Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцууллаа DNN.mn

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформ, нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилтын хүрээнд төсөвлөгдсөн байна.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурт нийцэж байгаа эсэхэд аудитаар дараах дүгнэлтийг  гаргажээ. Үүнд:

Нэг. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байна.

Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 42.6 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаатай нийцэж байна.

Хоёр. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, Нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий хоёроос дээш хувийн ашигтай байх, Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг хангасан байна.

Гурав. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалд нийцсэн боловч Улсын Их Хурлаас тухайн жилийн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлаагүйгээс түүнд чиглэсэн эсэхийг харьцуулан дүгнэх боломжгүй хэмээн дурдсан байлаа.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг дараах холбоосоор нэвтэрч танилцана уу. https://open.audit.mn/reportSingle/12176

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *