах технологи гэцгээж байна. Хоёр хүн гэрээ хийхэд заавал нотариатоор баталгаажуулж баталгааждаг бол ирээдүйд тэгэх шаардлагагүй. Блокчэйний зарчим гүйлгээг баталгаажуулж өгөхөд чиглэдэг. Блокчейн шилжүүлгийн гүйлгээг баталгаажуулдаг систем хийе гэсэн сэдлээр 1991 оноос яригдаж эхэлсэн түүхтэй. Блокчэйнийг энгийнээр зүйрлэвэл хамгийн анхны гар утас. Цаашид илүү хөгжиж технологид нэвтрэх боломжтой.

Блокчэйнийг олон улс орон дэмжиж, Засгийн газрууд нь хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа. Зүүн европынхон энэ явцыг түүчээлж байна. Швейцарь гэхэд л блокчэйнийг сонирхож нэг хотоо Cryptowallet-ийн чөлөөт зах зээл болгосон. 2022 оноос хойш НҮБ-ийн датаны 20 хувийг блокчэйн дээр байрлуулна гэсэн төлөвлөгөө яригдаад эхэлчихсэн.

Ирээдүйд эд юмсын интернэт буюу бүх юмсыг интернэттэй холбоно гэж буй. Хүн төрөлхтөн энэ санаагаа хөгжүүлээд эхэлчихсэн. Хамгийн ойрын жишээ нь жолоочгүй машин. Айлуудын хөргөгч автоматаар дотроо байгаа бүтээгдэхүүний муудсан эсэхийг шинжлээд дэлгүүрээс шинийг захиалдаг дансанд холбогдсон байх жишээний. Дэлгүүрээс хүргэлтийн хүн ирж хаалганд нь нэг удаагийн код авч хийгээд л хөргөгчийг нь дүүргэж өгөөд эхэлчихсэн. Эзэн нь гар утсаараа гэрийнхээ камерыг хянаад л асуудлыг зохицуулчихаж байна. Бидний эргэн тойрон хиймэл оюун ухаантай холбогдож байгаагийн наад захын жишээ нь энэ.

Үүнийг хийхэд мэдээж маш том дэд бүтэц хэрэгтэй. Хакердах, халдах, өөрчлөх, нууцад нэвтрэх зэрэг асуудлыг блокчэйн шийдэх боломжтой. Блокчэйнийг хакердах боломжгүй. Биткойны блокчэйний тухайд гэхэд л дэлхий даяар 13 мянган сервер шиг нөүтбүүк ажиллаж байдаг. 13 мянган нөүтбүүкэн дээр мэдээлэл зэрэг явж байдаг гэсэн үг. Тэдгээр серверийн 51-ээс дээш хувийг нэг хүний мэдэлд байлгаж байж хакердах боломжтой. Дэлхийд энийг хийх боломжтой хүчин чадалтай компьютер хаана ч байхгүй. Ийм онцлогтой технологийг ашиглаад баталгаатай гүйлгээ хийж болно, цаашлаад бизнесийн юм уу төрийн хэрэглээнд ашиглах боломжтой гээд байгаа нь ийм учиртай. Хямд , хамгийн баталгаатай шийдэл гэж бизнесмэнүүдийн олзуурхаад байгаагийн цаад шалтгаан нь энэ.

Тээвэр ложистикоо блокчейнээр хийх боломжтой

Блокчэйний хамгийн ойр нэг хэрэглээ бий. Хангамжийн ложистикийн тээврийн салбарт нөлөөлөх асар том боломжтой. Компьютер хөгжүүлэгч IBM компани олон улсын компанитай хамтран биткойны хамтарсан системийг хийж хэрэглээндээ нэвтрүүлээд байна. Тээвэр ложистикийн салбарын бүх зүйл цаасан дээр явдаг. Процесс бүрийг нь брокер, гааль гэх мэт өөр өөр байгууллагууд хийдэг. Энэ салбар яагаад цаасан дээр яваад байна гэхээр нэг л шалтгаантай. Итгэлцлээс болоод тэр. Итгэлцлийн асуудлыг шийдэж өгч байгаа гэдэг утгаар нь блокчейнийг тээвэр ложистикт хэрэглэх сонирхол өндөр байна. Блокчейн хэрэглэвэл нэг бараа үйлдвэрээс гарлаа гэхэд хайрцаган дээр нь QR код хийж өгөөд явуулдаг. Гааль дээр тэр кодыг нь уншуулахад тухайн барааны бүх мэдээлэл гарч ирдэг. QR кодын мэдээллийг хэн ч өөрчилж чадахгүй.

Уг нь Монгол Улс хөгжихийн тулд энэ салбараа нэгдүгээрт тавих ёстой. Яваандаа “Нэг зам-нэг бүс” хөтөлбөр манайхтай холбогдох юм бол блокчэйнд холбогдохоос аргагүй. Ингэснээр гаалийн бүрдүүлэлтийн асуудал маш хурдан шийдэгдэж эхэлнэ. Ямар ч хулхины юм байхгүй болно гэсэн үг. Блокчэйн авлигыг байхгүй болгоно гээд байгаа нь ийм учиртай.

Австралийн Хөрөнгийн бирж шат шатаар системээ блокчэйн рүү шилжүүлж эхэлсэн. 2022 он гэхэд энэ бирж тэр чигээрээ блокчейн дээр суурилна гэж байна. Хөрөнгийн бирж дээр худалдан авагч, брокер гэсэн шат дамжлагаар явж гурван хоногийн дараа хувьцаагаа авдаг. Энэ процесст итгэлцлийн асуудлыг шийдэх боломжтой. Гурван хоногт хийдэг байсан гүйлгээг нэг минутанд хийдэг болгоё гэж Авсралийн хувьцааны арилжааны байгууллага зорьж байгаа. Японы Засгийн газар нэг бирждээ блокчейн нэвтрүүлэхийг зөвшөөрсөн.

Швейцарийн нэг хотод сонгуулийг блокчэйнээр хийсэн. Хар хайрцганд баяртай гэж хэлж, хурууны хээгээр гэрээсээ саналаа өгөх боломж бүрдүүлсэн нь блокчейн технологийн Африкт бас блокчэйн дээр сонгууль өгсөн. Блокчейнийг төрийн хэрэглээнд дотоодод мэдээллийн сан дээр хэрэглэж болно. Үл хөдлөх хөрөнгийн хувьд зургаар нь хадгалдаг онцлогтой. Зургаар хадгалахаар мэдээллийн сан нь дүүрээд асуудал үүсдэг. Блокчэйн дээр үүнийг маш бага зардлаар хийж болно. Үүнийг Гүрж улс хэрэгжүүлж чадсан. Бүх мэдээллийн сан, үйлчилгээ нь блокчэйний мэдээллийн санд суурилах болоод удаж байна. Дэлхий даяар хамгийн мундаг хакерууд блокчейн дээр суурилсан мэдээллийг хакердах гэж маш их мөнгө зарлагдаад чадаагүй.

Монголын эдийн засгийн гол суурь нь уул уурхай. Шинээр эхлэх уул уурхайг блокчэйн дээр суурилуулж явуулах боломжийг хайсан төслүүд яригдаж байна. Дэлхий даяар явагдаж байгаа сүлжээ, олон төслүүдийн цаана мотор хэрэгтэй. Нүүрсээ шилэн кабелаар гаргая гээд байгаа нь цаанаа нарийн учиртай. Нүүрсэн дээр тулгуурлаад цахилгаан станцаа барьж, гарч буй эрчим хүчээрээ дата төвүүдээ хангаад, тэр нь олон улсад ажиллаж байгаа блокчэйний түлш нь болж өгөхийг хэлээд байгаа юм.

Эрүүл мэндийн салбарт регистрийн дугаараар мэдээллийг нь хадгалж болно. Аль ч эмнэлэгт очоод регистрээ хэлэхэд тухайн хүний мэдээлэл гараад ирэх боломжтой. Мэдээж тэр мэдээлэл зөвхөн эмчид зориулагдсан байна. Мэдээллийг хэн ч өөрчлөхгүй гэдгээр давуу тал нь хэмжигдэнэ. Ийм систем байвал маш их зардал, цаг хэмнэнэ. Төрснөөс хойших тухайн хүний эрүүл мэндийн талаарх бүх мэдээлэл нь хадгалагддаг блокчейнд суурилсан сантай болчихвол улсын, хувийн аль ч эмнэлэгт хэрэгтэй.

Хулхи барааг утсаараа таниулаад мэддэг болно

Блокчейний хэрэглээний тухайд өнөөдөр манай улсад хууль эрх зүйн орчин байхгүй. Зөв утгаар нь хөгжүүлэх талаас нь дэмжсэн хуультай болвол сайн. Үүний тулд блокчейний талаар маш сайн ойлголттой болох хэрэгтэй л дээ. Блокчейнийг хамгийн энгийнээр бүртгэлийн систем гэж ойлгож болно. Ер нь бол банкны дотоод системтэй адилхан. Хүнд ойрхоноор хэлбэл нотариатын ажил байна. Заавал уулзаж цаасан дээр гэрээ хийхгүй утсаараа холбогдож хийж болно гэсэн үг. Машин үйлдвэрлэгчид үүнийг хэрэглэж эхлэх гэж байна. Сэлбэг болгон дээр сериал дугаар, QR кодыг хийгээд хуурамч сэлбэг гэх юмгүй болно. Хятадад 55 тэрбум долларын хулхи барааны зах зээл байдаг. Энэ тал дээр хамтарч блокчэйн дээр ориг бараа байрлуулна гэсэн яриа эхэлчихсэн. Хулхи барааг утасаараа таниулаад мэддэг болно гэсэн үг.

Интернэтийн хөгжлөөс бид хоцорсон. Харин блокчэйний хөгжилтэй зэрэгцэж чадна. Тийм болохоор Засгийн газар дэмжиж, хөрөнгийн зах зээлд ашиглаад эхэлсэн. Уул нь жижигхэн улсад хурдтайгаар үр шимийг нь хүртэж болно гэж би хувьдаа харж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарханы замд зарах 60 саяыг 300 саяар шийдүүлж болох байсан юм шүү дээ, уг нь

Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл манай улсад 2017-2020 оны хооронд нийтдээ нэг тэрбум 350 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан юм. Энэ мөнгөний эхлэл нь “нийгмийн халамж, банкны салбарыг хямралаас сэргийлэх” гэсэн шошготой 250 сая ам.доллар байв. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн нэг зориулалт нь эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх. Түншлэлийн стратеги хэрэгжих хугацаанд жилд дунджаар 300 орчим сая ам.долларыг Монгол руу шилжүүлнэ гэсэн тооцоо, төлөвлөгөө бий. Энэ мөнгөний тал нь бодлогын зээл байна гэсэн тохироо байгаа. Нэг хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай зээл гэдэг бол боломжийн нөхцөлтэй валютын эх үүсвэр. Сүүлд гэхэд Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталлаа. Энэ мөнгө Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замын их засварт зарцуулагдана. Нийтдээ 311 км замыг энэ мөнгөөр шинэчилнэ гэж буй. Орос, Хятадыг холбоход чухал үүрэгтэй Дарханы зам там болоод удаж байгаа. Шинэчилж, их засвар хийнэ гэдэг нэрийн доор нөхөөс тавьж нүд хуурахын оронд нэг талдаа хоёр эгнээтэй, нийтдээ дөрвөн урсгалтай шинэ зам барьчих хэрэгтэй л дээ.

Азийн хөгжлийн банкийг том мөнгөн дүнтэй санхүүжилт өгч байгаа дээр нь нэг жилд орж ирэх 300 сая ам.долларыг тэр чигт нь Дарханаас Улаанбаатар чиглэлийн замд зарцуулчихад болохгүй гэх газаргүй. “Ийм зам барьчихвал манай улсын эдийн засгийн өсөлтөд хэрэгтэй, хоёр улсыг холбосон транзит тээвэр хийх боломж бүрдэнэ, тэгвэл бүр их мөнгө олно, зам дагаад ядуурал, ажилгүйдэл арилна” гэх мэт үндэслэл шалтгаануудыг тоо, баримттай нь гаргаад өгвөл Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл татгалзахгүй.

Ер нь их мөнгөний сураг сонсогдохоор УИХ дээр бужигнаад эхэлдэг. Жижиг тойргуудаас сонгогддог болохоор гишүүн бүр тойрог руугаа хэдэн төгрөг өгүүлэх гээд зүтгэдэг нь нууц биш. Энэ мөнгөний сургаар гэхэд л Хөвсгөлд хэдэн жорлон, Хэнтийд хөшөө барина гэх мэт дэмий яриа өрнөсөн. Лав л сүүлд гурван сая ам.доллараар БОАЖЯ, Азийн хөгжлийн банктай хамтарч Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 50 ширхэг жишиг жорлон байгуулсан. Жорлонгоос өөр зам гэх мэт эдийн засагт шууд утгаараа эерэг нөлөө үзүүлдэг зүйлд зарсан бол илүү дээр шийдэл болох байсан нь ойлгомжтой. “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслийн хүрээнд Хөвсгөл орчимд хатуу хучилттай болон сайжруулсан шороон зам барих, дугуйн зам тавих, цэвэрлэх байгууламж барих, автомашины зогсоол, мэдээллийн төв байгуулах, зарим зам гүүрийн Азийн хөгжлийн банкны мөнгөний 35 сая нь зарцуулагдах юм билээ. Үлдсэн гурван сая ам.долларыг нь Хан Хэнтий, Орхоны хөндий, Өгийнуурын байгалийн аялал жуулчлалын бүсийн ТЭЗҮ боловсруулахад зарцуулахаар төлөвлөөд буй. Хөвсгөлийг жорлонжуулах, Хэнтийд хөшөө барих нь Л.Энх-Амгалан, Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн хувьд тойргийнхондоо гоё харагдахаар ажил мөн үү гэвэл мөн. Гэхдээ доллар ховрын бараа болсон өнөөдрийн тухайд хэтэрхий үрэлгэн тансаглал.

Замд 60 сая ам.доллар зарах болсон нь шийдвэр гаргагчдын чин хүсэл биш, нийгмийн сүлжээгээр хүчтэй шүүмжлэл өрнөсөн учраас л энэ удаад Дарханы замд нөхөөс тавихаар болоод байна. Эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдолтой гэж хэлж болохоор ийм замд 60 сая ам.доллар гэдэг хэтэрхий бага мөнгө. Замын цагдаагийн газрын хавьд барьж буй ганц гүүр гэхэд л 40 сая ам.доллараар босч байна гэсэн мэдээлэл бий. Ингээд харьцуулахаар хэтэрхий бага мөнгө гэж хэлэхээс өөр арга алга. Төрийн алсын хараа, төрийн ажил гэж ийм л дэмий юм болоод байна.

Дарханы зам яагаад ч юм анхаарлын гадна үлдчихээд байдаг. Дарханы замыг засна шинэчилнэ гэсэн яриа төр засгийн удирдлагуудын түвшинд сүүлийн хорин жил өрнөж байна. Азийн хөгжлийн банк Дарханы замыг зүгээр ч нэг онцлоогүй. Ази Европыг холбох ач холбогдолтой учраас онцолсон хэрэг л дээ. Нэг ичмээр зүйл нь манай удирдлагууд хоёр хөрштэйгөө уулзаж гар барилцахаараа л Ази, Европыг холбосон зам тавина, транзит тээвэр хийнэ гэсэн том яриа өрнүүлдэг. Гэтэл ачир дээрээ Дарханы замаа ч шинэчилж чадахгүй яваа. Энэ замд нөхөөс хийхээс өөр ажил хийлгүй өнөөг хүрээд буй нь гашуун үнэн. 1990-ээд онд эдийн засаг жижиг, машин цөөхөн байсан учраас Дарханы зам тойрсон элдэв асуудал яригддаггүй байв. Одоо бол байдал өөрчлөгдсөн. Эдийн засаг тэр үеийнхээс өчнөөн дахин томорсон, машин тэрэгний тоо ч тоймоо алдсан. Хүнд даацын машинуудын тээвэр огцом өсөөд буй. Жил ирэх бүр нимгэрч, нарийсаад байгаа Дарханы замын эдийн засагт гүйцэтгэх үүрэг 1990 онтой харьцуулахааргүй өндөр болсон.

Хөшөө барьчихаар жуулчид очиж үзнэ гэдэг үлгэр л дээ. Жорлон ч онцын хэрэгтэй эд биш. Хөвсгөлд аялал жуулчлалын бизнес эрхэлж мөнгө олдог өчнөөн компани бий. Мөнгө олж байгаа юм бол орчин нөхцөлөө бүрдүүлж ажилла гэсэн шаардлага тавьж, жорлонгийн стандарт гаргаад өгөх шиг амархан ажил төрд байхгүй. Стандартын дагуу жорлон барихгүй бол зөвшөөрлийг чинь хураана гэчихэд л шийдэгдэх асуудал. Хөшөө ч гэсэн төрийн хошуу дүрэх асуудал биш. Аялал жуулчлалын компаниуд нь ийм санаа гаргаад хэрэгжүүлээд явдаг жишиг зах зээл хөгжсөн орнуудад үйлчилдэг. Наад захын жишээ гэхэд Цонжинболдогийн Чингисийн хөшөөг төр бариагүй. Микель Анжело, Да Винчийнх шиг уран тансаг, урлагийн бүтээл гэж хүлээн зөвшөөрөхөөр хөшөө баримал л биш бол хөшөө дурсгалд төр мөнгө зараад байх шаардлагагүй.

Зарим улстөрчийг анзаарах нь миний тойргийн тийм ажилд бага мөнгө өглөө гээд УИХ-ын дарга руу дайрч ч байх шиг. Улсынхаа эдийн засгийг биш, өөрийнхөө эрх ашгийг бодсон ийм үйлдлийг хэтэрсэн тэнэглэл гэхээс өөр юу гэхэв. УИХ-ын дарга М.Энхболд руу дайрч байгаа Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн үйлдлийн цаана ийм жижигхэн эрх ашиг нуугдаж буй нь нууц биш. Гаднаа шинэчлэл гэх мэт сүржин зүйл ярьчихаад цаанаа ийм жижиг ашиг сонирхлоор асуудалд ханддагаа болимоор байна. УИХ-ын гишүүдийг том бодлого ярьдаг болгох нэг л гарц бий. Тэр нь сонгуулийн системийг өөрчлөх. Томсгосон тойрогт өрсөлдүүлэхгүй бол сумын жорлон, хөдөөний хөшөө энэ тэрхнээс хэтрэхгүй чавганцын яриа УИХ-ын чуулганы танхимаас салахгүй. Хөшөө, жорлон мэтхэнд үрсэн мөнгөө шууд замдаа шингээсэн бол Алтанбулагаас Замын-Үүд хүрсэн хурдны зам барих ч асуудал биш.


Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар иргэдийнхээ халаасыг сэгсэрч өрөө дарлаа

-ШИЙДВЭР ГАРГАГЧИД ИХ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАР ГАДАГШЛУУЛАХ БҮРТЭЭ ТӨГРӨГӨӨ ҮНЭГҮЙДҮҮЛЖ, ИРГЭДЭЭ ХОХИРООЖ БАЙНА-

Ч.Хүрэлбаатар сайд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхийг цуглуулж байгаад “Дим сам бондын өрийг төлж дууслаа. Бас бус зөндөө өр дарлаа. Ингэж өр тавиагүйсэн бол зургадугаар сард өрөндөө өгсөн мөнгөөр бүхэл бүтэн цэвэрлэх байгууламж барьчих байлаа. Авто зам барьсан бол 700 км зам тавих байлаа шүү дээ” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Засгийн газрын нуруун дээр өр төлөх ачаа байгаа нь үнэн л дээ. Өрөө дарж чадсан нь мөн л үнэн. Гэхдээ ганцхан У.Хүрэлсүхийн Засгийн газар өрийн дарамтад ороод өр төлөөд яваа гэвэл үнэнээс хазайсан хэрэг болно. Үе үеийн Засгийн газар өрийн ачаа үүрсээр ирсэн. Бусдаас доллар гуйж зам тавьж, үйлдвэр барихаас аргагүй учраас аль ч засгийг өр тавилаа гэж буруутгахад хэцүү. Манайх шиг доллар үйлдвэрлэдэггүй, дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлээгүй, улс төрийн, бодлогын тогтворгүй орчноосоо болж гадаадын хөрөнгө оруулагчдад гологдсон улсад өр зээл тавьж, хямд хүүтэй мөнгө босгохгүйгээр урагшлах арга өнөөхөндөө байхгүй. Бид өмнөх засгийн тавьсан өрийг төлж байна гэсэн гомдол энэ засгийн өнгөнд л дуулдаж байгаагаас биш Монголын Засгийн газар төдийгөөс өдий хүртэл урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, өрөөс өрний хооронд амьдарсаар ирсэн.

Засгийн газар үнэхээр эрийн сайндаа өр төлбөрөө дажгүй дарчихаж байна уу гэсэн асуулт тавиад хариуг нь хайхаар Сангийн сайдын эрдэж бардаад байгаа шиг утга гарч ирэхгүй. Мундаг гайхам менежмэнт хийгээд өрөө дарсан бол алга ташиж баяр хүргэхэд болохгүй юмгүй л дээ. Харамсалтай нь баяр хүргэж алга таших ямар ч шалтгаан алга. Засаг иргэдийнхээ халаасыг тэмтэрч, сэгсэрч байж өр төлбөрийнхөө ард гарлаа. Шийдвэр гаргагчид их хэмжээний доллар гадагшлуулах бүртээ төгрөгөө үнэгүйдүүлж иргэдээ хохироосоор ирсэн. Энэ удаа ч чаддагаар нь иргэдийнхээ халаас руу гараа дүрж байж өр төлбөрөө барагдууллаа. 2016 оны төгсгөлд ам.долларын ханш 2700 төгрөг хүрч галзуурсан нь тодорхой шалтгаантай. Эрдэнэтийн 49 хувийн хэлцэлтэй холбоотойгоор их хэмжээний ам.доллар гадагшилсан нь долларын ханшийг тэгтэл нь савлуулсан гэж эдийн засагчид онцолдог. Өнгөрснөөс энэ мэт жишээ түүвэл барагдахгүй.

Засгийн газар “Дим сам” болон бусад гадаад төлбөр өрөө дарахдаа иргэдийн халаас руу яаж орсныг Монголбанкны өнгөрсөн сард хийсэн алхмуудаас харчихаж болно. Төв банк өнгөрсөн сард гурван ч удаа гадаад валютын дуудлага худалдаанд оролцоогүй. Хамгийн анх өнгөрсөн сарын 14нд зарласан гадаад валютын дуудлага худалдаандаа оролцоогүй бол тав хоногийн дараа зарласан дуудлага худалдаагаа ч алгассан. Сүүлд нь өнгөрсөн сарын 21нд товлосон арилжаанаасаа татгалзсан юм. Харин маргааш нь яаран сандран ээлжит бус дуудлага худалдаа зарлаж зах зээлд 2451 төгрөгөөр 88.7 сая ам.доллар нийлүүлснийг цахим хуудаснаас нь харчихаж болно.

Ерөнхийлөгч нь эрх баригч намаас томилогддог Монгол банкны хувьд биеэ даагаад бодлого явуулах бололцоо хэтээсээ байхгүй. Эдийн засгаа мэддэг, мөнгөний бодлогоо мэдэрдэг, засагтаа нөлөөлж үгээ хэлж чаддаг, хэлсэн үг нь шийдвэр болтлоо биеждэг хүчирхэг чанаргүй л бол намаа дагаад явахаас өөр зам үе үеийн төв банкны удирдлагуудад байдаггүй. Өнөөгийн Монголбанкны удирдлагын ажлаа авсан цагаас хойшхи шийдвэрүүдээс анзаарахад Н.Баяртсайхан намаа дагадаг удирдлагуудын нэгд зүй ёсоор багтана. Тэгэхээр Засгийн газар “Дим сам” бонд тэргүүтэй гадаад өрөндөө ам.доллар гаргахын тулд Монголбанкаар ийм алхам хийлгүүлж. Төв банк ч засгийн санааг үг дуугүй биелүүлж, үр дүнд нь ам.доллар хэдхэн хоногийн дотор 37 төгрөгөөр өсчээ. МАН засаг барьснаас хойш долларын ханш 503 төгрөгөөр өсөөд байгааг энэ дашрамд онцолъё.

Долларын ханш өсөх нь ордонд суугаа, шийдвэр гаргалцдаг хэдэд ямар ч нөлөө үзүүлдэггүй. Хадгаламжийнхаа хүүгээр амьдардаг, оффшорт мөнгөө байршуулсан шигээ амар жимэр аж төрдөг, эсвэл төрд ажилласныхаа өгөөжөөр овоо мөнгөтэй, бизнестэй болсон хүмүүст доллар хэд болж галзуурсан ч хамаа байдаггүй. Доллар өсч төгрөг үнэгүйдэхэд хамгийн их хохирдог нь компаниуд ба жирийн иргэд. Шинэ санаа хайж, дажгүй технологи нэвтрүүлж, төрийн хүнд суртлыг тэвчин байж баялаг бүтээдэг компанийн эздэд ханшийн савлагаа хамгийн их нөлөөлдөг юм. Технологио шинэчлэх гэх мэт том зорилгоор долларын зээл авсан компанийн захирлуудын хувьд ногоон валютын ханш өсч, төгрөг үнэгүйдэх бүрт алдагдал хүлээдэг.

Долларын ханшийн өсөлт хөлсөө дуслуулж цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэдийн хөргөгчинд нь нөлөөлдөг. А гэдэг иргэн МАН засаг барьдаг жил 600 мянган төгрөгийн цалин авдаг байлаа гэж төсөөлье. Тухайн үед буюу 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр нэг доллар 1962 төгрөгтэй байхад иргэн А 305 ам.доллартай тэнцэх цалин авдаг байж. Харин өнөөдөр түүний цалингийн хэмжээ 243 ам.доллартай тэнцэж байна. Цалингийнх нь хэмжээ буураагүй хэр нь долларын ханшийн өсөлтөөс болоод авдаг хэдийнх нь үнэ цэнэ ингээд буучихаж. Агийн цалин 62 ам.доллараар буурчээ. 62 долларыг өнөөдрийн ханшид шилжүүлбэл 151900 төгрөг. Доллар өссөнөөс болоод иргэн А-гийн цалин 151900 төгрөгөөр үнэгүйджээ. Энэ мөнгөөр тэр хөргөгчиндөө хамгийн үнэтэй үхрийн мах авлаа гэхэд л 29 кгийг уутлаад хийчихнэ. Ам бүл олуулаа айлд бол сарын хоолондоо хэрэглэчихээр мах. Дахиад тоо бодъё. Өнгөрсөн сард Засгийн газрын бондын өр төлнө гэсэн шалтгаанаас болж Монголбанк валютын дуудлага худалдааг өнжин байж долларын ханшийг 37 төгрөгөөр өсгөсөн. Иргэн А-гийн цалин үүнээс өмнө 247 ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 243 ам.доллартай тэнцэж байна. Түүний цалин хэдхэн хоногийн дотор дөрвөн ам.доллараар буурчээ. Хэдхэн өдөрт цалингийнх нь үнэ цэнэ 10000 орчим төгрөгөөр буурчихаж. Энэ хэмжээний мөнгөөр дор хаяж зургаан кг гурил авна. Долларын ханшийн өсөлт иргэдийн халаасанд ингэж нөлөөлдөг. Засгийн газар иргэдийнхээ халаасыг сэгсэрч өрөө дарсан гээд байгаагийн цаад учир энэ л дээ.

Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газар 753 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү төлөөд байна. Хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 27.6 тэрбум, “Чингис” бондын хүүгийн төлбөрт 61.8 тэрбум, “Дим Сам” бондын эцсийн төлбөрт 370.5 тэрбум төгрөг төлжээ. Гадаад өр төлбөрт нийтдээ 459.9 тэрбум төгрөг өгсөн тооцоо гарч. Дотоодын өр төлбөрийн хувьд төсвийн алдагдал, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийн санхүүжилт гэх мэтэд нийтдээ 293.4 тэрбум төгрөг төлсөн байна. Засаг зүгээс “Дим сам” бондын өрийг төлж дууссан гэж онцлон мэдээлж байгаа. “Дим сам”ыг 2015 онд олон улсын зах зээлээс босгож байсан юм. Нэг тэрбум юань буюу 160 сая долларын энэ бонд анх 7.5 хувийн хүүтэй байсан бол сая төлж дуусахад хүү нь 15 хувиар хэмжигдсэн. Сангийн сайд өр авах ийм аюултай гэж ирээд бондын хүүгийн харьцуулалтыг онцолж харагдсан. Сайдын үгний цаана долоон хувийн хүүтэй гэж авсан зээлийг нь бид 15 хувийн хүүтэй болгож төллөө гэсэн өнгө анзаарагдсан учраас жижигхэн тайлбар шигтгэе. Бондын хүү буюу эрсдэл өсөх гадаад, дотоод олон шалтгаан бий. Нэг шалтгаан нь бонд гаргасан Засгийн газрын бодлогоос хамаардаг. Засгийн газрынх нь бодлого хөрөнгө оруулалтад ээлтэй, эдийн засагт өгөөжтэй бол бондын хүү анх босгосон хувиасаа ч буух бололцоотой. Харин Засгийн газрынх нь бодлого буруу, хөрөнгө оруулалтад халтай бол бондын хүү буюу эрсдэл нь өсөөд явдаг. Тэгэхээр МАНын Засгийн газар хөрөнгө оруулалтын таагүй орчин үүсгэж, буруу бодлого барьсан учраас “Дим сам” бондын хүү буюу эрсдэл өссөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ засаг хэрэгжүүлсэн бодлогынхоо шанг л төлсөн хэрэг. Хэрвээ МАНын Засгийн газрын бодлого зах зээлд эерэгээр нөлөөлж, эдийн засгаа өсгөхөд чиглэсэн бол “Дим сам” бондыг ийм өндөр хүүтэйгээр төлөхгүй байлаа. Засгийн газарт одоо “Чингис бонд”ын хүүгийн төлбөр гэж том ачаа бий. Цаашид хэрэгжүүлэх бодлого нь аятай бол “Чингис” бондын хүүгийн төлбөр тэр хэрээр багасна гэдгийг сануулахад илүүдэхгүй. Үүнээс гадна “Гэрэгэ”, “Мазаалай” бондууд, гадаадын хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөр хүү гэж байгаа. Энэ онд гэхэд 3.8 их наяд төгрөгийн төлөх ёстой өр биднийг хүлээж байна. Үүний 1.2 их наяд нь хүүгийн төлбөр. “Чингис”, “Дим сам” бондын өрийг төлснөөр Засгийн газрын өр 21 их наяд төгрөг болж буурсан гэсэн тооцоо гарчээ. Засгийн газар өргүй байна гэж үгүй, төдийгөөс өдий хүртэл өр авч, өрөө төлсөөр ирсэн. Гэхдээ өр төлбөрөө иргэдийнхээ халаасыг сэгсэрч төлдөг бүдүүлэг аргаасаа татгалзмаар байна.

Иргэдийнхээ халаасыг сэгсэрч, хөргөгчин дэх хүнснээс нь хумслан байж гадаад өр төлбөрөө төлөхгүй байх арга уг нь бий. Оюу толгойгоо улстөржүүлэхгүй үргэлжүүлж, Таван толгойгоо булаацалдахгүйгээр хөдөлгөж, газрын тосны үйлдвэрээ ашиг, мөнгө харахгүйгээр барьчихвал долларын ханшид дарлуулахгүй аж төрөх боломжтой. Улсын хэмжээнд томоохон үйлдвэрлэл явуулдаг шижигнэсэн 30 компанитай байхад л доллар галзуурч, төгрөг үнэгүйдэх эрсдэл арилна. Олон улсын зах зээлээс хямд хүүтэй доллар хайж өр зээл тавихгүйгээр мөнгө босгох ганц л салбар бий. Тэр нь улстөрчдийн ад үзээд байдаг уул уурхай. Санаагаар болдог бол уул уурхайн хэдэн том төслөө зах зээлийн жамаар нь хөдөлгөчихөд л овоо доллар ороод ирнэ л дээ. Баялгаа ашиглаж олсон, эргэж төлөх шаардлагагүй, хүүгийн дарамтгүй доллараар үйлдвэрлэлээ хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулчихвал улсаараа хангалуун амьдрах боломжтой. Гуравхан сая хүнийг аятайхан амьдруулах уг нь тийм хэцүү ажил биш. Хүчтэй дундаж давхаргатай улс л өндөр хөгжилд хүрдэгийг Европын улсууд, Австрали, Америк ойрхоноос хайя гэвэл Хятадаар жишээлж болж байна. Хятад улс чинээлэг дундаж давхаргын тоогоороо тэргүүлээд эхэлчихсэн, таван жилийн хөгжлийн хөтөлбөрт нь “чинээлэг дундаж давхарга” гэсэн тодотгол онцгой байр эзэлж буй. Хятад, Америк хоёр чинээлэг дундаж давхаргынхаа тоогоор урд хойноо орцгоодог. Хүчтэй дундаж давхаргынхан хамгийн том хэрэглэгч, хамгийн сайн татвар төлөгч, онцолж хэлэхээр хөрөнгө оруулагчид байдаг. Тэр ч утгаар нь чадалтай дундаж давхаргынхныг эдийн засгийн гол судас гэж тодотгодог юм. Ямар ч улсын эдийн засгийг дундаж давхаргын эзлэх хувиар нь дүгнэдэг нь ийм учиртай. Халамж горьдохгүй, авлига харахгүй дундчуул олонтой улсын эдийн засаг өсдөг хөгждөг жамтай. Дэлхийн улсууд хүчтэй дундаж давхаргад хамаарах иргэдийнхээ тоогоор өрсөлдөж байхад Монголын төр засагт дундаж давхаргаа дэмжсэн тэр гэж онцлохоор бодлого байдаггүй. Дундаж давхаргаа дэмжих бодлого өнгөрсөн засгийн үед ипотекээр дамжиж хэрэгжсэн удаатай. Харин энэ засаг гарч ирээд ипотекийг хумьсан. Бага хүүтэй, урт хугацаатай ипотек өнөөдөр амь төдий л хэрэгжиж буй.

Шуудхан хэлэхэд төр засагт иргэдээ хангалуун амьдруулах сонирхол алга. Тэр чиг рүү зүглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй явах сонирхол УИХ, Засгийн газарт байна. Сүүлд гэхэд л банкуудыг 500 гаруй тэрбум төгрөгөөр дэмжих хууль баталчихлаа. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан учраас ийм шийдвэр гаргахаас аргагүй гэсэн тайлбар хэлж байгаа. Уг шалтгаан нь тийм ч иргэдэд ачаа болж магадгүй шийдвэр. Инфляциар дамжаад төгрөг үнэгүйдэж мэдэх эрсдэл бий гэсэн болгоомжлол дуулдаж байна. Монголын төр банкуудыг системийн гэж ирээд бодлогоор дэмжсээр өнөөг хүрсэн. Яг нарийндаа манайд системийн банк байхгүй гэж эдийн засагчид онцолдог. Хөгжилтэй улс орнууд эдийн засгийнх нь суурь болсон аль нэг салбараа дагнаж санхүүжүүлдэг банкийг тусад нь байгуулж, тэр банкаа системийн гэж тодотгодог. Өнөө банк нь тухайн салбарыг өсч өндийхөд нэмэр болох бүх л чиглэлийн бизнесийг бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтээр дэмждэг, үр дүнд нь эдийн засаг тэлдэг гэдэг. Дэлхийн улсууд ийм загварыг ашигладаг. Харин манай улс системийн гэж тодотгодог ийм банкгүй , бүх банк нь арилжааны зорилгоор ажилладаг онцлогтой. Наад захын жишээ гэхэд л ногоо тарьдаг компанид зээл өгчихөөд, зоорь барьдгийг нь ашиггүй бизнес гээд зээлд хамруулдаггүй. Хятадаас ногоо импортлохоос аргагүйд хүрдэг гол шалтгаан нь ердөө энэ. Зүй нь хөдөө аж ахуйн салбараа бүхэлд нь дэмжсэн системийн банктай бол ядаж л хүнсний ногоогоо худалдаж авах гэж гадагшаа валют урсгахгүй. Тэгэхээр арилжааны банкуудыг системийн гэж харж дэмжих нь бодлогын хувьд буруу болоод явчихаж байна. Банкны дэмжлэг гэснээс төр засгийн 500 тэрбумын дэмжлэг хоёрхон банкинд хаяглагдсан гэх мэдээлэл бас дуулдаж буй. Эндээс хөөгөөд ухахаар улстөр, эдийн засгийн цөөхөн том бүлэглэл эдийн засагт нөлөөлөх төрийн шийдвэрүүдийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж гаргадаг боллоо гэсэн шүүмжлэл бодитой дүгнэлт байж ч мэдэх юм. Том бүлэглэлүүд өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаад ирэхээр жирийн иргэд, чадлаа шавхаж баялаг бүтээх гэж зүтгэж буй компаниуд л хамгийн ихээр хохирдог. Саяхан гэхэд УИХ Татварын багц хуулиас жижиг компаниудыг томсгоход дэмжлэг үзүүлэх чиглэлийн бодлогын заалтуудыг тусгасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг сугалж аваад буцаасан. Дөнгөж байгуулагдсан компаниуд өндийж чадахгүй дампуурсаар байгаа. Жижиг дунд компаниудад таатай орчин бүрдүүлэхгүй бол эдийн засаг тэлэхгүй, цөөхөн том компанийн ноёрхол дуусахгүй гэсэн болгоомжлолыг эдийн засагчид хэлдэг. Гэтэл УИХ-ын сүүлийн үеийн шийдвэрүүд энгийн иргэдээ, жижиг дунд компаниудаа биш хүчтэй нөлөөтэй цөөнхийн эрх ашгийн талд гарах боллоо. Наад захын жишээ нь сая онцолсон хуулийн төсөл. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн онцолсончлон ямар ч лобби ороогүй, жижиг дундуудыг дэмжсэн хуулийг хэлэлцэхгүй гэж гөжсөнийг өөрөөр тайлбарлах аргагүй. Сүүлийн үеийн бас нэг тод жишээ нь Захиргааны ерөнхий хуульд оруулах гэж буй өөрчлөлт. Яг үнэндээ эдийн засаг, улстөрийн нэг бүлэглэл нь нөгөөгөө унагах гэж л энэ хуульд өөрчлөлт оруулан байж Захиргааны хэргийн шүүхийг татан буулгахаар улайрч буй нь нууц биш. Нэг нь нөгөөгөөсөө ахиу мөнгө идэх гэсэндээ иргэдийн олноороо хандаж эрх ашгаа хамгаалуулдаг шүүхийн хаалгыг барихаар зүтгэж байгаа нь гашуун ч гэлээ бодитой үнэн.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Наадмаас өмнө, наадмын дараа гэсэн хачин зуршлаа хаямаар байна

Массын дунд нэг хачин хандлага анзаарагддаг. Амьдралынхаа мөчлөгийг наадмаас өмнө, наадмын дараа, цагаан сараас өмнө амжаад, цагаан сар өнгөрөөж байгаад гээд хуваачихдаг. Нэг ажил эхлэх болохоороо наадмаас өмнө шалавлая гэж уухирдах нь энүүхэнд. Эсвэл наадмын дараа болъё доо гээд налайчихдаг. Нүүдэлчин амьдралаас улбаатай буруу хандлагын нэг л дээ. Энэ сэтгэлгээнээсээ татгалзах цаг хаяанд ирчихээд хаалга тогшоод удаж байна. Наадам, цагаан сарын дараа бүх зүйл дуусах юм шиг сэтгэж адгахаа больё.

Яг энэ хандлага УИХ дээр анзаарагдаад байх юм. Наадмаас өмнө амжуулъя гээд хууль, шийдвэрүүдийг бөөнддөгөө болимоор байна.УИХ цаг хугацааны ийм хачин мэдрэмжтэй ажиллавал улсаа хөгжүүлнэ гэж мянгантаа яриад нэмэргүй. Өнөөдөр гэхэд л хууль тогтоогчид Таван толгойг яахаа наадмаас өмнө шийдье гээд дээр доороо орсон шигээ бужигнаж байна. Нөгөө талд АН-ынхан наадмын өмнө хэлэлцүүлэхгүй шүү гэж завсарлага авч бойкотлосон ч “Хоёр тал ойлголцсон учраас хэлэлцүүлэг үргэлжилнэ” гэсэн агуулгатай мэдээлэл өчигдөр цацагдлаа. Хэлэлцэхээс аргагүй асуудлыг гацааж уях нь хэтээсээ дэмий хэрэг л дээ. Гацаахдаа огт үндэслэлгүй гаргалгаа, гарц ярьж далийгаад бүр дэмий. Зарим улстөрчдийн хэлээд байсан шиг Таван толгойн 51 хувийг ард түмэнд өгвөл юун IPO болно. Хөрөнгө босгож том төслөө хөдөлгөх ажил үлгэр болоод дуусах өндөр эрсдэлтэй. Таван толгойг Сингапурын нэг хүн сонирхож байгаа гэсэн дэл сул яриа дуулддаг. Нүүрсний зах зээл дажгүй байгаа ийм үед Таван толгойг сонирхох хөрөнгө оруулагчид мэдээж бий. Тэдний хувьд коксжих нүүрсний их нөөцтэй ордоо ямар хувилбараар, яаж ашиглах нь вэ гэдгийг харж байж мөнгөө оруулах эсэхээ шийдэж таарна.

Хэрвээ УИХ-аас иргэддээ энэ ордын дийлэнх хувийг эзэмшүүлэх шийдвэр гаргачихвал гадны ямар ч хөрөнгө оруулагч Таван толгойд мөнгөө хийхгүй. Том төсөл дээрээ ингэж попорвол синга нь байтугай инга нь ч олдохгүй. Ямартаа ч хоёр тал ойлголцолд хүрч Таван толгой дээр гар барьцгаах шиг боллоо. Гэхдээ өчигдрийн үйл явдлаас харахад Таван толгойг хөдөлгөх тухай санааг гажуудуулчихав уу гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Уул уурхайн сайд “Эрдэнэс Таван толгой”-н тодорхой хувийн хувьцааг арилжаалж мөнгө босгоё гэсэн хувилбар оруулж ирсэн. Гэтэл нөгөө талаас “Эрдэнэс Монгол”-ын хувьцааг нийтэд нь арилжаалах хувилбар гаргаад ирлээ. Засгийн газрын хувьд цаг алдахгүй гэсэн санаагаар нөгөө талынхаа хувилбар дээр толгой дохисон ч юм шиг өнгө ажиглагдаж байна. “Эрдэнэс Монгол” хэд хэдэн охин компанитай. ”Эрдэнэс Монгол”-ын хувьцаа гэдэг дээр хоёр тал гар баривал Оюу толгойгоос эхлээд бүх охин компанийн асуудал яригдана гэсэн үг. Хэрвээ асуудал ийм зургаар шийдэгдвэл Таван толгойг хөдөлгөх санаа талаар болно гэсэн үг. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа болохоор дүгнэлт хийхэд эрт байна.

Ямартаа ч өчигдөр болсон үйл явдлаас анзаарахад УИХ наадмаас өмнө том төслөө хөдөлгөх шийдвэр гаргаж магадгүй зураг харагдаж байна. Яг нарийндаа наадмаас өмнө Таван толгойгоо тачигнуулчихъя гэж яарах нь ч буруу хандлага. Наадам хоёрхон өдөр болоод дуусах баяр. Хоёр өдөр наадаж амарчихаад үргэлжлүүлээд хэлэлцэхэд болохгүй юмгүй. Тэгэх ч учиртай. Наадмын өмнө хэлэлцэж шийдвэр гаргаж чадсангүй наадмын дараа болъё гэсэн алгуурлал лав л Таван толгой дээр байж болохгүй. Өнөөдөр төр засгийнхан долларын нөөц гурван тэрбум, эдийн засаг дажгүй өсөлттэй гэж ирээд толгой өндөр суугаа. Гэхдээ ногоон валютаар тасарчихгүйхэн шиг аятайхан амь зуугаад байгаа нэг л зүйл бий гэдгийг санаж сэрж суугаа нь хэд бол. Хатуухан хэлэхэд уяачид нь морио, бөхчид нь бөхөө бодоод юун эдийн засаг манатай яваа нь гашуун ч гэлээ үнэн.

Эдийн засаг амь тасарчихгүй яваад байгаа нь нүүрстэй холбоотой. Мэдээж бидний сайных биш л дээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн учраас эрх баригчид овоо дориун, том дуугарсан шигээ сууцгааж байгаа юм. Төмөр замаа бариагүй, баяжуулах үйлдвэрээ байгуулаагүй, Таван толгой дээрээ ер нь юу ч хийгээгүй мөртлөө нүүрсээ их хэмжээгээр давгүй үнээр зараад байгаа нь Хятадын зах зээл дээр эрэлт үүссэнтэй холбоотой. Муу хүний заяа завагт гэдэгчлэн сүүлд гэхэд л Хятад АНУ-аас авах нүүрсэндээ 25 хувийн импортын татвар тавиадахлаа. Дэлхийн худалдааны дайнаас өгөөж хүртэх цөөхөн улсын нэгд багтсан маань л Монголын эдийн засагт аврал болж байна. Ингээд харахаар Азийн Монголын эдийн засаг гарцаагүй шалтгаанаар биш азаар л овоо сэхүүн яваад байна. Эдийн засагчид “Нүүрсний зах зээл дээр эдийн засаг тогтож байна” гэж анхааруулаад байгаа нь ийм учиртай. Тэгэхээр энэ алтан үеийг алдахгүйгээр Таван толгойгоо хөдөлгөе гэж шамдуулж яваа Д.Сумъяабазар сайдын санааг дэмжихээс аргагүй. Наадам ч болчихлоо, намрын чуулганаар л ярилцъя гэж алгуурлавал бид боломжоо алдана.

Наадмын дараа морь, бөх хөөцөлдөж хөдөө гадаа хэсэхгүйхэн шиг Төрийн ордондоо тогтож суумаар байна. Долдугаар сардаа багтааж Таван толгойг хөдөлгөх Засгийн газрын санааг ажил шийдэл болгомоор байна. Намрын чуулган гэж алгуурлавал эдийн засаг элгээрээ хэвтэхэд ойрхон болчихсон. Бондын төлбөрөө төлөх гэж хэдэн доллар татахад л ногоон валютын ханш савлахаар орчинд байгааг УИХ-д суугаа хэд мэдэхийн цаагуур мэдэж суугаа. Өнөөдрийнх шиг Төв банкаа гал руу түлхсэн шигээ суугаад байвал цаашдаа инфляци өсөх эрсдэл бий. Инфляци өсвөл шатахуун, мах, цахилгаан дулааны үнэ нэмэгдэнэ. Ингээд харахаар хамгийн хүнд ачаа нь иргэдийн нуруун дээр ирэхээр байна.

Төр засгаас Таван толгойн 1072 хувьцааг иргэн бүрдээ өгснөөс хойш өчнөөн жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл иргэн Дорж, Дулмаагийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй нь бодитой үнэн. Энэ том ордыг зах зээлийн жамаар нь, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцтай нь хөдөлгөөгүй цагт Таван толгойн хувьцааны өгөөжийг хэн ч хүртэх боломжгүй. Таван толгой ингэж амилаагүй цагт 1072 хувьцаа хэргээ өгөхгүй. Шилний цаадах чихэр долоож байгаагаас ялгаагүй, ямар ч үнэ цэнэ, ашиг өгөхгүйгээр олон оныг үднэ. Таван толгойн 51 хувийг иргэддээ өгөх ёстой гэдэг санааг өнгөц сонсоход чихэнд чимэгтэй л дээ. Гэхдээ ийм хувилбараар гаднаас мөнгө татах боломжгүй тухай өмнө дурдсан. 1072 шиг хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй хувь чухал уу, эсвэл шатахуунаас эхлээд хамаг юмны үнэ нэмэгдсэн орчинд тарчиг даржин амьдрах уу гэсэн сонголтуудыг иргэдэд санал болговол мэдээж бүгд хоёр дахийг нь сонгоно. Хэн ч хөдөлмөрлөж олж байгаа төгрөгөө үнэгүйдүүлэхийг хүсэхгүй.

Таван толгойг цогцоор нь хөдөлгөж чадвал харин эдийн засаг жинхэнэ утгаараа сэргэнэ. Том төслийг дагаад ханган нийлүүлэгч компаниудын бизнес цэцэглэдэг. Том уурхайд ариун цэврийн цаас, сүү, ногоо, ажлын хувцас, барилгын материалаас эхлээд өчнөөн бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгцээ үүснэ. Тэр бүхнийг нь үйлдвэрлээд, бүтээгээд нийлүүлэх олон компани гарч ирнэ. За тэгээд засварын үйлчилгээ, барилгын ажил гээд дотоодын компаниудаа дэмжсэн хэрэгцээнүүд том төслийг дагаад үүсдэг. Том төсөл эдийн засагт яаж нөлөөлдгийг Оюу толгойгоос харчихаж болно. Улсад төлж байгаа татвар нь гэхэд л аварга тоо дуулддаг. Оюу толгой 2017 онд 180 сая ам.долларыг татварт, 335.9 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцуулсан гэсэн статистик бий. Яг одоо ид өрнөж байгаа гүний уурхайн төсөл дээр 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монголын компаниудтай байгуулчихсан яваа. Том төслийн бүтээн байгуулалтын шатанд гэхэд л компаниудын бизнес ингэж цэцэглэдэг. Таван толгой хөдөлвөл монголчуудын хүртэх өгөөж нь мөн л ийм том мөнгөн дүнгээр яригдана. Өндөр цалинтай ажлын байрууд олноор бий болно, өнөөдөр хаалгаа барих гээд сандарч байгаа олон компанид Таван толгойд ханган нийлүүлэлт хийх зах зээл нээгдэнэ гэж ирээд яривал монголчуудын хүртэх өгөөж их.

Тэгэхээр наадмын өмнө, дараа гэсэн хачин зуршлаа хаяад, чуулганы танхимдаа тогтож сууж, нухацтай хэлэлцэж байгаад Таван толгойгоо даруйхан хөдөлгөмөөр байна. Шийдвэр гаргах түвшнийхэнд анзаарагддаг нэг том гэм бий. Иргэдэд өгөөжөө өгөхөөр том төслүүдийн тухай яриа хэлцэл идэвхжихээр л хоосон айдас зохиож элдэв бүтэхгүй, худлаа тоо баримт тоочоод унадаг. Энэ хандлага нь Оюу толгой дээр маш тод анзаарагддаг, одоо ч анзаарагдаж байгаа.Саяхан гэхэд Оюу толгойг шалгах ажлын хэсгийн ахлагч нь “Бидний ч мэдэхгүй том тоотой “но” татвар дээр байна” гэсэн битүү хатуу мэдэгдлийг хэвлэлийн хурал зарлаж байгаад ярьсан. Хөмсгөө зангидан эх оронч дүр эсгэж Оюу толгойг шалгаж суугаа гишүүд яагаад ч юм энэ төслийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, компани, иргэдэд очиж буй ашиг, өгөөжийн талаар тоо баримттай ярих тун дургүй байгаа. Таван толгой дээр ч ялгаагүй. Том төслүүд хөдлөхийн өмнөхөн яригддаг хоосон айдас, худлаа тоо баримтууд ордонд тухалсан хэдийн амнаас унаад эхэлчихсэн. Улстөрчдийн агуу эх оронч, жигтэйхэн хурц мэдэгдлийн цаана өчүүхэн эрх ашиг нуугдаж байдаг гэсэн айхавтар үг бий. Ер нь улстөрчдийн жигтэйхэн эх оронч мэдэгдэл, үйлдлүүдийг анзаараад, ухаад байх нь ээ яг л ийм дүр зураг харагддаг. Манай эрх мэдэлтнүүдийн олонх нь дансан дахь хэдээ арвижуулах гэсэн аминч жижигхэн санаагаар агуу том эх оронч үйлдэл хийцгээдэг нь эмгэнэлтэй боловч үнэн л дээ.

Тэгэхээр УИХ-ын гишүүд хувийн жижиг эрх ашгаа түр ч болов мартаж, цаг хугацааны хайч гэх мэт хэрэггүй дэмий яриагаа орхиод Таван толгойг цогцоор нь хөдөлгөх шийдвэрийг ирэх сардаа багтаж гаргамаар байна.


Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн бүлэг ордын сонин хачин

Гангийн үйлдвэрүүдэд ашигладаг өндөр чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтдаг Таван толгойн ордыг төмөр зам, уурхай, угааж баяжуулах үйлдвэртэй нь цогцоор нь хөдөлгөх санаа өнөө хүртэл ажил болоогүй байна. Их мөнгө яригддаг учраас улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд тохиролцоонд хүрч чадахгүй яваа гэх мэт тайлбар дүгнэлт дуулддаг. Ямартаа ч У.Хүрэлсүхийн Засгийн газар Таван толгойг хөдөлгөх чиглэлд ажиллаад эхэллээ. УИХ-ын хэлэлцэх анхаарал татсан асуудлын эхэнд жагсч буй Таван толгойн бүлэг ордын сонин хачнаас хүргэе.

АВСТРАЛИЙНХААС ЧАНАРТАЙ КОКСЖИХ НҮҮРС

Өмнөговийн Даланзадгадаас зүүн тийш 100 км-т, Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд тал, Улаан нуурын хөндийд таван жижиг толгой хэлбэрээр байрласан учраас уг орд газрыг Таван толгой хэмээн нэрлэсэн байдаг. Ордын нийт талбай нь 80 мянган га. Энэ ордод ашиглалтын долоон лиценз бий. Таван толгойн 6.4 тэрбум тонн нөөцийн 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс. Үлдсэн нь эрчим хүчний нүүрс. Канад, Австралийн нүүрстэй харьцуулбал коксжих чанараараа өндөр гэгддэг энэ ордын дөрөвдүгээр давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц 67 хувь гэж геологичид онцолдог. Коксжих нүүрсний илчлэг нь 7500-8100 ккал.

ОРДЫН ТҮҮХ

Бүр анх 1930-аад онд нутгийн иргэд тэр хавьд нүүрс бийг мэдэж ахуйн хэрэгцээндээ ашигладаг байж. Уурхайг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар шийдэж, анхны жижиг уурхай ажиллаж эхэлсэн жил нь 1967 он. Анхны ТЭЗҮ-ийг 1988-1990 онд боловсруулж, хүлээн авахдаа нөөцийг 6.4 тэрбум тонн гэж тогтоосон байдаг. Зах зээлийн нийгэмд шилжих үед буюу 1994 онд уурхайг хувьчилж төрийн өмч давамгайлсан “Таван толгой” ХК болгон өөрчлөн зохион байгуулсан юм. Өдгөө үнэ цэнэ нь хаданд гарч байгаа Таван толгой бүр анх Английн “BHP Billiton компанид гологдож байсан хачирхам түүх бий. BHP Billiton тус бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан боловч 1998 онд буцааж өгсөн юм. Дараа жил нь “Майн инфо” ХХК тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээс зургаан жилийн хойно “Майн инфо”, “Алтай трейдинг”, “Моннис”, “Шунхлай”, “Эм-Си-Эс”, “Петровис” зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж, “Энержи ресурс ХХК”-ийг байгуулан тусгай зөвшөөрлийг шилжүүлж байв. “Энержи ресурс” 2006 онд эзэмшиж байсан хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авч Таван толгойн бүлэг ордод уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг авч байлаа. Хувийн компани Өмнийн говийн коксжих нүүрсний бүлэг ордод ашиглалтын лиценз авснаас хоёр жилийн дараа Таван толгойн лицензийг төр буцаан авсан юм. С.Баярын Засгийн газар “Энержи ресурс”-тэй хэлэлцээ хийж Ухаа худагаас бусад талбайг төрийн мэдэлд шилжүүлж байв. 2009 онд “Энержи ресурс” Ухаахудагаас нүүрс олборлож эхэлсэн бол 2010 онд Засгийн газар Таван толгойн бүлэг ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах уралдаант шалгаруулалт зарлаж байлаа. Энэ үеэс Таван толгойгоос урд хил рүү чиглэх төмөр замын царигийн маргаан эхэлсэн түүхтэй. Засгийн газрын шалгаруулалтад АНУ, ОХУ, БНХАУ тунаж үлдсэн боловч хэн нь ч шалгараагүй юм. Таван толгойг цогцоор нь ашиглах талаар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хятадын Шинхуа, Японы Сумитомо, Монголын “Энержи ресурс” консерциум болж ажиллах шийдэлд хүрсэн ч УИХ-аас энэ тохиролцоог зогсоож байв. Тэр үеэс хойш өнөөг Таван толгойг цогцоор нь хөдөлгөх яриа төр, засгийн хэмжээнд өрнөөгүй өнөөг хүрээд байна.

ТАВАН ТОЛГОЙД ОЛБОРЛОЛТ ХИЙЖ БУЙ КОМПАНИУД

Таван толгойд төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой”, хувийн өмчийн “Энержи ресурс” компани олборлолт явуулдгаас гадна орон нутгийн өмчийн “Таван толгой” ХК ч энэ ордоос нүүрс экспортолдог. Олны нэршлээр бол жижиг Таван толгой. Жижиг Таван толгой 169 га талбайг хамарсан 287А тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ ордыг 1966 оноос ашиглаж гурван аймгийн нүүрсний хэрэгцээг хангаж байсан юм. Одоогоос 14 жилийн өмнөөс урд хөрш рүү коксжих нүүрс экспортолсон түүхтэй. Компанийн 49 хувийг “Ажнай” корпораци, 51 хувийг орон нутгийн захиргаа эзэмшдэг.

Таван толгойн Ухаа худагт “Энержи ресурс” компани олборлолт явуулдаг. Энэ ордын зургаан лицензийг Монголын том компаниудын нэгдэл болох “Энержи ресурс” 2000 оноос эзэмшиж байгаад 2008 онд таван лицензээ төрд шилжүүлсэн юм. “Энержи ресурс” өдгөө Ухаа худаг нэртэй 11952А тусгай зөвшөөрөл бүхий 2959 га талбайг эзэмшин олборлолт явуулж байна. 2009 оны дөрөвдүгээр сараас олборлолтоо албан ёсоор эхлүүлсэн түүхтэй. 2010 оны аравдугаар сарын 13-нд “Энержи ресурс” компанийн 100 хувийн эзэмшилтэй “Мongolian Мining Сorporation” Хонконгийн бирж дээр хувьцааны арилжаагаа эхэлж байв. Тус компани хувьцаагаа арилжаалж босгосон мөнгөөрөө Ухаа худагт бүтээн байгуулалт өрнүүлсэн юм. “Энержи ресурс” Таван толгойн ордод олборлолт явуулдаг нөгөө хоёр компаниасаа өөрийн гэсэн угаах үйлдвэр, цахилгаан станц, авто замтайгаараа ялгардаг. Ухаа худагийн уурхай Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт найм, Улаанбаатараас өмнө зүгт 540 км-т, Оюу толгой зэс-алтны ордоос 150 км-т оршдог. Таван толгойн бүлэг орд газрын талбайн дөрвөн хувийг эзэлдэг Ухаа худагийн олборлох боломжтой нөөц нь 200 сая тонн орчим.

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн мэдэлд Тавантолгой нэртэй 11943А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га, Таван толгой нэртэй 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га, Шар тээг нэртэй 11955А тусгай зөвшөөрөл бүхий 24532 га, Бор толгой нэртэй 11953А тусгай зөвшөөрөл бүхий 12871 га, Бор тээг-1 нэртэй 11954А тусгай зөвшөөрөл бүхий 23479 га талбай газрын ашиглалтын зөвшөөрөл бий. Эхэн үедээ тус компанийн зүгээс Таван толгойн орд газарт, 15-30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай, 14 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр, 220 квт-ын Цахилгаан дулаан ашиглалтын шугам, Таван толгой-Оюу толгой-ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн нутаг дахь Хайлуту чиглэлийн дагуу улсын хил хүртэлх 220 квт-ын цахилгаан дулаан ашиглалтын шугамын хамт барина гэж төлөвлөсөн ч одоогоор ямар ч бүтээн байгуулалт өрнөөгүй. 2012 оны сонгуулийн өмнө “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын төрийн өмчит “Чалко” компанид нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт нь нийт 350 сая ам.долларыг хүүтэй зээлснээ барагдуулаад удаагүй байгаа. “Эрдэнэс Таван толгой”-н “Чалко”-гоос зээлсэн мөнгийг Засгийн газар иргэн бүрд 21 мянган төгрөг болгож тараагаад дууссанд эдийн засагчид өнөөдрийг хүртэл шүүмжлэлтэй ханддаг. Төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой”-н хувьд авлига авсан, шахаа хийсэн гэх мэт дуулиан шуугиан тасардаггүй. Ашиглах боломжгүй үнэтэй дугуй шахсан, Ерөнхий сайдын хүргэн өчнөөн тэрбумын тендер авсан, гүйцэтгэх захирлуудыг нь АТГ шалгаж байна гэх мэт мэдээлэл давтамжтай сонсогддог. Засгийн газраас 2011 оны хавар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын бүх иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргасан цагаас хойш 1072 хувьцааны түүх эхэлсэн юм.

ТӨМӨР ЗАМЫН ТҮҮХ

Таван толгойн нүүрсийг урд хил рүү төмөр замаар тээвэл өнөөдрийнхөөс илүү их хэмжээний нүүрс экспортолж, дажгүй ашиг олох боломж уг нь бий. Харамсалтай нь 10 жилийн өмнөөс эхэлсэн төмөр зам барих тухай яриа өнөөг хүртэл ажил болоогүй. Таван толгойн төмөр замын түүхийг эргэж харъя. Төрөөс Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг анх 2008 онд “Энержи ресурс” ХХК-д олгож байж. Тэр жилээ төмөр зам барих бэлтгэл ажил өрнөсөн ч 2010 онд төрөөс төмөр замын бодлого баталснаар Ухаа Худаг-Гашуунсухайтын төмөр замын ажил хойшлогдсон юм. Уг бодлогын баримт бичигт төмөр замын бүтээн байгуулалтыг нэг, хоёрдугаар шаттай өрнүүлнэ гэж ангилав. Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтад оруулснаар урд хөрш рүү чиглэх төмөр замын ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон түүхтэй.

Дараа нь төрөөс нэг, хоёрдугаар ээлжийн төмөр замыг хамтад нь цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг 2012 онд гаргаж, Засгийн газраас Ухаа Худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтцийг барих концессийн гэрээг “Энержи ресурс” ХХК-тай зурж эрхийг нь олгов. Гэсэн ч Засгийн газар тэр жилдээ шийдвэрээсээ ухарсан юм. Засгийн газар өөрөө нэг, хоёрдугаар ээлжийн төмөр замын ажлыг үргэлжлүүлэн хариуцаж ажиллана, компаниудын зүгээс төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг буцаан олгоно гэж шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийн дараа 2013 онд “Энержи ресурс” ХХК төмөр замын ТЭЗҮ, гүйцэтгэгч ба туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээ, зураг төсөл, судалгаа зэрэг холбогдох бүх материалыг төрийн өмчит “Монголын төмөр зам” компанид шилжүүлж, хүлээлгэн өгөв. Төр төмөр замын ажлыг үргэлжлүүлэн явуулсан үе нь 2013-2014 он. Газар шорооны ажил үргэлжилсэн ч царигийн асуудал нэг мөр шийдэгдээгүй хэвээр байсан юм. Төрийн зүгээс 2014 онд төмөр замаа хувийн хэвшлийнхэнтэйгээ түншилж барья гэсэн шийдвэрийг ахин гаргаж, царигийн асуудлыг нэг мөр болгож, Таван толгойгоос урд хил хүртэлх төмөр замыг нарийн царигаар барих дээр толгой дохисон түүхтэй. Өмнө дурдсанчлан 2014 онд Япон, Хятад, Монгол компанийн консерциум Таван толгойн тендерт ялж төмөр замыг төсвөөс мөнгө гаргахгүйгээр барих нөхцөлийг хүлээж авсан ч Таван толгойг цогцоор нь хөдөлгөх Засгийн газрын санаа гацсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Н.Жанцанноров: Морин хуур хөгжим хийл шиг дэлхийнх болох цаг ойртож байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хөгжмийн зохиолч, доктор, профессор Н.Жанцанноровтой ярилцлаа.


-Гадныхнаас япончуудыг морин хууранд дуртай үндэстэн, морин хуураар идэвхтэй хичээллэдэг хүний тоо нь хэдэн зуугаар яригддаг гэдэг. Ирэх сард Улаанбаатарт болох олон улсын Морин хуурчдын наадам тэндээс сэдэлтэй гэж дуулдсан…?

-Японд морин хуур сонирхогчид олноор бий болсон л доо. Идэвхтэй, дагнасан, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан 400 гаруй япон хүн морин хуур татдаг. Нэлээд хэдэн клубтэй, тэнд нь манайхан багшилдаг. Гол төлөөлөгчийн нэг нь УГЗ Аюушийн хүү Бат-Эрдэнэ. Дэлхийн морин хуурын холбоог байгуулах санаачилга гаргасан юм. Японы олон улсын, тэр тусмаа соёл урлагийн харилцаа нь их өргөн. Тэнд ажиллаж амьдардаг бусад орныхон морин хуурыг их сонирхдог. Бусад оронд ч сонирхон хуурддаг хүмүүс бас бий болсон. Энэ үзэгдлийг эмх цэгцтэй байлгах сонирхлын үүднээс Дэлхийн морин хуурын холбоог байгуулсан хэрэг. Монголд олон улсын Морин хуурчдын наадам анх удаа зохион байгуулсан нь үүнээс эхлэлтэй. Хоёр жил тутам нэг удаа зохион байгуулдаг. Нэг удаа зохион байгуулахдаа наадмаа, симпозиумтай нь давхар зохиодог. Дараагийн удаад нь зохион байгуулахдаа наадмаа уралдаантай хийдэг юм. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 5-ны хооронд болно. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Гол зохион байгуулагч нь Дэлхийн морин хуурчдын холбоо. Дэмжиж хамтарч байгаа нь Нийслэлийн соёл урлагийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын филармони.

-Энэ жилийн наадмын онцлог нь юу вэ. Морин хуур урладаг гадныхан ирнэ гэв үү?

-Өнөө жилийн наадам хоёр уралдаантай. Морин хуур сонирхож тоглодог олон улсын хуурчид монгол уртын дуу, хуурын татлага гэх мэт бүтээлүүдээр уралдана. Үүнээс гадна олон улсын морин хуур урлаачид уралдана. Морин хуур гэдэг хөгжмийн зэмсэг дуурьслын хувьд хэр зэрэг сайжирч байна, ямар урлаачид ямар сэдэл гаргаж байна гэдгийг харах зорилготой. Монгол хүний сэтгэлийг илэрхийлдэг дуурьсал нь хадгалагдаж үлдээд, хөгжимдөхөд эвтэй, аятай, уур амьсгалд даацтай байх учиртай. Уур амьсгалд даацтай гэдэг нь чийг аваад, хатаад хөг нь өөрчлөгддөггүй чанарыг хэлээд байгаа юм. Дэлхий дахинд хийл, гитарыг хаана ч мастерын түвшинд хийгээд сурсан шиг морин хуурыг тэгж хийдэг болгох алсын зорилго, санаатай уралдаан. Морин хуурын хувьд хялгасыг хялгасаар хөрөөддөг учраас байгалийн уур амьсгалын өөрчлөлтөд дуурьсал нь өөрчлөгдөөд гологддог талтай. Морин хуурыг дэлхийн хаана ч урласан стандарттай болох ёстой. Мэдээж хийл шиг дуугарч таарахгүй. Хийл шиг хийчихэж болно л доо. Тэгвэл монгол өвөрмөц дуу, чанар нь арилна. Тийм учраас хуур урлах нь оюун ухааны том уралдаан, өрсөлдөөн л дөө. Шалгарсан хөгжмийг хийсэн мастерийн нэр хүнд ч, үнэ нь ч өснө.

-Та өмнө нь манай сонинд ярилцлага өгөхдөө морин хуурыг гитар шиг болгомоор байна гэж ярьсан. Энэ наадмын алсын амбиц нь морин хуурыг дэлхийн хөгжим болгох гээд байна аа даа?

-Зөвхөн үндэсний хөгжмийн зэмсэг гээд монгол хүн хуурдаад явбал дэлхий нийтийг хамарсан хүчтэй үзэгдэл болж чадахгүй. Гитар шиг болгох хэрэгтэй. Гитарыг испани үндэсний гэж өнөөдөр хэн ч хэлэхгүй. Гитар гэдэг хөгжим ахуйн, урлагийн аль ч түвшинд бүрэн хэмжээгээр даяаршчихсан. Хийл, төгөлдөр хуур ч ялгаагүй. Ойр зуурын хэрэглээгээрээ гитар хамаагүй өргөн л дөө. Манайхан үндэсний юмыг минь хүмүүс биднээс илүү хийчихвэл яана аа гэсэн харам сэтгэлгээтэй. Өнгөрсөн зуунд байж болох ч одоо тэгээд хэрэггүй. Өнөөгийн ертөнцөд өөрийнхөө юмыг хэдий чинээ дарна, төдий чинээ унтарна. Аюулгүй байдалтай холбоотой биш л бол.

-Манайхан үндэсний юмандаа тэгж ханддаг шүү. Цэнгэлдэх хүрээлэнд хятад бөх түрүүлээд есөн хөлт цагаан тугийг тойрвол лав хүлээж авахгүй…?

-Манай үндэсний бөх, морь, сурнаас дэлхийд авах юм их бий. Малчин соёлтой холбоотой асар их юм дэлхийд хэрэгтэй байна. Борцыг Австралид ч юмуу худалдаалах стандартыг л бий болгох учиртай. Жишээ нь, утах арга байна. Утахдаа бид уураар биш, утаагаар утдаг. Аргал, арц, хар модны утаа энэ тэр чинь бүгд хүний бие организмд чухал үүрэгтэй гээд технологийг ашиглаж мөнгө төгрөг ч олох хэрэгтэй юм шиг. Дэлхийд гарна гэдгийг зөвхөн морин хуураар төсөөлөөд байж боломгүй санагддаг. Морин хуурыг онцлохоор хөгжмөө дэлхийд дэлгэрүүлэх нь гэж хөнгөн ойлгож болохгүй. Бид монгол хүний чадамжийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа юм. Хүн бүр өөрийн эрхэлдгээ дэлхийд хүргэх боломж Монголоор дүүрэн байна. Тэгэхээр энэ наадмыг зугаа цэнгэлээс огт өөрөөр хүлээж авах шаардлага бий болчихсон.

-Та бид хоёрын яриа ганц морин хуур ч биш, монголчууд дэлхийд гарах тухай асуудал болоод хувирчихлаа. Жишээ нь, таны сая онцолсон борцоо дэлхийн хэрэглээ болгоход бидэнд хэр хугацаа хэрэгтэй бол?

-Аливаа зүйлийг үндэстний хязгаараас давуулж нийт хүн төрөлхтнийх болгохын тулд нэг өдөр, нэг жил, нэг арван жил хангалттай биш юм байна. Маш урт хугацааны зорилго, төлөвлөлт шаарддаг бололтой юм аа. Сүүлийн 30 жилийн зүтгэлийн нэг хэсэг нь энэ удаагийн наадам. Мэдээж бүрэн үр дүн биш. Тэгэхээр борцыг дэлхийд гаргахын тулд гурав ч юм уу, бүр 30 жил шаардаж магадгүй. Зорилгоо хараад мятаршгүй урагшлах нь л чухал. Монголчуудын өвөрмөц оюун санаа шингэж бүтсэн тэр зүйлийг бусад хүн хийж чадаагүй байх ёстой. Бусад хүн муудаа морин хуур хийж чадаагүй хэрэг биш л дээ. Бид муудаа гитар хийгээгүй ч юм биш. Үндэстнүүдийн өөрийнх нь онцлог хэн ч давташгүй зүйл хийлгэдэг юм. Давтагдашгүй тэр зүйлийнх нь үр шимийг бусад үндэстэн хүртэх учиртай. Дэлхий даяараа тэгж л соёлын ололт дээр тулгуурлаж явдаг. Төгөлдөр хуур, машин, компьютер гээд бидний хэрэглэж байгаа бүхнийг өөр үндэстнүүд хийсэн. Бас бидний чадсан юм тэдэнд дутагдаж байгаа. Тэдэнд дутагдаж байвал бид чаддаг юмаараа урд нь яваа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр зүйлээрээ дэлхийг хөтлөх боломж бидэнд бий. Чаддаг юмаараа дэлхийг хөтөлж байж л өрсөлдөөн яригдана. Өнөөгийн бүх үндэстний сэтгэлгээ, чадамжийн өндөрлөг дээр өөрийнхөө үндэстнийг хамт авч явна л гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл чадахгүй юмаа сурч, чаддагаараа хөтөлж байж бусадтай зэрэгцээ явна.

-Бусдын хийсэн сайхан бүхнийг хүртээд өөрийнхийгөө түгээж чадахгүй бол монгол гэдэг үндэстэн алга болох нь ээ?

-Магад ч үгүй. Үндэстний оршин тогтнох суурь асуудал нь маш энгийн. Өөрийнхөө юмыг хэдий чинээ ихээр устгаж, бусдын ололтыг төдий чинээ ихээр авах тусам үндэстний шинжээ гээсээр байна. Хүний амьдралын хоёр, гурван үед их сайхан юм шиг хэрнээ жар, зуун жилийн дараа өөрийгөө олохоо байж мэднэ. Үс нь хар, нүд нь онигороос цаашгүй болох аюултай. Миний хорин жилийн өмнө хэлсэн нэг үгийг хүмүүс одоо хэр нь эш татаад байгаа харагддаг. Дахиад хэлье. Аливаа юм ухаалаг хязгаартай. Технологи хэт шүтэх хязгаартай. Үндэснийхээ юмыг орхиж үгүй хийх хязгаартай. Цаашлаад яривал авч явах ч хязгаартай. Бид монгол юм чинь гээд Дели хотод долдугаар сард үнэгэн малгай, нэхий дээлтэй тоглолт хийж болохгүй. Харин урлагийн хувцсаа нэхий дээлтэй юм шиг хийх ёстой. Мотоциклээр малаа хариулах нь цаг, мөнгө хэмнэх сайн талтай. Тэглээ гээд малчин монгол байхгүй болохгүй. Гэхдээ мэдээж хязгаар бий. Тэр хязгаарыг нь урамшууллын тогтолцоогоор барьж болно. Урамшуулал монголчуудад их сайн нөлөөлдөг. Мэдээж халамжийг яриагүй байна.

-Дэлхийд гарч, дэлхийн хэмжээнд яригдаж эхэлсэн монголчуудын үнэ цэнэ, соёлын нэг нь морин хуур болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Морин хуур дэлхийд гарсан тухай сайхан жишээ хэлээч?

-Австрийн Шубертийн хөгжмийн их сургууль морин хуурын анги нээчихсэн. Манай консерваторид хийлийн анги гэж байгаа шиг тэнд морин хуурын анги байна. Арав, хорин жилийн дараа бид европ хүүхдэд морин хуур заадаг европ морин хуурын багшийг тивд нь очиж үзэх нь байна. Одоо монгол хүн монгол хүүхдэд хийл заадаг Ч.Чинбат гэдэг хүнийг үзэж байгаа биз дээ. Хорь, гучин жилийн дараа симфони оркестроос дутахгүй морин хууртай дэлхийн оркестр гараад ирэхийг хэн байг гэх юм. Өнөөдөр бид европчуудын, италичуудын хөгжмийг дэлхийн сонгодог гээд тоглож байсан. Тэдний бүтээснийг хүн төрөлхтөн 300 жилийн турш дэлхийн сонгодог гээд тоглож байна. Дараагийн 100 юм уу, 300 жил морин хуур гэдэг хөгжим дэлхийн сонгодог байх огт боломжгүй гэж хэлсэн хүн хаана байна? Хэдэн зууны дараа морин хуур дэлхийн сонгодог болохыг үгүйсгэх аргагүй. Боломжтой гэж би баталж чадахгүй. Гэхдээ боломжгүй гэж хэн ч хэлэхгүй. Италийн хийл урласан мастерууд “300 жилийн дараа Азийн үндэстнүүд бидний хийлээр найрал хөгжим тоглоно” гэж бодож зориогүй. Зүгээр л хүмүүст хүргэе, хүн болгоныг тоглодог байлгахыг зорьсон. Тэгээд сонгодог болсон. Бид тэр л үе дээрээ явж байна.

-Морин хуур дэлхийн сонгодог болох тухай яриа чихэнд чимэгтэйгээс гадна гарц, гаргалгаатай, биелэх боломжтой сонсогдож байна…?

-Би хувьдаа бүх юмаа хооронд нь уяж бодож сурах сан гэж их хүсдэг. Би өөрөө бодож чаддаггүй байх л даа. Гэхдээ хүсдэг юм. Манай археологийн олдворууд эрдэмтдийн тогтоосон хүн төрөлхтний түүхэн цаг хугацааны зарим үзэгдлийг наашлуулж цаашлуулах боломжтой болохыг харж байгаа биз. Нэг юм гараад ирэхээр “Өө хүн төрөлхтөн чинь төчнөөн жилийн өмнө тийм цоо шинэ хөгжим хэрэглэж байж. Төчнөөн мянган жилийн өмнө ийм хөгжмийг Монголын газар нутаг дээр хийчихжээ” гэцгээж байна. Хүн төрөлхтний түүхийн он цагийг эд юмнаас гадна оюун санаа нь наашлуулж, цаашлуулж болдог. Хялгасыг хялгасаар хөрөөддөг хуур гэдэг хөгжмийн зэмсэг эргээд технологийн ололтод тулгуурлаж бүтээсэн хөгжмийн зэмсгээс илүү үнэлэгдэх боломжтой. Технологиор хийсэн хөгжмийн зэмсгээ хүн төрөлхтөн “Бид их хөгийн юм хийжээ” гэж голоод “Монголчуудын бүтээсэн энэ зүйл нь урлагийн язгуур нь байна шүү дээ” гэж хүлээн зөвшөөрөхийг үгүйсгэх аргагүй. Тийм учраас соёлын түүх, онол, үйл явц, практикийг ч урагш хойш нь хөдөлгөх боломж монголчуудын оюунаар бүтсэн энэ хөгжимд байна.

-Морин хуурыг япончууд гайхалтай хуурддаг болсон юм байна. Өөр ямар улсуудад морин хуур хөгжим хурдтай хөгжиж байна вэ?

-Өмнөд монголчууд өөрийн морин хууртай. Гэхдээ манайхыг дагаад асар хурдтай явж байна. Хятад хүн маш сайхан хуурдаж байна. Намайг ингэж хэлэхээр хужаа цустай гэнэ л дээ. Яагаад болохгүй гэж. Бид Хятадын хуучираар хуучирдаж байхад тэд хуурдаж болно. Манай ятгачид хятад ятга бариад дэлхийн хөгжимчид болчихсон. Морин хуур бариад нэг хятад хүн дэлхийн хөгжимчин болог л дээ. Одоо европчууд морин хуурыг маш их сонирхож байна. Морин хуурыг дагаад монгол хувцас сонирхож байна. Тэдний өдөр тутмын гоёл, дадал болж эхэлж байна. Ингээд харахаар бид урагшилж байгаа. Мэргэжил мэргэжлээрээ, чаддаг чаддагаараа урагшилъя.

-Дэлхийн улсуудыг татаад байгаа морин хуурын давтагдашгүй чанар гэхээр таны түрүүн хэлсэн хүн байгалийн төгс зохицолтой холбогдоод явчих уу?

-Их товчоор хэлбэл хүн гэдэг амьтны хүн доторх сэтгэлийг “үймүүлж” чадах эгшиг морин хуураас гардаг. Хөгжим сонсоод сэтгэл хөглөгдчихлөө гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ хөгжим сонсоод сэтгэлийнх нь хөг алдарч байгаа л хэрэг. Хөг орж байгаа биш, алдарч байгаа юм. Хөгжим сонсоод зөв гээд явж байсан замаа эргэж харахад хүрдэг. Явж буй зам маань болж байгаа юм уу гэж эргэлзэж эхэлдэг. Ээжийн тухай хөгжим сонсоод нулимс дуслуулж суугаа хүний сэтгэлийн хөг алдарч байгаа нь тэр. Шархыг нь сэдрээж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөгжмийн эгшиг гэдэг зүйл хүнийг сэдрээж, сэрээж, бужигнуулж, хүн гэдэг амьтныг хүн болохын хувьд нь сэрээж байгаа хэрэг л дээ. Хатуурсан, өгөөмөрлөлгүй болсон шинжийг нь арилгадаг. Цус нь өтгөрсөн хүний цусыг шингэлж байгаатай ялгаагүй эд. Хүн нийгэмшдэг ч бас хүн чанараа алддаг тал бий. Түүнийг нь л буталж цөмлөж хүн чанар руу нь аваачдаг зүйл бол яруу найраг, дүрслэх урлаг, хөгжим. “Чи энэрэх ёстой, чи өгөөмөр байх ёстой” гэдэг сэрлүүдийг өгдөг. Морин хуураас гарч байгаа эгшиг амьтай, сүнслэг зүйл. Онгирох, үндэстнээ өндөрт тавих гэсэн санаагаар энэ үгийг хэлж байгаа юм биш л дээ. Хүний ширхэг үсийг шинжлээд хүний тухай мэдээллийг бараг бүрэн авч болно. Тэгэхээр үс гэдэг амьтай зүйл. Амьтай юмыг амьтай юмаар үрэхээр амьд эгшиг гарна. Жинхэнэ хүн гэж бодогдох гүн чанар, морин хуурын эгшиг хоёр холбогдож буйг дэлхий дахин сонсоод мэдэрч байгаа хэрэг. Нэг л өөрийнх нь юм шиг мэдрэмж төрдөг. Жишээ нь, морин хуур сонсоод нэг л өөрийнх нь юм шиг мэдрэмж итали хүнд төрдөг гэсэн үг. Тийм учраас дэлхий дахин морин хуур руу хошуурч эхэлж байна.

-Цусанд шингэсэн чанар гэж ирээд ярьдаг даа. Тийм чинадийн, угийн шалтгаан байна уу?

-Ер нь малчин ахуй амьдрал, хандлагаа бид судалмаар шиг байна аа. Нийгэм, ахуй дэвшилтэй хамаатуулж, нийлүүлж судалмаар байна. Нүүдэлчин гэсэн нэр томьёотой би хувьдаа санал нийлдэггүй. Нүүгээд сүйд болдог улс биш шүү дээ, бид. Нутаг сэлгэдэг суурьшмал маягийн улс. Мал маллана гэдэг олон хүмүүсийн нийгэмшсэн хөдөлмөрийн үр дүн биш юм байна. Ганцаарчилсан, сондгойрсон хөдөлмөрийн үр дүн юм байна. Хоёрдугаарт, малжсан ахуй орчны хэрэглээний хэрэглэгдэхүүн нь бодит байдал дээрээ бэлэн байдаг эд юм. Тийм учраас бүтээмж нь бэлэн юман дээр цогцолдог. Тэр утгаараа хөдөлмөрийн үр шим гэдэг юм бусад иргэншлээс өөр. Хонио магтаж, хайрлаж өсгөж байгаад хүнсэндээ хэрэглэчихдэг. Хоол нь, хувцас нь гээд бүх юм нь хотондоо. Цай, эм тан гэрийнх нь гадаа. Тэрийгээ өөрсдөө бүтээчихдэг. Өөрсдөө бэлдэхдээ хүний царай харна гэж байхгүй. Эндээс анзаарахад ганцаарчилсан, бие даасан бүтцүүд ажиглагдаад байгаа юм. Манай урлагт гэхэд л монголчууд бүгдээрээ гоцлон тоглоочид. Найрал хөгжмийн гишүүд биш. Уртын дууг хоёр хүн зэрэгцээд дуулахаар л будилдаг.

-Хүн бүр гоцлоочид гэдэг сонин гаргалгаа байна шүү. Гэтэл орчин цагийн нийгэм хамтаараа, багаар тоглож байж амжилттай яваад байна. Тэгэхээр сэтгэлгээ хандлагаа өөрчлөх ухаалаг гарц, шийдэл олохгүй бол дэлхийгээс хоцрох нь дээ?

-Гоцлоод байх тусам уналт өндөр, хэдий чинээ нийлэх тусам хүч нь ихэсдэг нийгэм гэдгийг л бодох учиртай юм. Тэгэхээр түрүүн хэлсэн шиг судлахаас аргагүй. Судалж байж гарах арга замаа шинжлэх ухааны түвшинд хайх ёстой. Тэгэхгүй бол Чингисийн удам, хөх толботой гэж цээжээ дэлдэхээс хэтэрч чадахгүй. Барилга, зам барих аргыг тэр улсаас тэгж судаллаа гэдэг. Хүн нь яагаад байна вэ гэдгийг судлах л чухал болоод байна. Товчхондоо шинжлэх ухаанчаар нийгэмд хандах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

-Өндөр хөгжилтэй улсаас барилга яаж барихыг сурахын өмнө хүнээ яаж сургаж байгааг нь харах хэрэгтэй гэсэн таны үгтэй санал нэг байна. Хүүхдээ хүчирхэг хүн болгохын тулд бид яах ёстой юм бол?

-Хүүхдэд аав, ээж хоёр нь хамгийн төгс хүн. Тийм жамтай. Тэгэхээр хүүхэд чинь ямар хүн болох нь танаас л шалтгаална. Хүүхдээ хүн болоход хоёр зүйлийг бодох ёстой юм шиг. Нэгдүгээрт, хүүхэд аливаа нэг юманд эргэлзэж сурах ёстой. Өөрөөр хэлбэл яагаад гэдэг асуулт тавьж сургах хэрэгтэй. Аавыг яагаад аав, ээжийг яагаад ээж, эгчийг яагаад эгч, ахыг яагаад ах гэсэн юм бэ гэж асууж сургахын өгөөж их. Тэр бүхэнд нь зөв тайлбар өгөөд явсан цагт “А бол эр эгшиг, тэгэхээр эр талыг дуудахдаа энэ эгшгийг хэрэглэдэг байх нь” гэх мэтээр цааш задраад явна. Ингэвэл хүүхэд аливаа зүйлд өнгөц хандахаа болино. Хоёрдугаарт дөрөв, таван нас хүрээд ирэхээр нь “Энэ ийм биш, тийм байж болохгүй юу” гэдэгт сургах ёстой. Яагаад дөрвөлжин гэр байж болдоггүй юм гэж бодож сургах учиртай. “Яагаад” гэдэг асуулт бол танин мэдэхүйн мэдээлэл, мэдлэг цуглуулах бааз суурийг тавьж байгаа юм. “Яагаад ийм байж болохгүй билээ” гэдэг хандлага төлөвшүүлэх нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх асар том суурь тавьж өгч байгаа хэрэг. XXI зуунд дэлхий даяараа орчлон ертөнцийн тухай өөрийн гэсэн мэдлэг, гаргалгаатай хүний л тухай ярьж байна. Тийм хүмүүстэй бол үндэстэн оршин тогтнох эсэх тухай яриа асуудал биш.