Categories
мэдээ цаг-үе

Ж.Одгарьд: Монголд байгаа хутагт, хувилгаад нэгдэж Балдан лхам сахиусын “Мам туган” номыг хурлаа

Өнгөрсөн ням гаригт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Монголын хутагт, хувилгаад нэгдэж цар тахлыг буцаадаг Балдан Лхам сахиусын “Мам Туган” хурлаа. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд ламаас тодрууллаа.


-“Мам туган” гэж ямар учиртай ном бэ. Учрыг нь тайлбарлаж өгнө үү?

-Монголчууд эрт дээр үеэс халдварт хижиг өвчний үед Балдан Лхам сахиусны үүднээс “Мам туган номын тааллыг хангах” гэсэн ийм нэртэй номыг хурсаар ирсэн. Энэ номыг халдварт өвчин, нийтийг хамарсан тахал тэргүүтний үед хурж байжээ. Түүхэнд хэд хэдэн удаа олон хүн цугласан газар оронд халуун, хүйтэн буюу улаан, хар ханиад гарахад лам хуваргууд нийлж, Богд болоод бусад дээдсийн зарлигаар хурдаг байсан. Үүнийг энэ удаад Хамба ламын зарлигаар Гандантэгчэнлин хийдийн Богд ламын Лавранаас санаачлаад хурлаа. Монголд байгаа хутагт хувилгаад оролцлоо. Нийт олон шавь нарынхаа төлөө, даян дэлхий амар амгалан байх, халдварт хижиг даруй арилж, дэлхий ертөнцөд дахин нэг хүн ч энэ өвчинг тусахгүй байх болтугай гэж ерөөл залбирал тавилаа. Энэ хурлыг телевизээр шууд дамжуулж нийтэд хүргэсэн нь бүх нийтийн буян хураахын үүднээс бүх нийтийн залбирал үйлдэх зорилготойгоор хурсан. Хурах үед төрийн холбогдох байгууллагуудтай ойлголцож, бүх нийтээрээ сайн буян хураая гээд бүх хүнийг гэртээ амарч байхад буюу амралтын өдөр балин тахилаа бэлдээд буян хураах ийм боломжийг олгосон. Тэргүүн их хамба, Гандантэгчэнлин хийдийн салбар 10 сүм, дуган, дацан сургуулиудын удирдлагууд, Ямандаг бурхан болоод Балдан лхам сахиусны бясалгал бүтээлийг хоцроолгүй гүйцэтгэсэн ийм лам хуваргууд энэ номыг хурсан. Хуралд маш ховор нандин эд зүйлс, машид дэлгэрэнгүй тахил тэргүүнтэн ордог. Тэр бүгдийг Гандантэгчэнлин хийдээс гаргаж, өтгөс лам хуваргууд дэмжиж оролцсон юм.

-Энэ номыг тэр бүр уншаад байдаггүй. Маш ховор уншдаг ном. Өмнө нь САРС-ын үеэр хурж байсан гэж дууллаа. Арваад жилийн өмнө гэсэн үг л дээ?

-Тэгсэн. Балдан Лхам сахиусны хурлыг хурахад хураангуй, дунд, их дэлгэрэнгүй гэж бий. Энэ халдварт өвчин гарснаас хойш манай хийд Балдан Лхам сахиусны хурлыг хураангуй, дунд хэлбэрээр нь манай дацан, сургуулиудад хурж байгаа. Бадам Ёго дацан, Гунгаачойлин дацан тэргүүнтэнд үүрэг өгөөд хурсан. Харин энэ удаад бүгд цуглаад балин, тахил хэрэглэл бүгдийг машид дэлгэрэнгүй бэлдээд хувилгаад, хутагтуудыг суулгаад хурсан даа. Нийтийн буяныг хураах зорилгоор энэ хурлыг хурлаа.

-Хутагт, хувилгаад нэгдээд ийм том хурал хурна гэдгийг сүсэгтнүүд сонсоод ихэд бэлгэшээж, зурагтаар, онлайнаар даган баясацгаасан шүү?

-ТВ5 телевиз хурлыг орон даяар шууд дамжуулж, мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж хамтарч ажиллалаа. Гандантэгчэнлин хийдийн цахим хуудас, ТV5 Mongolia цахим хуудсаар онлайнаар цацагдсан. Хурлын өдөр зурагтын хандалт маш өндөр байсан гэдгийг ТВ5 телевизийн программын албанаас мэдэгдсэн.

Манай хийдийн цахим хуудсаар тухайн өдөр 377 мянган хүн үзсэн. Энэ тоо нэмэгдэж байгаа байх. 5000 гаруй хүн талархсан сэтгэлээ илэрхийлсэн. 4000 гаруй хүн бусдадаа хуваалцаж, түгээсэн байна билээ. Ингээд ямар ч байсан Улаанбаатар хот маань сая хүнтэй гэж үзвэл шууд дамжуулалтын үеэр 300 гаруй мянган хүн ямар нэгэн байдлаар хурлыг үзжээ. Орон даяараа энэ хурлыг үзэж, бүх нийтээрээ буян хураахад оролцлоо.


-Хуралд сүсэгтнүүдийн төлөөлөл оролцсон уу?

-Гандантэгчэнлин хийдэд хөл хорио тогтоосон байсан учраас энгийн сүсэгтнүүдийг оруулаагүй. Сүсэгтний төлөөлөл болгож гуравхан хүнийг оруулсан. Монголын нийт ард түмний сайн сайхан, эрүүл энх, амар амгалангийн төлөө тэмцэж байгаа Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл, сүсэгтнийг төлөөлж нэг хүн оролцож нийт сүсэгтнүүд, гурван сая гаруй иргэнээ төлөөлж сууцгаасан. Ингээд хурал номын ажил сайхан болж, сүсэгтэн олон машид сэтгэл өндөр байна. Ирж яваа цаг, урин дулаан цаг айсуй учраас халдварт өвчин зовлонгүй амар тайван байх байх. Ялангуяа дэлхий нийтэд энэ цар тахал цаашид тархахгүй байх. Ингэж сүсэгтнүүдийн сэтгэлийг зассан үйл явдал боллоо гэж үзэж байна.

Гандантэгчэнлин хийдийн лам хуваргуудаас үүрэгт ажилтай хүмүүс нь ирж оролцсон. Үүрэгт ажилтай 200 гаруй лам манай хийдэд бий. Аж ахуй, сүм дуган, сургалт гээд бүгд хариуцсан хариуцсан ажилтай. Тэдгээр улсууд ирж хурсан. Ийм л хурал номын үйл ажиллагаа болсон доо.

-Хүмүүс цахимаар засал номоо хэр хийлгэж байна?

-Хүмүүс идэвхтэй оролцож байна. Гандантэгчэнлин хийдэд хандаад онлайнаар хурал номоо айлтгуулж, буян хурааж байна. Цагаан сарын өмнөхөн Их хамба хэвлэлийн хурал хийхдээ хөл хорионы дараа Гандантэгчэнлин хийд 15 хоногийн турш тусгай зохион байгуулалтаар иргэдийн засал номыг хийж өгнө гэсэн. Тэр үед хүмүүс биечлэн ирж хандах байх. Хилийн чанадад байгаа монголчууд харин онлайнаар ном айтглуулах нь их байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *