Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох улс-төр

Ж.Баярмаа: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголын эхний үр дүн гарсан DNN.mn

Төрийн ордонд өнөөдөр (2024.11.20) хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулагдана. Энэхүү сонсголыг санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.


-Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1 дүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” гэж онцлон заасан. Өнөөдөр монгол хүний эдгээр эрх бүрэн хангагдаж байна уу гэдгээс ярилцъя?

-Хүний эрх хэр хангагдаж байгааг бид өдөр тутамдаа мэдрэхээс гадна олон улсын байгууллагууд дүгнээд байгаа шүү дээ. Олон улсын байгууллагууд улс орнууд дахь Ардчиллын төлөв байдлын индексийг тогтоохдоо хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрх чөлөө хэр хангагдаж байгаа вэ, шүүхийн засаглал хэр хараат бус байна вэ, сонгууль нь хэр чөлөөтэй бөгөөд шударга явагддаг вэ зэргийг гол шалгуураа болгодог. Эдгээрээс хамгийн чухлуудын нэг бол хүний эрх, эрх чөлөөний асуудал. Угаасаа Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хуулийн гол үзэл санаа бол хүний эрх, эрх чөлөө юм. Өөрөөр хэлбэл, Монголд хүн дээрх эрхүүдийг хуулиар эдлэх эрхтэй болсон явдал юм. Мэдээж үүн дээр өмчийн эрх гээд нэмэгдэнэ. Харамсалтай нь, эдгээр эрхийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас манайх байр ухраад байгаа юм. V-dem гээд олон улсын хүрээлэнгээс гаргадаг судалгаагаар дэлхийн 180 орчим орноос Монгол 2022 онд 61 дүгээр байранд байсан бол 2023 онд 77 дугаар байранд, 2024 онд дахин 4 байраар ухарч 81 дүгээр байранд орсон.

Мөн хамгийн ноцтой нь, дэлхийд ардчиллаас маш эрчимтэй ухарч байгаа долоон улсын нэг болсон. Эндээс Монгол Улсад хүний эрх хэрхэн хангагдаж буй нь харагдаж байгаа юм. Нарийвчлаад яривал, ялангуяа сайн дураараа орж, гарах эрхээ түр хязгаарлуулсан хүмүүсийн асуудал бүр амаргүй нөхцөл байдалд байгаа нь үйл явдлуудаас харагдаад байгаа шүү дээ.

-Олон нийтийн сүлжээгээр хүний нэр төрд халдаж, гутаан доромжилж, бүр “яллах” байдал цөөнгүй гарч байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж буй нэг хэлбэр. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

-Хэнбугай ч хэний ч нэр төр, алдар хүндэд халдах ёсгүй. Энэ нь өөрөө бас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон Үндсэн хуулиар хамгаалуулсан байдаг. Тиймээс хүнийг гүтгэн доромжилж, нэр хүндэд нь халдана гэдэг яавч зөв зүйтэй зүйл биш. Гэхдээ гүтгэсэн, доромжиллоо гээд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн ялаар шийтгэж болохгүй. Учир нь бүх зүйл хоёр талтай гэдэг шиг үүгээр далимдуулж иргэдэд мэдээлэл дамжуулах, ялангуяа төр засаг, эрх баригчдыг шүүмжлэх урсгал хаагдах эрсдэлтэй. Хэрвээ гүтгэсэн нь нотлогдвол Иргэний хуулиар тохирсон торгууль л ногдуулж байх нь зөв болов уу.

-Монгол Улсад цагдаа, шүүх, прокурорын байгууллага дээр хүний эрх зөрчигддөг жишээ олон. Сэжигтэнийг эрүүдэн шүүх, хийгээгүй хэргийг нь хүлээлгэдэг ч тохиолдол байна. Үүн дээр таны бодол?

-Мэдээж эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцах нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас гадна Эрүү шүүлтийн эсрэг конвенц, манай Үндсэн хуулиар хүртэл хориотой байдаг. Гараад байгаа зөрчлүүдийн дийлэнх хувь нь хууль сахиулах байгууллагууд дээр байна. Цагдаа, өөрөөр хэлбэл мөрдөн байцаах ажиллагаа, түр саатуулах явцад илүүтэй тохиолдож байна. Өнгөрсөн зун 461 дүгээр ангид нэг ноцтой асуудал үүссэн. 21 настай амь хохирогч эрүү шүүлтэд өртсөн тухай гомдол гаргасан байдаг. Энэ асуудалд санаа тавьж, хууль сахиулах, прокурор зэрэг холбогдох байгууллагуудаас мэдээллүүд авахаар албан шугамаар хандаж байгаа. Гэхдээ харамсалтай нь, хамгийн сүүлийн энэ хэрэг дээр гэхэд л “Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа” гэх ч одоо хүртэл яаж шийдэгдсэн нь, хэн нэгэнд хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй байна. Хуулиараа мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаардаг тул тэр бүр мэдээлэл өгдөггүй. Талийгаач нэг сард гомдол гаргаснаас хойш асуудал шийдэгдэхгүй арай л удаж байна. Уг нь Эрүүгийн хуулиар “Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж байдаг ч ингэж авдаг тохиолдлууд байсаар л байх шиг байна. Энэ бол гэмт хэрэгтэй огт холбоогүй. Тэр хүн ямар ч хэрэг үйлдсэн бай эрүүдэж, байцааж хэрхэвч болохгүй л гэсэн санаа. Энэ үзэгдэл эгнэгт байхгүй болох ёстой.

-Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалт Үндсэн хуулиар олгогдсон “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхтэй зөрчилдөж байна. Энэ хэрээр ялангуяа сэтгүүлчдийн ажил үүргээ гүйцэтгэх эрх хязгаарлагдаж байна. Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэж хоёр тусдаа заалт байсныг “илт худал мэдээлэх” гэж ерөнхийлсөн заалт болгож оруулсныг өөрчлөх хэрэгтэй гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Энэ заалтыг өөрчлөх шаардлагатай. Би ноднин сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаас болоод үүнийг өөрчлөх шаардлагатай гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Түүнээс гадна ХЭҮК-ынхонтой энэ асуудлаар уулзаж байхад НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс байнга “Энэ заалтыг Эрүүгийн хуулиасаа аваач ээ, Иргэний хуульдаа оруулаач” ээ гэж анхааруулдаг юм билээ. Эрүүгийн хуулинд “гүтгэх” гэж байгаад, 2015 онд Ардчилсан нам засаглах үед Эрүүгийн хуулиас аваад, Зөрчлийн хуулинд оруулсан байна. 2017 онд Ардын нам засаглаж байхдаа буцаад хүрээг нь томруулаад, “илт худал мэдээлэх” гээд, том малгай дор бүгдийг нь чихээд, үүнийг зөрчсөн гэж эрүүгийн ял хүлээлгэж байгаа нь буруу гэж үзэж байна. Үүнийг зөвхөн дан ганц сэтгүүлчид, хувь улстөрчид хүсээд байгаа юм биш. Түрүүн хэлсэнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс үүнийгээ болиоч ээ гэж зөвлөөд байгаа юм. Үүний гор яаж гарч байна вэ гэвэл, манайх хэвлэлийн эрх чөлөөний индексээр илтэд ухарч байна. 2023 оноос хойш нэгхэн жилийн дотор бүхэл бүтэн 21 байраар ухарчихлаа. 92 дугаар байранд байж байгаад, 109 рүү ороод ирсэн. Дүнгээр харьцуулж яривал 5, 4, 3, 2, 1 гэдэг шиг ангилал байдаг юм байна. Үүнээс Монгол 2-ын дүн авсан буюу “Difficult” гэх ангилал руу шилжчихсэн байна. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний байдал “хүнд, хэцүү” гэсэн ангилал юм. Энэ нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтаас болж хэвлэл мэдээллийнхэн асуудалд орооцолдоод байгаатай холбоотой болов уу.

-Таны эрх өнөөдөр ямар нэг байдлаар зөрчигдөж байна уу?

-Эрхээ мэддэг тул учиртай. Юун төлөө Үндсэн хуулиар олгогдсон эрхүүд байгаа билээ. Ямар нэгэн эрх зөрчигдөх аяс илэрвэл эрхийнхээ төлөө тэмцэнэ. Ямар ч байсан хуулийн хүрээнд хаана ч, ямар ч газар үг, үзэл бодлоо илэрхийлж, эрхээ эдэлсээр л явах болно. Гэвч Үндсэн хуулиар олгосон эдгээр үндсэн эрхүүдээ мэдэхгүй иргэд зөндөө байгаа нь харамсалтай. Жишээ нь, хөдөө орон нутагт фэйсбүүкээр сум орон нутгийн удирдлагаа шүүмжилсэн постонд лайк дарвал ямар нэгэн байдлаар өөрөө, эсвэл ар гэр нь дарамтлуулдаг тохиолдол элбэг гэдэг. Мөн Улаанбаатар хотод ч гэсэн сошиал платформоор үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө цагдаагийн байгууллагаас утасдаж, “Постоо авна уу” гэсэн шаардлага тавьсан тохиолдлууд байдаг.

-Та “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт сонсголоос ямар үр дүн хүлээж байна вэ?

-Бид том зургаараа бол энэ сонсголын үр дүнд эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанд өртөж хохирч ирсэн иргэдийн үнэн байдлыг ил гаргах, тэдний эрхийг хамгаалах үүрэгтэй төрийн алба, албан тушаалтнуудын үүнтэй холбоотой үйл ажиллагаанд цогц дүгнэлт хийх, хууль эрх зүйн хувьд ямар ч хүний эрхийг бодитоор нь хамгаалж чадах системийг бүтээх асуудлуудыг цогцоор нь шийдэх шийдэлд хүрэхийг зорьж байна. Энэ бол зөвхөн бидний биш, нийт монголчуудын хүсэл. Монголд өөрийн дураараа гарч явж болдоггүй 840 гаруй байгууллага байдаг. Энэ удаагийн сонсголоор хорих ангиуд, цэргийн анги, заставууд, түр саатуулах газрууд зэрэг байгууллагадуудад төвлөрч байгаа. Товчхондоо энгийн үгээр хэлбэл, эцсийн үр дүн бол эрүү шүүлт, хүнлэг бус хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн зөрчил тулгараад байгаа эдгээр объектууд дахь хүний эрхийн зөрчил арилах ёстой. Улмаар бусад газрууд болох Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн асрамжийн төв, Ахмадын асрамжийн төв зэрэг байгууллага дахь хүний эрхийн хэрэгжилт сайжрах ёстой.

-Нэлээн сайн үр дүн гарна гэсэн итгэлтэй байгаа бололтой?

-Энэ сонсголыг долдугаар сард санаачилснаас хойш илэрхий үр дүн харагдаж байна. Би түрүүн хэлсэнчлэн, ХЭҮК, цагдаа, прокурор зэрэг холбогдох байгууллагуудад асуудал юу болж байгаа талаар асуулга, асуулт тавиад явж байгаа. Тэдний хариултаас харахад, эрүү шүүлт, хүнлэг бус харилцаа арилахгүй байгаад байгаа асуудлыг хүчтэй ярьж, сонсгол санаачлах болсноос хойш ХЭҮК гэхэд хяналт шалгалтаа нэлээн сайн эрчимжүүлээд байгаа нь харагдсан. Холбогдох байгууллагуудаар явж байгаа юм байна. Цагдаагийн байгууллага ч дутуу байсан газруудаа камертай болгох зэргээр ажлаа сайжруулж, эрчимжүүлж байгаа гэж ойлгосон.

-Камер нь ажилладаггүй гэсэн асуудал гарч байсан. Эвдэрч хэмхэрсэн камеруудаа бүгдийг нь зассан байна уу?

-Яг тийм, бүгдийг нь засаж янзалсан гэж ойлгосон. Тухайн байгууллагуудад энэ сонсголд бэлдэх ажиллагаа бас явагдсан байна шүү дээ. Маргааш болох сонсголын эхний үр дүн, нөлөө ийм маягаар гарч байна гэж бодож байна. Камергүй цагдаагийн байгууллага байхгүй болсон байх. Сонсгол дээр тийм мэдээ сонсоно гэж бодож байна. Гарах үр дүнгийн тухайд, шаардлагатай хууль тогтоомжуудад ямар өөрчлөлт оруулбал урьдчилан сэргийлэх ажиллагаа сайн явагдах вэ гэдэг дээр бид нэлээн анхаарал хандуулах ёстой. Аливаа асуудлыг “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр араас нь тийм ч зөрчил үүслээ гэж явах биш, урьдчилан сэргийлэх ёстой гэдэг дээр илүү их ач холбогдол өгнө. Яг тэрэндээ шаардлагатай хууль эрх зүйн орчныг нь сайжруулах дээр ХЭҮК-ын, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлтүүд нэн даруй орох байх гэж бодож байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *