Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагчид “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Загас үржүүлэх нууранд зохион байгуулж байна.
Хээрийн нөхцөлд 3-7 см мөсийг цоолж, 6-8 метрийн гүнд усан доогуур баримжаалах, усан дор эрэн хайх аврах ажиллагаа явуулах, аврах ажиллагааны багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, аврагчдын сэтгэлзүйн дадлагыг эзэмшүүлэх зорилготой дадлага сургуульд 39 аврагч хамрагдаж байгаа юм.
Аврагчдын мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг хийхийн зэрэгцээ уснаас эрэн хайх аврах ажиллагааг усны гүнд, шөнийн нөхцөлд хэрхэн ажиллах талаар ур чадварыг ахиулах дадлагуудыг хийж, шинэ алба хаагчдаа сургаж бэлтгэн бэлэн байдлыг нь хангуулах тус дадлага сургууль энэ сарын 17-ныг үргэлжилнэ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.