2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол дахь “Оросын филологийн сургууль 2024” төслийн үйл ажиллагаа Улаанбаатар хотын Налайх дүүрэгт болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээг В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовын Улсын инженер, багшийн их сургууль (ОХУ, Удмурт) Россотрудничество байгууллага болон Улаанбаатар дахь “Русский дом”-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.
Арваннэгдүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд монголын орос хэлний 100 багш, сурагчид орос хэл заах эрчимжүүлсэн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдлаа. Хөтөлбөрт оролцогчид ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран Монгол улсад орос хэл заах асуудлууд, тэр дундаа монгол сургуулийн сурагчдад зориулсан шинэ сурах бичиг зохиох асуудлыг авч үзсэн.
Сургалтын үеэр оролцогчид лекц сонсож, мастер-класс, интерактив болон дадлага хичээлд хамрагдаж, сэдэвчилсэн талбарын ажилд оролцон төслийн ур чадвараа дадлагажуулж, багийн сурган хүмүүжүүлэх эрэл хайгуулыг явуулж, орос ардын “Калинка” дууны аянд нийтээрээ флэшмоб хийснээр өндөрлөв.
“Орос филологийн сургууль”-ийн үр дүн нь оросын мэргэжилтнүүдийн удирдлага дор ажилласан 7 багийн төслийн хамгаалалтыг олон нийтэд танилцуулсан явдал болсон. Эдгээр төслүүд нь монгол хүүхдүүдэд зориулсан орос хэлний шинэ сурах бичигт тусгалаа олох ёстой харилцааны янз бүрийн чадваруудын хөгжлийг хамарсан байна. Оролцогчид судалгааны төсөлдөө орос хэл дээрх сургалтын видеороликүүдийг багтаасан арга зүйн танилцуулгуудыг мэргэжилтнүүдэд танилцуулсан.
Тухайлбал, орос хэлний авиа зүйн чиглэлээр ажилласан төслийн нэг баг нь монгол хүүхдүүдэд бэрхшээл учруулдаг “Ы” авиаг дуудах дадлага хийсэн сургуулийн сурагчдын хичээлийн хэсгийг толилуулсан.
Нийгэм-соёлын чадвар дээр ажилласан төслийн баг нь сурган хүмүүжүүлэх эрэл хайгуулын үеэр олж мэдсэн, гүн сэтгэгдэл төрүүлсэн даалгаврын төрлүүдийг ашиглан, оросын Масленица баяр болон монголын Цагаан сарын баярыг харьцуулсан даалгаврыг хийж гүйцэтгэсэн.
“Төслийг бүтээх явцад бид шинэ интерактив технологиудыг ашиглан бүх төрлийн ярианы үйл ажиллагааг хамарсан бөгөөд энэ нь сурагчдад хичээлийн материалыг үзэх сонирхлыг төрүүлэх боломжтой” гэж ярианы ур чадварын чиглэлээр ажилласан төслийн багийн гишүүн Бямбажавын Баяржаргал хэлсэн.
Төслийн хамгаалалтын төгсгөлд оролцогчдод мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээг ёслол төгөлдөр гардуулав.
“Орос филологийн сургууль”-ийн хаалтын үеэр Россотрудничество байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Улаанбаатар дахь “Русский дом”-ын захирал Валерия Килпякова хэлэхдээ: “Оросын филологийн сургууль нь Монгол улсын өнцөг булан бүрээс орос хэлний идэвхтэй болон сэтгэлээсээ ханддаг багш нарыг цуглуулж, шинэ сургалтын орчинд туршлага солилцох боломж олгосон. Түүнчлэн монгол сургуулийн сурагчдад зориулсан орос хэлний шинэ сурах бичиг бүтээх суурийг тавих үүднээс үе үеийн төлөөлөл бүтээлч сургалтын орчинд хамтран ажиллах боломж олгосон” гэж тэмдэглэсэн.
Нямжавын Нямдаваа, Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбооны тэргүүлэгч гишүүн, Төв аймгийн Угтаалцайдам сургуулийн орос хэлний багш:
– Монголд зохион байгуулсан “Оросын филологийн сургууль 2024” төслийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
– Бидний хөтөлбөр маш баялаг, их шахуу байсан: лекцүүд, мастер-класс, хэлэлцүүлэг, эрэл хайгуул, тоглоом, төслийн хамгаалалт. Энэ бүгд бидэнд маш хэрэгтэй, чухал зүйл байсан, учир нь дэлхий ертөнц секунд тутамд өөрчлөгдөж, хүүхдүүд хөгжиж байна, тэд хоцрох ёсгүй. Багш хүн өөрийгөө хөгжүүлэх ёстой. Дараагийн зорилт нь манай сурах бичгийг сайжруулах явдал.
Энд Монголын ирээдүйн багш нар – оюутнууд, дунд сургуулийн болон их дээд сургуулийн багш нар цугларчээ. Мөн Глазовын их сургууль, Москва, Нижний Новгородын их дээд сургуулиудын багш нар ирсэн байна. Дараагийн төслийг тэсэн ядан хүлээж байна!
Батсайхан Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 1-р сургуулийн орос хэлний багш:
– “Оросын филологийн сургууль 2024” төслийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
– Би хоёр дахь жилдээ ийм арга хэмжээнд оролцож байна. Өнөөдрийн арга хэмжээ нь харилцаа холбоо, туршлага солилцоо, өөрийгөө танилцуулахад маш сайн арга хэмжээ болсон.
– Ямар үйл ажиллагаа нь хамгийн их таалагдсан бэ?
– Надад бүх зүйл таалагдсан. Бүх арга хэмжээ маш сонирхолтой, сэтгэл хөдөлгөм байсан. Сурган хүмүүжүүлэх эрэл хайгуул надад маш их таалагдсан бөгөөд үүнийг өөрийн ажилдаа ашиглах болно.
Хусман Эркегүл, Баян-Өлгий аймгийн 2-р сургууль:
– Төслийн явцад та ямар шинэ зүйл сурсан бэ, юуг өөрийн ажилдаа хэрэгжүүлэх вэ?
– “Би үнэ цэнэтэй туршлага хуримтлуулсан бөгөөд төслийн явцад сурсан сурган хүмүүжүүлэх шинэ арга барилаа ажилдаа нэвтрүүлэхийг хүсч байна. Төсөл цэвэр агаарт, байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулагдсан нь надад их таалагдлаа. Энэ нь албан бус уур амьсгалыг бий болгож, шинэ мэдээлэл, шинэ найзууд, болон арга хэмжээг сайхан зохион байгуулсан талаар мартагдашгүй сэтгэл хөдлөлийг төрүүлсэн. Энэхүү гайхалтай бүтээлч санааг бий болгож хэрэгжүүлсэнд бүх зохион байгуулагчдад баярлаж талархсанаа илэрхийлье.
Ашимхаан Гулбанов, нийслэлийн 119-р сургуулийн орос хэлний багш:
– “Оросын филологийн сургууль 2024” шиг арга хэмжээнүүд тогтмол болоосой гэж хүсч байна уу?
– Ийм төрлийн арга хэмжээ бидэнд үргэлж хэрэгтэй байдаг, бидэнд орос хэл дээр харилцах боломж дутагдаж, орос хэлний арга зүйгээс суралцах шаардлагатай байна. Ийм чухал төслүүдийг тогтмол зохион байгуулж байгаасай гэж хүсч байна.
Айгүл Чамин, Улаанбаатар хотын орос хэлний багш:
– Төсөлд оролцсон ОХУ-аас ирсэн багш нарын ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
– Гайхалтай багш нар! Тэдний сурган хүмүүжүүлэх түвшин маш өндөр. Бидэнд маш их таалагдсан, бид маш их хэрэгтэй шинэ мэдлэг, заах арга барилыг олж авсан. Бүх багш нартаа маш их баярлалаа!
Нямхүү Болормаа, МУИС-ийн оюутан:
– “Оросын филологийн сургууль 2024” хөтөлбөрийн юу нь танд хамгийн их таалагдсан бэ?
– Бид зохиолчдын баг болж хамтран ажилласан сурган хүмүүжүүлэх эрэл хайгуул надад хамгийн их таалагдсан. Бид 10-уулаа хамтдаа нэг баг болж уран зохиол, үлгэр гэх мэт 7 өөр өртөөг туулсан. Энэ нь маш сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой байсан. Арга хэмжээг гайхалтай зохион байгуулсан зохион байгуулагчдад талархал илэрхийлье!