Categories
мэдээ нийгэм

А.Ганбаатар: Би жил гаруйн хугацаанд 60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаар явж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйн зөвлөх гэгддэг А.Ганбаатар анх удаа хэвлэлд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр төрийн албыг наймаалцах яриа өрнөснийг хүлээн зөвшөөрч буй ч “60 тэрбум”-ын бичлэг эвлүүлэг гэдгийг онцлон, өөрийгөө өмгөөлж байгаад хүмүүст дургүйцлээ илэрхийлж, нийгмийн сүлжээгээр шуугисаар байгаа юм.

Хурлын үеэр А.Ганбаатар ярихдаа “Би жил гаруйн хугацаанд 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор цагдаа, тагнуул гээд хууль хяналтын байгууллагуудад тайлбар, мэдүүлэг өгөөд өнөөдрийг хүртэл явлаа. Иймээс шалгалтууд хийгдээд явж байгаа. Энэ хугацаанд яагаад хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаагүй вэ гэвэл надад хууль хяналтын байгууллагынхан хууль сануулсан. Ямар нэг байдлаар хэвлэл мэдээллээр мэдээлэл цацвал буруудна шүү гэсэн. Би хуулиа дээдэлсэн. Нөгөө талаар 60 минутын бичлэг 90 минут боллоо, 2020 онд 200 минут болох юм байна. Өнөөдөр үнэн бодит мэдээллийг өгөхгүй бол болохгүй юм байна гэж үзээд хэвлэл мэдээлэлд хандаж байна. Би хоёрхон асуудлыг бодит баримт дээр тулгуурлаж хэлье. Нэгд, би Доржзодов гэдэг хүн өөрийн хийж ирсэн намын стратеги төлөвлөгөө, санхүүгийн схемийг санал болгож байсан уу гэвэл санал болгож байсан. Бид танилцаж байсан уу гэвэл танилцаж байсан. Сүүлдээ өөрийнхөө хийсэн юмыг биднийг хийсэн болгоод байгаа юм. Биднийг олон хүнтэй уулзахад Доржзодов хамт байсан. Тэгээд тэр бичлэгүүдийг бүгдийг эвлүүлээд, ийм бичлэг хийсэн байна. Ер нь ийм уулзалт болсон уу гэвэл болсон. Би энийг өнөөдөр бодит үнэнээр нь хэлье. Энэ уулзалтаар нийслэлийн намын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй Доржзодовын төлөвлөгөө яаж уялдаж болох вэ гэдгийг ярилцсан” гэв.

Мөн тэрээр Нийслэлийн намын хорооны дарга Сандуй, Шадар сайд Хүрэлсүх, манай намын генсек Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Доржзодов, Ганбаатар нартай энэ уулзалт ярилцлага болсон. Гэтэл эдгээр хүмүүс тэр санхүүгийн схемтэй холбоотой, төрийн албыг зарж борлуулах тухай асуудал яригдаагүй гэдгийг Хүрэлсүх, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нар өнөөдрийг хүртэл яагаад ярьж дуугарахгүй байгаа юм бол. Би ойлгохгүй байна. Энэ дээр бид нийслэлийн намын хорооны үйл ажиллагааг яаж өндөр түвшинд гаргах вэ гэдэг талаар ярьсан. Доржзодовын хийсэн ерөнхий төлөвлөгөө, схемийг танилцуулсан. Өнөөдөр намайг энэ схемийг хийсэн, боловсруулсан, гэж яриад байгаа. Ний нуугүй хэлэхэд би нэг ч удаа төрийн байгууллагад ажиллаж үзээгүй. Өнөөдрийг хүртэл төрийн байгууллагад ажиллаагүй явж байна. 20 гаруй жил бизнесийн байгууллагаар явж байгаа. Итгэл үнэмшлээрээ энэ намд орсон. Миний адил Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар үнэн бодит мэдээлэл хийхгүй байгаад харамсаж байна.

Хоёрдугаарт, Доржзодов гэдэг хүн энэ уулзалтаас арваад хоногийн дараа надтай уулзаад санхүүгийн схемийг бүр нарийвчлаад бэлдсэнээ танилцуулж байсан. Би санхүүгийн өндөр мэдлэгтэй хүн биш, ойлгоогүй. Түүнийг хараад тоглоод ингэвэл тийм мөнгө босговол алах юм байна шүү дээ гэж ярьж байсан зүйл бий. Сүүлдээ энэ намыг, хувь хүнийг, Монголын ард түмнийг дэндүү муухай байдалд оруулж байна” гэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *