Categories
мэдээ цаг-үе

Ц.Гэрэлтуяа: Хүүхдийг зодож, зандрах байдлаар асуудлыг шийдээд байвал тухайн хүүхэд хүчирхийлэгч болно

Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяатай ярилцлаа.


-Хүүхдийг зодож шийтгэх, сэтгэл зүйгээр нь дарамтлах нь ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?

-Хамгийн түрүүнд хүүхдийн сэтгэл зүй гэмтдэг. Өөртөө болоод бусдад итгэх итгэлээ алддаг. Хүүхдийг зодож, зандрах байдлаар асуудлыг шийдээд байвал тухайн хүүхэд ч бас хүчирхийлэгч болж хүмүүждэг. Улмаар асуудлыг хүч хэрэглэн шийдэж болдог юм байна гэх буруу зуршил тухайн хүүхдэд тогтох аюултай. Мөн түрэмгий зан авиртай болно, тухайн хүүхдийн сурлага болоод харилцаа хандлагын хувьд өөрчлөлтүүд орно. Үүнээс болоод хүүхэд буруу зан үйлд татагдах, архи, тамхи,мансууруулах бодист донтох, сэтгэл гутралд орох эрсдэлтэй. Мөн эцэг эх, хүүхэд хоорондын итгэлцэл байхгүй болж, үүнээс шалтгаалан хүүхэд буруу зүйл хийвэл түүнийгээ нуун дарагдуулах, том болоод эцэг эхтэйгээ дайсагнах хандлагыг гаргах зэрэг сөрөг үр дагавартай.

-Хүүхдийг хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх вэ?

-Эцэг эхийн хувьд хүүхдийнхээ хувцсыг бушуухан өмсгөх, түүнийг машин замаас хурдан холдуулах, дүүгээ зодохыг нь болиулах, гэрт нь эрт ирүүлэх гэх мэт тухайн цаг мөчид өмнө тулгарсан зорилтуудыг хэрэгжүүлэхдээ уур бухимдал, стрессээ хянаж, хүүхэдтэйгээ элэгсэг дотноор харилцах нь чухал. Мөн хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа айж эмээдэг байхаасаа илүүтэй аливаад урам зоригтой, шударга, өөртөө итгэл төгс байхыг эцэг эхчүүд нь үлгэрлэх ёстой.Эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг нь ойлгох хэрэгтэй. Ер нь хөгжлийнх нь хэрэгцээ шаардлагад тохирсон аргаар хүүхэдтэйгээ эелдэг дотно сэтгэлээр харилцан, аливааг ойлгуулж амьдралынхаа туршид суралцах хэрэгтэй зүйлийг нь зааж сургах ёстой.Хамгийн гол нь хүүхдэдээ цаг зав гаргаж тэдэнтэй ярилцах, буруу зүйл хийхэд нь загнаж, цохиж шийтгэхээсээ илүүтэйгээр тэдэнд тайлбарлаж, ойлгуулах нь чухал.

-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ эерэг аргаар харилцаж буйгаа тэдэнд хэрхэн илэрхийлэх вэ?

-Хүүхдээ хүндэлж буйгаа мэдрүүлэх, хүүхэд аливаа нэгэн зүйлийг хийхэд түүнийг нь урамшуулж байх, аливаа нэгэн ажил даалгаж өгөхдөө өөрөө үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийг авсан үүрэг даалгавраа хариуцлагатайгаар биелүүлж сурахад нь гэртээ тодорхой дүрэмтэй байх чухал нөлөөтэй. Буруу үйлдэл, зав авирыг нь засахдаа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцдаг байх хэрэгтэй. Хүүхэд түрэмгий зан авир гаргахад яагаад ингэх болсны шалтгааныг нь ярилцаж, тэдэнд нөхөрсгөөр зөвлөх нь эерэг үр дүнтэй. Мөн хүүхдээ хайрлаж, халамжилж байгаагаа ойлгуулах нь чухал. Эцэг эхчүүдээс зөв тодорхой харилцааг хүүхдүүд хүлээж байдаг.

-Хүүхдэдээ бүх зүйлийг нь зааж, зөвлөхгүйгээр тэдэнд бие даан хүмүүжих боломжийг олгох нь зөв зүйл мөн үү?

-Хүүхдэд тодорхой хэмжээгээр бие даан хүмүүжих боломжийг олгох нь зөв. Ингэхдээ эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ үлгэрлэх ёстой. Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ гэдэг үг байдаг. Хүүхэдтэйгээ дотно ярилцдаг байх, гэр бүлдээ халуун дулаан уур амьгалыг бүрдүүлэхийн тулд эцэг эхчүүдийн оролцоо маш чухал.

-Зарим хүүхэд эцэг эхтэйгээ ярилцах үедээ өөрийгөө бүрэн нээж чадахгүй байх тохиолдол байдаг. Хүүхдийнхээ санаа зовох мэдрэмжийг хэрхэн арилгах вэ?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ насны онцлогт нь тохируулж тэднийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бүр бага наснаас нь ойр дотно байгаагүй мөртлөө өсвөр насанд хүрсэн хойно нь ярилцах гээд адгаад байдаг. Гэтэл хүүхэд нь аав ээжийнхээ үгийг сонсохгүй. Тэгээд л “Энэ нэг л их том толгойтой болчихож, миний үгийг сонсохоо байчихсан байна” гэж ярьдаг. Өөрөө хүүхдэдээ элэгсэг дотно харилцааг багаас нь мэдрүүлээгүй мөртлөө аливаа нэгэн зүйлд хүүхдийг буруушаах, загнаж зандраад байхаар хүүхэд аяндаа юмаа ярихаа болиод, эцэг эхээсээ дөлөөд эхэлдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ багаас нь эхэлж ярилцах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдээ байнга чангаар тэврэх нь чухал. Тэврэлт нь чамайг буруу зүйл хийсэн ч би чамд хайртай гэх мэдрэмжийг хүүхдэд мэдрүүлдэг.

-Хүүхдээ буруу зүйл хийхэд нь эцэг эхчүүд цочмог байдлаар хүлээн авч, уурлаж, зандраад байдаг. Хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийчихсэн байвал эцэг эхчүүд ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой юм бол?

-Нэгэнт буруу зүйл хийчихсэн хойно уурлалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс шалтгааныг нь хүүхэдтэйгээ ярилцаж, яагаад буруу зүйл болохыг нь ойлгуулах, дахин ийм зүйл хийвэл ямар сөрөг үр дагавартай болохыг нь тайлбарлаж өгөх ёстой. Тэгээд тухайн хүүхдэд зөв аргаар ойлгуулчихсан тохиолдолд алдаагаа дахин давтахгүй.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *