Categories
мэдээ цаг-үе

Худалдааны салбарын борлуулалтын орлого 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.4 (35 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Худалдааны салбарын энэ оны эхний хагас жилийн борлуулалтын орлогын 22.9 хувийг хүнсний, 77.1 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлжээ. Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа мөн хугацаанд 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 683.5 (21.5 хувь) тэрбум төгрөгөөр, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 13.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 (39.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд шатахууны бөөний болон жижиглэн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (72.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Худалдааны салбарын энэ оны эхний хагас жилийн борлуулалтын орлогын 41.3 хувь нь бөөний, 58.7 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого дээрх хугацаанд 9.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (31.6 хувь) их наяд төгрөг, харин бөөний худалдааных 6.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (40.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны 6 дугаар сард 3.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 662.5 (21.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны 6 дугаар сард өмнөх сарынхаас нэмэгдэхэд шатахууны бөөний болон жижиглэн худалдаа 378.5 (33.3 хувь) тэрбум, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа жижиглэн худалдаа 78.3 (43.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Аймгуудын худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд, өмнөх оны мөн үеийнхээс 11.3-80.6 хувиар нэмэгдсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *