Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байдаг. Үүнээс 420 мянган автомашин идэвхтэй хөдөлгөөнд оролцож байна. Сар бүр гадаад улс орноос импортоор 5-8 мянган автомашин орж ирдэг гэх судалгаа бий. Жилд 60-80 мянган автомашин нэмэгдэн орж ирж байгаа энэ үед автомашины тоог цөөлөхөөс гадна автомашины хэрэглээний зам байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байгаа гэдгийг албаныхан учирлаж байна.
Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөн хэт ачаалалтай нөхцөл байдал үүссэн. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй л бол хотын хүн ам ихээр төвлөрсөн газруудад тэг зогсолтод орох нөхцөл байдал үүсээд байгаа. Бид 2005-2010 оны хооронд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа дүр зургийг тооцоолж эхэлсэн. 2010 оноос түгжрэлийн тухай анх ярьж эхэлсэн. Энэ үед бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй гэсэн дүгнэлтэд хүрээд дугаарын хязгаарлалтаас гадна нийтийн тээвэрт зорчих хэсгийн нэг эгнээг чөлөөлж өгсөн. Мөн авто замд гүүрэн гарц хийх, уулзварын геометр хэлбэр, төрлүүдийг өөрчилж эхэлсэн. Дараа нь аюулгүйн тойргуудыг уулзвар болгож гэрлэн дохиотой зохицуулалт хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байлаа. Гэвч цаг хугацааны хувьд энэ арга зам цаашид үргэлжлэх боломжгүйд хүрээд байна. Бид хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, метротой болох эсвэл худалдаа үйлдвэрлэл, их дээд сургуулийг хотоос гаргахад 10-аас дээш жил шаардлагатай. Тэгэхээр богино буюу дунд хугацааны ажлыг эхлүүлсэн.
Нэгдүгээрт, бүсчлэлийн асуудал. Улаанбаатар хотыг А, B, С гэсэн гурван бүсчлэлд хуваахаар төлөвлөсөн. А бүс маш бага хэмжээтэй. Учир нь автомашины хөдөлгөөн энд сийрээд иргэд явган алхах боломжийг тооцоолоод Бага тойруугийн доторх замыг А бүс гэж төлөвлөсөн. Б бүс Их тойруу. Энэ бол хүмүүсийн идэвхитэй алхах бүс дунджаар 30-40 минут алхах зай. Үлдсэн бүсчлэл буюу С бүс. Улаанбаатар хотын А, B зоон дээр автомашины зогсоолыг хангалттай бүрэн дүүрэн хэмжээнд хүргэнэ. Одоогийн байдлаар 2000 орчим зогсоол байгаа. Зөвшөөрөлтэй 2382 зогсооол байгаа. Зөвшөөрөлгүй 5330 автомашины зогсоол байна. Зөвшөөрөлгүй гэдэг нь гинж татаж, шон босгоод байгууллагууд өөрсдийн орчноо зогсоол болгосон гэсэн үг. Шинээр судлагдаж байгаа нь 7984 байна. Энэ нь зогсоол биш нэгдүгээр эгнээг хаасан, зорчих хэсэгт төдийлөн нөлөөлдөггүй зай талбай гэсэн үг. Тухайлбал Монителын урд уулзвар. Энэ мэтчилэн бүх зогсоолыг төлбөржүүлж эзэнтэй болгоно. Нийт 15696 зогсоол. Энэ зогсоол бүгд төлбөртэй байна. Байгууллагын ажилчид үйлдвэр үйлчилгээний газрын эзэд машинаа тавьчихаад иргэдэд зогсоол олддоггүй. Тэгвэл автомашины зогсоол дээр зогсох автомашинуудад шинээр журам үйлчилж эхэлнэ.
А, B зоонд татвараа төлсөн, зөрчлийн торгуульгүй жолооч, техникийн улсын үзлэгээр тэнцсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, техникийн өнгө үзэмж сайтай автомашинуудыг оруулна. Мөн А зоон руу одоогийн байдлаар тэгш, сондгойгоор оруулах асуудал яригдаж байгаа. Замын хөдөлгөөний хэт их ачаааллыг бууруулахад маш олон арга туршсан. Одоогийн байдлаар бүсчлэлд оруулснаар автомашины хэт их ачааллыг багасгах боломжтой гэж харж байна. Бүсчлэлийн хязгаарлалтыг ажлын цагаар хийнэ.
Хоёрдугаарт, орон нутгийн дугаартай автомашин Улаанбаатарт их байна. Орон нутгийн дугаартай автомашины асуудлыг хөндөх шаардлага гарч ирнэ. Улаанбаатар хотод 25-30 мянган орон нутгийн дугаартай автомашин байнгын хөдөлгөөнд оролцож байна. Өнгөрсөн хавар зургаан сарын турш улсын дугаартай автомашин дээр судалгаа хийхэд эдгээр автомашины 30 хувь нь Улаанбаатар хотод такси үйлчилгээнд явдаг байгаа юм. Мөн оюутан залуус орон нутгийн дугаартай автомашин ашиглаж хөдөлгөөнд оролцож байна.
Гуравдугаарт, бүсчлэл хийгээд орхихгүй. Нийтийн тээврийн ашиглалтыг сайжруулна. Хүрэлцээтэй, хурдан, цаг барьдаг, цэвэрхэн байх шаардлагатай гэсэн үзүүлэлтийг хамгийн түрүүнд хангаж өгнө. Мөн явган хүний зам, дугуйн замыг сайжруулахаас өөр арга зам байхгүй. Хүмүүс автомашинаа зөв хэрэглэж дадаж эхэлснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын системийг ухаалаг болгоно. Өнөөдөр гэрлийн удирдлага механик ажиллагаатай байгаа. Цаашид ухаалаг системтэй болгож олон автомашинтай тал руу ногоон гэрэл автоматаар асах зохицуулалт хийхээр төлөвлөж байна” гэлээ.
“Бүсчлэл хийснээр түгжрэл 20-30 хувиар буурна” гэдгийг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэвлэлийн хурлын төгсгөлд онцоллоо.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүсчлэлд хуваах асуудлаар иргэдээс сарын турш санал асуулга авахад санал асуулгад оролцогчдын 70 орчим хувь нь бүсчлэлийн саналыг дэмжжээ. Замын хөдөлгөөнийг бүсчлэх ажлыг наймдугаар сараас эхлүүлэх юм байна.