Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэнэс Оюу толгой амилах сураг

Өчигдөр бага үдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, зарим эрхэм гишүүд гэнэт хэвлэлийн хурал хийж Рио Тинто, Туркойз Хилл ком­паниудын Гүйцэтгэх захирлуудын ирүүлсэн саналыг танилцуулав.
Засаг, Рио Тинто хоёрын хэлэлцээний явцад Оюу толгой төслийн цаашдын хувь тавилан, хоёр талын харилцаа, хамтын ажил­лагааны ойрын болоод хэтийн төлөвт нааштай олон чухал тохиролцоо орж буй тухай тэд ам булаалцалдан ярив. Энэ хоёр тал хэрүүл маргаан, мэтгэлцээн, зарга, дотоод ба гадаадын аудит шалгалт зэрэгт олон сар зарцуулсны эцэст одоо л ширээний ард сууж өгөө, аваагаа нэг шийдэж буй бололтой.
Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг үгтэй болохоор Оюун-Эрдэнэ гэдийж, Якоб Стаусхолм ч мэхийж нүүр тулан ярьсны үр дүнд учир зүйгээ ололцож байх шиг.
Риогийн Зэсийн группын дарга Б.Болд “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага”-ны тавиланг туулж буй эрхэм. Монголын ир­гэний паспорттой, Риогийн удирдах албаны нэрийн хуудас хармаалсан энэ залуу “агаарт татсан утсан дээр алхаж яваа”-тай дүйцэхүйц хэцүү алба гүйцэтгэн гүрийж буй нэгэн. Тэрбээр УИХ, Засгийн газ­рын шаардлага, дур хүслийг хангах, бас Риогийн дээд удирдлагын зорилго, даал­гаварт нийцүүлэх гэж тамаа цайж яваа нь мэдээж. Нямбаатар сайд бээр айлын талаас ирсэн албан тоотыг танилцуулдаг, цэргүүд нь сайдаа дагаж телевиз, интернэтээр л гэр хийдэг гэмээр харагдах. Хэлэлцээ хийх орчин цагийн монгол арга юм болов уу даа.
Юутай ч гэсэн одоо хоёр талын хувьд нохойн дуу ойртсон бололтой.
Эрдэнэс Оюу Толгойн өрийн 70 хувийг тэглэх Риогийн санал гологдсон. Тээр жил Путин ах Мон­голын их өрийн 98 хувийг цуцалсан жишиг буй учраас 70 гэдэг багадна. Хойд ах нараа­саа сурсан юмаа март­вал нүгэл болно. Гэхдээ “Монгол­росцветмет” хэмээх хамтарсан компанийг бараг 200 сая ам.доллароор худалдаж авсан шүү дээ, одоогийн ханшаар бараг 1 тэрбумд дөхөх биз. Энэ нь уг компанид Монголын талаас оруулах ёстой байсан хөрөнгийг Зөвлөлт ах нар зээлээр “даасан” орос капитал байж. Тэгээд их өр цайруулсны дараа энэ зээлээ хүүтэй юутай нь нэхэж авсан түүх. Их өр чингэж шийдэгдэхдээ Монголын гуравдагч хөршийн бодлогыг араа шүдэн­дээ чанга зуусан нь өөр түүх. Үүнийг орхиж Эрдэнэс Оюу толгой руу харъя.
Өрийн далан хувийн цайруулалт нь хангалттай бус учраас 100 хувь руу зүтгүүлэх нь буруу биш, хэлэл­цээ юм чинь. Өгөө, аваатай хорвоо гэдэг. Хоёр бөхтэй тэмээ авахын тулд “гурван бөхтэй тэмээ” төлөвлөдөг зуршил социа­лизмын үеийн улсын төс­вийг зохиодог шилдэг аргын нэг байж билээ. Наймаанд ч илүү дуудаж байж санасан үнээрээ зардаг.
Эрдэнэс Оюу толгой болон Рио Тинтогийн нүгэл, буяны дансыг түүх бүртгэж дүгнэх нь цаг хугацааны хэрэг.
Тэнгэр арван хуруу тэгш бодгаль бүтээгээгүй болохоор хоёр талын аль алинд гээ ч бий, гоо ч бий. Үүнийг тэгшлэх үүднээс Эрдэнэс Оюу толгойн өрийг Рио өөрөө 100 хувь залгих аж. Чингэвэл Эрдэнэ Оюу толгой нь нэг хоногийн дотор нэг тэр­бум ам.долларын үнэлгээ­тэй компани болж хувирна. Өөрөөр хэлбэл, одоогийн улаан данс нь хаагдаж уг компани амилж хөл дээр тэнцэж босно гэсэн үг. Учир нь зээлээр авч байсан мө­нөөх 34 хувиа нэг ч төгрөг зарахгүйгээр өвөртөлж өмчлөх нь.
Ингэж амилчихаад олиг­той­хон байвал Монголын хөрөнгийн бирж, цаашилбал Нью-Йоркийн бирж дээр ч гарч компанийнхаа үнэ цэнийг зузааруулж болох ирээдүй нээгдэнэ.
Ийм олзны тухай мөрөө­дөх боломж бүрдэх биз.
Манай Ерөнхий сайдын цуцалтгүй зүтгүүлсэн са­наа­ны ард Эрдэнэс Оюу тол­гойг амилуулахын тулд 2.3 тэрбумын өрийг айлд үүрүүлэх, 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани үнэ өртөггүй шил­жүүлж эзэмших, мөн нөгөө үүсэх таамаглалтай гэж шуугиулсан 22 тэрбумын өр гэгч муу ёрыг устгах, улмаар ногдол ашиг хүртэх өдрийг тулхтай ойртуулах зэрэг мэргэн нүүдэл байжээ гэж бодогдох. Тунгалаг тамирын баян Итгэлтийн хойд дүр гэвэл онож мэднэ. Монгол ухааны ийм тусгал хүчтэй байх болтугай.
Харин эдгээр нүүдлийн учир начрыг монгол сэтгэл­зүй, эх хэлээрээ шууд ойлгох Б.Болд бээр засагтай явуулж буй хэлэлцээний айлын талыг удирдаж байгаа нь азтай хэрэг. Гэхдээ Риогийн дээд удирдлага, хувьцаа эзэмшигчдэд манай Засгийн нүүдлийг ойлгуулах, зөв­шөө­рүүлэх гэдэг нь нэн их лайтай бөгөөд тамтай ажил дөө. Гэхдээ тэрбээр арвин мэдлэг, туршлагатай хүмүүн. Б.Болдод тэнгэр туслах болтугай.
Дээрх хэвлэлийн хур­лын маргааш нь Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны үнэ Нью-Йорк, Торонтод 14 хувиар өсчээ. Энэ нь Оюу толгой төсөл, Монгол Улс дэлхийд таалаг­даж буйн тодоос тод илрэл гэсэн мэдээ энд тэнд гарч байна.
Ямар боловч энэ удаа Эрдэнэс Оюу толгой, Рио Тинто хоёр хэл амаа олол­цож, өгөө аваагаа тохирч Ханбогд хайрхны бэл дэх Оюу толгой уурхай ашиг­лал­тад орох зам нь нээгдэх шинж төлөв нь тодров. Ийм төлөв Монголын минь нэр алдрыг дэлхийд сайнаар цуу­рай­­туулав. Харин энэ мэдээ мөнхийн хоёр хөршийн маань чихэнд ямархуу сонстсон бол?.
Оюу толгой төсөл нь жи­рийн нэгэн уурхайн бү­тээн байгуулалт мөртөө улс төрийн бөмбөг болж, геополитикийн хавханд зуул­­­­гасан хатуу тавилантай учраад хувь заяа нь ээдэрсэн гэж бодогддог. Тийм учраас оролцогч талууд хохирсон гашуун түүхтэй. Одоо бүгд хожих цаг ирж буй болол­той. Цаашдаа уурхай шиг уурхай болж, улс төрөөс ангид, дотоод ба гадаадын жишигт нийцсэн бизнесийн засаглал, ёс жаягаар явж урт наслахыг ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *