УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.
-Нарансэвстэйн боомтын асуудал анхаарал татаж буй гол сэдэв боллоо. Түүнийг нээх нь зүйтэй, нээж болохгүй гэсэн хоёр талын байр суурь яваад байна. Монгол Улсын Засгийн газраас энэ боомтыг нээхийн ач холбогдол, ойлгуулахыг хичээж буй зүйл юу байна вэ?
-Шинэ Үндсэн хууль батлагдаж, 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ дотор манай Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос санал болгосон Нарансэвстэйн боомтыг нээж ажиллуулах талаарх зорилго орсон. Энэ боомт яагаад ач холбогдолтой вэ, яагаад нээх ёстой вэ гэдэг асуудлаар нийгэмд нэлээд хэлэлцүүлгүүд явж байна. Энийг бид сайн зүйл гэж бодож байна. Яагаад гэвэл, ардчилсан нийгэмд аливаа худалдааны асуудал шийдэхэд хүн бүрийн санаа оноо тусч байх нь чухал гэж бид үзэж байна. Монгол Улс БНХАУ-тай 4500 км газар нутгаар хиллэдэг. Өнөөдрийн байдлаар 17 боомтоос 13 нь үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож болно. Төмөр зам, авто замыг тус тусад нь тоолдог. Энэ 17 боомтоор Хятадын засаг захиргааны гурван нэгж болох Өмнөд Монголын өөртөө засах орон, шинжаан Уйгарын өөртөө засах орон, Ганьсу мужтай хиллэж, хоёртой нь худалдаа хийж байна. Ганьсу мужтай хиллэж буй баруун бүс нутагт Замын-Үүд Эрээний боомтын худалдааг хуваалцаж болохуйц, баруун бүсийн хөгжилд чухал нөлөө үзүүлэхүйц боомтыг Нарансэвстэй-Мазуншань боомт гэж бид үзэж байгаа юм.
-Яагаад тэр вэ. Эдийн засгийн үр өгөөж нь юу байна гэж тооцсон бэ?
-Ганьсу муж 26 сая хүн амьтай, 425 мянган км квадрат газар нутагтай. Хятадын мужуудаас эдийн засгийн үзүүлэлтээрээ эхний гуравдугаарт жагсдаг. Өмнөд Монгол, шинжаан Уйгараас ялгаатай нь Ганьсу муж уул уурхай байдаггүй. Боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэсэн гурван үндсэн эдийн засгийн сектортой. Энэ нь тухайн мужийнхаа эдийн засгийн өсөлтийг бий болгож, бусад мужуудтайгаа худалдаа хийдэг. Өмнөд Монголын хувьд манай Монгол Улстай ижилхэн, үндсэн эдийн засгийг нь уул уурхай авч явдаг. Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Өмөнд Монголд дахин боловсруулж, өртөг шингээж, цаад мужууддаа зарж борлуулдаг. Тийм учраас бид гурав дахь зах зээл нээж байгаа гэж ойлгож болно. Заавал Өмнөд Монгол, Шинжаан Уйгараар дамжуулж цааш нь худалдах, бараа бүтээгдэхүүн авах биш, бусад дотоод мужууд руу шууд зарах бололцоог эрэлхийлж байна гэж ойлгох хэрэгтэй. Ганьсу мужийн ДНБ-ийг аваад үзвэл зөвхөн 2024 оны эхний улирлаар 912 тэрбум юань байна. Үүнийг Монголын эдийн засагтай харьцуулбал бараг ес дахин том. Энэ эдийн засаг руу бид худалдаа хийж, энэ эдийн засагтай интеграцид орж хамтарч ажиллана гэдэг бол Монгол Улсын, тэр дундаа баруун бүсийн эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх, өсөх бололцоо байна гэж бид үзэж байна.
-Нарансэвстэй-Мазуншань боомтыг анх 32 жилийн өмнө нээсэн ч удалгүй хаасан байдаг. Шалтгаан нь юу байсан юм бол?
-Нарансэвстэйн боомтыг анх 1992 онд нээж байсан. Энэ онд Монгол Улс БНХАУ-тай боомтуудаа нээж, хиллэж буй аймаг мужуудтай боомт нээж худалдаа хийсэн. Энэ дотроос нэг л боомт тухайн үедээ хаагдсан байдаг. Тэр нь Нарансэвстэйн боомт. Тэр үед юу болсон бэ гэхээр боомтоо нээж худалдаа хийхдээ, дэд бүтцээ тавьж чадаагүй. Шууд хоёр талаасаа худалдаагаа хийе гээд, вагончик аваачиж тавиад нээчихсэн. Замын-Үүдээс эхлээд бүх боомт л тэгж эхэлсэн. Манай Говь-Алтай, Баянхонгорын нутаг дамнадаг Говийн их дархан цаазат газрын А хэсэг буюу яг тэр худалдаа хийж буй газар замгүй учраас иргэд баянбүрдүүдээр зорчих, тээвэрлэлт хийх зэргээс эхлээд тэнд амьдардаг амьтдад нөлөөлж эхэлсэн. Тийм учраас тухайн үеийн Засгийн газар, УИХ ажлын хэсэг гаргаж шалгаад, энэ байдлаар явж болохгүй гээд 30 жилийн өмнө есөн сар ажиллуулаад хаасан.
-Эрдэмтэд, нутгийн иргэд энэ боомтыг нээвэл байгаль орчин төдийгүй дэлхийд ховордсон мазаалай баавгай, хавтгай тэмээ зэрэг ан амьтад, хүн малд сөрөг нөлөөтэй гэж эсэргүүцсээр байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Говийн их дархан цаазат газрыг бид хамгаалж, менежментийг нь сайжруулах ёстой. Зам, дэд бүтэц тавьсан тохиолдолд тэр дархан цаазат газарт хамгийн бага нөлөө үзүүлэхээр хийх ёстой гэсэн эрдэмтэдтэйгээ адил байр суурьтай байна. Хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдийг харахад судлаач, иргэдийн хувьд 1992-1993 оны алдааг дахиж давтах нь, өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газрын дундуур зам, дэд бүтэц тавих гээд байна, баянбүрдүүдэд нөлөөлөх гээд байна гэсэн болгоомжлол байгаа юм билээ. Засгийн газар саналаа гаргахдаа Монгол Улсын хилийн дагуу, хилийн бүсээр дэд бүтэц, замаа тавья. Ингэж байж тусгай хамгаалалттай газар нутгаа хамгаалъя. Хоёрдугаарт, бүс нутагтаа эдийн засгийн ач холбогдолтой боомтоо нээе гэсэн зорилт тавьж байгаа юм. Говийн их дархан цаазат газрын А хэсгийг 1975 онд анх тусгай хамгаалалтад авсан. Дэлхийн том хэмжээтэй тусгай хамгаалалттай газруудын нэг. Хэмжээг нь аваад үзвэл 45 мянган км квадрат газар нутаг. Төсөөлөөд үзвэл Баян-Өлгий, Сэлэнгэ, Булган аймгийн газар нутагтай ижил хэмжээний том.
-Иргэд Нарансэвстэйн боомт дээр уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх боломжтой юу. Тэнд нинжа нар алт олборлодог гэж дуулсан?
-Тусгай хамгаалалттай газар нутаг дээр хүчин төгөлдөр байгаа хуулиар ямар нэгэн уул уурхай, үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж болохгүй. 2013 онд Сайханбилэгийн Засгийн газрын үед Талын мэлтэсийг тойрсон геологи хайгуулын ажил хийх асуудал яригдаж байсан. Тэр үед би Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Бид эсрэг байр суурьтай байсан, одоо ч маш хатуу байр суурьтай байна. Харамсалтай нь, өнөөдөр хамгаалж байгаа менежмент тал дээр хүн хүч муутай, үйл ажиллагааны зардал дутмаг байна. Сүүлийн сард ажлын хэсэг тийш явуулж үзэхэд хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж, алт олборлох үйл явдал нэлээд гарсан байна. Одоогийн байдлаар бидний олж мэдэж, баримтжуулснаар онгон, хамгаалалтын, хязгаарлалтын гурван бүсийг оролцуулаад тоолоход одоогийн байдлаар 38 цэг дээр хууль бусаар геологи хайгуулын ажил хийгдсэн байна. Энийг илүү олон хүн ойрхон очиж байж хууль бус энэ үйлдлээс хамгаалахаас биш хэнийг ч очуулдаггүй, бүтэн аймгийн хэмжээтэй газрыг эзэнгүй байлгавал хууль бус үйл ажиллагаа явсаар байна гэж бид бодож байгаа юм.
-Түрүүн та Ганьсу мужийн эдийн засагт аж үйлдвэр гол үүрэгтэй гэсэн. Монголд ашгаа өгөх өөр ямар салбарууд байна вэ?
-Нефтийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний том салбарууд, боловсруулах үйлдвэрүүд, Хятадын сансрын, цэргийн үйлдвэрүүд гээд маш том аж үйлдвэрийн салбар цаад талдаа бий. Хоёр дахь том эдийн засаг нь аялал жуулчлал. Би өнгөрсөн жил есөн сард Ганьсу мужид ажилласан. Хамгийн том аялал жуулчлалын салбараа үзүүлж байсан. Энэ муж юугаар брэндинг хийж, аялал жуулчлалын ямар бүтээгдэхүүн Хятадын жуулчдад зардаг вэ гэхээр Монголын говь үзүүлнэ, элсэн цөл үзүүлнэ, тэмээ унуулна гэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй. Намайг очиход жилдээ 10 сая жуулчин авч байна гэж ярьж байсан бол одоо гүүглдээд хайгаад үзэхэд Ганьсу мужийн аялал жуулчлал өнгөрсөн жилээс хоёр дахин өсөөд, энэ оны эхний гурван улирлын байдлаар 20 сая жуулчин авсан байна. Тэмээ унуулж, элсэн цөл, элсэн манхан дээр байгаа баянбүрдүүдийг үзүүлжээ. Эндээс орж байгаа орлогыг нь тооцоод үзэхээр 2.2 тэрбум ам.доллар. Манай валютын нөөцийн тал нь гэсэн үг. Есхөн сарын дотор манай валютын нөөцийн талыг зөвхөн байгалиа үзүүлээд, жуулчны үйл ажиллагаанаасаа олж байх жишээтэй.
-Бидэнд энэ том зах зээлээс өгөөж хүртэх ямар боломж байна вэ?
-Баянхонгор, Говь-Алтай гээд яг адилхан, Монголын говь байна уу байна. Ялгаагүй тэмээ унуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ худалдаж болно. Үүнийг бид татаж ажиллах нь эдийн засгаа солонгоруулах, тэлэх гэсэн бодлогод нийцэж байгаа юм гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Дараагийнх нь яалт ч үгүй хөдөө аж ахуйн салбар. Ялангуяа Говь-Алтайн сумдын диилэнх хатуу хучилттай авто замаар хоорондоо, аймгийн төвтэйгөө холбогдоогүй. Сумдаа холбож, боомт руугаа зам тавьснаар тэр аймгийн, тэр нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргаа эрс дээшлэх учиртай. Тэнд үйлдвэрлэсэн ХАА-н бүтээгдэхүүн, мал, мах, сүү, тарьж ургуулсан жимс жимсгэнэ зэргээ хатуу хучилттай авто зам, боомтоороо тээвэрлээд зах зээл рүү гаргах бололцоо бий болно гэсэн үг. Бас нэг сонирхолтой зүйл байна. Сүбэй Монголын өөртөө засах хошуу гэж бий. Манайхаар сум юм билээ. Яг Ганьсугийн цаад талд байгаа монголчууд юм.
-Тэнд хэчнээн тооны сүбэй монгол байна вэ?
-Ганьсу мужид нийт 15 мянган сүбэй монгол байна. Тэдний онцлог нь, аялгын хувьд биднээс ямар нэгэн зөрүүгүй. Говь-Алтай, Баянхонгорын иргэдтэй яг ижил аялгаар ярьдаг, яг ижилхэн монгол соёлтой. Тэр айлуудаар орж сонирхсон. Ганьсу мужийн иргэдээс дээгүүр амьдралтай гэж статистик гардаг юм байна. Яагаад гэвэл тэр хүмүүс тэмээ, мал хариулдаг. Тэмээнийхээ сүүг автомат машинаар сааж, цааш хүргээд, жилдээ их хэмжээний орлоготой болчихдог. Ферм дээрээ казах, хятад хүмүүсийг туслах ажилтнаар ажиллуулдаг, орчин цагийн малчид, сайхан амьдардаг юм билээ.
-Хилийн наана, цаана хуваагдахад үлдсэн монголчууд уу?
-Би бас сонирхож үзсэн. Дамбийжаагийн албатууд юм байна. Дамбийжаа Монголоос шахагдаад, албатуудаа аваад явсан. Өөрөө үр хүүхэдгүй. Хилийн цаад талд Ганьсу мужид алуулсан юм билээ. Тэр үед албатууд буюу Сүбэй Монголын нэг хэсэг нь Дамбийжаагийн байсан Мазуншань уул руугаа гараад, говьдоо бас нэг хэсэг нь үлдсэн. Хоёр талд боловч нэг хошуу. Мазуншань гэдэг нь морины дэл уул гэсэн үг юм билээ. Манай талдаа байдаг уул.
-Ерөөсөө 100-хан жилийн өмнө бидэнтэй хамт байсан монголчууд маань тэнд нэг хошуу болчихсон гэсэн үг байх нь?
-Харин тийм. Очоод уулзахад “Үүд хаалгаа нээгээч ээ. Ах дүү, хамаатан садантайгаа очиж уулзъя” гээд сууж байна лээ, хөөрхий. Ганьсу мужийн хувьд, яг хилийн цаана нефтийн олборлолт явагддаг. Нефтийн үйлдвэртэй. Хэрвээ бид дэд бүтцээ тавиад, тооцоолоо хийчихвэл баруун бүсийнхэн маань урд талаас шууд нефтийн хямдхан бүтээгдэхүүн авах, барилгын, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн авах, Монголдоо хийж буй бүтээгдэхүүнээ эргүүлээд зарах боломжтой болно.
–Нарансэвстэйн боомтыг хэзээ нээхээр төлөвлөж байна вэ?
-Боомт нээнэ гэхээр манайхан өнөөдөр шууд ажиллаад эхэлнэ гэж боддог. Боомт нээнэ гэдэг хоёр улс хоорондоо дипломат шугамаар тохирч байж, хоёр улсын гарах ёстой шийдвэрүүд гарч байж явдаг. Тийм учраас УИХ-д Нарансэвстэйн боомтыг нээх асуудал орж, тодорхой тогтоол шийдвэр гараад, хөрш улс руу очиж байж, тэдний талын шийдвэрүүд бас гарч, энэ асуудал явах ёстой. Бидний зам, дэд бүтцээ тавьсны дараа боомт нээх шаардлага тавьж байна. Яагаад гэвэл бид урд нь замгүй нээгээд алдсан, тэр алдаагаа нэгдүгээрт давтах ёсгүй. Хоёрдугаарт, Гашуунсухайт дээр ч бид эхлээд эдийн засгаа л түлхэж байвал замтай замгүй явуулъя гээд яарсан. Одоо урьдчилсан судалгаанууд хийгдэж байна. Замыг хилийн зурвасын дагуу явуулах нь. Нарансэвстэй-Мазуншаний боомт нээгдлээ гэхэд энүүгээр бараа бүтээгдэхүүн, аялал жуулчал их явах нь ээ. Тэрнээс уул уурхайн бүтээгдэхүүн зөөх боомт биш юм гэж хэлэх байна.
-ТЭЗҮ, зам, дэд бүтцээ хэрхэн төсөвлөж байна вэ?
-Цоо шинээр нээж байгаа боомтууд дээр боломжоор нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг илүү түлхүү оруулаад, иргэд тухайн боомтоор үйлчлүүлсэн төлбөрөөсөө, тухайн замаар явсан хураамжаас орлогоо олдог зарчим руу явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ганьсу муж монголчуудын Энэтхэг, Балба, Төвөд рүү гардаг гол боомт байсан юм билээ. Нарансэвстэйн цаад талд нь аялал жуулчлалын Дунхань хот бий. XIII зууны “Торгоны зам”-ын хамгийн том боомт хот. Манайхан худалдаа наймаа хийж, цайгаа авах, малын гаралтай бараа бүтээгдэхүүн зарахдаа яг энэ Нарансэвстэйгээр жин тээж явсан түүхэн уламжлал байна. “Бүс ба зам”-ын Европ Азийг холбосон, Тяньжин, Бээжин, Шанхайгаас Европ, Венец, Итали руу явж байгаа том коридор Нарансэвстэйн цаана, түүгээр явж байгаа төмөр зам, авто замын дэд бүтэц нь 100 хүрэхгүй км-т бий. Тэгэхээр бид дотоод дэд бүтцээ сайжруулаад, тэр рүү холбогдож чадвал заавал ч үгүй Замын-Үүд, Тяньжиний боомтоор гаралгүй шууд төмөр замынхаа боомтоор энэ эдийн засгийн коридор руу холбогдох бололцоо байгаа юм. Бидний худалдаа хийх чадвар тэр хэмжээгээр сайжирна гэсэн үг.
-Нарансэвстэйн боомтыг нээвэл байгаль орчинд сөрөг нөлөөтэй, амьтад устана гээд байгаа эрдэмтэд, нутгийн иргэдэд юу хэлэх вэ?
-Монголын хилийн өмнө талд Хятадын уурхайнууд, үйлдвэрүүд, зам дэд бүтэц нь бүгд байна. Угаасаа давхар давхар хашаатай учраас манай зэрлэг амьтад тийшээ нэвтэрдэггүй. Манайх хилийнхээ наана зэрэгцүүлээд 5 км тавихад нөлөөлөл харьцангуй гайгүй байна гэж бид тооцож байгаа юм. Ингэж дэд бүтэцтэй болгох нь иргэдээс гадна хил хамгаалал, амьтан, байгаль хамгааллын үйл ажиллагаанд ч дэмтэй. Яагаад гэвэл зам тавина гэдэг чинь байгалиа хамгаалж байна гэсэн үг. Замгүй газраар хүн явахгүй. Газар нутгийн хэмжээ их том учраас байгаль хамгаалагчийн тоо тэр хэмжээгээр олон байх ёстой. Харамсалтай нь, цөөхөн хүн ажилладаг. Тэд маань авсан цалингаа ёстой бензин шатахуундаа зараад ажиллаж байна. Тэдний урсгал зардлыг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газрыг манаж, хамгаалах ёстой байгаль хамгаалагчийг олон болгох шаардлага бидэнд бий. Тусгай хамгаалалттай газар өөрөө санхүүгээ босгодог байх бололцоог боомтын худалдаа нээж өгснөөр, тэр худалдаанаас орж байгаа орлогоос тодорхой хэмжээгээр менежментийн зардал руу нь шилждэг зүйлийг хамтраад хийгээд өгвөл эрдэмтэд маань дургүйцээд байхгүй байх гэж бид үзэж байна.
-Хамгийн гол нь, Талын мэлтэсийн 300 тонн нөөцтэй алтны үндсэн ордыг л ашиглах нь гэсэн хардлага их явж байгаа юм билээ?
-Тэнд алтны орд байхгүй. Тэнд илэрц байгаа гээд очиж ухаад байдаг. Нэг ч удаа албан ёсны нөөц тогтоож, хайгуул хийгээгүй. Дархан цаазтай газар дотор хайгуул, олборлолт хийх боломжгүй. 300 тонн гэдэг цуу шүү. 1900 оноос өмнө янз янзын байдлаар алт олборлож байсан гэдэг. Тэрийг нь л нөхдүүд өлгөж аваад байдаг юм шиг байна лээ. Яагаад манай баруун бүсэд амьдарч байгаа иргэд төвийн бүсэд амьдарч байгаа иргэдтэй ижил үнэтэй бензин хэрэглэж, ижилхэн хатуу хучилттай авто замаар явж, гадагшаа худалдаа хийж болдоггүй юм бэ. Яагаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ заавал 1000 км явж Хятадын зах зээл рүү оруулах ёстой юм бэ. Тийм учраас л бид энийг яриад байгаа юм. Хүмүүс Дархан цаазтай газрын дундуур явна гэж буруу мэдээлэл өгөөд байгаа юм. Ийм асуудал огт байхгүй. Дархан цаазтай газар дээр уул уурхай явуулах асуудал байхгүйг хатуу хэлье.
Хүмүүс Бургастайн боомтыг ашигла гэдэг. Бургастайн боомт нэгд, Нарансэвстэйгээс 400 км-ийн цаана бий. Хоёрдугаарт, Бургастайн боомтын цаана Шинжаань Уйгарын өөртөө засах орон бий. Шинжаантай хиллэж байгаа манай хил нэг талдаа биш хоёр талдаа. Хил хамгаалахаас гадна цагдаа нар өдөр шөнөгүй хилийн цаана машинтай, улаан цэнхэр гэрэл асаагаад явж байдаг. Тусгай хяналттай, өөр дэглэмтэй бүсээр чөлөөт худалдаа хийнэ гэдэг маш хүндрэлтэй. Тийм учраас Хятадын дотоод мужтай худалдаа хийхээр Бургастайг биш, Нарансэвстэйг яриад байгаа гэсэн санаа.
Д.ЭРДЭНЭТУЯА
One reply on “Б.Тулга: Нарансэвстэйн боомт ашиглалтад орсноор баруун бүсийн эдийн засагт онцгой нөлөө үзүүлнэ DNN.mn”
Энэ эрүүл хүн үү, өвчтэй хүн үү. БНХАУ бол Хятадын Коммунист Намаар удирдуулсан төвлөрсөн удирдлагатай, хамгийн олон хүн амтай энэ дэлхийн том гүрэн улс. Хамгийн цэгцтэй удирдлага, зохион байгуулалттай. Бүх боомтоор хятадууд манайтай худалдаа наймаа хийж байгаа. Хятадууд буюу ХАН үндэстнүүд. Өвөр Монгол, Шинжааны боомтуудаар зөвхөн монгол, уйгар, казах хүмүүс л бидэнтэй арилжаа наймаа хийдэг гэж худлаа ярьж тархи угаах ямар шаардлага байгаа юм бэ. Мазуншань уул хоёр улсын хилээс цааш 100 гаруй км-т байгаа, яахаараа “манай талд байдаг” гэж ярьж байгаа хүн бэ. Морин дэл ууланд манайхан нутаглаж байсан нь үнэн, харин одоо Гансу мужийн нутагт байгаа, хар, бор гэж ялгадаг хоёр уул бий, тэнд Дамбий Жа нутаглаж байсан. Сүбэй монгол гэсэн нэр томьёо байхгүй, монгол аймгийг Субэй аймаг гэдэг, харин аман ярианд тэднийг Цастын монголчууд гэж нэрлэдэг. Талын мэлтэс алтгүй гэж бүр ичих ч үгүй гөрдөж байна. Алттай болоод л та нар энэ удаад хоёр намын үгссэн дээрэмчид ухах болчихоод чичрээд байгаагаа юунд ингэж төөрүүлж, тойруулж дэмий ярина вэ. Улс төрийн маш алдаатай ярьж байж хоёр орны харилцаанд ан цав суулгачих л бий вий гэж энэ мөнгө цагаан-нүд улаан хүмүүсээс айж байна.