…Түмэн зууны домогтой
Тогоруутай нуур хайрын нуур аа
Тэнгэрлэг заяатай залуусын
Дурлалын үгсээр уярсан нуур аа…
гэсэн дахилттай “Тогоруутай нуур” хэмээх дууг уншигч олон маань мэдэх байх. Сүүлд “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай агсан сэргээн дуулж, арай өөр хувилбараар ард түмэнд дахин хүргэсэн. МЗЭийн шагналт яруу найрагч Б.Оролзодын шүлэг, Н.Шонхорын аялгуугаар бүтсэн энэ дууг дуучин М.Отгонгэрэл, Б.Болдбаатар нар хамтран анх дуулсан юм. Гарсан даруйдаа ёстой л нэг байлдан дагуулж, машин бүрийн кабинд эгшиглэдэг байв. Хүн болгоны аманд хүлхэгдсэн дуу болсон. Хөдөөний оюутан би хүртэл ирж, буцах замдаа фургон дотор явахад нь “Манай найзын зохиосон дуу” гээд хэлчихмээр санагдаад байдаг байж билээ. Учир нь яруу найрагч Б.Оролзод агсан бид хоёр оюутан болсон цагаасаа хойш салалгүй нөхөрлөсөн юм. Харамсалтай нь энэ сайхан дууны яруу найрагч нь ч, аялгууг нь зохиосон эрхэм ч өнөөдөр бидний дунд байхгүй. Гэвч хар залуугаараа тэнгэрт одсон авьяаслаг залуусын нэрийг мөнхөлж, бүтээл нь эгшиглэсээр байна.
“Тогоруутай нуур” дуу 2004 онд анх дөрвөн оюутны дундаас төрж байжээ. Б.Оролзод маань Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул. Сумынхаа найман жилийг төгсөөд Лүн суманд 10 дугаар ангиа төгссөн. Лүн толгойн замын урд жижигхэн толгой байдаг юм. Хэзээ, хэн анх өгсөн юм, ямартаа ч тэр толгойг “Болзоотын бор толгой” гэж нэрлэх. Харин Туул гол саваа халин үерлэхээрээ тэр хүртэл усаа түрж, нуур тогтоно. Ангир, галуу ганганан шумбаж, эрэг захаар нь тогоруу явгална. Хавар, намартаа энэ бүхнийг ажиглан сууж, үеийн нөхөдтэйгөө хайр дурлал ярьж суудаг байснаа оюутан болж ирээд шүлэг болгон буулгасан нь энэ дуу. Одоо ч зарим хүн “Тогоруутай нуур” гэж хаана байдаг юм гэж асуудаг. Яг ийм нэртэй, газрын зураг дээр бүртгэлтэй нуур байхгүй. Харин яруу найрагчийн торгон мэдрэмж, зөн сэрэхүйгээр ийм нэгэн нуур бүтсэн юм. Жил, сараар нь хөөвөл мэдээж хэдхэн жилийн өмнө зохиогдсон дуу. Гэвч “Тогоруутай нуур” бол он жил улирах тусам жигүүр нь цуцахгүй, улам өндөрт эгшиглэн ниссээр