Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Таж Махаалын бунхан

Олон улсын Монгол судлалын Холбооны хүндэт ерөнхийлөгч, ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич Д.Төмөртогоогийн бичсэн “Таж Махаалын бунхан” тэмдэглэлийг та бүхэнд хүргэж байна. Тэрээр одоогоос 48 жилийн өмнө дэлхийн долоон гайхамшгийн нэг болох алдарт Таж Махаалын бунхныг анх үзээд энэхүү тэмдэглэлийг бичиж байсан бөгөөд Энэтхэг-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулж нийтэд дэлгэж байгаа нь энэ.

Энэтхэг орноор аялсан минь. Миний бие цаст Хималайн өвөр бэлээс Энэтхэгийн далай хүртэл, Арабын тэнгисийн үзэсгэлэнт эргээс Бенгаалын булан хүртэлх өргөн уудам нутгаар олон мянган км замыг туулан, уул нуруу, ус мөрөн, ой ширэнгэ, оорцог манхан, хот тосгон, хөшөө дурсгал, сүм дуган, булш бунхан зэрэг үлгэрийн жагар орны түмэн гайхамшгийг нүдээрээ үзэж, сэтгэлээрээ баяс ч, алмайран биширч явлаа. Тийнхүү аялан явахдаа холын замд нь галт тэргээр, далай тэнгист нь усан онгоцоор, уул даваанд нь машин тэргээр, элсэн цөлд нь тэмээгээр, бас зарим газар заан такси, хүн хөлөг хүртэл хэрэглэж явлаа.

Олон улсын санскрит судлалын анхдугаар их хуралд оролцсон гадаадын эрдэмтдийн хамт төв Энэтхэгийн түүх дурсгалын зарим газруудаар аялсан минь Энэтхэг орноор тойрсон анхны минь аялал байсан юм. 1972 оны 4-р сарын 1-ний нарлаг сайхан өглөө аяллын зориулалттай тохилог автобусанд сууж Дэли хотоос өмнө зүгийг чиглэн хөдөллөө. Автобусны цонхоор өтгөн ногоон ой шугуй, тариан талбай ээлжлэн өнгөрнө. Тариалангийн талбайд нь трактор, комбайн огт харагдахгүй, харин анжис чирсэн цагаан үхэр, толгой дээрээ сахс барьсан тариачид л олон харагдана. Зам зуурын жижиг тосгон сууринд түр зогсоход өнгө өнгийн гоёмсог тохоштой том заанаа хөтөлж ирээд олон гишгүүртэй хөнгөн шатаа түшүүлэн тавиад, ойртсон бүхнийг урина. Манайхны зарим нь зааны нуруунд авиран гараад зургаа авахуулна, бас зарим нь баавгайн бүжиг, сармагчны тоглолт, кобра могой, мангуст хоёрын тулааныг үзнэ. Тийнхүү манай аяллынхан хэсэг зуур зугаацаж, тосгоныхон ч бас хэдэн зоос олоод авлаа. Бид аяллаа үргэлжлүүлэн үд дундын хэрд эртний түүхт Агра хотод хүрлээ. Агра хот бол таван мянган жилийн түүхтэй эртний хот бөгөөд хожим Монголын эзэнт улсын гутгаар их хаан Акбаарын үед гүрний нийслэл байжээ.

Эртний хотын хэрэм цайз, тахир нарийн гудамж, өнгө алагласан задгай зах тэргүүтнээр нүдээ хужирлаж явтал үзэсгэлэнт сайхан Ямуна мөрний тохой дээр сүр жавхлантайяа сүндэрлэн харагдах алдарт Таж Махаалын бараа алсаас тодхон харагдлаа. Манай аяллынхан явсаар их бунхны өмнөд хаалган дээр хүрч буулаа. Өндөр сүрлэг хаалгаар ороход хөх тэнгэрийн мандал дээр хашийн цагаан бунхан цайвалзан харагдах нь үнэхээр үзэсгэлэнтэй. Бунхны нүүрэн талд гантиг чулуун хашлагатай усан сан, түүний хоёр талаар хээлэн тарьсан ногоон зүлэг, эгнэн жагссан өндөр гоолиг модод хараа булаана. Бунхны чанх өмнө, тусгайлан зассан цагаан гантиг тавзан дээр хүмүүс ээлжлэн зогсоод зургаа татуулна. Ард нь байгаа үзэсгэлэнт бунхан өлмий доорхи усан мандалд тольдон буух нь сонин. Өндөрлөн зассан өргөн тавцан дээр өгсөн гараад бунхант асрын үүдээр ороход бөмбөгөр алдартай их танхим сэрүү татан угтана. Ийм том асрын тийм өндөр адарыг ганц ч баганагүй тогтооно гэдэг энэхүү уран барилгын олон далд нууцынх нь нэг ажээ. Их танхимын төв голд Мумтаз хатны бунхан, хажууханд нь хааны бунхан байна. Гэвч хаан, хатан хоёрын жинхэнэ шарил нь түүний доод давхарт байдаг юм байна лээ. Сүүн цагаан гантигаар урласан хаан, хатан хоёрын бунхнаас аваад их танхимын хана туурган дээр олон өнгийн навч цэцэгсийг эрдэнийн чулуугаар шигтгэн чимжээ. Исламын урлагийн уламжлалд амьд амьтныг дүрслэн зурдаггүй онцлогтой ажээ. Таж Махаалын бунхан өдрийн нарны гэрэлд харагдахаасаа шөнийн сарны туяанд илүү гоё харагддаг учир тэргэл сартай шөнө мянга мянган хүн тэнд цугларан, үзэсгэлэнт бунхны төгс сайхан үзэмжээр нүдээ баясган, сэтгэлээ сэргээж, саран шингэтэл дуулж бүжиглэн баярлацгаадаг байна. Манай аялалынхан Clarks Shiraj зочид буудалд тухлан амраад, хаврын дунд сарын арван зургааны тэргэл саран гийсэн намуухан тэр үдэш их бунхны шөнийн үзэмжийг харахаар эргэж очлоо. Өндөр асрын бөмбөгөр орой шөнийн тэнгэрийн бараан дэвсгэр дээр тэргэл сарны цагаан туяанд цэвцийн харагдах нь үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй. Бунхант асрын мөнгөлөг цагаан орой, тэргэл сарны төгрөг дүрс хоёр усны мандалд нэгэн доор айлсан буусан ховор нэгэн цэгийг бидэнд үзүүлсэн нь гайхалтай сонин байлаа. Дотоод мөн чанар нь хүйтэн цэвдэг чулуу ч гэсэн гадаад өнгө дүр нь лусын дагина мэт харагдана гэдэг бол жинхэнэ урлагийн гайхамшиг. Эргэн тойронд халуун орны ой шугуй сүрлийн, шөнийн тэнгэрт гэрэлт цох гялалзан сүлжилдэн. Ийнхүү хүний бүтээл, байгалийн үзэсгэлэн хоёр нэгэн дор хослон цогцолно гэдэг нэн ховор, бас түүнийг олж үзнэ гэдэг ч ховор завшаан буюу.

Хүний гараар бүтсэн дэлхийн долоон гайхамшгийн манлай болсон энэхүү алдарт бунхны үүх түүхээс цухас дурдъя. XVI зууны эхээр умард Энэтхэгийн газар нутаг дээр мандан бадарсан Их Монголын эзэнт гүрний тав дахь үеийн их хаан Шаах Жехаан (1592-1666) хаан ширээнд сууснаасаа гуравхан жилийн дараа 1631 онд өмнөд Энэтхэгийн Декааны өндөрлөг тийш аян дайнд мордохдоо хайртай хатан Мумтаазаа дагуулж явжээ. Аян замын дунд Мумтааз хатан арван дөрөв дөх хүүхдээ төрүүлээд, нярайлахын хүндрэлээр 39 насандаа тэнгэрт хальжээ. Хайртай хатныхаа хойноос гуниглан гашуудсан их хаан түүнийхээ дурсгалд зориулан дэлхийд хосгүй тансаг гоё бунхан байгуулахаа зарлахад Энэтхэг, араб, перс, Сири, Самарканд, Туркийн урчууд оролцож, олон сайхан төсөл зохиожээ. Тэр бүхний дотроос перс урчуудын бүтээл хааны таалалд нийцэж, тэрхүү зураг төслөөр их бунхныг бүтээх ажил эхэлжээ. Таж Махаалын бунхныг 23 000 урчууд 22 жилийн турш барьсан гэдэг. 1648 онд уг цогцолборын гол бунхныг дуусчхаж, улмаар гадна талын цэцэрлэгт хүрээлэн, гурван талын их хаалга, баганат цамхаг зэргийг түүнээс таван жилийн дараа босгожээ. Таж Махаалын бунхныг чимэхэд хэрэглэсэн цагаан гантигийг Ражастанаас, очир алмаасыг Жайсалмэрээс, хаш чулууг Пенжабаас, пийсүү, усан болрыг Хятадаас, цэнхэр оюуг Персээс, хөх номинг Афганистанаас, индранилийг Цейлоноос, мана чулууг Багдадаас, гартаам чулууг Йеменээс, ногоолин Африкаас, маргад эрдэнийг Гвалиороос, шүр сувдыг Улаан тэнгисээс зөөж авчирсан гэдэг. Их бунхны гантиг чулуун өнгөлгөө нь нарны гэрлийн тусах өнцгийг нарийн тооцоолсон учир өглөөний наранд ягаандуу өнгөтэй, өдрийн наранд цэвцгэр цагаан өнгөтэй, шөнийн сарны туяанд шаргал өнгөтэй байхаар тохируулжээ. Таж Махаалын бунхны найман талт төв асар нь 74 метр өндөр, нүүрэн талдаа коран судрын ишлэлийг араб үсгээр жигдхэн урлажээ. Бунхант цогцолбор гурван талдаа сүрлэг том хаалгатай. Орой дээрээ найман баганат бөмбөгөр оройтой, 40 метр өндөр цамхгийг гол бунхны дөрвөн өнцөгт босгосноос гадна өмнөх талбайд нь усан сан, усан оргилуур бүхий үзэсгэлэнт цэцэрлэгтэй, усан сангийн эргэн тойронд энэ дэлхийн олон газар орноос авчирсан 400 гаруй төрлийн мод, цэцгийг ургуулсан нь хосгүй үзэсгэлэнг бүрдүүлжээ.

Шах Жехаан хаан их бунхныг босгож дууссаныхаа дараа их найр хурим үүсгэж, гавьяа зүтгэл гаргасан олон урчуудыг хөхүүлэн шагнаад, түүн шиг хосгүй уран тансаг бүтээлийг дахин бүтээлгэхгүйн тул хамгийн нарийн урлалыг хийж гүйцэтгэсэн мянган урчуудын баруун гарыг хааны зарлигаар цавчсан гэдэг домог байдаг байна. Шах Жехаан хаан бол исламын урлагийг хөгжүүлэхэд асар их гавьяа зүдхэл гаргажээ. Тэрбээр өөртөө зориулан хосгүй уран, ижилгүй үнэтэй хаан суудлыг бүтээлгэсэн гэнэ. Тавцан дээр нь алт, мөнгө, очир алмаз, бадмаараг, индраанил, молор эрдэнэ шигтгэж номин өнгийн паалангаар өнгөлсөн хаан ширээ, маргад эрдэнийн шигэдхээтэй арван хоёр тулгуур бүхий мөнгөн гишгүүрт суудал зэргийг урлуулжээ. Хожим XVIII зууны эхээр шуналт этгээдүүд тэрхүү гайхамшигт бүтээлийг хулгайлан авч, эрдэнийн чулуун шигтгээг нь хуулж, алт, мөнгийг нь хайлуулж худалдсан гэнэ. Шах Жехааны санаачлан байгуулсан алдарт Улаан хэрэм, Жама Масжид зэрэг уран барилгын олон дурсгал Дэли хотод бий.

XVI зууны сүүлчээр Их Монголын гурав дахь хаан Акбар (1542-1605) улсынхаа нийслэлийг Агра хотод шилжүүлсний дараа Ямуна мөрний эргийн дагуу аварга том орд харш, хэрэм цайз байгуулж эхэлсэн нь дараа дараачийн хаадын үед үргэлжлэн баригдаж дууссан ажээ. Тэр нь эдүгээ хол ойрын аянчин жуулчдын анхаарлыг татсан алдарт Улаан цайз юм. Их цайзын гадна талаар 20 метр өндөр, 10 метр өргөн хана хэрэмтэй бөгөөд хэрмийн орой дээрхи урт хонгилд өлөн арслан, барс хөлхөлдөж байсан гэдэг домогтой ажээ. Бас хэрэмийн гадуур махчин матар хөвсөн дүүрэн устай гүн суваг байж. Хэрэв хэн нэгэн этгээд хааны харшид нэвтрэх гэвэл эхлээд дүүрэн устай өргөн сувгийг матарт идүүлэлгүй гатлах, дараа нь өндөр чулуун хэрмийг авирч давах, эцэст нь өлсгөлөн араатнуудын дундуур гарах хэрэгтэй болно. Акбар хааны их цайз нь дөрвөн том хаалгатай, дотроо олон орд харш, сүм дуган, цэцэрлэгт хүрээлэн, усан сантай байснаас зарим нь эвдэрч сүйдсэн байна. Их хааны цайз нь улаан өнгийн өндөр сүрлэг хана хэрэм, уран сийлбэр бүхий олон баганатай, дотроо исламын уран барилгын гайхамшгийг илтгэсэн урт урт хонгил, бөмбөгөр оройтой өндөр цамхаг, өнгө өнгийн чулуун шигэдхээтэй гантиг чулуун ханатай.

Шах Жехаан хаан 65 нас хүрсэн тэр жил бага хүү Ауранзэв нь улс орныхоо 20 жилийн төсвөөр ганцхан бунхан бариулсан хэмээн эцгийгээ буруутгах аж, Агра хотын их цайзад нас бартал нь хорьсон гашуун түүх байдаг ажээ. Найман жил гэрийн хорионд суусан их хаан хайртай хатныхаа хойноос санаашран гиюүрч, их бунхны зүг өдөр шөнөгүй харуулдан ширтсээр байсан гэдэг. Хааны шадар зарц нь хаан эзнийхээ шаналал зовлонг бага ч гэсэн хөнгөлөхөөр холыг ойртуулдаг ер бусын нэгэн толь хийж өгчээ. Түүнээс хойш хаан ид шидийн толио нүдэндээ ойртуулан барьж, хатныхаа бунхныг илүү ойроос хардаг болсон гэнэ. Тэрхүү ид шидийн толь одоо ч тэндээ байгааг би өөрөө харсан билээ. Гаднаас нь харахад онцгой содон зүйлгүй, энгийн мэт тэрхүү шидэт толийн нууцыг одоо хүртэл тайлж чадаагүй гэж хөтөч нь тайлбарлаж байсан. Миний бие тэрхүү толийг хараад өмнийн говьд байсан толь хадны тухай эмгэнэлт явдлыг өөрийн эрхгүй санаж билээ. Тэртээх хөндийн айл гэр, адуу мал, түүний цаадах уул нурууг дэргэд байгаа мэт ойртуулан татдаг хосгүй сонин байгалийн бүтээл Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байсныг ухвар мөчид харийн хүмүүс зугаа цэнгэл болгож буудсаар алга дарам газар ч үлдээлгүй балласныг нүдээрээ үзэж, сэтгэлээрээ харамсаж билээ.

Акбар хааны байгуулсан өөр нэг томоохон цогцолбор бол XVI зууны дундуур босгосон Фатипур Сикри юм. Агра хотоос 40 орчим км-ийн зайтай газар гадуураа 15 метр өндөр чулуун хэрэм, долоон том хаалга бүхий асар том байгууламжийн дотор хиндү болон исламын уран барилгын хэв маягийг хослуулсан гантиг чулуун орд харш, усан сан, цэцэгсийн хүрээлэн, уран чамин сүм дуган, хаадын булш бунхан байх ажээ. Дээд талдаа баганан суурьтай бөмбөгөр оройтой олон сүрлэг цамхагтай.

Эхийн талаар Чингисийн удамтай, эцгийн талаар Доголон Төмрийн удамтай монгол хаад эртний түүхт Жагарын оронд ирээд дээрэм тонуул хийж явсангүй, дээшилж өөдлөхийн үүдийг нь нээж, түүхэнд мөнхрөн үлдэх олон сайхан дурсгалуудыг бүтээжээ. Өнгөрсөн түүхээ дээдлэн үздэг Жангарын ард түмэн Бабур, Хумаюн, Акбар, Шах Жехаан зэрэг Их Монголын хаадыг харийн гэж хажиглалгүй, түүх шастиртаа тэмдэглэн, урлаг соёлдоо мөнхжүүлсээр иржээ. Тийнхүү монгол удмын хаадын хүрсэн газар, үлдээсэн мөр, бүтээсэн гайхамшгийг нүдээрээ үзэж, сэтгэлдээ биширч явахуйд нүдэнд минь эрэлхэг баатруудын дүр тодрон, чихэнд минь монгол морьдын төвөргөөн тачигнаж, хамарт минь агь таанын үнэр сэнгэнэж, хэлэнд минь намрын айраг чимчгэнэж, сэтгэлд минь ‘хүчирхэг байж дээ’ гэсэн бахархал төрж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *