Categories
мэдээ нийгэм

Ирэх онд бүх аймгийн төвийг нийслэлтэй засмал замаар холбоно

Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн баярыг тохиолдуулан авто замын салбарын ахмад, дунд үеийнхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, дэд сайд Л.Халтар, төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар өчигдөр гардуулав. Мөн салбартаа манлайлан ажиллаж буй мэргэжилтнүүдийг салбарын шагнал, ойн хүндэт медалиар шагнаж урамшуулав.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын авто замын салбарт залуу нас, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулсан ахмадууд, ид хийж бүтээж яваа дунд үеийнхэн, халааг нь авах залуустаа 90 жилийн ойн баярын мэнд хүргээд улиран өнгөрч буй 2019 онд Монгол Улсын зам, тээврийн салбарт олон томоохон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж, ололт амжилтаар дүүрэн жил болсныг онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улс анх удаа хурдны авто зам, хүнд даацын зориулалтын авто замыг ашиглалтад оруулж, жарны түүхтэй Налайхын замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчиллээ. Мөн Баянхонгор-Байдрагийн гүүр, Байдрагийн гүүр-Алтай, Хашаат-Толбо, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн гээд зөвхөн авто замын салбарт олон бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсныг онцлов.

Тэрээр ирэх 2020 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбож, босоо тэнхлэгийн авто замаа дуусгах мөн олон төсөл хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа дуулгаад, Монголын нийт авто замчдадаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *