Categories
мэдээ цаг-үе

Алга болсон сэтгүүлчээс болж Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авах уу

Турк гаралтай Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги аравдугаар сарын 2-нд Стамбул дахь Ерөнхий консулын газарт очсоны дараа алга болсон юм. Түүнийг хаант улсын бодлогыг шүүмжилсний хариуд хороосон хэмээн Туркийн мөрдөгчид үзэж байна. Харин Саудын Арабын зүгээс үүнийг эрс эсэргүүцэж яаруу дүгнэлт гаргахгүй байхыг уриалж ийм байр суурьтай улс орнуудад талархалаа илэрхийлээд байгаа юм.

Сэтгүүлч гэрлэлтээ цуцлуулах асуудлаар консулын газарт очсон болохыг түүний турк гаралтай сүйт бүсгүй Хатиже Ченгиз гэрчилж байгаа гэнэ. Байр руу орохын өмнө тэрээр дөрвөн цагийн дараа гарч ирэхгүй бол түгшүүр зарлахыг бүсгүйгээс хүссэн аж. Ченгиз консулын байрны гадаа 11 цаг хүлээсэн байна.

Өнгөрсөн бямба гаригт Туркийн “Sabah” сонин сэтгүүлчийн “AppleWatch” цаг сэтгүүлчийн консулын газарт орсон цаг, араб хэл дээр хүмүүстэй ярьж тамлуулж байгаа, дараа нь алуулсан бичлэг хадгалагдсан талаар бичжээ. Туркийн тусгай албанд ойрхон эх сурвалж Би-би-сид мэдээлэхдээ, тэдний гарт дүрс болон аудио бичлэг байгаа бөгөөд тэдгээр нь консулын газарт Ж.Кашоггийг хороосон болохыг нотолно гэжээ. Зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчийн цогцсыг хэдэн хэсэг болгон хувааж хайрцагт хийн дипломат дугаартай машинаар гадагш гаргаж консулын байрны ойролцоо нутаг дэвсгэрт булсан гэж нотолж байна.

Ингээд зогсохгүй тус консулын газрын албан хаагчид сүйт бүсгүйдээ үлдээсэн гар утаснуудад нэвтэрч бичлэгүүдийг нь устгах гэж оролдсон талаар “Sabah” сонин дурдлаа.

Харин Саудын Арабын зүгээс эдгээр нотолгоог хуурамч гээд өөрсдөө ч юу болсныг мэдэхийг хүсч байгаа тухай мэдэгдлээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичигдэж байгаачлан сэтгүүлчийг алах тушаал өгсөн гэдэг худлаа, ямар ч үндэслэлгүй зүйл” хэмээн Саудын Арабын Гадаад хэргийн сайд хунтайж Абдельазиз бен Сауд бен Наиф бен Абдельазиз ярьжээ. Энэ хэргийг мөрдөх явцад Саудын Араб Турктэй хамтран ажиллаж байгааг тэрээр мөн онцолсон юм.

Сэтгүүлчийн аллагатай холбоотойгоор АНУ болон барууны орнууд Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авна гэж сүрдүүллээ. Гэхдээ АНУ-ын байр суурь тогтворгүй байгаа нь нэлээд сонирхол татаж байгаа юм. Дональд Трамп сэтгүүлчийн аллагад Саудын Араб гэм буруутай нь нотлогдох тохиолдолд “хатуу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ цэргийн хэлэлцээрүүдээ зогсоохгүй, өөр арга хэмжээ авна гэсэн юм. “110 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалт АНУ-д орж ирэхгүй гэхээр надад таалагдахгүй байна. Тэд юу хийнэ гэж бодож байна? Эдгээр мөнгийг Орос, Хятад эсвэл өөр оронд зарцуулах болно” гэж Дональд Трамп мэдэгдсэн аж.

Түүний хачирхалтай энэ байр суурьтай холбоотой АНУ-д ээлжит шуугиан дэгдэж эхэллээ. Ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө арабуудтай гүнзгий холбоотой байсан гэж үздэг юм байна. 1991 онд дампуурлын ирмэгт тулсан Трамп “Гүнж” дарвуулт завиа 20 сая ам.доллараар Саудын хунтайжид борлуулснаар аврагдаж байсан гэнэ. Дөрвөн жилийн дараа мөнөөх ханхүү мөн л түүнд тусалж Нью-Йорк дахь “Плаза” зочид буудалд нь 325 сая ам.долларын хөрөнгө оруулалт гүйцэтгэжээ. 2001 онд “Trump World Tower”-ийн 45 давхарыг бүхэлд нь арабчууд 12 саяар худалдан авсан байдаг юм.

“Би саудуудад их хайртай. Тэдний олон төлөөлөл энэ байранд байгаа” хэмээн ерөнхийлөгчийн сунгааны үеэр 2015 онд мэдэгдсэн удаатай. АНУ-ын ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер Саудын Арабтай сайн харилцаатай бөгөөд түүгээр дамжуулан АНУ-ын улс төрд нөлөөлдөг талаар аравдугаар сарын 12-нд CNN телевизэд өгсөн ярилцлагадаа неоконсерватив үзэлтэй нийтлэлч Билл Кристол мэдэгдсэн байна. “Хэр хэмжээний мөнгийг Трамп арабуудад өгөх ёстой юм бол хэмээн тэрээр хожимоо твиттер хуудаснаа бичжээ.

Хориг арга хэмжээ авахыг сенатын гишүүд дэмжжээ. Тэд энэ зорилгодоо Магнитскийн акт гэгчийг ашиглахыг санал болгож байгаа юм. “Шийдвэр гаргахдаа Саудын Арабын өндөр албан тушаалтнуудтай холбоотой бүх л мэдээллийг харна гэдэгт бид найдаж байна” хэмээн сенатын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн БобКоркер мэдэгдлээ.

Сэтгүүлчийн аллагад Саудын Арабын хаан ширээ залгамжлах ханхүү Мухаммедбен Сальман холбоотой байх магадлалтай гэх таамгийг Коркер дэвшүүлэв. “Сэтгүүлчийн аллагыг тоохгүй өнгөрвөл 40 хүрсэн түүнтэй холбоотой цаашдын хэргүүд улам бүр хүндрэх болно. Ийм байдлыг үндсээр нь цавчин хаях хэрэгтэй” гэж ярилаа.

Хориг арга хэмжээ зайлшгүй авах ёстой талаар Бүгд найрамдах намын төлөөлөл болсон Марко Рубио ч ярьжээ. “Хэрэв бид ямар ч арга хэмжээ авахгүй өнгөрөх тохиолдолд бид цаашлаад Путин, Асад, Мадуро эсвэл Хятадын хүний эрх зөрчигддөг асуудалтай яаж тэмцэх болж байна” гэв.

Харин мэргэжилтнүүд Вашингтоны энэ байр суурийг хурцадмал байдлыг дэвэргэсэн нэгэн арга гэж үзээд цаашид Эр-Риядыг дарамталж уян хатан болгохыг хүсч байгаагийн нэгэн илрэл гэжээ.

Хэрэв тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах тохиолдолд хариуд мөн л тохирсон арга хэмжээ авах болно гэдгийг Саудын Арабын засаг захиргааны төлөөлөгч хэлээд “Аливаа сүрдүүлэг эсвэл эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн мэдэгдлээр биднийг айлгахгүй, ингээд зогсохгүй араб болон лалын шашинт ертөнц дэх тус улсын байр суурийг ганхуулж чадахгүй… Хэрэв хаант улсын эсрэг ноцтой арга хэмжээ авсан тохиолдолд хариу барих болно” гэсэн байна.

Тус улсын эдийн засаг “дэлхийд мэдэгдэхүйц, амин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдгийг төлөөлөгч онцлоод “Хэрэв бид хохирох юм бол дэлхийн эдийн засагт ч цаашлаад сөрөг нөлөө үзүүлнэ” гэжээ.

Сэтгүүлч Жамаль Хашогги алга болсонтой холбоотойгоор Европын улс орнууд ч зүгээр суусангүй. Гэхдээ сүрдүүлгийн үг хэлэхээс өмнө “найдвар төрүүлэхүйц мөрдөлт явуулахыг уриалж байна. “Болсон үйл явдлын учрыг ойлгоход шаардлагатай бодитой мөрдөлт явуулж Жамаль Хашогги алга болсонд хэн хариуцлага хүлээх ёстойг олох хэрэгтэй” хэмээн Их Британийн ГХЯ-ны сайт дээр нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.

Долоо хоногийн дараа Эр-Рияд хотноо хөрөнгө оруулалтын томоохон форум “Future Investment Initiative” зохион байгуулагдана. Гэтэл сэтгүүлч алга болсонтой холбоотойгоор томоохон компаниуд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцохоос татгалзаж эхлээд байна. Уг арга хэмжээнд оролцохоос татгалзсан хүмүүс дотор Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ким, “Uber” компанийн тэргүүн ДараХосровшахи, CNN, CNBC телевизууд, “Fi­nancial Times”, “New York Times”болон“Economist” гэсэн томоохон хэвлэлүүд багтаж байгаа юм.

Олон улсын Валютын сангийн тэргүүн Кристин Лагард арга хэмжээнд оролцохоос татгалзаагүй хэдий ч сэтгүүлчийн талаарх мэдээллийг анхааралтай ажиглах болно хэмээв. Мөн ийм байр суурийг АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин эзлээд байна.

Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллагын зүгээс Хашогги сэтгүүлчийн тухай бүх л мэдээллийг ил болгохыг шаардаад “сэтгүүлч алга болсон явдалд буруутай” хэмээн үзэж байгаа юм.

Харин Бахрейн, Арабын Нэгдсэн Вант улсын Гадаад хэргийн яамд Саудын Арабыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Бэлтгэсэн Т.БҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *