Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Дэлхийн попын ертөнцийн шинэ өнгө Билли Айлиш

Хурц өнгө, өвөрмөрц шийдлээрээ орчин цагийн хөгжмийн ертөнцөд хувьсал хийж чадсан Билли Айлишийг энэ удаагийн энтертаймент буландаа онцолж байна.

Өргөн навсгар хувцас, өнгө өнгийн үс, жихүүдэс хүргэм клипүүдээрээ бусдаас ялгарч чадсан Билли ирэх арванхоёрдугаар сард 20 нас хүрнэ. Тэрээр 2001 онд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрж өсчээ. Түүний жинхэнэ нэрийг Билли Айлиш Пайрат О’Коннелл гэдэг. Дээрээ дөрвөн насны зөрүүтэй ганц ахтай. Биллигийн эцэг, эх нь энтертаймент салбарынх. Тэд хүүхдүүддээ гэрээр боловсрол олгож байжээ. Ээж нь хоёр хүүхдэдээ хэрхэн дуу бичихийг заадаг байсан бол аав нь Биллиг төгөлдөр хуур тоглуулж сургажээ. Билли дөрөвхөн настайдаа анхны дуугаа бичсэн тухайгаа нэгэн сэтгүүлд ярьсан байдаг. Хар нүхний талаарх уг дууны нэр нь “Fingers crossed”. Энэ дуугааБилли өөрийн үзэх дуртай цуврал болох “Walking D**d” – с улбаалан бичиж байснаа дурсжээ.
No description available.
Билли найман настайдаа Лос-Анжелес хотын хүүхдийн найрал дууны хамтлагт орж, 11 настайгаасаа эхлэн өөрөө дуунуудаа бичих болжээ. Тэрээр ах Финнеас О’Коннеллтой эвсэг бөгөөд уран бүтээлийн хамтрагчид юм. Одоогоос таван жилийн өмнө буюу 14 настайдаа ахынхаа зохиосон “Ocean Eyes” нэртэй дуугаа SoundCloud тавцан дээр цацсанаар од болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Үүнээс хойш 15 настай авьяаслаг дуучин “Don’t Smile At Me” нэртэй мини цомог гаргав. Мөн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий Interscope дуу бичлэгийн компанийн гэрээг өөрийн болгож чаджээ. Үүгээр ч зогсохгүй түүний шүтэн бишрэгчдийн дунд Nirvana хамтлагийн экс бөмбөрчин, Foo Fighters хамтлагийн ахлагч Дэйв Грол, Radiohead-ын Том Йорк, дуучин Сэм Смит нар багтдаг.
No description available.
Билли нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би 13 настайдаа “Revolution Dance Center” гэх бүжгийн төвд элссэн ч энэ газарт тийм ч сайхан дурсамжууд үлдээгүй юм. Эндээс Body Dysmorphia буюу өөрийн биеийнхээ талаар таагүй зүйлс бодох өвчин эхэлсэн. Тэнд байхдаа маш тухгүй байдаг байсан бөгөөд сүүлдээ өөрийгөө толинд ч харж чадахаа больсон. Үүнээс болж үргэлж том сулбагар хувцас, малгайтай цамц өмсдөг болсон” гэжээ.
No description available.
Хэнтэй ч адилтгах аргагүй зөөлөн хэрнээ гүнзгий хоолойгоор дуугаа дуулдаг Билли 18 -хан насандаа гайхалтай амжилтын эзэн болж байв. АНУ-ын Лос Анжелес хотноо дэлхийн дуу хөгжмийн хамгийн том наадмуудын нэг Грэммийн таван гол шагналыг хүртсэн юм. Тэрбээр оны шилдэг дуу, шилдэг шинэ залуу уран бүтээлч, шилдэг цомог, шилдэг бичлэг, шилдэг поп цомгийн шагналын эзэн болсон. Тэрээр хамгийн өрсөлдөөнтэй дөрвөн төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болоод зогсохгүй дуучин Тэйлор Свифтийн амжилтыг эвдэж түүхэнд бичигдсэн билээ.
No description available.
Биллигийн уран бүтээлийн жанр нь бараан талдаа. Зарим дуунууд нь жихүүдэс хүргэм. Тэгсэн атлаа түүний зөөлөн хоолойгоор меланхолик, мөрөөдөмтгий, готик өнгө аястай дуунууд залуусыг байлдан дагуулдаг. Билли Айлишийн бүтээлүүдэд хагас өнгүүд, зөөлөн аялгуу, айдас төрүүлэм шивнээ давамгайлдаг гэх үү дээ. Дууны шүлгүүдэд нь гэгээн хайрын тухай мөртүүд үзэгдэхгүй. Харин айдас, шаналал, гуниг, түнэр харанхуйн тухай этгээд текстүүд хөвөрнө. Билли Айлишийг “BBC Music” дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн нэгээр нэрлэж байсан юм. Instagram-д 87.7 сая дагагчтай болж чадсан энэ эршүүд маягийн охин Spotify стриминг тавцан дээр нэг тэрбум хандалт авч, тоглолтуудынх нь тасалбар үргэлж “sold-out” гэсэн бичигтэй байдаг байв. “When We Fall Asleep Where Do We Go?” нэртэй анхны цомгийг нь“Apple Music” тавцанд худалдаанд гарахаас нь өмнө 800 мянган хүн хүлээж байсан удаатай юм. Тус стриминг үйлчилгээний бүх цаг үеийн рекордыг тогтоогоод байсан билээ.
No description available. Дэлхийн хөгжмийн ертөнцөд гялалзаж яваа 19-хөн настай дуучин Билли саяхан мөн л инстаграмын рекордыг эвдсэн юм. Энэ удаад гадаад өнгө төрхөндөө эрс өөрчлөллтийг хийж, сая, сая дагагчдадаа таашаагджээ. Неон ногоон үсээ шаргал болгосноор цэнхэр нүд нь тодорч, ялдамхан эмэгтэйлэг дүр төрхийг бүтээжээ. Үснийхээ өнгийг өөрчилсөн зургаа инстаграммдаа тавьсан даруйд зургаахан минутын дотор нэг сая гаруй лайк авч,шинэ рекорд тогтоосон байна. Ингэснээр инстаграмын бүх цаг үеийн хамгийн олон лайктай арван постыннэг болсон юм. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард “Billie Eilish: The World’s a Little Blurry” хэмээх баримтат киногоо цацахаас өмнө, “Баримтат кино маань нээлтээ хийсний дараа үснийхээ өнгийг өөрчилнө. Үүгээр нэг эрин үе дуусч, дараагийн эрин үе эхэлж буйг илэрхийлнэ” гэж байсан нь энэ ажээ.

No description available.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *